Завхарсан хүн төрөлхтөн удирдлагыг гартаа авснаас гарах аюул, үр дагавар
Холбогдох Бурханы үг:
Хүн төрөлхтөн нийгмийн шинжлэх ухааныг үүсгэсэн цагаас хойш хүний оюун санаа шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Тэгээд шинжлэх ухаан, мэдлэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон ба хүнд Бурханыг шүтэн мөргөх орон зай хангалттай байхаа больж, Бурханыг шүтэн мөргөх таатай нөхцөл үгүй болсон. Хүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь улам доошилжээ. Зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй болохоор хүний дотоод ертөнц харанхуй, итгэл найдваргүй агаад хоосон. Иймээс ч хүн төрөлхтний оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд, Бурхан хүнийг бүтээсэн гэх үнэнтэй зөрчилддөг нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг илэрхийлэхээр нийгмийн ухааны эрдэмтэн, түүхч, улс төрчид олноор гарч ирсэн билээ. Ийнхүү Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг хүмүүс ихэд цөөрч, хувьслын онолд итгэгчдийн тоо бүр олширсон. Бурханы ажлын тухай тэмдэглэл, Хуучин гэрээний үеийн Түүний үгийг улам олон хүн үлгэр, домог мэтээр үздэг болсон. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, Бурхан оршдог бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэдэг итгэл үнэмшлийг хайхрахаа байсан. Хүн төрөлхтний үхэх сэхэх, улс, үндэстний хувь заяа ч тэдэнд чухал биш болсон. Хүн идэж, уух, зугаа цэнгэл хөөцөлдөхийг л боддог хоосон ертөнцөд амьдардаг… Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайх, эсвэл Тэр хүний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байдгийг хайх санаачилга гаргадаг хүн цөөхөн байдаг. Ийм маягаар хүнийг анзаараа ч үгүй байхад хүн төрөлхтний соёл иргэншил улам л хүний хүсэлд нийцэхээргүй болж байгаа бөгөөд бүр ч олон хүн ийм ертөнцөд амьдарснаараа аль хэдийн өнгөрөн одсон хүмүүсээс ч дор аз жаргалгүй байгаагаа мэдрэх болжээ. Урьд нь өндөр соёл иргэншилтэй байсан орнуудын хүмүүс хүртэл ийм гомдол тоочиж байна. Учир нь, Бурхан залж чиглүүлэхгүй л бол хүн төрөлхтний соёл иргэншлийг хадгалж үлдэхийн тулд эрх баригчид, нийгэм судлаач нар тархиа хэчнээн их гашилгавч тусыг эс олно. Хэн ч хүний амь байж чадахгүй учраас хэн ч хүний зүрх сэтгэл дэх хоосныг дүүргэж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүнийг зовоож буй хоосон байдлаас нь салгаж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, амралт, тав тух гэх мэт эдгээр зүйл хүнд зөвхөн түрхэн зуурын тайтгарал өгдөг. Эдгээр зүйл байсан ч хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосоор байх болно. Эдгээр зүйл хүний эрэл хайгуул хийх хүсэл, хорхойслыг барьж чадахгүй. Учир нь хүнийг Бурхан бүтээсэн бөгөөд утга учиргүй золиос, эрэл хайгуул нь хүнийг илүү их гуниг зовлон руу л хөтөлж, хүн төрөлхтний ирээдүй эсвэл угтах замтай хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй байнгын айдастай оршин байхад хүргэдэг юм. Тэр ч бүү хэл, хүн шинжлэх ухаан, мэдлэгээс эмээдэг, хоосон мэдрэмжээс бүр ч их айдаг болно. Энэ дэлхийд, эрх чөлөөтэй оронд байна уу, эсвэл хүний эрх үгүй оронд амьдарч байна уу гэдгээс үл хамааран чи хүн төрөлхтний хувь заяанаас зугтаж огтхон ч чадахгүй. Чи захирагч, захирагдагчийн аль нь ч бай, хүн төрөлхтний хувь заяа, нууц, хүрэх газрыг судалж шинжлэх хүслээс зугтаж огтхон ч чадахгүй, хоосон байдлын толгой эргэм мэдрэмжээс зугтаж бүр ч чадахгүй. Бүх хүн төрөлхтөнд нийтлэг байдаг ийм үзэгдлийг нийгэм судлаачид нийгмийн үзэгдэл гэж нэрлэдэг хэдий ч ийм асуудлыг шийдвэрлэхээр гарч ирж чадах агуу хүн алга л байна. Эцсийн эцэст хүн бол хүн бөгөөд Бурханы байр суурь болон амийг ямар ч хүн орлож чадахгүй. Хүн төрөлхтөнд, зүгээр нэг хүн бүр цатгалан, эрх тэгш, чөлөөтэй байх шударга нийгэм шаардлагатай байгаа юм биш; хүн төрөлхтөнд хэрэгтэй байгаа зүйл бол Бурханы аврал болон Түүний өгдөг амийн хангалт юм. Бурханы аврал болон Түүний амийн хангалтыг хүртэж байж л хүний хэрэгцээ, эрж хайх хүсэл, сүнсний хоосон мэдрэмж нь шийдэгдэж чаддаг. Хэрвээ улс, үндэстний хүмүүс Бурханы аврал, халамжийг хүлээн авч чадахгүй бол тэр улс, үндэстэн сүйрлийн замаар харанхуй руу алхаж, Бурханаар устгагдах болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг
Танай улс эдүгээ дээшлэн дэвжиж байж магадгүй ч чи өөрийн ард түмэнд Бурханаас төөрч холдохыг зөвшөөрвөл улс чинь Бурханы ерөөлийг улам л алдаж байгаагаа харна. Улсын чинь соёл иргэншил улам бүр хөл доор гишгэгдэж, тун удалгүй хүмүүс Бурханы эсрэг босож, Тэнгэрийг хараах болно. Тэгээд улс орны хувь заяа нэг мэдэхэд сүйрнэ. Бурханд хараагдсан тэдгээр улсад арга хэмжээ авахын тулд Бурхан хүчирхэг улсуудыг бий болгох ба тэднийг бүр газрын хөрснөөс арчиж ч магадгүй. Нэг улс, үндэстний мандаж, доройтох нь тухайн орны удирдагчид Бурханыг шүтэн мөргөдөг эсэхээс, ард иргэдээ Бурханд илүү ойр, Түүнд шүтэн мөргөдөг болгоход залдаг эсэхээс хамаардаг. Гэвч өнөөгийн энэ сүүлчийн эринд Бурханыг шүтдэг, Түүнийг жинхэнээсээ хайдаг хүмүүс улам цөөрсөн учраас Христийн шашныг улсынхаа шашин болгосон орнуудад Бурхан онцгой ивээл хайрладаг. Тэрээр дэлхийн харьцангуй зөв шударга хүрээг байгуулахын тулд тэдгээр улсыг нэгтгэдэг байхад харин бурхангүй үзэлтэй юм уу жинхэнэ Бурханыг шүтэн мөргөдөггүй орнууд зөв шударга хүрээний дайснууд болдог. Ийм маягаар, Бурхан хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг явуулах газартай болоод зогсохгүй, мөн Бурханыг эсэргүүцдэг улс оронд хориг, хязгаарлалт тавихын тулд зөв шударга эрх мэдлийг хэрэгжүүлж чадах улс орныг олж авдаг. Гэвч тэглээ гээд илүү олон хүн Бурханыг шүтэн мөргөхөөр ирэхгүй л байна. Яагаад гэвэл, хүн Бурханаас хэтэрхий холдчихсон бөгөөд хүн Бурханыг мартаад дэндүү удаж байгаа юм. Зөв шударга байдлыг хэрэгжүүлж, зөв шударга бус байдлаас татгалздаг тийм орнууд л газар дэлхий дээр үлддэг. Гэвч энэ нь Бурханы хүслээс хол байдаг, учир нь ямар ч орны удирдагчид ард иргэдийг нь Бурхан захирахыг зөвшөөрөхгүй, ямар ч улс төрийн нам Бурханд шүтэн мөргөхийн тулд хүмүүсээ цуглуулахгүй; Бурхан улс орон, үндэстэн, эрх баригч нам бүрийн, тэр ч бүү хэл хүн бүрийн зүрхэнд эзлэх зүй ёсны байраа алдчихсан. Энэ дэлхий дээр зөв шударга хүчнүүд оршдог хэдий ч хүний зүрх сэтгэлд Бурханд эзлэх орон зай байдаггүй засаглал бол хэврэг юм. Бурханы ерөөлгүйгээр улс төрийн талбар эмх замбараагаа алдаж, дайралтад эмзэг болно. Хүн төрөлхтний хувьд, Бурханы ерөөлгүйгээр байна гэдэг нарны гэрэлгүйгээр байхтай адилхан. Улс гүрний удирдагчид хүмүүсийнхээ төлөө хэчнээн их чармайж ажиллаа гээд, хэчнээн олон зөв шударга хурал зөвлөгөөн хийлээ гээд, аль аль нь юуг ч эргүүлж, эсвэл хүний хувь заяаг өөрчилж чадахгүй. Ард иргэд нь хоол унд, хувцас хунартай, хамтдаа энх амгалан суудаг улсыг сайн улс, сайн удирдагчидтай гэж хүмүүс боддог. Гэвч Бурхан тэгж боддоггүй. Өөрийг нь нэг ч хүн шүтэн мөргөдөггүй улс орон бол Өөрийнх нь устгах улс мөн гэж Тэр итгэдэг. Хүний санал бодол Бурханыхаас дэндүү их зөрдөг. Тиймээс хэрвээ улсын тэргүүн нь Бурханыг шүтэн мөргөдөггүй бол уг улсын хувь заяа эмгэнэлтэй болох бөгөөд тэр улс ямар ч хүрэх газаргүй байх болно.
Бурхан хүн төрөлхтний улс төрийн хэрэгт оролцдоггүй боловч улс, үндэстний хувь заяаг удирддаг. Бурхан энэ дэлхийг, бүхэл орчлон ертөнцийг удирддаг. Хүний хувь заяа, Бурханы төлөвлөгөө нь нарийн уялдаа холбоотой бөгөөд ямар ч хүн, улс, эсвэл үндэстэн Бурханы дээд эрхээс ангид байдаггүй. Хэрвээ хүн өөрийнхөө хувь заяаг мэдэхийг хүсвэл Бурханы өмнө ирэх ёстой. Бурхан Өөрийг нь дагаж, шүтэн мөргөдөг хүмүүсийг өөд нь татах ба эсэргүүцэж, голдог хүмүүст доройтол, мөхөл авчирна.
Библид өгүүлсэн Бурхан Содомыг сүйрүүлсэн явдлыг санаж, Лотын эхнэр хэрхэн давсан багана болсныг бод. Ниневегийн хүмүүс хэрхэн үнс, тааран дотор нүглээ гэмшсэнийг эргээд бод, 2,000 жилийн өмнө иудейчүүд Есүсийг загалмайд цовдолсны дараа тэдэнд юу тохиолдсоныг сана. Иудейчүүд Израилиас хөөгдөж, дэлхий дахины улсууд руу зугтсан билээ. Олонх нь хөнөөгдөж, Иудей үндэстэн бүхэлдээ урьд хожид байгаагүй сүйрэл амссан. Тэд Бурханыг загалмайд цовдолж, жигшүүрт нүгэл үйлдэж, Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн. Тэд хийсэн хэргийнхээ төлөөсийг төлж, өөрсдийнхөө үйлдлийн үр дагаврыг үүрэх болсон. Тэд Бурханыг яллаж, голсон, иймээс тэдэнд Бурханаар шийтгүүлэх хувь заяа л үлдсэн юм. Энэ бол удирдагчдынх нь ард түмэндээ авчирсан гашуун үр дагавар, гамшиг билээ.
Өнөөдөр, Бурхан Өөрийн ажлыг хийхээр дэлхийд эргэж ирсэн. Түүний эхний зогсоол бол дарангуйлагч удирдагчид асар олуулаа цугларсан газар: Хятад, бурхангүй үзлийн бат бэх цайз юм. Бурхан Өөрийн мэргэн ухаан, хүч чадлаар бүлэг хүмүүсийг олж авсан. Энэ хугацаанд Хятадын эрх баригч нам Түүнийг бүх аргаар мөшгөн хөөж, асар их зовлон амсуулан толгой тавьж амрах газар, орох оронгүй болгосон. Тэгсэн ч гэсэн Бурхан хийхээр зорьсон ажлаа хийсээр байна: Тэр Өөрийн дуу хоолойг хүргэхээр айлдаж, сайн мэдээ түгээж байна. Бурханы төгс хүчийг хэн ч төсөөлж чадахгүй. Хятадад буюу Бурханыг дайсан гэж үздэг улсад Бурхан Өөрийнхөө ажлыг хэзээ ч зогсоогоогүй. Харин ч илүү олон хүн Бурханы ажил ба үгийг хүлээн авсан, учир нь Бурхан хүн төрөлхтний гишүүн нэг бүрийг аврахын тулд чадах бүхнээ хийдэг. Ямар ч орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлийн замд саад болж чадахгүй гэдэгт бид итгэдэг. Бурханы ажилд саад хийдэг, Бурханы үгийг эсэргүүцдэг, Бурханы төлөвлөгөөг үймүүлж, сүйтгэдэг хүмүүс эцэстээ Бурханаар шийтгүүлнэ. Бурханы ажлыг эсэргүүцдэг хүн там руу илгээгдэнэ; Бурханы ажлыг сөрдөг ямар ч улс устгагдана; Бурханы ажлыг эсэргүүцэхээр бослого гаргадаг ямар ч үндэстэн газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг
Хэдэн мянган жилийн турш үргэлжилсэн эртний соёл болон түүхийн тухай мэдлэг нь хүний сэтгэлгээ, үзэл болон оюун санааны төлвийг нэвтэршгүй, задаршгүй1 болтол маш ягштал чанга битүүмжилсэн юм. Хүн тамын арван найм дахь хүрээнд амьдарч, тэндээ яг л газар доорх гяндан руу Бурханаар цөлөгдөөд хэзээ ч гэрэл хардаггүй мэт, мөн феодалын сэтгэлгээ нь хүнийг маш их дарангуйлсан болохоор арайхийн амьсгалж, амьсгал нь боогдож байгаа мэт байдаг. Үүнийг эсэргүүцэх өчүүхэн ч хүч тэдэнд байдаггүй; тэд дуугүйхэн тэвчихээс өөрийг хийдэггүй… Хэн ч, хэзээ ч зөв шударга байдал, шударга ёсны төлөө тэмцэж, эсвэл өндийн босож зүрхлээгүй; хүмүүс өдрөөс өдөрт, жилээс жилд феодал эздийн цохилт, хүчирхийлэл доор амьтныхаас дор амьдралаар амьдардаг. Хүний ертөнцөд аз жаргал эдлэхийн тулд Бурханыг эрж хайя гэж хүн хэзээ ч бодоогүй. Хүн гандаж, хатаад, шаргалтан унаж буй намрын навчис шиг болтлоо зодуулсан мэт байдаг. Хүн ой санамжаа хэдийнээ алдаж, хүний ертөнц гээч тамд арга мөхөстөн амьдарч, энэхүү тамтайгаа хамт мөхөхийн тулд эцсийн өдөр ирэхийг хүлээн, хүсэн эрмэлздэг эцсийн өдөр нь амар амгаланг эдлэх өдөр нь мэт байдаг. Феодалын ёс зүй хүний амьдралыг “Үхэгсдийн орон” руу аваачиж, улмаар хүний эсэргүүцэх чадварыг сулруулжээ. Төрөл бүрийн дарангуйлал нь хүнийг алхам алхмаар Үхэгсдийн орон руу илүү гүн унагаж, Бурханаас улам холдуулснаар өнөөдөр хүн Бурханыг огт танихгүй болсон бөгөөд тааралдах үедээ Бурханаас зайлсхийхээр яаравчилдаг. Хүн урьд нь Түүнийг хэзээ ч мэддэг байгаагүй мэт, мөн хэзээ ч харж байгаагүй мэт Түүнийг анхаардаггүй ба нэг талд ганцааранг нь орхидог… Эртний соёлын талаарх мэдлэг нь хүнийг Бурханы өмнөөс сэмхэн хулгайлж, диаволуудын хаан болон түүний үр удамд өгсөн. Дөрвөн Ном ба Таван Сонгодогa нь хүний сэтгэлгээ болон үзлийг өөр нэг тэрслүү эрин үе рүү аваачиж, Ном/Сонгодог зохиолыг эмхэтгэсэн хүмүүсийг урьдынхаасаа бүр их бишрэхэд хүнийг хүргэж, улмаар Бурханы талаарх эндүү ташаа үзлийг нь улам нэмэгдүүлсэн юм. Хүнд мэдэгдэлгүйгээр диаволуудын хаан Бурханыг хүний зүрх сэтгэлээс хайр найргүйгээр хөөгөөд, дараа нь өөрөө хүний сэтгэлийг баяр хөөртэйгээр эзэмджээ. Тэр үеэс хойш хүн муухай, хорон муу сэтгэлтэй, диаволын хааны царай төрхтэй болсон юм. Бурханд хандах үзэн ядалт тэдний цээжийг дүүргэсэн ба диаволуудын хааны хорон санаа нь хүнийг бүрэн автах хүртэл өдрөөс өдөрт дотор нь тархдаг. Хүн өчүүхэн төдий ч эрх чөлөөтэй байхаа больж, диаволуудын хааны урхинаас ангижрах аргагүй байлаа. Хүн тэр дороо баривчлагдан, түүний өмнө бууж өгч, хүлцэнгүйгээр унахаас өөр сонголтгүй болжээ. Аль эрт хүний сэтгэл, зүрх нялх балчир хэвээр байх үед диаволуудын хаан бурхангүй үзлийн хавдрын үрийг суулгаж, “шинжлэх ухаан, технологийг судалж, Дөрвөн Шинэчлэлтийг биелүүл, дэлхий дээр Бурхан гэгч зүйл үгүй” гэх мэт төөрөгдлийг хүнд заасан. Түүгээр ч зогсохгүй, “Үйлдвэрлэлийн ажил хөдөлмөртөө түшиглэн сайхан эх орныг бүтээцгээе” хэмээн боломж олдох бүрд хашхирч, улс орныхоо төлөө үнэнчээр зүтгэхийн тулд бага наснаасаа эхлээд бэлдэхийг хүн нэг бүрээс шаарддаг. Хүн өөрийн эрхгүй түүний өмнө хүргэгдсэн бөгөөд тэр эргэлзэлгүйгээр бүх гавьяаг нь (бүх хүн төрөлхтнийг гартаа барьж байдаг Бурханд харьяалагдах гавьяаг гэсэн үг) өөртөө авсан. Түүнд ичих мэдрэмж хэзээ ч байгаагүй. Түүнчлэн, энэ нь Бурханы ардыг ичгүүр сонжуургүйгээр булаан авч, гэр лүүгээ буцаан чирээд, ширээн дээр хулгана шиг үсрэн гарч, хүнээр өөрийгөө Бурхан мэт шүтүүлсэн. Тийм цөхөрсөн амьтан! Энэ нь: “Дэлхий дээр Бурхан гэгч зүйл байхгүй. Салхи байгалийн хуулийн дагуу хувирлаас үүсэн гардаг; ус ууршиж, хүйтэн агаарт гарах үедээ конденсацлагдан, газар дээр бороо болон дусалдаг; газар хөдлөлт бол геологийн өөрчлөлтөөс үүдэн газрын гадарга чичрэх явдал юм; нарны гадаргуу дээрх цөмийн дэлбэрэлтээс болж үүссэн агаарын хуурайшлын улмаас ган гачиг болдог. Эдгээр нь бүгд байгалийн үзэгдэл. Хаана нь Бурханы үйл хэрэг байгаа юм бэ?” гэх мэт цочирдмоор хов жив хашхирдаг. Тэр ч бүү хэл, дараахтай адил ичгүүргүй үг хэллэг хашхирдаг хүмүүс ч бий: “Хүн эрт цагт бичнээс хувьсаж бий болсон ба өнөөдрийн дэлхий ертөнц ойролцоогоор олон зуун жилийн тэртээх хүй нэгдлийн нийгмээс залгамжлан бий болсон. Улс орон хөгжин цэцэглэж, уруудан доройтох эсэх нь бүхэлдээ ард түмнийх нь гарт байдаг”. Ардуур нь, диаволын хаан өөрийгөө тахиулж, шүтүүлэхийн тулд хүнээр өөрийгөө ханан дээр өлгүүлэх юм уу ширээн дээр тавиулдаг. “Ямар ч Бурхан байдаггүй” хэмээн хашгирахын зэрэгцээ энэ нь өөрийгөө Бурхан болгон тавьж, Бурханыг газар дэлхийн зах хязгаараас цааш бүдүүлгээр түлхэх зуураа Бурханы оронд зогсож, диаволуудын хааны үүрэг гүйцэтгэдэг. Үнэхээр эрүүл ухаангүй! Энэ нь хүнийг, өөрийг нь голдоо ортол үзэн ядахад хүргэдэг. Бурхан, тэр хоёр заналт дайснууд бөгөөд зэрэгцэн оршиж чадахгүй мэт санагддаг. Энэ нь хуулиас гадуур, эрх чөлөөтэй хэрэн хэсэх2 зуураа Бурханыг хөөн зайлуулах арга сийлж байдаг. Үнэхээр диаволуудын хаан! Бид үүний оршин тогтнолыг яаж тэвчиж болох юм бэ? Энэ нь Бурханы ажлыг үймүүлж, бүрэн эмх замбараагүй3 болгож орхих хүртлээ амрахгүй бөгөөд эцсээ хүртэл, үхэх сэхэхээ үзэн Бурханыг эсэргүүцэхийг хүсэж байгаа мэт, Бурханыг зориуд сөргөж, улам ойртон давшилдаг. Жигшүүрт царай хэдийнээ бүрэн ил болсноор энэ нь одоо гэмтэж, навсайсан4 хүнд бэрх байдалд орсон ч Бурханыг үзэн ядах нь багасалгүй, ганцхан үмхэлтээр Бурханыг залгиснаар л зүрх сэтгэлдээ хураасан үзэн ядалтаа арилгаж чадах юм шиг байдаг. Бурханы энэхүү дайсныг бид яахан тэвчиж чадах билээ! Үүнийг үндсээр нь устгаж, бүрэн сөнөөж байж л амьдралын маань хүсэл биелнэ. Галзуурсан мэт явахыг нь яаж зөвшөөрч болох юм бэ? Хүн тэнгэрнарыг мэддэггүй, үхээнц, мэдрэлгүй болох хүртэл энэ нь хүнийг завхруулсан юм. Хүн хэвийн хүний эрүүл ухааныг алдсан. Ирээдүйн төлөөх бүх санаа зовнилыг арилгаж, Бурханы ажлыг урьд өмнө үзэгдээгүй сүр жавхланд хурдхан хүргэхийн тулд үүнийг устгаж, шатаахад бүхий л оршихуйгаа зориулж яагаад болохгүй гэж? Энэ өөдгүй бүлэг этгээд хүний ертөнцөд ирж, үймээн самуун үүсгэсэн. Тэд бүх хүнийг ангалын ирмэгт аваачиж, тэднийг доош түлхэн хэдэн хэсэг болгоод, дараа нь цогцсыг нь залгихаар нууцхан төлөвлөсөн. Тэд Бурханы төлөвлөгөөг нураахаар дэмий найдаж, Бурхантай тэмцэлдэн, эрсдэлтэй бооцоонд бүхнээ тавьдаг5. Энэ нь яавч амархан биш! Эцсийн эцэст, хамгийн жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн диаволын хаанд зориулсан загалмай бэлтгэгдчихсэн. Бурхан загалмайд харьяалагддаггүй. Тэрээр үүнийг диавол руу аль хэдийн шидчихсэн. Бурхан аль эрт ялгууснаар гарч ирээд, хүн төрөлхтний нүгэлд харамсан гашуудахаа больсон боловч бүх хүн төрөлхтөнд аврал авчирна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 7
Хэдэн мянган жилийн завхралын дараа хүн хөшүүн, мулгуу болжээ; Бурханд тэрслүү байдал нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэж, хүн өөрөө ч тэрслүү үйлдлүүдээ бүгдийг нь өчиж барахааргүй хэмжээнд тултлаа Бурханыг эсэргүүцдэг чөтгөр болсон юм. Учир нь Сатан хүнийг гүн завхруулж, хаашаа эргэхээ мэдэхгүй болтол нь төөрүүлсэн. Хүн өнөөдөр ч Бурханаас урвасаар байна: Бурханыг хараад ч урвадаг, Бурханыг харж чадахгүй байхдаа ч мөн л урвадаг. Бурханы хараал, уур хилэнг нүдээр үзсэнийхээ дараа ч гэсэн Түүнээс урвадаг хүмүүс хүртэл бий. Иймээс хүний эрүүл ухааны анхдагч чиг үүрэг нь алдагдаж, мөс чанарынх нь анхдагч чиг үүрэг ч алдагдсан гэж Би хэлнэ. Хүнийг Би хүний арьс нөмөрсөн араатан, хорт могой гэж хардаг, Миний нүдний өмнө хэчнээн өрөвдөлтэй харагдах гэж хичээлээ ч Би түүнд хэзээ ч өршөөнгүй хандахгүй, учир нь хүн хар цагаан, үнэн ба үнэн бишийн ялгааг мэддэггүй. Хүний эрүүл ухаан маш хөшүүн, гэсэн ч тэр ерөөл олж авахыг хүсдэг; хүн чанар нь маш олиггүй атлаа хааны дээд эрхтэй байхыг хүсдэг. Ийм эрүүл ухаантай байж тэр хэний хаан байж чадах юм бэ? Тийм хүн чанартай байж тэр хэрхэн сэнтийд суух юм бэ? Хүн үнэхээр ичгүүргүй! Ихэрхүү зантай өөдгүй амьтан! Ерөөл олж авахыг хүсдэг хүмүүст гэж хэлэхэд, та нар эхлээд толь олоод өөрсдийнхөө муухай дүрийг хар гэж Би зөвлөх байна—хаан болоход хэрэгтэй бүхэн чамд бий юу? Ерөөл хүртэж чадах хүний царай чамд байна уу? Зан чанарт чинь өчүүхэн төдий ч өөрчлөлт гараагүй, ямар ч үнэнийг хэрэгжүүлээгүй атлаа чи гайхалтай маргаашийг хүсэж л суудаг. Чи өөрийгөө мэхэлж байна! Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлж ирсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, “дээд боловсролын байгууллага”-д суралцаж ирсэн. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, амьдралыг харах тааруухан үзэл, амьдралын жигшүүрт гүн ухаан, ямар ч хэрэггүй оршин тогтнол, амьдралын дорд хэв маяг, зуршил—энэ бүгд нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь муутгаж, ноцтой доройтуулдаг. Ингэснээр хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон. Хүний зан чанар өдөр ирэх тусам улам харгис болж, Бурханы төлөө юугаа ч орхиход бэлэн, Бурханыг дуртайяа дуулгавартай дагах, цаашлаад Бурханы илрэлтийг сайн дураараа эрж хайх хүн ганц ч үгүй болсон. Харин ч хүн Сатаны эзэмшил дор зугаа цэнгэл хөөцөлдөхөөс өөр юу ч хийдэггүй, намаг балчигтай газарт махан биеийн завхралд өөрийгөө тушаадаг. Харанхуйд амьдардаг тэр хүмүүс үнэнийг сонссон хэдий ч хэрэгжүүлье гэж боддоггүй, Бурханы илрэлтийг харсан ч гэсэн Түүнийг эрж хайх сонирхолгүй байдаг. Ингэж их доройтсон хүн төрөлхтөнд аврагдах боломж яаж байх юм бэ? Ингэж их уналтад орсон хүн төрөлхтөн гэрэлд амьдарч яаж чадах юм бэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг
Хүн төрөлхтөн Миний дайсан. Хүн төрөлхтөн бол Надтай сөргөлдөж, дуулгаваргүй байдаг ёрын муу нэгэн. Хүн төрөлхтөн бол чухамдаа Миний хараасан ёрын муу нэгний үр удам. Хүн төрөлхтөн бол чухамдаа Надаас урвасан тэргүүн тэнгэрэлчийн хойч үе. Хүн төрөлхтөн бол үнэндээ аль эрт Надад гологдсоноосоо хойш эвлэршгүй дайсан минь болсон диаволын залгамж халаа. Бүх хүн төрөлхтний дээр тэнгэр бүрхэн харанхуйлж, огтхон ч цэлмэх шинжгүй байх агаад хүний ертөнц түнэр харанхуйд автаж, улмаар тэнд амьдарч байгаа хүн нүднийхээ өмнө сунгасан гараа ч тэр, толгой өнгийлгөх үедээ нарыг ч олж харж чадахгүй байх ажээ. Хөл доорх зам нь шалбаагтай, хотгор хонхортой, тахир мурий нугачаатай; газар тэр аяараа хүүр цогцсоор бүрхээстэй. Харанхуй булан үхэгсдийн хүүрээр дүүрч, сэрүүхэн, сүүдэртэй буланд чөтгөр бөөнөөрөө үүрлэжээ. Хүний ертөнцийн хаа сайгүй чөтгөрүүд сүрэглэн ирж буцна. Элдэв янзын араатны үр сад бузар буртагт баригдчихаад ширүүн тулаанд орж, үүний дуу чимээ нь зүрхэнд айдас хуруулна. Ийм цаг үед, ийм дэлхий ертөнц, “газрын диваажинд” амьдралын жаргал цэнгэлийг эрж хайхын тулд хүн хаачдаг вэ? Амьдралын хүрэх газраа олохын тулд хаачих вэ? Сатаны хөлд эртнээс дэвслүүлсэн хүн төрөлхтөн анхнаасаа л Сатаны дүрд орсон жүжигчин байсан—хамгийн гол нь хүн төрөлхтөн Сатаны биелэл бөгөөд Сатанд гэрчлэл хийгч нотолгооны үүрэг гүйцэтгэдэг нь тов тодорхой. Ийм хүн төрөлхтөн, гажуудсан бөөн шаар шавхруу, хүний энэ завхарсан гэр бүлийн үр удам Бурханд гэрчлэл хийж яахан чадах билээ? Миний суу алдар хаанаас ирдэг вэ? Миний гэрчлэлийг хүн хаанаас нь ярьж эхэлж болох вэ? Учир нь хүн төрөлхтнийг аль эрт завхруулсан Миний дайсан, эрт үед бүтээж алдар суу, амьдран харуулалтаараа дүүргэсэн хүмүүсийг минь аль эрт авч бузарлачхаад Миний эсрэг зогсож байна. Алдар сууг минь булааж, Сатаны муу муухай, мөн сайн, мууг мэдүүлэгч модны жимсний шүүсийг ихэд хольсон хорыг л хүнд шингээжээ. Анх Би хүн төрөлхтнийг бүтээсэн; хүн төрөлхтний өвөг дээдэс Адамыг бүтээсэн. Түүнд бие хаа, дүр төрх заяагдаж, тэрээр ид хав, амин чанараар бялхаж, Бурханы алдар суу түүнийг дагалдсан билээ. Бурхан хүнийг бүтээсэн алдар суут өдөр энэ байлаа. Дараа нь Адамын биеэс Еваг бүтээсэн нь мөн л хүний өвөг дээдэс байсан, улмаар бүтээсэн хүмүүс минь Миний амьсгалаар дүүрч, суу алдраар минь бялхаж байсан билээ. Адам анх гараас минь мэндэлсэн бөгөөд Миний дүрийн төлөөлөл байсан юм. Иймээс “Адам” гэдэг нь анхандаа Миний амин эрч хүч, алдар сууг шингээсэн, бие, дүртэй, сүнс болон амьсгалтай, Миний бүтээсэн оршихуй хэмээх утгатай байв. Тэр Намайг төлөөлж, Миний дүрийг авч, амьсгалыг минь хүртэх чадвартай, сүнс бүхий цорын ганц бүтээгдсэн зүйл байсан юм. Эхэндээ Ева Миний бүтээхээр тогтоосон, амьсгалыг хүртсэн хоёр дахь хүн байсан тул “Ева” гэдэг уг нь Миний амин чанараар дүүрэн, алдар сууг минь хүртсэн, алдрыг минь үргэлжлүүлэх бүтээгдсэн зүйл гэсэн утгатай байлаа. Адамаас гарсан тул Ева мөн л Миний дүртэй байсан, учир нь тэр Миний дүрээр бүтсэн хоёр дахь хүн билээ. “Ева” гэдэг нь анхандаа сүнс, мах, яснаас бүтсэн амьд хүн, мөн хүн төрөлхтний дундах Миний хоёр дахь гэрчлэл төдийгүй хоёр дахь дүр гэсэн утгатай байв. Тэд хүн төрөлхтний өвөг дээдэс, хүний ариун нандин эрдэнэс, анхнаасаа сүнстэй хүмүүс байсан юм. Гэвч хүн төрөлхтний өвөг дээдсийн үр удмыг ёрын муу нэгэн дэвсэлж, эрхэндээ оруулж, хүний ертөнцийг түнэр харанхуйд автуулж, улмаар тэднийг Миний оршин тогтнолд итгэхээргүй болгожээ. Бүр ч жигшүүртэй нь, ёрын муу нэгэн хүмүүсийг завхруулж, бүгдийнх нь дээр дэвсэлж байхдаа тэдэнд хайрласан алдар суу, гэрчлэл, амин чанар, тэдэнд өгсөн амьсгал, амь, мөн хүний ертөнц дэх бүх алдар суу, хүн төрөлхтөнд зарлагадсан амьдралын бүх эх булгийг минь харгисаар булаан авч байна. Хүн төрөлхтөн гэрэлд байхаа больж, хүмүүс Миний олгосон бүх зүйлийг алдсан бөгөөд Миний өгсөн алдар сууг хөсөр хаяжээ. Бүх бүтээгдсэн зүйлийн Эзэн гэдгийг минь тэд яахан хүлээн зөвшөөрч чадах билээ? Тэнгэр дэх оршин тогтнолд минь яаж итгэсээр байх билээ? Газар дээрх алдрын минь илэрхийллийг тэд яаж олж чадах билээ? Өвөг дээдэс нь хүндэлдэг байсан Бурханыг энэ ач зээ нар өөрсдийг нь бүтээсэн Эзэн хэмээн хүлээн авч яахан чадах билээ? Адам, Евад Миний хайрласан алдар суу, дүр, гэрчлэл, мөн хүн төрөлхтний оршин тогтнолыг тэтгэдэг Миний олгосон амийг хөөрхийлөлтэй энэ ач зээ нар ёрын муу нэгэнд өгөөмрөөр “бэлэглэсэн”; ёрын муу нэгний дэргэд байгаагаа огт хайхралгүй, бүх алдар сууг минь түүнд өгдөг. “Шаар шавхруу” гэх нэр томьёо үүнээс л үүдэлтэй бус уу? Ийм хүн төрөлхтөн, ёрын муу чөтгөрүүд, алхаж яваа үхдэлүүд, Сатаны дүрүүд, Миний дайснууд алдар сууг минь эзэмшиж яахан чадах билээ? Хүмүүсийн дунд оршдог алдар суу, гэрчлэл болон нэгэн цагт бүгд Минийх байгаад эрт цагт хүмүүст өгсөн бүхнээ Би эргүүлэн олж авна—хүн төрөлхтнийг Би бүрэн байлдан дагуулна. Гэвч бүтээсэн хүмүүс минь Миний дүр, алдар суу бүхий ариун хүмүүс байсан гэдгийг чи мэдэх учиртай. Тэд Сатаных байгаагүй, түүнд дэвслүүлж ч яваагүй, Сатаны хорын өчүүхэн ч ул мөргүй, гагцхүү Миний илэрхийлэл байлаа. Иймээс Би Өөрийн гараар бүтээсэн зүйл, өөр этгээдийн харьяа бус, Өөрийн хайрладаг ариун хүмүүсийг л хүсэж байгаагаа хүн төрөлхтөнд хэлдэг. Түүнчлэн Би тэднийг таашааж, Өөрийн алдар суу хэмээн тооцно. Харин Сатаны завхралд өртөөд өнөөдөр Сатанд харьяалагдаж, Миний анхдагч бүтээл байхаа больсон хүн төрөлхтнийг Би хүсдэггүй. Хүний ертөнцөд буй алдар суугаа эргүүлэн олж авахыг Би зорьж буй тул Сатаныг ялсан алдрынхаа нотолгоо болгон хүн төрөлхтний дундаас амьд үлдэгсдийг бүрэн байлдан дагуулна. Гэрчлэлээ л Би Өөрийн биежилт, Өөрийн таашаалын бай болгодог. Миний хүсэл энэ билээ.
Хүн төрөлхтөн өнөөдөр байгаа газартаа хүрэхэд олон түмэн жил шаардагдсан авч анх Миний бүтээсэн хүн төрөлхтөн аль эрт доройтолд оржээ. Хүн төрөлхтөн Миний хүсдэг хүн төрөлхтөн байхаа больсон тул Миний нүдээр бол хүн төрөлхтөн хэмээн нэрлэгдэх эрхгүй болсон. Харин ч тэд Сатаны олзолсон хүн төрөлхтний хог шаар, Сатанд бариулж, нөмрөх хувцас нь болсон илжирсэн амьд хүүр билээ. Хүмүүс Миний оршин тогтнолд итгэдэггүй, Намайг ирж байхад ч угтан авдаггүй. Хүсэлтэд минь дурамжхан хариу үзүүлж, түр зуур буулт хийхээс биш амьдралын баяр гунигийг чин сэтгэлээсээ Надтай хуваалцдаггүй. Хүмүүс Намайг ойлгохын аргагүй гэж үздэг тул дурамжхан инээмсэглэж, эрх мэдэлтэнд тал засаж буй хандлагатай байдаг, учир нь хүмүүс Миний ажлыг огт мэддэггүй, өнөө үе дэх Миний хүслийг бүр ч мэддэггүй. Би та нартай илэн далангүй байя: Цаг нь ирэхээр Намайг шүтэн мөргөдөг хэн бүхний зовлон та нарынхыг бодвол тэвчихэд амар байх болно. Надад итгэх итгэлийн чинь хэмжээ үнэндээ Иовынхоос давдаггүй, иудейн фарисайчуудын итгэл ч та нарынхаас илүү байдаг тул галын өдөр ирэхэд та нарын зовлон Есүст зэмлүүлсэн фарисайчууд, Мосег эсэргүүцсэн 250 удирдагч, дүрэлзэх галд сүйрсэн Содомын зовлонгоос ч хүнд байх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Жинхэнэ хүн байхын утга учир
Диаволын хүмүүс бүгд өөрсдийнхөө төлөө амьдардаг. Амьдралын талаарх тэдний үзэл бодол, уриа лоозон нь гол төлөв “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэх мэт Сатаны сургаалаас үүдэн гардаг. Газар дэлхийн тэрхүү диавол хаад, агуу хүмүүс, гүн ухаантнуудын хэлсэн үг хүний жинхэнэ амь болсон. Ялангуяа Хятадын ард түмний “мэргэн” хэмээн шагшдаг Күнзийн дийлэнх үг хүмүүсийн амь болсон. Түүнчлэн Буддын шашин, Бумбын шашны алдартай зүйр үг болон янз бүрийн алдартай хүмүүсийн байнга эшлэгддэг сонгодог үгс бий; эдгээр нь бүгд Сатаны гүн ухаан, Сатаны уг чанарын тойм юм. Эдгээр нь мөн Сатаны уг чанарын хамгийн сайн дүрслэл, тайлбар болдог. Хүний зүрх сэтгэлд нэвчсэн эдгээр хор бүгд Сатанаас гаралтай; өчүүхэн төдий нь ч Бурханаас үүдээгүй. Ийм диаволын үг нь бас Бурханы үгийн шал эсрэг байдаг. Бүх эерэг зүйлийн бодит байдал Бурханаас гаралтай, хүнийг хордуулдаг бүх сөрөг зүйл Сатанаас гаралтай гэдэг нь туйлын тодорхой юм. Иймээс амьдралыг үзэх үзэл болон үнэт зүйлээс нь хүний уг чанарыг болон хэнд харьяалагддагийг нь ялган таньж болно. Улс орны засгийн газар, алдартай, агуу хүмүүсийн боловсрол болон нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний диаволын үг хүний амь-уг чанар болсон юм. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэдэг нь хүн бүрд шингэж, хүний амь болсон сатаны алдартай үг юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үг ч бас бий. Сатан хүмүүсийг боловсруулахын тулд улс орон бүрийн сайхан уламжлалт соёлыг ашиглан, хүн төрөлхтнийг сүйрлийн эх захгүй ангал руу унаж, залгиулахад хүргэсэн бөгөөд Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас эцэстээ хүмүүс Бурханаар устгагддаг.
Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”
Хүнийг хуурахын тулд шинжлэх ухааны янз бүрийн нээлт, дүгнэлтийг ашиглахаас гадна Сатан, хүнд Бурханы өгсөн амьдрах орчныг зэрлэг балмадаар сүйтгэж, мөлжин ашиглахдаа ч бас шинжлэх ухааныг ашигладаг. Хэрвээ хүн шинжлэх ухааны судалгаа явуулах юм бол хүний амьдрах орчин улам дээрдэж, хүний амьдралын стандарт тасралтгүй сайжирна, цаашлаад хүмүүсийн өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа материаллаг хэрэгцээг болон амьдралынхаа чанарыг сайжруулсаар байх хэрэгцээг хангах нь шинжлэх ухааны хөгжлийн зорилго юм гэсэн шалтгаар Сатан үүнийг хийдэг. Энэ нь Сатаны, шинжлэх ухааныг хөгжүүлэх онолын үндэс юм. Гэхдээ шинжлэх ухаан хүн төрөлхтөнд юу авчирсан бэ? Бидний хүрээлэн буй орчин юунаас бүрддэг вэ? Хүн төрөлхтний амьсгалдаг агаар бохирдоогүй гэж үү? Бидний уудаг ус үнэхээр цэвэр хэвээрээ гэж үү? (Үгүй.) Бидний иддэг хоол хүнс байгалийн гаралтай гэж үү? Хоол хүнсний ихэнхийг бордоо ашиглан ургуулж, генийн өөрчлөлт ашиглан боловсруулдаг, түүнчлэн шинжлэх ухааны янз бүрийн аргуудыг ашиглан хувиргадаг. Бидний иддэг хүнсний ногоо, жимс хүртэл байгалийн гаралтай байхаа больсон. Одоо органик өндөг ч олдохоо больсон ба Сатаны шинжлэх ухаан гээч зүйлээр боловсруулчихсан болохоор өндөг өмнөх шигээ амтагдахаа больсон. Том дүр зургийг харвал бүхий л агаар мандал сүйдэж, бохирдсон; уулс, нуур, ой мод, гол мөрөн, далай, газрын дээр, доор байгаа бүхэн бүгд шинжлэх ухааны ололт амжилт гээч зүйлээс болж сүйтгэгдсэн. Товчхондоо, хүн төрөлхтөнд Бурханы өгсөн байгаль экологийн орчин болон амьдрах орчин бүхэлдээ шинжлэх ухаан гэгчээс болж устаж, сүйджээ. Хэдийгээр олон хүн эрж хайж байсан амьдралын чанартайгаа холбоотойгоор үргэлж найдаж байсан зүйлээ олж авч, өөрсдийн хүсэл болон махан биеийн аль алийг хангасан боловч шинжлэх ухааны авчирсан янз бүрийн “ололт амжилтаас” болж хүний амьдардаг хүрээлэн буй орчин үндсэндээ устаж, сүйдсэн юм. Одоо бид цэвэр агаараар амьсгалах эрхтэй байхаа ч больсон. Энэ нь хүн төрөлхтний уй гашуу бус уу? Хүн ийм орон зайд амьдрах ёстой болсон үед хүний хувьд яриад байх ямар нэгэн аз жаргал үлдсэн гэж үү? Хүний амьдардаг энэхүү орон зай, амьдрах орчныг бүр анхнаасаа хүнд зориулж Бурхан бүтээсэн юм. Хүмүүсийн уудаг ус, амьсгалдаг агаар, иддэг хоол хүнс, ургамал, ой мод, далай тэнгис—энэхүү амьдрах орчны хэсэг бүрийг хүнд Бурхан өгсөн; энэ нь байгалиас заяасан бөгөөд Бурханы тогтоосон байгалийн хуулийн дагуу ажилладаг. Хэрвээ шинжлэх ухаан байгаагүй бол хүмүүс аз жаргалтай байж, Бурханы замд нийцүүлэн, мөн өөрсдөд нь эдлүүлэхээр Бурханы хайрласан зүйлийн дагуу бүх зүйлийг хамгийн цэвэр байдлаар нь эдэлж чадах байлаа. Одоо гэхдээ энэ бүхнийг Сатан устгаж, сүйтгэсэн; хүний амьдрах үндсэн орон зай цаашид онгон дагшин байхаа больсон. Гэхдээ үүнийг юу учруулсныг, энэ нь хэрхэн бий болсныг хэн ч танин мэдэж чаддаггүй бөгөөд бүр олон хүн Сатаны өөрсдөд нь суулгасан үзэл санаагаар дамжуулан шинжлэх ухаанд хандаж, үүнийг ойлгодог. Энэ нь туйлын жигшүүртэй, өрөвдөлтэй биш гэж үү? Сатан одоо хүн төрөлхтний оршин байдаг орон зай болон амьдрах орчныг аваад ийм болтол завхруулсан болохоор, хүн төрөлхтөн ийм маягаар үргэлжлүүлэн хөгжих юм бол энэ хүмүүсийг Бурхан биечлэн устгах хэрэг байна уу? Хэрвээ хүмүүс ийм маягаар үргэлжлүүлэн хөгжих юм бол ямар чиглэлд явах вэ? (Тэд устгагдана.) Хэрхэн устгагдах вэ? Хүмүүс алдар нэр, ашиг хонжоог шуналтайгаар хайдаг дээрээ нэмээд шинжлэх ухааны хайгуул, гүнзгий судалгааг тасралтгүй явуулж, улмаар өөрсдийн материаллаг хэрэгцээ болон хүслийг хангахын тулд ийм маягаар тасралтгүй үйлддэг; тэгвэл хүнд авчрах үр дагавар юу вэ? Юун түрүүнд, экологийн тэнцвэр алдагддаг, ингэх үед ийм төрлийн тэнцвэргүй орчноос болоод хүмүүсийн бие, дотоод эрхтэн муудаж, гэмтдэг бөгөөд янз бүрийн халдварт өвчин, тахал дэлхий даяар тархдаг. Одоо энэ нь хүний огт хянаж чаддаггүй нөхцөл байдал юм, тийм биш гэж үү? Та нар үүнийг ойлгосон болохоор хэрвээ хүн төрөлхтөн Бурханыг дагахгүй, харин үргэлж ийм маягаар Сатаныг дагаж—өөрсдийгөө байнга баяжуулахын тулд мэдлэгийг ашиглаж, хүний амьдралын ирээдүйг судлахын тулд шинжлэх ухааныг тасралтгүй ашиглаж, үргэлжлүүлэн амьдрахын тулд ийм аргыг ашиглах юм бол—хүн төрөлхтний хувьд энэ нь яаж төгсөхийг та нар ухамсарлаж чадах уу? (Энэ нь мөхөл гэсэн үг байх болно.) Тийм ээ, энэ нь мөхлөөр төгсөнө: Хүн төрөлхтөн алхам алхмаар мөхөлдөө улам ойртоно!
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI
Тайлбар:
1. “Задаршгүй” гэдэг нь энд егөөдөх зорилготой бөгөөд хүмүүсийн мэдлэг, соёл, сэтгэл санааны байдал хөшүүн байдаг гэсэн утгатай.
2. “Хуулиас гадуур, эрх чөлөөтэй хэрэн хэсэх” гэдэг нь диавол зэрлэг догшноор, галзуурсан мэт явдаг гэдгийг илтгэдэг.
3. “Бүрэн эмх замбараагүй” гэдэг нь диаволын хэрцгий зан авир харж тэвчихийн аргагүй байдгийг хэлдэг.
4. “Гэмтэж, навсайсан” гэдэг нь диаволын хааны үзэшгүй муухай царайг хэлдэг.
5. “Эрсдэлтэй бооцоонд бүхнээ тавих” гэдэг нь эцэст нь хожно гэж найдан бүх мөнгөө ганцхан бооцоонд тавих гэсэн үг юм. Энэ нь диаволын өөдгүй муу, олиггүй арга зальд зориулсан зүйрлэл юм. Энэ илэрхийллийг тохуурхан хэрэглэсэн.
а. Дөрвөн Ном ба Таван Сонгодог нь Хятад дахь Күнзийн сургаалын нэр нөлөөтэй ном юм.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?