“Өөрт нь итгэдэг хэн боловч мөхөхгүй, харин мөнх амьтай болно” гэж Эзэн Есүс бидэнд амласан. Бурхан хэлснээ хэрхэн биелүүлэх вэ?
Холбогдох Библийн эшлэлүүд:
“Иймээс Христ олны нүглийг үүрэхийн тулд нэг удаа өргөгдсөн; хоёр дахь удаагаа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд биш, харин Өөрийг нь хүлээдэг хүмүүсийг аврахын тулд ирнэ” (Еврей 9:28).
“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана” (Иохан 16:12–13).
“Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун; Ялагч хоёр дахь үхэлд өртөхгүй” (Илчлэл 2:11).
“Би сэнтийгээс гарах чанга дууг сонсов: Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ард болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно.Бурхан тэдний нүднээс бүх нулимсыг нь арчина; тэнд цаашид үхэл байхгүй, уй гашуу, уйлаан, өвдөлт ч гэж байхгүй болно: учир нь урьдын юмс өнгөрөн оджээ” (Илчлэл 21:3–4).
Холбогдох Бурханы үг:
Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг
Эцсийн өдрүүдийн ажил бол үг хэлэх явдал юм. Үгийн тусламжтайгаар хүнд асар их өөрчлөлт гарч болно. Эдгээр үгийг хүлээн зөвшөөрснөөр өнөөгийн хүмүүст гарч байгаа өөрчлөлтүүд нь Нигүүлслийн эрин үеийн тэмдэг, гайхамшгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээс хамаагүй их. Учир нь Нигүүлслийн эрин үед гараа дээр нь тавьж, залбирснаар хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж байсан боловч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдсэн юм. Хүний өвчнийг эдгээж, нүглийг нь өршөөсөн боловч хүний доторх завхарсан сатанлаг зан чанарыг яг яаж арилгах тухайд бол энэ ажил хараахан хийгдээгүй. Хүн итгэлээсээ үүдэн аврагдаж, нүглээ уучлуулсан боловч хүний нүгэлт уг чанар арилаагүй бөгөөд дотор нь үлдсэн юм. Бие махбодтой болсон Бурханы тусламжтайгаар хүний нүглийг уучилсан боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол хүн энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч аргагүй байдаг. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас үүдсэн боловч хүн хуучны, завхарсан сатанлаг зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан юм. Ийм болохоор хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, улмаар хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь амийн өсөлтийн замыг, амийн замыг болон зан чанараа өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, зан чанараа аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан дор амьдарч, хийдэг бүхнээ Бурханы хүслийн дагуу байлгаж, завхарсан сатанлаг зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, улмаар нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ. Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүдэг бадаг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын хүү гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн тунхагласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны заханд хүрэх төдийд эдгэж, сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн завхарсан сатанлаг зан чанарыг олж мэдэж чадаагүй, үүнийг хэрхэн хаяхыг ч мэдээгүй. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, нэг гишүүнийх нь итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт ихээхэн нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг боломжийн итгэгч гэж үздэг байлаа. Ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгоогүй юм. Тэд зан чанараа өөрчлөх ямар ч замгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайдаг байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын тэрхүү үе шат дууссаны дараа шүүлт, гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, улмаар түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг хөөн зайлуулахаа үргэлжлүүлсээр байсан бол энэ үе шат үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь энэ нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ уучлуулаад л зогсонги байдалд орох байв. Цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн учраас нүглийн тахилаар дамжуулан хүн нүглээ уучлуулсан. Гэвч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж мөн л чаддаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тийм учраас ажлын энэ үе шатанд Бурхан хүний завхарсан зан чанарыг илчлэхийн тулд үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй байдаг, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4-өөс эш татав
Эхний удаа бие махбодтой болсон нь хүнийг нүглээс золин аварсан ба Есүсийн бие махбодын тусламжтайгаар хүнийг золин аварсан юм. Өөрөөр хэлбэл, Тэр хүнийг загалмайнаас аварсан боловч хүний дотор завхарсан сатанлаг зан чанар мөн л үлджээ. Хоёр дахь удаа бие махбодтой болсон нь дахиж нүглийн тахил болж үйлчлэхгүй, харин ч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аврахын төлөө байдаг. Энэ нь уучлагдсан хүмүүсийг нүглээс нь гэтэлгэж, бүрэн ариусгаж, мөн зан чанарын өөрчлөлтөд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс ангижруулж, Бурханы сэнтийн өмнө буцаан авчрахын тулд хийгддэг. Ийм маягаар л хүн бүрэн ариусаж чадна. Хуулийн эрин үе дууссаны дараа Нигүүлслийн эрин үе эхлэхийн хамтаар Бурхан авралын ажлыг эхлүүлсэн ба энэ нь эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний тэрслүү байдлыг шүүж, гэсгээж, тэднийг бүрмөсөн ариусгах хүртэл үргэлжилдэг. Дараа нь л Бурхан авралын ажлаа төгсгөөд амралтад орно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4-өөс эш татав
Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажилладаг арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэрээр өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болсон, ингэснээр хүн Үг махбодоор илэрсэн Бурханыг үнэхээр харж, Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг нүдээр харж чадах байв. Хүнийг байлдан дагуулж, төгс болгож, таягдах зорилгод илүү сайн хүрэхийн тулд ийм ажил хийгддэг ба энэ нь Үгийн эрин үед ажиллахдаа үг ашиглахын жинхэнэ утга учир юм. Эдгээр үгээр дамжуулан хүмүүс Бурханы ажил, Бурханы зан чанар, хүний мөн чанар болон хүн юунд орох учиртайг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг ажил үгээр дамжуулан бүхэлдээ биелдэг. Эдгээр үгээр хүмүүсийг илчилж, таягдан хаяж, шалгадаг. Хүмүүс Бурханы үгийг харж, эдгээр үгийг сонсож, эдгээр үгийн оршин тогтнолыг танин мэдсэн. Үүний үр дүнд тэд Бурханы оршин тогтнол, Бурханы бүхнйг чадагч байдал, мэргэн ухаан, мөн түүнчлэн хүнийг гэх Бурханы хайр, хүнийг аврах Түүний хүсэлд итгэх болсон. “Үг” хэмээх үг энгийн, жирийн байж болох ч бие махбодтой болсон Бурханы амнаас гардаг үг орчлон ертөнцийг донсолгож, хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилж, тэдний үзэл, хуучин зан чанарыг өөрчилж, бүхий л дэлхий ертөнцийн харагддаг байсан байдлыг өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм маягаар ажилласан бөгөөд зөвхөн Тэр л ийнхүү ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн Бурханы үгийн удирдамж дор амьдарч, Түүний үгээр хариулуулж, хангагддаг. Хүмүүс Бурханы үгийн ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дотор амьдардаг бөгөөд Түүний үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарч эхэлсэн хүмүүс бүр ч олон бий. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан үг ашиглан дэлхийг бүтээсэн, орчлон ертөнц дахины хүмүүсийг үг ашиглан удирддаг бөгөөд тэднийг үгээр байлдан дагуулж, авардаг. Эцэст нь Тэр бүхий л хуучин ертөнцийг төгсгөхийн тулд үг ашиглаж, улмаар удирдлагын төлөвлөгөөгөө бүхэлд нь гүйцэлдүүлнэ. Хаанчлалын эрин үеийн туршид Өөрийн ажлыг хийж, ажлынхаа үр дүнд хүрэхийн тулд Бурхан үг ашигладаг. Тэрээр гайхамшиг болон хүчит үйлс үзүүлдэггүй, харин ердөө үгээр дамжуулан ажлаа хийдэг. Эдгээр үгээс болж хүн тэжээгдэн хангагдаж, мэдлэг болон жинхэнэ туршлага олж авдаг. Үгийн эрин үед хүн үнэхээр гойд их ерөөгдсөн. Хүн бие махбодын ямар ч шаналал амсдаггүй ба зүгээр л Бурханы үгийн элбэг дэлбэг хангалтыг эдэлдэг; тэр сохроор эрж хайж, сохроор бэдрэх шаардлагагүйгээр тайвнаар Бурханы илрэлтийг харж, Өөрийнхөө амаар ярихыг нь сонсож, Түүний хангадаг зүйлийг хүлээн авч, ажлаа биечлэн хийж байгааг нь хардаг. Эдгээр нь өмнөх эрин үеүдийн хүмүүсийн эдэлж чадаагүй зүйлс, хэзээ ч хүртэж байгаагүй ерөөл юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм
Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг хүн бол Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдог тухайд хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ. Хэрэв чи эдгээр үнэнийг чухалчлан авч үздэггүй, эдгээр үнэнээс хэрхэн зайлсхийх вэ, эсвэл хамааралгүй шинэ замыг хэрхэн олох вэ гэж л үргэлж боддог бол Би чамайг хүнд нүгэлтэн гэж хэлнэ. Чи Бурханд итгэдэг атлаа үнэнийг болон Бурханы хүслийг эрж хайдаггүй, мөн чамайг Бурханд ойртуулдаг замыг ч хайрладаггүй бол Би чамайг, шүүлтээс бултахаар оролдож буй нэгэн, агуу цагаан сэнтийгээс зугтдаг хүүхэлдэй, урвагч гэж хэлнэ. Бурхан нүдэн дээр нь зугтаж байгаа тэрслүү хэнийг ч болов өршөөхгүй. Ийм хүмүүс илүү хүнд шийтгэл хүртэх болно. Бурханы өмнө шүүгдэхээр очиж, улмаар ариусгагдсан хүмүүс Бурханы хаанчлалд үүрд амьдарна. Мэдээж энэ нь ирээдүйд тохиох зүйл юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг
Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил буюу ариусгалтын эцсийн ажлын үеэр бат зогсож чаддаг хүмүүс Бурхантай хамт эцсийн амралтад орох хүмүүс байх болно; иймээс амралтад ордог хүмүүс бүгд эцсийн ариусгалтын ажлыг туулсныхаа дараа Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авхуулсан байх болно. Эцэст нь Бурханаар авхуулсан энэ хүмүүс эцсийн амралтад орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын гол зорилго нь хүн төрөлхтнийг ариусгаж, эцсийн амралтад нь тэднийг бэлдэхийн төлөө байдаг; тэгж цэвэрлэхгүй бол хүн төрөлхтнөөс нэг нь ч төрлийнхөө дагуу ангилагдаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы ариусгалтын ажил л хүмүүсийн зөв шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дуулгаваргүй элементийг ил болгож, улмаар аврагдаж чадах хүмүүсийг чадахгүйгээс нь, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс нь ялгана. Энэ ажил дуусахад үлдэх боломжтой хүмүүс бүгд цэвэрлэгдэж, илүү гайхалтай хоёр дахь амьдралыг эдлэхээр хүн төрөлхтний илүү өндөр байр байдалд орно; өөрөөр хэлбэл, тэд хүний амралтын өдрийг эхлүүлж, Бурхантай зэрэгцэн оршино. Үлдэх боломжгүй хүмүүс гэсгээгдэж, шүүгдсэний дараа жинхэнэ төрх нь бүрмөсөн илчлэгдээд, дараа нь тэд бүгд устгагдаж, Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; ийм хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд хорон муу, зөв шударга бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, Бурхан хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тэнцэхгүй… Мууг шийтгэж, сайныг шагнах Бурханы эцсийн ажлын ар дахь бүхий л зорилго нь бүх хүнийг бүрмөсөн ариусгах явдал юм, ингэснээр Тэр цэвэр ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат хамгийн чухал; энэ нь Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?