39. Петрийн замаар алхах зарчмууд

(1) Петр үнэнийг хайрласан, Эзэн Есүсийн номлолыг сонсох дуртай байсан. Тэрээр Эзэний үгийг хэрэгжүүлж, туулахад анхаарсан бөгөөд бүх хэрэг явдал дээр туйлын бодитой, жинхэнэ байсан;

(2) Петр өөрийгөө мэдэхэд анхаарлаа төвлөрүүлсэн, мөн өөрийнхөө завхралын илэрхийллийг үнэнээсээ харуусан эргэцүүлж чаддаг байсан. Тэр махан биеийг үзэн ядаж, чин сэтгэлээсээ гэмшиж чадсан;

(3) Петр Бурханыг хайрлахаар эрж хайж, Христээс маш их хайр татам зүйлийг олж харсан. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Есүс түүнд улам хайр татам санагдаж, Петр Бурханыг хайрладаг хүн болсон;

(4) Петр Бурханыг хүндэлдэг байсан. Өчүүхэн төдий тэрслүү зан гаргасандаа ч асар их харамсаж чаддаг, үнэнийг эрэлхийлдэг байсан. Эцэстээ, үхэлд дуулгавартай байх, мөн Бурханыг гэх хамгийн агуу хайранд хүрсэн юм;

(5) Петр сүүлчийнхээ долоон жилд олон зуун шалгалт туулсныхаа дараа л Бурханыг гэх хамгийн агуу хайр ба үхэлд дуулгавартай байдалд хүрч, цангинасан гэрчлэлээ өргөсөн юм.

Холбогдох Бурханы үг:

Дүгнэн хэлбэл, итгэлдээ Петрийн замаар явах гэдэг нь үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал бөгөөд энэ нь бас өөрийгөө үнэхээр мэдэж авч, зан чанараа өөрчлөх зам юм. Петрийн замаар алхсанаар л хүн Бурханаар төгс болгуулах зам дээр байх болно. Хүн, Петрийн замаар яг хэрхэн явах болон үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тун тодорхой мэдэж байх ёстой. Нэгдүгээрт хүн өөрийнхөө санаа зорилго, зүй зохисгүй эрэл хайгуул, тэр ч бүү хэл гэр бүл, махан биеийн бүх зүйлийг хойш тавих ёстой. Тэрээр бүх зүрх сэтгэлээ зориулах ёстой; өөрөөр хэлбэл, Бурханы үгэнд өөрийгөө бүрэн зориулж, Бурханы үгийг идэж, уухад анхаарлаа төвлөрүүлэн, Бурханы үгээс үнэнийг болон Бурханы санаа зорилгыг хайхад анхаарлаа төвлөрүүлж, бүх зүйл дээр Бурханы хүслийг ухаарахаар хичээх ёстой. Энэ бол хэрэгжүүлэлтийн хамгийн үндсэн, хамгийн чухал арга юм. Энэ нь Есүсийг харсныхаа дараа Петрийн хийсэн зүйл бөгөөд ийм маягаар хэрэгжүүлснээр л хүн хамгийн сайн үр дүнд хүрч чадна. Бурханы үгэнд үнэн сэтгэлээ зориулна гэдэг нь үндсэндээ үнэнийг эрж хайх, Бурханы санаа зорилгыг үгээс нь эрж хайх, Бурханы хүслийг ухаарахад анхаарлаа төвлөрүүлэх, Бурханы үгээс илүү их үнэнийг ойлгож, олж авах явдлыг агуулдаг. Бурханы үгийг уншиж байхдаа Петр хоосон сургаалыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлээгүй, теологийн мэдлэг олж авахад бүр ч анхаараагүй; харин ч үнэнийг ойлгож, Бурханыхүслийг ухаарч, Түүний зан чанар болон хайр татам байдлыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлж байлаа. Петр бас, хүний янз бүрийн завхарсан байдал, мөн түүнчлэн хүний завхарсан уг чанар, бодит дутагдлыг Бурханы үгээс ойлгож, улмаар Бурханыг хангалуун байлгахын тулд хүнд тавьдаг шаардлагынх нь бүх талыг биелүүлсэн юм. Петрт Бурханы үгийг баримталсан маш олон зөв хэрэгжүүлэлт байв; энэ нь Бурханы хүсэлтэй хамгийн их нийцэж байсан бөгөөд энэ бол хүн Бурханы ажлыг туулах зуураа хамтран ажиллах хамгийн сайн арга зам билээ. Бурханаас ирсэн хэдэн зуун шалгалтыг туулах үедээ Петр, хүнийг шүүсэн Бурханы үг бүртэй, хүнийг илчилсэн Бурханы үг болгонтой, хүнд тавих Бурханы шаардлагын үг бүртэй өөрийгөө чанд харьцуулан шалгаж, тэдгээр үгийн утга учрыг ухан ойлгохоор чармайсан юм. Тэрээр Есүсийн өөрт нь хэлсэн үг бүрийг тунгаан бодож, цээжлэхээр үнэн сэтгэлээсээ хичээсэн бөгөөд тун сайн үр дүнд хүрчээ. Ийм маягаар хэрэгжүүлснээр дамжуулан тэрээр Бурханы үгээс өөрийнхөө тухай ойлголтод хүрч чадсан бөгөөд хүний янз бүрийн завхарсан байдлыг ойлгож аваад зогсохгүй, мөн хүний мөн чанар, уг чанар, янз бүрийн дутагдлыг ойлгож авсан. Өөрийгөө үнэхээр ойлгох гэдэг нь энэ юм. Бурханы үгээс Петр өөрийгөө үнэхээр ойлгож аваад зогсохгүй, Бурханы үгэнд илэрхийлэгдсэн зүйл болох Бурханы зөвт зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Өөрийнхөө ажлыг гэх Бурханы хүсэл, хүн төрөлхтөнд тавих Түүний шаардлага зэрэг эдгээр үгээс Бурханыг бүрэн мэдэж авсан юм. Тэрээр Бурханы зан чанар, мөн чанарыг мэдэж авсан; бас Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, түүнчлэн Бурханы хайр татам байдал, хүнд тавих Бурханы шаардлагыг мэдэж, ойлгож авчээ. Хэдийгээр Бурхан тэр үед өнөөдрийнх шигээ их яриагүй ч Петр ямартай ч эдгээр тал дээр үр дүнд хүрсэн юм. Энэ нь ховор, эрхэм нандин зүйл байлаа. Петр хэдэн зуун шалгалт туулсан боловч хий дэмий зовоогүй. Тэрээр Бурханы үг болон ажлаас өөрийгөө ойлгож аваад зогсохгүй, бас Бурханыг мэдэж авсан билээ. Үүнээс гадна, Бурханы үгэн дотроос тэрээр, хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлагад нэн анхаарчээ. Бурханы хүсэлтэй нийцэлтэй байхын тулд хүн Бурханыг хангалуун байлгах ёстой аль ч талуудад Петр асар их хичээл чармайлт гаргаж, тов тодорхой ойлгож чадсан юм; энэ нь түүний өөрийн оролтод туйлын ашиг тустай байв. Бурхан юу ч ярьсан бай, тэдгээр үг амь, үнэн болж чадаж байгаа цагт Петр тэдгээрийг байн байн тунгаан бодож, ойлгохын тулд зүрх сэтгэлдээ шингээж чаддаг байлаа. Есүсийн үгийг сонссоныхоо дараа тэрээр тэдгээрийг үнэн сэтгэлээсээ авч үзэж чаддаг байсан нь Бурханы үгэнд анхаарлаа төвлөрүүлдэг байсныг нь ялангуяа харуулдаг бөгөөд тэрээр эцэст нь үнэхээр үр дүнд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, тэрээр Бурханы үгийг чөлөөтэй хэрэгжүүлж, үнэнийг яг таг хэрэгжүүлж, Бурханы хүсэлтэй нийцэлтэй байж, бүхэлдээ Бурханы санаа зорилгод нийцүүлэн үйлдэж, хувийн санал бодол, төсөөллөө орхиж чаддаг байлаа. Ийм маягаар Петр Бурханы үгийн бодит байдалд орсон юм. Петр үндсэндээ ингэж хийсэн учраас үйлчлэл нь Бурханы хүсэлтэй нийцэж байсан юм.

Хүн үүргээ гүйцэтгэж байхдаа Бурханыг хангалуун байлгаж, үг болон үйлдэлдээ зарчимч байж, үнэний тал бүрийн үнэн-бодит байдалд орж чаддаг бол Бурханаар төгс болгуулдаг хүн мөн. Ийм хүмүүст Бурханы үг болон ажил бүрэн үр нөлөөтэй байсаар ирсэн, Бурханы үг тэдний амь болж, тэд үнэнийг олж авсан бөгөөд Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг гэж хэлэхэд болно. Үүний дараа тэдний махан биеийн уг чанар буюу анхдагч оршин тогтнолынх нь гол суурь ганхаж, нуран унана. Хүмүүс Бурханы үгийг амиа болгон эзэмшсэнийхээ дараа шинэ хүмүүс болцгооно. Хэрэв тэд Бурханы үгийг амиа болгож, Бурханы ажлын үзэгдэл, хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага, хүмүүст өгдөг илчлэл, Бурханы хүр гэж шаарддаг жинхэнэ амьдралын стандартыг амиа болгон, эдгээр үг, үнэний дагуу амьдардаг бол Бурханы үгээр төгс болгуулдаг. Ийм хүмүүс дахин төрж, Бурханы үгээр дамжуулан шинэ хүмүүс болцгоосон юм. Энэ бол үнэнийг эрэлхийлсэн Петрийн зам; энэ нь төгс болгуулах зам, Бурханы үгээр төгс болж, Бурханы үгээс амь олж авах зам байсан юм. Бурханы илэрхийлсэн үнэн түүний амь болсон бөгөөд тэр үед л үнэнийг олж авсан хүн болсон билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”-ээс эш татав

Петрийн эрж хайсан зүйл бол Бурханы үгийн цэвэршүүлэлтээр дамжуулан, Бурханы өгсөн олон янзын шалгалт дунд өөрийгөө мэдэж авах, өөрөөс нь юу илчлэгдсэнийг харах явдал байв. Эцэст нь өөрийгөө үнэхээр ойлгож авах үедээ Петр хүмүүс хэчнээн гүн гүнзгий завхарсныг, хэчнээн үнэ цэнгүй, Бурханд үйлчлэхэд зохисгүй болохыг, Бурханы өмнө амьдрах эрхгүй болохыг ухаарчээ. Тэгээд Петр Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөсөн юм. Эцэст нь тэрээр: “Бурханыг мэдэх нь хамгийн эрхэм нандин зүйл! Хэрвээ би Бурханыг мэдэлгүйгээр үхсэн бол үнэхээр өрөвдөлтэй байх байсан; Бурханыг мэдэх нь хамгийн чухал, хамгийн утга учиртай зүйл гэдгийг би мэдэрч байна. Хэрвээ хүн Бурханыг мэддэггүй бол амьдрах эрхгүй бөгөөд түүнд ямар ч амьдрал байхгүй” гэж боджээ. Петрийн туршлага энэ хэмжээнд хүрэх үед тэрээр өөрийнхөө уг чанарыг мэдэж авч, энэ талаар харьцангуй сайн ойлголттой болсон байлаа. Магадгүй тэр үүнийг өнөөгийн хүмүүс шиг тодорхой тайлбарлаж чадахгүй байсан байж болох ч Петр энэ байр байдалд үнэхээр хүрсэн юм. Тиймээс амийг эрэлхийлж, Бурханаар төгс болгуулах нь Бурханы айлдварууд дотроос өөрийнхөө уг чанарыг мэдэж авч, түүнчлэн уг чанарынхаа талуудыг ухамсарлаж, үүнийг үгээр үнэн зөв илэрхийлж, тодорхой, илэн далангүй ярихыг шаарддаг. Зөвхөн энэ л өөрийгөө үнэхээр мэдэх явдал бөгөөд чи Бурханы шаарддаг үр дүнд хүрсэн байх болно. Хэрвээ мэдлэг чинь энэ цэгт хараахан хүрээгүй ч чи өөрийгөө мэддэг хэмээн зүтгэж, амийг олж авсан гэж хэлж байгаа бол ердөө сагсуурч байгаа бус уу? Чи өөрийгөө мэддэггүй, мөн Бурханы өмнө юу болохоо, хүн байх стандартад үнэхээр нийцсэн эсэхээ, хэчнээн олон сатанлаг элементийг дотроо агуулсаар байгаагаа ч мэддэггүй. Чи хэнд харьяалагддаг тухайгаа одоо ч тодорхой мэддэггүй бөгөөд өөрийгөө огт мэддэггүй, тэгвэл чи яаж Бурханы өмнө эрүүл ухаантай байж чадах юм бэ? Амийг эрэлхийлж байхдаа Петр шалгалтуудын үеэр өөрийгөө ойлгож, зан чанараа өөрчлөхөд анхаарлаа төвлөрүүлж, Бурханыг мэдэхээр чармайсан бөгөөд эцэст нь “Хүмүүс амьдралдаа Бурханыг ойлгохоор эрж хайх ёстой; Түүнийг мэдэх нь хамгийн шийдвэрлэх чухал зүйл. Хэрвээ би Бурханыг мэддэггүй бол үхэх үедээ тайван байж чадахгүй. Өөрийг нь мэдэнгүүт Бурхан намайг үхүүлэх юм бол би үүнийг хийхдээ бас л хамгийн их сэтгэл хангалуун байх болно; би өчүүхэн ч гомдоллохгүй ба бүх амьдрал минь ханамжтай байх болно” гэж бодсон юм. Петр Бурханд итгэж эхэлсэн даруйдаа ийм түвшний ойлголт олж авч, ийм цэгт хүрч чадаагүй юм; эхлээд тэрээр асар олон шалгалт туулах хэрэгтэй болсон. Түүний туршлага тодорхой хэмжээнд хүрэх ёстой байсан бөгөөд өөрийгөө бүрэн ойлгосныхоо дараа л тэрээр Бурханыг мэдэхийн үнэ цэнийг мэдэрч чадсан билээ. Тиймээс Петрийн явсан зам бол амийг олж авах, төгс болгуулах зам байв; түүний онцгой хэрэгжүүлэлт үндсэндээ энэ тал дээр төвлөрч байлаа.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”-ээс эш татав

Петр гэгч энэ хүн гойд сайн хэв чанартай хүн байсан, гэхдээ түүний нөхцөл байдал Паулынхаас өөр байлаа. Түүний эцэг, эх Намайг хавчдаг, Сатанд эзэмдүүлсэн чөтгөрүүдэд харьяалагддаг байсан, энэ шалтгааны улмаас тэд Петрт замыг дамжуулсан гэж хэлж болохгүй юм. Цэцэн цэлмэг, төрөлхийн оюун билэгтэй Петрийг эцэг эх нь бага балчраас нь хайрладаг байжээ; харин өсөж том болсныхоо дараа тэр тэдний дайсан болсон, учир нь тэр үргэлж Намайг мэдэхээр эрэлхийлдэг байсан ба энэ нь түүнийг эцэг эхийгээ орхиход хүргэсэн. Яагаад гэвэл, юуны өмнө тэнгэр, газар, бүх зүйл Төгс Хүчитийн гарт байдаг, бүх эерэг зүйл Бурханаас эхтэй ба Сатаны ямар ч боловсруулалтаар дамжилгүй Түүнээс шууд ирдэг гэдэгт тэр итгэдэг байсан юм. Товойлгогч болон үйлчлэх эцэг эхийнх нь сөрөг жишээ байснаар энэ нь түүнийг Миний хайр, энэрлийг илүү амархан таних боломжтой болгож, улмаар Намайг эрж хайх хүслийг нь улам бадраасан юм. Тэр зөвхөн Миний үгийг идэж, уухад их анхаараад зогсоогүй, Миний санаа зорилгыг ухаарахад бүр ч их анхаарал хандуулсан бөгөөд сүнсэндээ үргэлж гярхай, сүйхээтэй байхын тулд өөрийн бодолд байнга хашир, болгоомжтой байсан, иймд хийсэн бүхэндээ Миний тааллыг хүртэж чадсан юм. Жирийн амьдралдаа тэр бүтэлгүйтлийн занганд унахаас машид айж, хүчин чармайлтаа нэмэхэд өөртөө түлхэц өгөхийн тулд, урьд өмнө бүтэлгүйтсэн хүмүүсээс сургамж авахад онцгой анхаарч байв. Мөн эрин үеүдийн туршид Бурханыг хайрлаж байсан бүх хүний итгэл болон хайрыг өөрийн болгоход сайтар анхаарчээ. Ийм байдлаар тэр өөрийнхөө өсөх үйл явцыг зөвхөн сөрөг талууд дээр төдийгүй, бүр ч чухал нь Миний өмнө Намайг хамгийн сайн мэдэх нэгэн хүн болж чадталаа эерэг талууд дээр хурдасгасан юм. Ийм ч учраас, тэрээр байгаа бүхнээ Миний гарт атгуулж, бүр идэх, өмсөх, унтахдаа ч юм уу ер нь хаана ч байхдаа өөрийнхөө эзэн байхаа больж, харин бүх зүйл дээр Намайг сэтгэл хангалуун байлгасны үндсэн дээр Миний өгөөмөр хишгийг эдэлсэн гэдгийг төсөөлөхөд хэцүү биш. Би түүнийг олон ч удаа шалгалтад оруулж, энэ нь мэдээж хэрэг түүнийг хагас үхлүүт болгож орхисон, гэвч энэ олон зуун шалгалтын дунд ч тэр Надад итгэх итгэлээ хэзээ ч алдаж, урам хугараагүй. Өөрийг нь хэдийн хаячихсан гэж Намайг хэлэхэд ч тэрээр зүрх алдаж, цөхрөлд автаагүй, харин Намайг бодитой байдлаар, урьдын хэрэгжүүлэлтийн зарчмын дагуу хайрласаар байлаа. Хэдий тэр Намайг хайрладаг байсан ч Би түүнийг магтахгүй, харин эцэст нь түүнийг Сатаны гарт хаяна гэж Би түүнд хэлсэн. Махан биед нь хүрээгүй, зөвхөн үг хэрэглэн явуулсан эдгээр шалгалтын дунд ч тэр Надад залбирсаар л байсан: “Өө, Бурхан минь! Тэнгэр газар хийгээд үй олон зүйлийн дунд Төгс Хүчит Таны гарт эс багтах хүн, бүтээл, эсвэл аливаа зүйл байна уу? Таныг надад өршөөл үзүүлэхийг хүсэх үед, зүрх сэтгэл минь Таны өршөөлд машид баясдаг; Та надад шүүлт хийхийг хүсэх үед, хэдий би үнэ цэнгүй байж мэдэх ч Таны үйл хэргийн гүн гүнзгий нууцыг улам их мэдэрдэг, учир нь Та эрх мэдэл, мэргэн ухаанаар дүүрэн билээ. Миний бие махбод хэдий зововч сүнсэндээ би тайтгардаг. Таны мэргэн ухаан, Таны үйл хэргийг би хэрхэн шагшин магтахгүй байх билээ? Таныг мэдэж авсныхаа дараа үхэх байсан ч би хэзээд бэлэн, дуртай байх болно. Өө, Төгс Хүчит Нэгэн минь! Та Өөрийгөө надад харуулахыг үнэхээр хүсэхгүй байгаа биш биз дээ? Таны шүүлтийг би үнэхээр хүлээн авах үнэ цэнгүй биш биз дээ? Таны харахыг хүсэхгүй байгаа зүйл надад байгаа юм болов уу?” Ийм төрлийн шалгалт дунд Петр хэдийгээр Миний санааг яг таг ухаарч чадаагүй боловч Надад ашиглагдах нь (зөвхөн Миний шүүлтийг хүлээн авч, ингэснээр хүмүүс Миний сүр жавхлан, уур хилэнг үзэх байсан ч бай) нэр төр, хувийн алдрын хэрэг гэж үзсэн нь илэрхий бөгөөд шалгалтад орсондоо ердөө гутраагүй юм. Миний өмнө үнэнч байсан тул, бас өөрийг нь Би ерөөсөн учраас тэрээр хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөнд үлгэр жишээ, дуурайл болсон билээ. Энэ нь чухамдаа та нарын дагавал зохих үлгэр жишээ биш гэж үү?

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “6-р бүлэг”-ээс эш татав

Хүн махан бие дотор амьдардаг нь хүний тамд амьдардаг гэсэн үг бөгөөд Бурханы шүүлт, гэсгээлт байхгүй бол хүн Сатантай адил бохир заваан юм. Хүн яаж ариун байж чадах билээ? Бурханы гэсгээлт болон шүүлт бол хүний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу нигүүлсэл гэж Петр бодож байв. Бурханы гэсгээлт, шүүлтээр л дамжуулан хүн сэрж, махан биеийг үзэн ядаж, Сатаныг үзэн ядаж чадна. Бурханы хатуу чанд сахилгажуулалт хүнийг Сатаны нөлөөнөөс чөлөөлж, өөрийнх нь жижигхэн ертөнцөөс чөлөөлдөг ба Бурханы гэрэлд хүнийг амьдруулдаг. Гэсгээлт, шүүлтээс илүү дээр аврал гэж үгүй! Петр ийнхүү залбирсан юм: “Өө Бурхан минь! Та намайг гэсгээж, шүүсээр байгаа цагт намайг орхиогүй гэдгийг тань би мэдэх болно. Та надад баяр хөөр, амар амгаланг өгөлгүй, зовлон шаналалд амьдруулж, тоо томшгүй олон цохилт оноож байсан ч гэсэн Та намайг орхиогүй л бол зүрх сэтгэл минь тайван байх болно. Өнөөдөр, Таны гэсгээлт, шүүлт миний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу ерөөл болсон билээ. Таны өгдөг нигүүлсэл намайг хамгаалдаг. Өнөөдөр Таны надад хайрладаг нигүүлсэл бол Таны зөвт зан чанарын илрэл бөгөөд энэ нь гэсгээлт, шүүлт юм; түүнчлэн энэ нь шалгалт, түүнээс ч илүүтэйгээр зовлонгийн амьдрал билээ.” Петр махан биеийн зугаа цэнгэлийг хойш тавьж, илүү гүн гүнзгий хайрыг, илүү их хамгаалалтыг эрж хайж чадсан, учир нь тэр Бурханы гэсгээлт, шүүлтээс маш их нигүүлслийг олж авсан билээ. Хүн Сатаны зохион байгуулалт, нөлөөнөөс ангижирч, Бурханы гэрэлд амьдрахын тулд амьдралдаа цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт гаргахыг хүсвэл, мөн утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээлийн үүргээ биелүүлэхийг хүсвэл Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авах ёстой ба Бурханы сахилгажуулалт, цохилтыг өөрөөсөө холдуулах ёсгүй. Бурханы гэсгээлт, шүүлт бол гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт гэдгийг мэдэж ав. Хүн Сатаны нөлөөн дор амьдарч, махан биед оршдог; хэрвээ тэр цэвэрлэгдэхгүй, мөн Бурханы хамгаалалтыг хүлээн авдаггүй бол улам илүү доройтно. Хэрвээ хүн Бурханыг хайрлахыг хүсдэг бол цэвэрлэгдэж, аврагдах ёстой. Петр ийнхүү залбирсан: “Бурхан минь, надад элэгсэг хандах үед тань би баярлан хөөрч, тайтгарлыг мэдэрдэг; Та намайг гэсгээх үед би бүр ч их тайтгарал, баяр хөөрийг мэдэрдэг. Хэдий би сул дорой байж, үгээр хэлэхийн аргагүй зовлон туулж байгаа ч, хэдийгээр нулимс, уйтгар гуниг байдаг ч гэсэн, энэхүү уйтгар гуниг нь миний дуулгаваргүй байдлаас болдог, миний сул доройгоос болдог гэдгийг Та мэднэ. Таны хүслийг хангаж чаддаггүй учраас би уйлдаг, Таны шаардлагад хүрч чадахгүй учраас би уй гашуу, харууслыг мэдэрдэг, гэхдээ би энэ түвшинд хүрэхэд бэлэн байна, Таныг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийхэд бэлэн байна. Таны гэсгээлт надад хамгаалалт авчирч, хамгийн сайн авралыг өгсөн; Таны шүүлт тэсвэр, тэвчээрийг тань даван гардаг. Таны гэсгээлт, шүүлтгүйгээр би Таны өршөөл, өгөөмөр сэтгэлийг эдлэхгүй байх байсан. Өнөөдөр, Таны хайр тэнгэрүүдийг даван гарсан ба бусад бүх зүйлээс илүү давдгийг би бүр ч сайн хардаг. Таны хайр бол зөвхөн өршөөл, хайр энэрэл биш; үүнээс ч илүүтэйгээр гэсгээлт, шүүлт билээ. Таны гэсгээлт, шүүлтээс би маш ихийг олсон. Таны гэсгээлт, шүүлтгүйгээр нэг ч хүн цэвэрлэгдэхгүй байсан, мөн нэг ч хүн Бүтээгчийн хайрыг мэдэрч чадахгүй байх байсан. Хэдийгээр би хэдэн зуун шалгалт, зовлон шаналлыг туулж, бүр үхэхдээ тулсан ч гэсэн, Таныг үнэхээр мэдэж, дээд зэргийн авралыг олж авах боломжийг энэ нь надад олгосон. Хэрвээ Таны гэсгээлт, шүүлт, сахилгажуулалт намайг орхисон бол би Сатаны эзэмшил дор харанхуйд амьдрах байлаа. Хүний махан бие ямар ашигтай юм бэ? Хэрвээ Таны гэсгээлт, шүүлт намайг орхисон бол Таны Сүнс намайг орхисонтой адил, Та надтай хамт байхаа больсонтой адил байх байлаа. Хэрвээ тийм байсан бол би яаж үргэлжлүүлэн амьдарч чадах билээ? Хэрвээ Та надад өвчин өгч, эрх чөлөөг минь авах юм бол би үргэлжлүүлэн амьдарч чадна, харин Таны гэсгээлт, шүүлт намайг орхивол би амьдрах ямар ч аргагүй болох байсан. Хэрвээ надад Таны гэсгээлт, шүүлт байгаагүй бол Таны хайрыг алдах байсан. Таны хайр бол дэндүү гүн гүнзгий, үгээр илэрхийлэхийн аргагүй хайр билээ. Таны хайр байхгүй бол би Сатаны эзэмшил дор амьдарч, Таны суу алдарт царайг харж чадахгүй байх байсан. Би яаж үргэлжлүүлэн амьдарч чадах билээ? Тийм харанхуй байдал, тийм амьдралыг би тэвчиж чадахгүй. Тантай хамт байгаа нь Таныг харахтай адил тул би Таныг яаж орхиж чадах билээ? Би Танаас гуйя, санаа амраасан хэдхэн үг байлаа ч гэсэн миний хамгийн их тайвшралыг надаас бүү аваач гэж би Танаас хүсэж байна. Би Таны хайрыг эдэлсэн ба өнөөдөр би Танаас хол байж чадахгүй; би Таныг хайрлахгүй байж яахан чадах билээ? Таны хайраас болж би уй гашуугийн ихээхэн нулимс урсгасан, гэсэн ч тийм амьдрал нь илүү утга учиртай, мөн намайг илүү их баяжуулж, намайг илүү их өөрчилж чадах ба бүтээлийн эзэмших ёстой үнэнд хүрэх боломжийг надад олгож чадна гэдгийг би үргэлж мэдэрдэг байсан.”

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Петр амьдралдаа Бурханы хүслийг хангаагүй л бол сэтгэл нь тавгүйтдэг байв. Бурханы хүслийг хангаагүй л бол тэр харуусаж, Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахаар чармайж чадах тохиромжтой арга замыг эрж хайдаг байлаа. Өөрийнхөө амьдралын хамгийн бага, хамгийн ялихгүй талуудад хүртэл тэрээр Бурханы хүслийг хангахыг өөрөөсөө шаардсаар байсан юм. Хуучин зан чанарынхаа тухайд бол тэр бүр ч хатуу чанга байж, үнэнд илүү гүнзгий орохын тулд өөртөө тавьсан шаардлагадаа бүр ч нарийн чанд хандаж байлаа… Бурханд итгэх итгэлдээ Петр бүх зүйл дээр Бурханыг хангалуун байлгахаар эрж хайсан ба Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай хандахаар хичээсэн. Тэрээр өчүүхэн төдий ч гомдолгүйгээр гэсгээлт, шүүлт, түүнчлэн цэвэршүүлэлт, гай зовлон, амьдралынхаа гачигдлыг хүлээн зөвшөөрч чадсан бөгөөд эдгээрийн юу ч Бурханыг гэх хайрыг нь өөрчилж чадаагүй. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр байсан бус уу? Бурханы бүтээлийн үүргийг биелүүлсэн бус уу? Гэсгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч чи үргэлж үхэх хүртлээ дуулгавартай байж чадах бөгөөд энэ нь Бурханы бүтээлийн хүрэх ёстой зүйл, мөн Бурханыг гэх хайрын цэвэр ариун байдал юм. Хэрвээ хүн ийм түвшинд хүрч чадах юм бол Бурханы бүтээл байхад тохирох бөгөөд Бүтээгчийн хүслийг үүнээс илүү хангалуун байлгах юу ч үгүй. Чи Бурханы төлөө ажиллаж чаддаг гэж төсөөл, гэхдээ чи Бурханд дуулгавартай ханддаггүй ба Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Ийм маягаар чи Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхгүйгээр үл барам Бурханаар яллагдана, учир нь чи үнэнийг эзэмшдэггүй, Бурханд дуулгавартай байх чадваргүй, Бурханд дуулгаваргүй хүн юм. Чи Бурханы төлөө ажиллах талаар л анхаардаг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх, эсвэл өөрийгөө мэдэх талаар анхаардаггүй. Бүтээгчийг ойлгодоггүй, мэддэггүй бөгөөд Бүтээгчид дуулгавартай байдаггүй, мөн Түүнийг хайрладаггүй. Чи бол төрөлхийн Бурханд дуулгаваргүй хүн, иймээс тийм хүмүүсийг Бүтээгч хайрладаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас эш татав

Есүсийг дагах хугацаанд Петрт Есүсийн талаар олон санаа бодол төрсөн бөгөөд Түүнийг үргэлж өөрийн өнцгөөс шүүдэг байв. Петр Сүнсний талаар тодорхой түвшний ойлголттой байсан хэдий ч түүний ойлголт зарим талаар тодорхой бус байсан тул тэрээр: “Би тэнгэрлэг Эцэгийн илгээсэн хүнийг дагах ёстой. Ариун Сүнсний сонгосон нэгнийг би хүлээн зөвшөөрөх ёстой” гэж хэлсэн юм. Тэрээр Есүсийн хийсэн зүйлсийг ойлгоогүй, тэдгээрийг тодорхой мэдээгүй. Есүсийг хэсэг хугацаанд дагасныхаа дараа тэр Есүсийн хэлсэн, хийсэн зүйлийг болон Есүсийг Өөрийг нь сонирхож эхэлсэн. Есүс хайр, хүндэтгэлийн аль алиныг төрүүлж буйг тэр мэдэрсэн; тэр Түүнтэй холбогдож, Түүний дэргэд байх дуртай байсан бөгөөд Есүсийн үгийг сонсох нь түүнд хангалт, тусламж үзүүлсэн юм. Есүсийг дагасан хугацаандаа Петр, Түүний амьдралын бүх зүйлийг буюу үйлдэл, үг, хөдөлгөөн, илэрхийллийг нь ажиглаж, үнэн сэтгэлээсээ авч үзсэн. Тэгээд Есүс бол эгэл хүмүүстэй адилгүй гэх гүн гүнзгий ойлголтыг олж авчээ. Хэдийгээр Есүсийн гадаад төрх дэндүү хэвийн байсан ч Тэрээр хүнийг гэх хайр, энэрэл, хүлээцтэй байдлаар дүүрэн байсан юм. Түүний хийсэн, эсвэл хэлсэн бүхэн нь бусдад асар их тус дэм болсон бөгөөд Петр өмнө нь хэзээ ч хараагүй, өөрт нь ч бас байгаагүй зүйлсийг Есүсээс харж, олж авсан. Хэдийгээр Есүст асар том бие бялдар ч, ер бусын хүн чанар ч байхгүй боловч Түүнд үнэхээр хосгүй, эгэл бус байдал байдаг гэж Петр харсан юм. Петр үүнийг бүрэн тайлбарлаж чадахгүй байсан хэдий ч Есүс өрөөл бусдаас өөрөөр үйлддэгийг харсан, учир нь Түүний хийсэн зүйлс хэвийн хүмүүсийн хийдгээс тун өөр байсан билээ. Есүстэй харилцсан цагаасаа хойш Петр, Түүний зан араншин жирийн хүнийхээс өөр гэдгийг бас харжээ. Есүс үргэлж тууштай үйлддэг, хэзээ ч яардаггүй, аливааг хэзээ ч дэгсдүүлдэггүй, эсвэл дарж хэлдэггүй, харин хэвийн агаад биширмээр зан араншинг харуулан амьдардаг байлаа. Ярихдаа Есүс илэн далангүй, нигүүлсэнгүй ярьж, үргэлж хөгжилтэй атлаа амарлингуй байдлаар ярилцдаг байсан ч Өөрийнхөө ажлыг гүйцэтгэхдээ эрхэм чанараа хэзээ ч алдаагүй юм. Есүс заримдаа үг дуу цөөтэй байх мөртөө бусад үед зогсоо чөлөөгүй ярьж байхыг Петр харсан. Заримдаа Тэр маш их баярласандаа наадан тоглож, дэвэн дэгдэх тагтаа мэт харагддаг байсан ч зарим үед маш их гунигласандаа юу ч ярилгүй, орь гунигт автан, хал үзэж, хашир суусан эх хүн шиг байдаг байв. Заримдаа Тэр дайснаа устгахаар давшиж буй баатарлаг цэрэг шиг уур хилэнгээр дүүрэн байдаг ба заримдаа бүр архирч буй арслантай төстэй байдаг байлаа. Заримдаа Тэр баярлан инээж, бусад үед нь залбирч, уйлж байв. Есүс хэрхэн авирлаж байснаас үл хамааран, Петр Түүнийг хязгааргүй хайрлаж, хүндлэх болжээ. Есүсийн инээд түүнийг аз жаргалаар бялхуулж, Есүсийн уй гашуу түүнийг уйтгар гунигт автуулж, уур хилэн нь түүнийг айлгаж, харин өршөөл, уучлал, хүмүүст тавьдаг хатуу чанд шаардлага нь түүнийг Есүст үнэхээр хайртай болгож, Түүнийг үнэхээр хүндэлж, хүсэн тэмүүлэх эрмэлзлийг нь бий болгожээ. Мэдээж, Петр хэдэн жилийн турш Есүсийн хажууд амьдарч байхдаа энэ бүхнийг аажмаар ухаарч эхэлсэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай”-аас эш татав

Петр юунд хамгийн их харамсаж байсан бэ? Петрийг “Та бол амьд Бурханы Хүү” гэж хэлсний дараахан Есүс Петрээс өөр нэг асуулт асуусан (гэхдээ үүнийг Библид ийм маягаар тэмдэглээгүй байдаг). Есүс: “Петр ээ! Чи Намайг ер нь хайрлаж байсан уу?” гэж түүнээс асуусан юм. Түүний хэлж байгааг Петр ойлгоод: “Эзэн минь! Би нэгэнтээ тэнгэр дэх Эцэгийг хайрлаж байсан боловч Таныг хэзээ ч хайрлаж байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэжээ. Тэгэхэд Есүс: “Хэрвээ хүмүүс тэнгэр дэх Эцэгийг хайрладаггүй бол газар дээрх Хүүг хайрлаж яахан чадах билээ? Хэрвээ хүмүүс Эцэг Бурханы илгээсэн Хүүг хайрладаггүй бол яаж тэнгэр дэх Эцэгийг хайрлаж чадах билээ? Хэрвээ хүмүүс газар дээрх Хүүг үнэхээр хайрладаг бол тэнгэр дэх Эцэгийг ч үнэхээр хайрладаг” гэв. Петр энэ үгийг сонсоод, дутагдлаа ухаарчээ. Тэрээр “Би тэнгэр дэх Эцэгийг нэгэнтээ хайрласан боловч Таныг хэзээ ч хайрлаагүй” хэмээх үгээсээ болж нулимс урсгах хэмжээнд үргэлж харуусдаг байлаа. Есүсийг дахин амилж, дээш өргөгдсөний дараа тэрээр энэ үгэндээ бүр ч их харуусаж, гашууджээ. Урьдын ажил болон одоогийн биеийн хэмжээгээ эргээд бодохоороо тэр үргэлж Есүсийн өмнө очин залбирч, Бурханы хүслийг хангалуун байлгаагүй, мөн Бурханы стандартад нийцэхгүй байгаадаа үргэлж харамсан, өртэй санагддаг байлаа. Эдгээр асуудал нь түүний хамгийн том ачаа болсон билээ. Тэрээр: “Нэг л өдөр би Танд өөрт байгаа бүхнийг болон өөрийгөө бүхэлд нь зориулна, би Танд хамгийн үнэ цэнтэй болгоныг өгнө” гэсэн. Тэрээр: “Бурхан минь! Надад нэг л итгэл, нэг л хайр бий. Амь минь ямар ч үнэ цэнгүй, бас бие минь ч үнэ цэнгүй. Надад нэг л итгэл, нэг л хайр бий. Оюун ухаанд минь Танд итгэх итгэл, зүрх сэтгэлд минь Таныг хайрлах хайр байдаг; Танд миний өгч чадах зүйл өөр юу ч биш, энэ хоёр л байна” гэжээ. Петр Есүсийн үгээр асар их зоригжсон, учир нь цовдлогдохоосоо өмнө Есүс түүнд: “Би энэ дэлхийнх биш, чи ч бас энэ дэлхийнх биш” гэсэн. Дараа нь Петрийг асар их өвдөх үед Есүс түүнд: “Петр ээ, чи мартчихав уу? Би дэлхийнх биш, Өөрийнхөө ажлын төлөө л Би арай эрт явж одсон. Чи ч бас дэлхийнх биш, чи үнэхээр мартчихаа юу? Би чамд хоёр удаа хэлсэн, санахгүй байна уу?” хэмээн сануулсан юм. Үүнийг сонсоод Петр: “Би мартаагүй!” гэв. Тэгэхэд Есүс ингэж хэлсэн: “Чи нэгэнтээ тэнгэрт Надтай хамт аз жаргалтай байж, хэсэг хугацааг Миний хажууд өнгөрүүлсэн. Чи Намайг санаж, Би чамайг санадаг. Хэдийгээр Миний нүдээр бол бүтээлүүдийг дурдахын ч хэрэггүй боловч гэм зэмгүй агаад хайр татам нэгнийг Би яаж хайрлахгүй байж чадах юм бэ? Чи Миний амлалтыг мартчихаа юу? Чи газар дээрх Миний даалгаврыг хүлээн зөвшөөрөх ёстой; Миний даалгасан үүргийг биелүүлэх ёстой. Нэг л өдөр Би чамайг заавал хажуудаа аваачна.” Үүнийг сонсоод Петр улам их зоригжиж, бүр ч их урам зориг авсан болохоор загалмай дээр байхдаа тэр: “Бурхан минь! Би Таныг хангалттай хайрлаж чадахгүй! Та надаас үхэхийг гуйсан ч гэсэн би Таныг бас л хангалттай хайрлаж чадахгүй! Та сүнсийг минь хааш нь ч илгээсэн, Өөрийнхөө урьдын амлалтыг биелүүлэх ч бай, үгүй ч бай, дараа нь Та юу ч хийсэн бай, би Таныг хайрлаж, Танд итгэдэг” гэж хэлж чадсан юм. Тэрээр өөрийн итгэл, жинхэнэ хайрыг баримталж байлаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай”-аас эш татав

Петр олон жилийн турш Надад үнэнч байсан мөртөө хэзээ ч үглэж гоншигноогүй, гомдоллоогүй; Иов хүртэл түүнтэй эн зэрэгцэж чадаагүй бөгөөд эрин үеүдийн туршид ариун хүмүүс ч бүгдээрээ Петрээс хамаагүй дор байсан. Тэр Намайг мэдэхээр эрэлхийлээд зогсоогүй, мөн Сатаныг зальхай явуулгаа хэрэгжүүлж байх үеэр Намайг мэдэж авсан юм. Энэ нь Петрийг Надад олон жил үйлчилж, үргэлж Миний хүсэлтэй нийцэхэд хүргэсэн ба иймээс тэр хэзээ ч Сатанд ашиглуулж байгаагүй. Петр Иовын итгэлээс сургамж авсан атлаа Иовын дутагдлыг ч бас тодорхой ойлгож байв. Хэдийгээр Иов агуу итгэлтэй байсан ч түүнд сүнсний ертөнц дэх хэрэг явдлын талаарх мэдлэг дутмаг байсан тул тэр бодит байдалтай зохицоогүй олон үг хэлсэн; Иовын мэдлэг өнгөц байсан бөгөөд төгс болж чадахгүй байсан гэдгийг энэ нь харуулдаг. Тиймээс Петр сүнсний мэдрэмжийг олж авахад үргэлж төвлөрч, сүнсний ертөнцийн хөдөлгөөнийг ажиглахад анхаарлаа үргэлж хандуулдаг байжээ. Үүний үр дүнд, тэр Миний хүслээс ямар нэг зүйл олж мэдэж чадсанаар үл барам, бас Сатаны зальхай явуулгаас жаахан ойлгосон. Үүнээс үүдэн Миний талаарх түүний мэдлэг эрин үеүдийн туршид байсан өөр хэнийхээс ч илүү их байлаа.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “8-р бүлэг”-ээс эш татав

Амьдралдаа Петр олон зуун удаа цэвэршүүлэлт туулж, олон хүнд сорилтыг амссан. Энэхүү цэвэршүүлэлт Бурханыг хайрлах дээдийн дээд хайрынх нь суурь, бүхий л амьдралынх нь хамгийн чухал туршлага болсон юм. Тэр дээдийн дээд хайраар Бурханыг хайрлаж чадсан нь нэг талаараа Бурханыг хайрлая гэсэн шийдвэрээс нь болсон; гэхдээ үүнээс ч илүүтэйгээр түүний туулсан цэвэршүүлэлт болон зовлонгоос болсон юм. Энэ зовлон нь Бурханыг хайрлах замд түүний хөтөч болж, хамгийн дурсамжтай зүйл нь болсон билээ. Хэрвээ хүмүүс Бурханыг хайрлахдаа цэвэршүүлэлтийн шаналлыг амсахгүй бол хайр нь өө сэвээр дүүрэн, өөрийн дураар хайраа сонгодог; иймэрхүү хайр Сатаны санаагаар дүүрэн байдаг бөгөөд Бурханы хүслийг хангаж огт чаддаггүй. Бурханыг хайрлая гэж шийдэх нь Бурханыг үнэхээр хайрлахтай адилгүй. Сэтгэл дотроо тэд Бурханыг хайрлаж, Бурханыг хангалуун байлгахыг л бодож, бодол санаа нь хүний ямар ч санааг агуулаагүй мэт, бүхэлдээ Бурханы төлөө байдаг мэт боловч бодол санааг нь Бурханы өмнө аваачихад Бурхан сайшааж ерөөдөггүй. Хүмүүс бүх үнэнийг бүрэн ойлгож, бүгдийг нь мэдэж авсан үед ч гэсэн үүнийг Бурханыг хайрлаж буйн шинж, энэ хүмүүс Бурханыг үнэхээр хайрладаг гэж хэлж болохгүй. Хүмүүс олон үнэнийг ойлголоо ч гэсэн цэвэршүүлэлтийг туулахгүйгээр эдгээр үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг; цэвэршүүлэлтийн үеэр л хүмүүс эдгээр үнэний бодит утга учрыг ойлгож, тэр үед л эдгээрийн дотоод утга учрыг жинхэнээсээ үнэлж чаддаг. Тэр үед дахин оролдох үедээ тэд үнэнийг зүй зохистойгоор, Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлж чаддаг; тэр үед хүний санаа бодол нь цөөрч, завхрал нь багасаж, сэтгэл хөдлөл нь багасдаг; тэр үед л хэрэгжүүлэлт нь Бурханыг хайрлах хайрын жинхэнэ илэрхийлэл байдаг. Зүгээр нэг амаараа хүлээн зөвшөөрч, оюун санаагаараа хүссэнээр Бурханыг хайрлах үнэний үр дүнд хүрдэггүй, мөн тэр үнэнийг зүгээр нэг ойлгосноор ч хүрч чадахгүй. Хүмүүс төлөөс төлж, цэвэршүүлэлтийн үеэр илүү их гашуун зовлон амсах шаардлагатай бөгөөд тэгсэн цагт л хайр нь ариун болж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу болдог. Өөрийг нь хайрлахыг хүнээс шаардахдаа Бурхан хүсэл тэмүүлэл юм уу хүслээ ашиглан Өөрийг нь хайрлахыг хүнээс шаарддаггүй; Түүнд үйлчлэхийн тулд үнэнийг ашиглаж, үнэнч байснаар л хүн Түүнийг үнэхээр хайрлаж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна”-аас эш татав

Петрийн эрж хайсан бүхэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байв. Тэр Бурханы хүслийг хангахаар эрэлхийлсэн ба зовлон зүдүүр, гай тотгорыг үл хайхран Бурханы хүслийг хангахад бэлэн байлаа. Бурханд итгэгчийн хувьд үүнээс илүү сайн эрэл хайгуул гэж үгүй. Паулын эрж хайсан зүйл өөрийнх нь махан бие, үзэл, төлөвлөгөө, арга ухаантай холилдсон. Тэр яавч шаардлага хангасан Бурханы бүтээл байгаагүй, Бурханы хүслийг хангахаар эрэлхийлсэн хүн ч байгаагүй. Петр Бурханы зохион байгуулалтад захирагдахаар хичээсэн ба хэдийгээр хийсэн ажил нь их биш байсан ч түүний эрэл хайгуулын ар дахь сэдэл болон алхсан зам зөв байсан; хэдий тэр олон хүнийг олж авч чадаагүй ч үнэний замыг эрэлхийлж чадсан юм. Үүнээс үүдэн, тэр бол шаардлага хангасан Бурханы бүтээл байсан гэж хэлж болно. Өнөөдөр чи ажилчин биш байлаа ч гэсэн, Бурханы бүтээлийн үүргийг биелүүлж, Бурханы бүх зохион байгуулалтад захирагдахаар эрэлхийлж чаддаг байх ёстой. Чи Бурханы хэлсэн бүхэнд дуулгавартай байж, бүх төрлийн гай зовлон, цэвэршүүлэлтийг туулж чаддаг байх ёстой ба сул дорой хэдий ч зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлаж чаддаг байх ёстой. Өөрсдийн амийн төлөө хариуцлага үүрдэг хүмүүс Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэхэд бэлэн байдаг ба тийм хүмүүсийн эрэл хайгуулд хандах үзэл бодол зөв байдаг. Эдгээр нь Бурханд хэрэгтэй хүмүүс юм. Хэрвээ чи их ажил хийж, бусад хүмүүс чамаас юм сурч авсан боловч чи өөрөө өөрчлөгдөөгүй, ямар ч гэрчлэл хийгээгүй, эсвэл ямар нэг жинхэнэ туршлагатай болоогүй, тийм болохоор амьдралынхаа эцэст ч гэсэн чиний хийсэн юу ч гэрчлэл хийгээгүй бол чи өөрчлөгдсөн хүн мөн үү? Чи үнэнийг эрж хайдаг хүн мөн үү? Тухайн үед Ариун Сүнс чамайг ашигласан ч чамайг ашиглах үедээ ажилд ашиглаж болох хэсгийг чинь л ашигласан бөгөөд ашиглагдаж болохгүй хэсгийг чинь Тэр ашиглаагүй. Хэрвээ чи өөрчлөгдөхөөр эрж хайсан бол ашиглагдах явцдаа аажмаар төгс болгуулах байсан. Гэсэн ч эцэстээ авхуулж чадах эсэхэд чинь Ариун Сүнс ямар ч хариуцлага хүлээдэггүй бөгөөд энэ нь эрэл хайгуулын чинь байдлаас хамаардаг. Чиний хувийн зан чанарт ямар ч өөрчлөлт байхгүй бол эрэл хайгуулд хандах үзэл бодол чинь буруугаас энэ нь болдог. Хэрвээ чи ямар ч шагнал хүртээгүй бол тэр нь өөрийн чинь асуудал бөгөөд чи өөрөө үнэнийг хэрэгжүүлээгүй, Бурханы хүслийг биелүүлж чаддаггүйгээс болдог. Иймээс чиний хувийн туршлагаас илүү чухал зүйл гэж юу ч үгүй, хувийн оролтоос чинь илүү шийдвэрлэх зүйл гэж юу ч үгүй! Зарим хүн эцэст нь, “Би Таны төлөө маш их ажил хийсэн, хэдийгээр биширмээр амжилт гаргаагүй байж болох ч би хичээнгүйлэн чармайсаар ирсэн. Та намайг зүгээр л тэнгэр лүү аваачиж, амийн жимс идүүлж болохгүй гэж үү?” хэмээн хэлнэ. Би ямар хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч эцэст нь өрөвдмөөр бузар хэвээр байвал Миний хаанчлалд орохыг хүсэх чинь Тэнгэрийн хуулиар тэвчишгүй юм! Дэлхий ертөнц бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Надад ая тал зассан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгож байгаагүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй! Чи амийг эрж хайх ёстой. Өнөөдөр, төгс болгуулах хүмүүс Петртэй адил төрлийнх юм: Тэд бол зан чанараа өөрчлөхөөр эрж хайдаг хүмүүс бөгөөд Бурханд гэрчлэл хийж, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг хүмүүс юм. Тийм хүмүүс л төгс болгуулна. Хэрвээ чи зөвхөн шагнал горилоод, амь зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлдэггүй бол бүх хичээл чармайлт чинь талаар өнгөрнө—энэ бол өөрчлөгдөшгүй үнэн юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас эш татав

Өмнөх: 38. Итгэлийн замаа сонгох зарчмууд

Дараах: 40. Бурханы авралыг хүртэх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх