28-Р БҮЛЭГ

Сионоос ирэхэд минь бүх зүйл Намайг хүлээж байсан, Сион руу буцахад минь бүх хүн Надтай мэндэлсэн. Ирж буцахад минь Миний алхамд дайсагнагч зүйлс хэзээ ч саад болоогүй, иймээс Миний ажил түүртэх зүйлгүй дэвшсэн. Өнөөдөр бүх бүтээлийн дунд ирэхэд минь Намайг дахиад яваад өгөх вий, улмаар дэмжлэг болгон түшиж тулдаг зүйлээ алдах вий гэж гүнээ айсан бүх зүйл Надтай дуугүйхэн мэндчилдэг. Бүх зүйл Миний удирдамжийг дагаж, гарын минь дохиолсон чиглэлийг аждаг. Амнаас минь гарсан үг олон бүтээлийг төгс болгож, дуулгаваргүй олон хөвгүүнийг гэсгээлээ. Ийнхүү бүх хүн Миний үгийг анхааралтай харж, амнаас минь гарах айлдварыг чих тавин чагнадаг бөгөөд сайхан боломжийг алдах вий гэхээс гүнээ айдаг. Ийм учраас Би үгээ үргэлжлүүлэн хэлсэн, ингэснээр ажил минь илүү хурдан гүйцэлдэж, газар дээр тааламжтай нөхцөл хурдан бүрдэж, газар дээрх эзгүйрлийн дүр зургийг засаж залруулна. Тэнгэр өөд харах үедээ Би хүн төрөлхтөнтэй нүүр учрахаар дахин эргэдэг; бүх газар нутаг тэр дороо амьдралаар дүүрч, тоос буртаг агаарт хөвөхөө больж, газрыг лаг шавар бүрхэхээ байдаг. Хоёр нүд минь даруй гэрэл цацруулсны үрээр газар газрын хүмүүс Намайг хүндлэн, Надад хорогддог. Өнөөгийн дэлхий ертөнцийн хүмүүс, Өөрийн минь гэрт байгаа бүх хүнийг оролцуулан хэн нь үнэхээр Надад хорогддог вэ? Төлсөн төлөөсний минь хариуд хэн зүрх сэтгэлээ өгдөг вэ? Миний гэрт хэн амар амгалан оршин суусан бэ? Хэн Миний өмнө өөрсдийгөө үнэхээр өргөн барьсан бэ? Намайг шаардлага тавих үед хүн “жижигхэн агуулахаа” даруйхан хаадаг. Намайг юм өгөх үед хүн даруйхан амаа ангайж, эд баялгийг минь сэмхэн авах бөгөөд Надад цохиулах вий гэж гүнээ эмээн зүрх сэтгэлдээ ямагт дагжин чичирдэг. Иймд хүний ам нээлттэй ч юм шиг, хаалттай ч юм шиг байдаг бөгөөд Миний хайрладаг эд баялгийг хүн үнэнхүү эдэлж чаддаггүй. Хүнийг Би амархан ялладаггүй атал хүн ямагт гараас минь зулгаан, өөрт нь өршөөл үзүүлэхийг гуйдаг; гуйж гувших үед нь л Би “өршөөл” дахин үзүүлж, амнаас минь гарах хамгийн хатуу үгийг өгдөг бөгөөд үүнд хүн даруй ичиж, “өршөөлийг” минь шууд хүртэх чадваргүй болчхоод оронд нь бусдаар дамжуулан авдаг. Бүх үгийг минь бүрэн ухаарсан үед хүний биеийн хэмжээ хүсэлд минь нийцэж, гуйлт нь хий дэмий, хэрэггүй байхаа больж, үр өгөөжтэй байдаг; хүн төрөлхтний дүр эсгэлт бус, чин сэтгэлийн гуйлтыг Би ерөөдөг.

Би үе үеийн туршид үйлдэж, үг хэлж ирсэн боловч өнөөдөр Миний хэлдэг шиг айлдварыг хүн хэзээ ч сонсож байгаагүй, мөн сүр жавхлан, шүүлтийг минь хүн хэзээ ч амсаж байгаагүй юм. Хэдийгээр хуучны ертөнц дэх зарим хүн Миний тухай домог сонссон ч эд баялгийн минь царааг хэн ч үнэнхүү олж илрүүлж байсан удаагүй. Өнөөгийн хүмүүс амнаас минь гарах үгийг сонсдог ч хэчнээн олон нууц аманд минь байгааг мэдэхгүй хэвээр тул амыг минь элбэг дэлбэг гэж тооцдог. Бүх хүн Миний амнаас ямарваа зүйл олж авахыг хүсдэг. Төрийн нууц, тэнгэрийн нууц, сүнсний ертөнцийн орчил, хүн төрөлхтний хүрэх газар гэх мэт ийм зүйлийг бүх хүн хүлээн авах хүсэлтэй. Иймээс Би хүмүүсийг цуглуулж, “үлгэр” ярьж өгье гэсэн бол ярихыг минь сонсохын тулд тэд “хэвтрээсээ” даруйхан босож ирэх байлаа. Хүмүүс хэтэрхий дутуу дулимаг: хүнд “нэмэлт шим тэжээл” шаардлагатайгаас гадна “сэтгэлийн дэм”, “сүнслэг хангамж” хэрэгтэй. Бүх хүн үүгээр дутагддаг; бүх хүн ийм “өвчтэй”. Сайн үр дүнд хүрч, тэднийг эрүүл энх болгож, эдгээсний минь ачаар тэд хэвийн байдалдаа эргэн орно байх гэсэндээ хүний өвчнийг Би анагаадаг. Агуу улаан лууг та нар үнэхээр үзэн яддаг гэж үү? Үнэхээр чин сэтгэлээсээ үзэн яддаг гэж үү? Яагаад Би та нараас ийм олон удаа асуув? Яагаад энэ асуултыг ахин дахин асуусаар байна вэ? Та нарын сэтгэлд агуу улаан лууны ямар дүр зураг байдаг вэ? Үүнийг үнэхээр арилгасан уу? Түүнийг үнэхээр эцгээ гэж үздэггүй юу? Асуултад минь байгаа Миний санаа зорилгыг бүх хүн ухаарах ёстой. Энэ нь хүмүүсийн уурыг хүргэх, хүмүүсийн дунд бослого дэгдээх, хүний гарах замыг өөрөөр нь олуулахын төлөө бус, харин агуу улаан лууны хүлээснээс чөлөөлөгдөх боломжийг бүх хүнд олгохын төлөө байдаг. Гэвч хэн ч санаа зовох учиргүй. Бүхнийг Би үгээрээ гүйцэлдүүлнэ; Миний гүйцэтгэх ажилд ямар ч хүн оролцож болохгүй, үүнийг ямар ч хүн хийж чадахгүй. Би бүх газрын агаарыг арчин цэвэрлэж, газар дэлхий дээрх чөтгөрийн бүх ул мөрийг үгүй хийнэ. Би аль хэдийн эхэллээ, агуу улаан луу орогнодог газарт Би гэсгээлтийн ажлынхаа эхний алхмыг эхлүүлнэ. Ийнхүү Миний гэсгээлт бүхий л орчлонд буусан гэдгийг харж болно, мөн Би бүх газрыг хардаг тул агуу улаан луу, элдэв янзын бузар сүнс гэсгээлтээс минь зайлахад хүчин мөхөстөнө гэдгийг харж болно. Газар дээрх ажил минь дуусаж, өөрөөр хэлбэл шүүлтийн эрин үе эцэслэхэд агуу улаан лууг Би албан ёсоор гэсгээнэ. Миний ардууд агуу улаан лууг зөвт байдлаар гэсгээхийг минь харж, зөвт байдлаас минь үүдэн магтаал урсгаж, зөвт байдлаас минь үүдэн ариун нэрийг минь үүрд шагших нь лавтай. Одоогоос та нар үүргээ албан ёсоор гүйцэтгэж, газар даяар Намайг албан ёсоор үүрдийн үүрд магтана!

Шүүлтийн эрин үе оргил цэгтээ хүрэх үед Би ажлаа дуусгах гэж яарахын оронд гэсгээлтийн эрин үеийн нотолгоонд үүнийгээ нэгтгэж, энэ нотолгоог Өөрийн бүх хүнд харуулна; үүнээс илүү агуу үр жимс үүснэ. Энэ нотолгоо бол агуу улаан лууг гэсгээдэг Миний арга хэрэгсэл бөгөөд Би ардууддаа үүнийг нүдээр үзүүлж, улмаар тэд Миний зан чанарыг илүү сайн мэднэ. Агуу улаан луу гэсгээгдсэн цагт ардууд минь Намайг эдэлдэг. Агуу улаан лууны эсрэг хүмүүсийг нь босгож, бослого хийлгэх нь Миний төлөвлөгөө бөгөөд ардуудаа төгс болгодог Миний арга, мөн бүх ард маань амиа өсгөх сайхан боломж энэ юм. Тэргэл саран мандах үед шөнийн нам гүм байдал даруй эвдэгддэг. Сар навсгар ноорхой ч хүний сэтгэл санаа сайхан байх бөгөөд сарны гэрэлд тайван суун, сарны гэрэл доорх үзэсгэлэнт дүр зургийг бахадна. Хүн сэтгэл хөдлөлөө дүрсэлж үл чадна; хүн бодлоо өнгөрсөн үе рүү буцаах, ирээдүйг урьдчилан харахыг хүсэж байгаа ч юм шиг, одоо цагийг эдэлж байгаа ч юм шиг. Нүүрэнд нь инээмсэглэл тодорч, аятайхан агаарт хурц үнэр түгнэ; сэвшээ салхи үлээж эхлэх зуур хүн хурц үнэр анхилахыг мэдэрч үүнд согтон, сэрж чаддаггүй. Энэ үед л би хүмүүсийн дунд биечлэн ирсэн бөгөөд хүн хурц анхилам үнэрийг илүүтэй мэдэрч, ийнхүү бүх хүн энэ анхилуун үнэр дунд амьдардаг. Би хүнтэй эв найртай байдаг бөгөөд хүн Надтай эвсэг амьдарч, Намайг гажууд үзэхээ больдог, хүний дутагдлыг Би засахаа больж, хүний царайд зовнисон төрх үзэгдэхээ больж, бүхий л хүн төрөлхтнийг үхэл заналхийлэхээ байдаг. Өнөөдөр би гэсгээлтийн эрин үе рүү хүнтэй хамт дэвшин, түүнтэй мөр зэрэгцэн урагшилдаг. Би ажлаа хийж, өөрөөр хэлбэл саваагаараа хүмүүсийн дунд цохин, хүний тэрслүү байдал дээр саваагаа буулгадаг. Хүний нүдэнд саваа минь гойд хүчтэй мэт байдаг: Миний бүх дайсан дээр саваа минь бууж, тэднийг амархан өршөөдөггүй; Намайг эсэргүүцдэг бүх хүний дунд саваа анхдагч чиг үүргээ гүйцэтгэдэг; Миний гар дахь бүх хүн санаа зорилгын минь дагуу үүргээ гүйцэтгэдэг бөгөөд хүслийг минь тэд хэзээ ч үл ойшоогоогүй, мөн чанараа тэд хэзээ ч өөрчлөөгүй. Иймээс ус шуугьж, уул нурж, их мөрөн сарниж, хүн ямагт өөрчлөлтөд орж, нар бүүдийж, сар харанхуйлж, хүн амар амгалан амьдрах өдөр хоноггүй болж, газар дээр тайван байх цаг үе дуусаж, тэнгэр дахин хэзээ ч тайван, нам гүм байхаа больж, оршин тогтнохоо байна. Бүх зүйл шинэчлэгдэж, анхдагч төрхөө олно. Газар дээрх бүх айл өрх тарж бутран, дэлхий дээрх бүх улс үндэстэн задран хуваагдана; эхнэр нөхөр хоёр дахин уулзах өдөргүй болж, ээж хүү хоёр дахин үл уулзаж, эцэг охин хоёрын уулзалт дахин хэзээ ч үл тохионо. Газар дэлхий дээр байсан бүхнийг Би бут цохино. Би сэтгэл хөдлөлгүй тул хүмүүст сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломж олгодоггүй бөгөөд хүмүүсийн сэтгэл хөдлөлийг туйлын их үзэн ядах болсон юм. Хүн хоорондын сэтгэл хөдлөлөөс болж Би нэг тийш хаягдан, улмаар тэдний нүдэнд “өрөөл” болсон; хүн хоорондын сэтгэл хөдлөлөөс болж Би мартагдсан; хүн сэтгэл хөдлөлөөсөө үүдэн “мөс чанараа” авах боломжийг ашигладаг; хүн сэтгэл хөдлөлөөсөө л үүдэн гэсгээлтээс минь үргэлж залхдаг; хүн сэтгэл хөдлөлийнхөө л улмаас Намайг шударга бус, ёс бус гэж дуудан, аливааг зохицуулахдаа хүний сэтгэлийг тоохгүй байна гэцгээдэг. Газар дэлхий дээр Надад ч бас төрөл садан байгаа юм гэж үү? Бүхий л удирдлагын төлөвлөгөөнийхөө төлөө хэн Над шиг өдөр шөнөгүй нойр хоолоо хасан ажилласан юм бэ? Хүнийг яаж Бурхантай харьцуулж болох юм бэ? Хүн Бурхантай нийцтэй байж чадах гэж үү? Бүтээгч Бурхан яаж бүтээгдсэн хүнтэй нэг төрлийнх байх билээ? Газар дээр Би үргэлж хүнтэй хамтдаа амьдарч, үйлдэж яахан чадах билээ? Миний зүрх сэтгэлийн төлөө хэн зовниж чаддаг юм бэ? Хүний залбирал уу? Нэгэнтээ Би хүнтэй нэгдье, хамт алхъя гэж зөвшөөрсөн—тэгээд хүн өнөөдрийг хүртэл Миний халамж, хамгаалалт дор амьдарсан хэдий ч халамжаас минь гарч чадах өдөр түүнд ер нь ирнэ гэж үү? Хүн Миний зүрх сэтгэлийн төлөө хэзээ ч зовнилд автаж байгаагүй ч гэрэлгүй газар нутагт хэн амьдарсаар байж чадах юм бэ? Миний ерөөлийн ачаар л хүн өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн билээ.

1992 оны 4-р сарын 4

Өмнөх: 27-Р БҮЛЭГ

Дараах: 29-Р БҮЛЭГ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

ЧИ ХЭНД ҮНЭНЧ ВЭ?

Яг одоо та нарын туулан амьдарч буй өдөр хоног бүр тун чухал бөгөөд энэ нь хүрэх газар, хувь заяанд чинь дээд зэргийн ач холбогдолтой,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх