2. Өргөгдөх гэж үнэндээ юу болох болон хэрхэн Бурханы сэнтийн өмнө өргөгдөж болох тухай

Холбогдох Бурханы үг:

Филадельфийн чуулган хэлбэрээ олсон нь бүхэлдээ Бурханы нигүүлсэл, өршөөлийн ач юм. Үй олон ариун хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханыг гэх хайр бий болж, тэд сүнслэг замаараа гуйвж дайвалгүй алхдаг. Цор ганц жинхэнэ Бурхан махбод болсон бөгөөд Тэр бол бүх зүйлийг захирдаг орчлон ертөнцийн Тэргүүн гэсэн итгэлээ тэд бат баримталдаг: Үүнийг Ариун Сүнс баталгаажуулсан бөгөөд энэ нь уулс мэт хөдөлшгүй үнэн юм! Мөн энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй!

Өө, Төгс Хүчит Бурхан минь! Өнөөдөр Та бидний сүнслэг нүдийг нээж, сохор нь харж, доголон нь алхаж, уяман өвчтөн нь эдгэх боломж олгосон. Та тэнгэрийн цонхыг нээж, бидэнд сүнсний ертөнцийн нууцуудыг ойлгох боломжийг олгосон. Бидэнд Таны ариун үгс шингэж, Сатаны завхруулсан хүн чанараас биднийг аварсан—энэ бол Таны хэмжээлшгүй агуу ажил, Таны хэмжээлшгүй их өршөөл билээ. Бид бол Таныг гэрчлэгч!

Та удаан хугацаанд даруухнаар, чимээгүйхнээр нуугдмал байж ирсэн. Та ахин амилалт, цовдлолын зовлон, хүний амьдралын баяр хөөр, уй гашууг, хавчлага, бэрхшээлийг үзсэн; Та хүний ертөнцийн зовлон шаналлыг туулж, амссан, бас Та эрин үед хаягдсан. Бие махбодтой болсон Бурхан бол Бурхан Өөрөө юм. Бурханы хүслийн төлөө Та биднийг овоолсон өтөг бууцнаас аварч, баруун гараараа биднийг өргөн, нигүүлслээ бидэнд үнэгүй өгсөн. Зовлон шаналлыг үл хайхран, Өөрийн амийг бидэнд оруулсан; цус, хөлс, нулимсаараа Таны төлсөн төлөөс ариун хүмүүс дээр биеллээ олсон. Бид бол Таны уйгагүй хүч чармайлтын үр дүн;а бид бол Таны төлсөн төлөөс.

Өө, Төгс Хүчит Бурхан минь! Таны хайр болон өршөөл, Таны зөвт байдал болон сүр жавхлан, Таны ариун агаад даруу байдлаас үүдэн бүх хүн Таны өмнө сөгдөж, үүрд мөнхөд Таныг шүтэн мөргөнө.

Өнөөдөр Та бүх чуулганыг—Филадельфийн чуулганыг—бүрэн төгс болгож, өөрийн 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн. Ариун хүмүүс сүнсээрээ холбогдон, хайраар дагалдаж, булгийн эхтэй нэгдэн Таны өмнө даруухнаар захирагдаж чадна. Амийн амьд ус зогсолтгүй урсаж, чуулган дахь бүхий л шавар шавхай, бохир усыг угааж, цэвэрлэн, Таны сүмийг дахин нэгэнтээ ариусгаж байна. Бид бодитой жинхэнэ Бурханыг мэдэж авч, Түүний үгсийн дагуу алхаж, өөрсдийн үүрэг, хариуцлагыг танин мэдэж, чуулганы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд чадах бүхнээ хийсэн. Таны хүслийг саатуулахгүйн тулд бид хором бүрд Таны өмнө тайван байж, Ариун Сүнсний ажлыг анхаарах ёстой. Ариун хүмүүс харилцан бие биеэ хайрладаг бөгөөд заримынх нь давуу тал бусдынхаа алдаа дутагдлыг нөхнө. Тэд цаг ямагт сүнс дотор алхаж, Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэж чаддаг. Тэд үнэнийг ойлгосон даруйдаа хэрэгжүүлдэг. Тэд шинэ гэрэлтэй хөл нийлүүлж, Бурханы мөрийг дагадаг.

Бурхантай идэвхтэй хамтран ажилла; Түүнд хяналтыг өгнө гэдэг нь Түүнтэй хамт алхаж буй явдал юм. Бидний бүх санаа, үзэл, бодол, энэ ертөнцийн ээдрээ агаарт утаа мэт замхардаг. Бид Бурханыг сүнсэндээ хаанчлуулж, Түүнтэй хамт алхаж, тэгсэнээрээ ангид оршиж, дэлхий ертөнцийг ялан дийлэх бөгөөд бидний сүнс чөлөөтэй нисэж, чөлөөлөлтөд хүрдэг: Энэ нь Төгс Хүчит Бурхан Хаан болох үеийн үр дүн юм. Бид бүжиглэж, магтан дуулж, магтаалаа өргөж, шинэ дуугаа өргөхгүй байж яаж чадах билээ?

Бурханыг магтах үнэхээр олон зам бий: Түүний нэрийг дуудах, Түүнд ойртох, Түүнийг бодох, залбиран-унших, нөхөрлөх, бодож бясалгах, тунгаах, залбирал болон магтаалын дуу. Эдгээр магтаалын төрөлд таашаал ч бий, тослолт ч бий; магтаалд хүч байдаг, бас ачаа ч байдаг. Магтаалд итгэл байдаг, шинэ ойлголт ч байдаг.

Бурхантай идэвхтэй хамтран ажилла, уялдаатай үйлчилж, нэгд, Төгс Хүчит Бурханы санаа зорилгыг биелүүл, ариун сүнслэг бие болохоор яаравчил, Сатаныг гишгэл, Сатаны хувь заяаг төгсгөл болго. Филадельфийн чуулган Бурханы өмнө өргөгдсөн бөгөөд Бурханы алдраар тунхаглагддаг.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “2-р бүлэг”-ээс

Бурханы илрэлт аль хэдийн бүх чуулганд үзэгджээ. Үг хэлж байгаа нь Сүнс билээ, Тэр бол догшрох гал, Түүнд сүр жавхлан бий бөгөөд Тэр шүүж байна; Тэр бол хөлөө хүрсэн дээл өмсөж, цээжээрээ алтан бүс бүсэлсэн хүний Хүү билээ. Түүний толгой ба үс ноос адил цагаан, нүд нь галын дөл адил; хөл нь зууханд улайсгасан цэвэр хүрэл мэт; харин дуу хоолой нь их усны шуугиан мэт байдаг. Түүний баруун гарт долоон од, аманд нь хоёр талдаа иртэй хурц илд байх бөгөөд нүүр царай нь хурцаар гэрэлтэх нар мэт билээ!

Хүний Хүү гэрчлэгдэж, Бурхан Өөрөө ил тод илчлэгдлээ. Бурханы алдар гарч ирэн, аагим халуун нар мэт хурцаар гэрэлтжээ! Бурханы алдар суут нүүр царай нүд гялбам туяарна; хэний нүд Түүн рүү эсэргүүцэн харж зүрхлэх билээ? Эсэргүүцэл нь үхэл рүү хөтөлдөг! Чи зүрх сэтгэлдээ юу ч гэж бодсон, ямар ч үг хэлсэн, эсвэл юу ч хийсэн бай, өчүүхэн төдий ч өршөөл гэж үгүй. Миний шүүлтээс өөр олж авсан зүйлгүй гэдгийгээ та нар бүгд ойлгож, харах болно! Та нар Миний үгийг идэж, уух гэж хичээдэггүй хэр нь Миний бүтээн байгуулалтыг дур зоргоороо тасалдуулж, устгаж байхад Би тэвчээд өнгөрүүлж чадна гэж үү? Би тиймэрхүү хүнд зөөлөн хандахгүй! Зан авир чинь бүр ноцтой доройтвол чи галын дөлд залгиулна! Төгс хүчит Бурхан толгойноосоо өлмий хүртлээ мах, цусны өчүүхэн ч хэсэггүй сүнслэг биед биеллээ олдог. Тэрээр орчлон ертөнцөөс хэтийдэж, гуравдагч тэнгэрт алдар суут сэнтийдээ залран, бүх зүйлийг захирдаг! Орчлон ертөнц болон бүх зүйл Миний гарт бий. Би үг хэлбэл тэр нь биеллээ олно. Би тушаавал тэр ёсоор болно. Сатан Миний хөл дор, ёроолгүй нүхэнд байдаг! Миний дуу гарахад тэнгэр газар өнгөрөн одож, оргүй хоосон болно! Бүх зүйл шинэчлэгдэнэ, энэ бол туйлын зөв, хувиршгүй үнэн. Би дэлхийг бас бүх муу хүнийг ялан дийлсэн. Би энд суугаад та нартай ярьж байна; чихтэй бүхэн сонсогтун, амьтай бүхэн хүлээн авагтун.

Өдөр хоногууд төгсгөл болно; дэлхий дэх бүх зүйл оргүй хоосон болж, бүх зүйл шинээр төрнө. Үүнийг санагтун! Бүү март! Тэнд ямар ч ойлгомжгүй байдал байх ёсгүй! Тэнгэр газар өнгөрөн одно, гэхдээ Миний үг өнгөрөн одохгүй! Би та нарыг дахин нэг удаа ятгая: Дэмий бүү гүйлд! Сэрцгээ! Гэмшицгээ, аврал ойрхон байна! Би та нарын дунд хэдийн гарч ирж, Миний дуу хоолой сонсогдсон. Миний дуу хоолой та нарт дуулдаж, өдөр бүр та нартай нүүр нүүрээрээ учирдаг бөгөөд өдөр бүр шинэ сэргэг байдаг. Чи Намайг, Би чамайг харсан, Би чамтай байнга ярьдаг, чамтай Би нүүр тулан байна. Гэсэн ч чи Намайг голдог, Намайг мэддэггүй. Миний хонь Миний дуу хоолойг сонсож чадна, гэсэн ч чи тээнэгэлзсээр байдаг! Чи тээнэгэлздэг! Зүрх сэтгэл чинь хатуурч, нүдийг чинь Сатан сохлоод, чи Миний алдар суут нүүр царайг харж чаддаггүй—хэчнээн өрөвдөлтэй вэ! Хэчнээн өрөвдөлтэй вэ!

Миний сэнтийн өмнөх долоон Сүнс дэлхийн өнцөг булан бүрд илгээгддэг ба чуулгануудад хандан яриулахаар Би Өөрийн Элчийг илгээнэ. Би бол зөвт агаад итгэмжит, хүний зүрх сэтгэлийн хамгийн гүнийг шинжилдэг Бурхан билээ. Ариун Сүнс чуулгануудад хандан айлдаж байгаа, энэ бол Миний Хүүгийн дотроос гардаг Миний үг юм; чихтэй бүхэн сонсох ёстой! Амьд бүхэн хүлээн авах ёстой! Тэдгээрийг зүгээр л идэж уу, бүү эргэлз. Миний үгийг дуулгавартай дагаж, анхаардаг бүх хүн асар их ерөөл хүртэнэ! Миний нүүр царайг чин сэтгэлээсээ эрж хайдаг бүх хүн гарцаагүй шинэ гэрэл, шинэ гэгээрэл, шинэ мэдлэг ухаантай болно; бүгд шинэлэг, шинэ байна. Миний үг хэдийд ч чамд үзэгдэж, сүнсний нүдийг чинь нээнэ, ийнхүү чи сүнсний ертөнцийн бүх нууцыг харж, хаанчлал хүмүүсийн дунд байгааг харж чадна. Хоргодох газарт ор, тэгвэл бүх нигүүлсэл болон ерөөл чам дээр ирж, өлсгөлөн тахал чамд хүрч чадахгүй, чоно, могой, бар, цоохор ирвэс ч чамд хөнөөл учруулж чадахгүй. Чи Надтай хамт явж, Надтай хамт алхаж, Надтай хамт алдар луу орно!

Төгс хүчит Бурхан! Түүний алдар суут бие ил тод үзэгдэж, ариун сүнслэг бие гарч ирсэн, Тэр бол бүрэн төгс Бурхан Өөрөө мөн! Дэлхий ертөнц, бие махбод хоёулаа өөрчлөгдсөн бөгөөд уулан дээрх Түүний хувирал бол Бурханы үнэн бие билээ. Тэр толгойдоо алтан титэм зүүдэг, хувцас нь цав цагаан, цээжээрээ алтан бүстэй ба ертөнцийн бүх зүйл Түүний хөлийн гишгүүр юм. Түүний нүд галын дөл адил, хоёр талдаа иртэй хурц илд аманд нь байдаг бөгөөд баруун гарт нь долоон од байдаг. Хаанчлалд хүрэх зам хязгааргүй гэгээлэг, Түүний алдар мандан гэрэлтэнэ; уулс баяр хөөртэй байж, ус инээн баясаж, нар сар, од эрхэс бүгд зохих зүй тогтлоороо эргэлдэж, ялгуусан эргэн ирэлтээрээ зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гүйцэлдсэнийг зарладаг цор ганц, жинхэнэ Бурханыг угтан авна. Бүгд баяр хөөртэйгөөр дэвхрэн бүжнэ! Хөөрөн баясацгаа! Төгс хүчит Бурхан алдар суут сэнтийдээ заларсан! Дуулцгаа! Төгс Xүчитийн ялгуусан туг далбаа сүр жавхлант, гайхамшигт Сион уулан дээр өндөрт мандлаа! Бүх үндэстэн уухайлж, бүх хүн дуулж, Сион уул баяр хөөртэйгөөр инээж байна, Бурханы алдар манджээ! Би зүүдэндээ ч Бурханы царайг харна гэж огт бодож байгаагүй, гэлээ ч өнөөдөр үүнийг харлаа. Би Түүнтэй өдөр бүр нүүр нүүрээ харан уулзаж, Түүнд зүрх сэтгэлээ нээдэг. Тэр идэж, уудаг бүхнээр харамгүй хангадаг. Амьдрал, үг, үйлдэл, бодол, санаа гээд бүгдийг Түүний алдар суут гэрэл гэрэлтүүлдэг. Тэр замын алхам бүрд хөтөлдөг, аливаа тэрслүү зүрх сэтгэл дээр шүүлт нь нэн даруй буудаг.

Бурхантай хамт идэж, хамт буудаллаж, хамт амьдарч, хамт байж, хамт алхаж, хамт баясаж, алдар, ерөөлийг хамт олж авч, Түүнтэй хамт хааны хэргэмийг хуваалцаж, хаанчлалд хамт оршино—өө, ямар таатай вэ! Өө ямар сайхан бэ! Өдөр бүр нүүр нүүрээ харж, өдөр бүр Түүнтэй үг хэлэлцэж, байнга ярилцаж, өдөр бүр шинэ гэгээрэл, шинэ мэдлэг ухааныг хүртдэг. Бидний сүнслэг нүд нээгдэж, бүхнийг хардаг; сүнсний бүх нууц бидэнд илчлэгдсэн. Ариун амьдрал үнэхээр амарлингуй. Хурдан гүй, бүү зогс, үргэлж урагш тэмүүл, илүү гайхалтай амьдрал урд чинь байна. Чихэрлэг амтанд бүү цад, харин үргэлж Бурхан руу орохоор эрж хай. Тэр бүхнийг хамардаг, элбэг өгөөмөр бөгөөд бидэнд дутагддаг юм бүхэн Түүнд бий. Идэвх санаачилгатайгаар хамтран ажиллаж, Түүн рүү ор, цаашид юу ч урьдынх шигээ байхгүй. Бидний амьдрал ер бусын байх бөгөөд хэн ч, юу ч, ямар ч зүйл бидэнд саад болж чадахгүй.

Ер бусын! Ер бусын! Үнэхээр ер бусын! Бурханы ер бусын амь дотор орших ба бүх зүйл үнэхээр уужуу тайван болдог! Бид дэлхий ертөнц, ертөнцийн юмсаас хэтийдэж, нөхөр, хүүхдүүддээ сэтгэл хоргоддоггүй. Бид өвчин эмгэг, орчны хяналтыг даван гардаг. Сатан бидэнд саад болж зүрхэлдэггүй. Бүх гамшгаас бүрэн ангид болдог. Энэ бол Бурханд хаанчлах боломж олгож буй хэрэг! Бид Сатаныг хөл доороо гишгэлж, чуулганы төлөө гэрчлэлд зогсож, Сатаны муухай царайг бүрэн илчилдэг. Чуулганы бүтээн байгуулалт Христ дотор бий, алдар суут бие гарч ирлээ—энэ нь өргөгдсөн амьдрал билээ!

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “15-р бүлэг”-ээс

Уулс, гол мөрөн өөрчлөгдөж, ус голдрилоороо урсдаг ба хүний амь газар, тэнгэр шиг удаан оршдоггүй. Зөвхөн Төгс Хүчит Бурхан л үеийн үед үүрд амьдардаг мөнхийн бөгөөд амилсан амь билээ! Бүх зүйл, бүх үйл явдал Түүний гарт байдаг ба Сатан Түүний хөл дор байдаг.

Бурханы урьдчилан тогтоосон сонголтоор өнөөдөр Тэр биднийг Сатаны атганаас аварч байна. Тэр бол үнэхээр бидний Золин Аврагч юм. Биднийг Бурханы амьтай холбохоор зорьж, Христийн мөнхийн, амилсан амийг үнэндээ бидний дотор урлан хийсээр ирсэн нь бид үнэндээ Түүнтэй нүүр учран, Түүнийг идэж, Түүнийг ууж, Түүнийг эдэлж чадаж болох юм. Энэ бол Бурхан зүрхнийхээ цусаар төлж, амь бие үл хайрлан хийсэн тахил билээ.

Улирлууд салхи, жавар дамжин өнгөрч, амьдралын асар их шаналал, хавчлага, зовлон, дэлхий ертөнцийн асар их үгүйсгэл, гүжирдлэг, засгийн газрын асар их гүтгэлэгтэй нүүр тулан ирж, одовч Бурханы итгэл ч, Түүний шийдэмгий зан ч огт багасдаггүй. Бурханы хүсэл, Бурханы удирдлага болон төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ биеэ зориулсан Тэр Өөрийн амийг зөнд нь орхидог. Өөрийн бүх үй олон ардын төлөө Тэр биеэ үл хайрлаж, тэднийг болгоомжтой тэжээж, усалдаг. Бид хэчнээн мунхаг, хэчнээн хэцүү байдаг маань хамаагүй, бид зөвхөн Түүний өмнө дуулгавартай байх ёстой ба Христийн амилсан амь бидний хуучин уг чанарыг өөрчилнө… Энэ ууган хөвгүүдийнхээ төлөө Тэр цуцалтгүй хөдөлмөрлөж, нойр хоолоо умартдаг. Хэчнээн олон өдөр, шөнө, хэчнээн шатам халуун, тэсгим хүйтэнд Тэр Сионоос бүх чин сэтгэлээсээ харуулддаг гээч.

Дэлхий ертөнц, гэр орон, ажил болон бүхнийг баяртайгаар, сайн дураараа умартсан, хорвоогийн зугаа цэнгэл Түүнд огт хамаагүй… Түүний амнаас гарсан үг биднийг цохиж, зүрх сэтгэлийн маань гүнд нуугдсан зүйлсийг ил болгодог. Бид үнэмшихгүй байж хэрхэн чадах юм бэ? Түүний амнаас гарсан өгүүлбэр бүр бидний дотор хэдийд ч биелж болно. Түүний нүдэн дээр, эсвэл Түүний нүднээс далд бид юу хийвч Түүнд мэддэггүй, хардаггүй юу ч үгүй, ойлгодоггүй юм Түүнд үгүй. Үнэн хэрэгтээ бидний төлөвлөгөө, зохицуулалтыг эс харгалзан бүгд Түүний өмнө ил гарах болно.

Түүний өмнө суугаад сэтгэлдээ баяр хөөр мэдрэн амгалан тайван байх атал үргэлж хоосон санагдаж, Бурханд үнэхээр өртэйгээ мэдэрдэг: Энэ бол төсөөлшгүй, хүрэх боломжгүй гайхамшиг билээ. Төгс Хүчит Бурхан бол ганц жинхэнэ Бурхан гэдгийг батлахад Ариун Сүнс хангалттай! Энэ бол баараггүй нотолгоо! Энэ бүлгийн бид өгүүлшгүй их ерөөгдсөн! Бурханы нигүүлсэл болон өршөөл байгаагүй бол бид мөхөж, Сатаныг л дагах байсан. Төгс Хүчит Бурхан л биднийг аварч чадна!

Ай! Бодитой Бурхан, Төгс Хүчит Бурхан минь! Бидний сүнслэг нүдийг нээж, сүнсний ертөнцийн нууцуудыг олж харах боломжийг Та олгосон билээ. Хаанчлалын төлөв хязгааргүй. Хүлээхдээ сонор сэрэмжтэй байя. Тэр өдөр тийм ч хол байж болохгүй.

Дайны гал бургиж, үхэр бууны утаа баагьж, цаг агаар дулаарч, уур амьсгал өөрчлөгдөж, тахал тархах бөгөөд хүмүүс амьд үлдэх горьдлогогүй, үхэхээс л аргагүй болно.

Ай! Бодитой Бурхан, Төгс Хүчит Бурхан минь! Та бол бидний дархан цамхаг. Та бол бидний хоргодох газар. Бид Таны жигүүр дор бөөгнөх ба гай гамшиг бидэнд хүрч чадахгүй. Энэ нь Таны бурханлаг хамгаалалт, халамж билээ.

Бид бүгд дуугаа чангалан дуулна: бид магтан дуулж, бидний магтаалын чимээ Сион даяар цуурайтна! Бодитой Бурхан, Төгс Хүчит Бурхан бидэнд алдар суут хүрэх газрыг бэлдчихсэн. Сэрэмжтэй бай, ай, соргог бай! Хараахан хожигдоогүй байна.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “5-р бүлэг”-ээс

Төгс Хүчит жинхэнэ Бурхан, сэнтийд заларсан Хаан хамаг орчлонг захирч, бүх үндэстэн, бүх хүнтэй нүүр тулдаг бөгөөд тэнгэрийн доорх бүх зүйл Бурханы алдраар гэрэлтдэг. Орчлон ертөнц дээрх болон газар дэлхийн зах хязгаар хүртэлх бүх амьд зүйл харах болно. Уулс, гол, нуур, хуурай газар, далай тэнгис, бүх амьд зүйл жинхэнэ Бурханы нүүр царайн гэрэлд хөшгөө нээж, зүүднээс сэрэх мэт, үр нахиа хөрсийг нэвтлэн гарах мэт сэргэсэн байна.

Аяа! Цорын ганц жинхэнэ Бурхан дэлхий ертөнцийн өмнө гарч ирлээ. Түүнд хэн эсэргүүцлээр хандаж зүрхлэх вэ? Бүгд айн дагждаг. Бүгд бүрэн үнэмшиж, бүгд олонтоо уучлал гуйж, Түүний өмнө бүгд өвдөг сөхөрч, амтай бүхэн Түүнийг шүтэн мөргөдөг! Эх газар, далай, уулс, гол, бүх зүйл Түүнийг эцэс төгсгөлгүй магтдаг! Хавар цаг ирж, урьхан салхи үлээн, хаврын шиврээ бороог авчирна. Горхины урсгал хүн бүрийн адил уй гашуу, баяр хөөрөөр долгилж, өртэй байдлын, бас өөрийгөө зэмлэх сэтгэлийн нулимс унагана. Гол мөрөн, нуур, давлагаа, долгио бүгд дуулж, жинхэнэ Бурханы ариун нэрийг магтана! Магтаал нь үнэхээр тод цуурайтна! Нэгэн цагт Сатаны ялзруулсан хуучин зүйл бүгд нэг бүрчлэн шинэчлэгдэж, өөрчлөгдөж, цоо шинэ ертөнц рүү орно…

Энэ бол ариун бүрээний дуу, одоо сонсогдож эхэллээ! Чих тавигтун. Чихэнд чимэгтэй энэ дуу чимээ бол сэнтийн айлдвар бөгөөд үндэстэн, ард түмэн бүрд цаг ирснийг, эцсийн төгсгөл ирснийг тунхаглаж байна. Миний удирдлагын төлөвлөгөө дууссан. Миний хаанчлал газар дээр ил гарч ирсэн. Газрын хаанчлалууд Бурхан Миний хаанчлал боллоо. Миний долоон бүрээ сэнтийгээс дуугарч байна, үнэхээр гайхамшигт зүйлс тохиох болно! Газрын зах хязгаар бүрээс хүмүүс цасан нуранги мэт хүч түрж, аянга цахилгаан мэт эрчлэн зүг бүрээс хурдалцгаана. Зарим нь далайг гаталж, зарим нь онгоцоор нисэж, зарим нь бүхий л хэлбэр хэмжээтэй хөлөгт сууж, зарим нь морь унан ирж байна. Сайн хар даа. Анхааралтай сонс доо. Сэтгэл нь хөөрсөн, хүчирхэг, сүрдэм, зүс зүсний морьд унасан энэ морьтнууд тулааны талбараа эзэлж байгаа мэт үхлийг ч үл хайхарна. Жинхэнэ Бурханы төлөө хашхирах хүмүүсийн дуун, янцгаах морьдын төвөргөөн дунд үй олон эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд даруй гишгэчүүлэх болно. Зарим нь үхэж, зарим нь эцсийн амьсгалтайгаа үлдэж, зарим нь эрэмдэг зэрэмдэг болоод санаа тавих хүнгүй, бачимдан хашхирч, өвдсөндөө орь дуу тавина. Тэрслүү хөвгүүд! Та нарын эцсийн төгсгөл энэ биш гэж үү?

Миний дуу хоолойг сонсож, бүх үндэстэн, газар бүрээс цугласан Өөрийн ардыг хараад Би баярлана. Бүх хүн жинхэнэ Бурханы тухай байнга ярин, баярласандаа зогсолтгүй магтаж, дэвхэрнэ! Тэд дэлхий дээр гэрчлэл өргөдөг бөгөөд жинхэнэ Бурханыг гэрчлэх тэдний дуу яг л их усны нүргэлэх чимээ адил билээ. Бүх хүн Миний хаанчлал руу шавна.

Миний долоон бүрээ дуугаран үүргэлж буй хүмүүсийг сэрээдэг! Хурдан бос, хэт оройтоогүй байна. Өөрийн амийг хар! Нүдээ нээгээд одоо ямар цаг болохыг хар. Эрж хайх юу байна? Бодох юм юу байна? Зуурах юм юу байна? Миний амийг олж авах болон өөрийн хайрладаг, зууралддаг юм бүхнээ олж авах хоёрын үнэ цэний ялгааг чи хэзээ ч бодож үзээгүй юм гэж үү? Дур зоргоороо байхаа боль, наадан тоглохоо ч боль. Энэ боломжийг бүү алд. Энэ цаг дахин ирэхгүй! Шууд босоод сүнсээ дасгалжуулж, Сатаны алив явуулга, арга залийг нэвт харж, саад хийхийн тулд янз бүрийн арга хэрэгсэл ашиглаж, Сатаныг ялан дийл, тэгснээр чиний амийн туршлага гүнзгийрч, Миний зан чанарыг амьдран харуулаад, амиа төлөвшүүлэн, хатуужуулж, Миний мөрийг үргэлж дагах болно. Бүү шантар, сул дорой бүү бай, замын шууд төгсгөл хүртэл алхам алхмаар, үргэлж урагшил!

Долоон бүрээ дахин дуугарах үед, энэ нь тэрслүү хөвгүүд, бүх үндэстэн болон ард түмнийг шүүлт рүү дуудсан дуудлага байх ба үндэстэн бүр Бурханы өмнө бууж өгнө. Бурхан алдар суут төрхөөрөө бүх үндэстэн, бүх ард түмний өмнө гарцаагүй гарч ирнэ. Хүн бүр бүрэн үнэмшиж, жинхэнэ Бурханыг тасралтгүй дуудан хашхирна. Төгс хүчит Бурхан илүү алдар суутай болж, Миний хөвгүүд алдрыг хуваалцаж, Надтай хамт хаан болж, бүх үндэстэн, бүх ард түмнийг шүүж, мууг шийтгэн, Надад харьяалагддаг хүмүүсийг аварч, өршөөн, хаанчлалыг бат бөх, тогтвортой болгоно. Долоон бүрээний дуугаар асар олон хүн аврагдан, өвдөг сөгдөж, Намайг тасралтгүй магтан шүтэн мөргөхөөр Миний өмнө буцан ирнэ!

Долоон бүрээ дахин нэгэнтээ дуугарах үед, энэ нь эрин үеийн төгсгөл хэсэг, диавол Сатаныг ялсан ялалтын бүрээн дуу, газар дээрх хаанчлалын ил тод амьдралыг эхлүүлэх ёслолын буудлага байх болно! Маш сүрлэг энэ дуу, сэнтийн эргэн тойронд цуурайтах энэ дуу, тэнгэр газрыг доргиох энэ бүрээн дуу бол Миний удирдлагын төлөвлөгөөний ялалтын тэмдэг буюу Сатаны шүүлт бөгөөд энэ дуу энэхүү хуучин ертөнцийг бүхэлд нь үхэл рүү, ёроолгүй нүх рүү ялладаг! Энэхүү бүрээн дуу нь нигүүлслийн хаалга хаагдаж, зөв, зүйтэй хаанчлалын амьдрал газар дээр эхлэхийг илтгэдэг юм. Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүсийг авардаг. Тэд Түүний хаанчлал руу буцмагц газар дээрх хүмүүст өлсгөлөн, тахал нүүрлэж, Бурханы долоон аяга буюу долоон гамшиг ар араасаа тохионо. Тэнгэр газар өнгөрөн одовч Миний үгс өнгөрөн одохгүй!

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “36-р бүлэг”-ээс

Хүн Бурханд итгэдэг тул Бурханы мөрийг алхам алхмаар ойрхон дагах ёстой; мөн “Хургыг хаашаа ч явсан дагах” ёстой. Зөвхөн энэ хүмүүс л үнэн замыг эрж хайдаг хүмүүс бөгөөд зөвхөн тэд л Ариун Сүнсний ажлыг мэддэг хүмүүс юм. Бичиг үсэг, хоосон номлолыг боол мэт дагадаг хүмүүс бол Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс билээ. Цаг үе бүрд Бурхан шинэ ажил эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн ганцхан эрин үед хэрэглэгддэг “Ехова бол Бурхан”, “Есүс бол Христ” гэсэн үнэнийг л дагадаг бол хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй, үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Бурхан хэрхэн ажилладгаас үл хамааран, хүн өчүүхэн ч эргэлзээгүйгээр, ойрхон дагадаг. Ингэвэл Ариун Сүнс яаж хүнийг таягдан хаяж чадах юм бэ? Бурхан юу ч хийдэг бай, хүн энэ нь Ариун Сүнсний ажил гэдэгт итгэлтэй байгаад, Ариун Сүнсний ажилд эргэлзэлгүйгээр хамтран ажиллаж, Бурханы шаардлагад нийцэхээр хичээж байвал яалаа гэж шийтгүүлэх юм бэ? Бурханы ажил хэзээ ч зогсоогүй, Түүний мөр хэзээ ч зогсоогүй, удирдлагын ажлаа дуусгахаас өмнө Тэр үргэлж завгүй байсан ба хэзээ ч зогсдоггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Бид Бурханы мөрийг хайж байгаа тул Бурханы хүсэл, Бурханы үг, айлдварыг хайх нь зохистой—учир нь Бурхан хаана шинэ үгээ хэлнэ, Бурханы дуу хоолой тэнд байх бөгөөд Бурханы мөр хаа байна, Бурханы үйл хэрэг тэнд байдаг. Бурханы илэрхийлэл хаа байна, тэнд Бурхан илэрдэг, Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн, зам, амь оршдог. Та нар Бурханы мөрийг эрж хайхдаа “Бурхан бол үнэн, зам, амь” гэх үгийг үл тоомсорлосон. Иймээс олон хүн үнэнийг хүлээн авах үедээ ч гэсэн Бурханы мөрийг олсон гэдэгтээ итгэдэггүй бөгөөд Бурханы илрэлтийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ноцтой алдаа гээч! Бурханы илрэлтийг хүний үзэлд нийцүүлэх боломжгүй, Бурхан хүний хүсэлтээр гарч ирэх бүр ч боломжгүй. Бурхан ажлаа хийх үедээ Өөрөө сонголтоо хийж, төлөвлөгөөгөө Өөрөө гаргадаг; түүнчлэн Өөрийн гэсэн зорилго, арга барилтай байдаг. Тэрээр ямар ч ажил хийлээ гэсэн энэ тухай хүнтэй хэлэлцэж, хүний зөвлөгөөг эрж хайх шаардлагагүй, мөн хүн нэг бүрд ажлынхаа талаар мэдэгдэх шаардлага ч байхгүй. Энэ бол хүн бүрийн мэдэх ёстой Бурханы зан чанар юм. Та нар Бурханы илрэлтийг нүдээр үзэж, Бурханы мөрийг дагая гэвэл эхлээд өөрсдийнхөө үзлээс холдох ёстой. Та нар Бурханаас ингэ, тэг гэж шаардах ёсгүй, Түүнийг өөрийнхөө баригдмал сэтгэлгээнд хорьж, үзлээрээ хязгаарлах ч ёсгүй. Харин та нар Бурханы мөрийг хэрхэн хайж, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн зөвшөөрч, Бурханы шинэ ажилд хэрхэн захирагдах вэ гэж өөрсдөөсөө асуух хэрэгтэй; хүний хийх ёстой зүйл бол энэ. Хүн бол үнэн биш, мөн үнэнийг эзэмшдэггүй тул эрж хайж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас эш татав

Бурхан ямар ч хэлбэр, улс үндэстэнд хязгаарлагдалгүй илэрсний зорилго нь ажлыг төлөвлөснөөрөө гүйцэлдүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Бурхан Иудейд махбод болох үедээ бүхий л хүн төрөлхтнийг золин аврах цовдлолын ажлыг гүйцэлдүүлэх зорилготой байсантай энэ нь яг адилхан. Гэвч Бурхан ийм зүйл хийх боломжгүй гэж иудейчүүд итгэсэн бөгөөд Бурхан махбод болж, Эзэн Есүсийн дүрээр гарч ирэх боломжгүй гэж бодсон юм. Тэдний “боломжгүй” гэдэг нь Бурханыг яллаж, эсэргүүцэх үндэслэл нь болж, эцэстээ Израилыг сүйрэлд хүргэсэн. Өнөөдөр олон хүн үүнтэй төстэй алдаа гаргажээ. Тэд Бурханы илрэлт айсуй гэж бүх чадлаараа тунхагладаг атлаа бас хажуугаар нь Түүний илрэлтийг ялладаг; “боломжгүй” гэх итгэлээрээ тэд Бурханы илрэлтийг дахин нэг удаа баригдмал төсөөлөл дотроо хязгаарладаг. Иймээс Бурханы үгтэй тулгарсныхаа дараа тачигнатал инээд алдах олон хүнийг Би харж байсан. Гэтэл энэ инээд иудейчүүдийн яллалт, доромжлолоос ер нь ялгаатай гэж үү? Та нар үнэний дэргэд хүндлэлгүй загнадаг, хүсэл тэмүүлэлтэй хандлага та нараас бүр ч гардаггүй. Та нар зүгээр л хайнга судалчхаад, санаа амар жаргалтай хүлээж суудаг. Ингэж шинжиж, хүлээснээр юу олж авч чадах юм бэ? Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадна гэж бодоо юу? Бурханы айлдварыг ялган таньж чадахгүй юм бол чи Бурханы илрэлтийг нүдээр үзэхэд яаж тэнцэх юм бэ? Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн илэрхийлэгдэж, Бурханы дуу хоолой тэнд байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүс л Бурханы дуу хоолойг сонсож чадах бөгөөд ийм хүмүүс л Бурханы илрэлтийг нүдээр үзэхэд тэнцдэг. Үзлээ хая! Тайван байж, эдгээр үгийг анхааралтай унш. Үнэнийг хүсэн хүлээдэг бол чамайг Бурхан гэгээрүүлэх бөгөөд Түүний хүсэл, Түүний үгийг чи ойлгох болно. “Боломжгүй” гэсэн бодлоо хая! Хүмүүс аливааг боломжгүй гэж итгэх тусам энэ нь болох магадлал өндөртэй байдаг, учир нь Бурханы мэргэн ухаан тэнгэрүүдээс ч дээгүүр халин нисдэг, Бурханы бодол хүний бодлоос дээгүүр бөгөөд Бурханы ажил хүний бодол, үзлийн хил хязгаарыг давдаг. Ямарваа зүйл хэдий чинээ боломжгүй байна, эрж хайж болох төдий чинээ их үнэн үүнд байдаг; ямарваа зүйл хэдий чинээ хүний үзэл, төсөөллөөс гадна оршино, Бурханы хүсэл тэнд бүр ч их агуулагдаж байдаг. Учир нь, Өөрийгөө хаана ч илчиллээ гэсэн Бурхан бол Бурхан хэвээр байдаг бөгөөд илрэлтийнх нь байршил, хэв маягаас үүдэн Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Мөр нь хаана байгаагаас үл хамааран Бурханы зан чанар нэг янзаараа байдаг, мөр нь хаа ч байлаа гэсэн Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан. Яг л Эзэн Есүс бол зөвхөн израилчуудын Бурхан бус, Ази, Европ, Америкийн бүх хүний Бурхан төдийгүй, бүхий л орчлон дахь цорын ганц Бурхан гэдэгтэй энэ нь адил билээ. Иймд Бурханы айлдвараас Түүний хүслийг эрж хайж, илрэлтийг нь олж мэдэж, Түүний мөртэй хөл нийлүүлцгээе! Бурхан бол үнэн, зам, амь билээ. Түүний үг, илрэлт зэрэгцэн оршдог бөгөөд Түүний зан чанар болон мөр хүн төрөлхтөнд цаг үргэлж нээлттэй байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас эш татав

Тайлбар:

а. Эх бичвэрт “үр дүн” гэх хэллэг байдаггүй.

Өмнөх: 1. “Өргөгдөх” гэдэг үнэхээр агаарт юм уу тэнгэрт гарах гэсэн утгатай эсэх, тэнгэрийн хаанчлал газар дээр юм уу тэнгэрт бий эсэх

Дараах: 1. Бурханы чуулган, шашны бүлгүүд гэж юу болох тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх