15.5. Ариун Сүнсний ажлыг ойлгож, муу ёрын сүнсний ажлыг таних тухай

471. Ариун Сүнсний ажил бол идэвх санаачилгатай удирдамж болон эерэг гэгээрлийн нэг хэлбэр юм. Энэ нь хүмүүст идэвхгүй байхыг зөвшөөрдөггүй. Энэ нь тэдэнд тайтгарал авчирч, итгэл болон шийдэмгий байдлыг өгдөг ба Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэх боломж олгодог. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс идэвхтэйгээр орж чаддаг; тэд идэвхгүй, албадуулсан байдаггүй, харин идэвх санаачилгаараа үйлддэг. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс баяртай агаад бэлэн байдаг бөгөөд дуулгавартай байхыг хүсэж, өөрсдийгөө даруу болгохдоо баяртай байдаг. Тэд дотроо шаналалтай, сул дорой байдаг хэрнээ хамтран ажиллах шийдвэртэй байдаг; тэд дуртайяа зовж, дуулгавартай байж чаддаг, мөн хүний хүсэл, хүний бодлоор сэвтээгүй, хүний шунал болон сэдлээр лавтайяа сэвтээгүй байдаг. Ариун Сүнсний ажлыг туулах үедээ тэд дотроо тун ариун байдаг. Ариун Сүнсний ажилтай хүмүүс Бурханыг гэх хайрыг болон ах эгч нарыг гэх хайрыг амьдран харуулдаг; тэд Бурханы баярладаг зүйлд баярлаж, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн яддаг. Ариун Сүнсний ажлаар хөдөлгөгддөг хүмүүс хэвийн хүн чанартай байдаг бөгөөд үнэнийг байнга эрэлхийлдэг, мөн хүн чанарыг эзэмшдэг. Ариун Сүнс дотор нь ажиллах үед хүмүүсийн байр байдал улам бүр сайжирч, хүн чанар нь улам бүр хэвийн болдог бөгөөд зарим хамтын ажиллагаа нь мунхаг байж болох ч сэдэл нь зөв, оролт нь эерэг байдаг, тэд саад хийх гэж оролддоггүй, мөн тэдний дотор ямар ч хорон санаа байдаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-aaс эш татав

472. Ариун Сүнс энэ зарчмаар ажилладаг: Хүмүүсийн хамтын ажиллагаагаар дамжуулан, мөн идэвхтэй залбирч, Бурханыг хайж, Түүнд ойртож байгаагаар дамжуулан үр дүнд хүрч чаддаг бөгөөд тэднийг Ариун Сүнс гэрэлтүүлж, гэгээрүүлж чаддаг. Үүнийг Ариун Сүнс ганцаараа үйлддэг, эсвэл хүн ганцаараа хийдэг юм биш. Хоёулаа зайлшгүй шаардлагатай бөгөөд хүмүүс хэдий чинээ их хамтран ажиллаж, Бурханы шаардлагуудын стандартад хүрэхээр хэдий чинээ их эрэлхийлнэ, Ариун Сүнсний ажил төдий чинээ их болдог. Ариун Сүнсний ажил дээр нэмээд хүмүүсийн бодит хамтын ажиллагаа байснаар л бодит туршлагуудыг болон Бурханы үгийн мөн чанартай холбоотой мэдлэгийг бий болгодог. Аажмаар, ийм маягаар туршлагажсанаар л төгс хүн эцэстээ бүтээгдэнэ. Бурхан ер бусын зүйл хийдэггүй; хүмүүсийн үзлээр бол Бурхан төгс хүчит бөгөөд бүх зүйлийг Бурхан хийдэг—үүний үр дүнд хүмүүс идэвхгүйгээр хүлээдэг, Бурханы үгийг уншдаггүй эсвэл залбирдаггүй, ердөө Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөхийг л хүлээдэг. Зөв ойлголттой хүмүүс гэхдээ үүнд итгэдэг: Би хэдий чинээ хамтран ажиллана, Бурхан төдий чинээ ажиллаж чадна. Бурханы ажлын үр нөлөө хэр хамтран ажиллахаас минь л шалтгаалдаг. Бурханыг ярих үед Бурханы үгэнд шамдаж, эрж хайхын тулд би чадах бүхнээ хийх ёстой; энэ бол миний биелүүлэх ёстой зүйл.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодит байдлыг хэрхэн мэдэх тухай”-аас эш татав

473. Ариун Сүнсний ажил хэвийн агаад бодитой, Ариун Сүнс хүний хэвийн амьдралын дүрмийн дагуу хүн дээр ажиллаж, хэвийн хүмүүсийн бодит эрэл хайгуулын дагуу хүмүүсийг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнс хүмүүс дээр ажиллах үедээ хэвийн хүмүүсийн хэрэгцээний дагуу залж чиглүүлж, гэгээрүүлдэг. Тэрээр хэрэгцээнийх нь дагуу тэднийг хангаж, дутагддаг зүйл болон дутагдлынх нь дагуу эергээр залж чиглүүлж, гэгээрүүлдэг. Ариун Сүнсний ажил хүмүүсийг бодит амьдрал дээр гэгээрүүлж, залж чиглүүлэхийн төлөө байдаг; тэд бодит амьдрал дээр Бурханы үгийг туулж байж л Ариун Сүнсний ажлыг харж чаддаг. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа эерэг байр байдалтай, хэвийн сүнслэг амьдралтай байвал Ариун Сүнсний ажилтай байдаг. Ийм байдалд тэд Бурханы үгийг идэж, уух үедээ итгэлтэй байдаг; залбирах үедээ урам зоригтой байдаг; ямарваа зүйл тохиолдоход идэвхгүй бус байдаг; ийм зүйл тохиолдож байхад тэд Бурханы сур хэмээн шаарддаг сургамжийг тэдгээр зүйлийн дотроос харж чаддаг. Тэд идэвхгүй, сул дорой биш байдаг бөгөөд бодит бэрхшээлтэй тулгарсан хэдий ч Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-aaс эш татав

474. Ариун Сүнс чамайг гэгээрүүлэхэээр ажиллах үедээ заримдаа чамд ямар нэг зүйлийг маш хурдан ойлгуулдаг байхад заримдаа Ариун Сүнс чамаар хэсэг хугацаанд туршлага туулуулсныхаа дараа аажмаар ойлгуулдаг. Тэр чамд юу ч туулах боломж олголгүй, зүгээр л цөөн хэдхэн сонирхолгүй үг ойлгуулдаг юм биш. Ариун Сүнс ямар зарчмаар ажилладаг вэ? Ариун Сүнс чиний орчныг зохицуулж, хүмүүс, үйл явдал, зүйлсийг зохицуулах зарчмаар ажилладаг ба тэдгээрийн дунд төлөвшиж, тэдгээрийг туулах явцдаа үнэнийг аажмаар ойлгох боломжийг чамд олгодог. Тэр чамайг зоригжуулж, гэгээрүүлж, эсвэл бага зэрэг гэрлээр чамайг хангахын тулд цөөн хэдэн энгийн үг өгдөггүй, мөн чамд зүгээр л цөөн хэдэн сонирхолгүй үг, хоосон сургаал ч өгдөггүй. Харин ч Тэр чамд өөр өөр хэрэг явдал, өөр өөр орчин, өөр өөр хүмүүс, үйл явдал, зүйлсийг туулснаар дамжуулан суралцаж, аажмаар өсөх боломж олгодог. Өсөлтийн энэ үйл явцаар дамжуулан Тэр чамд үнэнийг аажмаар ойлгуулдаг. Тиймээс Ариун Сүнс тун ердийн зарчмаар ажилладаг; Тэр ямар ч албадлага ашиглалгүй, яг хүний хөгжлийн ердийн хуульд бүрэн дүүрэн нийцүүлэн ажилладаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”-аас эш татав

475. Бурхан маш ихийг ярьсан болохоор Түүний үгийг идэж, уухын тулд чи чадах бүхнээ хийх ёстой, дараа нь өөрийн мэдэлгүйгээр ойлгож авах бөгөөд мэдээгүй байхад чинь Ариун Сүнс чамайг гэгээрүүлнэ. Ариун Сүнс хүнийг гэгээрүүлэх үед энэ нь үргэлж хүнд мэдэгддэггүй. Цангаж, эрж хайх үед чинь Тэр чамайг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнсний ажилладаг зарчим нь чиний идэж уудаг Бурханы үгэнд төвлөрдөг. Бурханы үгэнд ямар ч анхаарал хандуулдаггүй, Түүний үгэнд үргэлж өөр төрлийн хандлага баримталдаг, Түүний үгийг уншсан ч бай, үгүй ч бай ялгаагүй гэж мунгинан боддог бүх хүн бол бодит байдлыг эзэмшдэггүй хүмүүс юм. Ийм хүнээс Ариун Сүнсний ажил, мөн Түүний гэгээрэл ч харагдахгүй. Иймэрхүү хүмүүс бол сургаалт үлгэрийна Нангуо гуайтай адил, бусдын хүчээр амьдардаг дүр үзүүлэгчид юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм”-аас эш татав

476. Үгийг нь эрэлхийлж, эрхэмлэдэг хүмүүсийн дотор Бурхан ажилладаг. Бурханы үгийг эрхэмлэх тусам Ариун Сүнс чиний дотор илүү их ажиллана. Хүн Бурханы үгийг эрхэмлэх тусам Бурханаар төгс болгуулах боломж нь төдий чинээ нэмэгдэнэ. Өөрийг нь үнэхээр хайрладаг хүмүүсийг Бурхан төгс болгодог бөгөөд Өөрийнх нь өмнө зүрх сэтгэлээ тайван байлгадаг хүмүүсийг Тэр төгс болгодог. Бурханы бүх ажлыг эрхэмлэх, Бурханы гэгээрлийг эрхэмлэх, Бурханы хамт байгааг эрхэмлэх, Бурханы халамж, хамгаалалтыг эрхэмлэх, Бурханы үг хэрхэн бодит байдал чинь болж, амийг чинь хангаж байгааг эрхэмлэх нь бүгд Бурханы зүрх сэтгэлтэй хамгийн сайн нийцдэг. Хэрвээ чи Бурханы ажлыг эрхэмлэдэг бол, өөрөөр хэлбэл, чам дээр хийсэн Түүний бүх ажлыг эрхэмлэдэг бол Тэр чамайг ерөөж, чиний бүх зүйлийг өсгөж үржүүлэх болно. Чи Бурханы үгийг эрхэмлэдэггүй бол Тэр чиний дотор ажиллахгүй, харин итгэлийн чинь төлөө өчүүхэн нигүүлсэл соёрхоно, эсвэл чамайг багахан эд баялаг, гэр бүлийг чинь багахан амар амгалан байдлаар ерөөнө. Чи Бурханы үгийг бодит байдлаа болгон, Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, Түүний зүрх сэтгэлийн дагуу байж чаддаг байхаар хичээх ёстой. Ердөө л Түүний нигүүлслийг эдлэхийн төлөө мэрийх ёсгүй. Итгэгчдийн хувьд Бурханы ажлыг хүлээн авч, төгс болгуулж, Бурханы хүслийг биелүүлдэг хүмүүс болохоос илүү чухал зүйл үгүй. Энэ бол чиний эрэлхийлэх ёстой зорилго юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог”-оос эш татав

477. Ариун Сүнсний урсгал доторх бүх хүн Ариун Сүнстэй хамт, Ариун Сүнсний сахилгажуулалттай байдаг, харин Ариун Сүнсний урсгалын гаднах хүмүүс Сатаны захиргаан дор, Ариун Сүнсний ямар ч ажилгүй байдаг. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс юм. Хэрвээ энэ урсгал доторх хүмүүс хамтран ажиллах чадваргүй, энэ хугацаанд Бурханы шаардсан үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй бол сахилгажуулагдан, цаанадаж Ариун Сүнсэнд хаягдах болно. Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Ариун Сүнсний урсгал дотор амьдарч, Ариун Сүнсний халамж, хамгаалалтыг хүртэнэ. Үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүсийг Ариун Сүнс гэгээрүүлдэг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх хүсэлгүй хүмүүсийг Ариун Сүнс сахилгажуулж, бүр шийтгэж ч болох юм. Ямар төрлийн хүн байхаас үл хамааран Ариун Сүнсний урсгалд л байгаа цагт, Өөрийнх нь нэрийн төлөө шинэ ажлыг нь хүлээн зөвшөөрдөг бүх хүний хувьд Бурхан хариуцлага үүрэх болно. Түүний нэрийг алдаршуулдаг, үгийг нь хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүс Түүний ерөөлийг хүртэнэ; Түүнд дуулгаваргүй байж, Түүний үгийг хэрэгжүүлдэггүй хүмүүс Түүнээс шийтгэл хүртэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс эш татав

478. Ариун Сүнс хүн бүрийн дотор алхах замтай байдаг бөгөөд хүн бүрд төгс болгуулах боломж олгодог. Сөрөг талаар чинь дамжуулан завхралыг чинь чамд мэдүүлдэг бөгөөд дараа нь сөрөг талыг авч хаяснаар хэрэгжүүлэх замыг чи олно; эдгээр нь бүгд төгс болгуулдаг арга замууд чинь юм. Түүнчлэн, өөрийнхөө доторх зарим эерэг зүйлийн байнгын удирдамж, гэрэлтүүлэлтээр дамжуулан чи идэвх санаачилгатайгаар үүргээ биелүүлж, мэдлэг ухаанаа нэмэгдүүлж, ялган таних чадвартай болно. Нөхцөл байдал чинь сайн байх үед чи Бурханы үгийг уншихыг онцгойлон хүсэж, Бурханд залбирахыг онцгойлон хүсэж, сонсдог номлолуудаа өөрийн байр байдалд хамаатуулан ойлгож чадна. Ийм үед Бурхан чамайг дотроос чинь гэгээрүүлж, гэрэлтүүлэн эерэг талын зарим зүйлийг ухааруулдаг. Ингэж чи эерэг талд төгс болгуулдаг. Сөрөг байдалд чи сул дорой, идэвхгүй байдаг; зүрх сэтгэлд чинь Бурхан байхгүйг мэдэрдэг ч Бурхан чамайг гэрэлтүүлж, хэрэгжүүлэх замаа олоход чинь тусалдаг. Энэ байдлаас гарах нь сөрөг талд төгс болгуулж байгаа хэрэг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас эш татав

479. Заримдаа Бурхан чамд тодорхой нэг төрлийн мэдрэмжийг буюу дотоод баяр жаргалаа алдаж, Бурханд ойр байдлаа алдахад хүргэж, харанхуйд живүүлдэг тийм мэдрэмжийг өгдөг. Энэ бол цэвэршүүлэлтийн нэг төрөл юм. Чи аливаа зүйлийг хийх болгондоо бүтэлгүйтэх юм уу эсвэл хана мөргөдөг. Энэ бол Бурханы сахилгажуулалт юм. Заримдаа чамайг Бурханд дуулгаваргүй, тэрслүү зүйл хийхэд хэн ч мэдэхгүй байж болох боловч Бурхан мэддэг. Тэр чамайг зүгээр өнгөрөөхгүй, сахилгажуулах болно. Ариун Сүнсний ажил маш дэлгэрэнгүй байдаг. Тэр хүмүүсийн үг үйлдэл, үйл хөдлөл, бодол санаа бүрийг сайтар ажиглаж, ингэснээр хүмүүс эдгээр зүйлийн талаар дотоод мэдлэг ойлголт олж авдаг. Чи ямар нэг зүйлийг хийгээд бүтэлгүй болж, дахин хийгээд бас л бүтэлгүй болдог бөгөөд аажмаар Ариун Сүнсний ажлыг ойлгож авах болно. Олон удаагийн сахилгажуулалтаар дамжуулан чи Бурханы хүсэлд нийцүүлэхийн тулд юу хийх ёстой, Түүний хүсэлд юу нийцдэггүйг мэдэх болно. Эцэст нь чамайг дотроос чинь чиглүүлэх Ариун Сүнсний удирдамжид үнэн зөв хариу өгөх болно. Заримдаа чи тэрслүү байх бөгөөд Бурханы чамайг дотроос чинь зэмлэх болно. Энэ бүхэн Бурханы сахилгажуулалтаас ирдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлтийг туулах ёстой”-оос эш татав

480. Ариун Сүнс хүмүүсийг гэгээрүүлэхээр ажиллах үедээ тэдэнд ерөнхийдөө Бурханы ажлын тухай, өөрсдийнх нь жинхэнэ оролт, жинхэнэ байр байдлын тухай мэдлэг өгдөг. Тэр бас, Бурханы яаралтай санаа зорилго болон өнөөдөр хүнд тавьдаг Бурханы шаардлагыг тэдэнд ойлгуулдаг, ингэснээр тэд хавчлага, саад бэрхшээлтэй тулгарсан ч гэсэн Бурханыг хангалуун байлган, хайрлахын тулд бүхнийг золиосолж, цусаа урсган, амиа өгөх байсан ч гэсэн Бурханы төлөө гэрчлэлд зогсож, харамсахгүйгээр ийнхүү хийх шийдвэртэй болдог. Хэрвээ чамд ийм шийдвэр байгаа бол Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөдөг ба чамд Ариун Сүнсний ажил байгаа гэсэн үг—гэхдээ урсан өнгөрөх хором бүрд чамд тийм сэтгэл хөдлөл байдаггүй гэдгийг мэдэж ав. Заримдаа цуглаан дээр Бурханы үгийг идэж, уух үед сэтгэл чинь туйлын их хөдөлж, зоригждог. Бусад хүмүүс Бурханы үгийн талаарх өөрсдийн туршлага, ойлголтыг нөхөрлөх үед тун шинэ, шинэлэг санагдаж, зүрх сэтгэл чинь тов тодорхой, гэгээлэг байдаг. Энэ нь бүгд Ариун Сүнсний ажил юм. Хэрвээ чи удирдагч бөгөөд ажиллахаар чуулган руу явах үед чинь Ариун Сүнс хосгүй гэгээрэл, гэрэлтүүлэлт өгч, чуулган дотор оршдог асуудлуудыг нэгд нэггүй ойлгуулж, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэний талаар хэрхэн нөхөрлөхөө мэдэх боломж олгон, чамайг ажилдаа тун үнэнч, хариуцлагатай, нухацтай болгодог бол энэ бүхэн нь Ариун Сүнсний ажил мөн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (1)”-ээс эш татав

481. Ариун Сүнсний ажил ямар үр дүнд хүрдэг вэ? Чи мунхаг, ялган таних чадваргүй байж болох боловч Ариун Сүнс ажиллаж л байгаа цагт чи итгэлтэй болж, Бурханыг хангалттай хайрлаж чадахгүй байгаагаа үргэлж мэдэрнэ. Урдах бэрхшээл чинь хэчнээн их байлаа ч, чи хамтран ажиллахад бэлэн байна. Чамд ямар нэгэн юм тохиолдож, тэр нь Бурханаас ирсэн үү, эсвэл Сатанаас ирсэн үү гэдэг нь тодорхойгүй байх боловч чи хүлээж чадна, мөн идэвхгүй ч биш, хайнга ч биш байх болно. Энэ бол Ариун Сүнсний хэвийн ажил юм. Ариун Сүнс дотор чинь ажиллах үед чамд бодит бэрхшээл тулгарсаар байдаг: Заримдаа чи уйлж, заримдаа чиний даван гарч чадахгүй зүйлс байдаг боловч энэ нь бүхэлдээ Ариун Сүнсний ердийн ажлын л үе шат юм. Хэдийгээр чи тэдгээр бэрхшээлийг даван гараагүй ч, хэдийгээр тухайн үед сул дорой, гомдлоор дүүрэн байсан ч дараа нь туйлын итгэлээр Бурханыг хайрлаж бас л чадсан. Чиний идэвхгүй байдал хэвийн туршлагатай байхад чинь саад хийж чадахгүй бөгөөд бусад хүн юу ч хэлж байсан, бусад нь чам руу яаж ч дайрч довтолж байсан, Бурханыг хайрлаж мөн л чаддаг. Залбирлын үеэр чи, урьд нь Бурханд маш их өртэй байдаг байсан гэдгээ үргэлж мэдэрдэг бөгөөд тийм зүйлстэй дахин тулгарах болгондоо Бурханыг хангалуун байлгаж, махан биеэс татгалзахаар шийддэг. Энэхүү хүч чадал нь дотор чинь Ариун Сүнсний ажил байгааг харуулдаг. Энэ нь Ариун Сүнсний ажлын хэвийн байр байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-aaс эш татав

482. Бурхан Өөрийн ажлыг давтдаггүй, бодитой бус ажил хийдэггүй, хүнд хэрээс хэтэрсэн шаардлага тавьдаггүй, бас хүний эрүүл ухаанаас давсан ажил хийдэггүй. Түүний хийдэг бүх ажил хүний хэвийн ухааны хүрээнд байж, хэвийн хүн чанарын эрүүл ухаанаас давдаггүй бөгөөд Түүний ажил хүний хэвийн шаардлагын дагуу байдаг. Хэрвээ Ариун Сүнсний ажил мөн бол хүн улам хэвийн болж, хүн чанар улам хэвийн болдог. Хүн өөрийн ялзарсан сатанлаг зан чанар болон хүний мөн чанарын талаар улам их мэдлэгтэй болж, үнэнийг улам ихээр хүсэн тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүний амь улам өсөж, хүний завхарсан зан чанар улам их өөрчлөгдөж чадна—энэ бүхэн нь Бурхан хүний амь болохын уг утга учир юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас эш татав

483. Сатанаас гардаг ажил гэж юу вэ? Сатанаас гардаг ажилд хүмүүсийн доторх үзэгдэл тодорхойгүй байдаг; хүмүүс хэвийн хүн чанаргүй, үйлдлийнх нь цаад сэдэл буруу байдаг бөгөөд хэдийгээр Бурханыг хайрлахыг хүсдэг ч дотор нь үргэлж буруутгал байдаг, эдгээр буруутгал болон бодол тэдний дотор байнга саад болж, амийнх нь өсөлтийг хязгаарлаж, Бурханы өмнө хэвийн нөхцөл байдалтай байхад нь саад хийдэг. Өөрөөр хэлбэл, Сатаны ажил хүмүүсийн дотор ормогц зүрх сэтгэл нь Бурханы өмнө тайван байж чаддаггүй. Тийм хүмүүс өөрсдийгөө яахаа мэддэггүй—хүмүүс цугларч байгааг харах үедээ зугтахыг хүсэж, бусдыг залбирч байхад нүдээ аньж чаддаггүй. Муу ёрын сүнсний ажил нь Бурхан, хүн хоёрын хоорондох хэвийн харилцааг сүйтгэж, хүмүүсийн урьдын үзэгдэл болон амийн оролтын замыг самууруулдаг; зүрх сэтгэлдээ тэд хэзээ ч Бурханд ойртож чаддаггүй ба тэднийг үймүүлж, дөнгөлөх зүйлс үргэлж тохиолддог. Тэдний зүрх сэтгэл амар тайван байж чаддаггүй бөгөөд тэдэнд Бурханыг хайрлах ямар ч хүч чадал үлдэлгүй, сүнсээрээ унасан байдаг. Энэ нь Сатаны ажлын илрэл юм. Сатаны ажлын илрэл нь: үзэл бодолдоо бат зогсож, гэрчлэлд зогсож чадахгүй байх, чамайг Бурханы өмнө буруутай, Бурханд үнэнч бус нэгэн болгох зэрэг юм. Сатан хөндлөнгөөс оролцох үед чи өөрийн доторх Бурханыг гэх хайр болон үнэнч байдлаа алдаж, Бурхантай харилцах хэвийн харилцаагаа үгүй хийдэг бөгөөд үнэнийг юм уу өөрийгөө сайжруулахаар эрэлхийлдэггүй; харин доройтож, идэвхгүй болж, өөрийгөө өөгшүүлж, нүглийн тархалтыг зоргоор нь тавьдаг ба нүглийг үзэн яддаггүй; түүнчлэн Сатаны хөндлөнгийн оролцоо нь чамайг замбараагүй болгодог; чиний дотор Бурхан сэтгэлийг чинь хөдөлгөдөг байдлыг алга болгон, Бурханы талаар гомдоллож, Бурханыг эсэргүүцэж, сэжиглэхэд чамайг хүргэдэг; тэр ч бүү хэл, чи Бурханыг орхих эрсдэлд ордог. Энэ бүхэн Сатанаас гардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-aaс эш татав

484. Өнөөдөр хүнийг ер бусын зүйлсээр мэхэлдэг зарим муу ёрын сүнс бий; өнөө үед Ариун Сүнсний хийдэггүй ажлаар дамжуулан хүнийг мэхлэх нь тэдний хувьд дуурайж байгаа явдал төдийхөн юм. Олон хүн гайхамшиг үйлдэж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг; эдгээр нь муу ёрын сүнсний ажлаас өөр юу ч биш, учир нь Ариун Сүнс өнөө үед тийм ажил хийхээ больсон бөгөөд Ариун Сүнсний тухайн үеийн ажлыг дараа нь дуурайсан бүх хүн бол үнэндээ муу ёрын сүнснүүд юм. Тухайн үед Израильд хийгдсэн бүх ажил ер бусын байсан хэдий ч Ариун Сүнс одоо тийм байдлаар ажилладаггүй бөгөөд одоогийн тийм ямар ч ажил бол Сатан дуурайж, дүр үзүүлж байгаа хэрэг, мөн түүний үймээн самуун юм. Гэхдээ ямар ч ер бусын зүйл муу ёрын сүнснээс гардаг гэж чи хэлж болохгүй—энэ нь Бурханы ажлын эрин үеэс хамаарна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс эш татав

485. Муу ёрын сүнсэнд эзэмдүүлж, “Би бол Бурхан!” хэмээн бархиран хашхирдаг зарим хүн бий. Гэсэн ч, тэдний төлөөлдөг зүйл буруу учраас эцэстээ тэд илчлэгддэг. Тэд Сатаныг төлөөлдөг ба Ариун Сүнс тэдэнд огт анхаарал хандуулдаггүй. Чи өөрийгөө хэчнээн өндөрт өргөмжилж, хэр чанга хашхирсан ч Сатанд харьяалагддаг бүтээгдсэн зүйл хэвээрээ л байна. Би хэзээ ч “Би бол Бурхан, Би бол Бурханы хайртай Хүү!” гэж хашхирдаггүй. Гэвч Миний хийдэг ажил бол Бурханы ажил юм. Би хашхирах хэрэгтэй гэж үү? Ямар ч өргөмжлөл хэрэггүй. Бурхан Өөрийнхөө ажлыг Өөрөө хийдэг бөгөөд хүн Түүнд байр суурь олгож, эсвэл хүндэт цол олгох хэрэггүй: Түүний ажил ялгамж чанар болон байр суурийг нь төлөөлдөг. Баптисм хүртэхээсээ өмнө Есүс, Бурхан Өөрөө байгаагүй гэж үү? Тэрээр Бурханы махбод болсон бие байгаагүй гэж үү? Тэр гэрчлэл хүлээн авсныхаа дараа л Бурханы цорын ганц Хүү болсон гэж хэлж мэдээж болохгүй биз дээ? Түүнийг ажлаа эхлэхээс ч өмнө Есүс гэдэг нэртэй хүн байгаагүй гэж үү? Чи шинэ зам гаргаж, эсвэл Сүнсийг төлөөлж чадахгүй. Сүнсний ажил болон хэлдэг үгийг илэрхийлж чадахгүй. Чи Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй, Сүнсний ажлыг ч хийж чадахгүй. Бурханы мэргэн ухаан, гайхамшиг, ойлгогдошгүй байдал болон хүнийг гэсгээдэг бүх зан чанар—энэ бүхнийг чи илэрхийлж чадахгүй. Тиймээс өөрийгөө Бурхан гэж зүтгэх нь нэмэргүй; чамд зөвхөн нэр л байх ба ямар ч мөн чанар байхгүй. Бурхан Өөрөө ирсэн боловч хэн ч Түүнийг таниагүй, гэсэн ч Тэр Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Сүнсийг төлөөлөн үүнийг хийдэг. Чи Түүнийг хүн юм уу Бурхан, Эзэн юм уу Христ гэж дуудсан ч, эсвэл Түүнийг эгч гэж дуудсан ч энэ нь хамаагүй. Харин Түүний хийдэг ажил Сүнснийх бөгөөд Бурханы Өөрийн ажлыг төлөөлдөг. Хүн Өөрийг нь ямар нэрээр дуудаж байгааг Тэр анхаардаггүй. Тэрхүү нэр Түүний ажлыг тодорхойлж чадах уу? Чи Түүнийг юу гэж дуудахаас үл хамааран, Бурханы тухайд гэвэл Тэрээр Бурханы Сүнсний махбод болсон бие юм; Тэр Сүнсийг төлөөлж, Сүнсээр сайшаагддаг. Хэрвээ чи шинэ эрин үед зориулсан замыг тавьж, хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үеийг эхлүүлж, эсвэл шинэ ажил хийж чадахгүй бол чамайг Бурхан гэж нэрлэж болохгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс эш татав

486. Ариун Сүнс цаг үргэлжид түүний дээр ажиллаж байгаа гэж зарим хүн хэлдэг. Тэгэх боломжгүй. Хэрвээ Ариун Сүнс үргэлж түүнтэй хамт байдаг гэж хэлсэн сэн бол бодитой байх юм. Өөрийнх нь сэтгэхүй, ухаан санаа нь цаг үргэлж хэвийн байдаг гэж хэлсэн бол тэр нь мөн л бодитой байж, Ариун Сүнс түүнтэй хамт байгааг харуулдаг. Хэрвээ тэр, Ариун Сүнс үргэлж дотор нь ажиллаж, өөрийг нь хором бүр Бурхан гэгээрүүлж, Ариун Сүнс хөдөлгөдөг, тэгээд байнга шинэ мэдлэг олж авдаг гэж хэлбэл энэ нь хэвийн биш юм. Энэ бол туйлын ер бусын хэрэг! Тийм хүн бол муу ёрын сүнс гэдэг нь өчүүхэн ч эргэлзээгүй! Бурханы Сүнс махбодод ирсэн ч гэсэн Түүнд хооллох ёстой цаг, амрах ёстой цаг гэж бий—хүмүүсийн тухайд бол ярихын ч хэрэггүй. Муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүн сэтгэл хөдлөлгүй, махан биеийн сул талгүй мэт санагддаг. Тэд бүх зүйлийг хаяж, орхиж чаддаг бөгөөд сэтгэл хөдлөлөөс ангид байж, тарчлааныг тэвчих чадвартай, махан биеийг даван гарсан мэт өчүүхэн ч ядрахыг мэддэггүй. Ингэх нь туйлын ер бусын биш үү? Муу ёрын сүнсний ажил ер бусын байдаг бөгөөд хүн хүршгүй юм. Тийм хүмүүсийг хараад ялган таних чадваргүй хүмүүс атаархдаг ба тэднийг Бурханд итгэхдээ маш эрч хүчтэй, маш агуу итгэлтэй байж, мөн хэзээ ч сул дорой байдаггүй гэж хэлдэг. Үнэндээ энэ нь муу ёрын сүнсний ажлын илрэл юм. Учир нь хэвийн хүмүүст хүний сул тал гарцаагүй байдаг; энэ бол Ариун Сүнс хамт байгаа хүмүүсийн хэвийн байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (4)”-өөс эш татав

487. Хүмүүс Бурханы талаар зарим нэг ойлголттой болох үедээ Түүний төлөө дуртайяа зовж, амьдралаа зориулж чадна. Гэхдээ Сатан тэдний доторх сул талыг хянасаар байдаг бөгөөд тэднийг зовоож мөн л чаддаг. Муу ёрын сүнснүүд хүмүүс дээр ажиллаж, тэдэнд саад болж, оюун санааг нь будилуу байдалтай болгож, эрүүл ухааныг нь алдуулж, амархан өвчлүүлж, бүх талаар саад учруулж бас л чаддаг. Хүмүүсийн дотор Сатаны хянаж, зохицуулж болох оюун санаа, сэтгэлийн зүйл байсаар байдаг. Иймээс чи өвдөж, хүндрэл бэрхшээлтэй тулгардаг ба амиа хорлох боломжтой байдаг, заримдаа бас дэлхий ертөнцийн эзгүйрлийг мэдрэх юм уу амьдрал утга учиргүй санагддаг. Өөрөөр хэлбэл, хүмүүний энэ зовлон одоо ч Сатаны удирдлага дор байдаг; энэ нь хүний аминд халтай сул талуудын нэгийг бүрдүүлдэг. Сатан өөрийнхөө завхруулж, дэвсэлсэн зүйлсийг ашиглах чадвартай хэвээр байдаг; эдгээр нь хүн төрөлхтний эсрэг Сатаны ашиглаж чадах зэвсэг юм… Муу ёрын сүнснүүд ажлаа хийхийн тулд боломж бүрийг шүүрэн авдаг; тэд дотроос чинь ярьж, чихэнд чинь шивнэж, эсвэл бодол санааг чинь замбараагүй болгож чадна. Тэр ч бүү хэл, Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөхийг мэдрэхгүй болтол чинь дарангуйлж чаддаг. Үүний дараа тэд бодлыг чинь будилуулж, уураг тархийг чинь самууруулснаар чамд саад хийж эхлэн, чамайг тайван бус болгож, үймрүүлж орхидог. Энэ нь муу ёрын сүнснүүдийн хүмүүс дээр хийдэг ажил юм. Үүнийг ялган таньж чадахгүй бол тэд асар их аюулд орно.

Христийн ярианы тэмдэглэл номын “Бурхан дэлхий ертөнцийн зовлонг амсахын ач холбогдол”-оос эш татав

488. Ариун Сүнсний ажил нь эерэг үйл явц байдаг байхад Сатаны ажил нь ухралт, сөрөг байдал, тэрслүү байдал, Бурханыг эсэргүүцэх, Бурханд итгэл алдах, мөн магтан дуу дуулах ч дургүй байх, үүргээ биелүүлэхэд дэндүү сул дорой байх явдал юм. Ариун Сүнсний гэгээрлээс үүдэн гардаг бүхэн нь нэлээд ердийн байдаг; энэ нь чамайг хүчилдэггүй. Хэрвээ чи үүнийг дагавал амар тайван байна; хэрвээ дагахгүй бол дараа нь зэмлүүлнэ. Ариун Сүнсний гэгээрэлтэйгээр чиний хийдэг юу ч хязгаарлагдаж, саатуулагдахгүй, чи чөлөөтэй байх ба чиний үйлдлүүдэд хэрэгжүүлэх зам байх болно, чи ямар нэгэн хязгаарлалтад автахгүй, харин Бурханы хүсэлд үндэслэн үйлдэж чадна. Сатаны ажил олон зүйл дээр чамд саад учруулдаг; энэ нь чамайг залбирах хүсэлгүй, Бурханы үгийг идэж, уухад хэтэрхий залхуу, чуулганы амьдралаар амьдрах дургүй болгодог бөгөөд чамайг сүнслэг амьдралаас хөндийрүүлдэг. Ариун Сүнсний ажил өдөр тутмын амьдралд чинь саад болдоггүй бөгөөд хэвийн сүнслэг амьдралд чинь саад болдоггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-aaс эш татав

489. Бурханаас гардаг зүйл нь чамд улам илүү тодорхой үзэгдэл өгч, Бурханд улам ойр болгодог; ах эгч нартайгаа чин сэтгэлийн хайрыг хуваалцаж, чи Бурханы ачаанд санаа тавих чадвартай болж, Бурханыг хайрлах сэтгэл чинь хэзээ ч багасахгүй. Алхах зам өмнө чинь байна. Сатанаас гарч ирдэг зүйлс үзэгдэл чинь алга болж, өмнө нь байсан бүхнээ алдахад чамайг хүргэдэг; чи Бурханаас холдож, ах эгч нараа гэсэн хайр чинь үгүй болж, үзэн ядах сэтгэлтэй болно. Чи цөхөрч, цаашид чуулганы амьдралаар амьдрах хүсэлгүй болох бөгөөд Бурханыг хайрлах зүрх сэтгэл чинь үгүй болдог. Энэ бол Сатаны ажил бөгөөд мөн ёрын муу сүнсний хийдэг ажлын үр дагавар юм.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “22-р бүлэг”-ээс эш татав

490. Хүмүүсийн бодит хэрэгжүүлэлтэд хүний хүслээс ихээхэн зүйл гардаг ч хүмүүс үүнийг Ариун Сүнснээс ирдэг гэж тууштай итгэдэг. Зарим зүйл муу ёрын сүнснээс ирдэг атал хүмүүс тэдгээрийг Ариун Сүнснээс ирсэн гэж бодсоор байдаг бөгөөд заримдаа Ариун Сүнс хүмүүсийг дотроос нь залж чиглүүлдэг ч хүмүүс, ийм удирдамж Сатанаас ирдэг хэмээн айж, дуулгавартай дагаж зүрхэлдэггүй, гэтэл бодит байдал дээр тэр удирдамж нь Ариун Сүнсний гэгээрэл байдаг. Тиймээс хүн ялган салгахгүй л бол бодит туршлагаараа туулах ямар ч аргагүй юм; ялгаж салгахгүйгээр амь олж авах аргагүй. Ариун Сүнс яаж ажилладаг вэ? Муу ёрын сүнс яаж ажилладаг вэ? Хүний хүслээс юу гардаг вэ? Мөн Ариун Сүнсний удирдамж болон гэгээрлээс юу төрөн гардаг вэ? Хэрвээ чи хүний доторх Ариун Сүнсний ажлын хэв маягийг ухаарвал өдөр тутмын амьдралдаа болон бодит туршлагынхаа явцад мэдлэгээ өсгөж, ялган салгаж чадна; та нар Бурханыг мэдэж авч, Сатаныг ойлгож, ялган таньж чадна; мөн өөрсдийн дуулгавартай байдал юм уу эрэл хайгуулдаа будилж төөрөлдөхгүй бөгөөд бодол санаа нь саруул тунгалаг, Ариун Сүнсний ажлыг дуулгавартай дагадаг нэгэн байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-aaс эш татав

491. Өдөр тутмын амьдралд чинь ямар нэгэн зүйл тохиолдох үед Ариун Сүнсний ажлаас гарсан уу, эсвэл Сатаны ажлаас гарсан уу гэдгийг нь чи хэрхэн ялган салгах ёстой вэ? Хүмүүсийн нөхцөл байдал хэвийн байх үед сүнслэг амьдрал болон махан бие дэх амьдрал нь хэвийн байдаг, эрүүл ухаан нь хэвийн, эмх цэгцтэй байдаг. Ийм нөхцөл байдалд байх үед тэдний дотроо туулж, мэдэж авдаг зүйлийг ерөнхийд нь Ариун Сүнсээр хөдөлгөгдсөнөөс гардаг (Бурханы үгийг идэж, уух үедээ мэдлэг ухаантай байх юм уу зарим нэг энгийн мэдлэг эзэмшиж, эсвэл зарим зүйл дээр үнэнч байж, эсвэл зарим зүйл дээр Бурханыг хайрлах чадалтай байх—энэ бүхэн Ариун Сүнснээс гардаг) гэж хэлж болно. Хүн дэх Ариун Сүнсний ажил тун хэвийн байдаг; хүн үүнийг мэдрэх чадваргүй бөгөөд энэ нь хүнээр өөрөөр нь дамжиж байгаа мэт санагддаг, гэхдээ үнэндээ энэ нь Ариун Сүнсний ажил юм. Өдөр тутмын амьдралд, Ариун Сүнс хүн бүрд их, бага ажлын аль алийг хийдэг бөгөөд гагцхүү энэ ажлын хэмжээ л ялгаатай байдаг. Зарим хүн сайн хэв чанартай байдаг бөгөөд аливааг хурдан ойлгодог, тэдний доторх Ариун Сүнсний гэгээрэл ялангуяа их байдаг. Харин зарим хүн хэв чанар муутай, аливааг ойлгохдоо удаан байдаг боловч Ариун Сүнс тэднийг дотроос нь хөдөлгөдөг бөгөөд тэд ч бас Бурханд үнэнч байж чадна—Ариун Сүнс Бурханыг эрэлхийлдэг бүх хүнд ажилладаг. Өдөр тутмын амьдралдаа хүмүүс Бурханыг эсэргүүцдэггүй, эсвэл Бурханы эсрэг тэрсэлдэггүй, Бурханы удирдлагад харшлах зүйлсийг хийдэггүй, Бурханы ажилд саад болдоггүй байх үед хүн нэг бүрд Бурханы Сүнс их, бага хэмжээгээр ажилладаг; Тэрээр тэднийг хөдөлгөж, гэгээрүүлж, тэдэнд итгэл, хүч чадал өгч, идэвх санаачилгатайгаар ороход хүргэж, мөн залхуурахгүй, махан биеийн зугаа цэнгэлд шунахгүй, үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн байж, Бурханы үгийг хүсэн эрмэлзэхэд хүргэдэг. Энэ бүхэн нь Ариун Сүнснээс ирдэг ажил билээ.

Хүмүүсийн байр байдал хэвийн бус байх үед тэднийг Ариун Сүнс хаядаг; тэд оюун санаандаа гомдомтгой, буруу сэдэлтэй байдаг, мөн залхуурч, махан биеэ өөгшүүлж, зүрх сэтгэл нь үнэний эсрэг тэрсэлдэг. Энэ бүхэн Сатанаас гардаг. Хүмүүсийн нөхцөл байдал хэвийн бус байх үед, мөн тэдний дотор харанхуй байж, хэвийн эрүүл ухаанаа алдаж, Ариун Сүнсэнд хаягдаж, өөрсдийнхөө дотор Бурханыг мэдэрч чадахгүй байх үед дотор нь Сатан ажиллаж байгаа юм. Хэрвээ хүмүүс дотроо үргэлж хүч чадалтай байж, Бурханыг үргэлж хайрладаг бол ерөнхийдөө аливаа зүйлс тэдэнд тохиолдох үед тэдгээр нь Ариун Сүнснээс ирдэг ба тэд хэнтэй ч уулзсан бай, тэр уулзалт нь Бурханы зохицуулалтын үр дүн байдаг. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал чинь хэвийн байх үед, мөн чамайг Ариун Сүнсний агуу ажил дотор байх үед Сатан чамайг ганхуулах боломжгүй. Энэхүү суурин дээр юм бүхэн Ариун Сүнснээс ирдэг гэж хэлж болох бөгөөд хэдий чамд буруу бодол байж болох ч тэдгээрээс татгалзаж, дагахгүй байж чадна. Энэ бүхэн Ариун Сүнсний ажлаас гардаг. Сатан ямар нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцдог вэ? Нөхцөл байдал чинь хэвийн бус байх үед, Бурханаар хөдөлгөгдөөгүй, Бурханы ажилгүй, дотроо уйтгартай, хоосон байх үед, Бурханд залбирсан ч юу ч ухаарахгүй, Бурханы үгийг идэж, уухдаа ч гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэхгүй байх үед та нарын дотор Сатан ажиллахад амархан байдаг. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнсэнд хаягдаж, Бурханыг мэдэрч чадахгүй байх үед чинь Сатаны уруу таталтаас гардаг олон зүйл та нарт тохиолддог. Ариун Сүнсийг ажиллаж байхад Сатан ч бас нэгэн зэрэг ажилладаг байгаа. Ариун Сүнс хүний сэтгэл доторхыг хөдөлгөхийн сацуу Сатан хүнд саад болдог. Гэхдээ Ариун Сүнсний ажил тэргүүлэх байр суурийг эзэлдэг бөгөөд нөхцөл байдал нь хэвийн хүмүүс ялалт байгуулж чаддаг, энэ нь Ариун Сүнсний ажил Сатаны ажлыг ялан дийлж байгаа хэрэг юм. Харин Ариун Сүнсийг ажиллах үед хүмүүсийн дотор завхарсан зан чанар байсаар байдаг; гэхдээ Ариун Сүнсний ажлын үеэр хүмүүсийн хувьд өөрсдийнхөө тэрслүү байдал, сэдэл, хольцыг олж мэдэж, танихад амархан байдаг. Тэр үед л хүмүүс харуусаж, гэмших хүсэлтэй болдог. Ийм болохоор тэдний тэрслүү, завхарсан зан чанар Бурханы ажил дотор аажмаар хаягддаг. Ариун Сүнсний ажил нэн хэвийн байдаг; Түүнийг хүмүүс дээр ажиллахад хүмүүст мөн л бэрхшээл тохиолдоно, тэд мөн л уйлж, зовж, сул дорой байдаг бөгөөд тэдний хувьд тодорхойгүй зүйл их байсаар байдаг, гэхдээ ийм байдалд тэд уруудан доройтохоо больж, Бурханыг хайрлаж чаддаг, мөн хэдий тэд уйлж, дотроо шаналж байсан ч Бурханыг магтах чадвартай хэвээр байдаг; Ариун Сүнсний ажил тун хэвийн бөгөөд өчүүхэн төдий ч ер бусын биш. Ариун Сүнсийг ажиллаж эхэлмэгц хүмүүсийн байр байдалд өөрчлөлт гарч, тэдний хувьд үндсэн зүйлс арилдаг гэж ихэнх хүмүүс итгэдэг. Тийм итгэл нь эндүү ташаа юм. Ариун Сүнс хүний дотор ажиллах үед хүний идэвхгүй зүйлс байсаар байдаг бөгөөд биеийн хэмжээ нь өөрчлөгдөлгүй хэвээр үлддэг ч тэрээр Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг олж авдаг тул түүний байр байдал илүү идэвх санаачилгатай, доторх нөхцөл байдал нь хэвийн байдаг ба тэрээр хурдан өөрчлөгддөг. Бодит туршлагаараа хүмүүс үндсэндээ Ариун Сүнсний юм уу Сатаны ажлыг туулдаг бөгөөд хэрвээ тэд эдгээр байр байдлыг ухаарч, ялган салгаж чадахгүй бол бодит туршлагад орох огт боломжгүй, зан чанарын өөрчлөлтийн тухайд бол ярихын ч хэрэггүй. Тиймээс Бурханы ажлыг туулахын гол түлхүүр нь ийм зүйлсийг нэвт шувт харж чаддаг байх явдал юм; ийм маягаар, тэдний хувьд үүнийг туулахад илүү амархан байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-aaс эш татав

492. Ариун Сүнсний ажил юу болохыг, Сатаны ажил юу болохыг мэдсэнээр туршлагынхаа явцад чи эдгээрийг өөрийнхөө байр байдалтай болон хувийн туршлагатай харьцуулж болох бөгөөд ийм маягаар, зарчимтай холбоотой илүү олон үнэн туршлагад чинь байх болно. Зарчмын тухай эдгээр үнэнийг ойлгоод чи өөрийнхөө бодит байдлыг хянах чадвартай болж, хүмүүс, үйл явдлыг ялган салгаж чаддаг болох бөгөөд Ариун Сүнсний ажлыг олж авахын тулд маш их хичээл чармайлт зарцуулах хэрэггүй болно. Мэдээж, энэ нь чиний сэдэл зөв байгаагаас, эрж хайж, хэрэгжүүлэхийг хүсэж байгаагаас хамаардаг. Иймэрхүү хэл—зарчимтай холбоотой хэл—нь чиний туршлагад байх ёстой. Үүнгүйгээр чиний туршлага Сатаны хөндлөнгийн оролцоо болон мунхаг мэдлэгээр дүүрэн байх болно. Хэрвээ чи Ариун Сүнс хэрхэн ажилладгийг ойлгодоггүй бол хэрхэн орохоо ойлгодоггүй, хэрвээ чи Сатан хэрхэн ажилладгийг ойлгодоггүй бол авч байгаа алхам бүрдээ хэрхэн хянамгай байх ёстойгоо ойлгодоггүй. Хүмүүс Ариун Сүнс хэрхэн ажилладгийг болон Сатан хэрхэн ажилладгийг хоёуланг нь ойлгох ёстой; аль аль нь хүмүүсийн туршлагын зайлшгүй чухал хэсэг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-aaс эш татав

Тайлбар:

а. Эх бичвэрт “сургаалт үлгэрийн” гэх хэллэг байдаггүй.

Өмнөх: 15.4. Бурхан болон хүний ажлын хоорондох ялгааны тухай

Дараах: 15.6. Сатанлаг зан чанар, уг чанар, мөн чанараа ойлгох тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

БУРХАНЫ АЖЛЫН ҮЗЭГДЭЛ (2)

Нигүүлслийн эрин үед гэмшлийн сайн мэдээ тунхаглагдсан бөгөөд хүн итгэх л юм бол аврагдах байв. Өнөөдөр авралын оронд байлдан дагуулалт...

ХУУЛИЙН ЭРИН ҮЕ ДЭХ АЖИЛ

Израильчууд дээр хийсэн Еховагийн ажил нь газар дээрх Бурханы эх нутаг буюу Түүний байдаг ариун газрыг хүн төрөлхтний дунд байгуулжээ....

7-Р БҮЛЭГ

Барууны бүх салбар Миний дуу хоолойг сонсох хэрэгтэй:Өнгөрсөн үед та нар Надад үнэнч байсан уу? Та нар Миний онц гойд зөвлөмж үгсийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх