68. Хүмүүсийг боловсруулж, ашиглах зарчмууд

(1) Сайн хэв чанартай, үнэнийг хайрладаг, шударга ёсны мэдрэмжтэй хүмүүсийг удирдагч, ажилчнаар сонгож, боловсруулах шаардлагатай. Ингэх нь чуулганы ажилд ашиг тустай юм;

(2) Урьд нь халагдаж, үнэн сэтгэлээсээ гэмшээд, дараа нь бодитой ажил хийх чадвартай хүмүүсийг дахин сонгож, дахин дэвшүүлж, ашиглаж болно;

(3) Нэг юм уу хоёр жил итгэсэн шинэ итгэгчид хүн чанар, хэв чанар сайтай, үнэнийг хайрладаг, ачаа үүрсэн л бол тэднийг урьдчилан боловсруулж, ашиглаж болно;

(4) Биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай хэр нь ёрын муу биш хүмүүсийн хувьд гэвэл, хэв чанар сайтай, үнэнийг хүлээн авч чаддаг л бол тэднийг боловсруулж, ашиглах ёстой.

Холбогдох Бурханы үг:

Өөрийн ажлыг бүх орчлон ертөнцөд эхлүүлснээс хойш Бурхан нийгмийн бүх давхаргын хүмүүсийг оролцуулаад Өөрт нь үйлчлэх олон хүнийг урьдчилан тогтоосон. Түүний зорилго бол Өөрийн хүслийг биелүүлж, газар дээрх Өөрийн ажлыг төвөггүй гүйцэлдүүлэхэд оршино. Өөрт нь үйлчлэх хүмүүсийг сонгох Бурханы зорилго энэ билээ. Бурханд үйлчилдэг хүн бүр Бурханы хүслийг ойлгох ёстой. Түүний энэхүү ажил Бурханы мэргэн ухаан болон бүхнийг чадагч хүч, газар дээрх Түүний ажлын зарчмыг хүмүүст илүү тодорхой болгодог. Хүмүүс Түүний үйл хэргийг илүү тодорхой мэдээсэй гэсэндээ Өөрийн ажлыг хийж, хүмүүстэй харилцахын тулд үнэндээ Бурхан газар дээр ирсэн. Өнөөдөр, энэ бүлэг хүмүүс та нар бодитой Бурханд үйлчлэх хувьтай билээ. Энэ бол та нарын хувьд тоо томшгүй их ерөөл—Бурхан та нарыг үнэхээр өргөж байгаа хэрэг юм. Өөртөө үйлчлэх хүнийг сонгоход Бурханд үргэлж Өөрийн гэсэн зарчим байдаг. Бурханд үйлчлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг зүгээр нэг урам зоригийн асуудал ердөө ч биш. Бурханы өмнө үйлчилдэг хэн боловч Бурханы удирдамж болон Ариун Сүнсний ажил тэдэнд байгаа учраас, мөн тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс учраас тийнхүү үйлчилдэг гэдгийг өнөөдөр та нар хардаг. Эдгээр нь Бурханд үйлчилдэг бүх хүнд байх ёстой хамгийн наад захын болзол билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Шашны үйлчлэлээс ангижрах ёстой”-оос эш татав

Чуулганы удирдагч байхын тулд асуудлыг шийдвэрлэхэд үнэнийг ашиглаж сураад зогсохгүй авьяаслаг хүмүүсийг илрүүлж, хөгжүүлж сурах ёстой бөгөөд тэднийг яавч дарлаж, тэдэнд атаархах ёсгүй. Үүргээ ийнхүү биелүүлэх нь стандартад нийцдэг ба тэгж хийдэг удирдагч, ажилчид стандартад нийцдэг. Хэрэв бүх зүйл дээр зарчмын дагуу үйлдэж чаддаг болбол чи үнэнч байгаа хэрэг. Бусад хүн өөрөөс нь илүү, давуу байх вий, өөрөө үл тоогдож байхад бусад нь хүндлэгдэх вий гэхээс үргэлж айдаг зарим хүн бий. Үүнээсээ болоод тэд бусад руу дайрч давшилж, бусдыг гадуурхдаг. Ингэх нь өөрөөсөө илүү чадвартай хүнд атаархаж байгаа хэрэг бус уу? Ийм ааш авир аминчхан, жигшүүртэй бус уу? Энэ нь ямар зан чанар вэ? Энэ нь хорлонтой! Өөрийгөө л бодож, өөрийнхөө хүслийг л хангаж, бусдын үүргийг огт хайхардаггүй, мөн Бурханы гэрийн ашиг сонирхол бус, өөрийнхөө ашиг сонирхлын талаар л боддог ийм хүмүүс муу зан чанартай байдаг бөгөөд Бурхан тэднийг огт хайрладаггүй. Хэрэв чи Бурханы хүслийг үнэхээр анхаарч чаддаг бол бусад хүнд шударгаар хандаж чадна. Хэрэв чи сайн хүнийг өмгөөлж, чадвартай болгон хөгжүүлж, улмаар Бурханы гэрт дахин нэг авьяастай хүн бий болбол ажлаа хийхэд чинь илүү амар болох биш үү? Тэгвэл чи энэ үүргээ үнэнчээр биелүүлсэн байх биш үү? Энэ нь Бурханы өмнөх сайн үйл мөн; удирдагч хүний эзэмшсэн байх учиртай наад захын мөс чанар, эрүүл ухаан энэ юм. Үнэнийг хэрэгжүүлэх чадвартай хүмүүс аливааг хийхдээ Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч чаддаг. Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх үед зүрх сэтгэл чинь зөв болдог. Хэрэв чи бусдад харуулах гэж л аливааг хийн, Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрдөггүй бол Бурхан зүрх сэтгэлд чинь байсаар байгаа юу? Ийм хүмүүст Бурханыг хүндлэх сэтгэл байдаггүй. Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; байр суурь, нэр нүүр, нэр хүндээ үргэлж бүү бод. Бас хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байхын тулд чадах бүхнээ хийж, хариуцлагаа биелүүлэхийн тулд чадлынхаа хэрээр хийж, байгаа бүхнээ өгсөн эсэхээ, мөн өөрийн үүрэг болон Бурханы гэрийн ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээр зүйлийг ахин дахин бодож үз, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно. Хэв чанар чинь дорд, туршлага чинь өнгөц, мэргэжлийн ажилдаа сайн дадаагүй бол ажилд чинь зарим алдаа дутагдал байж болох бөгөөд үр дүн нь төдийлөн сайнгүй байж магад—гэхдээ чи бүх хүчин чармайлтаа зарцуулсан байх болно. Тэгээд аминч хүслээ бодолгүй, эсвэл хийж байгаа зүйлдээ өөрийн ашиг сонирхлыг бодолцолгүй, харин ч Бурханы гэрийн ажлыг байнга харгалзан үзэж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг сэтгэлдээ тээж, үүргээ сайн биелүүлэх үедээ чи Бурханы өмнө сайн үйл хуримтлуулж байх болно. Эдгээр сайн үйлийг үйлддэг хүмүүс бол үнэн-бодит байдлыг эзэмшсэн хүмүүс юм; тийм болохоор тэд гэрчлэл хийсэн билээ. Хэрэв чи үргэлж махан биеийн дагуу амьдарч, аминчхан хүслээ байнга хангаж байдаг бол ийм хүмүүст үнэн-бодит байдал байдаггүй. Энэ бол Бурханыг шившиглэдэг хүний тэмдэг билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”-аас эш татав

Бурханы гэр төрөл бүрийн хүнийг тушаал дэвшүүлж, хөгжүүлж байгаа нь өндөр технологийн үйлдвэрлэлийн гайхамшиг бүтээх юм уу хүний хөгжлийн түүхийн талаар судалгаа хийх зорилготой биш, Бурханы гэр хүн төрөлхтний ирээдүйд зориулж ямар нэг төрлийн төлөвлөгөө гаргаж байгаа хэрэг бүр ч биш гэдгийг Бурханы сонгосон хүмүүс мэддэг. Бурханы гэр тэгвэл яагаад янз бүрийн авьяастныг дэвшүүлж, хөгжүүлдэг вэ? (Хаанчлалын сайн мэдээг түгээхийн тулд хийдэг.) (Үнэнийг эрэлхийлдэг хүн бүрд суралцах боломж бүрдүүлэхийн тулд хийдэг.) Хоёулаа зөв. Нэг талаас энэ нь Бурханы ажилтай холбоотой, нөгөө талаас хувь хүний эрэл хайгуул, амийн оролттой хамаатай. Энэ хоёр хоёулаа өргөн сэдэв. Тодруулбал Бурханы гэр хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэх үед энэ нь хэн нэгнээр бүлгийг удирдуулж, зааварлагчийн үүрэг гүйцэтгүүлэхээр, чуулган юм уу дүүргийн удирдагч эсвэл шийдвэр гаргах зөвлөлийн гишүүн гэх мэт болгохоор дэвшүүлж, хөгжүүлж байгаа мэт гаднаасаа харагддаг. Энэ нь албан ёсны албан тушаалд дэвшихтэй адил уу? (Үгүй.) Дэвшүүлж, хөгжүүлсэн хүмүүс нь төрөл бүрийн ажилтай холбоотой тодорхой нэг төсөл, ажлыг хариуцдаг. Жишээлбэл, энэ нь сайн мэдээ түгээх юм уу бичвэрт суурилсан ажил, чуулганы амьдралтай холбоотой ажил, аль эсвэл ерөнхий ажил гэх мэт байж болно. Тэгэхээр тэд тухайн нэг ажлыг хэрхэн хэрэгжүүлдэг вэ? Тэд Бурханы шаардлага хийгээд Бурханы үгэнд агуулагдсан үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлдэг; энэ хүмүүс бас Бурханы гэрийн төрөл бүрийн үүрэгт ажлыг шаардагдах стандарт, зарчимд нь нийцүүлэхийн тулд ажлын зохицуулалтынх нь дагуу гүйцэтгэдэг. Дэвшүүлж, хөгжүүлсэн хүмүүсийн гүйцэтгэж байгаа ажлаас тэдэнд ажил үүргийн нэр, албан ёсны албан тушаал байхгүй гэдгийг харж болно; харин тэд хариуцлага үүрч, тодорхой нэг ажил юм уу тусгай үүрэгт ажлыг хариуцаж авсан байдаг. Тэднийг тодорхой нэг даалгавар хариуцаж авдаг эсвэл тодорхой түвшний хариуцлага бүхий үүргийг хариуцаж авдаг гэж хэлж хүртэл болох юм. Төрөл бүрийн авьяастнуудыг дэвшүүлж, хөгжүүлж байгаагийн тодорхой утга учир, ач холбогдол нь энэ юм. Тийм хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэхэд тэднийг тодорхой нэг ажлыг гүйцэтгэхэд сургах, янз бүрийн үүрэгт ажлыг Бурханы гэрийн ажлын зохицуулалт болон шаардлагын дагуу дэс дараатайгаар гүйцэлдүүлж чаддаг байхыг заах, мөн тэдэнд Бурханы гэрийн ажлыг Бурханы үг болон үнэний зарчмын дагуу хэрхэн гүйцэлдүүлэхийг сургах явдал хамаардаг. Мэдээж тэднийг дэвшүүлж, хөгжүүлэхэд илүү гүнзгий түвшний утга учир бий. Нэг талаар тэд Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг хамтдаа хэрэгжүүлэхэд бүх хүнийг хөтөлдөг; нөгөө талаар тэд Бурханы орохыг шаарддаг зарчим руу хамтдаа ороход өөрийн хариуцдаг бүх хүнийг хөтлөхдөө өөрийн туршлага, мэдлэг, нэгэн сэтгэл, хариуцлагатай байдлаа ашигладаг. Янз бүрийн авьяастныг дэвшүүлж, хөгжүүлэх явдал хамаардаг тусгай ажил нь энэ юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (5)”-аас эш татав

Янз бүрийн авьяастны тодорхойлолт нь маш өргөн цар хүрээтэй, тийм биз? Эхнийх нь янз бүрийн ажлыг хариуцуулж болох төрлийн хүн. Ийм хүмүүст ямар стандарт тавьдаг вэ? Юун түрүүнд тэд үнэнийг ойлгож чаддаг байх ёстой; үнэнийг ойлгох хэв чанартай байх ёстой. Эдгээр нь хамгийн чухал зүйл. Илүү тодруулбал, тэд сүнслэг зүйлсийг ойлгодог, Бурханы үгийг туслалцаагүйгээр идэж, уух чадвартай, Түүний үгээс хэрэгжүүлэлтийн зарчмыг олох чадвартай, Бурханы үгийг уншаад хүмүүст тохиолддог янз бүрийн байдлыг ухамсарлах чадвартай байх ёстой. Тэд бие даан туршлагажих чадвартай байх ёстой; асуудалтай тулгарах үедээ өөрсдийгөө эргэцүүлж, Бурханы бүрдүүлсэн орчин нөхцөлийг туулж байхдаа Түүний үгийг ашиглаж, авах ёстой сургамжаа авах чадвартай байх ёстой. Үнэнийг ойлгох чадвар, хэв чанартай байх нь тэднээс шаардах хамгийн эхний зүйл юм. Мэдээж, тийм хүмүүс мөн мөс чанар, эрүүл ухаантай, хүн чанар нь жишигт нийцэж байх ёстой. Хоёрдугаарт тэд ачаа үүрэх ёстой. Хэрэв тэд ердөө л сайн хэв чанартай, үнэнийг ойлгож чаддаг хэдий ч залхуу, махан биеийн тав тухад шунадаг, зөвхөн Дээрхийг шаардаж, зааварлах үед л ажилладаг, ажиллахаараа зөвхөн оромдсон болж, жирийн хүмүүсийн түвшинд ховорхон оролцдог, зовохыг эсвэл төлөөс төлөхийг хүсдэггүй, ачаа үүрдэггүй бол тэднийг хөгжүүлэхэд тохирох авьяастан гэж үзэж болох уу? (Үгүй.) Тэгэхээр хоёрдугаар шаардлага нь энэ: Тийм хүмүүс ачаа үүрэх ёстой. Гуравдугаарт нь тэд ажилдаа чадварлаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, ажлаа Бурханы гэрийн ажлын зохицуулалтын дагуу гүйцэтгэхээс гадна тодорхой нэг ажлыг хийж байхдаа асуудлыг даруй илрүүлж, шийдвэрлэх чадвартай байх ёстой; ажлаа үр дүнтэй, гүн гүнзгий гүйцэтгэж, хааш яаш хийх ёсгүй; мөн Бурханы гэрийн ажлын зохицуулалтын аль ажлыг хийх ёстойгоо тодорхойлохын сацуу тэдгээр ажлын зохицуулалтыг хэрэгжүүлж, алдаа мадаггүй гүйцэлдүүлэх чадвартай байх ёстой. Тодорхой нэг үүрэгт ажлыг гүйцэтгэх явцдаа асуудал олж илрүүлбэл Бурханы гэрийн ажлын зохицуулалтын дүрэм журамтай холбоотойгоор зохицуулж чаддаг байх ёстой. Тэд мөн тодорхой нэг зүйл, нөхцөл байдлын үнэн байдлыг ялган таньж, үүн дээрээ үндэслэн үнэн зөв шүүн тунгааж, зөв шийдэл гаргаж ирж чаддаг байх ёстой. Ажилдаа чадварлаг байна гэж үүнийг хэлнэ. Ажилдаа чадварлаг байна гэдэг нь хамгийн гол нь ажлынхаа гол цөмийг ойлгож, асуудлыг даруй тодорхойлж, тэдгээр асуудлыг зарчмын дагуу шийдвэрлэж чаддаг байхыг хэлдэг—өөрөөр хэлбэл өөрийнхөө хоёр хөл дээр зогсож чаддаг байхыг хэлнэ. Дээрх үүрэгт ажлыг хүлээлгэн өгч, мөн зарим нэг зарчмыг хэлж өгмөгц энэ хүмүүс зарчмыг ухан ойлгож, ажлыг тэдгээрийн дагуу гүйцэтгэж чаддаг байх ёстой; үндсэндээ тэд хэт олон гажуудал, эндүүрэлгүйгээр зөв чиглэлийг дагаж чаддаг байх ёстой. Чадварлаг байна гэж үүнийг хэлнэ. Нэг жишээ байна: Хүмүүсийг цэвэрлэж, хөөх, мөн антихрист болон хорон муу хүмүүсийг зарчмын дагуу илрүүлэхийг Бурханы гэр уриалах үед чадварлаг төрлийн хүмүүс бол тэрхүү үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа бараг хазайдаггүй. Нэгэнт гарч ирсэн бол антихрист ил болж, хөөгдөхөд хугацаа ордоггүй; чадварлаг хүмүүс бол антихристийг хурдан илрүүлэхийн сацуу ах эгч нартаа тэднийг илрүүлж, мэхлэгдэхгүй байхад нь тусалж чаддаг. Хамтдаа хүн болгон антихристийг ил болгож, хаяж эцэст нь антихристийг хөөж чаддаг. Чадварлаг хүмүүс ажлынхаа хүрээнд антихрист юм уу хорон муу хүмүүстэй учрах үед ах эгч нарынх нь наад зах нь ерэн таван хувь нь мэхлэгдэж, нөлөөнд нь автдаггүй; заримдаа бүр нэг ч хүн мэхлэгдэж, замаасаа төөрдөггүй. Сайн хэв чанартай, ажилдаа чадварлаг хүмүүс ийм байдаг; тийм хүмүүс үнэн-бодит байдалтай удирдагч, ажилчин байх жишигт нийцдэг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (5)”-аас эш татав

Юунд ч онцгой авьяастай биш байж магадгүй зарим нэг төрлийн хүмүүс байдаг—тэд жаахан юм бичиж чадна, дуулах юм уу, дуу бичүүлэхдээ хөгөө барьж чаддаг, боловч ийм зүйлд шилдэг нь биш байдаг. Тэд юунд хамгийн сайн байдаг вэ? Тэд тодорхой хэмжээний хэв чанартай, шударга ёсыг ухамсарладаг, хүмүүсийг хэрхэн үнэлж, ашиглах тухайд бага зэрэг нүдтэй байдаг. Түүнээс гадна, гол давуу тал нь зохион байгуулах чадвар юм. Тийм хүнд даалгавар юм уу, ажил өгвөл хүмүүсийг зохион байгуулан хийлгэж чадна. Үүний зэрэгцээ тэд ажилдаа чадварлаг байдаг. Тэдэнд ажил өгвөл тэр ажлыг дуусгах, заавал зохих ёсоор нь хийлгэх чадвартай. Тэдний толгойд алхам алхмаар, цэгцтэй урагшлах төлөвлөгөө үргэлж байдаг. Тэд хүмүүсийг хэрхэн ашиглах, цаг яаж хуваарилах, хэнийг ямар ажилд ашиглахаа мэддэг. Тэд асуудал гарвал шийдлийг нь хүн бүртэй хэрхэн ярилцахаа мэднэ. Тэд энэ бүхнийг хэрхэн зохицуулж, шийдвэрлэхээ мэддэг. Ийм хүн ажилдаа чадварлаг төдийгүй бас харьцангуй сайн ярьдаг. Тэдний үг тодорхой, цэгцтэй бөгөөд хүмүүсийг будилуулдаггүй. Тэд ажил даалгахад хүн бүр юу хийх ёстойгоо дор бүрнээ тодорхой ойлгодог; харалган анзааргагүй байдал гэж байхгүй, хэн ч сул зогсдоггүй. Тухайн ажлыг нарийвчлан тайлбарлаж байгаа нь бас тодорхой, цэгцтэй, мөн онц төвөгтэй асуудалд тэд дүн шинжилгээ, нөхөрлөл санал болгож, хүн бүрд уг асуудлыг ойлгуулах, уг ажлыг хэрхэн хийхийг мэдэж, цааш нь хэрхэн ажиллахаа мэддэг болгохын тулд нарийн ширийн зүйлсийн жишээ өгдөг. Түүнээс гадна, ямар байдлаар хийх нь алдаа мадагтай байж магадгүйг, ажиллах өөр өөр арга барил бүтээмжид хэрхэн нөлөөлөх, ажиллах явцдаа хүмүүс юу мэдэж байх хэрэгтэй гэх мэтийн талаар тэд нөхөрлөж чаддаг. Тэд ажиллаж эхлэхээсээ өмнө бусдаас илүү их боддог—тэд бусдаас илүү нарийвчлан бодож, бусдаас илүү бодитой боддог. Тэд толгойтой агаад энэ тал дээр утга төгөлдөр ярьдаг. Тэд толгойтой гэдэг нь аливааг зохион байгуулалттай хэлбэрээр, цэгцтэй алхмаар төлөвлөгөөний дагуу маш хялбар ойлгогдохоор хийдэг гэсэн үг юм. Тэд утга төгөлдөр ярьдаг гэдэг нь оюун санаандаа байгаа бодол, төлөвлөгөө, тооцоогоо тодорхой бөгөөд ойлгомжтойгоор илэрхийлэх хэл яриа хэрэглэж чаддаг гэсэн үг юм. Тэд өөрийг нь сонсож байгаа хүмүүсийг будилуулахгүйн тулд хэрхэн энгийн бөгөөд товч тодорхой ярихаа мэддэг. Тэд өөрсдийгөө тодорхой, яг таг, үнэн зөв, зохистой байдлаар илэрхийлдэг. Энэ бол утга төгөлдөр ярьдаг гэсэн үг юм. Ийм хүн утга төгөлдөр ярьдаг, ажиллах, зохион байгуулах чадвартайн дээр хариуцлага, шударга ёсыг ухамсарласан байдаг. Тэд ямар ч байсан бялдууч, эсвэл энхийг сахиулагч байдаггүй. Хорон муу хүмүүс саад учруулж, үймээн тарихыг, сорон мөлжигчид, залхуучууд заль, ов мэхээр яваад байгааг, эсвэл ажлаа хайхардаггүй ухаангүй, хогийн хүмүүсийг хараад тэдний уур хүрдэг. Энэ нь тэдний санааг зовоодог бөгөөд тэд асуудлыг нэн даруй шийдвэрлэж, Бурханы гэрийн ажил, ашиг сонирхлыг хамгаална. Эдгээр зан авир нь ийм хүний хүн чанарын гойд шинж мөн, тийм биз дээ? (Тийм.) Ийм хүмүүс нийтэч биш, тодорхой нэг даалгавар, арга техникт чадварлаг биш байж болох ч, хэрвээ тэд Миний сая дүрсэлсэн чанарыг эзэмшсэн бол тэднийг удирдагч, ажилчид болгон хөгжүүлж болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (6)”-аас эш татав

Дэвшүүлж, хөгжүүлж болох өөр нэг төрлийн хүн бол онцгой ур чадвар, билиг авьяастай, зарим нэг мэргэшил, ур чадварыг төгс эзэмшсэн хүмүүс юм. Бурханы гэр тийм хүмүүсээс ямар стандарт шаарддаг вэ? Нэгдүгээрт тэдний хүн чанарын тухайд ийм төрлийн хүн эерэг зүйлсэд харьцангуй дур сонирхолтой байх ёстой; тэд хорон муу хүмүүс байж болохгүй. Зарим хүн магадгүй “Тэднийг үнэнийг хайрладаг хүн гэж яагаад хэлэхгүй байна вэ?” гэж асуух байх. Тийм хүмүүст үнэнийг хайрла гэвэл арай л ихийг хүссэн хэрэг болно. Зарим нэг ур чадвар эсвэл ажил үүрэгт мэргэшсэн, зарим нэг сайн талтай энэ хүмүүсийн хувьд Бурханы гэр дэх мэргэжилтэй нь холбоотой, ур чадварыг тодорхой хэмжээгээр мэддэг байхыг шаарддаг ажлыг хэрэгжүүлж байхдаа тэд харьцангуй шударга агаад хорон муу биш, буруу юм уу утгагүй ойлголтгүй, зовлон бэрхшээлийг дааж чаддаг, төлөөс төлөх хүсэлтэй байхад л болно. Тиймээс ийм хүмүүст тавих эхний шаардлага бол тэд эерэг зүйлсийн талаар харьцангуй урам зоригтой байх ёстой. Зарим хүн магадгүй “Тэгэхээр тэднийг үнэнийг ойлгох чадвар өндөртэй гэж үзэж болох уу? Үнэнийг сонссоныхоо дараа тэд үнэн-бодит байдлыг сэхээрч чадах уу? Тэд үнэн-бодит байдал руу орж чаддаг уу?” гэж асуух байх. Ингэх шаардлагагүй; ийм хүмүүс үнэний талаар буруу, утгагүй ойлголттой байж болохгүй, тэгээд л болоо. Ийм хүмүүс ажлаа гүйцэтгэж байх үеийн нэг ашиг тус нь тэд саад учруулах юм уу ямар нэг тэнэг зүйл хийх магадлал багатай. Жишээ нь, жүжигчний хувцасны өнгийг аваад үзье: Бурханы гэр үүнд ахин дахин шаардлага тавьж, холбогдох зарчмын талаар нөхөрлөсөн атал хэлсэн зүйлийг ухамсарлаж огт чаддаггүй, сонссон зүйлээ ухаж ойлгож чаддаггүй, ойлгох чадамжгүй, Бурханы гэрийн эдгээр шаардлага дотроос зарчмыг олох чадваргүй, тэгээд эцэст нь тэр чигтээ саарал хувцас сонгочихдог хүмүүс байсаар байна. Хуурамч, утгагүй ойлголттой байх гэж үүнийг хэлнэ. Тэгэхээр эерэг зүйлсийн талаар харьцангуй дур сонирхолтой байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь зөв үг, юмс, цэвэр ойлголт, ашиг тустай мэдэгдэл, зарчмуудыг хүлээж авч чаддаг байх гэсэн үг. Эдгээрийн дагуу үйлдэж чаддаг эсэхээс үл хамааран ядахдаа л зүрх сэтгэлийнхээ гүнд тэд үл ойшоож, эсэргүүцэх ёсгүй. Ийм хүмүүс бол төлөв төвшин хүмүүс. Төлөв төвшин хүмүүс юугаараа онцлог вэ? Тэд шүтлэггүй хүмүүсийн үйлдсэн муу үйл төдийгүй хүмүүсийн эрэлхийлдэг хорон муу чиг хандлагад дургүйцэж, зэвүүцэж, жигшдэг. Жишээлбэл, хорон муу чиг хандлагад татагдсан хүмүүс эмэгтэй хүн баян хүнийг олж гэрлэх юм уу баян хүний нууц амраг болох хэрэгтэй гэж өмгөөлөх үед эерэг зүйлсийг хайрладаг хүмүүс эгдүүцэж, “Гэрлэх хүн олдохгүй байсан ч, ядуурлаасаа болж үхэх гэж байсан ч би тэр хүмүүс шиг авирлахгүй” гэж хэлдэг. Тэд тиймэрхүү хүмүүсийг жигшиж, зэвүүцдэг. Эерэг зүйлсэд дуртай хүмүүсийн нэг онцлог шинж бол тэд ёрын муу чиг хандлагыг үзэн ядаж, эгдүүцдэг бөгөөд тиймэрхүү чиг хандлагад урхидуулсан хүмүүсийг жигшдэг юм. Энэ хүмүүс харьцангуй төлөв төвшин; Бурханд итгэх, сайн хүн байх, зөв замаар явах, Бурханаас эмээх, муугаас зайлах, муу чиг хандлагаас зайлах, хорвоогийн хорон муу зан авираас зайлах талаар дурдахад тэд сэтгэлийнхээ гүнд үүнийг сайн зүйл гэж мэдэрдэг. Энэ зам дээр хөл тавьж чаддаг ч бай, үгүй ч бай, Бурханд итгэх болон зөв замаар алхах хүсэл тэмүүлэл нь хэр их байхаас үл хамааран энэ бүхний эцэст тэд сэтгэлийнхээ гүнд гэрэлд амьдрахыг, зөвт байдал ноёрхдог газарт амьдрахыг хүсэн эрмэлздэг. Тийм хүмүүс төлөв төвшин байдаг бөгөөд төлөв төвшин хүмүүс бол эерэг зүйлсэд харьцангуй дур сонирхолтой төрлийн хүмүүс юм. Бурханы гэрийн дэвшүүлж, хөгжүүлж буй хүмүүс наад зах нь хүний ийм сайн чанартай байх ёстой.

Хоёрдугаар шаардлага нь тийм хүмүүс зовлон бэрхшээл туулж, төлөөс төлж чаддаг байх ёстой гэсэн жишгийг ашигладаг. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө дур сонирхолтой үйл хэрэг, ажлын төлөө бол тэд хүслээ, махан биеийн таашаал, тав тухтай амьдралын хэв маягаа хойш тавьж, тэр ч байтугай хэтийн ирээдүйгээ ч хаяж чаддаг. Түүнчлэн, бага зэргийн бэрхшээл юм уу үл ялиг ядрах мэдрэмж бол тэдний хувьд сүртэй зүйл биш; өөрсдийнхөө зөв гэж итгэдэг, утга учиртай зүйлийг хийж байгаа цагт биеийн таашаал болон ашиг тусыг тэд дуртайяа хаядаг—эсвэл ядахдаа л тэгэх хүсэл, тэмүүлэлтэй байдаг. Зарим хүн “Заримдаа тэр хүн махан биеийн тав тухад шунасаар байдаг: Тэд унтаж амарч, сайхан хоол идэж, заримдаа сэлгүүцэхээр юм уу хөгжилдөхөөр гарахыг хүсдэг—гэхдээ ихэнхдээ тэд бэрхшээл туулж, төлөөс төлж чаддаг; зүгээр л заримдаа сэтгэл санааны байдал нь тэднийг ийм бодолд хөтөлдөг. Үүнийг асуудал гэж үзэх үү?” гэдэг. Асуудал гэж үзэхгүй. Онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд махан биеийн таашаалыг бүрэн хойш тавь гэж шаардах нь хэтэрхий ихийг хүссэн хэрэг болно. Ерөнхийдөө, чи тийм хүмүүст хийх ажил өгөх үед энэ нь том ч байсан, үгүй ч байсан, тэдний хийхийг хүссэн зүйл ч бай, үгүй ч бай, чи тэдэнд даалгасан л бол хэчнээн их бэрхшээлийг туулах ёстой, ямар төлөөс төлөх хэрэгтэй, ажил нь ямар хэцүү байхаас үл хамааран тэд үүнийг зүй ёсоор хийх нь баталгаатай тул чи тэднийг хянаж байх шаардлагагүй. Ийм хүмүүсийг бас төлөв төвшин гэж үзэж болно; бэрхшээл туулж, төлөөс төлж чаддаг байх нь төлөв төвшин хүмүүсийн өөр нэг илрэл юм. Бэрхшээл туулж, төлөөс төлж чаддаг байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь нийгэм дэх өлөн ховдог, зүгээр суудаг, зав чөлөөнд дурлаж, ажил хөдөлмөрийг жигшдэг өнөөх ажилгүй залхуучууд биш байх гэсэн үг—тийм хүмүүс төлөв төвшин байдаггүй. Бэрхшээл туулж, төлөөс төлж чаддаг байх: Энэ бол Бурханы гэрийн дэвшүүлж, хөгжүүлдэг хүмүүсийн илрэл хийгээд онцлог шинж юм.

Гуравдугаарт нь үнэн зөв ойлголттой байх явдал юм. Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханы үгийг сонсоод наад зах нь тэдгээр үг нь юуны талаар болохыг мэддэг, хэлсэн зүйлийг ухаарч, гуйвуулахгүйгээр ойлгох чадвартай байх явдал юм. Жишээлбэл, чиний цэнхэр гэж хэлсэн зүйлийг хар гэж, эсвэл саарал гэснийг хөх ягаан гэж ойлгохгүй. Энэ бол хамгийн наад зах нь.

Дөрөвдүгээрт ийм хүмүүс ёрын муу байж болохгүй. Үүнийг ойлгоход амархан уу? Ёрын муу байхгүй гэдэг нь наад зах нь нэг зүйлийг хэлдэг: Бурханы гэрийн тэднээс хүссэн зүйлийг хийж чадаагүй юм уу буруу хийснийхээ дараа засуулж, харьцуулсан ч гэсэн тийм хүмүүс захирагдаж, дуулгавартай дагаж чаддаг; тэд сөрөг байдал, үзэл таараадаггүй, эсэргүүцдэггүй. Дээр нь бас ямар ч бүлэгт байсан тэд ихэнх хүмүүстэй нийцэлтэй байж, тэдэнтэй эе эвтэй хамтран ажиллаж чаддаг; хэн нэгэн тааламжгүй зүйл хэлсэн ч тэвчээртэй, аядуу зөөлөн байдаг. Хэрэв хэн нэгэн тэднийг дээрэлхэхийг оролдвол тухайн хүнийг муухай зантай болохыг харсан даруйдаа тэднээс зайгаа барьж чаддаг бөгөөд тэднийг шийтгэх гэж оролддоггүй. Хэдийгээр тийм хүмүүсийг цайлган гэж хэлж болохгүй ч ядахдаа л тэд бусдыг шийтгэж, далдуур хорлох гэж оролддоггүй. Түүнчлэн, тийм хүмүүс өөрсдийн хаанчлалыг байгуулж, Бурханы гэрийн эсэргүүцсэн үйлдэл хийж, Бурханы тухай үзэл тарааж, эсвэл Түүнийг шүүж, саад учруулах юм уу үймээн тарих зүйл хийхээр хичээдэггүй.

Зарим нэг сайн талтай бөгөөд ур чадвар, мэргэжлийг ойлгодог хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэхэд тавигдах суурь шалгуур нь дээрх дөрвөн зүйл болно. Эдгээр дөрвөн шалгуурыг биелүүлж байгаа цагт тэд тодорхой нэг үүргийг хариуцан авч, тодорхой нэг ажлыг зүй ёсоор гүйцэтгэх шаардлагыг үндсэндээ хангадаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (5)”-аас эш татав

Онцгой авьяасгүй, нарийн мэргэжлийн буюу техникийн ур чадвар байхгүй, ажилд нь ямар ч дэвшилтэт технологи оролцдоггүй өөр нэг төрлийн хүн бас бий. Энэ хүмүүс чуулганд зарим нэг хэвшмэл ажил гүйцэтгэж, чуулганы ажилд хамаагүй зарим асуудлыг зохицуулдаг. Тэд бол хэвшмэл ажил гүйцэтгэдэг ангийн хүмүүс юм. Ийм хүмүүсээс Бурханы гэр ямар гол шаардлага тавьдаг вэ? Бүхнээс чухал нь тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаг, Бурханы гэрийг хохироон байж гаднын хүмүүст тусалдаггүй, гаднын хүмүүст ая тал засахын тулд Бурханы гэрийн ашиг сонирхлоос урвах зарчмаар ажилладаггүй байх явдал юм. Тэгээд л боллоо. Тэдний хүн чанар ямар байхаас үл хамааран—тэд тухайн нийгмийн эзэн, сор, эсвэл онцгой авьяастан байж болно—тэд гадаад ертөнцтэй холбоотой зарим нарийн мэргэжлийн даалгавар юм уу, ажил хэргийг Бурханы гэрийн төлөө гүйцэтгэхдээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаг байх ёстой. Бурханы гэрийн ашиг сонирхолд юу багтдаг вэ? Мөнгө, эд материал, Бурханы гэр болон Чуулганы нэр хүнд, ах эгч нарын аюулгүй байдал. Эдгээр нь дор бүрнээ маш чухал. Үүнд хүрч чадах хэн боловч хүн чанартай, хангалттай шулуун шударга, үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүн юм. Зарим хүн хорон муу хүн чанартай байдаг: Тэд Бурханы гэрийн ажлыг хамгаалж чадах уу? (Үгүй.) Бурханы гэрийн ажлыг хамгаалахын тулд ихийг хийдэг атлаа хорон муу хүн чанартай хүмүүс байдаг уу? (Үгүй.) Тиймээс Бурханы гэрийн ашиг сонирхлыг жинхэнээсээ хамгаалж чаддаг хүн ёс жудаг, хүн чанар сайтай байх нь гарцаагүй; энэ буруу байж болохгүй. Хэн нэгэн Бурханы гэрийн нэрийн өмнөөс үйлдэхдээ Бурханы гэрийг хохироон байж гаднын хүмүүст тусалж, Бурханы гэрийн ашиг сонирхлоос урваж, Бурханы гэрт эдийн засаг, эд материалын их хохирол учруулаад зогсохгүй бас Бурханы гэр болон Чуулганы нэр хүндийг асар их унагаадаг бол тэд сайн хүн мөн үү? Ийм хүмүүс бол үргэлж гайтай байдаг. Бурханы гэрт хэдий хэмжээний эд материал, санхүүгийн хохирол учрахыг тоодоггүй; аливааг өөрийн санаанд нийцүүлэн хийх, мөн бэлэг сэлт илгээж, тэр ч бүү хэл, хэлэлцээрийн үеэр найр тавьдаг шүтлэггүй хүмүүстээ ая тал засах нь тэдний хувьд хамгийн чухал байдаг, Бурханы гэрийн ашиг сонирхлын төлөө тэмцэх санаа тэдэнд төрдөггүй. Харин тэд яаж ажил бүтээж, Бурханы гэр хохирол хүлээхээс сэргийлсэн тухайгаа ярьж, Бурханы гэрт худал хэлдэг—гэтэл үнэн хэрэгтээ Бурханы гэр асар их хохирол амсаж, шүтлэггүй хүмүүст маш их завшуулсан байдаг. Хэрвээ хүн гаднах хэрэг явдлыг зохицуулж байхдаа Бурханы гэрийн ашиг сонирхлыг аль ч талаар хамгаалж чаддаг бол энэ хүн сайн хүн мөн үү? Тэгээд ийм хүн хэрвээ Бурханы гэрт өөр ямар ч ажил хийх чадваргүй ба ийм хэвшмэл ажилд л тохирсон бол түүнийг Бурханы гэрт дэвшүүлдэг үү? (Дэвшүүлдэг.) Хэрвээ тэд чадвартайгаас гадна ажлаа Бурханы гэрийн шаарддаг зарчмын дагуу хэрэгжүүлж, мөн Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаг бол тэд стандартад таарахуйц бөгөөд ийм хүмүүсийг дэвшүүлэх хэрэгтэй. Харин Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироодог, ах эгч нарын аюулгүй байдалд аюул учруулдаг, Бурханы гэр болон Чуулганы нэр хүндэд сөргөөр нөлөөлж, уршиг тарьдаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлж болохгүй; хэрвээ тэднийг ашигласан бол хурдхан халах ёстой. Хэвшмэл ажил хийж чаддаг хүмүүс бол нэг төрлийн тусгай авьяастан юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (5)”-аас эш татав

Өөр бас нэг төрлийн хүмүүс байдаг нь халагдсан хүмүүс юм. Зарим хүн балмад зан авираасаа болж, антихрист учраас халагдсан байдаг. Нөгөө хэсэг нь туршлага дутмаг, ажлаа хийж чаддаггүй учраас халагдсан. Гэтэл зарим хүний хэв чанар удирдагч болоход хэтэрхий муу, даалгаварт тохирохгүй учраас халагдсан байдаг. Халагдсан хүмүүсийг ул суурьтайгаар шилжүүлэн томилохоос биш, яллаж, хязгаарлахгүй. Тэднээр хийж чаддаг зүйлийг нь хийлгэж, зохих ёсоор харьцах ёстой. Дэндүү муу хэв чанартай учраас халагдсан хүмүүсийг дахин удирдагч, ажилчин, эсвэл зааварлагч болгон сонгож болох уу? (Үгүй.) Яагаад болохгүй гэж? Яагаад гэвэл, аль хэдийн оролдож үзсэн. Тэднийг ил болгож, нэвт шувт харсан. Ийм хүмүүсийн хэв чанар, ажиллах чадвар нь удирдагч байх даалгаварт тохирохгүй. Тэд удирдагчид тохирохгүй бол өөр юунд ч тохирохгүй гэсэн үг үү? Заавал тийм биш л дээ. Хэв чанар нь удирдагч байхад хэтэрхий муу боловч өөр зүйл хийж чаддаг бол ёрын муу хүн чанар гэх мэт өөр асуудлын улмаас дэвшүүлж болохгүй л бол, тэдэнд тохирсон юуг ч хийх хэрэгтэй. Тэдний үүргээ гүйцэтгэх эрхийг нь хасах ёсгүй. Тэднийг ашиглаж бас л болно. Зарим нь ажиллах чадваргүй, чуулганы ажлыг өмнө нь хийж байгаагүй, эсвэл хийж дасаагүй бөгөөд ажлыг хэсэг хугацаанд хийсэн атлаа аргаа олж бас л чаддаггүй, юу хийхээ мэддэггүй учраас халагддаг. Эсвэл тэд хэтэрхий залуу, туршлага дутмаг учраас ажлыг хариуцаж авч чаддаггүй агаад эцэст нь халагддаг. Иймэрхүү хүмүүст боломж байдаг. Хэв чанар нь хангалттай бол тэднийг зүгээр л тушаал бууруулж, тохирсон зүйл дээр ажиллуулахаар тавьж болно. Үнэний талаарх ойлголт нь тодорхой болж, чуулганы ажлыг бага зэрэг мэддэг болж, туршлагатай болмогц, ийм хүмүүсийг хэв чанар дээр нь үндэслэн дахин дэвшүүлж, хөгжүүлж болно.

Ямар хүмүүсийг халагдсаных нь дараа дахин дэвшүүлж болохгүй вэ? Нэг нь антихристүүд; нөгөө нь хэтэрхий дорд хэв чанартай хүмүүс юм; гурав дахь нь антихрист биш боловч хүн чанар муутай, амиа бодсон, ов мэхтэй, магадгүй залхуу юм уу, махан биеийн тав тухад дурладаг, шаргуу ажиллахыг тэвчиж чаддаггүй хүмүүс юм. Ийм хүмүүс сайн хэв чанартай байсан ч гэсэн дахин дэвшүүлж болохгүй. Тэд юу хийх хэв чанартай байна, түүнийг нь л хийлгэх хэрэгтэй. Тохирсон зохицуулалт хийж болох боловч тэд дахин удирдагч, ажилчид болж болохгүй. Удирдагч, ажилчид ажиллах чадвартай, хэв чанартай байхаас гадна хариуцлага хүлээж, шаргуу ажиллаж, зовлон бэрхшээл тэвчиж чаддаг байх хэрэгтэй. Тэд хичээнгүй, залхуу биш, харьцангуй үнэнч, шулуун шударга, хэтэрхий зальжин биш байх ёстой. Хэтэрхий ов мэхтэй юм уу, зальжин хүмүүс эцэст нь үргэлж ах эгч нар, дээд хүмүүс, Бурханы гэрийн эсрэг явуулга хийж дуусдаг. Тэд зальхай бодол бодож л өдрөө өнгөрүүлдэг. Ийм хүнтэй харьцахдаа үнэндээ юу бодож байгааг нь үргэлж таах ёстой, юу хийж байгааг нь цаг үргэлж мэдэх ёстой, тэднийг үргэлж харж байх ёстой. Тэднийг ашиглах нь хэтэрхий ядаргаатай. Хэрвээ ийм хүнийг үүрэг гүйцэтгүүлэхээр дэвшүүлбэл, бага зэрэг сургаал ойлгодог ч байсан, тэд үүнийг хэрэгжүүлэхгүй бөгөөд хийдэг ажлынхаа хэсэг бүрээс ашиг, шагнал хүртэх гэнэ. Ийм хүмүүсийг ашиглах нь хэтэрхий ядаргаатай, хэтэрхий төвөгтэй учраас ийм хүмүүсийг дэвшүүлж болохгүй. Тиймээс антихристүүдийг, дэндүү муу хэв чанартай хүмүүсийг, хүн чанар муутай, залхуу, махан биеийн тав тухыг эрж хайдаг, хэцүү ажлыг тэсэж чаддаггүй, зальжин, ов мэхтэй хүмүүсийг—ийм хүмүүсийг ил болгож, халах мөчид тэд хоёр дахь удаагаа дэвших эрхгүй болдог. Тэднийг нэвт шувт хармагцаа дахин бүү буруу зүйлд ашигла.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (6)”-аас эш татав

Нэгэнт Бурханы гэр чамайг дэвшүүлсэн болохоор чамаас хүсдэг зүйлс бий. Тэдгээр нь юу вэ? Чи Бурханы гэрийн зарчим, шаардлагын дагуу үйлдэх шаардлагатай; чамаас шаарддаг зүйлийг шаарддаг байдлаар нь хийх ёстой, Бурханыг дуулгавартай дагаж, үнэнд захирагдахад чамайг ийнхүү сургаж байгаа юм. Чамайг хөгжүүлэх хугацаанд зарим үед Бурханы гэр чамтай харьцаж, чамайг засна; зарим үед чамайг хатуу зэмлэнэ; заримдаа ажлын явцыг чинь лавлана; зарим үед ажил яг яаж явагдаж байгааг чамаас асууж, ажлыг чинь шалгана; зарим үед зарим нэг зүйлд хандах та нарын үзэл бодол юу болохыг сорино. Ингэж сорьж байгаа нь та нарыг хэцүү байдалд оруулах биш харин та нарын ойлгох учиртай үнэнийг, ямар хандлагатай байх ёстой, ийм асуудал дээрх Бурханы хүсэл юу болохыг ойлгуулах зорилготой юм. Энэ нь хүмүүсийг сургаж, зааварчилна гэсэн үг юм. Тэгээд хүмүүст зааварчлахын зорилго, зорилт нь юу вэ? Тэдэнд үнэнийг ойлгуулах. Үнэнийг ойлгохын зорилго юу вэ? Хүмүүсийг үнэнийг дуулгавартай дагаж, зарчмын дагуу үйлдэж чаддаг болгох, Бурханы хүслийг ойлгоход ах эгч нарыг удирдах, тэднийг удирдан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чаддаг болгох байрандаа байж, үүрэгтээ үнэнч байхад үлгэрлэх; тэрчлэн үүргээ гүйцэтгэх зуураа өөр өөр үнэнд орж, зан чанарын өөрчлөлтөд хүрэхэд нь ах эгч нарыг удирдах боломжийг тэдэнд олгох явдал юм. Удирдагч, ажилчдын хариуцлага, тэдний гүйцэлдүүлэх ёстой зүйл нь энэ юм. Удирдагч, эсвэл ажилчин үнэнийг ойлгоход удирдуулдаг хүмүүс нь бас үнэнийг ойлгодог; удирдагч, эсвэл ажилчин олон үнэнийг ойлгож чадвал удирдуулдаг хүмүүс нь ч бас олон үнэнийг ойлгодог; удирдагч, эсвэл ажилчин тодорхой нэг ажил дээр үнэн-зарчмыг ухаж ойлгоход удирдуулдаг хүмүүс нь бас энэ ажлын зарчимд орж, үнэн-бодит байдалд ордог. Удирдагч, ажилчдад зааварчлахын зорилго нь энэ юм. Зааварчилгаа авдаг удирдагч, ажилчид ажил дээрээ бусад хүнээс илүү чадварлаг байдаг учраас, хэв чанар нь арай дээр байдаг учраас тэдэнд зааварчилгаа өгөх нь зөв билээ. Тэдэнд эхлээд үнэн-зарчмыг ойлгуулж, үнэн-бодит байдалд оруулдаг—дараа нь тэд бусдыг үнэн-бодит байдалд ороход нь удирдсанаар илүү олон хүнд үнэн-зарчмыг ойлгуулдаг. Ийм арга барилыг чи юу гэж бодож байна? (Сайн арга.) Ийм хүмүүс өндөр боловсролтой ч юм уу, туйлын хэлэмгий биш, бас технологи, одоогийн хэрэг явдал, улс төрийн талаар сайн ойлгодоггүй. Тэд тодорхой даалгавруудад хэтэрхий мэргэшээгүй ч байж болно. Гэхдээ тэд үнэнийг ойлгож чаддаг бөгөөд Бурханы үгийг сонссоныхоо дараа түүнийг хэрэгжүүлж чаддаг—яаж хэрэгжүүлэхээ мэддэг—үнэн-зарчмыг олж тогтоож, Бурханы үгийн бодит байдалд орж, үнэн-зарчмыг баримтлахад нь илүү олон хүнийг хөтөлж чаддаг юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (5)”-аас эш татав

Хэн нэгнийг ах эгч нар удирдагчаар сонгох буюу Бурханы гэрээс тодорхой нэг ажил хийлгэх юм уу, тодорхой үүрэг гүйцэтгүүлэхээр дэвшүүлэхэд энэ нь тэр хүн онцгой байр суурь, ялгамж чанартай, түүний ойлгодог үнэн бусад хүнийхээс илүү гүнзгий, тоогоор илүү олон гэсэн үг биш—энэ хүн Бурханд захирагдаж чаддаг, Түүнээс урвахгүй гэсэн үг бүр ч биш. Тэд Бурханыг мэддэг, Бурханаас эмээдэг хүн гэсэн үг ч бас биш. Үнэндээ тэд үүний алинд нь ч хүрээгүй; дэвшүүлж, хөгжүүлэх нь ердөө л дэвшүүлж, хөгжүүлэх гэдэг хамгийн шууд утгаараа байдаг. Тэднийг дэвшүүлж, хөгжүүлнэ гэдэг нь тэд дэвшчихээд хөгжихөө хүлээж байгаа гэсэн л үг юм. Ийнхүү хөгжүүлэхийн эцсийн үр дүн нь хүн ямар замаар алхах, юу эрэлхийлэхээс хамаардаг. Тиймээс чуулган дахь хүнийг удирдагч болгохоор дэвшүүлж, хөгжүүлэхэд тэднийг ердөө л шууд утгаар нь дэвшүүлж, хөгжүүлдэг; энэ нь тэд аль хэдийн мэргэшсэн удирдагч юм уу, чадвартай нэгэн, эсвэл хэдийн удирдагчийн ажлыг гүйцэтгэх чадвартай бөгөөд жинхэнэ ажил хийж чаддаг гэсэн үг биш—тийм биш. Хэн нэгнийг удирдагч болгон дэвшүүлж, хөгжүүлэхэд тэд үнэн-бодит байдал эзэмшсэн байдаг уу? Тэд үнэн-зарчмыг ойлгодог уу? Энэ хүн Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг амжилттай биелүүлж чаддаг уу? Тэд нэгэн сэтгэлтэй байж, хариуцлагыг ухамсарладаг уу? Тэд асуудал тулгарахад үнэнийг эрж хайж, Бурханд захирагдаж чаддаг уу? Энэ бүхэн нь мэдэгдэхгүй. Бурханаас эмээдэг зүрх сэтгэл тэр хүнд байдаг уу? Бурханаас хэр их эмээдэг вэ? Тэд аливааг хийхдээ хүслээ дагах магадлалтай юу? Тэд удирдагч нарын ажлыг гүйцэтгэх хугацаандаа Бурханы хүслийг эрж хайж, Бурханы өмнө байнга, тогтмол очдог уу? Тэд хүмүүсийг үнэн-бодит байдалд ороход нь залж чиглүүлж чаддаг уу? Энэ болон, илүү их зүйл бүгд хөгжүүлж, олж нээхийг хүлээж байдаг; энэ бүгд мэдэгдэхгүй хэвээр үлддэг. Хэн нэгнийг дэвшүүлж, хөгжүүлнэ гэдэг нь тэр хүн үнэнийг аль хэдийн ойлгодог болсон гэсэн үг биш, бас үүргээ аль хэдийн хангалттай гүйцэтгэх чадвартай болсон гэж хэлж байгаа юм биш. Тэгэхээр, хэн нэгнийг дэвшүүлж, хөгжүүлэхийн зорилго, ач холбогдол юу вэ? Энэ нь тийм хүнийг хувь хүнийх нь хувьд сургаж, тусгайлан усалж, зааварлахын тулд, үнэн-зарчим, янз бүрийн зүйл хийх зарчим, янз бүрийн асуудлыг шийдвэрлэх зарчим, хэрэгсэл, арга барил, түүнчлэн төрөл бүрийн орчин, хүмүүстэй нүүр тулахдаа тэдгээрийг Бурханы хүслийн дагуу, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаг байдлаар хэрхэн зохицуулж, шийдвэрлэхийг ойлгож чаддаг болгохын тулд дэвшүүлдэг. Бурханы гэрээс дэвшүүлж, хөгжүүлсэн авьяастан нь дэвшүүлж, хөгжүүлэх хугацаанд юм уу, дэвшүүлж, хөгжүүлэхээс өмнө ажлаа хариуцаж, үүргээ гүйцэтгэх хангалттай чадвартай байдгийг энэ илтгэдэг үү? Мэдээж үгүй. Тиймээс, хөгжүүлэх хугацаанд энэ хүмүүс харьцалт, засалт, шүүлт, гэсгээлт туулж, илчлэгдэж, тэр ч байтугай солигдохоос зайлахгүй; энэ бол хэвийн зүйл, тэднийг сургаж, хөгжүүлж байна. Хүмүүс дэвшүүлж, хөгжүүлж байгаа хүмүүсээс ихийг хүлээж, бодит бус шаардлага тавих ёсгүй; тэгэх нь ухаангүй хэрэг бөгөөд тэдний хувьд шударга бус болно. Та нар тэднийг хянаж, тэдний хийдэг зүйлийг та нар асуудалтай гэж бодож мэдээлж болох боловч тэд хөгжих хугацаандаа байгаа бөгөөд тэднийг төгс болгуулсан хүмүүс гэж үзэж болохгүй, гэм зэмгүй юм уу, үнэн-бодит байдалтай болсон хүмүүс гэж үзэж бүр ч болохгүй. Тэд та нартай адилхан: Энэ бол тэдний сурч буй хугацаа юм. Ялгаа нь гэвэл, тэд жирийн хүмүүсээс илүү их ажил хариуцаж, хариуцлага хүлээдэг. Тэдэнд илүү их ажил хийх үүрэг, хариуцлага бий; тэд илүү их төлөөс төлж, илүү их бэрхшээл туулж, илүү их шаналж, илүү олон асуудал шийдэж, илүү олон хүний зэмлэлийг тэсвэрлэдэг ба мэдээж, энгийн хүмүүсээс илүү их хүчин чармайлт гаргаж, тэднээс бага унтаж, сайхан хоол арай бага идэж, дэмий ярианд тэднээс бага оролцдог. Тэдний онцгой зүйл нь гэвэл энэ юм; үүнээс бусдаар тэд бусадтай л адилхан. Ямар учраас Би үүнийг хэлж байна вэ? Бурханы гэрээс төрөл бүрийн авьяастнуудыг дэвшүүлж, хөгжүүлж байгааг буруугаар ойлгох ёсгүй, энэ хүмүүст шаардлага тавихдаа хатуу байх ёсгүй гэдгийг хүн бүрд хэлэхийн тулд юм. Мэдээжийн хэрэг, тэдний талаарх хүмүүсийн санаа бодол амьдралаас тасарсан байж болохгүй. Тэднийг хэтэрхий өндрөөр үнэлэх юм уу, хүндэтгэх нь тэнэг хэрэг, бас хэтэрхий хатуу шаардлага тавих нь ч хүнлэг, бодитой хэрэг биш юм. Тэгэхээр тэдэнд хандах хамгийн ухаалаг зам юу вэ? Тэднийг жирийн хүн гэж бодож, эрж хайх шаардлагатай асуудал гарч ирэхэд тэдэнтэй нөхөрлөж, бие биеийнхээ хүч чадлаас суралцаж, бие биеэ нөхөх нь зөв юм. Түүнчлэн удирдагч, ажилчид бодитой ажил хийж байна уу, үүргээ хэрэгжүүлэхдээ чадварлаг байна уу гэдгийг хянах нь хүн болгоны хариуцлага билээ. Тэд хэрвээ тийм биш агаад та нар тэднийг нэвт шувт харсан бол цаг алдалгүй тэднийг мэдээлж, зайлуул; өөр хүнийг сонго, Бурханы гэрийн ажлыг бүү саатуул. Бурханы гэрийн ажлыг саатуулах нь өөртөө болон бусдад хор хүргэж байгаа, хэнд ч сайнгүй хэрэг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (5)”-аас эш татав

Өмнөх: 67. Удирдагч, ажилчдыг эргүүлэн татах зарчмууд

Дараах: 69. Чуулганыг А, Б бүлэгт хуваах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх