2. Шашны ертөнц яагаад үргэлж Христийг үгүйсгэж, голж, ялласаар ирсэн тухай

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Тэгээд ахлах тахилчид болон фарисайчууд зөвлөлд цуглаж, ‘Бид юу хийх вэ? Учир нь энэ хүн олон гайхамшиг үйлдэж байна. Хэрвээ бид Түүнийг ингээд орхивол бүх хүн Түүнд итгэнэ: тэгвэл ромчууд ирээд, манай газар нутаг, үндэстнийг хоёуланг нь булаан авна...’ гэв. Тэр өдрөөс хойш тэд Есүсийг алахаар зөвлөлдөв” (Иохан 11:47–53).

“Учир нь Есүс Христ махбодод ирснийг хүлээн зөвшөөрдөггүй олон мэхлэгч дэлхийд орж ирсэн. Энэ бол мэхлэгч бөгөөд антихрист мөн” (2 Иохан 1:7).

“Үүгээр та нар Бурханы Сүнсийг мэднэ. Есүс Христ махбодоор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг сүнс бүр Бурханаас ирсэн. Эзэн Есүс махбодоор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс болгон Бурханаас ирээгүй, энэ бол антихристийн сүнс юм. Та нар түүнийг ирэх ёстой гэж сонссон ба тэр одоо аль хэдийн дэлхийд байна” (1 Иохан 4:2–3).

Холбогдох Бурханы үг:

Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисайчуудын мөн чанарыг мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна, тэд Мессиа ирнэ гэдэгт л итгэсэн ч амийн үнэнийг эрж хайгаагүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг олж авч чадах уу, та нар хэл дээ? Тэд яаж Мессиаг харж чадах юм бэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй, түүнчлэн Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор Мессиагийн нэртэй дэмий зууралдах зуураа Мессиагийн мөн чанарыг боломжит бүх аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Энэ фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон байж, үнэнийг дуулгавартай дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүн гүнзгий, Таны эрх мэдэл хэчнээн өндөр дээд ч бай, Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Эдгээр үзэл бодол нь утга учиргүй, хөгийн биш гэж үү? Би та нараас цааш нь асууя: Та нарт Есүсийн талаар өчүүхэн ч ойлголт байхгүй юм чинь эрт үеийн фарисайчуудын алдааг гаргах нь туйлын хялбар биш гэж үү? Чи үнэний замыг ялган таньж чадах уу? Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? Чи Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэх эсэхээ мэдэхгүй байвал аль хэдийн үхлийн ирмэгт амьдарч байна гэж Би хэлнэ. Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, голж, гүжирдэх чадвартай байсан. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг голж, доромжлох боломжтой. Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг Сатаны заль мэх гэж харах боломжтой ба махбодоор эргэн ирсэн Есүсийг илүү олон хүн яллах болно. Энэ бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг голох явдалтай та нар нүүр тулна. Та нар ийм мунгинуу байвал Есүсээс юу олж авч чадах юм бэ? Хэрвээ та нар алдаагаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол Есүсийг цагаан үүлэн дээр махбодоор эргэн ирэх үед Есүсийн ажлыг яаж ойлгож чадах юм бэ? Би та нарт үүнийг хэлье: Үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй атлаа Есүс цагаан үүлэн дээр ирэхийг сохроор хүлээдэг хүмүүс Ариун Сүнсийг гарцаагүй доромжлох бөгөөд тэд бол устгагдах төрөл мөн. Та нар ердөө л Есүсийн нигүүлслийг хүсэж, тэнгэрийн жаргалтай ертөнцөд жаргахыг хүсдэг, гэсэн атлаа Есүсийн хэлсэн үгийг хэзээ ч дуулгавартай дагаж байгаагүй, махбодоор эргэн ирэх үедээ хэлсэн үнэнийг нь хэзээ ч хүлээн аваагүй. Есүс цагаан үүлэн дээр эргэн ирэх тухай баримтын хариуд та нар юу өргөн барих вэ? Удаа дараа нүгэл үйлдэж, үүнийгээ ахин дахин улайх чин сэтгэл үү? Цагаан үүлэн дээр эргэн ирэх Есүст та нар юуг тахил болгон өргөх вэ? Өөрсдийгөө өргөмжилдөг олон жилийн ажлаа юу? Эргэн ирсэн Есүсийг өөрсдөдөө итгүүлэхийн тулд та нар юу өргөн барих вэ? Ямар ч үнэнийг дуулгавартай дагадаггүй, биеэ тоосон уг чанараа юу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос эш татав

Завхарсан хүн бүхэн Сатаны урхинд амьдардаг, мөн махан биед, аминчхан хүсэлд автан амьдардаг ба тэдний дунд Надтай нийцдэг хүн нэг ч байхгүй. Надтай нийцтэй гэж хэлдэг хүмүүс байдаг ч бүгд тодорхойгүй шүтээн шүтдэг. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч Минийхээс эсрэг замаар явдаг, тэдний үг биеэ тоосон зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг. Учир нь угтаа тэд бүгдээрээ Миний эсрэг байдаг бөгөөд Надтай нийцдэггүй. Өдөр болгон тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, “тохиромжтой” эшлэлийг тохиолдлоор олоод, түүнийгээ уйгагүй уншиж, судар мэт цээжээр дууддаг. Тэд Надтай хэрхэн нийцэлтэй байхаа мэддэггүй, Надтай дайсагнах гэж юуг хэлдгийг ч мэддэггүй. Зүгээр л бичвэрүүдийг сохроор уншдаг. Тэд өөрсдийн хэзээ ч хараагүй, харж ч чадахгүй тодорхойгүй Бурханыг Библи дотор хязгаарлачхаад, үүнийгээ завтай цагтаа гаргаж хардаг. Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг, тэд Намайг Библитэй адилтгадаг; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болон үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Бичвэрийн үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Бичвэрт зөгнөөгүй л бол Намайг хийхийг хүссэн зүйлээ огт хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг. Тэд Бичвэрт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд үг үсгийг хэтэрхий чухалчилж, эцэстээ бүр хэлсэн үг бүрийг минь дэнсэлж, Намайг яллахад Библийн эшлэлүүдийг ашигладаг гэж хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй л бол бүгдийг нь, огт ялгалгүйгээр Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, бүр Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноогоод, эцэст нь гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэд ямар мөн чанартай байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд Миний хүсэл болон Миний ажлын үе шат, арга барилын аль алиныг нь хайхардаггүй байсан мөртөө Бичвэрийн үг нэг бүрээр хэнээрхдэг байсан. Тэд үнэнийг эрж хайдаг биш, харин үгтэй салахгүй зууралддаг хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг биш, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн хоточ нохой байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн нэр төрийг хадгалж, Библийн алдар хүндийг хамгаалахын тулд тэд эцэст нь өршөөнгүй Есүсийг загалмайд цовдлохдоо тулсан. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн юм. Иймээс тэд Бичвэрийн номлолыг мөрддөггүй байсан Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүй болон нүглийн тахилыг хаяхыг илүүд үзсэн. Тэд Бичвэрийн үг нэг бүрийн боол байгаагүй гэж үү?

Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг илэрхийлэхээр ирчхээд байхад тэд тэнгэрт орж, нигүүлсэл хүртэхийн тулд Христийг энэ ертөнцөөс хөөн зайлуулахыг илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэж, Библийн мөнх оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махбодод эргэн ирсэн Христийг загалмайд дахин цовдлохыг илүүд үзнэ. Зүрх сэтгэл нь ийм хорлонтой, Надад тийм их дайсагнадаг уг чанартай байж хүн яаж Миний авралыг хүртэж чадах юм бэ? Би хүмүүсийн дунд амьдардаг атал хүн Миний оршин байгааг мэддэггүй. Өөр дээр нь гэрлээ тусгах үед ч хүн Миний оршин байгааг мэдэхгүй хэвээр байдаг. Намайг уур хилэнгээ өөр дээр нь буулгах үед хүн Миний оршин тогтнолыг бүр ч эрс үгүйсгэдэг. Хүн үг үсэгтэй, Библитэй нийцэхээр эрэлхийлдэг, гэхдээ үнэнтэй нийцэлтэй байх замыг хайхаар нэг ч хүн Миний өмнө ирдэггүй. Хүн тэнгэр дэх Намайг хүндэлж, тэнгэр дэх Миний оршин тогтнолд онцгой анхаарал хандуулдаг атлаа хүмүүсийн дунд амьдардаг Би бол ердөө л тун өчүүхэн нэгэн болохоор махбод дахь Миний талаар хэн ч санаа тавьдаггүй. Библийн үгтэй л, тодорхойгүй Бурхантай л нийцэлтэй байхыг эрж хайдаг хүмүүс Надад өөдгүй дорд харагддаг. Учир нь тэдний шүтэн мөргөдөг зүйл нь үхмэл үг, бас өөрсдөд нь тоо томшгүй их эд баялаг өгөх чадвартай Бурхан юм. Тэдний шүтэн мөргөдөг зүйл нь оршин байдаггүй агаад хүний эрхээр байдаг Бурхан юм. Тэгвэл ийм хүмүүс Надаас юу олж авч чадах юм бэ? Хүн ердөө л үгээр илэрхийлэхийн аргагүй дорд юм. Миний эсрэг байж, Надаас хязгааргүй ихийг шаарддаг, үнэнийг огт хайрладаггүй, Миний эсрэг тэрсэлдэг тэр хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос эш татав

Шашны ертөнц дэх хүмүүс Бурханд итгэгчид бус, харин мууг үйлдэгч, диаволын төрлийнх гэж Би яагаад хэлдэг вэ? Тэд бол мууг үйлдэгчид гэж хэлж байгаа минь тэд Бурханы хүслийг ойлгодоггүй, мэргэн ухааныг нь хардаггүйгээс болж байгаа юм. Бурхан Өөрийн ажлыг хэзээ ч тэдэнд илчилдэггүй. Тэд бол сохор; тэд Бурханы үйл хэргийг харж чаддаггүй, Бурханд хаягдсан ба тэдэнд Бурханы халамж, хамгаалалт огтхон ч байдаггүй, Ариун Сүнсний ажил бүр ч байдаггүй. Бурханы ажилгүй хүмүүс бол бүгд мууг үйлдэгчид, Бурханыг эсэргүүцэгчид юм. Миний ярьдаг, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл нь Бурханыг мэддэггүй хүмүүс, Бурханыг амаараа хүлээн зөвшөөрдөг атлаа Түүнийг мэддэггүй хүмүүс, Бурханыг дагадаг атлаа Түүнд дуулгавартай байдаггүй хүмүүс, Бурханы нигүүлслийг эдэлдэг атлаа Түүний гэрчлэлд зогсож чаддаггүй хүмүүсийг хэлдэг. Бурханы ажлын зорилгыг ойлгохгүйгээр, хүнд Бурханы хийдэг ажлыг ойлгохгүйгээр хүн Бурханы хүсэлтэй нийцэж чадахгүй, Бурханы гэрчлэлд зогсож ч чадахгүй. Хүн Бурханыг эсэргүүцдэгийн шалтгаан нь нэг талаар хүний завхарсан зан чанараас, нөгөө талаар Бурханыг мэддэггүйгээс болон Бурханы ажилладаг зарчим, хүнийг гэх Түүний хүслийг ойлгодоггүйгээс болдог. Энэ хоёр тал нь хамтдаа Бурханд хандах хүний эсэргүүцлийн түүхийг бүрдүүлдэг. Хүний уг чанар дотор Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл байдаг учраас шинэхэн итгэгчид Бурханыг эсэргүүцдэг байхад олон жил итгэсэн хүмүүс завхарсан зан чанар дээрээ нэмээд Бурханыг мэддэггүйгээсээ болж Түүнийг эсэргүүцдэг. Бурханыг махбод болохоос өмнөх хугацаанд, хүн тэнгэр дэх Бурханы тогтоосон зарлигуудыг мөрддөг эсэхэд үндэслэн Бурханыг эсэргүүцдэг эсэх нь хэмжигддэг байв. Тухайлбал, Хуулийн эрин үед Еховагийн хуулийг мөрддөггүй хэнийг ч бай Бурханыг эсэргүүцдэг хүн гэж үздэг байлаа; Еховагийн тахилыг хулгайлсан хэнийг ч, Еховагийн тааллыг олсон хүмүүсийг эсэргүүцдэг хэнийг ч Бурханыг эсэргүүцдэг хүн гэж үзээд чулуугаар шидэж хөнөөдөг байв; эцэг, эхээ хүндэлдэггүй хэнийг ч, мөн бусдыг цохисон юм уу хараасан хэнийг ч хуулийг мөрдөөгүй хүн гэж үздэг байлаа. Еховагийн хуулийг мөрдөөгүй бүх хүнийг Түүнийг эсэргүүцэж байна гэж үздэг байсан юм. Нигүүлслийн эрин үед ийм байхаа больж, Есүсийг эсэргүүцдэг хэнийг ч Бурханыг эсэргүүцсэн хүн гэж үзээд, Есүсийн айлдсан үгийг дуулгавартай дагаагүй хэнийг ч Бурханыг эсэргүүцсэн нэгэн гэж үзсэн билээ. Энэ удаа, Бурханыг эсэргүүцдэг арга замыг илүү үнэн зөв, илүү бодитоор тодорхойлсон. Бурханыг хараахан махбод болоогүй байх үед хүн Бурханыг эсэргүүцдэг эсэх нь тэнгэр дэх үл үзэгдэх Бурханд шүтэн мөргөж, Түүнийг хүндэлдэг эсэхэд нь үндэслэн хэмжигддэг байлаа. Тухайн үед Бурханыг эсэргүүцэх арга замыг төдийлөн бодитой тодорхойлоогүй, учир нь тэр үед хүн Бурханыг харж чадаагүй, Бурханы дүр ямархуу болохыг ч, Тэр хэрхэн ажиллаж, ярьдгийг ч мэдээгүй байсан юм. Бурхан хүнд хараахан харагдаагүй байсан учраас хүнд Бурханы талаар ямар ч үзэл байгаагүй ба тодорхойгүй байдлаар Бурханд итгэж байлаа. Тиймээс, хүн төсөөлөлдөө Бурханд яаж ч итгэж байсан бай, Бурхан хүнийг яллаагүй, хүнд хэтэрхий их шаардлага ч тавиагүй, учир нь хүн Бурханыг огтхон ч харж чадахгүй байв. Бурханыг махбод болж, хүмүүсийн дунд ажиллахаар ирэх үед бүгд Бурханыг харж, үгийг нь сонсож, махбодоороо Бурханы хийдэг бүх үйл хэргийг хардаг. Тэр үед хүний бүх үзэл хөөс болдог. Бурхан махбодоор гарч ирэхийг харсан хүмүүсийн хувьд, хэрвээ тэд Түүнийг дуртайяа дуулгавартай дагадаг бол яллагдахгүй, харин зориуд Түүний эсрэг зогсдог хүмүүсийг Бурханыг эсэргүүцэгч гэж үзэх болно. Тийм хүмүүс бол антихристүүд, Бурханыг зориуд эсэргүүцдэг дайснууд юм. Бурханы талаар үзэл өвөрлөдөг боловч Түүнийг дуулгавартай дагахад бэлэн, дуулгавартай дагахыг хүсдэг хүмүүс яллагдахгүй. Бурхан бодол, санаанд нь үндэслэж бус, харин санаа зорилго, үйлдэлд нь үндэслэн хүнийг ялладаг. Хэрвээ хүнийг бодол, санааных нь үндсэн дээр ялладаг байсан бол Бурханы хилэнт гараас зугтаж чадах ганц ч хүн үгүй. Бие махбодтой болсон Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс дуулгаваргүй байдлынхаа улмаас шийтгүүлнэ. Бурханыг дур зоргоороо эсэргүүцдэг энэ хүмүүсийн тухайд бол, тэдний эсэргүүцэл Бурханы талаарх үзлээс нь үүдэн гардаг ба энэ нь Бурханы ажлыг үймүүлэх үйлдэл хийхэд хүргэдэг. Энэ хүмүүс Бурханы ажлыг зориуд эсэргүүцэж, сүйрүүлдэг. Тэд Бурханы талаар үзэлтэй байгаад зогсохгүй Түүний ажлыг үймүүлэх зүйлсийг хийдэг, энэ шалтгааны улмаас ийм төрлийн хүмүүс яллагдана. Бурханы ажлыг дур зоргоороо үймүүлдэггүй хүмүүсийг нүгэлтнүүд хэмээн яллахгүй, учир нь тэд дуртайяа дуулгавартай дагаж чаддаг бөгөөд үймээн, саад тотгор учруулах үйлдэл хийдэггүй. Ийм хүмүүс яллагдахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-aaс эш татав

Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд Бурханы ажлын зорилгыг ойлгож авсан атлаа Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эрж хайдаггүй хүмүүс бол Бурханыг бүр ч их эсэргүүцдэг хүмүүс юм. Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд “эрүүл чийрэг бие махбодтой” харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Бурханы өмнө өөрсдийгөө өндрөөр үнэлдэг хүмүүс бол хамгийн дорд хүмүүс, харин өөрсдийгөө даруухан байлгадаг хүмүүс бол хамгийн эрхэм юм. Бурханы ажлыг мэддэг гэж боддог, түүнчлэн Бурханыг шууд харж байхдаа ч Түүний ажлыг асар чангаар бусдад тунхагладаг хүмүүс бол хамгийн мэдлэггүй хүмүүс юм. Ийм хүмүүс бол Бурханы гэрчлэлгүй хүмүүс, биеэ тоосон, ихэрхүү хүмүүс билээ. Бодит туршлагатай, Бурханы талаар бодитой мэдлэгтэй атлаа өөрсдийгөө Бурханы талаар дэндүү бага мэдлэгтэй гэж боддог хүмүүсийг Тэр хамгийн их хайрладаг. Ийм хүмүүс л үнэхээр гэрчлэлтэй байдаг ба Бурханаар төгс болгуулж үнэхээр чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-aaс эш татав

Чөтгөрүүд болон муу ёрын сүнснүүд хэсэг зуур газар дээр галзуурсан мэт гүйж, Бурханы хүсэл болон уйгагүй хичээл чармайлтын аль алийг нэвтэршгүй болтол нь чанд битүүмжилсэн. Энэ бол үнэхээр аймшигт нүгэл! Бурхан яаж санаа зовохгүй байж чадах юм бэ? Бурхан яаж хилэгнэхгүй байж чадах юм бэ? Тэд Бурханы ажилд ноцтой саад учруулж, үүнийг эсэргүүцсэн: Дэндүү тэрслүү! Том, жижиг тэр чөтгөрүүд илүү чадалтай диаволын нөмөр нөөлөгт сагсуурч, түйвээж эхэлдэг. Үнэнийг мэдээд ч тэд зориуд эсэргүүцдэг, энэ тэрслүү хөвгүүд! Одоо тамын хаан нь хааны сэнтийдээ заларсан мэт тэд маадгар, сэхүүн болчихоод бусдыг басамжилдаг. Тэдний хэд нь үнэнийг эрж хайж, шударга байдлыг дагадаг вэ? Тэд бүгдээрээ гахай, нохойноос өөрцгүй араатнууд бөгөөд овоолсон өтөг баасан дунд өмхий ялаануудын бүлгийг тэргүүлэн, сэхүүн байдлаар өөртөө баяр хүргэн толгойгоо сэгсэрч, элдэв янзын төвөг удаж1 байдаг. Тэд өмхий ялаанаас цаашгүй гэдгээ мэдэлгүйгээр, тамын хаан нь бүгдээс агуу хаан мөн гэж итгэдэг. Түүгээр ч зогсохгүй, тэд гахай, нохой эцэг эхийнхээ хүчийг далимдуулан, Бурханы оршин тогтнолыг муулдаг. Өчүүхэн жаахан ялаанууд тэд эцэг эхийгээ шүдтэй халим2 шиг том гэж итгэдэг. Тэд өөрсдөө жижигхэн, харин эцэг эх нь тэднээс олон зуун сая дахин том, бохир заваан гахай, нохой юм гэдгийг тэд ер мэддэггүй. Тэгээд өөрсдийнхөө дорд байдлыг мэдэлгүйгээр тэдгээр гахай, нохойн ялгаруулсан илжирсэн үнэрт түшиглэн галзуурсан мэт гүйлдэж, ирээдүйн үе удмаа үлдээхээр хий дэмий хүсдэг ба ичихээ мэддэггүй! Нуруундаа ногоон далавчтай (тэд Бурханд итгэдэг гэж зүтгэдгийг энэ нь хэлж байна) тэд ихэмсэглэн, өөрсдийн гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлыг хаа сайгүй сайрхангаа өөрсдийн бие дэх бузар булайг хүн рүү нууцаар шидэж байдаг. Үүнээс гадна, тэд өөрсдөдөө дэндүү сэтгэл хангалуун байж, солонгын өнгөтэй далавчаа ашиглан бузар булайгаа далдалж чадах юм шиг байдаг бөгөөд эдгээр аргаар тэд жинхэнэ Бурханы оршин тогтнолыг хяхан хавчдаг (энэ нь шашны ертөнцөд нүднээс далдуур явагддаг зүйлийг хэлж байна). Ялааны далавч дур булаам үзэсгэлэнтэй байж болох ч эцсийн эцэст энэ нь бохироор дүүрч, нянгаар бүрхэгдсэн өчүүхэн бүтээлээс цаашгүй гэдгийг хүн яаж мэдэх билээ. Гахай, нохой эцэг эхийнхээ хүчээр тэд цадиггүй харгис догшноор газар нутаг даяар галзуурсан мэт гүйдэг (Бурханыг хяхан хавчдаг шашны албан тушаалтнууд улс орны засгийн газрын хүчтэй дэмжлэгт түшиглэн жинхэнэ Бурхан болон үнэний эсрэг тэрсэлдгийг энэ нь хэлж байна). Энэ нь, Иудейн фарисайчуудын сүнс Бурханы хамтаар агуу улаан лууны үндэстэнд буюу хуучин үүрэндээ буцан ирсэн мэт байдаг. Тэд хавчлагын өөр нэг хэсгийг эхлүүлэн, хэдэн мянган жилийн өмнөх ажлаа үргэлжлүүлсэн. Доройтмол энэ бүлэг хүмүүс эцэстээ газар дээр мөхөх нь лавтай! Хэдэн мянганы дараа, бузар сүнснүүд нь бүр ч их зальжин, овжин болсон харагдаж байна. Тэд Бурханы ажлыг нууцаар нураах арга замыг байнга бодож байгаа. Элбэг дэлбэг арга заль, ов мэхээрээ тэд хэдэн мянган жилийн өмнөх эмгэнэлт явдлыг эх орондоо дахин тоглохыг хүсэж, Бурханыг бараг хашхиртал нь өдөөн хатгадаг бөгөөд Бурхан тэднийг ор мөргүй устгахаар гурав дахь тэнгэр лүү буцахаар байж яддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос эш татав

Тайлбар:

1. “Элдэв янзын төвөг удах” гэдэг нь чөтгөр шиг хүмүүс хяналтаас гарч, Бурханы ажилд саад хийн, эсэргүүцэж байгааг хэлдэг.

2. “Шүдтэй халим” гэдгийг тохуурхан хэрэглэсэн. Ялаанууд маш жижиг болохоор тэдний хувьд гахай, нохойнууд шүдтэй халим мэт том харагддаг гэдгийг хэлсэн зүйрлэл юм.

Өмнөх: 1. Хятадын Коммунист Намын засгийн газар яагаад Төгс Хүчит Бурхан болон Төгс Хүчит Бурханы Чуулганыг харгисаар хавчиж, дарангуйлдаг тухай

Дараах: 1. Тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн жинхэнэ Бурхан нэг үү, эсвэл гурав уу

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

4. Бурханы шинэ нэрийг хүлээн авахгүй байх асуудлын шинж чанар

Хэрэв хүн зөвхөн "Ехова бол Бурхан", "Есүс бол Христ" гэсэн зөвхөн нэг эрин үед хэрэглэгдэх үнэнийг дагах аваас хүн хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно.

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх