3. Яагаад Бурханы ажлын шинэ үе шат болгон шашны ертөнцийн харгис эсэргүүцэл, яллалттай тулгардаг, үүний уг үндэс юу болох тухай

Холбогдох Бурханы үг:

Шашны ертөнц дэх хүмүүс Бурханд итгэгчид бус, харин мууг үйлдэгч, диаволын төрлийнх гэж Би яагаад хэлдэг вэ? Тэд бол мууг үйлдэгчид гэж хэлж байгаа минь тэд Бурханы хүслийг ойлгодоггүй, мэргэн ухааныг нь хардаггүйгээс болж байгаа юм. Бурхан Өөрийн ажлыг хэзээ ч тэдэнд илчилдэггүй. Тэд бол сохор; тэд Бурханы үйл хэргийг харж чаддаггүй, Бурханд хаягдсан ба тэдэнд Бурханы халамж, хамгаалалт огтхон ч байдаггүй, Ариун Сүнсний ажил бүр ч байдаггүй. Бурханы ажилгүй хүмүүс бол бүгд мууг үйлдэгчид, Бурханыг эсэргүүцэгчид юм. Миний ярьдаг, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл нь Бурханыг мэддэггүй хүмүүс, Бурханыг амаараа хүлээн зөвшөөрдөг атлаа Түүнийг мэддэггүй хүмүүс, Бурханыг дагадаг атлаа Түүнд дуулгавартай байдаггүй хүмүүс, Бурханы нигүүлслийг эдэлдэг атлаа Түүний гэрчлэлд зогсож чаддаггүй хүмүүсийг хэлдэг. Бурханы ажлын зорилгыг ойлгохгүйгээр, хүнд Бурханы хийдэг ажлыг ойлгохгүйгээр хүн Бурханы хүсэлтэй нийцэж чадахгүй, Бурханы гэрчлэлд зогсож ч чадахгүй. Хүн Бурханыг эсэргүүцдэгийн шалтгаан нь нэг талаар хүний завхарсан зан чанараас, нөгөө талаар Бурханыг мэддэггүйгээс болон Бурханы ажилладаг зарчим, хүнийг гэх Түүний хүслийг ойлгодоггүйгээс болдог. Энэ хоёр тал нь хамтдаа Бурханд хандах хүний эсэргүүцлийн түүхийг бүрдүүлдэг. Хүний уг чанар дотор Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл байдаг учраас шинэхэн итгэгчид Бурханыг эсэргүүцдэг байхад олон жил итгэсэн хүмүүс завхарсан зан чанар дээрээ нэмээд Бурханыг мэддэггүйгээсээ болж Түүнийг эсэргүүцдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-aaс эш татав

Бурханыг хараахан махбод болоогүй байх үед хүн Бурханыг эсэргүүцдэг эсэх нь тэнгэр дэх үл үзэгдэх Бурханд шүтэн мөргөж, Түүнийг хүндэлдэг эсэхэд нь үндэслэн хэмжигддэг байлаа. Тухайн үед Бурханыг эсэргүүцэх арга замыг төдийлөн бодитой тодорхойлоогүй, учир нь тэр үед хүн Бурханыг харж чадаагүй, Бурханы дүр ямархуу болохыг ч, Тэр хэрхэн ажиллаж, ярьдгийг ч мэдээгүй байсан юм. Бурхан хүнд хараахан харагдаагүй байсан учраас хүнд Бурханы талаар ямар ч үзэл байгаагүй ба тодорхойгүй байдлаар Бурханд итгэж байлаа. Тиймээс, хүн төсөөлөлдөө Бурханд яаж ч итгэж байсан бай, Бурхан хүнийг яллаагүй, хүнд хэтэрхий их шаардлага ч тавиагүй, учир нь хүн Бурханыг огтхон ч харж чадахгүй байв. Бурханыг махбод болж, хүмүүсийн дунд ажиллахаар ирэх үед бүгд Бурханыг харж, үгийг нь сонсож, махбодоороо Бурханы хийдэг бүх үйл хэргийг хардаг. Тэр үед хүний бүх үзэл хөөс болдог. Бурхан махбодоор гарч ирэхийг харсан хүмүүсийн хувьд, хэрвээ тэд Түүнийг дуртайяа дуулгавартай дагадаг бол яллагдахгүй, харин зориуд Түүний эсрэг зогсдог хүмүүсийг Бурханыг эсэргүүцэгч гэж үзэх болно. Тийм хүмүүс бол антихристүүд, Бурханыг зориуд эсэргүүцдэг дайснууд юм. Бурханы талаар үзэл өвөрлөдөг боловч Түүнийг дуулгавартай дагахад бэлэн, дуулгавартай дагахыг хүсдэг хүмүүс яллагдахгүй. Бурхан бодол, санаанд нь үндэслэж бус, харин санаа зорилго, үйлдэлд нь үндэслэн хүнийг ялладаг. Хэрвээ хүнийг бодол, санааных нь үндсэн дээр ялладаг байсан бол Бурханы хилэнт гараас зугтаж чадах ганц ч хүн үгүй. Бие махбодтой болсон Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс дуулгаваргүй байдлынхаа улмаас шийтгүүлнэ. Бурханыг дур зоргоороо эсэргүүцдэг энэ хүмүүсийн тухайд бол, тэдний эсэргүүцэл Бурханы талаарх үзлээс нь үүдэн гардаг ба энэ нь Бурханы ажлыг үймүүлэх үйлдэл хийхэд хүргэдэг. Энэ хүмүүс Бурханы ажлыг зориуд эсэргүүцэж, сүйрүүлдэг. Тэд Бурханы талаар үзэлтэй байгаад зогсохгүй Түүний ажлыг үймүүлэх зүйлсийг хийдэг, энэ шалтгааны улмаас ийм төрлийн хүмүүс яллагдана. Бурханы ажлыг дур зоргоороо үймүүлдэггүй хүмүүсийг нүгэлтнүүд хэмээн яллахгүй, учир нь тэд дуртайяа дуулгавартай дагаж чаддаг бөгөөд үймээн, саад тотгор учруулах үйлдэл хийдэггүй. Ийм хүмүүс яллагдахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-aaс эш татав

Бурханы ажил үргэлж урагшилж байгаа бөгөөд Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй хэдий ч ажилладаг арга барил нь ямагт өөрчлөгдөж, улмаар Бурханыг дагадаг хүмүүс ч бас байнга өөрчлөгдөж байдаг. Бурхан илүү их ажил хийх тусам Бурханы талаарх хүний мэдлэг төдий чинээ бүрэн гүйцэд болдог. Бурханы ажлын үр дүнд хүний зан чанарт ч бас зохих өөрчлөлт гардаг. Гэвч Бурханы ажил үргэлж өөрчлөгдөж байдаг учраас Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон үнэнийг мэддэггүй мулгуу хүмүүс Бурханыг эсэргүүцэж эхэлдэг. Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцдэггүй, учир нь Бурханы ажил үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй бөгөөд Тэр хуучин ажлыг хэзээ ч давтдаггүй, харин өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг. Бурхан ажлаа давтдаггүй, харин хүн урьдын хийсэн ажилд нь үндэслэн Бурханы одоогийн ажлыг байнга шүүдэг болохоор шинэ эрин үеийн ажлын үе шат болгоныг хэрэгжүүлэхэд Бурханд маш хэцүү байдаг. Хүн хэтэрхий олон бэрхшээлтэй! Бодол санаа нь дэндүү хуучинсаг! Бурханы ажлыг хэн ч мэддэггүй мөртөө хүн бүр үүнийг хязгаарладаг. Бурханаас холдох үедээ хүн амь, үнэн болон Бурханы ерөөлийг алддаг атлаа амийг ч, үнэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй, хүн төрөлхтөнд Бурханы хайрладаг илүү агуу ерөөлийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Бүх хүн Бурханыг олж авахыг хүсдэг хэр нь Бурханы ажлын ямар ч өөрчлөлтийг тэвчиж чаддаггүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханы ажил бол хувиршгүй бөгөөд үүрд зогсонги байдалтай байдаг хэмээн итгэдэг. Тэдний бодлоор бол Бурханаас мөнхийн аврал хүртэхийн тулд хуулийг л мөрдөх хэрэгтэй бөгөөд гэмшиж, нүглээ улайж л байвал Бурханы хүсэл үргэлж хангалуун байна. Бурхан бол хуулийн доорх Бурхан, хүний төлөө загалмайд цовдлогдсон Бурхан л байж чадна гэж тэд боддог; тэд бас Бурхан Библиэс хэтрэн гарах ёсгүй, гарч ч чадахгүй гэж боддог. Яг ийм санал бодол нь тэднийг хуучны хуулиудад бат дөнгөлж, үхмэл дүрэм журмуудад хүлсэн юм. Бурханы шинэ ажил ямар ч байлаа гэсэн, зөгнөлөөр баталгаажих ёстой, мөн ийм ажлын үе шат болгонд Түүнийг “чин” сэтгэлээсээ дагадаг бүх хүнд бас илчлэл үзэгдэх ёстой; эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэж бүр ч олон хүн боддог. Хүний хувьд Бурханыг мэдэж авах нь угаасаа хялбар ажил биш. Үүнээс гадна, хөгийн зүрх сэтгэл, өөрийгөө чухалчилдаг, ихэрхүү тэрслүү уг чанарыг нь харгалзан үзвэл Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх нь хүний хувьд бүр ч хэцүү билээ. Хүн Бурханы шинэ ажлыг анхааралтай судалдаггүй, төлөв даруухнаар хүлээн зөвшөөрдөг ч үгүй; харин ч Бурханы илчлэл болон удирдамжийг хүлээнгээ басамжилсан хандлага баримталж байдаг. Энэ нь Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг хүмүүсийн зан авир биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханы сайшаалыг хүртэж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?”-ээс эш татав

Бурханы ажилд үргэлж шинэ хөгжил явагдаж байдаг учраас шинэ ажил гарч ирэхэд хоцрогдож, хуучирдаг ажил гэж бий. Хуучин ба шинэ эдгээр өөр өөр төрлийн ажил нь нэг нэгтэйгээ зөрчилддөггүй, харин харилцан бие биеэ нөхдөг; алхам бүр нь сүүлийн алхмаасаа үргэлжилдэг. Шинэ ажил байгаа учраас, хуучин зүйлс мэдээж таягдан хаягдах ёстой. Жишээ нь, аль эртнээс хэвшиж тогтсон хүний зарим хэрэгжүүлэлт болон дадал болсон үгс нь хүний олон жилийн туршлага, сургаалтай хослон хүний сэтгэлд элдэв янзын үзлийг бий болгожээ. Бурхан Өөрийн жинхэнэ царай болон төрөлх зан чанарыг хүнд хараахан бүрэн илчлээгүй нь эрт цагийн уламжлалт онолууд олон жилийн туршид түгэн дэлгэрсэнтэй хавсран хүний тийм үзэл бүрэлдэхэд илүү тааламжтай байсаар ирсэн юм. Бурханд итгэх хүний итгэлийн явцад янз бүрийн үзэл нөлөөлснөөр Бурханы талаарх элдэв янзын үзэл бүхий ойлголт хүмүүст тасралтгүй бий болж, хувьсан өөрчлөгдөхөд хүрсэн бөгөөд үүний үр дүнд Бурханд үйлчилдэг шашны олон хүн Түүний дайсан болсон гэж хэлж болох юм. Иймээс, хүмүүсийн шашны үзэл хүчтэй байх тусам Бурханыг улам эсэргүүцдэг ба төдий чинээ Бурханы дайснууд болдог. Бурханы ажил үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй; энэ нь хэзээ ч хоосон сургаалыг бий болгодоггүй, харин их бага хэмжээгээр тасралтгүй өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг. Ийм маягаар ажиллах нь Бурханы Өөрийн төрөлх зан чанарын илэрхийлэл билээ. Энэ нь бас Бурханы ажлын угийн зарчим бөгөөд Өөрийн удирдлагыг хэрэгжүүлдэг Бурханы арга барилын нэг юм. Хэрвээ Бурхан ийм маягаар ажиллаагүй бол хүн өөрчлөгдөхгүй, эсвэл Бурханыг мэдэж чадахгүй, Сатан ялагдахгүй байх байсан. Тиймээс, замбараагүй харагддаг ч үнэндээ тогтмол мөчлөгтэй тасралтгүй өөрчлөлтүүд Түүний ажилд гарч байдаг. Гэхдээ хүний Бурханд итгэдэг байдал нэлээд өөр. Хүн хуучны, танил сургаал болон системтэй зууралддаг бөгөөд тэдгээр нь хуучных байх тусам, төдий чинээ таатай байдаг. Хүний хад чулуу мэт өөрчлөгдөшгүй, мунхаг ухаан санаа Бурханы ойлгохын аргагүй шинэ ажил, үгийг хэрхэн хүлээн зөвшөөрч чадах билээ? Үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг хүн үзэн яддаг; тэрээр хөгшин хөвөө, буурал үстэй, хөдөлгөөнгүй, хуучин Бурхандаа л дуртай. Тиймээс, Бурхан, хүн хоёрын аль алинд өөрсдийн гэсэн дуртай зүйл байдаг учраас хүн Бурханы дайсан болжээ. Бурхан шинэ ажлаа бараг зургаан мянган жилийн турш хийсээр ирсэн үе буюу өнөөдөр ч гэсэн энэ олон зөрчилдөөн оршсоор л байна. Тэгэхээр тэдгээр нь засаршгүй ажээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэддэг хүмүүс л Бурханд үйлчилж болно”-оос эш татав

Олон хүн Бурханы янз бүрийн өөр өөр ажлыг мэддэггүй учраас, түүнчлэн дуслын төдий мэдлэг, хоосон сургаалаар Ариун Сүнсний ажлыг хэмждэг учраас Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн туршлага өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд Ариун Сүнсний ажлыг басамжилж, Ариун Сүнсний сахилгажуулалтыг үл ойшоодог төдийгүй Ариун Сүнсний ажлыг “баталгаажуулахын” тулд өөрсдийн хуучирсан, ялихгүй ёс зүйг ашигладаг. Тэд бас дүр эсгэж, өөрсдийнхөө эрдэм мэдлэгтэй гэдэгт болон дэлхийг хөндлөн гулд туулах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсний жигшин голдог хүмүүс биш гэж үү, мөн тэднийг шинэ эрин үе таягдан хаяхгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг энэ хүмүүс бол зүгээр л хэчнээн гайхалтай болохоо үзүүлэхээр оролдож байгаа мэдлэггүй, мэдээлэлгүй өчүүхэн хүмүүс биш үү? Тэд Библийн хомс мэдлэгээрээ дэлхийн “академийг” туулахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа Ариун Сүнсний ажлыг өөрчлөхийг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын дагуу байлгахаар оролддог. Мөн алсын хараагүй юм байж Бурханы 6,000 жилийн ажлыг нэг дор хальт харахаар хичээдэг. Энэ хүмүүст дурдваас зохистой эрүүл ухаан гэж огт байхгүй? Үнэндээ хүн Бурханы талаар хэдий чинээ их мэдлэгтэй байна, Түүний ажлыг шүүхдээ төдий чинээ алгуурладаг. Цаашлаад тэд өнөөдрийн Бурханы ажлын талаарх өөрсдийн мэдлэгийг жаахан л ярьдаг боловч шүүмжлэх гэж яардаггүй. Хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, төдий чинээ биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй байдаг ба Бурханы оршихуйг улам улайран тунхагладаг—гэвч тэд зөвхөн онол ярьдаг ба ямар ч бодит баримт байдаггүй. Тийм хүмүүс бол ямар ч үнэ цэнгүй юм. Ариун Сүнсний ажлыг тоглоом гэж үздэг хүмүүс хөнгөн хуумгай юм! Ариун Сүнсний шинэ ажилтай учрах үедээ хянуур байдаггүй, харин ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын зөв зүйтэй байдлыг дур зоргоороо үгүйсгэдэг, мөн доромжилж гутаадаг, ийм бүдүүлэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бус уу? Цаашлаад тэд асар их биеэ тоосон, төрөлхийн бардам, задарсан хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх өдөр ирлээ ч гэсэн Бурхан тэднийг тэвчихгүй. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй, Бурханыг Өөрийг нь доромжилдог. Тийм муйхар хүмүүс энэ эрин үед ч, дараагийн эрин үед ч уучлагдахгүй, тамд үүрд мөхөх болно! Тийм бүдүүлэг, дураараа хүмүүс Бурханд итгэж байгаа дүр үзүүлдэг ба хүмүүс ийм байх тусмаа Бурханы захиргааны зарлигийг амархан зөрчих магадлалтай байдаг. Төрөлхийн задарсан, хэзээ ч хэнд ч дуулгавартай байгаагүй, биеэ тоосон тэр хүмүүс бүгд энэ замаар алхдаг биш үү? Үргэлж шинээрээ, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг тэд өдрөөс өдөрт эсэргүүцдэггүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас эш татав

Ажлын гурван үе шат нь дор бүрнээ өмнөх үеийнхээ суурин дээр хийгддэг; энэ нь авралын ажлаас тусдаа бие даан хийгдсэн ажил биш. Эрин үед болон хэрэгжүүлэх ажлын төрөлд асар их ялгаа байдаг хэдий ч гол цөм нь мөн л хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг ба авралын ажлын үе шат бүр нь өмнөхөөсөө алхам алхмаар гүнзгийрдэг. Ажлын үе шат бүр нь өмнөх ажлыг хүчингүй болгохгүй байх суурин дээр үргэлжилдэг. Ийм байдлаар Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй ажлаараа хүнд урьд өмнө нь хэзээ ч илэрхийлж байгаагүй зан чанарынхаа талуудыг байнга илэрхийлж, шинэ ажил, шинэ оршихуйгаа хүнд үргэлж илчилж байдаг бөгөөд шашны хуучинсаг үзэлтнүүд үүнийг эсэргүүцэхийн тулд боломжтой бүхнийг хийж, илт эсэргүүцдэг боловч Бурхан хийхээр зорьсон шинэ ажлаа үргэлж хийдэг. Түүний ажил үргэлж өөрчлөгдөж байдаг бөгөөд үүнээс үүдэн хүний эсэргүүцэлтэй үргэлж тулгарч байдаг. Гэхдээ Түүний зан чанар төдийгүй Түүний ажлын эрин үе, хүлээн авагчид ч бас үргэлж өөрчлөгдөж байдаг. Түүнчлэн Тэр үргэлж өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийж, тэр ч байтугай өмнө нь хийсэн ажилтайгаа зөрчилдөж, харшилж байгаа мэт хүнд харагддаг ажлыг хэрэгжүүлж байдаг. Хүн нэг төрлийн ажил, хэрэгжүүлэх нэг арга замыг л хүлээн зөвшөөрч чаддаг. Тэдгээртэй зөрчилдсөн, эсвэл тэдгээрээс дээр ажил юм уу хэрэгжүүлэх аргыг хүлээн зөвшөөрөх нь хэцүү байдаг. Гэвч Ариун Сүнс үргэлж шинэ ажил хийж байдаг учраас Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэг шашны мэргэжилтнүүдийн бүлэг ээлж дараалан гарч ирдэг. Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй тухай мэдлэг хүнд байдаггүй, Бурханы ажлын зарчмын мэдлэг байдаггүй, түүнчлэн хүнийг авардаг Бурханы олон арга замын талаарх мэдлэг байдаггүй учраас л энэ хүмүүс мэргэжилтнүүд болсон. Тиймээс энэ нь Ариун Сүнснээс ирдэг ажил уу, эсвэл Бурханы Өөрийн ажил уу гэдгийг хүн огт ялган салгах чадваргүй байдаг. Энэ нь өмнө нь хэлсэн үгтэй таарч байвал хүлээн зөвшөөрч, өмнөх ажлаас ялгаатай байвал эсэргүүцэж голох хандлагыг олон хүн баримталдаг. Өнөөдөр та нар бүгдээрээ тийм зарчмыг мөрддөггүй гэж үү?… Та нар Бурханы ажлын зарчмыг мэддэггүй, мөн Ариун Сүнсний ажилд хайхрамжгүй ханддаг учраас Бурханы ажлыг эсэргүүцэж, өөрсдийн үзлийг ашиглан өнөөдрийн ажлыг хэмждэг гэдгээ мэдэж ав. Та нар өөрсдийн үзэл болон төрөлхийн биеэ тоосон зангаасаа үүдэн Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдог. Энэ нь Бурханы ажил буруугаас болдоггүй, харин та нар угаасаа хэтэрхий дуулгаваргүйгээс болдог. Зарим хүн Бурханд итгэсний дараа хүн хаанаас бий болсныг ч баттай хэлж чаддаггүй атлаа Ариун Сүнсний ажлын зөв, бурууг үнэлж, олон нийтийн өмнө үг хэлж зүрхэлдэг. Тэр ч байтугай тэд Ариун Сүнсний шинэ ажилтай элч нарт хүртэл сургаал айлдаж, гар хөлөө гозолзуулан, элий балай зүйл ярьдаг; тэдний хүн чанар хэтэрхий дорд бөгөөд тэдэнд өчүүхэн төдий ч эрүүл ухаан байдаггүй. Тийм хүмүүс Ариун Сүнсний ажилд гологдож, тамын галд шатаагдах өдөр ирэх бус уу? Тэд Бурханы ажлыг мэддэггүй, харин Түүний ажлыг шүүмжилж, мөн Түүнд хэрхэн ажиллахыг нь заахаар оролддог. Тийм ухаангүй хүмүүс Бурханыг яаж мэдэж чадах юм бэ? Хүн Бурханыг эрж хайж, мэдрэх явцдаа Түүнийг мэдэж авдаг; харин Бурханыг дураараа шүүмжлэх явцдаа Ариун Сүнсний гэгээрлээр дамжуулан мэдэж авдаг юм биш. Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ үнэн зөв байна, тэд Түүнийг төдий чинээ бага эсэргүүцдэг. Харин хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, Түүнийг төдий чинээ амархан эсэргүүцдэг. Чиний үзэл, чиний хуучин уг чанар, чиний хүн чанар, зан байдал, ёс суртахуун, үзэл баримтлал бол Бурханыг эсэргүүцэх “хөрөнгө” бөгөөд ёс суртахуун нь ялзарсан, хэв чанар нь муу, хүн чанар нь дорд болох тусмаа хүн төдий чинээ Бурханы дайсан байдаг. Үзэл ихтэй, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай хүмүүс бие махбодтой болсон Бурханд бүр ч их дайсагнадаг ба тийм хүмүүс бол антихристүүд юм. Хэрвээ чиний үзлийг залруулахгүй бол энэ чинь үргэлж Бурханы эсрэг байх болно; чи хэзээ ч Бурхантай нийцэлтэй байж чадалгүй, үргэлж Түүнээс тусдаа байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас эш татав

Завхарсан хүн бүхэн Сатаны урхинд амьдардаг, мөн махан биед, аминчхан хүсэлд автан амьдардаг ба тэдний дунд Надтай нийцдэг хүн нэг ч байхгүй. Надтай нийцтэй гэж хэлдэг хүмүүс байдаг ч бүгд тодорхойгүй шүтээн шүтдэг. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч Минийхээс эсрэг замаар явдаг, тэдний үг биеэ тоосон зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг. Учир нь угтаа тэд бүгдээрээ Миний эсрэг байдаг бөгөөд Надтай нийцдэггүй. Өдөр болгон тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, “тохиромжтой” эшлэлийг тохиолдлоор олоод, түүнийгээ уйгагүй уншиж, судар мэт цээжээр дууддаг. Тэд Надтай хэрхэн нийцэлтэй байхаа мэддэггүй, Надтай дайсагнах гэж юуг хэлдгийг ч мэддэггүй. Зүгээр л бичвэрүүдийг сохроор уншдаг. Тэд өөрсдийн хэзээ ч хараагүй, харж ч чадахгүй тодорхойгүй Бурханыг Библи дотор хязгаарлачхаад, үүнийгээ завтай цагтаа гаргаж хардаг. Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг, тэд Намайг Библитэй адилтгадаг; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болон үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Бичвэрийн үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Бичвэрт зөгнөөгүй л бол Намайг хийхийг хүссэн зүйлээ огт хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг. Тэд Бичвэрт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд үг үсгийг хэтэрхий чухалчилж, эцэстээ бүр хэлсэн үг бүрийг минь дэнсэлж, Намайг яллахад Библийн эшлэлүүдийг ашигладаг гэж хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй л бол бүгдийг нь, огт ялгалгүйгээр Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, бүр Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноогоод, эцэст нь гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэд ямар мөн чанартай байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд Миний хүсэл болон Миний ажлын үе шат, арга барилын аль алиныг нь хайхардаггүй байсан мөртөө Бичвэрийн үг нэг бүрээр хэнээрхдэг байсан. Тэд үнэнийг эрж хайдаг биш, харин үгтэй салахгүй зууралддаг хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг биш, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн хоточ нохой байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн нэр төрийг хадгалж, Библийн алдар хүндийг хамгаалахын тулд тэд эцэст нь өршөөнгүй Есүсийг загалмайд цовдлохдоо тулсан. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн юм. Иймээс тэд Бичвэрийн номлолыг мөрддөггүй байсан Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүй болон нүглийн тахилыг хаяхыг илүүд үзсэн. Тэд Бичвэрийн үг нэг бүрийн боол байгаагүй гэж үү?

Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг илэрхийлэхээр ирчхээд байхад тэд тэнгэрт орж, нигүүлсэл хүртэхийн тулд Христийг энэ ертөнцөөс хөөн зайлуулахыг илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэж, Библийн мөнх оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махбодод эргэн ирсэн Христийг загалмайд дахин цовдлохыг илүүд үзнэ. Зүрх сэтгэл нь ийм хорлонтой, Надад тийм их дайсагнадаг уг чанартай байж хүн яаж Миний авралыг хүртэж чадах юм бэ? Би хүмүүсийн дунд амьдардаг атал хүн Миний оршин байгааг мэддэггүй. Өөр дээр нь гэрлээ тусгах үед ч хүн Миний оршин байгааг мэдэхгүй хэвээр байдаг. Намайг уур хилэнгээ өөр дээр нь буулгах үед хүн Миний оршин тогтнолыг бүр ч эрс үгүйсгэдэг. Хүн үг үсэгтэй, Библитэй нийцэхээр эрэлхийлдэг, гэхдээ үнэнтэй нийцэлтэй байх замыг хайхаар нэг ч хүн Миний өмнө ирдэггүй. Хүн тэнгэр дэх Намайг хүндэлж, тэнгэр дэх Миний оршин тогтнолд онцгой анхаарал хандуулдаг атлаа хүмүүсийн дунд амьдардаг Би бол ердөө л тун өчүүхэн нэгэн болохоор махбод дахь Миний талаар хэн ч санаа тавьдаггүй. Библийн үгтэй л, тодорхойгүй Бурхантай л нийцэлтэй байхыг эрж хайдаг хүмүүс Надад өөдгүй дорд харагддаг. Учир нь тэдний шүтэн мөргөдөг зүйл нь үхмэл үг, бас өөрсдөд нь тоо томшгүй их эд баялаг өгөх чадвартай Бурхан юм. Тэдний шүтэн мөргөдөг зүйл нь оршин байдаггүй агаад хүний эрхээр байдаг Бурхан юм. Тэгвэл ийм хүмүүс Надаас юу олж авч чадах юм бэ? Хүн ердөө л үгээр илэрхийлэхийн аргагүй дорд юм. Миний эсрэг байж, Надаас хязгааргүй ихийг шаарддаг, үнэнийг огт хайрладаггүй, Миний эсрэг тэрсэлдэг тэр хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос эш татав

Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисайчуудын мөн чанарыг мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна, тэд Мессиа ирнэ гэдэгт л итгэсэн ч амийн үнэнийг эрж хайгаагүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг олж авч чадах уу, та нар хэл дээ? Тэд яаж Мессиаг харж чадах юм бэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй, түүнчлэн Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор Мессиагийн нэртэй дэмий зууралдах зуураа Мессиагийн мөн чанарыг боломжит бүх аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Энэ фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон байж, үнэнийг дуулгавартай дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүн гүнзгий, Таны эрх мэдэл хэчнээн өндөр дээд ч бай, Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Эдгээр үзэл бодол нь утга учиргүй, хөгийн биш гэж үү? Би та нараас цааш нь асууя: Та нарт Есүсийн талаар өчүүхэн ч ойлголт байхгүй юм чинь эрт үеийн фарисайчуудын алдааг гаргах нь туйлын хялбар биш гэж үү? Чи үнэний замыг ялган таньж чадах уу? Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? Чи Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэх эсэхээ мэдэхгүй байвал аль хэдийн үхлийн ирмэгт амьдарч байна гэж Би хэлнэ. Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, голж, гүжирдэх чадвартай байсан. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг голж, доромжлох боломжтой. Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг Сатаны заль мэх гэж харах боломжтой ба махбодоор эргэн ирсэн Есүсийг илүү олон хүн яллах болно. Энэ бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг голох явдалтай та нар нүүр тулна. Та нар ийм мунгинуу байвал Есүсээс юу олж авч чадах юм бэ? Хэрвээ та нар алдаагаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол Есүсийг цагаан үүлэн дээр махбодоор эргэн ирэх үед Есүсийн ажлыг яаж ойлгож чадах юм бэ? Би та нарт үүнийг хэлье: Үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй атлаа Есүс цагаан үүлэн дээр ирэхийг сохроор хүлээдэг хүмүүс Ариун Сүнсийг гарцаагүй доромжлох бөгөөд тэд бол устгагдах төрөл мөн. Та нар ердөө л Есүсийн нигүүлслийг хүсэж, тэнгэрийн жаргалтай ертөнцөд жаргахыг хүсдэг, гэсэн атлаа Есүсийн хэлсэн үгийг хэзээ ч дуулгавартай дагаж байгаагүй, махбодоор эргэн ирэх үедээ хэлсэн үнэнийг нь хэзээ ч хүлээн аваагүй. Есүс цагаан үүлэн дээр эргэн ирэх тухай баримтын хариуд та нар юу өргөн барих вэ? Удаа дараа нүгэл үйлдэж, үүнийгээ ахин дахин улайх чин сэтгэл үү? Цагаан үүлэн дээр эргэн ирэх Есүст та нар юуг тахил болгон өргөх вэ? Өөрсдийгөө өргөмжилдөг олон жилийн ажлаа юу? Эргэн ирсэн Есүсийг өөрсдөдөө итгүүлэхийн тулд та нар юу өргөн барих вэ? Ямар ч үнэнийг дуулгавартай дагадаггүй, биеэ тоосон уг чанараа юу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос эш татав

Өмнөх: 2. Шашны пасторууд болон ахлагчид бүгдээрээ фарисайчуудын замаар алхаж байгаа гэж яагаад хэлдэг, тэдний мөн чанар юу болох тухай

Дараах: 4. Шашны пастор, ахлагчдыг үнэхээр Бурхан томилдог эсэх, пастор, ахлагчдад дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байж, Бурханыг дагаж байгаа эсэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх