“Сайн нь шагналаа, муу нь шийтгэлээ хүртэнэ” гэж хүмүүс үргэлж хэлдэг, тэгвэл Бурхан яагаад одоо бүх муу хүнийг устгадаггүй юм бэ?

2021-03-13

Холбогдох Библийн эшлэлүүд:

“Тэнгэрийн доорх бүхэн тохиромжит цагтай бөгөөд бүх хэрэг явдал цаг хугацаатай” (Номлогчийн үгс 3:1).

“Ноагийн өдрүүдэд ямар байсан шиг Хүний Хүүгийн өдрүүдэд ч бас тийм байх болно. Ноа бүхээгт орох өдрийг хүртэл тэд идэж, ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан ба үер болж, тэднийг бүгдийг нь устгажээ. Лотын өдрүүдэд ч мөн үүнтэй адил байсан: тэд идэж, ууж, худалдан авч, худалдаж, тарьж, барьж байгуулж байсан. Харин Лотыг Содомоос гарсан тэр өдөр тэнгэрээс гал, хүхэр бууж, тэднийг бүгдийг нь устгав. Хүний Хүү илчлэгдэх өдөр ч гэсэн ийм байх болно” (Лук 17:26–30).

“Учир нь хүний Хүү тэнгэрэлч нарынхаа хамт Эцэгийнхээ алдраар ирнэ; тэгээд Тэр хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу барина” (Матай 16:27).

“Харагтун, Би удахгүй ирнэ; хийсэн үйлдлийнх нь дагуу хүн бүрд өгөхийн тулд Миний шагнал Надад байгаа” (Илчлэл 22:12).

“Учир нь харагтун, зуух мэт шатах өдөр ирлээ; бардам бүх хүн, бас хорон мууг үйлддэг бүх хүн сүрэл шиг болно: ирж буй өдөр тэднийг шатааж, тэднээс үндэс ч, мөчир ч үлдэхгүй… Та нар хорон муу хүмүүсийг гишгэлнэ; учир нь Миний товлосон өдөр тэд та нарын хөлийн улан дор үнс нурам болно хэмээн түмэн цэргийн Ехова айлдлаа” (Малахи 4:1–3).

Холбогдох Бурханы үг:

Бурханы хийдэг бүхэн чамбай төлөвлөгддөг. Тэр ямар нэгэн зүйл, үйл явдал үүсэхийг харахдаа Түүний нүдэнд үүнийг хэмжих стандарт байдаг ба энэ стандарт нь үүнийг шийдэх төлөвлөгөө эхлүүлэх эсэхийг, эсвэл энэ зүйл, үйл явдлыг шийдэхдээ ямар арга барилаар хандахыг нь тодорхойлдог. Тэр бүх зүйлд тоомжиргүй, эсвэл хайхрамжгүй байдаггүй. Үнэндээ бүр эсрэгээрээ байдаг. Бурханы Ноад хэлсэн нэг мөр энд байна: “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлнэ”. Бурхан үүнийг хэлэхдээ Тэр зөвхөн хүмүүсийг устгана гэсэн үү? Үгүй! Бурхан мах цустай амьд бүхнийг устгана гэж хэлсэн. Бурхан яагаад сүйрэл хүссэн бэ? Бурханы зан чанарын бас нэг илэрхийлэл энд байна: Бурханы нүдэнд бол, хүний ялзрал, мах цустай бүхний бузар булай, хүчирхийлэл, дуулгаваргүй байдалд хандах Түүний тэвчээрт хязгаар байдаг. Түүний хязгаар юу вэ? Бурханы хэлснээр: “Бурхан ажиглаж харахад дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв”. “Учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв” гэсэн хэллэг ямар утгатай вэ? Энэ нь Бурханыг дагаж байсан, Бурханы нэрийг дуудсан, Бурханд нэгэнтээ шатаалт тахил өргөсөн, Бурханыг үгээр хүлээн зөвшөөрсөн, бүр Бурханыг магтаж байсан хүмүүсийг оролцуулаад бүх амьд амьтан гэсэн үг—нэгэнт тэдний үйлдэл ялзралаар дүүрч, Бурханы нүдэнд өртсөн тул Тэр тэднийг устгах хэрэгтэй болсон юм. Тэр нь Бурханы хязгаар байлаа. Тэгэхээр хүнийг болон мах цустай бүхний ялзралыг Бурхан ямар хэмжээнд хүртэл тэвчсэн бэ? Бурханыг дагагчид ч бай, эсвэл үл итгэгчид ч бай бүх хүн бүгдээрээ зөв замаар явахаа болих хүртэл нь. Хүн зүгээр нэг ёс суртахууны хувьд ялзарч, ёрын муу бүхнээр дүүрснээр үл барам ертөнцийг Бурхан захирдаг, Бурхан хүмүүст гэрэл гэгээ болон зөв замыг авчирч чадна гэдэгт итгэдэг хүн байтугай, Бурханы оршин тогтнолд итгэдэг хүн байхгүй болох хүртэл нь. Хүн Бурханы оршин тогтнолд зэвүүцэж, Бурханы оршин тогтнолыг зөвшөөрөхгүй болох хүртэл нь. Хүн төрөлхтний ялзрал энэ цэгт хүрэхэд Бурхан цаашид тэвчиж чадахаа больсон. Үүнийг нь юу орлох вэ? Бурханы уур хилэн ба Бурханы шийтгэл. Энэ нь Бурханы зан чанарын илчлэлийн нэг хэсэг биш байсан гэж үү? Одоогийн энэ эрин үед Бурханы нүдэнд зөв шударга хүн бас л бий юу? Бурханы нүдэнд төгс хүн бас л бий юу? Энэ эрин үе нь Бурханы нүдэнд бол, газар дээрх мах цустай бүхний үйлдэл ялзарсан үе мөн үү? Эдүгээ Бурханы бүрэн төгс болгохыг хүсдэг хүмүүсээс, Бурханыг дагаж, Түүний авралыг хүлээн авч чадах хүмүүсээс бусад мах цуснаас бүрдсэн бүх хүн Бурханы тэвчээрийн хязгаарыг сорьж байгаа биш гэж үү? Өдөр бүр энэ ертөнц дээр та нарын хажууд тохиолддог, та нарын нүдээрээ харж, чихээрээ сонсдож, биеэрээ амсдаг бүхэн хүчирхийллээр дүүрэн биш гэж үү? Бурханы үзэхэд, ийм ертөнц, ийм эрин үеийг дуусгавал зохилтой бус уу? Одоогийн эрин үеийн цаад нөхцөл нь Ноагийн үеийн цаад нөхцөл байдлаас огт өөр боловч хүний ялзралд хандах Бурханы мэдрэмж болон уур хилэн нь яг тэр үеийнхтэйгээ адилхан хэвээрээ. Бурхан Өөрийн ажлаас болоод тэвчиж чаддаг боловч бүхий л төрлийн нөхцөл, байдалд бол Бурханы нүдэнд энэ ертөнц аль хэдийн устгагдах ёстой байсан. Нөхцөл байдал нь дэлхийг үерээр устгасан тэр үеийнхээс ч долоон дор байна.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I

Ноагийн цаг үед хүмүүс Бурханы хувьд харж тэвчишгүй байх хэмжээнд идэж уун, гэрлэж, нөхөрт гарч байсан тул Тэрээр хүн төрөлхтнийг утсгахын тулд асар их үер буулган, зөвхөн Ноагийн гэр бүлийн найман хүн болон бүх төрлийн жигүүртэн шувууд, араатан амьтдыг өршөөсөн. Гэхдээ эцсийн өдрүүдэд Бурханы өршөөсөн хүмүүс бол эцсээ хүртэл Түүнд үнэнч байсан бүх хүн юм. Энэ хоёр эрин үе нь Бурханы хувьд харж тэвчишгүй асар их завхралын үе байсан ба хоёр эрин үе дэх хүн төрөлхтөн Бурхан бол өөрсдийнх нь Эзэн гэдгийг үгүйсгэх хэмжээнд маш их завхарсан хэдий ч Бурхан зөвхөн Ноагийн цаг үеийн хүмүүсийг л устгасан билээ. Хоёр эрин үеийн хүн төрөлхтөн Бурханд асар их уй гашуу учруулсан ч Бурхан эцсийн өдрүүдийн хүмүүст өдийг хүртэл тэвчээртэй хандсан. Яагаад тэр вэ? Та нар үүнд гайхаж байгаагүй гэж үү? Хэрвээ та нар үнэхээр мэдэхгүй байгаа бол Би хэлээд өгье. Бурхан эцсийн өдрүүдэд хүмүүст нигүүлсэл хайрлаж чаддагийн учир нь хүмүүс Ноагийн цаг үеийн хүмүүсээс бага завхарснаас, эсхүл тэд Бурханд гэмшлээ харуулснаас болоогүй, эцсийн өдрүүдийн технологи маш их хөгжсөн болохоор Бурхан түүнийг нь устгаж чадахгүй байгаагаас бүр ч болоогүй. Харин ч Бурхан эцсийн өдрүүд дэх бүлэг хүмүүст ажлаа хийх ёстой ба Бурхан Өөрөө бие махбодтой болоод ажлаа хийхийг хүсдэг. Түүнчлэн Бурхан энэ бүлгийн нэг хэсгийг авралынхаа бай, удирдлагын төлөвлөгөөнийхөө үр жимс болгохоор сонгож, энэ хүмүүсийг дараачийн эрин үед аваачихыг хүсдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?

Уур хилэнгийн өдөр хараахан ирээгүй байгаа учраас өнөөдөр тэд юу ч хийлээ гэсэн, Бурханы удирдлагад саад болоогүй, Бурханы шинэ ажилтай ямар ч хамаагүй байгаа тохиолдолд тийм хүмүүс харгалзах залхаан цээрлүүлэлтэд өртөхгүй. Бурхан аль хэдийн харьцчихсан байх ёстой гэж хүмүүсийн итгэдэг зүйл их байдаг бөгөөд тэрхүү мууг үйлдэгчид аль болох хурдан залхаан цээрлүүлэлтэд өртөх ёстой гэж тэд боддог. Гэхдээ Бурханы удирдлагын ажил хараахан төгсгөлдөө очоогүй, уур хилэнгийн өдөр арай ирээгүй байгаа учраас зөв шударга бус хүмүүс шударга бус үйлээ үргэлжлүүлэн хийсээр байна… Одоо үе бол хүнийг шийтгэх цаг биш бөгөөд Бурханы удирдлагад хохирол учруулах хүмүүс байхгүй бол байлдан дагуулалтын ажлыг явуулах цаг юм, харин байгаа тохиолдолд тэд хийсэн үйлдлийнхээ ноцтой байдалд үндэслэн шийтгэл хүртэх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт

Хүн дээр хийдэг Бурханы ажлын зорилго нь тэдэнд Бурханы хүслийг хангалуун болгох боломж олгохын төлөө байдаг бөгөөд тэдэнд аврал авчрахын тулд хийгддэг. Тиймээс хүнийг аврах хугацаандаа Тэр хүнийг шийтгэх ажил хийдэггүй. Хүнд аврал авчрах хугацаандаа Бурхан мууг шийтгэж, сайныг шагнадаггүй, мөн бүх төрлийн хүмүүсийн хүрэх газрыг ч илчилдэггүй. Харин ч Өөрийнх нь ажлын эцсийн үе шат гүйцэлдсэний дараа л мууг шийтгэж, сайныг шагнах ажлыг хийх бөгөөд тэр үед л төрөл бүрийн хүмүүсийн төгсгөлийг илчилнэ. Шийтгүүлдэг хүмүүс нь үнэндээ аврагдаж чадахгүй хүмүүс байдаг байхад аврагддаг хүмүүс нь хүнийг аврах авралынх нь хугацаанд Бурханы авралыг хүртсэн хүмүүс байх болно. Бурханы авралын ажил явагдаж байх зуур аврагдаж чадах хүн нэг бүр боломжит дээд хэмжээгээр аврагдах бөгөөд нэг нь ч хаягдахгүй, учир нь Бурханы ажлын зорилго хүнийг аврахын төлөө байдаг. Бурхан хүнийг аврах хугацаанд зан чанартаа өөрчлөлт гаргаж чаддаггүй бүх хүн, түүнчлэн Бурханд бүрэн захирагдаж чаддаггүй бүх хүн шийтгэлийн бай болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой

Ийнхүү ангилмагцаа тэднийг тэр даруй шийтгэж, шагнадаггүй; харин Бурхан эцсийн өдрүүд дэх байлдан дагуулалтын ажлаа хийж дууссаныхаа дараа л мууг шийтгэх, сайныг шагнах ажлаа гүйцэтгэнэ. Үнэндээ Тэрээр хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг гүйцэтгэж эхэлснээсээ хойш хүмүүсийг сайн муугаар нь ангилсаар ирсэн. Гэхдээ Өөрийнх нь ажил дууссаны дараа л Тэрээр зөв шударга хүмүүсийг шагнаж, хорон мууг шийтгэнэ; ажлаа дуусгаад Тэр тэднийг ангилж, дараа нь мууг шийтгэж, сайныг шагнах ажлаа нэн даруй эхэлдэг юм биш. Мууг шийтгэж, сайныг шагнах Бурханы эцсийн ажлын ар дахь бүхий л зорилго нь бүх хүнийг бүрмөсөн ариусгах явдал юм, ингэснээр Тэр цэвэр ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат хамгийн чухал; энэ нь Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ. Хэрвээ Бурхан хорон мууг устгалгүй үлдээсэн бол бүх хүн амралтад орж чадахгүй хэвээр байх байсан бөгөөд Бурхан бүх хүн төрөлхтнийг илүү сайхан ертөнцөд аваачиж чадахгүй байх байлаа. Ийм ажил нь бүрэн гүйцэд биш юм. Бурханы ажил дуусах үед бүх хүн төрөлхтөн бүхэлдээ ариун болно; ийм маягаар л Бурхан амралтад санаа амар амьдарч чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих