17-Р БҮЛЭГ

Миний дуу хоолой аянга шиг нүргэлж, дөрвөн зүг найман зовхис, даян дэлхийг гэрэлтүүлдэг бөгөөд аянга цахилгаан дунд хүмүүс цохигдон унадаг. Аянга цахилгаан дунд нэг ч хүн бат зогссон нь үгүй: Миний гэрэл ирэхэд ихэнх хүн ухаан алдталаа айж, яах учраа олдоггүй. Зүүн зүгт бүүдгэр гэрэл сүүмэлзэн харагдаж эхлэхэд энэ өчүүхэн гэрэлд сэтгэл хөдөлсөн олон хүн өөрсдийн хий хоосон санаанаас даруй сэрнэ. Гэвч газар дэлхий дээр Миний гэрэл буух өдөр ирснийг хэн ч, хэзээ ч ухаараагүй. Хүмүүсийн дийлэнх олонх нь энэ гэрлийг гэнэт ирэхэд мэл гайхаж, цэл хөхөрдөг; зарим нь сониучирхсан харцаар гэрлийн хөдөлгөөнийг харж, аль зүгээс ирж явааг нь ажигладаг; зарим нь энэхүү гэрэл хаанаас ирсэн талаар илүү тодорхой ойлгохын тулд гэрэлтэй нүүр тулахад бэлхэн зогсдог. Гэлээ ч өнөөдрийн гэрэл хэчнээн эрхэм гэдгийг хэн нэгэн, хэзээ нэгэн цагт олж мэдсэн гэж үү? Энэхүү гэрлийн хосгүйг хэн нэгэн, хэзээ нэгэн цагт олж харсан гэж үү? Хүмүүсийн дийлэнх олонх нь ердөө л балмагддаг; гэрэлд нүд нь шархалж, тэд шаварт унадаг. Энэ бүүдгэр гэрлийн дор эмх замбараагүй байдалд нэрвэгдэн тэсвэрлэхийн аргагүй өрөвдөлтэй харагдах газар дэлхийг сайтар ажвал дааж давшгүй уй гуниг төрдөг гэхэд болно. Гэрэл хамгийн хурц байх үед газар дэлхийн байдал хүн төрөлхтнийг Миний өмнө зогсоож чадахгүй гэдгийг хүн үүнээс ухан ойлгодог. Хүмүүс гэрлийн цацрагт оршдог; мөн гэрлийн авралд оршихын зэрэгцээ тэр гэрлийн учруулсан шархан дор оршдог: Гэрлийн үхлийн цохилт дор оршдоггүй хүн байна уу? Энэ гэрэлд шатахаас зайлсхийж чадах хүн байна уу? Газар дээрх бүх хүний сэтгэлийг хөдөлгөхийн тулд Би Сүнснийхээ үрийг Өөрийн гараар цацаж, бүх орчлон ертөнц даяар алхсан. Би тэнгэрийн ноён өндөрлөгөөс доош дэлхийг тэр аяар нь харж, газар дээрх амьтдын этгээд сонин, гайхалтай үзэгдлийг ажигладаг. Далайн мандал газар хөдлөлтийн чичиргээнд нэрвэгдсэн мэт санагдаж, далайн шувууд залгих загас хайн нааш цааш нисдэг. Гэтэл далайн ёроолд үүнийг огтхон ч үл мэднэ, гадаргуу дахь нөхцөл байдал түүнийг сэрээж огт үл чадна. Учир нь далайн ёроол гуравдагч тэнгэр шиг амгалан байдаг: Тэнд том, жижиг амьтад хэзээ ч “хэл ам хийлгүй” эв эетэй зэрэгцэн оршдог. Тоо томшгүй хачин, жигтэй үзэгдэл дунд хүмүүс л Намайг баярлуулахыг хамгийн хэцүү гэж үздэг. Хүнд Миний өгсөн байр суурь хэтэрхий өндөр, улмаар хүний санаархал дэндүү их бөгөөд харцанд нь тодорхой хэмжээний дуулгаваргүй байдал үргэлж байдаг. Хүнийг сахилгажуулж, шүүхэд минь хүний төлөөх уйгагүй хүчин чармайлт, сайхан сэтгэл асар их орсон ч эдгээрийн талаар хүн төрөлхтөн ер мэддэггүй. Би хэзээ ч, ямар ч хүнд ширүүн хандаагүй: Гагцхүү хүн төрөлхтнийг дуулгаваргүй байх үед зохих ёсны залруулга хийж, хүн төрөлхтнийг сул дорой байхад нь тохиромжтой тусламж санал болгосноос цаашгүй. Гэвч хүмүүс Надаас зайгаа барьж, Миний эсрэг тэрслэхийн тулд Сатаны башир мэхийг ашиглах юм бол өмнө минь ур чадвараа гайхуулах боломж олголгүйгээр хүн төрөлхтнийг Би нэн даруй устгана, тэгээд тэд газар дэлхий дээр сүр үзүүлэн, нөхцөл байдлаараа сайрхан бусдыг дээрэлхэхээ болино.

Би Өөрийн ажлыг бүхэлд нь өрнүүлэн газар дээр эрх мэдлээ хэрэгжүүлдэг. Миний ажилд багтдаг бүхэн газрын гадарга дээр тусгалаа олдог; газар дээрх хүн төрөлхтөн тэнгэр дэх Миний үйл хөдлөлийг ойлгож, Сүнсний минь үйл ажиллагааны хүрээ, зам мөрийг ултай эргэцүүлж хэзээ ч чадаагүй. Хүмүүсийн асар олонх нь сүнсний бодит байр байдлыг ойлгож чадалгүй, сүнсний гаднах аар саар зүйлсийг л ухаардаг. Хүмүүст тавьдаг Миний шаардлага тэнгэрт байгаа тодорхойгүй Надаас, эсвэл газар дээр байгаа тодорхойлохын аргагүй Надаас гардаггүй: Би газар дээрх хүний биеийн хэмжээнд тохируулан зохих ёсны шаардлага тавьдаг. Би хэнийг ч хүнд байдалд оруулж байсан удаагүй, мөн Миний таалалд нийцэхийн тулд “цусаа шавх” гэж хэнээс ч, хэзээ ч шаардаж байгаагүй: Миний шаардлага эдгээр нөхцөлөөр л хязгаарлагддаг юм гэж үү? Газар дээрх тоо томшгүй олон бүтээлээс аль нь Миний хэлэх үгийн зан чанарт захирагддаггүй вэ? Эдгээр бүтээлээс аль нь Миний өмнө ирээд Миний үг, Миний дүрэлзэх галд үнсэн товрог болсонгүй вэ? Аль нь бардан хөөрчхөөд Миний өмнө сээхэлзэж зүрхэлдэг вэ? Аль нь Миний өмнө бөхийдөггүй вэ? Би бүх бүтээлийг чимээгүй байлгадаг Бурхан юм гэж үү? Бүтээгдсэн үй олон зүйлийн дундаас Миний санаа зорилгыг хангах зүйлсийг Би сонгодог; үй олон хүний дундаас зүрх сэтгэлийг минь анхаардаг хүмүүсийг Би сонгодог. Бүх одноос хамгийн шилдгийг нь сонгоод Өөрийн хаанчлалд үл ялиг туяа нэмдэг. Би газар дэлхийгээр алхан, анхилуун үнэрээ хаа сайгүй түгээж, Өөрийн дүрийг газар бүрд үлдээдэг. Миний дуу хоолой энд тэндгүй цуурайтдаг. Газар газрын хүмүүс өчигдрийн сайхан зураглалыг санан мөрөөсдөг, учир нь бүх хүн өнгөрснийг санаж байна…

Миний царайг харахыг бүх хүн эгээрэн хүсдэг ч Намайг газар дээр биечлэн бууж ирэхэд бүгд ирсэнд минь дургүйцэж, Намайг тэнгэр дэх дайснаа мэт үзэн, айсуй гэрлийг үлдэн хөөдөг. Өөрийнх нь талаар өөр төлөвлөгөөтэй байх вий гэхээс хүн ихэд айн Надтай болгоомжилсон харцаар мэндчилж, үргэлж сонор сэрэмжтэй байдаг. Хүмүүс Намайг танил бус найз шигээ үздэг тул өөрсдийг нь ялгаварлалгүй хөнөөх санаа өвөрлөж байна гэж санадаг. Хүний нүдээр бол Би аминд халтай дайсан. Гай гамшиг дунд халуун сэтгэлийг минь мэдэрснийхээ дараа ч хүн Миний хайрыг мэддэггүй бөгөөд Надаас сэрэмжилж, эсэргүүцсээр байдаг. Ийм байгааг нь далимдуулан арга хэмжээ авахын оронд харин ч Би хүнийг халуунаар тэвэрч, амыг нь амттанаар дүүргэн, ходоодыг нь хэрэгтэй хоол ундаар хангадаг. Гэхдээ Миний уур хилэн уул усыг донсолгох үед хүний хулчгар зангаас үүдэн Би түүнд янз бүрийн тусламж цаашид үзүүлэхгүй. Энэ мөчид Миний уур хилэн бадарч, бүх зүйлд гэмших боломж олгохоос татгалзаж, хүнд тавьсан бүх найдвараа орхиж, түүнд бүрэн таарах залхаан цээрлүүлэлийг нь онооно. Энэ үед далайн давлагаа уурсан догширч буй мэт, олон арван мянган уул нуран унаж буй мэтээр аянга цахилгаан цахилж, нүргэлнэ. Хүн тэрслүү зангийнхаа төлөө аянга цахилгаанд ниргүүлж, бусад бүтээл аянгын ниргэлтэд арчигдах бөгөөд бүхий л ертөнц гэнэт эмх замбараагаа алдаж, бүтээлүүд амийн анхны амьсгалыг сэргээж чадахгүй. Тоймгүй олон хүн аянгын нүргээнээс зайлж чадахгүй; аянгын гялбаан дунд хүмүүс түргэн урсгалд түм бумаараа ойчин, уулнаас буух хүрхрээнд хамагдан арчигдана. Гэнэтхэн хүний “хүрэх газар”-т “хүний” ертөнц нийлдэг. Далайн мандал дээр хүүр цогцос хөвнө. Хүн Миний Сүнсний мөн чанарт халдаж, тэрслүү зангаараа Миний дургүйг хүргэсэн тул Миний уур хилэнгээс үүдэн бүх хүн Надаас алс хол явдаг. Харин усгүй газруудад инээд хөөр, дуу хөгжим цалгин, Миний өгсөн амлалтыг бусад хүн эдэлсээр байна.

Бүх хүн дуугаа хураахад нүднийх нь өмнө Би гэрэл цацруулдаг. Тэгэхэд хүмүүсийн ухаан саруулшиж, нүд нь гэрэлтээд чимээгүй байхыг хүсдэгээ болино; тэгснээр сүнслэг мэдрэмж тэдний зүрх сэтгэлд даруй хурна. Энэ үед бүх хүн дахин амилдаг. Миний тунхагладаг үгээр дамжуулан бүх хүн амьд үлдэх дахин нэг боломжийг хүртээд, сэтгэлд бугшсан гомдлоо хаяж, Миний өмнө ирдэг. Яагаад гэвэл, хүмүүс бүгд газрын гадарга дээр амьдрахыг хүсдэг. Тэгсэн атлаа тэдний дундаас хэн ер нь Миний төлөө амьдрах санаа зорилготой байсан бэ? Тэдний дундаас хэн ер нь Намайг зугаацуулах гайхамшигтай зүйлсийг өөрөөсөө олж илрүүлсэн бэ? Тэдний дундаас хэн ер нь Миний дур булаам үнэрийг олж үнэрлэсэн бэ? Бүх хүн бол бүдүүлэг, боловсроогүй зүйлс: Гаднаа гял цал харагдавч мөн чанартаа Намайг чин сэтгэлээсээ хайрладаггүй, яагаад гэвэл, хүний зүрх сэтгэлийн гүнд Намайг гэх орон зай өчүүхэн ч байгаагүй. Хүн хэтэрхий дутуу дулимаг: Хүнийг Надтай харьцуулбал тэнгэр, газар шиг их ялгаа харагдана. Гэсэн хэдий ч Би хүний сул дорой, эмзэг цэг рүү довтолдоггүй, мөн дутагдлаас нь болж хүнээр доог тохуу хийдэггүй. Миний гар олон мянган жилийн турш газар дэлхий дээр ажилласаар ирсэн бөгөөд энэ бүх хугацаанд Миний нүд бүх хүнийг ажиглаж байлаа. Гэхдээ Би тоглоом шиг үзэн тоглох гэж ганц ч хүний амийг хээв нэг авсан удаагүй. Би хүний гаргасан хүчин чармайлтыг ажиглаж, төлсөн төлөөсийг нь ойлгодог. Өмнө минь зогсоо хүнийг Би гэнэдүүлэн гэсгээхийг хүсдэггүй, мөн таагүй зүйл өгөхийг ч хүсдэггүй. Харин ч энэ бүх хугацаанд Би гагцхүү хүнийг хангаж, хүнд юм өгсөн. Иймээс хүн гагцхүү Миний нигүүлсэл, Миний гараас хүртсэн өгөөмөр шанг л эдэлдэг. Би газар дээр байгаа учраас хүн өлсөхийн зовлонг хэзээ ч амсах шаардлагагүй байсан. Харин ч хүн таалдаг зүйлсээ Миний гараас авахыг Би хүнд зөвшөөрч, Миний ерөөлд амьдрах боломжийг хүн төрөлхтөнд олгодог. Бүх хүн төрөлхтөн Миний гэсгээлт дор амьдардаг бус уу? Уулсын гүнд элбэг дэлбэг зүйлс байдаг, мөн ус мөрөнд эдлэх зүйлс арвин байдгийн адил өнөөдөр Миний үгэн дотор амьдарч буй хүмүүст өөрсдийнх нь таашааж, амтлах хоол бүр ч их байдаг бус уу? Би газар дээр байж, хүн төрөлхтөн газар дээр Миний ерөөлийг эдэлдэг. Газар дэлхийг орхин, бас ажлаа ч дуусгах тэр үед минь хүн төрөлхтөн өөрсдийн сул дорой байдлаас болж Надаас ямар ч хүлцлийг хүлээн авахаа болино.

1992 оны 3 дугаар сарын 16

Өмнөх: 16-Р БҮЛЭГ

Дараах: 18-Р БҮЛЭГ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

ГУРВАЛ ОРШИН БАЙДАГ УУ?

Есүс махбод болсон тухай үнэн ил болсны дараа хүн үүнд итгэсэн: Тэнгэрт Эцэг байдгаар үл барам, мөн түүнчлэн Хүү, бүр Сүнс ч байдаг....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх