Яагаад Бурхан хүмүүсийг шүүж, гэсгээх хэрэгтэй байдаг вэ?

2021-03-13

Холбогдох Бурханы үг:

Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин авралаас цаашгүй байсан боловч хүний доторх хорт уг чанарыг таягдан хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4-өөс эш татав

Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг яаж бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулж, Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг чинь энэ нь нотлохгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн, өөдгүй байдаг мөртөө Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; чи зөвхөн золин авруулсан бол ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авч чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар

Бурхан юугаар дамжуулан хүнийг төгс болгодог вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар дамжуулан үүнийг гүйцэтгэдэг. Бурханы зан чанар нь үндсэндээ зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалаас бүрддэг бөгөөд хүнийг үндсэндээ шүүлтээр дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт, хараалаар л төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Тэд: “Бурхан хүнийг хараавал хүн үхэхгүй гэж үү? Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Тэгвэл түүнийг яаж бас төгс болгож чадах юм бэ?” гэцгээдэг. Энэ бол Бурханы ажлыг мэддэггүй хүмүүсийн үг юм. Бурхан хүний дуулгаваргүй занг харааж, хүний нүглийг шүүдэг. Тэрээр хатуу ширүүнээр, өчүүхэн ч мэдрэмжгүйгээр ярьдаг хэдий ч хүний дотор буй бүхнийг илчилж, эдгээр хатуу үгээр хүний доторх гол зүйлийг ил болгож, ийм шүүлтээр дамжуулан махан биеийн мөн чанарын талаар хүнд гүн гүнзгий мэдлэг өгч, улмаар хүн Бурханы өмнө дуулгавартай захирагддаг. Хүний махан бие нүгэл болон Сатанд харьяалагддаг, энэ нь дуулгаваргүй бөгөөд Бурханы гэсгээлтийн бай юм. Тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд Бурханы шүүлтийн үг түүн дээр буух ёстой ба төрөл бүрийн цэвэршүүлэлт хэрэглэх ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үр нөлөөтэй болж чадна.

Бурханы хэлсэн үгээс үзэхэд хүний махан биеийг Тэр аль хэдийн ялласан нь харагддаг. Тэгэхээр эдгээр үг нь хараалын үг мөн үү? Бурханы хэлсэн үг хүний үнэн царайг илчилж, тийм илчлэлээр дамжуулан хүнийг шүүдэг бөгөөд Бурханы хүслийг хангаж чадахгүй гэдгээ мэдэх үедээ хүн дотроо гашуудан харуусаж, Бурханд маш их өртэйгөө, Бурханы хүсэлд хангалтгүй гэдгээ мэдэрдэг. Ариун Сүнс чамайг дотроос чинь сахилгажуулах үе байдаг ба энэ сахилгажуулалт Бурханы шүүлтээс гардаг; Бурхан чамайг зэмлэж, чамаас царайгаа нуун, чамайг үл хайхарч, дотор чинь ажиллахгүй байж, чамайг цэвэршүүлэхийн тулд чимээгүйхэн гэсгээх үе бий. Хүний доторх Бурханы ажил нь үндсэндээ Өөрийн зөвт зан чанарыг ил болгохын төлөө байдаг. Эцэстээ хүн Бурханы өмнө ямар гэрчлэл хийдэг вэ? Бурхан бол зөвт Бурхан, Түүний зан чанар бол зөвт байдал, уур хилэн, гэсгээлт, шүүлт юм гэдгийг хүн гэрчилдэг; хүн Бурханы зөвт зан чанарыг гэрчилдэг. Хүнийг төгс болгохын тулд Бурхан шүүлтээ хэрэглэдэг, Тэр хүнийг хайрлаж, аварсан—гэхдээ Түүний хайр хэр ихийг агуулдаг вэ? Тэнд шүүлт, сүр жавхлан, уур хилэн, хараал бий. Урьд нь Бурхан хүнийг хараасан хэдий ч ёроолгүй нүхэнд бүрмөсөн хаяагүй, харин хүний итгэлийг цэвэршүүлэхийн тулд тэр аргыг ашигласан; хүнийг Тэр үхүүлээгүй, харин хүнийг төгс болгохын төлөө үйлдсэн юм. Махан биеийн мөн чанар Сатаных байдаг—Бурхан үүнийг яг зөв хэлсэн—гэхдээ Бурханы гүйцэтгэсэн баримт хэлсэн үгийнх нь дагуу гүйцэлддэггүй. Тэр Өөрийгөө хайрлуулах гэж, мөн махан биеийн мөн чанарыг мэдүүлэх гэж чамайг хараадаг; чамайг сэрээхийн тулд, чамд буй дутагдлыг ухааруулахын тулд, хүний туйлын үнэ цэнгүй байдлыг мэдүүлэхийн тулд Тэр чамайг гэсгээдэг. Тиймээс Бурханы хараал, Түүний шүүлт, Түүний сүр жавхлан, уур хилэн—бүгд хүнийг төгс болгохын төлөө байдаг билээ. Өнөөдөр Бурханы хийдэг бүхэн, мөн та нарын дотор Түүний ил болгодог зөвт зан чанар—энэ бүхэн нь хүнийг төгс болгохын төлөө байдаг. Энэ нь Бурханы хайр юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно

Үнэндээ одоо хийгдэж байгаа ажил бол хүмүүсээр Сатаныг, хуучин өвөг дээдсийг нь орхиулах ажил юм. Үгээр хийдэг бүх шүүлт нь хүн төрөлхтний ялзармал зан чанарыг ил болгож, хүмүүст амьдралын мөн чанарыг ойлгох боломж олгохыг зорьдог. Энэхүү удаа дараагийн шүүлт нь хүмүүсийн зүрх сэтгэлийг зүсдэг. Шүүлт бүр тэдний хувь заяанд шууд нөлөөлдөг бөгөөд зүрх сэтгэлийг нь шархлуулах учиртай, ингэснээр тэд энэ бүх зүйлийг орхиж, улмаар амьдралыг мэдэж авч, энэхүү бузар ертөнцийг мэдэж, мөн Бурханы мэргэн ухаан, төгс хүчит байдлыг болон Сатаны ялзруулсан энэ хүн төрөлхтнийг танин мэдэж чадна. Ийм төрлийн гэсгээлт, шүүлтийг хүлээн авах тусам хүний зүрх сэтгэл төдий чинээ их шархалж, сүнс нь төдий чинээ их сэрэх боломжтой. Дээд зэргээр ялзарсан, хамгийн ихээр мэхлэгдсэн энэ хүмүүсийн сүнсийг сэрээх нь ийм төрлийн шүүлтийн зорилго юм. Хүн сүнсгүй, өөрөөр хэлбэл, сүнс нь аль хэдийн үхсэн бөгөөд Тэнгэр байдаг гэдгийг тэр мэддэггүй, Бурхан байдаг гэдгийг мэддэггүй, мөн өөрийгөө үхлийн ёроолгүй ангалд тэмцэлдэж байгааг ч мэддэггүй нь тодорхой; тэрээр газар дээрх энэ муу ёрын тамд амьдарч байгаагаа ер нь яаж мэдэж чадах юм бэ? Ялзарсан цогцос нь Сатаны завхралаар дамжин Үхэгсдийн оронд унасан гэдгийг тэр яахан мэдэж чадах юм бэ? Газар дээрх бүх зүйлийг хүн төрөлхтөн аль эрт авах юмгүй болтол нь сүйтгэсэн гэдгийг тэр яахан мэдэж чадах юм бэ? Мөн Бүтээгч өнөөдөр газар дэлхий дээр ирээд Өөрийн аварч чадах завхарсан бүлэг хүмүүсийг хайж байгааг тэрээр яахан мэдэж чадах билээ? Хүн боломжтой бүх шүүлт, цэвэршүүлэлтийг туулсны дараа ч гэсэн мунхаг ухамсар нь бас л арай ядан хөдөлж, үнэндээ л мэдрэлгүй шахуу байдаг. Хүн төрөлхтөн үнэхээр доройтжээ! Хэдийгээр ийм төрлийн шүүлт нь тэнгэрээс унадаг ширүүн мөндөртэй адил ч гэсэн хүнд хамгийн их ач тустай. Хүмүүсийг ийнхүү шүүгээгүй бол ямар ч үр дүн гарахгүй байх байсан бөгөөд хүмүүсийг гаслангийн ёроолгүй ангалаас аварна гэдэг огт боломжгүй байх байсан юм. Хэрвээ энэ ажил байгаагүй бол Үхэгсдийн орноос гарч ирнэ гэдэг хүмүүсийн хувьд маш хэцүү байх байсан, учир нь тэдний зүрх сэтгэл аль эрт үхэж, сүнс нь аль хэдийн Сатанд гишгэчүүлсэн. Доройтлын хамгийн гүнд живсэн та нарыг аврахын тулд та нарыг хашхиран дуудаж, хүчээр шүүх шаардлагатай, тэгсэн цагт л та нарын мөс шиг цэвдэг зүрх сэтгэл сэрэх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна

Өөрийнх нь тухай мэдлэгийг хүн олж аваасай гэсэндээ, мөн Өөрийнхөө гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Завхарсан зан чанарыг нь Тэр шүүхгүй л бол хүн, халдахыг тэвчдэггүй Түүний зөвт зан чанарыг мэдэж чадахгүй, Бурханы талаарх хуучин мэдлэгээ шинэ болгож бас чадахгүй байх байсан. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийгөө бүхэлд нь ил болгож, улмаар ил тод илрэлтээрээ дамжуулан Бурханы талаарх мэдлэгт хүрч, зан чанараа өөрчилж, Бурханд цангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгодог.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна

Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, уг чанарынхаа үндсэн дээр өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн төгсгөлийг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөв шударга бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй байх болно. Гэсгээлт, шүүлтээр л бүх бүтээлийн төгсгөлийг илчилж болно. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгүүлж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы эрх мэдэлд харьяалагдаж болох юм. Энэ бүх ажил зөв шударга гэсгээлт, шүүлтээр хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрмөсөн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Энэ зан чанар л мууг ил болгож, улмаар зөв шударга бус бүхнийг хатуу шийтгэж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3

Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын гол зорилго нь хүн төрөлхтнийг ариусгаж, эцсийн амралтад нь тэднийг бэлдэхийн төлөө байдаг; тэгж цэвэрлэхгүй бол хүн төрөлхтнөөс нэг нь ч төрлийнхөө дагуу ангилагдаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы ариусгалтын ажил л хүмүүсийн зөв шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дуулгаваргүй элементийг ил болгож, улмаар аврагдаж чадах хүмүүсийг чадахгүйгээс нь, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс нь ялгана. Энэ ажил дуусахад үлдэх боломжтой хүмүүс бүгд цэвэрлэгдэж, илүү гайхалтай хоёр дахь амьдралыг эдлэхээр хүн төрөлхтний илүү өндөр байр байдалд орно; өөрөөр хэлбэл, тэд хүний амралтын өдрийг эхлүүлж, Бурхантай зэрэгцэн оршино. Үлдэх боломжгүй хүмүүс гэсгээгдэж, шүүгдсэний дараа жинхэнэ төрх нь бүрмөсөн илчлэгдээд, дараа нь тэд бүгд устгагдаж, Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; ийм хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд хорон муу, зөв шударга бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, Бурхан хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тэнцэхгүй… Мууг шийтгэж, сайныг шагнах Бурханы эцсийн ажлын ар дахь бүхий л зорилго нь бүх хүнийг бүрмөсөн ариусгах явдал юм, ингэснээр Тэр цэвэр ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат хамгийн чухал; энэ нь Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бурхан яагаад завхарсан хүн төрөлхтнийг шүүж, гэсгээх ёстой вэ, Бурхан завхарсан хүн төрөлхтнийг шүүж, гэсгээдгийн утга учир юу вэ? Энэхүү үнэн бол нэн чухал, учир нь энэ нь Бурханы ажлын үзэгдэлтэй холбоотой үнэнийг агуулдаг. Хэрвээ хүмүүсийн итгэлд үзэгдэл дутмаг бол Бурханд хэрхэн итгэхээ мэддэггүй; тэд Бурханд итгэдэг ч гэсэн зөв замыг сонгож чаддаггүй. Тэгвэл Өөрийг нь эсэргүүцэж, Өөрөөс нь урвадаг завхарсан хүн төрөлхтнийг Бурхан шүүж, гэсгээх нь ямар ач холбогдолтой байх юм бэ? Бид эхлээд үүнийг тодорхой мэддэг байх ёстой—Бурхан бол Бүтээгч бөгөөд бүтээгдсэн зүйлийг захирч, шүүж, гэсгээх эрх мэдэл Түүнд бий. Түүнчлэн, Бурханы зан чанар зөвт агаад ариун юм. Өөрийг нь эсэргүүцэж, Өөрөөс нь урвадаг хүмүүст Өөрийнх нь өмнө амьдрахыг Тэр зөвшөөрдөггүй. Бузар, завхарсан зүйл өмнө нь оршихыг Тэр зөвшөөрдөггүй. Тиймээс Бурхан завхарсан хүн төрөлхтнийг шүүж, гэсгээх нь зөв, зохистой бөгөөд энэ нь Бурханы зан чанараар тодорхойлогддог. Бурхан бол зөвт, Бурхан бол үнэн гэдгийг бид бүгд мэднэ. Үүнийг бид Бурханы илчилдэг зан чанараас аль хэдийн харсан. Бурханы бүх үг бол үнэн. Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг үгээрээ бүтээсэн юм. Бурханы үг бүх зүйлийг бүтээж чаддаг бөгөөд Бурханы үг бас бүх зүйлийг шүүж чаддаг үнэн билээ. Бурхан эцсийн өдрүүдэд завхарсан хүн төрөлхтнийг шүүж, гэсгээх ажил явуулж байгаа. “Бурхан өмнө нь шүүлтийн ажил явуулсан уу?” гэж зарим нь асууж болох юм. Үнэндээ, Тэр ихээхэн шүүлт, гэсгээлтийн ажил хийсэн; хүмүүс л үүнийг нүдээр үзээгүй юм. Хүмүүсийг оршин тогтнохоос өмнө Сатан Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвасан, тэгвэл Бурхан Сатаныг хэрхэн шүүсэн бэ? Тэрээр Сатаныг газар дэлхий рүү хөөж, Сатаныг дагаж байсан бүх тэнгэрэлчийг Сатаны хамтаар газар луу цохисон юм. Бурхан тэднийг тэнгэрээс газар луу хөөн зайлуулсан—энэ нь Сатаны эсрэг шүүлт байсан бус уу? Энэ нь ч бас түүнд чиглэсэн шүүлт, гэсгээлт байсан юм. Тиймээс хүмүүсийг бий болохоос ч өмнө Бурхан Сатаныг аль хэдийн шүүж, гэсгээсэн. Бид үүнийг Библиэс харж болно. Энэ хүн төрөлхтнийг бий болохоос өмнө Бурханы шүүлт, гэсгээлтэд өртсөн өөр хүмүүс, өөр бүтээлүүд байсан уу? Бурханы устгасан бүх хүн нь Бурханыг эсэргүүцэж, Түүний эсрэг тэрсэлсэн хүмүүс бөгөөд тэд бүгдээрээ Түүний шүүлт, гэсгээлтэд өртсөн гэдгийг бид лавтай хэлж чадна. Тиймээс Бурхан тэнгэр газар, бүх зүйлийг бүтээснээс хойш Түүний шүүлт, гэсгээлт үргэлжлүүлэн оршсоор байгаа билээ. Энэ нь бүх зүйлийг захирах Бурханы ажлын нэг тал юм, учир нь Бурханы зан чанар хувиршгүй—энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хүмүүс бий болсон үеэсээ эхлээд Бурханаас урваж, Сатаныг дагасан гэдгийг бид харж болно; тэд бүгд Бурханы хараал дор амьдарч ирсэн. Мууг үйлдсэнээсээ болж маш олон хүн Бурханы гэсгээлт дор насан эцэслэсэн, зарим нь устгагдсан. Бурханд итгэдэг атлаа Бурханыг эсэргүүцдэг маш олон хүн байсан бөгөөд эцэст нь тэд бүгд мөхсөн. Зарим нь сүнсний ертөнцөд шийтгүүлж, харин бусад нь амьд байхдаа гэсгээгдсэн. Ийм учраас хүн төрөлхтөн үүнийг: “Сайн санааны үзүүрт тос, муу санааны үзүүрт зүү” гэж нэгтгэн дүгнэсэн юм. Энэ нь бүгд Бурханы шүүлт, гэсгээлт билээ. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил завхарсан хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг. Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхдөө бид Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Бурханы ажлыг туулах явцдаа Бурханы эсрэг тэрсэлж, Бурханд дуулгаваргүй байдаг бүх хүн Түүний шүүлт, гэсгээлтийг хүлээн авдаг. Хүмүүс ихэнхдээ Бурханы үгийн шүүлт, гэсгээлтэд өртдөг боловч заримдаа бас өөрсөд дээр нь буун ирэх баримтуудын шүүлт, гэсгээлт, мөн Бурханы шийтгэлийг хүлээн авдаг. Бид бүгд үүнийг харсан. “Үл итгэгчид Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй юм чинь Бурханы шүүлт, гэсгээлтээс мултарч чадах уу?” гэж зарим нь хэлдэг. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөг эсэх нь хамаагүй, хүмүүс бүгд Бурханы шүүлт, гэсгээлтэд өртөнө. Хэн ч үүнээс мултарч чадахгүй—энэ бол баримт. Шашин доторх хүмүүс Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөөгүй боловч үүнээс мултарч чадахгүй. Хүнд зориулан Бурханы урьдчилан тодорхойлсон гэсгээлтээс хэн ч мултарч чадахгүй—энэ нь ердөө л цаг хугацааны асуудал, учир нь хүн бүрд өөрийн гэсэн үр дүн байдаг бөгөөд энэхүү үр дүнг ч бас Бурхан тодорхойлдог. Ямар төрлийн шүүлт, гэсгээлт хүлээн авахыг нь хүн бүрийн үр дүнгээс бид харж болно. Зарим нь Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, Бурханаас ариусгалт хүртэж, Түүн рүү бүрмөсөн эргэдэг бөгөөд үр дүн нь сайн хүрэх газар буюу хаанчлалд орж, мөнх амийг олж авах явдал байдаг. Ийм төрлийн хүн аврал хүртдэг. Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрдөггүй буюу Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс эцэстээ мөхөж, устгагдана. Энэ нь Бурханы тэдэнд урьдчилан тодорхойлсон шүүлт, гэсгээлт төдийгүй Бурханы шүүлт, гэсгээлтээр тодорхойлогдсон тэдний эцсийн үр дүн юм. Одоогоор, Бурханыг эсэргүүцэж байгаа олон удирдагч шашны нийгэмлэгт бий—тэдний эцсийн үр дүн ямар байх вэ? Хэрвээ тэд гэмшихгүй бол эцэстээ сүйрэл, мөхөлд живэх тавилантай, учир нь Бурханы шүүлт, гэсгээлтээс хэн ч мултарч чаддаггүй. Энэ бол гарцаагүй. Бид Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрсөн, энэ нь хүн төрөлхтнийг аврах Бурханы авралын ажлыг бид хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Бид Бурханы шүүлт, гэсгээлтийг эерэг арга замаар хүлээн зөвшөөрч, туулж, жинхэнээсээ гэмшиж, эцэст нь Бурханы тухай мэдлэгтэй болж, амь зан чанарын өөрчлөлтөд хүрч байгаа. Бидний хувьд ийм төрлийн шүүлт, гэсгээлт бол бидний аврал юм. Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг хүмүүсийн хувьд үр дүн нь шийтгэл байх бөгөөд тэд эцэстээ мөхөл, сүйрэлтэй тулгарна. Энэ бол Бурханы шүүлт, гэсгээлтээс зайлсхийсний үр дагавар билээ.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа хийж байгаа гэж та нар гэрчилдэг, гэхдээ Эзэн Есүст итгэх бидний итгэл болон Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрч байгаа маань бид Бурханы шүүлтийн ажлыг аль хэдийн туулсан гэсэн үг гэж би итгэдэг. Нотолгоо болох Эзэн Есүсийн үг энэ байна: “Учир нь хэрвээ Би явахгүй бол Туслагч та нар луу ирэхгүй; харин Би явбал Түүнийг та нар луу илгээнэ. Ирэх үедээ Тэр нүгэл, зөвт байдал болон шүүлтийн талаар дэлхийг зэмлэнэ” (Иохан 16:7–8). Хэдийгээр Эзэн Есүс золин авралын ажил хийсэн боловч Түүнийг тэнгэр өөд гарсны дараа Пентэкостын өдөр Ариун Сүнс буун ирж, хүмүүс дээр ажиллан: “Тэр нүгэл, зөвт байдал болон шүүлтийн талаар дэлхийг зэмлэнэ” гэж бид итгэдэг. Энэ нь эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил байх ёстой, иймээс миний эрж хайхыг хүсэж буй зүйл бол эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы хийсэн шүүлтийн ажил болон Эзэн Есүсийн ажлын хоорондох ялгаа яг юу вэ? гэдэг юм.

Хариулт: Эзэн Есүсийн хийсэн зүйл золин аврах ажил байсныг та бүхэн хүлээн зөвшөөрч байгаа хойно Түүний авчирсан зам нь “Гэмшицгээ:...

Messenger дээр бидэнтэй холбоо барих