3. Итгэгчид шашнаас ангижирч, Бурхан руу буцаж очихын тулд хуурамч хоньчид, антихристүүдийг ялган таньж чаддаг байх ёстой

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Ехова Бурхан хоньчдод ийнхүү айлдаж байна; Өөрсдийгөө тэжээдэг Израилийн хоньчид золгүй еэ! Хоньчид хонин сүргээ тэжээх ёстой биш гэж үү? Та нар өөх идэж, өөрсдийгөө ноосоор хувцаслаж, тарган хонийг нядалдаг: гэхдээ та нар хонин сүргийг тэжээдэггүй. Эмгэгтэйг нь та нар тэнхрүүлдэггүй, өвчтэйг нь эдгээдэггүй, гэмтсэнийг нь боодоггүй, бутарсныг нь цуглуулдаггүй, төөрснийг нь ч хайдаггүй; харин та нар тэднийг хүчээр, хатуу ширүүнээр ноёлсон. Хоньчин байхгүй болохоор тэд таран бутарчээ: тарсан үедээ тэд тал хээрийн бүх араатны идэш болов. Миний хонин сүрэг бүх уулсаар, өндөр толгод бүрээр тэнүүчлэлээ: тийм ээ, Миний хонин сүрэг газрын бүх гадаргаар таран бутарсан бөгөөд хэн ч тэднийг эрж, хайсангүй” (Езекиел 34:2–6).

“Хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжил, хонины арьс нөмрөн та нар луу ирэх боловч дотроо тэд хомхой чононууд юм” (Матай 7:15).

“Тэд бол сохруудын сохор удирдагчид юм. Хэрвээ сохор нь сохроо удирдвал хоёулаа нүхэнд унах болно” (Матай 15:14).

“Учир нь Есүс Христ махбодод ирснийг хүлээн зөвшөөрдөггүй олон мэхлэгч дэлхийд орж ирсэн. Энэ бол мэхлэгч бөгөөд антихрист мөн” (2 Иохан 1:7).

“Үүгээр та нар Бурханы Сүнсийг мэднэ. Есүс Христ махбодоор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг сүнс бүр Бурханаас ирсэн. Эзэн Есүс махбодоор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс болгон Бурханаас ирээгүй, энэ бол антихристийн сүнс юм. Та нар түүнийг ирэх ёстой гэж сонссон ба тэр одоо аль хэдийн дэлхийд байна” (1 Иохан 4:2–3).

Холбогдох Бурханы үг:

Зүгээр л урсгал болгоны удирдагчдыг харцгаа—тэд бүгд биеэ тоож, өөрсдийгөө зөвтгөдөг бөгөөд Библийг агуулгаас нь гажуудуулж, өөрсдийн төсөөллөөр тайлбарладаг. Ажлаа хийхдээ тэд бүгд билиг авьяас, эрдэм мэдлэгт түшиглэдэг. Хэрэв тэд юу ч номлох чадваргүй байсан бол энэ хүмүүс тэднийг дагана гэж үү? Эцсийн эцэст тэд жаахан мэдлэгтэй бөгөөд зарим нэг хоосон сургаалын тухай номлож чаддаг, эсвэл бусдыг хэрхэн өөрийн талд оруулах, заль мэх хэрхэн ашиглахаа мэддэг. Тэд хүмүүсийг өөрсдийнхөө өмнө авчирч, хуурахдаа эдгээрийг ашигладаг. Тэд Бурханд нэр төдий итгэдэг боловч бодит байдал дээр удирдагчдаа дагадаг. Хэрэв үнэн замыг номлож байгаа хүнтэй таарах юм бол зарим нь, “Бид итгэлийнхээ талаар удирдагчтайгаа зөвлөлдөх ёстой” гэцгээдэг. Тэдний итгэл хүнээр дамжих ёстой байна гэдэг чинь асуудал бус уу? Тэгвэл тэрхүү удирдагчид юу болсон бэ? Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд нь хүмүүсийг бүдрээх бул хар чулуу болсон бус уу? Ийм хүмүүс нь Паулын төрөл билээ…

Хүмүүс Бурханд итгэхдээ бусдыг дагадаг байсан ч бай, эсвэл Бурханы хүслийг хангаагүй ч бай, сүүлчийн энэ үе шатанд эцэстээ Бурханы өмнө очих ёстой. Хэрэв чи ажлын энэ үе шатыг туулсан суурьтай атлаа бусдыг дагасаар байвал уучлагдах аргагүй бөгөөд яг л Паул шиг дуусна.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас эш татав

Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд “эрүүл чийрэг бие махбодтой” харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Бурханы өмнө өөрсдийгөө өндрөөр үнэлдэг хүмүүс бол хамгийн дорд хүмүүс, харин өөрсдийгөө даруухан байлгадаг хүмүүс бол хамгийн эрхэм юм. Бурханы ажлыг мэддэг гэж боддог, түүнчлэн Бурханыг шууд харж байхдаа ч Түүний ажлыг асар чангаар бусдад тунхагладаг хүмүүс бол хамгийн мэдлэггүй хүмүүс юм. Ийм хүмүүс бол Бурханы гэрчлэлгүй хүмүүс, биеэ тоосон, ихэрхүү хүмүүс билээ. Бодит туршлагатай, Бурханы талаар бодитой мэдлэгтэй атлаа өөрсдийгөө Бурханы талаар дэндүү бага мэдлэгтэй гэж боддог хүмүүсийг Тэр хамгийн их хайрладаг. Ийм хүмүүс л үнэхээр гэрчлэлтэй байдаг ба Бурханаар төгс болгуулж үнэхээр чаддаг. Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханы хүслийг ойлгодог атлаа үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханы үгийг идэж, уудаг атлаа Бурханы үгийн мөн чанарын эсрэг явдаг хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; бие махбодтой болсон Бурханы талаар үзэл тээдэг, түүнчлэн тэрслүү санаа бодолтой хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханыг шүүдэг хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханыг мэдэж, эсвэл Түүнд гэрчлэл хийж чаддаггүй хэн боловч Бурханыг эсэргүүцэгчид билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-aaс эш татав

Шалгуурт нийцсэн ажилчны ажил хүмүүсийг зөв замд аваачиж, үнэнд улам их орох боломж олгож чаддаг. Түүний ажил хүмүүсийг Бурханы өмнө авчирч чаддаг. Түүнчлэн, түүний хийдэг ажил нь хүнээс хүнд ялгаатай байж болдог, дүрэмд баригддаггүй бөгөөд хүмүүст чөлөөлөлт, эрх чөлөө, амиа алгуур өсгөх, үнэнд улам гүн орох чадавх олгодог. Харин шалгуурт нийцээгүй ажилчны ажил хамаагүй тааруухан байдаг. Бас ажил нь мунхаг байдаг. Тэрээр хүмүүсийг дүрэм рүү л аваачиж чаддаг ба хүмүүсээс шаарддаг зүйл нь хүнээс хүнд ялгаатай байдаггүй; тэрээр хүмүүсийн бодит хэрэгцээний дагуу ажилладаггүй. Ийм төрлийн ажилд, хэтэрхий олон дүрэм, хоосон сургаал байдаг бөгөөд хүмүүсийг бодит байдал руу ч, амийн өсөлтийн хэвийн хэрэгжүүлэлт рүү ч аваачиж чаддаггүй. Энэ нь хүмүүсээр үнэ цэнгүй цөөн хэдэн дүрэм журмыг баримтлуулдаг. Ийм удирдамж нь хүмүүсийг буруу замаар оруулж л чадна. Тэр чамайг өөртэйгөө адилхан болгож, өөрт нь юу байгаа, өөрөө юу болох руугаа л аваачиж чадна. Дагалдагчдын хувьд удирдагчид нь шалгуур хангадаг эсэхийг ялган таних гол түлхүүр бол тэдний удирдан чиглүүлдэг зам, ажлын үр дүнг харах, мөн дагалдагчид нь үнэнтэй нийцэлтэй зарчмыг хүлээн авдаг эсэх, өөрчлөгдөхөд нь тохирсон хэрэгжүүлэлтийн замыг хүлээн авдаг эсэхийг харах хэрэгтэй. Чи өөр өөр хүмүүсийн янз бүрийн ажлыг хооронд нь ялгах хэрэгтэй; чи мунхаг дагалдагч байх ёсгүй. Энэ нь хүмүүсийн оролтын хэрэг явдалд нөлөөлдөг. Хэрвээ чи аль хүний удирдлагад зам байгаа, алинд нь байхгүй болохыг ялган салгаж чадахгүй бол амархан мэхлэгдэнэ. Энэ бүгд чиний өөрийн амьтай шууд хамаатай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас эш татав

Хүн оюун санаандаа байгаа ажлыг маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пастор, удирдагчид авьяас билиг, байр сууриндаа тулгуурлан ажлаа хийдэг. Удаан хугацаанд тэднийг дагасан хүмүүст тэдний авьяас билиг, оршихуйн зарим нь нөлөөлнө. Тэд хүмүүсийн авьяас билиг, ур чадвар, мэдлэгт анхаарч, мөн ер бусын зүйл, бодит бус гүн гүнзгий олон сургаалд (мэдээж, эдгээр гүн гүнзгий сургаалд хүрэхийн аргагүй) анхаарал хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанарын өөрчлөлтөд анхаарлаа төвлөрүүлдэггүй, харин хүмүүсийг номлох, ажиллахад сургаж, тэдний мэдлэг болон элбэг арвин шашны сургаалыг сайжруулахад анхаардаг. Хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөнийг, хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг тэд анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэх гэж оролдох нь байтугай, мөн чанарынх нь талаар ч хайхардаггүй. Хүмүүсийн үзлийг сөрдөггүй, үзлийг нь ч илчилдэггүй, дутагдал, завхралынх нь төлөө хүмүүсийг засаж бүр ч чаддаггүй. Тэднийг дагадаг ихэнх хүн авьяас билгээрээ үйлчилдэг ба илэрхийлдэг бүхэн нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй шашны үзэл, теологийн онол байдаг. Үнэндээ тэдний ажлын мөн чанар нь авьяасыг хөгжүүлж, юу ч үгүй хүнийг хөгжүүлээд, хожим нь ажиллаж, удирдахаар явах шашны сургуулийн авьяаслаг төгсөгч болгох явдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас эш татав

Миний ардуур олон хүн байр суурийн ерөөлд шунаж, ховдоглон идэж, нойронд шимтэж, махан биедээ бүх анхаарлаа хандуулан, махан бие нь гарах гарцгүй болохоос үргэлж айдаг. Тэд зүй ёсны чиг үүргээ чуулганд биелүүлдэггүй, харин чуулганыг сорон мөлжиж эсвэл ах эгч нараа Миний үгээр сургамжилж, эрх мэдлийн байр сууринаас бусдыг захирдаг. Энэ хүмүүс өөрсдийгөө Бурханы хүслийг биелүүлж байна гэж хэлсээр, үргэлж өөрсдийгөө Бурханы дотнын хүн гэж хэлдэг нь утгагүй хэрэг биш гэж үү? Хэрвээ санаа чинь зөв боловч Бурханы хүслийн дагуу үйлчлэх чадваргүй бол чи мунхаг байна; харин санаа чинь буруу атал өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж хэлсээр байвал чи Бурханыг эсэргүүцдэг нэгэн тул Бурханд шийтгүүлэх учиртай! Би ийм хүмүүсийг огт өрөвддөггүй! Бурханы гэрт тэд сорон мөлжиж, үргэлж махан биеийн тав тухад шунаж, Бурханы ашиг сонирхлыг хайхардаггүй; тэд үргэлж өөрсдөдөө сайн зүйлсийг эрж хайж, Бурханы хүсэлд ямар ч анхаарал хандуулдаггүй. Хийдэг бүхнийг нь Бурханы Сүнс шинжихийг тэд хүлээн зөвшөөрдөггүй. Тэд үргэлж ах эгч нараа залилж, мэхлэн, яг л усан үзмийн талбайг үргэлж гишгэчиж, усан үзэм хулгайлдаг үнэг шиг хоёр нүүртэй байдаг. Ийм хүмүүс Бурханы дотнын хүн байж чадах уу? Чи Бурханы ерөөлийг хүлээж авахад тохирно гэж үү? Өөрийн амь болон чуулганы төлөө ямар ч ачаа үүрдэггүй байж чи Бурханы даалгаврыг хүлээж авахад тохирно гэж үү? Чам шиг хүнд хэн итгэж зүрхлэх вэ? Чамайг ингэж үйлчилж байхад Бурхан чамд илүү их ажил даалгаж чадна гэж үү? Ажилд энэ нь садаа болох бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс эш татав

Чи төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн хүсэл зоргын дагуу Бурханд үйлчилдэг. Түүгээр ч барахгүй хийхийг хүсэж байгаа зүйлд чинь Бурхан баярлаж, хийхийг хүсдэггүй зүйлийг чинь Бурхан үзэн яддаг гэж чи үргэлж боддог; чи зөвхөн өөрийн хүсэл зоргын дагуу л ажилладаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амь зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй; харин ч үйлчлэл чинь чамайг бүр илүү зөрүүд болгосноор завхарсан зан чанарыг чинь туйлын үхширмэл болгоно. Тийм болохоор, Бурханд үйлчлэх талаар зөвхөн өөрийн чинь зан аашинд голлон суурилсан дүрэм журам, зан чанарынхаа дагуу үйлчилдэг үйлчлэлээс чинь урган гарсан туршлага чамд бий болно. Эдгээр нь хүний туршлага болон сургамж юм. Энэ бол хорвоо дээр амьдрах хүний амьдралын гүн ухаан юм. Ийм хүмүүсийг фарисайчууд, шашны албан тушаалтнууд гэж ангилж болно. Хэрвээ тэд хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцсийн өдрүүдэд хүмүүсийг хууран мэхэлдэг хуурамч Христүүд, антихристүүд болж хувирах нь гарцаагүй. Яриад байсан хуурамч Христүүд болон антихристүүд ийм хүмүүсийн дундаас гарч ирнэ. Хэрвээ Бурханд үйлчилдэг хүмүүс өөрсдийн зан аашаа дагаж, өөрсдийн хүсэл зоригийн дагуу үйлддэг бол тэд хэзээ ч хамаагүй хөөн зайлуулагдах эрсдэлтэй. Бурханд үйлчилж олж авсан олон жилийн туршлагаа бусдын зүрх сэтгэлийг өөртөө татаж, тэднийг сургамжилж, хянаж, өндөр байр суурийг эзлэхэд ашигладаг хүмүүс—хэзээ ч гэмшиж, хэзээ ч нүглээ улайж, байр суурийн ашиг хонжооноос хэзээ ч татгалздаггүй—энэ хүмүүс Бурханы өмнө унах болно. Тэд бол Паултай адил, дээгүүр зиндаагаараа бардамнаж, эрдэм чадлаа гайхуулдаг. Бурхан ийм хүмүүсийг төгс болгохгүй. Ийм үйлчлэл Бурханы ажилд саад учруулдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Шашны үйлчлэлээс ангижрах ёстой”-оос эш татав

Зарим хүн өөрсдийн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх гэж бус, харин онцгой байдалд зориулж, эсвэл өөрсдийгөө орхиж, бусдад туслахын тулд л тодорхой үнэнээр өөрсдийгөө зэвсэглэдэг. Бид тэр хүмүүсийг “аминч бус хүмүүс” гэж нэрлэдэг. Тэд бусдыг үнэний хүүхэлдэй, өөрсдийгөө үнэний эзэн гэж үзээд, үнэнийг тууштай баримталж, идэвхгүй бус байхыг бусдад зааж сургангаа өөрсдөө хөндлөнгийн ажиглагчид хэвээр үлддэг. Энэ ямар төрлийн хүмүүс вэ? Тэд үнэний зарим үгээр өөрсдийгөө зэвсэглэдэг ч ердөө бусдад зааж сургахын тулд л үүнийгээ ашигладаг, харин сүйрэлтэйгээ тулгарахаас сэргийлэхийн тулд юу ч хийдэггүй. Хэчнээн өрөвдөлтэй! Хэрвээ тэдний үг бусдад тусалж чаддаг юм бол тэд яагаад өөрсдөдөө тусалж чаддаггүй юм бэ? Бид тэднийг бодит байдалгүй хоёр нүүртнүүд гэж нэрлэх ёстой. Тэд үнэний үгээр бусдыг хангаж, үүнийг хэрэгжүүлэхийг бусдаас хүсдэг хэр нь өөрсдөө үнэнийг хэрэгжүүлэхийн тулд ямар ч хүчин чармайлт гаргадаггүй. Тэд жигшүүртэй бус уу? Тэд өөрсдөө үүнийг хийж чадахгүй нь тодорхой атал үнэний үгийг хэрэгжүүл гэж бусдыг хүчилдэг—ямар гээчийн харгис арга барил вэ! Тэд бусдад туслахын тулд бодит байдлыг ашиглахгүй байна; хүмүүсийг хангахдаа хайрыг ашиглахгүй байна. Тэд зүгээр л хүмүүсийг хууран мэхэлж, хорлож байна. Хэрвээ хүн нэг бүр үнэний үгийг дараагийнхдаа дамжуулан ийнхүү үргэлжилбэл хүн бүр үнэний үгийг ярьдаг ч өөрсдөө хэрэгжүүлдэггүй болж дуусах бус уу? Ийм хүмүүс яаж өөрчлөгдөж чадах юм бэ? Тэд өөрсдийнхөө асуудлыг огт мэддэггүй; тэд яаж урагшлах замтай байж чадах юм бэ?

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хайрладаг хүмүүст урагшлах зам бий”-ээс эш татав

Бурханыг махбод болж, хүмүүсийн дунд ажиллахаар ирэх үед бүгд Бурханыг харж, үгийг нь сонсож, махбодоороо Бурханы хийдэг бүх үйл хэргийг хардаг. Тэр үед хүний бүх үзэл хөөс болдог. Бурхан махбодоор гарч ирэхийг харсан хүмүүсийн хувьд, хэрвээ тэд Түүнийг дуртайяа дуулгавартай дагадаг бол яллагдахгүй, харин зориуд Түүний эсрэг зогсдог хүмүүсийг Бурханыг эсэргүүцэгч гэж үзэх болно. Тийм хүмүүс бол антихристүүд, Бурханыг зориуд эсэргүүцдэг дайснууд юм. Бурханы талаар үзэл өвөрлөдөг боловч Түүнийг дуулгавартай дагахад бэлэн, дуулгавартай дагахыг хүсдэг хүмүүс яллагдахгүй. Бурхан бодол, санаанд нь үндэслэж бус, харин санаа зорилго, үйлдэлд нь үндэслэн хүнийг ялладаг. Хэрвээ хүнийг бодол, санааных нь үндсэн дээр ялладаг байсан бол Бурханы хилэнт гараас зугтаж чадах ганц ч хүн үгүй. Бие махбодтой болсон Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс дуулгаваргүй байдлынхаа улмаас шийтгүүлнэ. Бурханыг дур зоргоороо эсэргүүцдэг энэ хүмүүсийн тухайд бол, тэдний эсэргүүцэл Бурханы талаарх үзлээс нь үүдэн гардаг ба энэ нь Бурханы ажлыг үймүүлэх үйлдэл хийхэд хүргэдэг. Энэ хүмүүс Бурханы ажлыг зориуд эсэргүүцэж, сүйрүүлдэг. Тэд Бурханы талаар үзэлтэй байгаад зогсохгүй Түүний ажлыг үймүүлэх зүйлсийг хийдэг, энэ шалтгааны улмаас ийм төрлийн хүмүүс яллагдана.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-aaс эш татав

Бурханд олон жил итгэсэн атлаа Түүнийг хэзээ ч дуулгавартай дагаагүй, Түүний бүх үгийг хүлээн аваагүй, харин ч чамд захирагдаж, чиний үзлийн дагуу үйлдэхийг Бурханаас шаарддаг бол чи хамгийн тэрслүү бөгөөд үл итгэгч мөн. Хүний үзэлтэй нийцдэггүй Бурханы ажил болон үгийг ийм хүмүүс яаж дуулгавартай дагаж чадах юм бэ? Хамгийн тэрслүү хүн бол Бурханаас санаатайгаар зөрж, эсэргүүцдэг нэгэн юм. Тэд бол Бурханы дайсан, антихрист мөн. Ийм хүмүүс Бурханы шинэ ажилд үргэлж дайсагнасан хандлагатай байдаг, захирагдах өчүүхэн ч дур сонирхол хэзээ ч байгаагүй бөгөөд дуртайяа захирагдаж, өөрийгөө даруу болгосон удаа огт байхгүй. Тэд бусдын өмнө өөрсдийгөө өргөмжилж, хэнд ч хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэд үг номлоход хамгийн шилдэг нь бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн чадамгай гэж өөрсдийгөө үздэг. Тэд эзэмшсэн “эрдэнэсээ” хэзээ ч хаядаггүй, харин тэдгээрийг шүтэн мөргөх, бусдад номлох гэр бүлийн удам дамжсан эд зүйл мэт үздэг ба өөрсдийг нь шүтдэг тэр мунхгуудад сургаал айлдахдаа тэдгээрийг ашигладаг. Чуулганд үнэндээ иймэрхүү хэдэн хүн байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр оршин суудаг “мохошгүй баатрууд” гэж хэлж болох юм. Тэд үг (хоосон сургаал) номлохыг өөрсдийн хамгийн эрхэм үүрэг болгодог. Тэд “ариун агаад халдашгүй дархан” үүргээ жилээс жилд, үеэс үед идэвхтэй хэрэгжүүлж явдаг. Тэдэнд хэн ч хүрч зүрхэлдэггүй, ганц ч хүн тэднийг илт зэмлэж зүрхэлдэггүй. Эрин үеэс эрин үед тэд эрээгүй аашлан бусдыг эзэрхэж, Бурханы гэрт “хаан” болдог. Энэ сүрэг чөтгөр гар нийлэн, Миний ажлыг нураах гэж оролддог; энэ амьд диаволууд Миний нүдний өмнө оршин тогтнохыг Би хэрхэн зөвшөөрч чадах билээ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас эш татав

Та нар өөрсдийн үзэл болон төрөлхийн биеэ тоосон зангаасаа үүдэн Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдог. Энэ нь Бурханы ажил буруугаас болдоггүй, харин та нар угаасаа хэтэрхий дуулгаваргүйгээс болдог. Зарим хүн Бурханд итгэсний дараа хүн хаанаас бий болсныг ч баттай хэлж чаддаггүй атлаа Ариун Сүнсний ажлын зөв, бурууг үнэлж, олон нийтийн өмнө үг хэлж зүрхэлдэг. Тэр ч байтугай тэд Ариун Сүнсний шинэ ажилтай элч нарт хүртэл сургаал айлдаж, гар хөлөө гозолзуулан, элий балай зүйл ярьдаг; тэдний хүн чанар хэтэрхий дорд бөгөөд тэдэнд өчүүхэн төдий ч эрүүл ухаан байдаггүй. Тийм хүмүүс Ариун Сүнсний ажилд гологдож, тамын галд шатаагдах өдөр ирэх бус уу? Тэд Бурханы ажлыг мэддэггүй, харин Түүний ажлыг шүүмжилж, мөн Түүнд хэрхэн ажиллахыг нь заахаар оролддог. Тийм ухаангүй хүмүүс Бурханыг яаж мэдэж чадах юм бэ? Хүн Бурханыг эрж хайж, мэдрэх явцдаа Түүнийг мэдэж авдаг; харин Бурханыг дураараа шүүмжлэх явцдаа Ариун Сүнсний гэгээрлээр дамжуулан мэдэж авдаг юм биш. Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ үнэн зөв байна, тэд Түүнийг төдий чинээ бага эсэргүүцдэг. Харин хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, Түүнийг төдий чинээ амархан эсэргүүцдэг. Чиний үзэл, чиний хуучин уг чанар, чиний хүн чанар, зан байдал, ёс суртахуун, үзэл баримтлал бол Бурханыг эсэргүүцэх “хөрөнгө” бөгөөд ёс суртахуун нь ялзарсан, хэв чанар нь муу, хүн чанар нь дорд болох тусмаа хүн төдий чинээ Бурханы дайсан байдаг. Үзэл ихтэй, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай хүмүүс бие махбодтой болсон Бурханд бүр ч их дайсагнадаг ба тийм хүмүүс бол антихристүүд юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас эш татав

Олон хүн Бурханы янз бүрийн өөр өөр ажлыг мэддэггүй учраас, түүнчлэн дуслын төдий мэдлэг, хоосон сургаалаар Ариун Сүнсний ажлыг хэмждэг учраас Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн туршлага өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд Ариун Сүнсний ажлыг басамжилж, Ариун Сүнсний сахилгажуулалтыг үл ойшоодог төдийгүй Ариун Сүнсний ажлыг “баталгаажуулахын” тулд өөрсдийн хуучирсан, ялихгүй ёс зүйг ашигладаг. Тэд бас дүр эсгэж, өөрсдийнхөө эрдэм мэдлэгтэй гэдэгт болон дэлхийг хөндлөн гулд туулах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсний жигшин голдог хүмүүс биш гэж үү, мөн тэднийг шинэ эрин үе таягдан хаяхгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг энэ хүмүүс бол зүгээр л хэчнээн гайхалтай болохоо үзүүлэхээр оролдож байгаа мэдлэггүй, мэдээлэлгүй өчүүхэн хүмүүс биш үү? Тэд Библийн хомс мэдлэгээрээ дэлхийн “академийг” туулахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа Ариун Сүнсний ажлыг өөрчлөхийг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын дагуу байлгахаар оролддог. Мөн алсын хараагүй юм байж Бурханы 6,000 жилийн ажлыг нэг дор хальт харахаар хичээдэг. Энэ хүмүүст дурдваас зохистой эрүүл ухаан гэж огт байхгүй? Үнэндээ хүн Бурханы талаар хэдий чинээ их мэдлэгтэй байна, Түүний ажлыг шүүхдээ төдий чинээ алгуурладаг. Цаашлаад тэд өнөөдрийн Бурханы ажлын талаарх өөрсдийн мэдлэгийг жаахан л ярьдаг боловч шүүмжлэх гэж яардаггүй. Хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, төдий чинээ биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй байдаг ба Бурханы оршихуйг улам улайран тунхагладаг—гэвч тэд зөвхөн онол ярьдаг ба ямар ч бодит баримт байдаггүй. Тийм хүмүүс бол ямар ч үнэ цэнгүй юм. Ариун Сүнсний ажлыг тоглоом гэж үздэг хүмүүс хөнгөн хуумгай юм! Ариун Сүнсний шинэ ажилтай учрах үедээ хянуур байдаггүй, харин ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын зөв зүйтэй байдлыг дур зоргоороо үгүйсгэдэг, мөн доромжилж гутаадаг, ийм бүдүүлэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бус уу? Цаашлаад тэд асар их биеэ тоосон, төрөлхийн бардам, задарсан хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх өдөр ирлээ ч гэсэн Бурхан тэднийг тэвчихгүй. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй, Бурханыг Өөрийг нь доромжилдог. Тийм муйхар хүмүүс энэ эрин үед ч, дараагийн эрин үед ч уучлагдахгүй, тамд үүрд мөхөх болно! Тийм бүдүүлэг, дураараа хүмүүс Бурханд итгэж байгаа дүр үзүүлдэг ба хүмүүс ийм байх тусмаа Бурханы захиргааны зарлигийг амархан зөрчих магадлалтай байдаг. Төрөлхийн задарсан, хэзээ ч хэнд ч дуулгавартай байгаагүй, биеэ тоосон тэр хүмүүс бүгд энэ замаар алхдаг биш үү? Үргэлж шинээрээ, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг тэд өдрөөс өдөрт эсэргүүцдэггүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас эш татав

Аврал хүртэхийн тулд хүн ямар болзол хангах ёстой вэ? Эн тэргүүнд сатанлаг антихристийг илрүүлэх чадвартай байх ёстой; тэдэнд үнэний энэ тал байх ёстой. Үнэний энэ талыг эзэмшсэнээр л тэд Бурханд жинхэнээсээ итгэн, хүнийг шүтэж, дагахыг цээрлэж чаддаг; антихристийг таньж чаддаг хүмүүс л Бурханд үнэхээр итгэж, Бурханыг дагаж, Бурханд гэрчлэл хийх чадвартай байдаг. Антихристийг танихын тулд хүмүүс эхлээд хүн болон юмсыг тов тодорхой, ойлголттойгоор харж сурах ёстой; мөн тэд антихристийн мөн чанарыг ухамсарлаж, бүх явуулга, заль мэх, дотоод сэдэл, зорилгыг нь нэвт шувт харах ёстой. Хэрвээ чи ингэж чадвал бат зогсож чадна. Аврал хүртэхийг хүсвэл чиний давах ёстой эхний туршилт бол Сатаныг хэрхэн ялах, дайсагнагч хүчнийг болон гадаад ертөнцийн саад тотгорыг хэрхэн ялан дийлэхэд суралцах явдал юм. Сатаны хүчний эсрэг тулаанд эцсээ хүртэл үхэн хатан тэмцэх биеийн хэмжээ, хангалттай үнэнийг эзэмшдэг болсон цагт—гагцхүү тэгсэн цагт л чи үнэнийг тогтмол эрж хайж чадах бөгөөд тэр үед л үнэнийг эрж хайж, аврал хүртэх замд тууштай, алдаа мадаггүй орж чаддаг. Хэрвээ чи энэ туршилтыг давж чадахгүй бол чамайг асар их аюулд байна гэж хэлж болох бөгөөд антихристэд баригдаж, Сатаны нөлөөн дор амьдардаг болох эрсдэлтэй юм… Тиймээс чи аврал хүртэж болох газарт хүрч очихыг хүсвэл давах ёстой эхний туршилт чинь Сатаныг нэвт шувт харж чаддаг байх явдал, бас чи босоод Сатаныг илчилж, хаях эр зоригтой байх ёстой. Тэгвэл Сатан хаана байна вэ? Сатан чиний дэргэд, эргэн тойронд чинь байдаг; тэр ч байтугай чиний зүрх сэтгэл дотор амьдарч байж ч магад. Хэрвээ чи сатанлаг зан чанар дотор амьдарч байгаа бол Сатанд харьяалагддаг гэж хэлж болно. Сүнсний ертөнцийн Сатаныг чи харж, хүрч чадахгүй боловч бодит амьдралд оршдог Сатан хаа сайгүй байдаг. Үнэнийг үзэн яддаг ямар ч хүн ёрын муу бөгөөд үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй ямар ч удирдагч, ажилчин бол антихрист, ёрын муу хүн юм. Тийм хүмүүс амьд Сатан биш үү? Энэ хүмүүс чиний шүтэж, хүндэлдэг яг тэр хүмүүс ч байж магад; чамайг удирддаг, аль эсвэл чиний аль эртнээс найдаж, биширч, зүрх сэтгэлдээ итгэж, түшиглэсэн хүмүүс байж болох юм. Гэвч үнэндээ тэд чиний замд тээглэж, аврал хүртэхэд чинь саад болж байгаа замын садаа мөн; тэд бол антихристүүд. Тэд чиний амьдрал, алхдаг замыг хяналтдаа авч, аврал хүртэх боломжийг чинь сүйрүүлж чаддаг. Хэрвээ чи тэднийг таньж, нэвт шувт харж чадахгүй бол хэзээ хэзээгүй урхинд унаж, тэдэнд олзлогдож, баригдаж болзошгүй. Иймээс чи асар их аюулд байна.

Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (1)”-аас эш татав

Өмнөх: 2. Бурханы ашигладаг хүмүүсийн ажил болон шашны удирдагчдын ажлын хоорондох ялгаа

Дараах: 1. Христийн бурханлаг мөн чанарыг хэрхэн мэдэх тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх