IX. Бурхан болон хүний ажлын хоорондох ялгаа

1. Бурханы Өөрийн ажил бүх хүн төрөлхтний ажлыг хамардаг ба энэ нь бас бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн ажил нь Ариун Сүнсний ажлын хөдөлгөөн, чиг хандлага бүрийг төлөөлдөг, харин элч нарын ажил нь Бурханы Өөрийн ажлын дараа явагдаж, араас нь дагадаг ба эрин үеийг удирддаггүй, мөн бүхий л эрин дэх Ариун Сүнсний ажлын чиг хандлагыг ч төлөөлдөггүй. Тэд хүний хийх учиртай ажлыг л хийдэг бөгөөд энэ нь удирдлагын ажилтай ямар ч хамаагүй байдаг. Бурханы Өөрөө хийдэг ажил бол удирдлагын ажил доторх төсөл юм. Хүний ажил нь зөвхөн ашиглагдаж байгаа хүмүүсийн үүрэг бөгөөд удирдлагын ажилтай холбоогүй. Энэ хоёр хоёулаа Ариун Сүнсний ажил хэдий ч ялгамж чанар болон ажлын төлөөллийн ялгаанаас үүдэн Бурханы ажил болон хүний ажлын хооронд тодорхой, мөн чанарын ялгаа байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

2. Бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эринийг эхлүүлдэг ба Түүний ажлыг үргэлжлүүлдэг хүмүүс бол Түүний ашигладаг хүмүүс юм. Хүний хийдэг ажил бүгд махбод дахь Бурханы үйлчлэл дотор байдаг бөгөөд энэ цар хүрээнээс хэтрэн гарах чадваргүй. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг хийхээр ирээгүй бол хүн хуучин эрин үеийг дуусгаж, шинэ эрин үеийг эхлүүлж чадахгүй байх байлаа. Хүний хийдэг ажил ердөө л хүний хувьд хийх боломжтой үүргийнх нь хүрээнд байдаг бөгөөд Бурханы ажлыг төлөөлдөггүй. Бие махбодтой болсон Бурхан л ирж, хийх ёстой ажлаа гүйцээж чадна, Түүнээс өөр хэн ч Түүний өмнөөс энэ ажлыг хийж чадахгүй. Мэдээж Миний хэлж байгаа зүйл бие махбодтой болсны ажилтай холбоотой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

3. Бие махбодтой болсон Бурхан нь Бурханы ашигладаг хүмүүсээс мөн чанартаа өөр юм. Бие махбодтой болсон Бурхан бурханлаг чанарын ажлыг хийж чаддаг байхад Бурханы ашигладаг хүмүүс тэгж чаддаггүй. Эрин үе болгоны эхэнд, хүнийг шинэ эхлэл рүү аваачихын тулд Бурханы Сүнс биечлэн үг хэлж, шинэ эринийг эхлүүлдэг. Түүнийг үг хэлж дуусах үед, бурханлаг чанар доторх Бурханы ажил дууссан гэдгийг энэ нь илтгэдэг. Үүний дараа, амийн туршлага руу орохын тулд хүмүүс бүгд Бурханы ашигладаг хүмүүсийн удирдлагыг дагадаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа”-аас

4. Бурханы ажлыг Бурхан Өөрөө хийдэг. Тэр Өөрийн ажлыг явуулж, Өөрийн ажлыг дуусгадаг. Тэрээр ажлыг төлөвлөж, удирддаг бөгөөд үүнээс ч илүүтэйгээр ажлыг үр дүнтэй болгодог. Библид өгүүлсэнчлэн “Би бол Эхлэл ба Төгсгөл; Би бол Тариалагч ба Хураагч.” Өөрийнх нь удирдлагын ажилтай холбоотой бүхнийг Бурхан Өөрөө хийдэг. Тэр бол зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний Захирагч; Тэр бүх зүйлийг гартаа атгаж байдаг тул өөр хэн ч Түүний ажлыг Түүний оронд хийж чадахгүй, хэн ч Түүний ажлыг дуусгаж чадахгүй. Дэлхий ертөнцийг бүтээсэн болохоор Тэрээр бүх ертөнцийг Өөрийнх нь гэрэлд амьдрахад хүргэнэ, бас бүхэл бүтэн эрин үеийг дуусгаж, улмаар Өөрийн бүх төлөвлөгөөг гүйцэлдүүлнэ!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс

5. Бурханы Өөрийн хийдэг ажил нь тэр чигтээ удирдлагын төлөвлөгөөндөө Түүний хийхээр зорьдог ажил бөгөөд агуу удирдлагатай хамаатай юм. Хүний хийдэг ажил нь өөрсдийн хувийн туршлагаар хангахаас бүрддэг. Энэ нь, өмнө явсан хүмүүсийнхээс давсан туршлагын шинэ замыг олж, Ариун Сүнсний удирдамж дор байх зуураа ах эгч нараа залж чиглүүлэхээс бүрддэг. Энэ хүмүүс хувийн туршлага, эсвэл сүнслэг хүмүүсийн сүнслэг бичвэрээр хангадаг. Тэднийг Ариун Сүнс ашигладаг хэдий ч тэдний хийдэг ажил зургаан мянган жилийн төлөвлөгөөний агуу удирдлагын ажилтай холбоогүй. Тэд бол биелүүлэх чиг үүрэг нь дуусаж, эсвэл амьдрал нь төгсөх хүртэл Ариун Сүнсний урсгал дахь хүмүүсийг удирдахын тулд өөр өөр цаг хугацаанд Ариун Сүнсний өргөсөн хүмүүс төдий юм. Тэдний хийдэг ажил нь Бурханд Өөрт нь зориулсан тохиромжтой замыг бэлдэж, эсвэл газар дээрх Бурханы Өөрийн удирдлагын тодорхой талыг үргэлжлүүлэхийн төлөө байдаг. Энэ хүмүүс өөрсдөө Түүний удирдлагын агуу ажлыг хийж чадахгүй, шинэ замыг ч нээж чадахгүй, тэр ч бүү хэл тэдний хэн нь ч өмнөх эрин үеийн Бурханы бүх ажлыг төгсгөж чадахгүй. Тиймээс тэдний хийдэг ажил нь бүтээгдсэн зүйл чиг үүргээ биелүүлж байгааг л төлөөлдөг бөгөөд Бурхан Өөрөө үйлчлэлээ гүйцэтгэж байгааг төлөөлдөггүй. Яагаад гэвэл, тэдний хийдэг ажил Бурханы Өөрийн хийсэн ажилтай адилгүй. Шинэ эрин үеийг эхлүүлэх ажил нь Бурханы оронд хүний хийж чадах зүйл биш. Үүнийг Бурханаас Өөрөөс нь өөр хэн ч хийж чадахгүй. Хүний хийдэг бүх ажил нь бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ гүйцэтгэж байгаагаас бүрддэг бөгөөд Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөж, эсвэл гэгээрүүлэх үед хүн үүнийг хийдэг. Энэ хүмүүсийн өгдөг удирдамж нь өдөр тутмын амьдрал дахь хэрэгжүүлэлтийн замыг болон Бурханы хүсэлтэй зохицолтойгоор хэрхэн үйлдэх ёстойг хүнд харуулахаас бүрддэг. Хүний ажил Бурханы удирдлагатай холбоогүй, Сүнсний ажлыг ч төлөөлдөггүй… Тиймээс Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн ажил нь Бурханы Өөрийн хийдэг ажлаас ялгаатай тул тэдний ялгамж чанар болон тэд хэний нэрийн өмнөөс үйлддэг нь ч бас өөр байдаг. Яагаад гэвэл, Ариун Сүнсний хийхээр зорьдог ажил өөр бөгөөд үүнээс үүдэн, адилхан ажил хийж байгаа хүмүүст өөр өөр ялгамж чанар болон байр суурийг олгодог. Ариун Сүнсний ашигладаг хүмүүс бас зарим нэг шинэ ажил хийж болох ба урьдын эрин үед хийгдсэн зарим ажлыг таягдан хаяж бас болох боловч тэдний хийдэг зүйл шинэ эрин үе дэх Бурханы зан чанар болон хүслийг илэрхийлж чадахгүй. Тэд зөвхөн хуучин эрин үеийн ажлыг халахын тулд л ажилладаг бөгөөд Бурханы Өөрийн зан чанарыг шууд төлөөлөх зорилгоор шинэ ажил хийхийн тулд ажилладаггүй. Иймд тэд хэчнээн олон хоцрогдсон хэрэгжүүлэлтийг цуцалж, эсвэл хэчнээн олон шинэ хэрэгжүүлэлт нэвтрүүлэх нь хамаагүй, хүнийг болон бүтээгдсэн зүйлийг төлөөлсөн хэвээр байдаг. Харин Бурхан Өөрөө ажил гүйцэтгэх үед хуучин эрин үеийн хэрэгжүүлэлтийг цуцалсныг ил тод зарладаггүй, шинэ эрин үе эхэлснийг шууд тунхагладаггүй. Тэр Өөрийнхөө ажилд шууд шулуухан байдаг. Тэрээр Өөрийн хийхээр зорьсон ажлыг шууд хийдэг; өөрөөр хэлбэл, Тэр Өөрийн авчирсан ажлыг шууд илэрхийлж, Өөрийн ажлыг анх зорьсноороо шууд хийж, Өөрийн оршихуй болон зан чанарыг илэрхийлдэг. Хүний харж байгаагаар, Түүний зан чанар болон Түүний ажил ч гэсэн өмнөх эрин үеүдийнхээс өөр байдаг. Гэвч Бурханы Өөрийн үзэл бодлоор бол энэ нь ердөө Түүний ажлын үргэлжлэл, цаашдын хөгжил юм. Бурхан Өөрөө ажиллах үедээ үгээ илэрхийлж, шинэ ажлыг шууд авчирдаг. Эсрэгээрээ, хүн ажиллах үед энэ нь нягтлан цэгнэж, судлах замаар, эсвэл бусдын ажилд суурилсан хэрэгжүүлэлтийг системчлэх, мэдлэгээ өргөжүүлэх замаар хийгддэг. Өөрөөр хэлбэл, хүний хийдэг ажлын мөн чанар нь тогтсон дэг журмыг дагаж, “хуучин замаар шинэ гуталтай алхах” явдал мөн. Энэ нь, Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн алхдаг зам ч гэсэн Бурханы Өөрийн нээсэн зам дээр үндэслэдэг гэсэн үг юм. Тиймээс, эцсийн эцэст хүн бол хүн, Бурхан бол Бурхан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс

6. Эш үзүүлэгчид болон Ариун Сүнсний ашигласан тэр хүмүүс үг хэлж, ажилласан нь бүгд хүний үүргийг биелүүлж, бүтээгдсэн зүйлийн чиг үүргийг гүйцэтгэхийн төлөө байсан бөгөөд энэ нь хүний хийх учиртай зүйл байсан юм. Харин бие махбодтой болсон Бурханы үг ба ажил нь Түүний үйлчлэлийг хэрэгжүүлэхийн төлөө байсан. Түүний гадаад хэлбэр хэдий бүтээгдсэн зүйлийнх байсан ч Түүний ажил нь Өөрийн чиг үүргийг биш, харин Өөрийн үйлчлэлийг биелүүлэхийн төлөө байв. “Үүрэг” гэсэн нэр томьёо нь бүтээгдсэн зүйлтэй холбоотой хэрэглэгддэг байхад “үйлчлэл” нь Бурханы махбод болсон биетэй холбоотойгоор хэрэглэгддэг. Энэ хоёрын хооронд үндсэн ялгаа бий; тэдгээр нь харилцан солигддоггүй. Хүний ажил бол зөвхөн үүргээ биелүүлэх явдал байхад Бурханы ажил бол удирдаж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал юм. Тиймээс, хэдийгээр Ариун Сүнс олон элчийг ашиглаж, олон эш үзүүлэгч Түүгээр дүүргэгдэж байсан ч тэдний ажил ба үг ердөө л бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэхийн төлөө байв. Тэдний зөгнөл бие махбодтой болсон Бурханы хэлсэн амийн үгээс хэтрэн гарч, хүн чанар нь бие махбодтой болсон Бурханыхаас ч давсан байж болох ч тэд үйлчлэл хийж байсан юм биш, харин үүргээ л биелүүлж байсан билээ. Хүний үүрэг нь хүний чиг үүргийг хэлдэг; энэ нь хүний хүрч болох зүйл юм. Харин, бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлдэг үйлчлэл нь Түүний удирдлагатай холбоотой ба үүнд хүн хүршгүй юм. Бие махбодтой болсон Бурхан ярьж, ажиллаж, гайхамшгийг үзүүлж байсан ч Өөрийн удирдлага дунд агуу ажил хийж байгаа ба тийм ажлыг хүн Түүний оронд хийж чадахгүй. Хүний ажил бол Бурханы удирдлагын ажлын тодорхой үе шатанд, бүтээгдсэн зүйлийн үүргээ л биелүүлэх явдал юм. Бурханы удирдлагагүй бол, өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы үйлчлэл алдагдсан бол бүтээгдсэн зүйлийн үүрэг ч гэсэн алдагдах байв. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх Бурханы ажил нь хүнийг удирдах явдал байхад хүн үүргээ биелүүлнэ гэдэг нь Бүтээгчийн шаардлагад нийцэхийн тулд үүрэг даалгавраа биелүүлэх явдал бөгөөд үйлчлэлээ хэрэгжүүлж байгаа хэрэг гэж үзэж яавч болохгүй. Бурханы төрөлхийн мөн чанарт—Түүний Сүнсэнд—Бурханы ажил бол Өөрийнх нь удирдлага, харин бүтээгдсэн зүйлийн гадаад хэлбэртэй бие махбодтой болсон Бурханы хувьд, Түүний ажил бол Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал юм. Тэр ямар ч ажил хийлээ гэсэн, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж байгаа; хүн Бурханы удирдлагын цар хүрээн дотор, Түүний удирдамж дор чадах бүхнээ хийж л болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа”-аас

7. Есүс Бурханы Сүнсийг төлөөлсөн ба шууд ажиллаж байсан Бурханы Сүнс байв. Тэрээр шинэ эрин үеийн ажил буюу өмнө нь хэний ч хийж байгаагүй ажлыг хийсэн юм. Тэрээр шинэ замыг нээж, Еховаг төлөөлж, Бурханыг Өөрийг нь төлөөлж байсан, харин Петр, Паул, Давид нарын хувьд хэн гэж дуудагдаж байснаас үл хамааран тэд зөвхөн Бурханы бүтээлийн ялгамж чанарыг л төлөөлж байсан ба Есүс юм уу Еховагаар илгээгдсэн байв. Иймээс тэд хэчнээн их ажил хийсэн ч, хэчнээн агуу гайхамшиг үзүүлсэн ч ердөө Бурханы бүтээлүүд байсан бөгөөд Бурханы Сүнсийг төлөөлөх чадваргүй байлаа. Тэд Бурханы нэрийн дор ажилласан, эсвэл Бурханаар илгээгдсэнийхээ дараа ажилласан; цаашлаад Есүс юм уу Еховагийн эхлүүлсэн эрин үед ажилласан бөгөөд өөр ямар ч ажил хийгээгүй. Эцсийн эцэст тэд ердөө л Бурханы бүтээлүүд байсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас

8. Иохан ажлын эхний хэсгийг л хийсэн; шинэ ажлын илүү их хэсгийг Есүс хийсэн юм. Иохан ч гэсэн шинэ ажил хийсэн боловч шинэ эрин үеийг эхлүүлсэн нэгэн байгаагүй… Хэдийгээр Иохан ч бас “Та нар гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” хэмээн хэлж, тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээг номлож байсан боловч түүний ажил цаашид хөгжилгүй, ердөө л эхлэлийг бүрдүүлсэн юм. Эсрэгээрээ, Есүс шинэ эрин үеийг эхлүүлж, хуучныг нь төгсгөл болгосон, гэхдээ Тэр бас Хуучин Гэрээний хуулийг биелүүлсэн билээ. Түүний хийсэн ажил Иоханыхаас илүү агуу байснаас гадна Тэрээр бүх хүн төрөлхтнийг золин аврахаар ирсэн—Тэр ажлын тэрхүү үе шатыг гүйцэлдүүлсэн юм. Иоханы тухайд бол тэр зүгээр л замыг бэлдсэн. Хэдийгээр ажил нь агуу, үг нь олон, дагаж байсан шавь нар нь тоо томшгүй олон байсан боловч түүний ажил хүмүүст шинэ эхлэлийг авчрахаас хэтрээгүй. Хүн түүнээс амь, зам юм уу илүү гүн гүнзгий үнэнийг хүлээн аваагүй, мөн түүгээр дамжуулан Бурханы хүслийг ч ойлгоогүй. Иохан нь Есүсийн ажилд зориулсан шинэ газрыг нээж, сонгогдсон хүмүүсийг бэлдсэн агуу эш үзүүлэгч (Елиа) байсан юм; тэрээр Нигүүлслийн эрин үеийн анхдагч байлаа. Зүгээр л хэвийн хүний гадаад төрхийг нь ажиглаад ийм зүйлсийг ялган таних боломжгүй. Ялангуяа Иохан нэлээд их ажил хийсэн, мөн түүнчлэн түүнийг Ариун Сүнс амласан байсан ба ажлыг нь Ариун Сүнс дэмжиж байсан. Ийм болохоор хийдэг ажлаар нь л дамжуулан тэдний тус тусын ялгамж чанарыг хүн ялгаж чадна, учир нь хүний мөн чанарыг гадаад төрхөөс нь ялгаж мэдэх ямар ч аргагүй, мөн хүний хувьд, Ариун Сүнсний гэрчлэл юу болохыг тогтоох ямар ч аргагүй. Иохан, Есүс хоёрын хийсэн ажил адилгүй байсан бөгөөд өөр шинж чанартай байсан. Иохан Бурхан мөн байсан уу, үгүй юү гэдгийг хүн үүнээс тодорхойлж болно. Есүсийн ажил эхлүүлж, үргэлжлүүлж, дуусгаж, үр дүнд хүргэхийн төлөө байв. Тэрээр эдгээр үе шат болгоныг гүйцэтгэсэн байхад Иоханы ажил эхлэл тавихаас хэтрээгүй. Эхэндээ Есүс сайн мэдээ түгээж, гэмшлийн замыг тунхагласан ба дараа нь хүнд баптисм хүртээж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж байлаа. Эцэст нь Тэр хүн төрөлхтнийг нүглээс золин аварч, бүхий л эрин үеийн төлөөх Өөрийн ажлыг дуусгасан юм. Түүнчлэн хаа сайгүй явж, хүнд номлож, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээжээ. Энэ талаараа Иохан Тэр хоёр адилхан байсан бөгөөд ялгаа нь Есүс шинэ эрин үеийг эхлүүлж, хүнд Нигүүлслийн эрин үеийг авчирсан юм. Түүний амнаас, Нигүүлслийн эрин үед хүний хэрэгжүүлэх ёстой үг, хүний дагах ёстой зам гарч, эцэст нь Тэрээр золин авралын ажлыг дуусгажээ. Ийм ажлыг Иохан хэзээ ч хийж чадахгүй байх байв. Иймд Бурханы Өөрийн ажлыг Есүс хийсэн ба Тэр бол Бурханыг шууд төлөөлдөг Бурхан Өөрөө байсан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс

9. Бие махбодтой болсон Бурханы үг шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед барих чиглэлийг нь хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь хэрэгжүүлэлтийн энгийн заавар буюу мэдлэг төдий юм. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү замчилж, эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын Өмнөх үг-ээс

10. Хүмүүсийн ярьдаг зүйл бол тэдний туулсан зүйлс юм. Энэ нь тэдний үзсэн зүйл, оюун ухаанаараа хүрч чадах зүйл бөгөөд мэдрэхүйгээрээ мэдэрч чадах зүйлс юм. Энэ л тэдний нөхөрлөж чадах зүйл билээ. Бурханы махбод болсон биеийн хэлсэн үг нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд Сүнсний хийсэн ажлыг илэрхийлдэг. Махбод нь үүнийг туулаагүй, хараагүй ч махбодын мөн чанар нь Сүнс учраас Түүний оршихуйг илэрхийлсээр байдаг ба Тэрээр Сүнсний ажлыг илэрхийлдэг. Махан бие үүнд хүрэх боломжгүй ч энэ нь Сүнсний аль хэдийн хийчихсэн ажил юм. Бие махбодтой болсныхоо дараа Тэрээр махбодын илэрхийллээр дамжуулан хүмүүст Бурханы оршихуйг мэдүүлж, Бурханы зан чанар болон Түүний хийсэн ажлыг харуулдаг. Хүний ажил нь юунд орох ёстой, юу ойлгох хэрэгтэйг хүмүүст илүү тодорхой болгож өгдөг; энэ нь хүмүүсийг үнэний тухай ойлголт, туршлага руу хөтөлдөг. Хүний ажил хүмүүст дэмжлэг үзүүлэхийн төлөө; Бурханы ажил нь хүн төрөлхтөнд шинэ зам, шинэ эринийг нээж, мөнх бус хүмүүсийн мэдэхгүй зүйлсийг хүмүүст илчилж, Бурханы зан чанарыг мэдэх боломж олгохын төлөө байдаг. Бурханы ажил бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэхийн төлөө байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

11. Хуучин Гэрээний эш үзүүлэгчид зөгнөл хэлдэг байсны адилаар Есүс ч бас тэгсэн. Яагаад тэр вэ? Энд байгаа ялгаа нь ажлын шинж чанарт үндэслэдэг. Энэ асуудлыг ялган танихын тулд чи махан биеийн шинж чанарыг авч үзэх ёсгүй, мөн тэдний үгийн гүн гүнзгий, өнгөц байдлыг ч авч үзэх ёсгүй. Чи үргэлж тэдний ажил болон тэдний ажлын хүнд үзүүлдэг үр нөлөөг эхлээд авч үзэх ёстой. Тухайн үед эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлүүд нь хүний амийг хангаагүй бөгөөд Исаиа, Даниел зэрэг хүмүүсийн хүлээн авсан онгод нь амийн зам биш, ердөө л зөгнөл байсан. Еховагийн шууд илчлэл байгаагүй бол эгэл хүмүүсийн хийх боломжгүй тэр ажлыг хэн ч хийж чадахгүй байх байсан. Есүс ч гэсэн олон үг хэлсэн, гэхдээ тийм үг нь амийн зам байсан ба хүн үүнээс хэрэгжүүлэх замыг олж чадсан юм. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт, Есүс бол амь учраас хүний амийг хангаж чадсан; хоёрдугаарт, Тэр хүний гажуудлыг өөрчилж чадсан; гуравдугаарт, Тэрээр эрин үеийг үргэлжлүүлэхийн тулд Еховагийн ажлыг залгамжилж чадсан; дөрөвдүгээрт, Тэр хүний доторх хэрэгцээг ухаарч, хүнд юу дутагдаж байгааг ойлгож чадсан; тавдугаарт, Тэр шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эринийг төгсгөж чадсан. Тийм учраас Түүнийг Бурхан, Христ гэж нэрлэдэг; Тэр Исаиагаас төдийгүй бусад бүх эш үзүүлэгчээс өөр юм. Эш үзүүлэгчдийн ажилтай харьцуулахын тулд Исаиаг авч үзье. Нэгдүгээрт, тэр хүний амийг хангаж чадаагүй; хоёрдугаарт, шинэ эрин үеийг эхлүүлж чадаагүй. Тэрээр Еховагийн удирдлага дор ажиллаж байсан болохоос шинэ эрин үеийг эхлүүлэх гэж ажиллаагүй. Гуравдугаарт, түүний хэлсэн зүйл өөрөөс нь давсан байв. Тэрээр Бурханы Сүнснээс шууд илчлэл хүлээн авч байсан ба бусад нь тэдгээрийг сонсчихоод ч ойлгохгүй байсан юм. Түүний үг бол ердөө л зөгнөлөөс цаашгүй, Еховагийн оронд хийсэн ажлын нэг талаас хэтрэхгүй байсан гэдгийг батлахад энэ цөөн хэдэн зүйл дангаараа хангалттай билээ. Гэхдээ тэр Еховаг бүрэн төлөөлж чадаагүй. Тэр бол Еховагийн зарц, Еховагийн ажлын хэрэгсэл байсан юм. Тэрээр зөвхөн Хуулийн эрин үе дотор, Еховагийн ажлын цар хүрээн дэх ажлыг л хийж байсан; тэр Хуулийн эрин үеэс цааш ажиллаагүй. Харин Есүсийн ажил өөр байв. Есүс Еховагийн ажлын цар хүрээг давсан; Тэрээр бие махбодтой болсон Бурхан болж ажилласан бөгөөд бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд цовдлогдсон. Өөрөөр хэлбэл, Тэр Еховагийн хийсэн ажлын гаднах шинэ ажлыг гүйцэтгэсэн юм. Энэ нь шинэ эрин үеийг эхлүүлэх явдал байв. Дээр нь нэмээд Тэр хүний хүрч чадахгүй зүйлсийн талаар хэлж чаддаг байлаа. Түүний ажил нь Бурханы удирдлага доторх ажил байсан бөгөөд бүх хүн төрөлхтөнтэй холбоотой байв. Тэр цөөн хэдхэн хүн дээр ажиллаагүй, Түүний ажил цөөн тооны хүмүүсийг удирдахын төлөө ч байгаагүй… Түүний ажлаас, нэгдүгээрт, Тэр шинэ эрин үеийг нээж чаддаг; хоёрдугаарт, Тэр хүний амийг хангаж, хүний дагах замыг харуулж чаддаг гэдгийг харж болно. Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг тогтооход энэ хангалттай. Хамгийн наад зах нь, Түүний хийдэг ажил Бурханы Сүнсийг бүрэн төлөөлж чадах ба Бурханы Сүнс Түүн дотор байгаа гэдгийг ийм ажлаас харж болно. Бие махбодтой болсон Бурханы хийдэг ажил нь үндсэндээ шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг удирдан чиглүүлж, шинэ ертөнцийг нээхийн төлөө байдаг учраас Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг батлахад эдгээр нь дангаараа хангалттай. Тиймээс энэ нь Түүнийг, Исаиа, Даниел болон бусад агуу эш үзүүлэгчдээс ялгаж байгаа юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа”-аас

12. Та нар Бурханы ажлыг хүний ажлаас яаж ялгахаа мэддэг байх ёстой. Хүний ажлаас чи юу харж болох вэ? Хүний ажилд хүний туршлагын маш олон элемент байдаг; хүн өөрийнхөө юу болохыг илэрхийлдэг. Бурханы Өөрийн ажил ч бас Тэр юу болохыг илэрхийлдэг боловч Түүний оршихуй нь хүнийхээс өөр юм. Хүний оршихуй нь хүний туршлага болон амьдралыг (амьдралдаа туулж, тулгардаг зүйлс, хүнд байдаг амьдралын гүн ухааныг) төлөөлдөг ба өөр өөр орчинд амьдарч байгаа хүмүүс өөр өөр оршихуйг илэрхийлдэг. Нийгмийн туршлагатай эсэх, гэр бүлдээ яг хэрхэн амьдарч, туршлагаждаг вэ гэдгийг чинь чиний илэрхийлдэг зүйлээс харж болдог бол бие махбодтой болсон Бурханы ажлаас Түүнд нийгмийн туршлага байгаа эсэхийг харах аргагүй. Бурхан хүний мөн чанарыг сайн мэддэг бөгөөд бүх төрлийн хүмүүст хамаатай төрөл бүрийн хэрэгжүүлэлтийг илчилж чадна. Тэрээр хүний ялзарсан зан чанар, тэрслүү үйлдлийг бүр ч сайн илчилж чаддаг. Тэрээр ертөнцийн хүмүүс дунд амьдардаггүй боловч эгэл хүмүүсийн уг чанарыг болон ертөнцийн хүмүүсийн бүх завхралыг мэддэг. Энэ нь Түүний оршихуй юм. Тэр дэлхий ертөнцтэй харьцдаггүй хэдий ч дэлхий ертөнцтэй харьцах дүрмийг мэддэг, учир нь Тэр хүний уг чанарыг бүрэн ойлгодог билээ. Хүний нүдээр харж, чихээр сонсох аргагүй өнгөрсөн болон өнөөдрийн Сүнсний ажлын тухай Тэр мэднэ. Үүнд амьдралын гүн ухаан бус мэргэн ухаан болон хүмүүсийн хувьд ойлгоход хэцүү санагддаг гайхамшиг багтдаг. Энэ нь Түүний оршихуй бөгөөд хүмүүст ил, бас хүмүүсээс нуугдмал байдаг. Тэрээр ер бусын хүн юу болохыг илэрхийлдэггүй, харин Сүнсний төрөлх шинж чанар ба оршихуйг илэрхийлдэг. Тэрээр дэлхийг тойрон аялдаггүй боловч бүх зүйлийг нь мэддэг. Тэр мэдлэггүй, ойлголтгүй “хүн дүрст сармагчнууд”-тай холбогддог боловч мэдлэгээс өндөр, агуу хүмүүсээс дээгүүр үгийг илэрхийлдэг. Тэрээр хүн чанаргүй, хүн төрөлхтний ёс журам болон амьдралыг ойлгодоггүй мулгуу, хөшүүн бүлэг хүмүүсийн дунд амьдардаг боловч хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг хүн төрөлхтнөөс хүсэхийн зэрэгцээ хүн төрөлхтний адгийн, дорд хүн чанарыг илчилдэг. Энэ бүхэн бол Түүний оршихуй бөгөөд мах цуснаас бүрдсэн ямар ч хүнээс дээр юм. Түүний хувьд, ярвигтай, төвөгтэй, бузар булай нийгмийн амьдралыг туулах шаардлагагүйгээр хийх хэрэгтэй ажлаа хангалттай хийж, завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг бүрэн илчилдэг. Тийм бузар булай нийгмийн амьдрал Түүний махбодыг босгон байгуулдаггүй. Түүний үг, ажил нь хүний дуулгаваргүй байдлыг л илчилдэг бөгөөд дэлхий ертөнцтэй харьцахад зориулсан туршлага, сургамжаар хүнийг хангадаггүй. Тэрээр хүнийг амиар хангахдаа нийгэм болон хүний гэр бүлийг мөрдөн шалгах шаардлагагүй байдаг. Хүнийг илчилж, шүүх нь Түүний махбодын туршлагын илэрхийлэл биш; харин хүний дуулгаваргүй байдлыг аль хэдийн мэдэж, хүн төрөлхтний завхралд зэвүүцсэний дараа хүний шударга бус байдлыг илчлэх явдал юм. Түүний хийдэг ажил нь бүгд Түүний зан чанарыг хүнд илчилж, Түүний оршихуйг илэрхийлэх явдал юм. Тэр л энэ ажлыг хийж чадна; энэ нь мах, цуснаас бүтсэн хүний хийж чадах зүйл биш. Түүний ажлаас хүмүүс Тэр ямар төрлийн хүн бэ гэдгийг таньж чадахгүй. Бас Түүний ажилд үндэслэн Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилж чадахгүй. Түүний оршихуй нь Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилах аргагүй болгодог. Хүн Түүнийг хүн биш гэж л тооцож чадах боловч ямар ангилалд оруулахаа мэддэггүй тул Бурхан гэж ангилахаас өөр аргагүйд хүрдэг. Хүний хувьд ингэх нь үндэслэлгүй зүйл биш, учир нь Бурхан хүний хийж чадахгүй маш их ажлыг хүмүүсийн дунд хийсэн билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

13. Бурхан газар дээр ирэх үедээ Өөрийнхөө ажлыг л бурханлаг чанараар хийдэг бөгөөд энэ бол бие махбодтой болсон Бурханд тэнгэрлэг Сүнсний даалгасан зүйл юм. Ирэх үедээ Тэр гагцхүү газар нутаг даяар үгээ хэлж, Өөрийн айлдваруудыг өөр өөр аргаар, өөр өөр өнцгөөс айлддаг. Тэр үндсэндээ хүнийг хангаж, хүнд зааж сургах явдлыг Өөрийн зорилго, ажиллах зарчим гэж авч үздэг бөгөөд хүн хоорондын харилцаа юм уу хүмүүсийн амьдралын нарийн ширийнийг анхаардаггүй. Түүний гол үйлчлэл нь Сүнсний өмнөөс ярих явдал юм. Өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс махбодод бодитоор илрэх үедээ зөвхөн хүний амийг хангаж, үнэнийг гаргадаг. Тэр хүний ажилд хутгалддаггүй, өөрөөр хэлбэл, хүмүүсийн ажилд оролцдоггүй. Хүмүүс бурханлаг ажил хийж чаддаггүй, Бурхан хүний ажилд оролцдоггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа”-аас

14. Махбод дахь Бурхан хүн төрөлхтний завхралыг шүүсэн цагт л Сатаныг бүрэн ялж болно. Хэвийн хүн чанар эзэмшдэг хүнтэй адил байснаар махбод дахь Бурхан хүний зөвт бус байдлыг шууд шүүж чаддаг; энэ бол Түүний төрөлхийн ариун байдал болон Түүний ер бусын байдлын тэмдэг юм. Бурхан л хүнийг шүүх байр суурьтай байж, хүнийг шүүхэд тохирно, учир нь Тэр үнэн болон зөвт байдлыг эзэмшдэг тул хүнийг шүүх чадвартай. Үнэн болон зөвт байдалгүй хүмүүс бусдыг шүүхэд тохирохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

15. Хүний хийдэг ажил хязгаарлагдмал цар хүрээг л хамардаг бөгөөд Бурхан ажлаа хийх үедээ тодорхой нэг хүнтэй ярьдаггүй, харин бүх хүн төрөлхтөнтэй, Түүний үгийг хүлээн зөвшөөрдөг бүх хүнтэй ярьдаг. Түүний тунхагладаг төгсгөл бол тодорхой нэг хүний төгсгөл биш, харин бүх хүн төрөлхтний төгсгөл билээ. Тэр хэнийг ч тусгайлан харж ханддаггүй, мөн хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, Тэр бүх хүн төрөлхтний төлөө ажиллаж, үгээ хэлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

16. Бурханы ажилд дүрэм гэж үгүй бөгөөд цаг хугацаа, газар зүйн хил хязгаарт баригддаггүй. Тэр хэзээ ч, хаана ч Өөрийнхөө юу болохыг илэрхийлж чадна. Тэр хүссэнээрээ ажилладаг. Хүний ажилд нөхцөл байдал, орчин гэж бий; эс бөгөөс хүн ажиллаж чадахгүй, бас Бурханы тухай мэдлэг, үнэний тухай туршлагаа илэрхийлж чадахгүй. Бурханы Өөрийн ажил уу, хүний ажил уу гэдгийг танихын тулд чи энэ хоёрын ялгааг л харьцуулах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

17. Хүний ажилд цар хүрээ, хязгаарлалт гэж бий. Нэг хүн тодорхой үе шатны ажлыг л хийнэ үү гэхээс бүхий л эрин үеийн ажлыг хийж чадахгүй—эс бөгөөс тэрээр хүмүүсийг нэг төрлийн дүрэм журам руу хөтлөх байлаа. Хүний ажил зөвхөн тодорхой цаг хугацаа, үе шатанд л хэрэглэгдэж болно. Учир нь хүний туршлагад цар хүрээ байдаг. Хүний ажлыг Бурханы ажилтай харьцуулж болохгүй. Хүний хэрэгжүүлэлтийн зам болон үнэний тухай мэдлэг нь бүгд тодорхой цар хүрээнд тохиромжтой. Иймд хүний алхдаг замыг бүхэлдээ Ариун Сүнсний хүсэл гэж хэлж болохгүй, учир нь хүнийг Ариун Сүнс л гэгээрүүлж чадах бөгөөд Ариун Сүнс түүнийг бүрэн дүүргэж чадахгүй. Хүний туулж болох зүйлс бүгд хэвийн хүн чанарын цар хүрээн дотор байдаг ба хэвийн хүний оюун ухаан дахь бодлын хүрээнээс хальж чадахгүй. Үнэний бодит байдлыг амьдран харуулж чаддаг бүх хүн энэ цар хүрээн дотор туршлагаждаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

18. Хүний туулдаг үнэний цар хүрээ нь хүн бүрийн нөхцөл байдалд тулгуурлан хүнээс хүнд үргэлж ялгаатай байдаг. Ийм маягаар, нэг үнэний талаар өөр өөр хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг адилхан байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүний туршлага үргэлж хязгаартай байж, Ариун Сүнсний хүслийг бүрэн төлөөлж чаддаггүй бөгөөд хүний илэрхийлж буй зүйл Бурханы хүсэлтэй маш ойр нийцэж байсан ч гэсэн, мөн хүний туршлага Ариун Сүнсний явуулдаг төгс болгох ажилтай тун ойр байсан ч гэсэн хүний ажлыг Бурханы ажил гэж үзэж болохгүй. Хүн зөвхөн Бурханы зарц байж, даалгасан ажлыг нь хийж л чадна. Хүн Ариун Сүнсний гэгээрлээс олж авсан мэдлэг болон хувийн туршлагаараа олж авсан үнэнийг илэрхийлж л чадна. Хүн Ариун Сүнсний гарц байхад тэнцдэггүй, мөн болзлыг нь хангадаггүй. Өөрийнх нь ажил бол Бурханы ажил гэж хэлэх эрхгүй. Хүнд хүний ажиллах зарчим гэж байдаг, бүх хүн янз бүрийн туршлага, олон янзын нөхцөл байдалтай байдаг. Хүний ажилд Ариун Сүнсний гэгээрэл дор олж авсан бүх туршлага нь багтдаг. Эдгээр туршлага хүний оршихуйг л төлөөлж чадна уу гэхээс Бурханы оршихуй, Ариун Сүнсний хүслийг төлөөлдөггүй. Тиймээс хүний алхдаг замыг Ариун Сүнсний алхдаг зам гэж хэлж болохгүй, учир нь хүний ажил Бурханы ажлыг төлөөлж чаддаггүй бөгөөд хүний ажил болон туршлага нь Ариун Сүнсний бүрэн гүйцэд хүсэл биш юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

19. Хүний ажил дүрэмд баригдахдаа амархан бөгөөд ажлынх нь арга барил хязгаарлагдмал хүрээнд хялбархан баригдаж, хүмүүсийг чөлөөтэй зам руу хөтөлж чаддаггүй. Ихэнх дагалдагч хязгаарлагдмал хүрээн дотор амьдардаг ба туршлагажих зам нь ч хязгаарлагдмал цар хүрээтэй байдаг. Хүний туршлага үргэлж хязгаарлагдмал байдаг; ажлын арга барил нь ч бас хэдхэн төрлөөр хязгаарлагддаг ба Ариун Сүнсний ажил юм уу Бурханы Өөрийн ажилтай харьцуулж болохгүй. Учир нь хүний туршлага эцсийн эцэст хязгаарлагдмал билээ. Харин Бурхан ажлаа хийхдээ дүрэм журамд баригддаггүй; үүнийг яаж ч хийлээ гэсэн ганцхан арга барилаар хязгаарлагддаггүй. Бурханы ажилд ямар ч дүрэм гэж байдаггүй—Түүний бүх ажил хязгаарлалтгүй, чөлөөтэй байдаг. Хүн Түүнийг дагахдаа хэчнээн ч их хугацаа зарцууллаа гэсэн Бурханы ажиллах арга замыг захирдаг ямар ч хуулийг нэгтгэн дүгнэж чаддаггүй. Түүний ажил зарчимтай хэдий ч үргэлж шинэ арга замаар хийгдэн, ямагт шинэ өрнөлтэй байдаг, үүнд хүн хүрэх аргагүй. Ганцхан цаг үед Бурхан хэд хэдэн өөр төрлийн ажил, хүмүүсийг удирдах өөр өөр арга замтай байж, хүмүүсийг үргэлж шинэ оролт, шинэ өөрчлөлттэй байлгаж болно. Тэр үргэлж шинэ арга замаар ажиллаж байгаа учраас Түүний ажлын хуулийг чи ялган таньж чадахгүй бөгөөд тиймээс л Бурханыг дагалдагчид дүрэмд баригддаггүй. Бурханы Өөрийн ажил үргэлж хүмүүсийн үзлээс зайлсхийж, үзлийг нь сөрдөг. Чин сэтгэлээсээ Түүнийг дагаж, эрэлхийлдэг хүмүүс л зан чанараа өөрчилж, ямар нэг дүрэм журамд баригдах юм уу шашны үзэлд авталгүйгээр чөлөөтэй амьдарч чаддаг. Хүний ажил өөрийнхөө хувийн туршлага, хүрч чадах зүйлд үндэслэн хүмүүст шаардлага тавьдаг. Эдгээр шаардлагын стандарт нь тодорхой цар хүрээн дотор хязгаарлагдаж, хэрэгжүүлэх арга барил нь ч бас маш хязгаарлагдмал байдаг. Тиймээс дагалдагчид өөрийн мэдэлгүй энэ хязгаарлагдмал цар хүрээн дотор амьдардаг; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эдгээр зүйл дүрэм журам, зан үйл болдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

20. Хүмүүс ажиллах үедээ эрж хайж, тэмтчин явж, илүү гүн оролтод хүрэхийн тулд бусдын тавьсан суурин дээр үндэслэн үргэлж дуурайж, цэгнэн нягталж байдаг. Бурханы ажил бол Тэр юу болохын хангалт бөгөөд Тэрээр хийх учиртай ажлаа хийдэг. Тэрээр хэн нэгэн хүний ажлаас гарсан мэдлэгийг ашиглан чуулганыг хангадаггүй. Харин ч, хүмүүсийн байр байдалд үндэслэн өнөөгийн ажлыг хийдэг. Тиймээс, ийм маягаар ажиллах нь хүмүүсийн хийдэг ажлаас хэдэн мянга дахин илүү эрх чөлөөтэй. Хүмүүсийн хувьд, Бурхан үүргээ мөрддөгггүй, хүссэнээрээ ажилладаг мэт харагдаж болох боловч Түүний хийдэг бүх ажил шинэ байдаг. Гэхдээ, бие махбодтой болсон Бурханы ажил хэзээ ч мэдрэмжид үндэслэдэггүй гэдгийг чи мэдэх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (5)”-аас

21. Хүний ажил өөрийнх нь туршлага болон хүн чанарыг төлөөлдөг. Хүний хангадаг зүйл болон хийдэг ажил нь өөрийг нь төлөөлдөг. Хүний ойлголт, үндэслэл, логик болон баялаг төсөөлөл бүгд түүний ажилд агуулагддаг. Ялангуяа хүний туршлага ажлыг нь төлөөлж чаддаг ба хүний туршлага ажлынх нь бүрэлдэхүүн хэсэг болдог. Хүний ажил туршлагыг нь илэрхийлж чадна… хүний байр байдлаас хамаарч Ариун Сүнсний ажил байнга өөрчлөгддөг. Тэрээр хүний туршлагын дагуу ажиллаж, хүнийг хүчилдэггүй боловч туршлагынх нь хэвийн явцын дагуу хүмүүст шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүний нөхөрлөл Бурханы үгээс ялгаатай. Хүмүүсийн нөхөрлөдөг зүйл өөрсдийнх нь ойлголт болон туршлагыг дамжуулж, Бурханы ажилд үндэслэсэн ойлголт, туршлагыг нь илэрхийлдэг. Бурханыг ажиллаж, үг хэлсний дараа, юуг хэрэгжүүлж, юунд орох учиртайгаа олж мэдээд, дараа нь дагалдагчдад дамжуулах нь тэдний хариуцлага юм. Тиймээс хүний ажил өөрийнх нь оролт болон хэрэгжүүлэлтийг төлөөлдөг. Мэдээж ийм ажилд хүний сургамж, туршлага, эсвэл зарим нэг бодол холилдсон байдаг… Хүний илэрхийлдэг зүйл нь түүний харж, туулдаг, мөн төсөөлж чадах зүйлс бөгөөд хоосон сургаал, эсвэл үзэл байлаа ч гэсэн, үүнд хүний сэтгэхүйгээр хүрч болохуйц байдаг. Хүний ажил ямар ч хэмжээтэй байсан бай, хүний туршлагын цар хүрээнээс давж чадахгүй, мөн хүний ойлгодог зүйл, эсвэл хүний төсөөлж, ухан ойлгож чадах зүйлийн цар хүрээнээс ч давж чадахгүй. Бурханы илэрхийлдэг зүйл нь Бурхан Өөрөө юу болох бөгөөд үүнд хүн хүршгүй—өөрөөр хэлбэл, үүнд хүний сэтгэхүйгээр хүрэх аргагүй. Тэрээр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн учиртай хамаагүй, харин Өөрийнх нь удирдлагатай холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг буюу Өөрийн төрөлх зан чанарыг илэрхийлдэг бөгөөд үүнд хүн хүршгүй. Хүний туршлага нь Бурханы оршихуйн илэрхийлэлд тулгуурлан олж авсан ойлголт болон мэдлэг юм. Ийм ойлголт болон мэдлэгийг хүний оршихуй гэдэг бөгөөд хүний төрөлх зан чанар, бодит хэв чанарт үндэслэн илэрхийлэгддэг—ийм учраас тэдгээрийг ч бас хүний оршихуй гэж нэрлэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

22. Хүн оюун санаандаа байгаа ажлыг маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пастор, удирдагчид авьяас билиг, байр сууриндаа тулгуурлан ажлаа хийдэг. Удаан хугацаанд тэднийг дагасан хүмүүст тэдний авьяас билиг халдварлаж, оршихуйн зарим нь нөлөөлнө. Тэд хүмүүсийн авьяас билиг, ур чадвар, мэдлэгт анхаарч, мөн ер бусын зүйл, бодит бус гүн гүнзгий олон сургаалд (мэдээж, эдгээр гүн гүнзгий сургаалд хүрэхийн аргагүй) анхаарал хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанарын өөрчлөлтөд анхаарлаа төвлөрүүлдэггүй, харин хүмүүсийг номлох, ажиллахад сургаж, тэдний мэдлэг болон элбэг арвин шашны сургаалыг сайжруулахад анхаардаг. Хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөнийг, хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг тэд анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэх гэж оролдох нь байтугай, мөн чанарынх нь талаар ч хайхардаггүй. Хүмүүсийн үзлийг сөрдөггүй, үзлийг нь ч илчилдэггүй, дутагдал, завхралынх нь төлөө хүмүүсийг засаж бүр ч чаддаггүй. Тэднийг дагадаг ихэнх хүн авьяас билгээрээ үйлчилдэг ба илэрхийлдэг бүхэн нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй шашны үзэл, теологийн онол байдаг. Үнэндээ тэдний ажлын мөн чанар нь авьяасыг хөгжүүлж, юу ч үгүй хүнийг хөгжүүлээд, хожим нь ажиллаж, удирдахаар явах шашны сургуулийн авьяаслаг төгсөгч болгох явдал юм. Бурханы зургаан мянган жилийн ажлаас чи ямар нэг хууль дүрмийг олж мэдэж чадах уу? Хүний хийдэг ажилд маш олон дүрэм, хязгаарлалт байдаг ба хүний уураг тархи хэтэрхий онолдох дуртай. Тиймээс хүний илэрхийлдэг зүйл бол өөрийнх нь туршлагын цар хүрээн доторх ухаарал, мэдлэг юм. Хүн үүнээс өөр зүйлийг илэрхийлж чадахгүй. Хүний туршлага болон мэдлэг нь түүний төрөлхийн авьяас билгээс, эсвэл зөн билгээс гардаггүй; харин Бурханы удирдамж, шууд хариулгаас гарч ирдэг. Хүн зөвхөн энэ хариулгыг хүлээн авах чадвартай болохоос биш, бурханлаг чанар юу болохыг шууд илэрхийлж чаддаг чадвар байхгүй. Хүн өөрөө эх сурвалж байж чадахгүй; зөвхөн эх сурвалжаас ус хүлээж авдаг сав л байж чадна; энэ бол хүний зөн билиг, хүн болгонд байх ёстой чадвар юм. Хэрвээ хүн Бурханы үгийг хүлээн авах чадвараа алдаж, хүний зөн билгээ гээвэл хамгийн эрхэм нандин зүйлээ ч бас алдаж, бүтээгдсэн хүний үүргийг алддаг. Хэрвээ хүнд Бурханы үг юм уу ажлын тухай мэдлэг, туршлага байхгүй бол тэр хүн өөрийн үүргийг буюу бүтээл болохынхоо хувьд гүйцэтгэх ёстой үүргээ алдаж, бүтээлийн эрхэм чанараа алддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

23. Эцсийн эцэст Бурханы ажил хүний ажлаас өөр, түүнчлэн Түүний илэрхийлэл яаж тэднийхтэй адилхан байж болох юм бэ? Бурханд Өөрийн гэсэн онцгой зан чанар байдаг, харин хүнд биелүүлэх учиртай үүрэг гэж бий. Бурханы зан чанар ажлаар нь илэрхийлэгддэг байхад хүний үүрэг нь хүний туршлагад биеллээ олж, хүний эрэл хайгуулаар илэрхийлэгддэг. Тиймээс хийгдсэн ажлаас ямар нэг зүйл Бурханы илэрхийлэл үү, эсвэл хүний илэрхийлэл үү гэдэг нь илэрхий болдог. Үүнийг Бурхан Өөрөө тайлбарлах хэрэггүй, хүн гэрчлэл хийхээр чармайх ч шаардлагагүй; түүнчлэн Бурхан Өөрөө ямар нэг хүнийг дарангуйлах хэрэггүй. Энэ бүхэн нь төрөлхийн илчлэл болон гарч ирдэг; энэ нь албадан тулгах юм уу хүн хөндлөнгөөс оролцож чадах зүйл биш. Хүний үүргийг илэрхийллээр нь дамжуулан мэдэж болох ба ямар нэгэн нэмэлт туршлагын ажил хийхийг хүмүүсээс шаарддаггүй. Хүний бүх мөн чанар үүргээ гүйцэтгэж байхад нь илчлэгдэж болдог байхад Бурхан ажлаа хийх зуураа төрөлх зан чанараа илэрхийлж чаддаг. Хэрвээ энэ нь хүний ажил мөн бол үүнийг нуун далдалж болдоггүй. Харин Бурханы ажил бол Бурханы зан чанарыг хэн нэгэн хүн далдлах бүр ч боломжгүй, хүн үүнийг хянах бүр ч боломжгүй. Нэг ч хүнийг Бурхан гэж хэлж болохгүй, мөн тэдний ажил болон үгийг ариун гэж харах юм уу хувиршгүй гэж үзэж болохгүй. Бурхан Өөрийгөө махбодоор хувцасласнаас болоод Түүнийг хүн гэж хэлж болох боловч Түүний ажлыг хүний ажил юм уу хүний үүрэг гэж үзэж болохгүй. Түүнчлэн, Бурханы айлдвар болон Паулын захиаг адилтган үзэж болохгүй, Бурханы шүүлт, гэсгээлт болон хүний удирдамжийн үгсийг эн зэрэгцүүлэн ярьж ч болохгүй. Тиймээс Бурханы ажлыг хүний ажлаас ялгадаг зарчмууд байдаг. Тэдгээрийг ажлын цар хүрээ, эсвэл түр зуурын бүтээмжийнх нь дагуу биш, харин мөн чанараар нь ялгадаг. Энэ сэдвийн тухай ихэнх хүмүүс зарчмын алдаа гаргадаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Арван гурван захидлын талаар чи ямар хандлага баримталдаг вэ?”-ээс

24. Учир нь, хүмүүс бол эцсийн эцэст хүмүүс бөгөөд бүх зүйлийг зөвхөн хүний өнцгөөс, хүний өндрөөс л харж чадна. Гэтэл бие махбодтой болсон Бурхан бол ялзарсан хүнээс тэс өөр юм. Бие махбодтой болсон Бурханы махбод хэчнээн жирийн, хэчнээн хэвийн, хэчнээн дорд байх нь хамаагүй, хүмүүс Түүнийг хэчнээн басамжилж дорд үзэх нь хамаагүй, Түүний бодол болон хүн төрөлхтөнд хандах хандлага нь ямар ч хүний эзэмшиж чадахгүй, ямар ч хүний дуурайж чадахгүй зүйл билээ. Тэрээр хүн төрөлхтнийг бурханлаг чанарын өнцгөөс, Бүтээгч хэмээх Өөрийн байр суурийн өндрөөс үргэлж ажиглах болно. Тэр Бурханы мөн чанар, сэтгэхүйгээр хүн төрөлхтнийг үргэлж харах болно. Тэр хүн төрөлхтнийг жирийн хүний дорд өндрөөс, ялзарсан хүний өнцгөөс харж огтхон ч чадахгүй. Хүмүүс хүн төрөлхтнийг харахдаа хүний хараагаар л хардаг бөгөөд хүний мэдлэг, хүний дүрэм болон онолыг хэмжүүрээ болгодог. Энэ нь хүмүүсийн нүдээрээ харж чадах цар хүрээ, ялзарсан хүмүүсийн хүрч чадах цар хүрээн дотор байдаг. Бурхан хүн төрөлхтнийг харахдаа бурханлаг хараагаар хардаг бөгөөд Өөрийн мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг хэмжүүрээ болгодог. Энэ цар хүрээ нь хүмүүсийн харж чаддаггүй зүйлсийг багтаадаг бөгөөд үүгээрээ бие махбодтой болсон Бурхан ба ялзарсан хүмүүс хоорондоо эрс ялгардаг. Энэ ялгаа нь хүмүүс болон Бурханы өөр өөр мөн чанараар тодорхойлогддог бөгөөд эдгээр ялгаатай мөн чанар нь тэдний ялгамж чанар, байр суурь, аливааг харах өнцөг болон өндрийг тодорхойлдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас

25. Магадгүй хүний ажлын туршлага, төсөөлөл, оюун дүгнэлт нэлээд өндөр, хүн чанар нь нэлээд сайн байж болох юм; ийм шинж чанар нь хүмүүсийн бахдал бишрэлийг л олж авдаг боловч тэдэнд хүндлэл болон айдас түгшүүр төрүүлдэггүй. Сайн ажиллаж чаддаг, ялангуяа гүн туршлагатай, үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүсийг бүгд биширдэг боловч тэд биширч, атаархахаас бус, огт эмээдэггүй. Гэхдээ Бурханы ажлыг туулсан хүмүүс Бурханыг биширдэггүй; харин ч Бурханы ажил бол хүний хүрч чадахааргүй, хүнд ойлгогдошгүй, шинэлэг гайхалтай гэдгийг мэдэрдэг. Хүмүүс Бурханы ажлыг туулах үедээ Тэр бол хэмжээлшгүй, ухаалаг, гайхалтай гэдгийг эхлээд мэдэж, өөрийн эрхгүй Түүнийг хүндэлж, Түүний хийдэг ажлын нууцыг мэдэрдэг ба үүнд хүний оюун ухааны мэдлэгийн хүрээ хүрэхээргүй юм. Хүмүүс зөвхөн Түүний шаардлагад нийцэж, Түүний хүслийг биелүүлж чаддаг байхыг л хүсдэг; тэд Түүнээс давахыг хүсдэггүй, учир нь Түүний хийдэг ажил хүний бодол, төсөөллөөс хамаагүй давуу бөгөөд хүн оронд нь хийж чадахгүй. Хүн өөрөө ч хангалтгүй байдлаа мэддэггүй атал Бурхан шинэ замыг нээж, хүнд шинэ, илүү сайхан ертөнцийг авчрахаар ирдэг тул хүн төрөлхтөн шинэ ахиц дэвшилд хүрч, шинээр эхэлдэг. Бурханы талаар хүмүүсийн мэдэрдэг зүйл бишрэл биш, харин ч зөвхөн бишрэлээр зогсохгүй. Тэдний хамгийн гүнзгий туршлага нь хайр, хүндлэл байдаг; Бурхан бол үнэхээр гайхалтай гэдэг мэдрэмж юм. Тэрээр хүний хийж чадахгүй ажлыг хийж, хэлж чадахгүй зүйлийг хэлдэг. Бурханы ажлыг туулсан хүмүүс үргэлж үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмжтэй байдаг. Илүү гүнзгий туршлагатай хүмүүс Бурханыг гэх хайрыг ойлгож чаддаг; тэд Бурханы хайр татам байдлыг мэдэрч, Түүний ажил маш ухаалаг, маш гайхалтай гэдгийг мэдэрдэг, улмаар тэдний дунд хязгааргүй их хүч үүсдэг. Энэ бол айдас, эсвэл түр зуурын хайр, хүндлэл биш, харин хүнийг гэсэн Бурханы энэрэл, хүлээцтэй байдлын тухай гүн гүнзгий мэдрэмж юм. Гэвч, Түүний гэсгээлт, шүүлтийг туулсан хүмүүс сүр жавхланг нь мэдэрч, Тэр ямар ч халдлагыг тэвчдэггүй гэдгийг мэдэрдэг. Түүний ихээхэн ажлыг туулсан хүмүүс хүртэл Түүнийг ойлгож чаддаггүй; Түүнийг үнэн голоосоо хүндэлдэг бүх хүн Бурханы ажил хүний үзэлтэй нийцдэггүй, хүний үзэлтэй үргэлж сөргөлддөг гэдгийг мэддэг. Хүмүүс бишрэлээр дүүрэн байж, Өөрийг нь дагаж байгаа мэт царайлах нь Түүнд хэрэггүй; харин ч жинхэнэ хүндлэл, жинхэнэ дуулгавартай байдал л хэрэгтэй. Бурханы ихээхэн ажилд, жинхэнэ туршлагатай хэн боловч Бурханыг хүндэлдэг ба энэ нь зүгээр нэг бишрэлээс илүү юм. Хүмүүс Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлаас үүдэн Түүний зан чанарыг харсан бөгөөд тиймээс зүрхнийхээ угаас Бурханыг хүндэтгэн биширдэг. Бурханыг хүн хүндэлж, дуулгавартай дагах учиртай, учир нь Түүний оршихуй болон зан чанар бүтээгдсэн зүйлийнхтэй адилгүй, үүнээс дээгүүр юм. Бурхан бол өөрөө оршин тогтнодог, үүрд мөнхийн, бүтээгдсэн бус зүйл бөгөөд Бурханыг л хүндэлж, дуулгавартай дагавал зохино; хүн ийм шаардлага хангадаггүй. Тиймээс, Бурханы ажлыг туулсан, Бурханыг жинхэнээсээ мэддэг хүмүүс Түүнийг хүндэлдэг. Харин Түүний талаарх үзлээ орхидоггүй—Түүнийг Бурхан гэж ер үздэггүй хүмүүст—Бурханыг гэх хүндлэл байдаггүй, хэдийгээр тэд Бурханыг дагадаг ч байлдан дагуулагддаггүй; тэд бол угаасаа дуулгаваргүй хүмүүс юм. Бүтээгдсэн бүх зүйл Бүтээгчийг хүндэлдэг зүрх сэтгэлтэй болж, Түүнд шүтэн мөргөж, ямар ч болзолгүйгээр Түүний ноёрхолд захирагдах үр дүнд хүрэхийн тулд Тэрээр ингэж ажилладаг. Энэ бол Түүний бүх ажлын хүрэхээр зорьж буй эцсийн үр дүн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

26. Хэрвээ хүн энэ ажлыг хийсэн бол хэтэрхий хязгаарлагдмал болох байлаа: Энэ нь хүнийг тодорхой цэгт аваачиж болох ч мөнхийн хүрэх газарт нь хүргэж чадахгүй байх байв. Хүний хувь заяаг хүн шийдэж чаддаггүй, цаашлаад хүний хэтийн ирээдүй, хожмын хүрэх газрыг ч баталгаажуулж чадахгүй. Харин Бурханы хийдэг ажил бол өөр. Тэрээр хүнийг бүтээсэн тул хүнийг удирдан чиглүүлдэг; Тэр хүнийг авардаг тул бүрмөсөн аварч, бүрэн дүүрэн олж авна; Тэр хүнийг удирдан чиглүүлдэг тул зүй зохистой хүрэх газарт нь аваачна; Тэр хүнийг бүтээсэн, бас удирддаг тул хувь заяа, хэтийн ирээдүйнх нь тухайд хариуцлага хүлээх ёстой. Бүтээгчийн хийдэг ажил энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

Өмнөх: VIII. Цор ганц жинхэнэ Бурхан байдаг: “Гурвал” бол буруу нэр томьёо

Дараах: X. Хуурамч хоньчид, антихристүүд, хуурамч Христүүдийг хэрхэн ялгах тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих