Зарим хүн Бурханыг хараагүй учраас дэлхий дээр Бурхан байдаггүй гэж хэлдэг бол зарим нь хувийн туршлагаа ашиглан Бурхан байдаг гэдгийг гэрчилдэг. Бурхан үнэхээр байдаг эсэхийг бид мэдэхгүй учраас Бурхан байдаг эсэхийг бид хэрхэн тодорхойлж болох вэ?

2022-02-17

Холбогдох Бурханы үг:

Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадал, Бурханы ялгамж чанар, Бурханы мөн чанарын тухай мэдлэгт төсөөлөлдөө найдсанаар хүрч чадахгүй. Бурханы эрх мэдлийг мэдэхийн тулд чи төсөөлөлдөө найдаж болохгүй болохоор ямар арга замаар Бурханы эрх мэдлийн талаарх жинхэнэ мэдлэгийг олж авч чадах вэ? Чи Бурханы үгийг идэж, ууснаар, Бурханы үгийг нөхөрлөж, туулснаар аажмаар Бурханы эрх мэдлийн талаар туршлага, баталгаажуулалттай болж, улмаар энэ тухай шат дараатай ойлголт, нэмэлт мэдлэгийг олж авах болно. Энэ нь Бурханы эрх мэдлийн тухай мэдлэгт хүрэх цорын ганц зам юм; ямар ч дөт зам гэж үгүй. Та нараас битгий төсөөл гэж гуйж байгаа нь сүйрлийг чинь хүлээлгэн зүгээр суулгах юм уу юу ч хийлгэхгүй байхтай адилгүй. Бодож, төсөөлөхдөө уураг тархиа ашиглахгүй байна гэдэг нь таамаглахад учир шалтгаан ашиглахгүй, дүн шинжилгээ хийхэд мэдлэг ашиглахгүй, шинжлэх ухааныг үндэслэл болгон ашиглахгүй байх явдал бөгөөд үүний оронд Бурханы үг, үнэн болон амьдралд чинь тулгарч байгаа бүх зүйлээр дамжуулан чиний итгэдэг Бурханд эрх мэдэл бий гэдгийг үнэлж, бататгаж, баталгаажуулах, мөн Бурхан хувь заяаг чинь захирдгийг, Түүний хүч чадал цаг үргэлж жинхэнэ Бурхан Өөрөө гэдгийг нь нотолдог болохыг баталгаажуулах явдал юм. Аливаа хүн Бурханы тухай ойлголтыг олж авах цорын ганц арга энэ билээ. Зарим нь энэ зорилгод хүрэх хялбар арга зам олмоор байна гэдэг, гэхдээ та нар ийм хялбар арга замыг бодож олсон уу? Бодох хэрэг байхгүй гэдгийг чамд Би хэлье: Өөр ямар ч арга зам байхгүй! Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг илэрхийлдэг үг, хийдэг зүйл бүрээр нь дамжуулан чин сэтгэлээсээ, тууштайгаар мэдэж, бататгана гэдэг цорын ганц арга зам юм. Энэ нь Бурханыг мэдэх цорын ганц арга. Учир нь Бурханд юу байгаа, Тэр юу болох болон Бурханы бүх зүйл хөндий, хоосон биш—харин бодитой билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

Сансар, огторгуйн өргөн уудамд тоо томшгүй бүтээл амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийн мөчлөгийг дагаж, үл хувирах нэгэн дүрмийг мөрддөг. Нас барсан хүмүүс амьд хүмүүсийн түүхийг аван оддог ба амьдарч буй хүмүүс нас барагсдын яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүн төрөлхтөн өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг юм бэ? Яагаад бид үхэх ёстой юм бэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтнийг үнэхээр Байгаль Эх бүтээсэн үү? Хүн төрөлхтөн хувь заяагаа үнэхээр хянадаг уу?… Олон мянган жилийн турш хүн төрөлхтөн эдгээр асуултыг тасралтгүй асуусан. Харамсалтай нь, хүн эдгээр асуултад донтох тусмаа шинжлэх ухаанаар улам их ангах болжээ. Шинжлэх ухаан нь хүний махан биед богино хугацааны бахдал, түр зуурын таашаал өгдөг ч сэтгэлийнх нь гүнд байдаг ганцаардал, тусгаарлагдмал байдал, чадан ядан нуусан айдас, арга мөхөс байдлаас нь хүнийг ангижруулахад огтхон ч хангалттай биш. Хүн төрөлхтөн зүрх сэтгэлээ мэдээгүйжүүлэхийн тулд энгийн нүдээр харж, уураг тархиараа ойлгож чадах шинжлэх ухааны мэдлэгийг ашигладаг төдий. Гэсэн ч шинжлэх ухааны тийм мэдлэг нь нууцыг шинжлэн судлах гэсэн хүн төрөлхтнийг болиулахад хангалтгүй. Орчлон ертөнц болон бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн ердөө мэддэггүй, хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг бүр ч мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө аргагүйн эрхэнд энэ хуулиар амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй, хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрүүдийн дээр мөнхөөс мөнхөд бүхнийг захирдаг Нэгэн бий. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй Нэгэн, хүн төрөлхтний хэзээ ч мэдэж аваагүй Нэгэн, оршин тогтнолд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй Нэгэн юм—гэсэн ч Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгал үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтнийг хангаж, тэжээдэг, хүнийг оршин тогтнуулдаг Нэгэн; мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг залж чиглүүлсэн Нэгэн юм. Түүнчлэн амьд үлдэхийн тулд хүн төрөлхтний найддаг цорын ганц Нэгэн Тэр билээ. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнц дэх бүх амьд оршихуйг удирддаг. Тэрээр дөрвөн улирлыг хянаж, салхи, хяруу, цас, бороог дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уулс, нуур, гол мөрөн болон тэдгээрийн доторх амьд зүйлсээр хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг, Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг. Эдгээр хууль, дүрэм бүр Түүний үйл хэргийн биелэл бөгөөд дор бүрнээ Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Хэн Түүний дээд эрхээс өөрийгөө чөлөөлж чадах вэ? Хэн Түүний зохицуулалтаас өөрийгөө салгаж чадах вэ? Бүх зүйл Түүний харцан дор оршдог, түүнчлэн бүх зүйл Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байж, бүх зүйлийг захирдаг гэх баримтыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж бүр ч чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг танин мэдэж чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс үл хамааран чиний хувь заяаг Бурхан тодорхойлдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үргэлж бүх зүйлийг захирна гэдэгт эргэлзэх юмгүй. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүн төрөлхтөн танин мэдэж, ойлгох эсэхээр тогтоогддоггүй. Зөвхөн Тэр л хүн төрөлхтний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит баримтыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, төд удалгүй хүн төрөлхтөн энэ бүхнийг өөрсдийн нүдээр харах ба энэ нь Бурханы удахгүй биелүүлэх бодит баримт юм. Хүн төрөлхтөн Бурханы нүдэн дор амьдарч, нас бардаг. Хүн Бурханы удирдлагын төлөө амьдардаг ба эцсийн удаа нүд анихдаа ч бас энэхүү удирдлагын төлөө нүд аньдаг. Хүмүүс ахин дахин нааш цааш ирж, буцдаг. Энэ нь бүгд ялгаагүй Бурханы дээд эрх, зохицуулалтын нэг хэсэг юм. Бурханы удирдлага хэзээ ч зогсоогүй; энэ нь үргэлжид урагшилж байгаа. Тэрээр хүн төрөлхтөнд Өөрийн оршин тогтнолыг мэдүүлж, тэднийг Өөрийн дээд эрхэд итгүүлж, Өөрийн үйл хэргийг харуулах ба Өөрийн хаанчлалд буцаан аваачна. Энэ бол Түүний төлөвлөгөө бөгөөд олон мянган жилийн турш Түүний хийсээр буй ажил юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна

Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс өөрийн үүргийг биелүүлж эхэлдэг. Бурханы төлөвлөгөө болон Түүний томилгооны төлөө чи үүргээ биелүүлж, амьдралын аянаа эхэлдэг. Чиний гарал үүсэл, урд чинь чамайг ямар аян хүлээж байгаа нь хамаагүй, Тэнгэрийн зохион байгуулалт, зохицуулалтаас хэн ч зайлж чадахгүй бөгөөд хэн ч өөрийн хувь заяаг хянаж чаддаггүй, учир нь бүх зүйлийг захирдаг Тэр л ийм зүйл хийх чадвартай. Хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлэн Бурхан хэзээд ийнхүү ажиллаж, орчлон ертөнцийг удирдан, бүх зүйлийн өөрчлөлтийн хуулийг болон шилжилт хөдөлгөөнийг нь чиглүүлж ирсэн билээ. Бүх зүйлийн адилаар хүн Бурханы чихэрлэг амт, бороо, шүүдрээр чимээгүйхэн, өөрийн мэдэлгүй тэжээгддэг; бүх зүйлийн адилаар хүн өөрийн мэдэлгүйгээр Бурханы гарын зохион байгуулалт дор амьдардаг. Хүний зүрх сэтгэл болон сүнс Бурханы гарт байдаг ба амьдралынх нь бүх зүйлийг Бурханы нүд хардаг. Үүнд итгэх үгүй чинь хамаагүй, амьд ч бай, үхсэн ч бай аливаа бүх зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, алга болдог. Энэ бол Бурханы бүх зүйлийг удирддаг арга зам юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж

Бүх зүйлийг бүтээж эхэлснээс хойш Бурханы хүч чадал илэрхийлэгдэж, илчлэгдэж эхэлсэн, учир нь Бурхан бүх зүйлийг бүтээхдээ үг ашигласан. Тэр тэднийг ямар байдлаар, яагаад бүтээсэн нь хамаагүй, бүх зүйл Бурханы үгийн ачаар бий болж, бат зогсож, оршин тогтносон бөгөөд энэ бол Бүтээгчийн цорын ганц эрх мэдэл юм. Хүн төрөлхтөн дэлхий дээр гарч ирэхээс өмнөх хугацаанд Бүтээгч, хүн төрөлхтний төлөө бүх зүйлийг бүтээхийн тулд хүч чадал, эрх мэдлээ хэрэглэж, хүн төрөлхтөнд тохирох амьдралын орчныг бэлтгэхийн тулд цор ганц арга барилаа ашигласан. Түүний хийсэн бүхэн удалгүй амьсгалыг нь хүлээн авах хүн төрөлхтөнд зориулсан бэлтгэл байв. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтнийг бүтээхээс өмнөх хугацаанд Бурханы эрх мэдэл тэнгэр, гэрэл, тэнгис далай, хуурай газар зэрэг агуу том зүйлс болон ан амьтан, жигүүртэн шувууд, бүх төрлийн шавж, бичил биетэн, тэр дундаа хүний нүдэнд харагдахгүй олон янзын нян гэх мэт өчүүхэн жижиг зүйлс зэрэг хүн төрөлхтнөөс бусад бүх бүтээл дээр илэрсэн юм. Бүтээгчийн үгээр амьд үлддэггүй юу ч үгүй, Бүтээгчийн үгээр өсөж үрждэггүй юу ч байхгүй, мөн Бүтээгчийн үгийн захиралт дор амьдардаггүй юу ч үгүй. Тэд Бүтээгчийн амьсгалыг хүлээн аваагүй ч гэсэн өөр өөр хэлбэр дүрс, бүтцээрээ Бүтээгчийн өөрсдөд нь хайрласан амийн эрч хүчийг харуулж байсан; тэд хүн төрөлхтөнд өгсөнтэй нь адил ярих чадварыг Бүтээгчээс хүлээн аваагүй боловч Бүтээгчийн хайрласан хүний хэлээс ялгаатайгаар амийг илэрхийлэх аргыг дор бүрнээ хүлээн авсан байв. Бүтээгчийн эрх мэдэл илэрхий хөдөлгөөнгүй материаллаг зүйлсэд амийн эрч хүчийг өгдөг, тиймээс тэд хэзээ ч алга болдоггүй, түүнчлэн бүх амьд зүйлд үржиж олшрох зөн мэдрэмж өгдөг, тиймээс тэд хэзээ ч устдаггүй, ийнхүү тэд Бүтээгчийн олгосон оршин тогтнох хууль, зарчмыг үеэс үед уламжлах болно. Бүтээгч эрх мэдлээ хэрэгжүүлдэг байдал нь макро эсвэл микро үзэл бодлыг хатуу чанд баримталдаггүй бөгөөд энэ нь ямар ч хэлбэрээр хязгаарлагддаггүй; Тэр орчлон ертөнцийн үйл ажиллагааг захирч, мөн бүх зүйлийн амьдрал, үхлийг захирч чадах ба цаашлаад Өөртөө үйлчлүүлэхийн тулд бүх зүйлийг удирдан жолоодож чаддаг; Тэр уул нурууд, гол нуурын бүх ажиллагааг зохицуулж, тэдгээрийн доторх бүх зүйлийг захирч чаддаг, түүнчлэн бүх зүйлийг хэрэгтэй зүйлээр нь хангаж чаддаг. Энэ бол хүн төрөлхтнөөс бусад бүх зүйлийн дунд илэрсэн Бүтээгчийн цорын ганц эрх мэдэл юм. Энэ нь нэг амьдралын туршид л илэрдэггүй, энэ хэзээ ч зогсож, амрахгүй бөгөөд ямар ч хүн болон зүйл өөрчилж, сэвтээж чадахгүй, бас ямар ч хүн, зүйл нэмж, хорогдуулж чадахгүй—учир нь Бүтээгчийн ялгамж чанарыг хэн ч орлож чадахгүй, тиймээс Бүтээгчийн эрх мэдлийг ямар ч бүтээгдсэн зүйл орлож чадахгүй ба ямар ч бүтээгдээгүй зүйл үүнд хүрэх аргагүй юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

Энэхүү хүн төрөлхтөн үүсэн бий болохоос өмнө сансар огторгуй—бүх гараг, тэнгэрийн бүх од—аль хэдийн оршиж байсан. Макро түвшинд, хэчнээн олон жил болсон ч эдгээр тэнгэрийн эрхэс оршин байх бүхий л хугацаандаа Бурханы хяналт дор тогтмол тойрон эргэсээр байж ирсэн. Ямар гараг яг ямар цагт хаашаа явдаг; ямар гараг хэзээ, ямар даалгавар биелүүлдэг; ямар гараг ямар тойрог замаар эргэдэг, хэзээ алга болж, эсвэл солигддог гээд энэ бүхэн өчүүхэн төдий ч алдаа мадаггүй явагдаж байдаг. Гарагуудын байрлал, тэдгээрийн хоорондын зай бүгд чанд тогтсон зүй тогтлыг дагадаг бөгөөд бүгдийг нь яг таг мэдээллээр тодорхойлж болно; тэдгээрийн аялах зам, тойрог замын хурд болон зүй тогтол, янз бүрийн байрлалд очих цаг гээд энэ бүгдийг нарийн тооцоолж, тусгай хуулиар тодорхойлж болно. Олон мянган жилийн туршид гарагууд эдгээр хуулийг өчүүхэн төдий ч гажихгүйгээр дагасан. Тэдний тойрог зам, дагадаг зүй тогтлыг нь ямар ч хүч өөрчилж, тасалдуулж чадахгүй. Тэдний хөдөлгөөнийг захирдаг тусгай хууль болон тэдгээрийг тодорхойлдог нарийн мэдээллийг Бүтээгчийн эрх мэдэл урьдаас тогтоосон байдаг учраас тэдгээр нь Бүтээгчийн дээд эрх, хяналтын дор эдгээр хуулийг сайн дураараа дуулгавартай дагадаг. Макро түвшинд, зарим нэг зүй тогтол, мэдээлэл, хачирхалтай, тайлбарлахын аргагүй хууль, үзэгдлийг хүн олж нээхэд хэцүү зүйл биш. Хэдийгээр хүн төрөлхтөн Бурхан оршин байдаг гэдгийг, бас Бүтээгч бүх зүйлийг бүтээсэн, бүх зүйлийг ноёрхдог гэдэг бодит үнэнийг, түүнчлэн Бүтээгчийн эрх мэдлийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй ч гэсэн хүн судлалын эрдэмтэд, одон орон судлаачид, физикч нар хорвоо ертөнц дээрх бүх зүйлийн оршин тогтнол, тэдгээрийн хөдөлгөөнийг удирддаг зарчим, зүй тогтол бүгдийг асар том, үл үзэгдэх хар энерги захирч, хянадаг гэдгийг улам бүр олж нээсээр байна. Энэхүү баримт нь хүнийг, хөдөлгөөний эдгээр зүй тогтлын дунд бүх зүйлийг зохион байгуулдаг Төгс Хүчит Нэгэн байна гэдэгтэй эрхгүй нүүр тулж, хүлээн зөвшөөрөхөд хүргэдэг. Түүний хүч чадал ер бусын бөгөөд хэдийгээр хэн ч Түүний жинхэнэ нүүр царайг харж чадахгүй боловч, Тэр хором бүрд бүх зүйлийг захирч, хянаж байдаг. Хэн ч, ямар ч хүч Түүний дээд эрхийг даван гарч чадахгүй. Энэ баримттай тулгараад, бүх зүйлийн оршин тогтнолыг захирч байдаг хуулийг хүн хянаж чадахгүй, хэн ч өөрчилж чадахгүй гэдгийг хүн хүлээн зөвшөөрөх ёстой; мөн хүмүүс эдгээр хуулийг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй, тэдгээр нь аяндаа өрнөж байдаг юм биш, харин Эзэн захирагчийн тушаалаар болдог гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Эдгээр нь бүгд, макро түвшинд хүн төрөлхтний ухамсарлаж чадах Бурханы эрх мэдлийн илэрхийлэл юм.

Микро түвшинд, газар дэлхий дээр хүний харж болох бүх уул, гол, нуур, далай, хуурай газар, хүний үзэж туулдаг бүх улирал, дэлхий дээр амьдардаг ургамал, амьтан, бичил биетэн, хүмүүс гээд бүх зүйл Бурханы дээд эрх, хяналтад захирагдаж байдаг. Бурханы дээд эрх, хяналтын дор бүх зүйл Түүний бодлын дагуу үүсэн бий болж, үгүй болж байдаг; тэдгээрийн оршин тогтнолыг захирдаг хуулиуд бий болж, тэдгээр нь үүний дагуу өсөж үрждэг. Ямар ч хүн, ямар ч зүйл эдгээр хуулиас дээгүүр байдаггүй. Яагаад тэр вэ? Цорын ганц хариулт бол: Бурханы эрх мэдлийн улмаас тэр юм. Эсвэл, өөрөөр хэлбэл, Бурханы бодол, Бурханы үгийн улмаас тэр; Бурхан Өөрийн биеэр үйлддэг учраас тэр билээ. Энэ нь Бурханы эрх мэдэл, Бурханы санаа бодол эдгээр хуулийг үүсгэдэг бөгөөд эдгээр хууль нь Түүний бодлын дагуу шилжин, өөрчлөгдөж, эдгээр шилжилт, өөрчлөлт нь бүгд Түүний төлөвлөгөөний төлөө гарч ирж, алга болж байдаг гэсэн үг. Жишээ нь, тахлыг аваад үзье. Тахал ямар ч анхааруулгагүйгээр гардаг. Тэдгээрийн гарал үүсэл, яг яагаад гарсан шалтгааныг хэн ч мэддэггүй бөгөөд тодорхой нэг газар нутагт тахал гарах болгонд үйл нь ирсэн хүмүүс гамшгаас зугтаж чаддаггүй. Тахал нь аюулт, хөнөөлт нянгийн тархалтын улмаас үүсдэг гэдгийг хүн төрөлхтний шинжлэх ухаан ойлгодгийн дээр тэдгээрийн хурд, хамрах хүрээ, халдварлах арга замыг хүн төрөлхтний шинжлэх ухаан урьдчилан хэлж, хянаж чаддаггүй. Хэдийгээр хүмүүс боломжит бүх арга хэрэгслээр тахлыг эсэргүүцдэг боловч тахал гарахад ямар хүмүүс, эсвэл ямар амьтад гарцаагүй өртөхийг тэд хянаж чадахгүй. Хүмүүсийн хийж чадах цорын ганц зүйл нь тэдгээрээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг эсэргүүцэх, судлах гэж хичээх явдал юм. Гэхдээ аливаа нэгэн тахлын эхлэл, төгсгөлийг тайлбарлах үндсэн шалтгааныг хэн ч мэдэхгүй, хэн ч тэдгээрийг хянаж чадахгүй. Тахлын үүсэл, тархалттай нүүр тулаад хүмүүсийн авдаг хамгийн эхний арга хэмжээ нь вакцин гаргах байдаг боловч ихэнхдээ вакцин бэлэн болохоос өмнө тахал өөрөө үгүй болдог. Тахал яагаад устаж арилдаг вэ? Бактерийг хяналтдаа авч чадсан гэж зарим хүн хэлдэг бол, харин зарим нь улирлын өөрчлөлтийн улмаас тэдгээр нь устаж арилдаг гэж хэлдэг… Эдгээр галзуу таамаглал үндэслэлтэй эсэх тухайд гэвэл, шинжлэх ухаан ямар ч тайлбар санал болгож, ямар ч тодорхой хариулт өгч чаддаггүй. Хүн төрөлхтөн дан ганц эдгээр таамаглалаас гадна, хүн төрөлхтний дутуу ойлголт, тахлаас айх айдсын талаар бодож үзэх ёстой. Тахал яагаад эхэлдэг, яагаад дуусдагийг эцсийн дүндээ хэн ч мэдэхгүй. Хүн төрөлхтөн, зөвхөн шинжлэх ухаанд л итгэж, үүнд бүрмөсөн найддаг, Бүтээгчийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, Түүний дээд эрхийг хүлээж авдаггүй учраас тэд хэзээ ч хариулт олж авахгүй.

Бурханы дээд эрхийн дор, Түүний эрх мэдэл болон удирдлагаас үүдэн бүх зүйл төрж, амьдарч, устан үгүй болдог. Зарим зүйл чимээгүйхэн ирээд буцдаг бөгөөд тэдгээр нь хаанаас ирснийг хүн хэлж, эсвэл дагадаг зүй тогтлыг нь ухаарч чаддаггүй, тэр ч байтугай тэдний ирээд буцдаг шалтгааныг ойлгодоггүй. Хэдийгээр хүн бүх зүйлийн дунд болж өнгөрч буй бүхнийг нүдээрээ харж, чихээрээ сонсож, эсвэл биеэрээ туулж чаддаг боловч; хэдийгээр энэ бүгд хүнд хамааралтай бөгөөд хүн янз бүрийн үзэгдлийн харьцангуй ер бусын байдал, зүй тогтол, бүр этгээд хачин байдлыг дотоод ухамсартаа ухамсарладаг боловч тэдгээрийн цаана юу байгааг огт мэддэггүй, энэ нь Бурханы хүсэл ба бодол юм. Эдгээр үзэгдлүүдийн цаана олон түүх, олон нуугдмал үнэн байдаг. Хүн Бүтээгчээс төөрч яваад, Бүтээгчийн эрх мэдэл бүх зүйлийг захирдаг гэсэн бодит үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй учраас Бүтээгчийн бүрэн эрхийн дээд эрхийн дор болж буй бүхнийг хэзээ ч мэдэхгүй бас ухаарч ойлгохгүй. Ихэнхдээ, Бурханы хяналт, дээд эрх нь хүний төсөөлөл, хүний мэдлэг, хүний ойлголт болон шинжлэх ухааны хүрч чадах хязгаараас давж, бүтээгдсэн хүмүүсийн мэдлэгийн хүрээнээс хальсан байдаг. Зарим хүн “Чи Бурханы дээд эрхийг нүдээрээ хараагүй байж бүх зүйл Түүний эрх мэдэлд байдаг гэж яаж итгэж чадаж байна вэ?” гэдэг. Харснаараа үргэлж итгэдэг юм биш; үргэлж танин мэдэж, ойлгох ч бас биш. Тэгэхээр итгэл хаанаас гардаг вэ? “Итгэл нь аливаа зүйлийн бодит байдал, үндсэн шалтгааны талаарх хүмүүсийн ойлголт, туршлагын түвшин болон гүнээс гардаг” гэдгийг Би баттай хэлж чадна. Хэрвээ чи Бурхан оршдог гэдэгт итгэдэг ч, бүх зүйлийг захирах Бурханы хяналт болон Бурханы дээд эрхийг ухамсарлах нь бүү хэл танин мэдэж чадахгүй бол Бурханд ийм эрх мэдэл байдаг бөгөөд Бурханы эрх мэдэл цор ганц гэдгийг зүрх сэтгэлдээ хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Чи Бүтээгчийг хэзээ ч өөрийн Эзэн, өөрийн Бурхан хэмээн үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Бурханыг таньж мэдэх нь амаргүй гэж хүмүүс үргэлж ярьдаг. Гэхдээ Бурханыг таньж мэдэх нь огтхон ч хэцүү зүйл биш гэж би хэлнэ, учир нь Бурхан Өөрийн үйл хэргийг хүнд байнга харуулдаг. Бурхан хүн төрөлхтөнтэй ярилцахаа хэзээ ч зогсоогоогүй, Өөрийгөө хүнээс хэзээ ч нуугаагүй, Өөрөө ч нуугдаагүй билээ. Түүний бодол, санаа, үг, үйл хэрэг бүгд хүн төрөлхтөнд илчлэгддэг. Тиймээс хүн Бурханыг таньж мэдэхийг хүсэх л юм бол төрөл бүрийн арга замаар Түүнийг ойлгож, мэдэж авч чадна. Бурхан өөрөөс нь санаатайгаар зайлсхийж, Өөрийгөө хүн төрөлхтнөөс санаатайгаар нуусан, хүнд Өөрийгөө ойлгуулж, мэдүүлэх санаагүй байна гэж хүн сохроор бодохын шалтгаан нь тэрээр Бурхан гэж хэн болохыг мэдэхгүй, бас Бурханыг ойлгохыг хүсэхгүйд байгаа юм. Түүгээр ч үл барам, хүн Бүтээгчийн бодол, ажил, үйл хэргийн талаар ер бодолцохгүй байгаа юм… Үнэнийг хэлэхэд, хүн ердөө өөрийн чөлөөт цагаа ашиглаад Бүтээгчийн үг эсвэл үйл хэрэг дээр төвлөрч, тэдгээрийг ойлгож, Бүтээгчийн бодол, Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойд багахан л анхаарвал, Бүтээгчийн бодол, үг, үйл хэрэг нь харагдахуйц, ил тод гэдгийг төвөггүйхэн ойлгох болно. Түүнчлэн Бүтээгч хүмүүсийн дунд цаг ямагт байдаг, Тэр хүн болон бүх бүтээлтэй үргэлж ярилцдаг, Тэр өдөр бүр шинэ үйл хэрэг бүтээдгийг ойлгоход багахан хүчин чармайлт гарна. Түүний мөн чанар, Түүний зан чанар хүнтэй ярилцахад нь харагддаг; Түүний бодол, санаа үйл хэрэгт нь шингэсэн байдаг; Тэр хүн төрөлхтөнтэй үргэлж хамт байж, ажиглаж байдаг. Тэр хүн төрөлхтөн болон бүтээл бүхэнтэй Өөрийн чимээгүй үгээр ийн ярилцдаг: “Би тэнгэрт байна, Өөрийн бүтээлүүдийн дунд байна. Би харуулд гарч байна; Би хүлээж байна; Би чиний дэргэд байна…” Түүний гар дулаахан бөгөөд хүчтэй; Түүний алхаа хөнгөн; Түүний хоолой зөөлөн бөгөөд ялдам; Түүний дүр нааш цааш эргэлдэж, хүн төрөлхтнийг тэврэн авдаг; Түүний зүс царай үзэсгэлэнтэй бөгөөд эелдэг. Тэр хэзээ ч орхиж явж, алга болоогүй. Өдөр, шөнөгүй Тэр хүн төрөлхтөнд байнга хань болж, хэзээ ч орхиж явдаггүй.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II

Бурханы эрх мэдэл дор бүх хүн Түүний дээд эрх, зохицуулалтыг идэвхтэйгээр, эсвэл идэвхгүйгээр хүлээн зөвшөөрдөг бөгөөд амьдралынхаа явцад хүн хэрхэн тэмцэж, хэчнээн олон тахир муруй замаар явах нь хамаагүй, эцэстээ Бүтээгчийн өөрт нь зориулан тодорхойлсон хувь заяаны тойрог зам руу буцах болно. Энэ бол Бүтээгчийн эрх мэдлийн даван туулшгүй байдал, Түүний эрх мэдлийн орчлон ертөнцийг хянаж, захирдаг арга барил юм. Энэхүү даван туулшгүй байдал, энэхүү хянан захирах хэлбэр нь бүх зүйлийн амьдралыг захирч, дахин төрлийг саадгүйгээр ахин дахин олох боломжийг хүмүүст олгож, дэлхийг өдрөөс өдөрт, жилээс жилд тогтмол эргүүлж, урагшлуулдаг хуулиудыг хариуцдаг. Та нар энэ бүх бодит үнэнийг нүдээр харсан бөгөөд тэдгээрийг өнгөцхөн ч бай, гүн гүнзгий ч бай ойлгодог, хэр гүнзгий ойлгосон чинь үнэний талаарх мэдлэг, туршлага, Бурханы талаарх мэдлэгээс чинь хамаарна. Үнэний бодит байдлыг хэр сайн мэддэг, Бурханы үгийг хэр их туулсан, Бурханы мөн чанар, зан чанарыг хэр сайн мэддэг гээд энэ бүгд Бурханы дээд эрх, зохицуулалтын талаарх чиний ойлголт хэр гүнийг илэрхийлдэг. Бурханы дээд эрх болон зохицуулалтын оршин тогтнол нь хүн тэдгээрт захирагдах эсэхээс хамаардаг уу? Бурханд энэхүү эрх мэдэл байдаг гэсэн бодит үнэн нь хүн төрөлхтөн үүнд захирагдах эсэхээр тодорхойлогддог уу? Бурханы эрх мэдэл нь нөхцөл байдлыг үл харгалзан оршдог. Бүх нөхцөл байдалд Бурхан хүн бүрийн хувь заяа болон бүх зүйлийг Өөрийн бодол, Өөрийн хүслийн дагуу захиран, зохицуулдаг. Хүмүүс өөрчлөгдсөнөөс болж энэ нь өөрчлөгдөхгүй; энэ нь хүний хүслээс хамаарахгүй, цаг хугацаа, орон зай, газар зүйн ямар ч өөрчлөлтөөс болж хувирах боломжгүй, учир нь Бурханы эрх мэдэл бол Түүний үнэн мөн чанар билээ. Хүн Бурханы дээд эрхийг мэдэж, хүлээн зөвшөөрч чадах эсэх, мөн үүнд захирагдаж чадах эсэх нь гээд эдгээр нөхцөлийн аль нь ч хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг өчүүхэн төдий ч өөрчилдөггүй. Өөрөөр хэлбэл, хүн Бурханы дээд эрхийн талаар ямар хандлагатай байх нь хамаагүй, хүний хувь заяа болон бүх зүйлийг захирах дээд эрх Бурханд байдаг гэсэн бодит үнэнийг өөрчилж ердөө чадахгүй. Чи Бурханы дээд эрхэд захирагддаггүй байсан ч гэсэн Тэр чиний хувь заяаг захирч л байдаг; чи Түүний дээд эрхийг мэдэж чадахгүй байсан ч гэсэн Түүний эрх мэдэл оршсоор л байдаг. Бурханы эрх мэдэл болон хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийн бодит үнэн нь хүний хүслээс хамааралгүй бөгөөд хүний эрхэмлэдэг зүйл, сонголтын дагуу өөрчлөгддөггүй. Бурханы эрх мэдэл хаа сайгүй, цаг тутам, агшин бүрд байдаг. Тэнгэр, газар үгүй болно, харин Түүний эрх мэдэл хэзээ ч үгүй болохгүй, учир нь Тэр бол Бурхан Өөрөө, Түүнд цор ганц эрх мэдэл байдаг, мөн Түүний эрх мэдэл хүмүүс, үйл явдал, юмс, орон зай, газар зүйн байршлаар хязгаарлагддаггүй билээ. Бурхан цаг ямагт Өөрийн эрх мэдлийг ашиглаж, Өөрийн сүр хүчийг харуулж, Өөрийн удирдлагын ажлыг үргэлж хийдэг шигээ үргэлжлүүлдэг; үргэлж хийдэг шигээ л Тэр цаг ямагт бүх зүйлийг захирч, хангаж, зохион байгуулдаг. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Энэ бол бодит үнэн; балар эртний үеэс хойш энэ нь өөрчлөгдөшгүй үнэн байсаар ирсэн!

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих