1. Бурханаас эмээж, муугаас зайлна гэж юу болох, Бурханаас эмээж, муугаас зайлах явдал хэрхэн илэрдэг тухай

Холбогдох Бурханы үг:

Бурханаас эмээх гэж юу вэ? Хүн яаж муугаас зайлах вэ?

“Бурханаас эмээх” гэдэг нь хэлэхийн аргагүй айдас болон аймшгийг хэлдэггүй, бултан зугтах, зайгаа барих, бишрэн шүтэх, мухар сүсэг гэсэн үг ч биш. Харин энэ нь бишрэл, хүндлэл, итгэл, ойлголцол, анхаарал халамж, дуулгавартай байдал, зориулалт, хайр, түүнчлэн болзол тавихгүйгээр, гомдоллохгүйгээр шүтэн мөргөх, ач хариулах болон захирагдах гэсэн үг юм. Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр, хүмүүст жинхэнэ бишрэл, жинхэнэ итгэл, жинхэнэ ойлголт, жинхэнэ анхаарал халамж юм уу дуулгавартай байдал гэж байхгүй, харин зөвхөн айдас, түгшүүр, эргэлзээ, үл ойлголцол, булталт, зайлсхийлт л байх болно; Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүмүүс жинхэнээсээ зориулж, ач хариулна гэж байхгүй; Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүмүүс жинхэнээсээ шүтэн мөргөж, захирагдана гэж байхгүй, сохор шүтлэг, мухар сүсэг л байх болно; Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүмүүс Бурханы үгийг даган мөрдөж, Бурханаас эмээж, муугаас зайлж яавч чадахгүй. Эсрэгээр нь хүмүүсийн хийдэг үйл ажиллагаа, гаргадаг зан авир болгон нь тэрслүү, эсэргүүцэл, Бурханы тухай гүжирдсэн зэмлэл, гутаасан шүүлт, үнэн болон Бурханы үгийн жинхэнэ утга учрыг зөрчсөн муу үйлээр дүүрнэ.

Хүмүүс Бурханд үнэхээр итгэх үедээ Түүнийг жинхэнээсээ дагаж, Түүнд найдна; Бурханд үнэхээр итгэж, найдсанаар л хүмүүс жинхэнэ ойлголт, ухааралтай болж чаддаг; Бурханы талаар бодит ухааралтай болсноор л Түүнийг бодитоор анхаарч халамжилдаг; Бурханыг жинхэнээсээ анхаарч халамжилдаг байснаар л хүмүүс үнэхээр дуулгавартай болно; Бурханд жинхэнээсээ дуулгавартай байснаар л хүмүүс жинхэнээсээ зориулна; Бурханд жинхэнээсээ зориулснаар л хүмүүс болзол тавьж, гомдоллолгүй ач хариулна; жинхэнэ итгэл найдвар, жинхэнэ ойлголт, анхаарал халамж, жинхэнэ дуулгавартай байдал, жинхэнэ зориулалт, ач хариулалт байснаар л хүмүүс Бурханы зан чанар, мөн чанарыг үнэхээр мэдэж, Бүтээгчийн ялгамж чанарыг мэдэж авч чадна; Бүтээгчийг үнэхээр мэдэж авсан үедээ л хүмүүс жинхэнээсээ шүтэн мөргөж, захирагдаж чадна; Бүтээгчид жинхэнээсээ шүтэн мөргөж, захирагдах үедээ л хүмүүс муу арга замаа үнэхээр хойш тавих буюу муугаас зайлж чадна.

Эдгээр нь “Бурханаас эмээж, муугаас зайлах” бүхий л үйл явцыг бүрдүүлдэг төдийгүй Бурханаас эмээж, муугаас зайлах бүхий л агуулга юм. Түүнчлэн Бурханаас эмээж, муугаас зайлахын тулд явах ёстой зам юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм”-аас эш татав

Бурханаас эмээж, муугаас зайлах зам нь яг ямархуу зам бэ? Энэ нь Бурханыг дуулгавартай дагахаар эрэлхийлж, Түүнийг бүрмөсөн, бүрэн дүүрэн дуулгавартай дагах явдал юм. Мөн хууран мэхлэлт, эсэргүүцэл, тэрслүү байдлын элементгүйгээр Бурханаас үнэн сэтгэлээсээ айж эмээх явдал, цэвэр ариун зүрх сэтгэлтэй байж, Бурханд туйлын үнэнч, дуулгавартай байх явдал билээ. Энэ үнэнч зан, дуулгавартай байдал нь харьцангуй биш, туйлын байх ёстой; энэ нь цаг хугацаа, орон зайнаас, эсвэл хэдэн настайгаас хамаардаггүй. Энэ нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм. Эрж хайх энэ замаар алхах зуураа чи аажмаар Бурханыг мэдэж авч, Түүний үйл хэргийг туулна; Түүний оршин тогтнолын үнэн мөнийг мэдэрч, Түүний дээд эрхийг мэдэрнэ. Тэр үед л чи эцэст нь бүх зүйл дээр Бурханы оршин тогтнолыг үнэхээр мэдэрнэ, Тэрээр чиний дэргэд байдгийг ч мэдэрнэ; тэр үед л чамд ийм ухаарал төрнө. Хэрвээ чи иймэрхүү байдлаар эрж хайдаггүй бол эдгээр зүйлийг хэзээ ч олж мэдэхгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн бол Бурханы удирдлагын төлөвлөгөөнөөс хамгийн их ашиг хүртэгч”-ээс эш татав

Хэдийгээр Бурханы мөн чанар хайр агуулдаг бөгөөд Тэр хүн болгонд өршөөнгүй ханддаг боловч Түүний мөн чанар нь бас эрхэм чанар гэдгийг хүмүүс анзаардаггүй, мартсан байдаг. Түүнд хайр бий гэдэг нь хүмүүс Түүнд дураараа халдаж болдог, Тэр ямар ч мэдрэмж, хариу үйлдэл гаргахгүй гэсэн үг биш, түүнд өршөөл бий гэдэг нь хүмүүст хэрхэн хандах талаар Түүнд ямар ч зарчим байхгүй гэсэн үг бас биш билээ. Бурхан амьд; Тэр үнэхээр оршдог. Тэр бол төсөөллийн хүүхэлдэй, эсвэл өөр ямар нэг эд зүйлийн аль нь ч биш. Тэр оршдог болохоор бид Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойг цаг үргэлж анхааралтай сонсож, Түүний хандлагад нухацтай анхаарал хандуулж, Түүний мэдрэмжийг ойлгож авах хэрэгтэй. Бурханыг тодорхойлохдоо бид хүмүүсийн төсөөллийг ашиглах ёсгүй, бас хүмүүний бодол, хүслийг Түүнд тулган, Бурханыг хүний төсөөлөлд үндэслэсэн хүний арга барилаар хүнд ханддаг болгох ёсгүй. Хэрвээ тэгвэл чи Бурханыг уурлуулж, Бурханы уур хилэнг төрүүлж, Бурханы эрхэм чанарыг сорьж байна! Тиймээс энэ асуудал хэр хүнд болохыг та нар ойлгож авмагцаа өөрийнхөө үйлдэлд анхаарал болгоомжтой бай гэж Би та нарын хүн нэг бүрээс шаардаж байна. Хэлж ярихдаа ч мөн анхаарал болгоомжтой бай—чи Бурханд хэрхэн хандах тухайд бол анхаарал болгоомжтой байх тусмаа сайн! Бурханы хандлага ямар болохыг ойлгохгүй байхдаа хайхрамжгүй бүү ярь, хайхрамжгүй үйлдэл бүү хий, хайнга нэр хоч бүү зүүлгэ. Түүнээс ч чухал нь, дур зоргоороо дүгнэлт бүү хий. Үүний оронд чи хүлээж, эрж хайх ёстой; ийм үйлдэл нь бас Бурханаас эмээж, муугаас зайлахын илрэл юм. Юуны түрүүнд, хэрвээ чи үүнд хүрч чадвал, юуны түрүүнд, чи ийм хандлагатай бол тэнэглэл, харанхуй бүдүүлэг байдал болон аливаа юмсын цаад учир шалтгааныг ойлгодоггүй гээд Бурхан чамайг буруутгахгүй. Харин ч Бурханд халдахаас айдаг, Түүний санаа зорилгыг хүндэлдэг, Түүнийг дуулгавартай дагахад бэлэн хандлагын чинь ачаар Бурхан чамайг санаж, чамайг удирдан чиглүүлж, гэгээрүүлж, дутуу дулимаг, харанхуй бүдүүлэг байдлыг чинь тэвчих болно. Эсрэгээрээ, Түүнд хандах хандлага чинь хүндэтгэлгүй—Түүнийг хүссэнээрээ шүүж, Түүний санаа бодлыг дур зоргоороо таамаглаж, тодорхойлж байвал—Бурхан чамайг яллаж, сахилгажуулж, бүр шийтгэнэ; эсвэл Тэр чиний талаар санал шүүмж хэлж магад. Тэрхүү санал шүүмж нь чиний төгсгөлтэй хамаатай байж ч болох юм. Тиймээс Би үүнийг дахин нэг удаа цохон тэмдэглэмээр байна: Та нар дор бүрнээ Бурханаас ирдэг бүхэнд анхаарал, болгоомжтой байх ёстой. Хайхрамжгүй бүү ярь, мөн хайхрамжгүй үйлдэл бүү хий. Чи ямар нэгэн зүйл хэлэхээсээ өмнө зогсоод бодох ёстой: Миний энэ үйлдвэл Бурханыг уурлуулах болов уу? Ингэснээрээ би Бурханыг хүндэлж байна уу? Энгийн асуудал дээр ч гэсэн чи эдгээр асуултыг ойлгох гэж оролдон, тэдгээрийг бодож үзэхэд илүү их хугацаа зарцуулах хэрэгтэй. Хэрвээ чи бүхий л талаар, бүх зүйл дээр, цаг ямагт эдгээр зарчмын дагуу үнэхээр хэрэгжүүлж, ялангуяа ямар нэг зүйлийг ойлгохгүй байх үедээ ийм хандлага баримталбал Бурхан чамайг үргэлж залж чиглүүлж, дагах замаар хангана. Хүмүүс ямар дүр үзүүлэх нь хамаагүй, Бурхан тэднийг тун тодорхой, ил тод хардаг бөгөөд ийнхүү үзүүлсэнд чинь үнэн зөв, тохирох үнэлгээг өгнө.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс эш татав

Үнэн зүрх сэтгэлийг чинь эзэмдэж, амь чинь болсон үед, дараа нь чи ямар нэг идэвхгүй, сөрөг, эсвэл муу зүйл гарч ирэхийг харах үед зүрх сэтгэлийн чинь хариу үйлдэл огт өөр байдаг. Эхлээд чамд буруушаах, тавгүй байдал мэдрэгддэг, араас нь шууд ийм мэдрэмж төрнө: “Би зүгээр гар хумхиж, нүдээ аниад өнгөрч болохгүй. Босож зогсоод, ярих хэрэгтэй, босож зогсоод хариуцлага үүрэх хэрэгтэй”. Дараа нь чи өндийн босож, тэдгээрийг илчилж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах, Бурханы ажлыг тасалдахаас урьдчилан сэргийлэхээр мэрийж, эдгээр муу үйл хэргийг зогсоож чадна. Чамд зөвхөн энэ эр зориг, шийдэмгий байдал бий болж, мөн чи асуудлыг бүрэн ойлгох чадвартай болоод зогсохгүй бас Бурханы ажил болон Түүний гэрийн ашиг сонирхлын төлөө үүрэх ёстой хариуцлагаа ч гэсэн биелүүлэх бөгөөд тийнхүү үүрэг чинь биелэгдэх болно. Яаж биелэгдэх вэ гэж үү? Үнэн чамд үр нөлөөгөө үзүүлж, амь чинь болсноор биелэгдэнэ. Ингэснээр чи үүргээ биелүүлмэгцээ, Бурхан өөрт чинь шагнал өгч чадах эсэхийг, Тэр үйлдлийг чинь харсан эсэхийг, эсвэл тэдгээрийг хүлээн зөвшөөрөх эсэхийг асуухгүй. Харин ч чи энэ бол чиний үүрэх учиртай хариуцлага гэж итгэнэ. Тиймээс чи мөс чанар, эрүүл ухаан, хүн чанар, ёс жудаг, эрхэм чанарыг амьдран харуулах бус уу? Үйл хэрэг, зан авир чинь Түүний ярьдаг “Бурханаас эмээж, муугаас зайлах” явдал байна. Чи эдгээр үгийн мөн чанарыг хэрэгжүүлж, бодит байдлыг нь амьдран харуулна. Үнэн хүний амь болох үед хүн энэхүү бодит байдлыг амьдран харуулж чаддаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”-аас эш татав

Иов төгс байсан, Бурханаас эмээж, муугаас зайлдаг байсан, их эд баялаг эзэмшиж, хүндтэй байр суурь эзэлсэн хүн байсан гэдэг нь Иовын талаарх хүмүүсийн анхны сэтгэгдэл юм. Тийм орчинд, тийм нөхцөлд амьдарч байсан жирийн хүний хувьд Иовын хоол хүнс, амьдралын чанар, хувийн амьдралын янз бүрийн талууд нь ихэнх хүний анхаарлын төвд байж таарна; тиймээс бид Библийг үргэлжлүүлэн унших ёстой: “Түүний хөвгүүд явж, өдөр бүр гэр гэртээ ээлжлэн найрлаж байв; бас гурван эгч дүүгээ хамт хооллож, ууцгаая хэмээн дуудуулдаг байв. Тэгээд тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов хүн явуулан тэдэнд өөрсдийгөө ариусга гэв. Тэрээр өглөө эрт босож, бүгдийнх нь тоогоор шатаалт тахил өргөв: Яагаад гэвэл, Иов ‘Хөвгүүд минь нүгэл үйлдэж, Бурханыг зүрх сэтгэлдээ хараасан байж магадгүй’ гэж хэлсэн. Иов тийнхүү тасралтгүй үйлддэг байв” (Иов 1:4–5). … Библид Иовын хөвгүүд, охидын найр наадмын талаар дүрслэхдээ Иовыг ер дурддаггүй; зөвхөн түүний хөвгүүд, охид дандаа хамт идэж, ууж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, Иов найр наадам хийгээ ч үгүй, мөн хөвгүүд, охид нь үрэлгэн байдлаар идэхэд нь оролцоо ч үгүй. Хэдий баян чинээлэг, их эд хөрөнгө, олон зарцтай байсан ч гэсэн Иовын амьдрал тансаг байгаагүй. Тэр дээд зэргийн амьдрах орчиндоо автаагүй, эд хөрөнгөнийхөө улмаас махан биеийн зугаа цэнгэлд шунаагүй, эсвэл шатаалт тахил өргөхөө ч мартаагүй, тэр тусмаа энэ нь зүрх сэтгэлдээ Бурханаас аажмаар холдоход хүргээгүй. Тэгэхээр Иов амьдралдаа сахилга баттай байсан бөгөөд Бурхан түүнийг ерөөсний үр дүнд шунал, таашаалыг чухалчилж байгаагүй, бас амьдралын чанарт анхаарлаа төвлөрүүлээгүй нь илэрхий. Харин хүлцэнгүй, даруухан байж, сайрхаж бардамнаагүй бөгөөд Бурханы өмнө болгоомжтой, хянуур байв. Бурханы нигүүлсэл болон ерөөлийг байнга бодож, Бурханаас үргэлж эмээж байсан юм. Өдөр тутмын амьдралдаа Иов хөвгүүд, охидынхоо төлөө шатаалт тахил өргөхийн тулд эртлэн босдог байв. Өөрөөр хэлбэл, Иов зөвхөн өөрөө Бурханаас эмээгээд зогсохгүй, мөн хүүхдүүд нь өөрийнх нь адилаар Бурханаас эмээж, Бурханы эсрэг нүгэл үйлдэхгүй байх гэж найддаг байсан юм. Иовын эд баялаг зүрх сэтгэлд нь ямар ч зай эзлээгүй, Бурханы эзэлсэн байр суурийг ч орлоогүй; өөрийнхөө төлөө хийсэн ч бай, эсвэл хүүхдүүдийнхээ төлөө хийсэн ч бай, Иовын өдөр тутмын үйлдэл нь бүгд Бурханаас эмээж, муугаас зайлахтай холбоотой байв. Ехова Бурханаас эмээх нь зөвхөн түүний яриагаар хязгаарлагдаагүй, харин үйлдэлд нь хэрэгжсэн зүйл байсан ба өдөр тутмын амьдралынх нь хэсэг бүрд тусгагдаж байлаа. Иовын энэ жинхэнэ зан төлөв нь, тэрээр үнэнч байсан бөгөөд шударга ёс болон эерэг бүхнийг хайрлах мөн чанарыг эзэмшсэн байсан гэдгийг бидэнд харуулдаг. Иов дандаа хөвгүүд, охидоо явуулж, ариусгуулж байсан нь хүүхдүүдийнхээ үйлдлийг сайшааж, зөвшөөрөөгүй гэсэн үг; харин ч зүрх сэтгэлдээ тэдний ааш авирт сэтгэл гонсойж, тэднийг яллаж байсан юм. Хөвгүүд, охидынх нь ааш авир Ехова Бурханы дургүйг хүргэмээр байна гэж тэр дүгнэсэн, тиймээс тэдийг Ехова Бурханы өмнө очиж, нүглээ наманчил гэж үргэлж хэлдэг байв. Иовын энэхүү үйлдэл нь түүний хүн чанарын өөр нэг талыг бидэнд харуулдаг: тэр нүгэл үйлдэж, Бурханыг гомдоосон хүмүүстэй хэзээ ч хамт алхаагүй, харин тэднээс зайлсхийж, нүүр буруулж байсан. Хэдийгээр энэ хүмүүс хөвгүүд, охид нь байсан ч гэсэн өөрийнх нь цусан төрөл байсан учраас зан төлөвийн зарчмаасаа няцаагүй, мөн уян сэтгэлээсээ болж тэдний нүглийг өөгшүүлээгүй. Үүний оронд тэр, тэднээс наманчилж, Ехова Бурханы өршөөлийг олж ав гэж шаардсан ба өөрсдийн шунахай зугаа цэнгэлийн төлөө Бурханыг орхихгүй байхыг тэдэнд анхааруулж байсан. Иовын бусдад ханддаг зарчим нь Бурханаас эмээх болон муугаас зайлах зарчимтай нь салшгүй холбоотой. Тэр Бурханы хүлээн зөвшөөрсөн зүйлсийг хайрладаг бөгөөд Бурханы дургүйг хүргэдэг зүйлийг жигшдэг байсан, тэрээр зүрх сэтгэлдээ Бурханаас эмээдэг хүмүүсийг хайрлаж, мууг үйлдэж, эсвэл Бурханы эсрэг нүгэл үйлдсэн хүмүүсийг жигшдэг байжээ. Ийм хайр болон жигшил түүний өдөр тутмын амьдралд харагдаж байсан ба тэр нь Бурханы нүдээр харсан Иовын шулуун шударга байдал юм. Мэдээж, энэ нь Иовын өдөр тутам бусадтай харилцдаг жинхэнэ хүн чанарын илэрхийлэл, амьдран харуулалт бөгөөд бидний мэдэж авах ёстой зүйл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Бурхан, Сатанд “Харагтун, түүнд буй бүхэн чиний мэдэлд байна; харин чи түүнд л битгий хүр” гэж хэлсний дараа Сатан явсан, дараахан нь Иов гэнэтийн, хатуу ширүүн дайралтад өртсөн: Эхлээд түүний үхэр, илжгийг дээрэмдэж, зарим зарцыг нь алсан; дараа нь түүний хонь болон бас хэдэн зарцыг шатааж сүйрүүлсэн; тэгсний дараа тэмээг нь булаан авч, дахиад хэдэн зарцыг нь хөнөөсөн; эцэст нь түүний охид, хөвгүүдийн амийг авсан. Энэ цуврал дайралт бол эхний сорилтын үеэр Иовын туулсан зовлон шаналал байсан юм. Эдгээр дайралтын туршид Сатан Бурханы тушааснаар зөвхөн Иовын эд хөрөнгө болон хүүхдүүдийг онилсон ба Иовыг өөрийг нь гэмтээгээгүй. Ямар боловч Иов асар их эд баялагтай баян байснаа хоромхон зуурт юу ч үгүй хоосон нэгэн болж хувирсан. Хэн ч энэ хачирхалтай гэнэтийн цохилтыг тэсвэрлэж, эсвэл хариуд нь зохистой үйлдэл хийж чадахгүй байх байсан, харин Иов өөрийн ер бусын талыг харуулжээ. Библид дараах явдлыг дурджээ: “Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөв.” Энэ бол үр хүүхдүүдээ болон бүх эд хөрөнгөө алдсан гэдгээ сонсоод Иовын үзүүлсэн эхний хариу үйлдэл байсан. Юуны өмнө тэр гайхсан, мэгдэж сандарсан шинжгүй байсан ба уурласан, үзэн ядсан байдлыг бүр ч илэрхийлээгүй. Тэгэхээр эдгээр гай гамшиг нь санаандгүй явдал, эсвэл хүний гараар хийгдсэн зүйл биш төдийгүй залхаан цээрлүүлэлт юм уу, шийтгэл ирж байгаа явдал бүр ч биш гэдгийг тэр зүрх сэтгэлдээ аль хэдийн хүлээн зөвшөөрсөн байгаа биз дээ. Харин Еховагийн шалгалтууд түүн дээр ирсэн; түүний эд хөрөнгө, үр хүүхдийг авахыг хүссэн нэгэн бол Ехова байсан. Тэр үед Иов маш тайван, сэргэг ухаантай байсан юм. Түүний төгс, шулуун шударга хүн чанар нь түүнд тохиолдсон гай гамшгуудын талаар ухаалаг, зүй зохистойгоор нарийн чамбай шүүж, шийдвэр гаргах боломжийг түүнд олгосон ба үүний үр дүнд тэр ер бусын тайван загнасан: “Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөв.” “Нөмрөгөө урж” гэдэг нь хувцасгүй бөгөөд юу ч авч яваагүй байсан гэсэн үг; “толгойн үсээ хусаж” гэдэг нь дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг болоод Бурханы өмнө эргэж очсон гэсэн утгатай; “газар унан мөргөсөн” гэдэг нь тэр энэ дэлхийд нүцгэн ирсэн, өнөөдөр ч юу ч үгүй байгаа бөгөөд дөнгөж төрсөн нярай хүүхэд болж Бурханд буцаж очсон гэсэн үг юм. Өөрт нь тохиолдсон бүхэнд Иовын хандсан хандлагыг Бурханы ямар ч амьтан гаргаж чадахгүй байх байсан билээ. Еховад итгэх түүний итгэл нь итгэлийн хүрээнээс даван гарсан; энэ нь түүний Бурханаас эмээдэг, Бурханы өмнө дуулгавартай байдаг чанар нь байсан бөгөөд түүнд юм өгсөнд нь төдийгүй, мөн түүнээс буцааж авахад нь ч Бурханд талархаж чадаж байсан. Түүнчлэн тэр өөрийн амийг оролцуулаад өөртөө байсан бүхнийг Бурханд буцаан өгөх чадвартай байлаа.

Иовын Бурханаас эмээдэг, дуулгавартай байдал нь хүн төрөлхтөнд үлгэр болох жишээ бөгөөд түүний төгс, шулуун шударга зан нь хүний эзэмшвэл зохих хүн чанарын оргилд хүрсэн юм. Тэр хэдийгээр Бурханыг хараагүй ч гэсэн Бурхан үнэхээр оршин байдаг гэдгийг ухаарсан, ийнхүү ухаарсан учраас Бурханаас эмээсэн ба Бурханаас эмээдэг болохоороо Бурханы өмнө дуулгавартай байж чадсан юм. Түүнд байгаа бүхнийг нь авах боломжийг тэр Бурханд олгосон, гэхдээ тэр ямар ч гомдолгүй байсан ба Бурханы өмнө унаж, яг энэ мөчид Бурхан түүний бие махбодыг авах байлаа ч гэсэн тэгэхийг нь ямар ч гомдолгүйгээр баяртайгаар зөвшөөрнө гэдгээ Бурханд хэлсэн. Түүний зан авир бүхэлдээ түүний төгс, шулуун шударга хүн чанараас болсон байсан. Өөрөөр хэлбэл, өөрийн гэнэн цайлган сэтгэл, шударга зан болон сайн санааныхаа үрээр Иов, Бурханы оршин тогтнолын тухай ухаарал болон амссан туршлагадаа тээнэгэлзээгүй ба энэ үндсэн дээр өөртөө шаардлага тавьж, Бурханы өмнө өөрийн бодол, биеэ авч явах байдал, зан төлөв, үйлдлийн зарчмыг өөрт нь өгсөн Бурханы удирдамжийн дагуу, мөн бүх зүйлийн дотроос олж харсан Бурханы үйл хэргийн дагуу жигдэлсэн. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүний туршлага нь Бурханаас эмээх үнэн, бодитой айдсыг түүнд бий болгож, түүнийг муугаас зайлахад нөлөөлсөн. Энэ бол Иовын хатуу баримталдаг зарчимч чанарын эх сурвалж байсан юм. Иов үнэнч шударга, гэнэн цайлган, сайхан хүн чанарыг эзэмшсэн байсан ба Бурханаас эмээх, Бурханы өмнө дуулгавартай байх, муугаас зайлах бодит туршлагатай, түүнчлэн “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа” гэдгийг мэдэж байсан. Зөвхөн эдгээр зүйлийн ачаар л тэр Сатаны тийм харгис балмад дайралтын үеэр гэрчлэлдээ бат зогсож чадсан бөгөөд Бурханы шалгалтууд ирэхэд Бурханы урмыг хугалахгүй байж, Бурханы сэтгэлд нийцэх хариулт өгч чадсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Эхнэр нь түүнд Бурханыг хараа, тэгээд үх гэж зөвлөсөн нь дараах утгатай байлаа: “Чиний Бурхан чамтай ингэж харьцаж байхад чи яагаад Түүнийг хараахгүй байгаа юм бэ? Одоо хүртэл юугаа хийж амьдарч байгаа юм бэ? Бурхан чинь чамд тийм шударга бус байхад чи одоо ч ‘Еховагийн нэр алдаршиг’ гэж хэлсээр л байна. Чи Түүний нэрийг алдаршуулж байхад Тэр чамд яаж гай гамшиг авчирч чадаж байна вэ? Хурдал, Бурханы нэрийг хая, тэгээд Түүнийг цаашид бүү дага. Тэгээд чиний бэрхшээл эцэс болно.” Энэ мөчид Бурхан, Иовоос харахыг хүссэн гэрчлэл бий болсон. Ямар ч энгийн хүн тийм гэрчлэл хийж чадаагүй бөгөөд бид ч бас үүнийг Библийн ямар ч түүхээс уншихгүй—гэхдээ Иов эдгээр үгийг хэлэхээс ч өмнө Бурхан үүнийг аль хэдийнээ харчихсан байсан. Бурханы зөв гэдгийг бүгдэд батлахыг Иовд зөвшөөрөх гэж л Бурхан энэ боломжийг ашиглахыг хүссэн юм. Эхнэрийнхээ зөвлөгөөтэй нүүр тулаад Иов өөрийн зарчимч чанарыг орхиж, Бурханаас татгалзаагүйгээр үл барам эхнэртээ бас ингэж хэлсэн: “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?”. Эдгээр үг ихээхэн жинтэй юу? Энд эдгээр үгийн жинг баталж чадах ганцхан баримт байна. Эдгээр үгийн жин гэвэл, тэдгээрийг Бурхан зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөн ба тэдгээр нь Бурханы хүсэмжилсэн зүйл, Бурханы сонсохыг хүссэн зүйл, харахыг эгээрэн хүссэн үр дүн юм; эдгээр үг нь бас Иовын гэрчлэлийн охь манлай билээ. Үүгээр Иовын төгс, зөв шударга байдал, мөн Бурханаас эмээж, муугаас зайлдаг байдал бүгд нотлогдсон. Тэр соригдож байх үедээ, бүр бүх бие нь яр хатгинд баригдсан байхдаа хүртэл, дээд зэргийн тарчилгаа амсаж байхдаа, эхнэр болон хамаатнууд нь түүнд зөвлөж байх үед ч бас л ийм үгийг хэлж байсанд Иовын эрхэм нандин чанар оршино. Өөрөөр хэлбэл, ямар ч сорилт байсан, зовлон зүдгүүр, тарчилгаа хэчнээн хүнд бэрх байсан ч, үхэл хүртэл ирэх байсан ч хамаагүй, тэрээр Бурханаас татгалзах юм уу, Бурханаас эмээж, муугаас зайлах замаас няцахгүй гэдэгтээ зүрх сэтгэлдээ итгэж байсан. Тэгэхээр Бурхан түүний зүрх сэтгэлд хамгийн чухал байр суурь эзэлж байсан ба зүрх сэтгэлд нь зөвхөн Бурхан л байсныг харж болно. Ийм учраас бид Библид түүний тухай ийн дүрсэлснийг уншдаг: Энэ бүгдэд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй. Тэр хэлээр нүгэл үйлдээгүйгээр үл барам зүрх сэтгэлдээ ч Бурханы талаар гомдоллоогүй. Тэр Бурханы зүрх сэтгэлийг шархлуулсан үг хэлээгүй, Бурханыг гомдоосон зүйл ч хийгээгүй. Тэр амаараа Бурханы нэрийг алдаршуулсан төдийгүй, зүрх сэтгэлдээ ч Бурханы нэрийг алдаршуулсан; түүний ам, зүрх сэтгэл нэг байв. Энэ бол Бурханы харсан жинхэнэ Иов байсан бөгөөд Бурхан, Иовыг эрхэмлэн хайрласан чухамхүү шалтгаан энэ байсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Өмнөх: 5. Ёрын муу хүн гэж юу болох, янз бүрийн ёрын муу хүмүүсийг хэрхэн таних тухай

Дараах: 2. Бурханаас эмээж, муугаас зайлах нь аврагдахтай ямар холбоотой вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх