00:00 00:00
00:00
00:00

Эцсийн өдрүүдийн ажил бол бүгдийг төрлөөр нь ялгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгах ажил юм, учир нь цаг ойртож, Бурханы өдөр ирсэн. Бурхан хаанчлалд нь орсон бүх хүнийг буюу Өөрт нь эцсээ хүртэл үнэнч байсан бүх хүнийг Бурханы Өөрийн эрин үе рүү аваачдаг. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил гэвэл хүний үйл хэргийг ажиглах болон хүний амьдралын талаар лавлах бус, харин тэрслүү байдлыг нь шүүх явдал юм, учир нь Бурхан Өөрийн сэнтийн өмнө ирсэн бүх хүнийг ариусгана. Өнөөдрийг хүртэл Бурханы мөрийг дагасан бүх хүн бол Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс юм, иймээс Бурханы ажлыг эцсийн үе шатанд нь хүлээн авах хүн нэг бүр Бурханы ариусгалтын бай мөн. Өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн үе шатандаа яваа ажлыг хүлээн авдаг хүн бүхэн Бурханы шүүлтийн бай билээ.

Өнгөрсөн цаг үед яригдаж байсан Бурханы гэрээс эхлэх шүүлтийн тухайд, эдгээр үгэн дэх “шүүлт” гэдгээр эцсийн өдрүүдэд сэнтийнх нь өмнө ирсэн хүмүүс дээр Бурханы өнөөдөр хийдэг шүүлтийг хэлдэг. Эцсийн өдөр ирсэн үед Бурхан тэнгэрт том ширээ засаж, дээр нь цагаан бүтээлэг дэвсээд, дараа нь бүх хүнийг газарт өвдөг сөгдүүлж, Өөрөө агуу сэнтийд суунгаа хүн бүрийн нүглийг илчилж, үүгээрээ тэднийг тэнгэрт гаргах уу, гал болон хүхэрт нуурт унагах уу гэдгийг тогтоодог гэж ер бусаар төсөөлөн боддог хүмүүс байж магад. Хүний төсөөлөл ямар ч байлаа гэсэн, Бурханы ажлын мөн чанарыг өөрчилж чадахгүй. Хүний төсөөлөл гэдэг хүний харсан, сонссон зүйлийг нийлүүлж, нэгтгэсэн, хүний тархинаас гардаг, санаа бодлынх нь бүтээл төдий юм. Иймд Би, хүний төсөөлөл хэчнээн гайхамшигтай байлаа ч зураглал төдийхнөөс хэтрэхгүй ба Бурханы ажлын төлөвлөгөөг орлож чадахгүй гэж хэлдэг. Эцсийн эцэст, хүнийг Сатан завхруулсан тул хүн яаж Бурханы бодлыг ойлгож чадах юм бэ? Хүн Бурханы шүүлтийн ажлыг маш гайхамшигтай байна гэж боддог. Бурхан Өөрөө шүүлтийн ажил хийж байгаа учраас хамгаас өргөн цар хүрээтэй, эгэл хүмүүст ойлгомжгүй байх ёстой, энэ нь тэнгэр даяар цуурайтаж, газрыг доргиох ёстой гэж боддог; эс бөгөөс энэ яаж Бурханы хийсэн шүүлтийн ажил байж чадах юм бэ? Энэ нь шүүлтийн ажил болохоор Бурхан ажиллахдаа маш сүрлэг, сүр жавхлантай байх ёстой ба шүүгдэж байгаа хүмүүс цурхиран уйлж, өвдөг дээрээ сөхрөн өршөөл хүсэж байх ёстой гэж тэр боддог. Ийм дүр зураг гайхамшигтай, үнэхээр сэтгэл хөдлөм байх нь гарцаагүй… Хүн бүр Бурханы шүүлтийн ажлыг ер бусын гайхалтай гэж төсөөлдөг. Гэвч Бурхан хүмүүсийн дунд шүүлтийн ажлаа аль хэдийн эхэлчхээд байх үед ч чи үхсэн юм шиг унтсаар үлдсэн гэдгээ мэдэх үү? Чамайг Бурханы шүүлтийн ажил албан ёсоор эхэлж байна гэж бодох үед Бурхан аль хэдийн газар тэнгэрийг шинээр бүтээчихсэн байх болно гэдгийг мэдэх үү? Магадгүй тэр үед чи амьдралын утга учрыг дөнгөж ойлгосон байх боловч бөх унтсаар л буй чамайг Бурханы өршөөлгүй шийтгэлийн ажил там руу аваачих болно. Тэр үед л чи Бурханы шүүлтийн ажил аль хэдийн дууссаныг гэнэт ухаарна.

Тэдгээр ой гутам, жигшүүртэй сэдвийн талаар ярьж, үнэт цагаа үрэхээ больцгооё. Харин шүүлт гэж юу болох тухай ярилцацгаая. “Шүүлт” гэдэг үгийг дурдах үед чи Еховагийн бүх газар оронд хэлсэн үг болон Есүсийн фарисайчуудад хэлсэн зэмлэлийн үгийн тухай бодох болно. Эдгээр үг хэдийгээр хатуу ч гэлээ хүнийг шүүх Бурханы шүүлт байгаагүй, ердөө л өөр өөр орчинд буюу өөр өөр нөхцөлд Бурханы хэлсэн үг байсан юм. Эдгээр үг нь эцсийн өдрүүдэд хүнийг шүүхдээ Христийн хэлдэг үгтэй адилгүй. Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг ил болгосон үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид ил болгож, засдаг. Ил болголт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ. Хэрэв чи эдгээр үнэнийг чухалчлан авч үздэггүй, эдгээр үнэнээс хэрхэн зайлсхийх вэ, эсвэл тэдгээртэй хамааралгүй шинэ замыг хэрхэн олох вэ гэж л үргэлж боддог бол Би чамайг хүнд нүгэлтэн гэж хэлнэ. Чи Бурханд итгэдэг атлаа үнэнийг болон Бурханы хүслийг эрж хайдаггүй, мөн чамайг Бурханд ойртуулдаг замыг ч хайрладаггүй бол Би чамайг, шүүлтээс бултахаар оролдож буй нэгэн, агуу цагаан сэнтийгээс зугтдаг хүүхэлдэй, урвагч гэж хэлнэ. Бурхан нүдэн дээр нь зугтаж байгаа тэрслүү хэнийг ч болов өршөөхгүй. Ийм хүмүүс илүү хүнд шийтгэл хүртэх болно. Бурханы өмнө шүүгдэхээр очиж, улмаар ариусгагдсан хүмүүс Бурханы хаанчлалд үүрд амьдарна. Мэдээж энэ нь ирээдүйд тохиох зүйл юм.

Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийн ажил тул мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнийг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал учраас, энэ ажлыг хүмүүсийн дунд хийхээр Бурхан дахиад л бие махбод болсон дүрээрээ гарч ирэх нь дамжиггүй юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий даяарх хүмүүсийг сургахын тулд үнэнийг ашиглаж, бүх үнэнийг тэдэнд мэдэгдэнэ. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм. Хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы тухайд олон хүн таагүй сэтгэгдэлтэй байдаг, учир нь Бурхан шүүлтийн ажил хийхийн тулд махбод болно гэдэгт итгэхэд хүнд хэцүү байдаг. Гэсэн хэдий ч, Бурханы ажил үргэлж хүний таамаглалаас хол давдаг ба хүний оюун ухаанаар үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү гэдгийг чамд Би хэлэх ёстой. Учир нь хүн бол газар дээрх өт хорхой төдий байхад Бурхан бол орчлон ертөнцийг дүүргэдэг дээдийн дээд Нэгэн билээ; хүний оюун ухаан бол өт хорхой үрждэг бохир устай нүх адил байхад Бурханы бодлоор удирдуулдаг ажлын үе шат бүр нь Бурханы мэргэн ухааны охь юм. Хүн үргэлж Бурхантай барьцахыг хүсдэг ба эцэстээ хэн нь хохирол амсах нь илэрхий юм гэж Би хэлдэг. Би та бүхэнд өөрсдийгөө алтнаас үнэтэй мэт бүү сана гэж захих байна. Бусад нь Бурханы шүүлтийг хүлээж авч чадаж байхад чи яагаад чадахгүй гэж? Чи бусдаас хэр дээгүүр байдаг вэ? Бусад нь үнэний өмнө толгой бөхийж чадаж байхад чи ч бас яагаад чадахгүй гэж? Бурханы ажилд зогсоохын аргагүй хөдөлгөх хүч байдаг. Чамайг “хувь нэмэр” оруулсан төдийд л Тэр шүүлтийн ажлыг дахин давтахгүй бөгөөд ийм сайхан боломжийг алдсандаа чи харуусалд автана. Хэрвээ чи Миний үгэнд итгэхгүй байвал тэнгэр дэх тэр агуу цагаан сэнтий чамд шүүлт оноохыг хүлээ! Бүх израилчууд Есүсийг басамжлан үгүйсгэсэн боловч хүн төрөлхтнийг Есүс золин аварсан баримт орчлон ертөнц даяар, дэлхийн өнцөг булан бүрд түгсэн гэдгийг чи мэдэх ёстой. Бурханы аль эрт бүтээсэн бодит байдал энэ биш гэж үү? Есүс чамайг тэнгэрт аваачна гэж чи хүлээсээр л байгаа бол Би чамайг зөрүүд үжирсэн мода юм гэж хэлнэ. Үнэнд үнэнч биш, зөвхөн ерөөл эрж хайдаг чам шиг хуурамч итгэгчийг Есүс хүлээн зөвшөөрөхгүй. Эсрэгээрээ, Тэр чамайг хэдэн арван мянган жилийн турш галт нуурт шатаахаар хаяхдаа огтхон ч өршөөл үзүүлэхгүй.

Чи одоо шүүлт гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Ойлгосон бол Би чамайг шүүлтэд дуулгавартай захирагд гэж захья, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдах, Бурханаар хаанчлалд нь хүргүүлэх боломжийг хэзээ ч олж авахгүй. Шүүлтийг л хүлээн зөвшөөрдөг боловч хэзээ ч ариусгагдаж чадахгүй хүмүүс, өөрөөр хэлбэл, шүүлтийн ажлын ид дундуур зугтдаг хүмүүс үүрд Бурханаар жигшигдэн, гологдох болно. Тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн учир нүгэл нь фарисайчуудынхаас арвин агаад хүнд. Үйлчлэл үзүүлэхэд ч тохирохгүй ийм хүмүүс илүү хатуу хэр нь бас мөнхийн шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээр харуулсан боловч, дараа нь Өөрөөс нь урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, сэтгэл, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь яг Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Хүнийг шүүж, илчилдэг Бурханы зорилго энэ биш гэж үү? Шүүлтийн явцад төрөл бүрийн хорон муу үйл хийсэн бүх хүнийг Бурхан муу ёрын сүнсээр дүүрсэн газар орон луу илгээдэг бөгөөд тэдгээр муу ёрын сүнсний зоргоор махан биеийг нь устгуулахад тэдний биеэс хүүрийн үнэр ханхалдаг. Энэ нь тэдэнд тохирох цээрлүүлэлт юм. Бурхан тэдгээр үнэнч бус хуурамч итгэгч, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг бүртгэлийн номд нь бичиж авдаг; тэгээд цаг нь ирэхэд Тэр тэднийг хэзээ ч бүү дахин төрөг, дахин хэзээ ч бүү гэрэл үзэг гэж бохир сүнснүүдийн дунд хаяж, бүхий л биеийг нь эдгээр бохир сүнсээр бузарлуулдаг. Нэгэн цагт үйлчлэл хийсэн боловч эцсийг нь хүртэл үнэнч үлдэж чаддаггүй эдгээр хоёр нүүртнийг Бурхан хорон муу хүмүүсийн тоонд оруулдаг ба ингэснээр тэд хорон муу нэгний зөвлөгөөн дор алхаж, эмх замбараагүй бүлгийнх нь нэг хэсэг болдог; эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгана. Христэд хэзээ ч үнэнч байгаагүй, ямар ч хүчин чармайлт зориулаагүй хүмүүсийг Бурхан хөсөр хаяж, хэзээ ч ойшоохгүй бөгөөд эрин үе солигдоход тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалд орж чадах нь байтугай, газар дээр ч оршин байхаа болино. Бурханд хэзээ ч чин үнэнч байгаагүй, харин нөхцөл байдлын улмаас Түүнтэй ёс төдий харьцахаас аргагүйд хүрсэн хүмүүс нь Түүний ардуудын төлөө үйлчлэл хийдэг хүмүүсийн тоонд ордог. Ийм хүмүүсээс цөөн хэд нь л амьд үлдэж чаддаг ба ихэнх нь үйлчлэл хийхэд ч тэнцэхгүй хүмүүсийн хамтаар мөхөх болно. Эцэст нь Бурханы ардууд, хөвгүүд болон тахилч болгохоор Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс зэрэг Өөртэй нь санаа нэгтэй бүх хүнийг Бурхан хаанчлалдаа аваачна. Тэд Бурханы ажлын охь нь байх болно. Бурханы тогтоосон ангиллын алинд нь ч багтаж чаддаггүй хүмүүсийн тухайд гэвэл, тэд үл итгэгчдийн тоонд орно. Тэдний үр дүн ямар байхыг та нар лавтай төсөөлж чадна. Та нарт хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; ямар замыг сонгох нь бүгд зөвхөн өөрсдийн чинь сонголт. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Бурхантай хөл нийлүүлж чадахгүй хэнийг ч, хэзээ ч хүлээдэггүй ба Бурханы зөвт зан чанар ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй.

Тайлбар:

а. Үжирсэн мод: “ямар ч нэмэргүй” гэсэн утгатай хятад хэлц.

Цааш нь унших

Илүү олон сэдэв