30. Шалгалт, цэвэршүүлэлт туулах зарчмууд

(1) Шалгалт, цэвэршүүлэлт нь бүгд Бурханы төлөвлөгөөний хэсэг юм. Тэдгээр нь Бурханы хайр бөгөөд тэдгээрийн дотор Түүний хүсэл, шаардлага бий. Энэ бол хамгийн том сургамж мөн;

(2) Шалгалт туулах үедээ хүн хэчнээн их завхрал илчлэх нь хамаагүй, хэдэн удаа унаж, бүтэлгүйтэх нь хамаагүй, Бурханд хэзээ ч дургүйцэж болохгүй, харин өөрийгөө мэдэж, чин сэтгэлээсээ гэмших ёстой;

(3) Шалгалт, цэвэршүүлэлт бол зан чанараа өөрчлөх хамгийн том сургамж юм. Хэрвээ хүн Бурханд залбирч, Түүнд найдаж, үнэнийг эрж хайж, бэрхшээлийг дуртайяа туулж чаддаг бол бат зогсож чадах нь гарцаагүй;

(4) Шалгалтын үеэр бүх хэрэг явдал дээр үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ухаарахаар оролд, чи харанхуйд унахгүй, харин гарцаагүй Бурханы үгээр замчлуулж, гэрлийн замыг харах болно.

Холбогдох Бурханы үг:

Хүмүүс Бурханд итгэхдээ ирээдүйд ерөөл хүртэхээр эрж хайдаг; энэ нь тэдний итгэлийн зорилго юм. Бүх хүн ийм санаархал, найдлага тээдэг ч, тэдний уг чанар дахь завхралыг шалгалтаар дамжуулан шийдвэрлэх ёстой. Чи ямар талуудад ариусаагүй байна, тэр талаараа цэвэршүүлэгдэх ёстой—энэ бол Бурханы зохицуулалт юм. Бурхан чамд зориулсан орчныг бүрдүүлж, завхралыг чинь мэдүүлэхийн тулд чамайг хүчээр цэвэршүүлдэг. Эцэст нь чи үхэх байлаа ч гэсэн өөрийн явуулга, хүслийг орхиж, Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдах хэмжээнд очдог. Тиймээс, хэрвээ хүмүүс хэдэн жилийн цэвэршүүлэлтгүй, мөн тодорхой хэмжээний зовлон туулаагүй бол өөрсдийн бодол болон зүрх сэтгэл дэх махан биеийн завхралын хүлээсээс ангижирч чадахгүй. Сатаны хүлээсэнд автсаар байгаа аль ч тал бай, өөрийн гэсэн хүсэл, шаардлага агуулсаар байгаа аль ч тал бай, эдгээр нь чиний зовох ёстой талууд юм. Зовлонгоор л дамжуулан хичээл сурч чадна, өөрөөр хэлбэл, үнэнийг олж авч, Бурханы хүслийг ойлгож чадна. Үнэн хэрэгтээ зовлонт шалгалтыг туулснаар олон үнэнийг ойлгодог. Тав тухтай, амар тайван орчинд, эсвэл орчин нөхцөл таатай байх үед хэн ч Бурханы хүслийг ухан ойлгож, Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг танин мэдэж, Бурханы зөвт зан чанарыг ухаарч чадахгүй. Тэгэх боломжгүй!

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн шалгалтуудын дунд Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун байлгах ёстой вэ”-ээс эш татав

Хүний байдал болон Түүнд хандах хүний хандлагатай нүүр тулаад Бурхан шинэ ажил хийж, Өөрийнхөө талаар мэдлэгтэй, бас Өөртөө дуулгавартай болгож, хайрладаг, гэрчлэл хийдэг болгосон. Иймээс хүн Бурханы цэвэршүүлэлт төдийгүй шүүлт, харьцалт, засалтыг туулах ёстой, ингэхгүйгээр хүн Бурханыг хэзээ ч мэдэхгүй бөгөөд Түүнийг үнэхээр хайрлаж, Түүнд гэрчлэл хийж хэзээ ч чадахгүй. Бурхан хүнийг зүгээр л өрөөсгөл үр дүнгийн төлөө бус, харин олон талт үр дүнгийн төлөө цэвэршүүлдэг. Ингэж л Бурхан үнэнийг эрж хайх хүсэлтэй хүмүүсийн шийдвэр, хайрыг төгс болгохын тулд тэдэн дээр цэвэршүүлэлтийн ажил хийдэг. Үнэнийг эрж хайхыг хүсдэг, Бурханыг хүсэмжилдэг хүмүүст ийм цэвэршүүлэлтээс илүү утга учиртай, ач тустай зүйл гэж үгүй. Бурхан бол эцсийн эцэст Бурхан учир Бурханы зан чанарыг хүн мэдэж, ойлгоход амар биш. Эцсийн эцэст Бурхан хүнийх шиг зан чанартай байх боломжгүй учраас Түүний зан чанарыг мэднэ гэдэг хүнд амаргүй байдаг. Үнэн хүнд төрөлхөөс байдаггүй бөгөөд Сатаны завхруулсан хүмүүс үүнийг ойлгоход амаргүй байдаг; хүнд үнэн, үнэнийг хэрэгжүүлэх шийдэмгий зан байдаггүйн дээр зовж, цэвэршүүлэгдэж, шүүгдэхгүй бол шийдэмгий зан нь хэзээ ч төгс болохгүй. Цэвэршүүлэлт нь бүх хүний хувьд шаналгаатай, хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байдаг хэдий ч цэвэршүүлэлтийн үеэр Бурхан зөвт зан чанараа хүнд ил болгож, хүнд тавих шаардлагаа ил тод болгож, хүнийг улам их гэгээрэл, улам бодитой засалт, харьцалтаар хангадаг; Тэрээр баримт, үнэн хоёрыг харьцуулах замаар хүнд өөрийнх нь талаар болон үнэний талаар илүү их мэдлэг өгч, Бурханы хүслийн талаар улам их ойлгуулж, улмаар Бурханыг илүү жинхэнэ, цэвэр ариунаар хайрлах боломжийг олгодог. Цэвэршүүлэлт явуулах Бурханы зорилго ийм юм. Хүнд Бурханы хийдэг бүх ажил нь өөрийн гэсэн зорилго, ач холбогдолтой байдаг; Бурхан утга учиргүй ажил хийдэггүй, хүнд ашиггүй ажил ч хийдэггүй. Цэвэршүүлэлт нь хүмүүсийг Бурханы дэргэдээс холдуулна гэсэн үг биш, тэднийг тамд устгана гэсэн ч үг биш. Харин цэвэршүүлэлтийн үеэр хүний зан чанар, санаа зорилго, хуучин үзэл бодлыг өөрчилж, Бурханыг гэх хайрыг нь өөрчилж, хүний бүхий л амьдралыг өөрчилнө гэсэн үг юм. Цэвэршүүлэлт бол хүнийг турших жинхэнэ туршилт, бодит сургалтын нэг хэлбэр бөгөөд цэвэршүүлэлтийн үеэр л хүний хайр төрөлх үүргээ гүйцэтгэж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна”-аас эш татав

Бурхан хүнийг цэвэршүүлэхээр ажиллах үед хүн зовдог. Хүний цэвэршүүлэлт их байх тусам түүний Бурханыг хайрлах хайр өсөн нэмэгдэж, Бурханы сүр хүч түүнд илүү ихээр илчлэгдэх болно. Эсрэгээрээ, хүн цэвэршүүлэлт бага хүртэх тусам Бурханыг хайрлах түүний хайр өсөн нэмэгдэх нь багасаж, Бурханы сүр хүч түүнд илчлэгдэх нь ч багасна. Хүний цэвэршүүлэлт, зовлон шаналал их байх тусам, тарчлалыг илүү их туулах тусам, түүний Бурханыг хайрлах хайр улам гүнзгийрч, Бурханд итгэх итгэл нь илүү үнэн бодитой, Бурханы талаарх мэдлэг нь илүү гүн гүнзгий болдог. Цэвэршүүлэгдэх явцдаа ихээхэн зовж, ихээхэн харьцалт, сахилгажуулалт туулсан хүмүүс Бурханыг гүнзгий хайрладаг, Бурханы талаар илүү гүн гүнзгий, нэвтэрхий мэдлэгтэй байдгийг чи туршлагаараа харна. Харин харьцалт туулаагүй хүмүүс өнгөцхөн мэдлэгтэй байдаг бөгөөд тэд “Бурхан үнэхээр сайн, Тэр хүмүүст нигүүлсэл хайрладаг болохоор хүмүүс Түүнд дуртай байдаг” гэж хэлэхээс хэтэрдэггүй. Хүмүүс харьцалт, сахилгажуулалт туулбал Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийн тухай ярих чадвартай болдог. Тиймээс хүнд хийх Бурханы ажил гайхалтай байх тусмаа илүү үнэ цэн, ач холбогдолтой байдаг. Чиний хувьд ухаарахын аргагүй, үзэлтэй чинь нийцэшгүй байх тусмаа Бурханы ажил чамайг илүү их байлдан дагуулж, олж авч, төгс болгож чаддаг. Бурханы ажлын ач холбогдол хэчнээн их билээ! Хэрэв Бурхан хүнийг ийм байдлаар цэвэршүүлээгүй, энэхүү арга барилын дагуу ажиллаагүй бол Түүний ажил үр дүнгүй, ач холбогдолгүй байх байсан. Бурхан энэ бүлэг хүмүүсийг сонгож, олж аваад, эцсийн өдрүүдэд бүрэн төгс болгоно хэмээн урьд өмнө нь яригдаж байсан; үүнд ер бусын ач холбогдол бий. Бурханы та нарын дотор хийдэг ажил агуу байх тусам Бурханыг хайрлах та нарын хайр илүү гүнзгий, ариун байх юм. Бурханы ажил агуу байх тусам хүн Түүний мэргэн ухаанаас төдий чинээ ихийг ухаарч чадах ба Бурханы талаарх хүний мэдлэг төдий чинээ гүнзгийрдэг. Эцсийн өдрүүдэд Бурханы удирдлагын төлөвлөгөөний зургаан мянган жил төгсгөл болно. Тийм амархан төгсөж чадах болов уу? Тэр хүн төрөлхтнийг байлдан дагуулмагц Түүний ажил дуусах уу? Ийм хялбар байж болно гэж үү? Хүмүүс үнэхээр ийм л хялбар хэмээн төсөөлдөг боловч Бурханы хийдэг зүйл тийм ч хялбар биш юм. Чи Бурханы ажлын аль ч хэсгийг дурдсан бай хүний хувьд бүгд ойлгохын аргагүй юм. Хэрэв чи үүнийг ухан ойлгож чаддаг байсан бол Бурханы ажил ач холбогдолгүй, үнэ цэнгүй байх байлаа. Бурханы хийсэн ажлыг ойлгохын аргагүй; чиний үзлээс тэс ондоо юм. Чиний үзэлтэй нийцэхгүй байх тусам Бурханы ажил ямар их утга учиртай болох нь илүү их харагддаг; чиний үзэлтэй таардаг байсан бол утга учиргүй байх байлаа. Өнөөдөр чи Бурханы ажил үнэхээр гайхалтай болохыг мэдэрдэг бөгөөд гайхалтай гэдгийг нь мэдрэх тусам Бурхан чамд улам ойлгохын аргагүй санагдаж, Бурханы үйл хэрэг ямар агуу болохыг чи хардаг. Хэрэв Тэр хүнийг байлдан дагуулахын тулд хэдхэн өнгөцхөн, хааш яаш ажил хийгээд л дараа нь юу ч хийгээгүй бол хүн Бурханы ажлын ач холбогдлыг олж харж чадахгүй байх байсан. Одоо чи бага зэргийн цэвэршүүлэлт хүлээн авч байгаа ч энэ нь амийн өсөлтөд чинь асар их ашиг тустай; тиймээс ийм бэрхшээл зовлон туулах нь та нарт нэн чухал шаардлагатай билээ. Өнөөдөр чи багахан цэвэршүүлэлт хүлээн авч байгаа ч дараа нь чи Бурханы үйл хэргийг үнэхээр олж харж чаддаг болж, эцэст нь “Бурханы үйл хэрэг үнэхээр гайхалтай юм аа!” гэж хэлнэ. Энэ нь чиний зүрх сэтгэл дэх үгс байх болно. Бурханы цэвэршүүлэлтийг хэсэг хугацаанд туулаад (үйлчлэл үзүүлэгчдийг шалгах шалгалт ба гэсгээлтийн цаг үе) зарим хүн эцэст нь “Бурханд итгэх үнэхээр хэцүү!” гэж хэлсэн. Тэд “үнэхээр хэцүү” гэдэг үгийг хэрэглэсэн нь Бурханы үйлдлүүдийг ойлгохын аргагүй, Бурханы ажил маш их ач холбогдол, үнэ цэнтэй бөгөөд хүн Түүний ажлыг эрхэмлэвэл туйлын зохилтой болохыг үнэндээ харуулж байна. Намайг тийм их ажил хийсний дараа чи өчүүхэн ч мэдлэг эзэмшээгүй байвал Миний ажил үнэ цэнтэй хэвээр байж чадах уу? Энэ нь чамайг “Бурханд үйлчлэх үнэхээр хэцүү, Бурханы үйлдлүүд үнэхээр гайхалтай, Бурхан үнэхээр мэргэн ухаантай! Бурхан их хайр татам юм!” гэж хэлэхэд хүргэнэ. Хэрэв туршлагажих үеийг туулсныхаа дараа чи ийм үг хэлж чадаж байвал Бурханы ажлыг олж авсныг чинь энэ нотолж байгаа юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Бурханы цэвэршүүлэлт хэдий чинээ их байна, хүмүүсийн зүрх сэтгэл төдий чинээ Бурханыг хайрлаж чаддаг. Зүрх сэтгэл дэх шаналал нь тэдний аминд ач тустай бөгөөд Бурханы өмнө тэд улам амар амгалан, Бурхантай харилцах харилцаа нь илүү дотно болж, Бурханы дээдийн дээд хайр, дээдийн дээд авралыг улам сайн харж чаддаг. Петр олон зуун удаа цэвэршүүлэлт туулж, Иов хэд хэдэн шалгалт туулсан. Бурханаар төгс болгуулахыг хүсэж байвал та нар ч гэсэн олон зуун удаа цэвэршүүлэлт туулах ёстой; та нар энэ үйл явцыг туулж, энэ алхамд найдаж байж л Бурханы хүслийг хангаж, Бурханаар төгс болгуулж чадна. Цэвэршүүлэлт бол Бурхан хүмүүсийг төгс болгох шилдэг арга юм; цэвэршүүлэлт болон гашуун шалгалтууд л хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханыг гэсэн жинхэнэ хайрыг гаргаж ирж чадна. Бэрхшээл үгүй бол Бурханыг гэх жинхэнэ хайр хүмүүст дутагддаг; тэднийг дотроос нь туршиж, цэвэршүүлэлт үнэхээр туулуулахгүй бол зүрх сэтгэл нь үргэлж хаа нэгтээ гадна байх болно. Тодорхой хэмжээнд цэвэршүүлэгдсэнээр чи өөрийн сул тал, хүндрэл бэрхшээлийг олж харж, хэр их дутагдалтай гэдгээ, тулгарсан олон асуудлыг даван гарах чадваргүй гэдгээ, дуулгаваргүй байдал чинь хэчнээн их болохоо олж харна. Шалгалтын үеэр л хүмүүс бодит байдлаа үнэнээр нь мэдэж авч чаддаг бөгөөд шалгалтын улмаас хүмүүс илүү сайн төгс болгуулж чаддаг.

Амьдралдаа Петр олон зуун удаа цэвэршүүлэлт туулж, олон хүнд сорилтыг амссан. Энэхүү цэвэршүүлэлт Бурханыг хайрлах дээдийн дээд хайрынх нь суурь, бүхий л амьдралынх нь хамгийн чухал туршлага болсон юм. Тэр дээдийн дээд хайраар Бурханыг хайрлаж чадсан нь нэг талаараа Бурханыг хайрлая гэсэн шийдвэрээс нь болсон; гэхдээ үүнээс ч илүүтэйгээр түүний туулсан цэвэршүүлэлт болон зовлонгоос болсон юм. Энэ зовлон нь Бурханыг хайрлах замд түүний хөтөч болж, хамгийн дурсамжтай зүйл нь болсон билээ. Хэрвээ хүмүүс Бурханыг хайрлахдаа цэвэршүүлэлтийн шаналлыг амсахгүй бол хайр нь өө сэвээр дүүрэн, өөрийн дураар хайраа сонгодог; иймэрхүү хайр Сатаны санаагаар дүүрэн байдаг бөгөөд Бурханы хүслийг хангаж огт чаддаггүй. Бурханыг хайрлая гэж шийдэх нь Бурханыг үнэхээр хайрлахтай адилгүй. Сэтгэл дотроо тэд Бурханыг хайрлаж, Бурханыг хангалуун байлгахыг л бодож, бодол санаа нь хүний ямар ч санааг агуулаагүй мэт, бүхэлдээ Бурханы төлөө байдаг мэт боловч бодол санааг нь Бурханы өмнө аваачихад Бурхан сайшааж ерөөдөггүй. Хүмүүс бүх үнэнийг бүрэн ойлгож, бүгдийг нь мэдэж авсан үед ч гэсэн үүнийг Бурханыг хайрлаж буйн шинж, энэ хүмүүс Бурханыг үнэхээр хайрладаг гэж хэлж болохгүй. Хүмүүс олон үнэнийг ойлголоо ч гэсэн цэвэршүүлэлтийг туулахгүйгээр эдгээр үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг; цэвэршүүлэлтийн үеэр л хүмүүс эдгээр үнэний бодит утга учрыг ойлгож, тэр үед л эдгээрийн дотоод утга учрыг жинхэнээсээ үнэлж чаддаг. Тэр үед дахин оролдох үедээ тэд үнэнийг зүй зохистойгоор, Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлж чаддаг; тэр үед хүний санаа бодол нь цөөрч, завхрал нь багасаж, сэтгэл хөдлөл нь багасдаг; тэр үед л хэрэгжүүлэлт нь Бурханыг хайрлах хайрын жинхэнэ илэрхийлэл байдаг. Зүгээр нэг амаараа хүлээн зөвшөөрч, оюун санаагаараа хүссэнээр Бурханыг хайрлах үнэний үр дүнд хүрдэггүй, мөн тэр үнэнийг зүгээр нэг ойлгосноор ч хүрч чадахгүй. Хүмүүс төлөөс төлж, цэвэршүүлэлтийн үеэр илүү их гашуун зовлон амсах шаардлагатай бөгөөд тэгсэн цагт л хайр нь ариун болж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу болдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна”-аас эш татав

Шалгалтыг туулж байхдаа хүмүүс сул дорой болж, дотроо сөрөг байдал тээж, Бурханы хүсэл болон хэрэгжүүлэлтийн замыг тодорхой харж чадахгүй байх нь хэвийн юм. Гэвч ямар ч тохиолдолд Иовын адилаар Бурханы ажилд итгэх итгэл чамд байх ёстой бөгөөд Бурханыг үгүйсгэх ёсгүй. Хэдийгээр Иов сул дорой байж, төрсөн өдрөө хараасан боловч Ехова хүний амьдрал дахь бүх зүйлийг хайрласан, мөн Ехова бол тэднийг бүгдийг нь авч явах Нэгэн мөн гэдгийг тэр үгүйсгээгүй. Түүнийг яаж ч шалгасан тэр энэ бодлоо хадгалсан. Туршлагынхаа явцад чи Бурханы үгээр дамжуулан ямар цэвэршүүлэлт туулах нь хамаагүй, хүн төрөлхтнөөс Бурханы шаарддаг зүйл бол товчхондоо тэдний итгэл, Өөрийг нь гэх хайр юм. Ийм байдлаар ажилласнаараа Тэр хүмүүсийн итгэл, хайр, тэмүүллийг төгс болгодог. Бурхан төгс болгох ажлыг хүмүүс дээр хийдэг бөгөөд хүмүүс үүнийг харж, мэдэрч чаддаггүй; ийм нөхцөлд чиний итгэл шаардлагатай. Юмыг энгийн нүдээр харах боломжгүй үед хүмүүст итгэл шаардлагатай болдог бөгөөд үзлээ орхиж чадахгүй үед чинь чамд итгэл хэрэгтэй байдаг. Бурханы ажлын талаар тодорхой ойлголтгүй байх үедээ чиний хийх ёстой зүйл бол итгэлтэй байж, дороо бат зогсож, гэрчлэлд зогсох юм. Иов энэ цэгт хүрэх үед Бурхан түүнд харагдаж, түүнтэй ярьсан. Өөрөөр хэлбэл, итгэл дотроосоо л чи Бурханыг харж чадах бөгөөд итгэл байгаа цагт Бурхан чамайг төгс болгоно. Итгэл үгүй бол Тэр үүнийг хийж чадахгүй. Чиний олж авахаар найдаж байгаа бүхнийг Бурхан чамд хайрлана. Чамд итгэл байхгүй бол төгс болгуулж чадахгүй бөгөөд чи Бурханы үйлсийг харж чадахгүй, Түүний төгс хүчийг харж бүр ч чадахгүй. Бодитой туршлагаараа Түүний үйлдлийг харна гэсэн итгэл чамд байгаа үед Бурхан чамд харагдаж, Тэр чамайг дотроос чинь гэгээрүүлж, чиглүүлэх болно. Ийм итгэл үгүй бол Бурхан үүнийг хийж чадахгүй. Хэрэв чи Бурханд найдах найдвараа алдсан бол Түүний ажлыг хэрхэн туулж чадах юм бэ? Тиймээс чамд итгэл байгаа бөгөөд Бурханд эргэлзэх эргэлзээ тээгээгүй үед л, Түүнийг юу ч хийсэн, Түүнд итгэх жинхэнэ итгэл чамд байгаа үед л туршлагаар чинь дамжуулан Тэр чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлэх бөгөөд тэр цагт л чи Түүний үйлдлийг харж чадна. Энэ бүхэнд бүгдэд нь итгэлээр дамжуулан хүрдэг. Итгэл зөвхөн цэвэршүүлэлтээр дамжин ирдэг бөгөөд цэвэршүүлэлт байхгүй бол итгэл бий болж чадахгүй. “Итгэл” хэмээх энэхүү үг юуг хэлдэг вэ? Итгэл гэдэг нь аливаа зүйлийг харж, барьж чадахгүй үед, Бурханы ажил хүний үзэлтэй нийцэхгүй үед, хүн хүрэхийн аргагүй үед хүнд байх ёстой жинхэнэ итгэл үнэмшил, чин үнэн зүрх сэтгэл юм. Энэ бол Миний ярьдаг итгэл юм. Бэрхшээл зовлон, цэвэршүүлэлтийн цаг үед хүмүүст итгэл хэрэгтэй бөгөөдитгэлийг цэвэршүүлэлт дагалддаг; цэвэршүүлэлт, итгэл хоёрыг салгах боломжгүй. Бурхан яаж ч ажилласан, орчин нөхцөл чинь ямар ч байсан чи амийг эрэлхийлж, үнэнийг эрж хайж, Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайж, Түүний үйлдлийн талаар ойлголттой байж, үнэний дагуу үйлдэж чаддаг. Ингэх нь жинхэнэ итгэлтэй байх явдал бөгөөд үүгээрээ чи Бурханд итгэх итгэлээ алдаагүй гэдгээ харуулдаг. Цэвэршүүлэлтээр дамжуулан үнэнийг эрэлхийлэхдээ туйлбартай байж чаддаг бол, Бурханыг үнэхээр хайрлаж чаддаг, Түүний талаарх эргэлзээ бий болгодоггүй бол, Тэр юу ч хийсэн Түүнийг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлсээр байдаг бол, Түүний хүслийг гүн гүнзгий эрж хайж, Түүний хүсэлд санаа тавьж чаддаг бол л чи Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй байж чадна. Урьд нь чамайг хаан суух болно гэж Бурхан айлдахад чи Түүнийг хайрласан бөгөөд Тэр чамд Өөрийгөө ил тод харуулахад чи Түүнийг эрж хайсан. Гэвч одоо Бурхан нуугдсан, Түүнийг харж чадахгүй, чамд саад тотгор таарсан энэ үед чи одоо Бурханд найдах найдвараа алдах уу? Тэгэхээр чи цаг үргэлж амийг эрэлхийлж, Бурханы хүслийг хангахаар эрж хайх ёстой. Үүнийг л жинхэнэ итгэл гэдэг бөгөөд энэ бол хамгийн үнэн, хамгийн сайхан хайр билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Бурханд итгэх итгэл нь Түүнд дуулгавартай байж, Түүний ажлыг туулахыг шаарддаг. Бурхан маш их ажил хийсэн—хүмүүсийн хувьд энэ нь бүгд төгс болголт, цэвэршүүлэлт, түүнээс ч илүүтэйгээр гэсгээлт гэж хэлж болох юм. Хүний үзэлтэй нийцсэн Бурханы ажлын нэг ч алхам байгаагүй; хүмүүсийн эдэлсэн зүйл бол Бурханы хатуу үг юм. Бурханыг ирэх үед хүмүүс Түүний сүр жавхлан, уур хилэнг эдлэх ёстой. Гэхдээ Түүний үг хэчнээн хатуу байх нь хамаагүй, Тэр хүн төрөлхтнийг аварч, төгс болгохоор ирдэг. Бүтээгдсэн зүйлийн хувьд хүмүүс биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, цэвэршүүлэлт дунд Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой. Шалгалт бүрд тэд гэрчлэх ёстой гэрчлэлээ баримталж, Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийх ёстой. Үүнийг хийдэг хүн бол ялагч юм. Бурхан чамайг хэрхэн цэвэршүүлэх нь хамаагүй, чи итгэл дүүрэн хэвээр байж, Бурханд итгэх итгэлээ хэзээ ч алддаггүй. Чи хүний хийх ёстой зүйлийг хийдэг. Энэ бол хүнээс Бурханы шаарддаг зүйл бөгөөд хүний зүрх сэтгэл Түүн рүү бүрмөсөн эргэн ирж, өнгөрөн одох хором бүрд Түүн рүү эргэж чаддаг байх ёстой. Энэ бол ялагч юм. “Ялагч” гэж Бурханы нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөөн дор, Сатаны бүслэлтэд байхдаа, өөрөөр хэлбэл, харанхуйн хүчний дунд байх үедээ гэрчлэлд зогсож, итгэлээ хадгалж, Бурханд үнэнч байдлаа хадгалж чадсаар байдаг хүмүүс юм. Юу ч болж байсан, чи Бурханы өмнө цэвэр ариун зүрх сэтгэлээ хадгалж, Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж чадсаар байдаг бол Бурханы өмнө гэрчлэлд зогсож байгаа бөгөөд үүнийг Бурхан “ялагч” байх гэж нэрлэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой”-оос эш татав

Бурханы ажлын үе шат бүрд хүмүүсийн хамтран ажиллах ёстой арга зам байдаг. Бурхан хүмүүсийг цэвэршүүлдэг болохоор цэвэршүүлэлт туулахдаа тэд итгэлтэй байдаг. Бурхан хүмүүсийг төгс болгодог болохоор тэд Бурханаар төгс болгуулах итгэлтэй байж, Түүний цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөхөд, Бурханы харьцалт, засалтад бэлэн байдаг. Хүмүүст гэгээрэл, гэрэлтүүлэлт авчирч, Өөртэйгөө хамтран ажиллуулж, хэрэгжүүлүүлэхийн тулд Бурханы Сүнс хүмүүсийн дотор ажилладаг. Бурхан цэвэршүүлэлтийн үеэр ярьдаггүй. Тэр Өөрийн дуу хоолойгоор айлддаггүй боловч хүмүүсийн хийх ёстой ажил байж л байгаа. Чи өөрт хэдийн байгаа зүйлийг баримтлах ёстой, чи Бурханд залбирч, Бурхантай ойр байж, Бурханы өмнө гэрчлэлд зогсож чадсаар байх ёстой; ийм маягаар чи үүргээ биелүүлнэ. Хүмүүсийн итгэл болон хайрыг шалгах Бурханы шалгалтууд нь Түүнд илүү их залбирч, Бурханы өмнө Түүний үгийг илүү их амтлахыг шаарддаг гэдгийг та бүхэн Түүний ажлаас тодорхой харах хэрэгтэй. Бурхан чамайг гэгээрүүлж, Өөрийн хүслийг чамд ойлгуулдаг боловч чи үүний алийг нь ч хэрэгжүүлдэггүй бол юу ч олж авахгүй. Бурханы үгийг хэрэгжүүлэх үедээ чи Түүнд залбирч чадсаар байх ёстой бөгөөд Түүний үгийг амтлах үедээ Түүний өмнө ирж, эрж хайж, урам хугаралт, хүйтэн сэтгэлийн ямар ч ул мөргүйгээр Түүнд итгэх итгэлээр дүүрэн байх ёстой. Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй хүмүүс цугларалтын үеэр эрч хүчээр дүүрэн байдаг боловч гэртээ харих үедээ харанхуйд унадаг. Хамт цуглахыг хүртэл хүсдэггүй зарим хүн бий. Иймээс хүмүүс ямар үүрэг биелүүлэх ёстойг чи тодорхой ойлгох ёстой. Бурханы хүсэл чухам юу болохыг чи мэдэхгүй байж болох боловч үүргээ гүйцэтгэж, залбирах ёстой үедээ залбирч, үнэнийг хэрэгжүүлэх ёстой үедээ хэрэгжүүлж, хүмүүсийн хийх ёстой зүйлсийг хийж чадна. Чи анхны үзэгдлээ баримталж чадна. Ийм маягаар Бурханы ажлын дараагийн алхмыг хүлээн зөвшөөрөх илүү боломжтой болно. Бурхан нуугдмал байдлаар ажиллах үед чи эрж хайдаггүй бол энэ нь асуудал болдог. Цугларалтуудын үеэр Түүнийг ярьж, номлох үед чи урам зоригтойгоор сонсдог ч Түүнийг ярихгүй байх үед чи эрч хүчээр дутаж, ухарч няцдаг. Ямар төрлийн хүн ингэдэг вэ? Энэ бол ердөө л урсгалаараа явдаг хүн юм. Тэд ямар ч үзэл баримтлал, гэрчлэл, үзэгдэлгүй байдаг! Ихэнх хүмүүс ийм байдаг. Хэрвээ ийм маягаар үргэлжлүүлбэл нэг л өдөр асар том шалгалт ирэх үед чи шийтгэлд унах болно. Үзэл баримтлалтай байх нь Бурхан хүмүүсийг төгс болгох явцад маш чухал байдаг. Хэрвээ чи Бурханы ажлын нэг ч үе шатанд эргэлздэггүй, хүний үүргийг биелүүлж, Бурханы чамаар хэрэгжүүлүүлдэг зүйлийг чин сэтгэлээсээ баримталдаг бол, өөрөөр хэлбэл, Бурханы захиасыг санаж, Тэр өнөө үед юу ч хийдэг байсан Түүний захиасыг мартдаггүй бол, Түүний ажилд эргэлздэггүй, үзэл баримтлалаа хадгалж, гэрчлэлээ баримталж, алхам алхмаар ялалтад хүрдэг бол эцэст нь чи Бурханаар төгс болгуулж, ялагч болгуулах болно. Хэрвээ чи Бурханы шалгалтуудын алхам бүрд бат зогсож чаддаг, эцсийг нь хүртэл бат зогсож чаддаг бол чи бол ялагч, Бурханаар төгс болгуулсан нэгэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой”-оос эш татав

Хэрвээ чи Бурханы зан чанарыг мэддэггүй бол шалгалтын үеэр гарцаагүй унана, яагаад гэвэл Бурхан яаж хүмүүсийг төгс болгодог, ямар арга замаар тэднийг төгс болгодгийг мэддэггүй бөгөөд Бурханы шалгалт чам дээр ирж, үзэлтэй чинь нийцэхгүй байх үед чи бат зогсож чадахгүй. Бурханы жинхэнэ хайр бол Түүний бүхий л зан чанар бөгөөд Бурханы зан чанар бүхэлдээ хүмүүст харагдах үед энэ нь махан биед юу авчирдаг вэ? Бурханы зөвт зан чанар хүмүүст харагдах үед тэдний махан бие ихээхэн өвдөлт шаналал амсах нь гарцаагүй. Хэрвээ чи энэ шаналлыг амсахгүй бол Бурханаар төгс болгуулж чадахгүй, Бурханд жинхэнэ хайрыг зориулж бас чадахгүй. Хэрвээ Бурхан чамайг төгс болговол Өөрийн бүх зан чанарыг чамд гарцаагүй харуулна. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Бурхан Өөрийн зан чанарыг бүхэлд нь хүнд хэзээ ч харуулж байгаагүй, харин Өөрийн урьдчилан тогтоож, сонгосон энэ бүлэг хүмүүст эцсийн өдрүүдэд илчилдэг бөгөөд хүмүүсийг төгс болгосноор Өөрийн зан чанарыг ил болгож, үүгээр дамжуулан бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгодог. Хүмүүсийн төлөө гэсэн Бурханы жинхэнэ хайр ийм билээ. Бурханы жинхэнэ хайрыг мэдрэхэд туйлын их зовлон шаналал туулж, өндөр төлөөс төлөхийг шаарддаг. Зөвхөн үүний дараа л тэд Бурханаар авхуулж, Бурханд жинхэнэ хайраа буцаан өгч чадах бөгөөд тэр үед л Бурханы зүрх сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ хүмүүс Бурханаар төгс болгуулахыг, Түүний хүслийг биелүүлж, жинхэнэ хайраа Бурханд бүрэн дүүрэн өгөхийг хүсдэг бол үхэхээс дор өвдөлтийг амсахын тулд нөхцөл байдлаасаа ихээхэн зовлон зүдүүр, тарчлалыг туулах ёстой бөгөөд эцэстээ тэд жинхэнэ зүрх сэтгэлээ Бурханд буцааж өгөхөөс аргагүй болно. Хүн Бурханд үнэхээр хайртай эсэх нь зовлон бэрхшээл болон цэвэршүүлэлтийн үеэр илчлэгддэг. Бурхан хүмүүсийн хайрыг ариусгадаг, энэ нь ч бас зовлон бэрхшээл, цэвэршүүлэлтийн дунд л хийгддэг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг”-ээс эш татав

Цэвэршүүлэлтийн ажлын гол зорилго нь хүмүүсийн итгэлийг төгс болгох юм. Эцэст нь юунд хүрэх вэ гэхээр чи явахыг хүссэн ч явж чадахгүй, зарим хүн үлдсэн өчүүхэн найдвараа алдсан байсан ч гэсэн итгэсээр байж чадна, мөн хүмүүс хэтийн төлөвийнхөө төлөө ямар ч найдвар тээхээ болих юм. Зөвхөн энэ үед л Бурханы цэвэршүүлэлт дуусдаг. Амьдрал, үхлийн хооронд эргэлддэг үе шатанд хүн хүрээгүй л байгаа, тэд үхлийг үзээгүй учраас цэвэршүүлэлтийн явц хараахан дуусаагүй байна. Үйлчлэл үзүүлэгчийн шатанд байсан хүмүүс хүртэл дээд зэргээр цэвэршүүлэгдээгүй. Иов дээд зэргийн цэвэршүүлэлтийг туулсан, түүнд итгэж найдах юу ч байгаагүй. Хүмүүс ямар ч найдваргүй, итгэж найдах юу ч байхгүй болох хүртлээ цэвэршүүлэлтийг туулах ёстой—энэ л жинхэнэ цэвэршүүлэлт билээ. Үйлчлэл үзүүлэгчийн цаг үед зүрх сэтгэл чинь Бурханы өмнө үргэлж тайван байсан бол, Тэр юу ч хийсэн, чиний төлөө гэсэн Түүний хүсэл ямар ч байсан, чи Түүний зохицуулалтыг үргэлж дуулгавартай дагасан бол замын төгсгөлд Бурханы хийсэн бүхнийг чи ойлгох болно. Чи Иовын шалгалтыг туулдаг, мөн нэгэн зэрэг Петрийн шалгалтыг туулдаг. Иовыг турших үед тэр гэрчлэлд зогсож, эцэст нь Ехова түүнд илчлэгдсэн. Гэрчлэлд зогссоны дараа л тэр Бурханы нүүр царайг харах эрхтэй болсон. “Би бузар газар нутгаас нуугдаж, ариун хаанчлалд Өөрийгөө харуулдаг” гэж яагаад хэлдэг вэ? Энэ нь чи ариун байж, гэрчлэлд зогссон үед л Бурханы нүүр царайг харах нэр хүндтэй болж чадна гэсэн үг юм. Хэрэв чи Түүний төлөө гэрчлэлд зогсож чадахгүй бол Түүний нүүр царайг харах нэр хүнд чамд байхгүй. Цэвэршүүлэлттэй тулгарахад ухарч няцан, Бурханы эсрэг гомдол гаргаж, ингэснээрээ Түүний төлөө гэрчлэлд зогсож чадалгүй, Сатаны доог тохуу болбол чи Бурханы илрэлтийг олж харахгүй. Хэрэв чи шалгалтын дунд өөрийн махан биеийг харааж, Бурханы эсрэг гомдоллолгүй, гомдоллож, үгээрээ нүгэл үйлдэлгүйгээр өөрийн махан биеийг жигшиж чадсан Иов шиг байвал гэрчлэлд зогсох болно. Цэвэршүүлэлтийг тодорхой хэмжээгээр туулсан ч Иов шиг хэвээр байж, Бурханы өмнө бүрэн дуулгавартай байж, Түүнээс өөр зүйл шаардахгүй, бас өөрийн үзэлгүй байж чадах аваас Бурхан чамд харагдана. Одоо чамд Бурхан харагддаггүйн учир нь чамд маш олон өөрийн гэсэн үзэл, хувийн алагчлал, хувиа хичээсэн бодол, хувийн шаардлага, махан биеийн ашиг сонирхол байдаг бөгөөд чи Түүний царай төрхийг харахад тэнцэхгүй. Хэрэв чи Бурханыг хардаг байсан бол өөрийн үзлээр Түүнийг хэмжинэ, ингэснээрээ чи Түүнийг загалмайд цовдлох байсан. Чиний үзэлтэй нийцэхгүй олон зүйл чамд тохиолддог боловч чи тэдгээрийг хойш тавьж, тэдгээр зүйлээс Бурханы үйлдлийн талаар мэдлэг олж авч чаддаг бөгөөд цэвэршүүлэлтийн дунд Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ илчилдэг бол энэ нь гэрчлэлд зогсох билээ. Гэр чинь амар тайван, махан биеийн тав тухад чи дуртай, хэн ч чамайг хяхан хавчихгүй, чуулган дахь ах эгч нар чинь чамайг дуулгавартай дагадаг бол чи Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ харуулж чадах уу? Ийм нөхцөл байдал чамайг цэвэршүүлж чадах уу? Цэвэршүүлэлтээр л дамжуулан Бурханыг гэх хайраа харуулж чадна, чиний үзэлтэй нийцдэггүй зүйл тохиолдсоноор л чи төгс болгуулж чадна. Олон эсрэг, сөрөг зүйлийн үйлчлэлээр, мөн Сатаны үйлдэл, буруушаалт, үймээн, мэхлэлт гээд бүх төрлийн илрэлийг хэрэглэснээр Сатаны дургүй хүрмээр царайг Бурхан чамд тодорхой харуулж, ингэснээрээ Сатаныг ялган таних, Сатаныг үзэн ядаж, хаях чадварыг чинь төгс болгодог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Та нар бүгд шалгалт, цэвэршүүлэлт дунд байдаг. Цэвэршүүлэлтийн үеэр Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Цэвэршүүлэлт туулснаар хүмүүс Бурханд жинхэнэ магтаал өргөж чаддаг бөгөөд цэвэршүүлэлтийн дундаас өөрсдийгөө тун их дутуу дулимаг гэдгээ ойлгож чаддаг. Цэвэршүүлэлт хэдий чинээ их байна, махан биеэ төдий чинээ хаяж чаддаг; цэвэршүүлэлт нь хэдий чинээ их байна, Бурханыг хайрлах хүмүүсийн хайр төдий чинээ их байдаг. Энэ бол та нарын ойлгох ёстой зүйл юм. Яагаад хүмүүс цэвэршүүлэгдэх ёстой вэ? Ямар үр дүнд хүрэхээр зорьдог вэ? Хүнийг цэвэршүүлэх Бурханы ажлын ач холбогдол юу вэ? Чи үнэхээр Бурханыг эрж хайдаг бол тодорхой хэмжээнд Түүний цэвэршүүлэлтийг туулсныхаа дараа маш сайн, туйлын шаардлагатай гэдгийг нь мэдэрнэ. Цэвэршүүлэлтийн үеэр хүн Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Бурханы цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөхийн тулд гэж Түүнийг хайрлахаар шийдсэнээр: Цэвэршүүлэлтийн үеэр дотроо тарчилж, зүрхийг чинь хутгаар сийчиж байгаа мэт байдаг ч Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр чи Түүнийг сэтгэл хангалуун болгохыг хүсдэг бөгөөд махан биеэ анхаарахыг хүсдэггүй. Бурханыг гэх хайрыг хэрэгжүүлнэ гэж үүнийг хэлдэг. Дотроо шархалж, зовлон чинь тодорхой хэмжээнд хүрсэн ч чи Бурханы өмнө очиж, “Өө Бурхан минь! Би Таныг орхиж чадахгүй. Дотор минь харанхуй байгаа ч би Таныг сэтгэл хангалуун болгохыг хүсэж байна; Та миний зүрх сэтгэлийг мэднэ, Таныг надад хайраа илүү их зориулаасай гэж би хүсэх байна” хэмээн залбирахад бэлэн хэвээр байдаг. Энэ бол цэвэршүүлэлтийн үеийн хэрэгжүүлэлт юм. Бурханыг гэх хайрыг сууриа болговол цэвэршүүлэлт чамайг Бурханд илүү ойртуулж, Бурхантай илүү ойр дотно болгож чадна. Бурханд итгэдэг учраас чи зүрх сэтгэлээ Бурханд өргөн барих ёстой. Хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өргөж, Түүний өмнө дэлгэвэл цэвэршүүлэлтийн үеэр Бурханыг үгүйсгэх, Түүнийг орхин явах боломжгүй байх болно. Ингэснээр Бурхантай харилцах харилцаа чинь улам ойр дотно, улам хэвийн болж, Бурхантай улам ойр ойрхон ярих болно. Үргэлж ийм маягаар хэрэгжүүлбэл чи Бурханы гэрэлд, үгийнх нь удирдамж дор илүү их цагийг өнгөрөөж, зан чанарт чинь бас улам их өөрчлөлт гарч, мэдлэг чинь өдөр өдрөөр нэмэгдэнэ. Бурханы шалгалт гэнэт чам дээр буух өдөр ирэх үед чи Бурханы дэргэд байж чадах төдийгүй Түүнд гэрчлэл хийж чадна. Тэр үед чи Иов болон Петр шиг байна. Бурханд гэрчлэл хийснээрээ Түүнийг үнэхээр хайрлаж, Түүний төлөө баяртайгаар амиа өгнө; чи Бурханы гэрч, Бурханы хайртай нэгэн байх болно. Цэвэршүүлэлт туулсан хайр сул дорой биш, харин хүчтэй байдаг. Бурхан чамайг хэзээ, хэрхэн шалгалт туулуулахаас үл хамааран чи амьдрах, үхэх эсэхээ ч хайхралгүй, Бурханы төлөө бүхнийг дуртайяа хөсөр хаяж, Бурханы төлөө юуг ч баяртайяа тэвчиж чадваас хайр чинь цэвэр ариун, итгэл чинь бодитой байх болно. Тэгсэн цагт л чи үнэхээр Бурханаар хайрлагдсан нэгэн, үнэхээр Бурханаар төгс болгуулсан нэгэн байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна”-аас эш татав

Өмнөх: 29. Засалт, харьцалт хүлээн авах зарчмууд

Дараах: 31. Хавчлага, гай зовлон туулах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх