Есүсийн хийсэн ажил тухайн эрин үеийн хүний хэрэгцээний дагуу байв. Түүний ажил хүнийг золин аварч, нүглийг нь уучлахын төлөө байсан болохоор Түүний зан чанар бүхэлдээ даруу байдал, тэвчээр, хайр, чин сүсэг, хүлээцтэй байдал, өршөөл, энэрэн хайрлах сэтгэл байлаа. Тэрээр хүнд арвин их нигүүлсэл, ерөөл болон хүмүүсийн эдэлж чадах бүх зүйлийг авчирсан бөгөөд хүмүүсийн эдэлдэг бүхэн нь амар тайван, баяр хөөр ба Есүсийн хүлээцтэй байдал, хайр, өршөөл, энэрэл байсан юм. Тухайн үед хүмүүст учирсан эдэлж болох арвин их зүйл—зүрх сэтгэл доторх амар тайван, уужуу байдлын мэдрэмж, сүнсний тайтгарал, Аврагч Есүст түшиглэх байдал нь—бүгд тэдний амьдарч байсан эрин үетэй хамаатай байв. Нигүүлслийн эрин үед хүнийг Сатан аль хэдийн завхруулсан байлаа, иймээс бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг биелүүлэх нь арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй хүлээцтэй байдал, тэвчээр шаардсан, үүнээс ч илүүтэйгээр, ажлын үр дүнд хүрэхийн тулд хүний нүглийг цайруулах хангалттай тахилыг шаардсан юм. Нигүүлслийн эрин үед хүмүүсийн харсан зүйл нь ердөө хүний нүглийг цайруулах Миний тахил—Есүс байв. Бурхан өршөөнгүй, хүлээцтэй байж чадна гэдгийг л тэд мэддэг бөгөөд Есүсийн өршөөл, энэрлийг л хардаг. Энэ нь бүхэлдээ, тэд Нигүүлслийн эрин үед төрснөөс болсон билээ. Иймээс золин аврагдаж чадахаасаа өмнө тэд, Есүсийн хайрласан олон янзын нигүүлслийг эдлэх ёстой болжээ, ингэснээр л үр ашгийг нь хүртэх болно. Ийм маягаар, нигүүлсэл эдэлснээр тэд нүглээ уучлуулж, бас Есүсийн хайрласан тэсвэр, тэвчээрийг эдэлснээр золин авруулах боломжтой болж чадах байлаа. Есүсийн тэсвэр, тэвчээрээр л дамжуулан тэд уучлал хүлээн авч, Есүсийн хайрласан элбэг дэлбэг нигүүлслийг эдлэх эрхийг олж авсан юм. Яг л Есүсийн хэлсэнчлэн: Би зөв шударга хүмүүсийг биш, харин нүгэлтнүүдийг золин аварч, нүгэлтнүүдэд нүглээ уучлуулах боломж олгохоор ирсэн. Махбод болох үедээ Есүс шүүлт, хараал, хүний халдахыг тэвчдэггүй зан чанарыг авчирсан бол хүн хэзээ ч золин аврагдах боломжгүй байсан бөгөөд үүрд нүгэлтэй хэвээр үлдэх байлаа. Ийм байсан бол зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Хуулийн эрин үед зогсож, Хуулийн эрин үе зургаан мянган жилээр сунжрах байв. Хүний нүгэл улам их, улам хүнд болж, хүнийг бүтээсний ач холбогдол нь бүхэлдээ талаар болох байлаа. Хүмүүс хуулийн дор Еховад үйлчилж л чадах байсан боловч нүгэл нь анх бүтээгдсэн хүмүүсийнхээс давах байсан юм. Есүс хүн төрөлхтнийг улам их хайрлаж, хүний нүглийг уучилж, хүнд хангалттай өршөөл, өгөөмөр сэтгэл авчрах тусам тэд Есүсээр авруулж, Есүсийн асар их үнээр буцаан худалдаж авсан төөрсөн хурганууд гэж нэрлэгдэх улам их эрхтэй болсон билээ. Сатан ч бас энэ ажилд хөндлөнгөөс оролцож чадахгүй, учир нь нярай хүүхдээ энгэртээ тэвэрдэг энэрэлт эхийн адилаар Есүс дагалдагчдадаа хандаж байв. Тэрээр тэдэнд уурлаж, тэднийг жигшээгүй, харин тайтгарлаар дүүрэн байлаа; тэдний дунд Есүс хэзээ ч уурсан хилэгнээгүй, харин нүглийг нь тэвчсэн бөгөөд мунхаглал, мэдлэггүй байдлыг нь хараагүй дүр үзүүлж, “Бусдыг дал дахин долоон удаа уучил” хэмээн хэлэхэд хүрч, Түүний зүрх сэтгэл бусдын зүрх сэтгэлийг уяраасан. Ингэснээр л хүмүүс Түүний тэвчээрээр дамжуулан нүглээ уучлуулсан юм.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх”-ээс
Нигүүлслийн эрин үед гэмшлийн сайн мэдээ тунхаглагдсан бөгөөд хүн итгэх л юм бол аврагдах байв. Өнөөдөр авралын оронд байлдан дагуулалт болон төгс болголтын тухай яриа л байдаг. Хэрвээ хүн итгэвэл бүхий л гэр бүлийнхэн нь ерөөгдөнө, эсвэл нэг л аврагдсан бол үүрд аврагдсан гэж хэзээ ч хэлдэггүй. Өнөөдөр хэн ч эдгээр үгийг хэлдэггүй бөгөөд тийм зүйлс нь хоцрогдсон. Тухайн үед Есүсийн ажил бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байв. Түүнд итгэсэн бүх хүний нүгэл уучлагдсан; Түүнд итгэдэг л бол Тэр чамайг золин аварна; хэрвээ Түүнд итгэсэн бол чи нүглийнх байхаа больж, нүглээсээ чөлөөлөгдөх байв. Аврагдах, итгэлээр зөвтгөгдөх гэдэг нь энэ юм. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцдэг, тэрслүү зүйл үлдсэн бөгөөд үүнийг мөн л аажмаар арилгах хэрэгтэй байлаа. Аврал гэдэг нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн нүгэлтэн байхаа больж, нүглээ уучлуулсан гэсэн үг юм. Чи итгэх л юм бол дахиад хэзээ ч нүглийнх байхаа болих юм. Тухайн үед Есүс Өөрийнх нь шавь нарт үл ойлгогдох ихээхэн ажил хийж, хүмүүсийн ойлгоогүй зүйл ихийг хэлсэн. Учир нь тухайн үед Тэр ямар ч тайлбар өгөөгүй. Тиймээс Түүнийг явснаас хойш хэдэн жилийн дараа Матай Есүст зориулсан угийн бичгийг бүтээж, бусад нь ч бас хүний хүслээс гарсан ихээхэн ажил хийжээ. Есүс хүнийг төгс болгож, олж авахын төлөө ирээгүй, харин ажлын нэг үе шат буюу тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг авчирч, цовдлолын ажлыг гүйцэлдүүлэхийн тулд ирсэн юм. Иймээс Есүсийг цовдлогдмогц Түүний ажил бүрэн дууссан. Харин одоогийн үе шатанд—байлдан дагуулалтын ажилд—илүү олон үг хэлж, илүү их ажил хийх ёстой бөгөөд олон үйл явц байх ёстой. Иймээс Есүс, Ехова хоёрын ажлын нууц илчлэгдэх ёстой, ингэснээр бүх хүн итгэлээрээ илүү их ойлгож, тодорхой мэдэж авах болно, учир нь энэ бол эцсийн өдрүүдийн ажил бөгөөд эцсийн өдрүүд нь Бурханы ажлын төгсгөл, ажлын сүүлчийн цаг үе юм. Ажлын энэ үе шат нь чамд Еховагийн хууль болон Есүсийн золин авралыг тодорхой ойлгуулна, ингэснээр чи үндсэндээ Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүхий л ажлыг ойлгож, энэхүү зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүх ач холбогдол, мөн чанарыг ойлгож, Есүсийн хийсэн ажил, хэлсэн үг бүхний зорилгыг, тэр ч бүү хэл Библид сохроор итгэж, биширч байснаа ойлгож болох юм. Энэ бүхэн нь чамд нэгд нэггүй ойлгох боломж олгоно. Чи Есүсийн хийсэн ажил болон өнөөдрийн Бурханы ажлын аль алиныг ойлгож авна; чи бүх үнэн, амь, замыг ойлгож, нүдээр харна. Есүсийн хийсэн ажлын үе шатанд Есүс яагаад эцсийн ажлыг хийлгүй явсан бэ? Учир нь, Есүсийн ажлын үе шат нь эцсийн ажил байгаагүй. Түүнийг загалмайд цовдлох үед үг нь ч бас төгсгөл болсон; цовдлогдсоных нь дараа Түүний ажил бүрмөсөн дууссан. Одоогийн үе шат бол өөр: Үгийг дуустал хэлж, Бурханы бүх ажил гүйцэлдсэний дараа л Түүний ажил дууссан байх болно. Есүсийн ажлын үе шатанд хэлэлгүй үлдээсэн, эсвэл тодорхой илэрхийлээгүй олон үг байсан юм. Гэсэн ч Есүс юуг хэлсэн, юуг хэлээгүйгээ тоогоогүй, учир нь Түүний үйлчлэл бол үгийн үйлчлэл биш байсан бөгөөд загалмайд цовдлогдсоныхоо дараа Тэр явж одсон. Ажлын тэр үе шат нь ерөөсөө цовдлолын төлөө байсан бөгөөд одоогийн үе шаттай адилгүй. Ажлын энэ үе шат нь үндсэндээ төгсгөлийн төлөө, эмхэлж цэгцэлж, бүх ажлыг дуусгахын төлөө байдаг. Хэрвээ үгийг бүр дуустал нь хэлэхгүй бол энэхүү ажлыг гүйцэлдүүлэх ямар ч аргагүй байх болно, учир нь ажлын энэ үе шатанд үгийг ашиглан бүх ажил төгсгөлдөө очиж, гүйцэлддэг. Тухайн үед Есүс хүмүүст үл ойлгогдох их ажил хийсэн. Тэрээр чимээгүй явж одсон бөгөөд өнөөдөр ч гэсэн Түүний үгийг ойлгодоггүй, ойлголт нь буруу ч зөв гэж итгэсээр байдаг, буруу гэдгээ ч мэддэггүй олон хүн байсаар байгаа. Эцсийн үе шат Бурханы ажлыг бүрэн төгсгөж, гүйцэлдүүлнэ. Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүгд ойлгож, мэдэж авна. Хүмүүсийн доторх үзэл, санаа зорилго, эндүү ташаа, утгагүй ойлголт, Ехова болон Есүсийн ажлын талаарх үзэл, Харь үндэстний тухай үзэл бодол болон бусад бүх алдаа, гажуудал засагдана. Тэгээд хүн амьдралын бүх зөв зам, Бурханы хийсэн бүх ажил, бүхий л үнэнийг ойлгоно. Тийм зүйл болох үед ажлын энэ үе шат төгсгөлдөө очно.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 2”-оос
Эцсийн өдрүүдийн ажил бол үг хэлэх явдал юм. Үгийн тусламжтайгаар хүнд асар их өөрчлөлт гарч болно. Эдгээр үгийг хүлээн зөвшөөрснөөр өнөөгийн хүмүүст гарч байгаа өөрчлөлтүүд нь Нигүүлслийн эрин үеийн тэмдэг, гайхамшгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээс хамаагүй их. Учир нь Нигүүлслийн эрин үед гараа дээр нь тавьж, залбирснаар хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж байсан боловч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдсэн юм. Хүний өвчнийг эдгээж, нүглийг нь өршөөсөн боловч хүний доторх завхарсан сатанлаг зан чанарыг яг яаж арилгах тухайд бол энэ ажил хараахан хийгдээгүй. Хүн итгэлээсээ үүдэн аврагдаж, нүглээ уучлуулсан боловч хүний нүгэлт уг чанар арилаагүй бөгөөд дотор нь үлдсэн юм. Бие махбодтой болсон Бурханы тусламжтайгаар хүний нүглийг уучилсан боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол хүн энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч аргагүй байдаг. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас үүдсэн боловч хүн хуучны, завхарсан сатанлаг зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсаар юм. Ийм болохоор хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, улмаар хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь амийн өсөлтийн замыг, амийн замыг болон зан чанараа өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, зан чанараа аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан дор амьдарч, хийдэг бүхнээ Бурханы хүслийн дагуу байлгаж, завхарсан сатанлаг зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, улмаар нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ. Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүдэг бадаг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын хүү гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн тунхагласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны заханд хүрэх төдийд эдгэж, сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн завхарсан сатанлаг зан чанарыг олж мэдэж чадаагүй, үүнийг хэрхэн хаяхыг ч мэдээгүй. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, нэг гишүүнийх нь итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт ихээхэн нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг боломжийн итгэгч гэж үздэг байлаа. Ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгоогүй юм. Тэд зан чанараа өөрчлөх ямар ч замгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайдаг байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын тэрхүү үе шат дууссаны дараа шүүлт, гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, улмаар түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг хөөн зайлуулахаа үргэлжлүүлсээр байсан бол энэ үе шат үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь энэ нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ уучлуулаад л зогсонги байдалд орох байв. Цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн учраас нүглийн тахилаар дамжуулан хүн нүглээ уучлуулсан. Гэвч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж мөн л чаддаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тиймээс ажлын энэ үе шатанд Бурхан хүний завхарсан зан чанарыг илчлэхдээ үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй байдаг, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4”-ѳѳс