Хэрэгжүүлэлт 6

Өнөөдөр, Петрт байсан эрүүл ухаанд хүрэх нь бүү хэл, олон хүн Паулын эрүүл ухаанд ч хүрч чаддаггүй. Тэдэнд бүр Паулын ухамсар ч байдаггүй. Эзэн Есүсийг хяхан хавчсанаас нь болоод Паулыг Эзэн цохисон хэдий ч хожим нь тэрээр Эзэний төлөө ажиллаж, зовох шийдвэртэй болсон юм. Есүс түүнд өвчин өгсөн ба хожим нь Паул ажиллаж эхэлмэгцээ энэ өвчнөөс болж зовсоор байв. Өөрийнх нь биед өргөс байна гэж яагаад тэр хэлсэн бэ? Өргөс нь үнэндээ өвчин байсан бөгөөд Паулын хувьд энэ нь аюулт сул тал байв. Тэр хэчнээн их ажил хийсэн ч, эсвэл зовох шийдвэр нь хэчнээн их байсан ч, тэрхүү өргөснөөс салж чадаагүй юм. Гэсэн ч, Паул өнөөдрийн хүмүүс та нараас хавьгүй илүү сайн хэв чанартай байсан бөгөөд бас ухамсартай, та нараас ч илүү эрүүл ухаантай байлаа. Есүсээр цохиулсныхаа дараа Паул Есүсийн шавь нарыг хяхан хавчихаа больж, Есүсийн төлөө номлож, зовж эхэлжээ. Тэгвэл зовлон туулахад түүнийг юу зоригжуулсан бэ? Их гэрлийг харсан болохоор Эзэн Есүст гэрчлэл хийх ёстой ба Есүсийн шавь нарыг цаашид хяхан хавчиж, Бурханы ажлыг цаашид эсэргүүцэх ёсгүй гэж Паул итгэсэн юм. Паул шашны өндөр албан тушаалтнуудын нэг байв. Тэрээр маш их мэдлэгтэй, авьяастай байсан бөгөөд жирийн хүмүүсийг дорд үздэг, ихэнх хүмүүсээс илүү хүчирхэг зан төлөвтэй байлаа. Гэхдээ “их гэрэл” өөр дээр нь туссаны дараа тэрээр Эзэн Есүсийн төлөө ажиллаж, Бурханы төлөө зовох шийдвэр гаргаж, өөрийгөө Бурханд өргөн барьж чадсан нь эрүүл ухаантай гэдгийг нь нотолсон юм. Есүсийн шавь нарыг хяхан хавчиж, баривчилж байх үед нь Есүс түүнд үзэгдэж: “Паул аа, чи яагаад Намайг хяхан хавчдаг юм бэ?” гэсэн. Паул тэр даруй газар унаж: “Та хэн бэ, Эзэн минь?” гэжээ. Тэнгэрээс дуу гарч: “Би бол чиний хяхан хавчдаг Есүс мөн” гэж хэлсэн юм. Гэнэт л Паул сэрсэн ба тэр үед л тэрээр Есүс бол Христ, Бурхан мөн гэдгийг мэджээ. “Би дуулгавартай байх ёстой. Бурхан надад энэхүү нигүүлслийг өгсөн—би Түүнийг ингэж хяхан хавчсан ч Тэр намайг цохиогүй, мөн намайг хараагаагүй. Би Түүний төлөө зовох ёстой.” Паул, Эзэн Есүс Христийг хяхан хавчиж байгаад, одоо Түүний шавь нарыг хөнөөж байгаагаа, мөн Бурхан өөрийг нь хараагаагүй, харин түүн дээр гэрэл тусгасныг ухаарсан юм. Энэ нь түүнийг зоригжуулсан бөгөөд тэрээр: “Хэдийгээр би Түүний царайг хараагүй ч дуу хоолойг нь сонсож, их гэрлийг нь харсан. Бурхан намайг үнэхээр хайрладаг ба Эзэн Есүс Христ бол гарцаагүй хүнийг өршөөж, хүний нүглийг үүрд мөнхөд уучилдаг Бурхан мөн гэдгийг одоо л би үнэнхүү харж байна. Би нүгэлтэн гэдгээ үнэхээр харж байна” гэж хэлжээ. Дараа нь Бурхан Паулын авьяасыг ажилдаа ашигласан хэдий ч үүнийг одоохондоо түр март. Тухайн үеийн түүний шийдвэр, хэвийн хүний эрүүл ухаан, түүний ухамсар—та нар эдгээр зүйлд хүрэх чадваргүй. Өнөөдөр та нар ихээхэн гэрлийг хүлээн аваагүй гэж үү? Бурханы зан чанар бол сүр жавхлан, уур хилэн, шүүлт, гэсгээлтийнх гэдгийг олон хүн хараагүй гэж үү? Хараал, шалгалт, цэвэршүүлэлт хүмүүст олон удаа тохиолдсон—тэгвэл тэд юу сурсан бэ? Чи сахилгажуулалт, харьцалт хүртээд юу олж авсан бэ? Хатуу үгс, цохилт, шүүлт чамд олон удаа тохиолдсон боловч чи тэдгээрт ямар ч анхаарал хандуулдаггүй. Паулд байсан жаахан эрүүл ухаан ч чамд байдаггүй—чи туйлын хоцрогдмол биш гэж үү? Паулын тодорхой харж чаддаггүй зүйл ч бас их байсан. Тэрээр гэрэл өөр дээр нь туссаныг л мэдэж байсан боловч цохигдож унасан гэдгээ мэдээгүй байлаа; гэрэл өөр дээр нь туссаны дараа л тэр Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, Бурханы төлөө зовж, Эзэн Есүс Христэд зориулсан замыг засахын тулд бүхнийг хийж, Эзэнээр золин авруулахаар илүү олон нүгэлтнийг авчрах ёстой гэдэгтээ итгэсэн юм. Энэ нь түүний шийдвэр, түүний ажлын цорын ганц зорилго байлаа—гэхдээ түүнийг ажиллах үед насан эцэслэх хүртэл нь өвчин түүнийг орхиогүй юм. Паул хорь гаруй жил ажилласан. Тэр ихээхэн зовж, асар их хавчлага, гай зовлон туулсан, гэхдээ мэдээж эдгээр нь Петрийн шалгалтаас хавьгүй бага байв. Хэрвээ та нарт Паулын эрүүл ухаан ч байхгүй бол хэчнээн өрөвдөлтэй вэ? Ийм болохоор Бурхан та нар дээр бүр их ажлыг эхлүүлж яаж чадах юм бэ?

Сайн мэдээ түгээх үедээ Паул асар их тарчлаан амссан. Тухайн үед түүний хийсэн ажил, түүний шийдвэр, итгэл, үнэнч зан, хайр, тэвчээр, даруу байдал болон амьдран харуулсан олон өөр гадаад талын зүйлс нь өнөөдрийн хүмүүс та нараас илүү өндөр байв. Хатуухан хэлбэл, та нарын дотор ямар ч хэвийн эрүүл ухаан байхгүй; та нарт бүр ямар ч мөс чанар, хүн чанар байхгүй. Та нар маш дутуу дулимаг! Тиймээс та нарын амьдран харуулдаг зүйлд ихэвчлэн ямар ч хэвийн эрүүл ухаан байдаггүй, өөрийн ухамсрын ямар ч тэмдэг байдаггүй. Тухайн үед Паул бие махбодын өвчин туулсан хэдий ч цаг ямагт ийнхүү залбирч, эрж хайсаар байсан: “Энэ өвчин үнэндээ юу юм бэ? Би энэ бүх ажлыг Эзэний төлөө хийсэн, яагаад энэ өвчин шаналал надаас салахгүй байна вэ? Эзэн Есүс намайг туршиж байгаа юм гэж үү? Тэр намайг цохьсон уу? Хэрвээ Тэр намайг цохьсон бол би аль хэдийн үхээд, энэ бүх ажлыг Түүний төлөө хийж чадахгүй байх байсан, мөн ийм их гэрлийг ч хүлээн авахгүй байх байсан. Тэр бас миний шийдвэрийг биелүүлсэн.” Энэ өвчин бол Бурхан өөрийг нь туршиж байгаа хэрэг, энэ нь өөрийнх нь итгэл, сэтгэлийн тэнхээг батжуулж байгаа гэж Паулд үргэлж санагддаг байсан—Паул үүнийг ингэж харсан юм. Чухамдаа түүний өвчин нь Эзэн Есүс түүнийг цохисноос үүдсэн үр дагавар байв. Энэ нь түүнийг сэтгэл санааны дарамтад оруулж, тэрслүү байдлыг нь хазаарласан юм. Хэрвээ та нар Паулын орчин нөхцөлд байгаагаа мэдвэл яах байсан бэ? Зовох шийдвэр болон чадвар чинь Паулынхтай адил байж чадах уу? Өнөөдөр та нар өвчин тусах юм уу асар их шалгалт туулж, зовох болбол ямар байхыг чинь хэн мэдэх билээ. Хэрвээ та нарыг шувууны торонд хориод, байнга хооллох юм бол та нар зүгээр байна. Эс бөгөөс та нар яг л чоно шиг, ямар ч хүн чанаргүй байх болно. Иймээс бага зэргийн хязгаарлалт, зовлон бэрхшээл туулах нь та нарын хувьд сайн хэрэг; хэрвээ та нарыг амар тайван байлгавал та нар сүйрнэ, тэгвэл та нар яаж хамгаалагдаж чадах юм бэ? Өнөөдөр та нар гэсгээгдэж, шүүгдэж, хараагддаг учраас л хамгаалагддаг. Ихээхэн зовсон учраас л хамгаалагддаг. Хэрвээ тэгээгүй бол та нар аль хэдийн доройтолд орох байсан. Энэ нь та нарт зориуд хүндрэл учруулж байгаа хэрэг биш—хүний уг чанарыг өөрчлөхөд хэцүү байдаг бөгөөд хүмүүсийн зан чанарыг өөрчлөхийн тулд ингэх ёстой юм. Өнөөдөр та нарт Паулын мөс чанар, эрүүл ухаан ч байдаггүй, түүний ухамсар ч байдаггүй. Та нарыг үргэлж дарамталж байх ёстой бөгөөд сүнсийг чинь сэрээхийн тулд үргэлж гэсгээж, шүүж байх ёстой. Гэсгээлт, шүүлт бол та нарын аминд хамгийн ашиг тустай зүйл юм. Шаардлагатай үед бас баримтуудын ирэлтийн гэсгээлт байх ёстой; тэр үед л та нар бүрэн захирагдана. Гэсгээлт, хараалгүйгээр толгой бөхийх дургүй, захирагдах дургүй тийм уг чанар та нарт байдаг. Нүдний чинь өмнөх баримтгүйгээр ямар ч үр нөлөө байхгүй байх болно. Та нарын ёс жудаг хэтэрхий дорд агаад үнэ цэнгүй! Гэсгээлт, шүүлтгүйгээр та нарыг байлдан дагуулах хэцүү бөгөөд шударга бус, дуулгаваргүй байдлыг чинь дарахад бэрх байх болно. Хуучин уг чанар чинь маш гүн үндэслэсэн байдаг. Хэрвээ та нарыг сэнтий дээр тавих юм бол та нар орчлон ертөнц дэх өөрийн байрыг мэдэхгүй, тэр ч бүү хэл хаашаа чиглэн явж байгаагаа ч мэдэхгүй. Та нар бүр хаанаас ирснээ ч мэдэхгүй юм чинь бүтээлийн Эзэнийг яаж мэдэх юм бэ? Өнөөдрийн цагаа олсон гэсгээлт, хараалгүйгээр сүүлчийн өдрүүд чинь аль хэдийн ирчихсэн байх байлаа. Та нарын хувь заяаны талаар ярихын ч хэрэггүй—бүр ч их аюул заналхийлж байгаа бус уу? Цагаа олсон энэхүү гэсгээлт, шүүлтгүйгээр та нар хэчнээн их биеэ тоож, хэр их доройтохыг хэн мэдэх билээ. Энэ гэсгээлт, шүүлт та нарыг өдий хүргэсэн ба амьдралыг чинь хадгалсан. Хэрвээ та нарыг “эцгийнхтэй” чинь адилхан арга барил хэрэглэн “сургаж боловсруулсан” бол ямар ертөнцөд орох байсныг чинь хэн мэдэх билээ! Та нарт өөрсдийгөө хянах, эргэцүүлэх ямар ч чадвар байхгүй. Та нар шиг хүмүүсийн хувьд, ямар нэг саад тотгор, үймээн самуун учруулалгүй, зүгээр л дагаж, дуулгавартай байвал Миний зорилго биелнэ. Та нар өнөөдрийн гэсгээлт, шүүлтийг илүү сайн хүлээн авах ёстой бус уу? Та нарт өөр ямар сонголт байгаа юм бэ? Паул Эзэн Есүсийн үг хэлж, ажиллаж байгааг харах үедээ мөн л итгээгүй. Хожим нь, Эзэн Есүсийг загалмайд цовдлогдоод, дахин амилсны дараа тэр энэ баримтыг мэдсэн атлаа үргэлжлүүлэн хяхан хавчиж, эсэргүүцсэн. Энэ нь санаатайгаар нүгэл үйлдэх гэсэн үг бөгөөд иймээс түүнийг цохижээ. Анх тэрээр, Есүс гэж нэрлэгддэг Хаан иудейчүүдийн дунд байгаа гэдгийг мэдэж байсан, тэр үүнийг сонссон байсан юм. Дараа нь сүмд номлол айлдаж, газар нутаг даяар тунхаглаж байхдаа тэр Есүсийн эсрэг явж, ямар нэг хүнийг дуулгавартай дагахаас ихэмсгээр татгалзсан. Эдгээр зүйл тухайн үеийн ажилд үлэмж их саад болсон билээ. Есүсийг ажиллаж байх үед Паул хүмүүсийг шууд хяхан хавчиж, баривчлаагүй боловч Есүсийн ажлыг нураахын тулд номлол болон үг ашиглаж байсан. Хожим нь Эзэн Есүс Христийг загалмайд цовдлогдсоны дараа тэрээр шавь нарыг нь баривчилж эхэлсэн ба нэг газраас нөгөө рүү яаравчлан, тэднийг хавчихын тулд чадах бүхнээ хийдэг байв. “Гэрэл” өөр дээр нь туссаны дараа л тэр сэрж, асар их харууслыг мэдэрчээ. Түүнийг цохиулсны дараа өвчин нь хэзээ ч түүнээс салаагүй юм. Заримдаа өвчин хууч нь улам дордож байгаа мэт түүнд санагдаж, орноосоо ч босож чаддаггүй байжээ. Тэрээр: “Юу болоод байна аа? Намайг үнэхээр цохисон юм гэж үү?” хэмээн бодсон. Уг өвчин түүнийг хэзээ ч орхиогүй бөгөөд энэхүү өвчний улмаас тэр ихээхэн ажил хийсэн юм. Түүний биеэ тоосон, дур зоргоороо байдлын улмаас Есүс энэ өвчнийг Паулд оруулсан гэж хэлж болно; энэ нь Паулын шийтгэл байсан боловч Бурханы ажлыг өргөжүүлэх гэсэндээ Паулын авьяасыг Бурханы ажилд ашиглахын тулд ч бас үүнийг хийсэн юм. Үнэн хэрэгтээ Бурханы санаа зорилго нь Паулыг аврах биш, харин түүнийг ашиглах явдал байлаа. Гэсэн ч Паулын зан чанар хэтэрхий ихэрхүү, дур зоргоороо байсан болохоор түүний биед “өргөс” оруулжээ. Эцэст нь, Паулыг ажлаа дуусгах үед түүний хувьд өвчин нь тийм ч их шаналгаатай байхаа больсон бөгөөд тэрээр: “Би сайн тэмцлээр тэмцэж, явах замаа дуусгаж, итгэлээ хадгалсан: Одооноос эхлээд надад зориулсан зөвт байдлын титэм зэхэгджээ” гэх үгийг хэлж чадсан юм—тэр Бурханы ажлыг мэдээгүй учраас ингэж хэлжээ. Та нарын дунд Паул шиг хүн олон байгаа боловч замын төгсгөл хүртэл дагах шийдвэр үнэхээр байгаа бол та нарт зохисгүй хандахгүй. Паул хэрхэн тэрсэлж, эсэргүүцэж байсныг бид энд хэлэлцэхгүй; харин эерэг, магтууштай талыг нь үргэлжлүүлэн ярьцгаая: Тэр мөс чанартай байсан ба “гэрлийг” нэг удаа хүлээн авсныхаа дараа өөрийгөө Бурханд зориулж, Бурханы төлөө зовж чадсан. Энэ нь түүний давуу тал байв. Түүнд давуу тал байсан учраас тэр бол ерөөгдсөн хүн байсан гэж итгэдэг хүмүүс байгаа бол, мөн тэр гэсгээгдэх албагүй гэж бодож байгаа бол эдгээр нь эрүүл ухаангүй хүмүүсийн үг юм.

Залбирч, Бурханы үгийг уншиж байхдаа олон хүн Бурханд захирагдахыг хүсэж байна гэж хэлдэг ч дараа нь далдуур замбараагүй болдог ба энэ тухай юу ч боддоггүй. Бурханы үг ахин дахин хэлэгдэж, давхарга давхаргаар нь илчилдэг ба хүмүүсийн хамгийн доод давхаргыг илчлэх үед л тэд “амар тайвныг олж”, ихэрхүү, эрх дураараа, дээрэнгүй аашлахаа больдог. Өнөөдрийн байр байдал чинь ийм байгаа болохоор, амсхийх боломж олгохгүйн тулд та нарыг хайр найргүйгээр цохиж, илчилж, нарийвчлан шүүх ёстой. Та нарын хувьд, хатуу гэсгээлт, шүүлт та нарыг орхихгүй, яллалт, хараал та нараас холдохгүй байж, Бурханы захиргааны зарлигийн гар хэзээ ч та нараас салахгүй гэдгийг харуулсан нь дээр. Яг л Хуулийн эрин үед, Ехова хэзээ ч өөрийг нь орхиогүйг Аарон харсантай адил (түүний харсан зүйл нь Еховагийн байнгын удирдамж, хамгаалалт байсан; өнөөдөр та нарын хардаг Бурханы удирдамж бол гэсгээлт, хараал болон шүүлт юм) бөгөөд өнөөдөр Еховагийн захиргааны зарлигийн гар та нарыг ч бас орхидоггүй. Гэхдээ, та нарын тайвширч болох нэг зүйл бий: Та нар яаж ч эсэргүүцэж, тэрсэлж, шүүлт хийх нь хамаагүй, та нарын махан биед ямар ч хор хөнөөл учрахгүй. Гэхдээ эсэргүүцэл нь дэндэж, ажилд саад болдог хүмүүс байвал энэ нь хүлээн зөвшөөрөх аргагүй юм; үүнд хязгаар бий. Чуулганы амьдралд бүү саад бол, бүү үймүүл, Ариун Сүнсний ажилд бүү саад бол. Бусад зүйлийн тухайд чи юу хүссэнээ хийж болно. Чи өөрийгөө амийг эрэлхийлэхийг хүсдэггүй бөгөөд дэлхий ертөнц рүү буцахыг хүсэж байна гэж хэлбэл бушуухан яв! Та нар Бурханы ажилд саад хийхгүй байгаа цагт хүссэн бүхнээ хийж болно. Гэсэн ч чиний мэдэх ёстой дахиад нэг зүйл бий: Эцэст нь тийм дур зоргоороо нүгэлтнүүд таягдан хаягдах болно. Өнөөдөр чамайг зэмлэхгүй байж болох боловч эцэст нь хэсэгхэн хүмүүс л гэрчлэл хийж чадна—бусад нь бүгд аюулд өртөнө. Хэрвээ чи энэ урсгалд байхыг хүсэхгүй байгаа бол тэр чинь зүгээр. Өнөөдрийн хүмүүст тэвчээртэй хандаж байгаа; чи маргаашийн гэсгээлтээс айхгүй байгаа тохиолдолд Би чамайг хязгаарладаггүй. Гэхдээ хэрвээ энэ урсгалд байгаа бол чи гэрчлэл хийж, гэсгээгдэх ёстой. Хэрвээ чи үүнээс татгалзаж, дэлхий ертөнц рүү буцахыг хүсвэл тэр нь зүгээр—хэн ч чамайг зогсоохгүй! Гэхдээ, хэрвээ чи Бурханы ажлыг сүйтгэж, үймүүлэх ажил хийдэг бол тэрний чинь төлөө чамайг яасан ч уучилж болохгүй! Ямар хүмүүс гэсгээгдэж, хэний гэр бүл хараагддаг талаар нүд чинь юу харж, чих чинь юу сонсдог тухайд бол—энэ бүхэнд хил хязгаар, зааг бий. Ариун Сүнс аливааг хөнгөхнөөр хийдэггүй. Үйлдсэн бүхэнд чинь үндэслэн, шударга бус байдлын чинь дагуу та нарт хандаж, ноцтойгоор авч үзсэн бол та нараас хэн чинь амьд үлдэж чадах юм бэ? Та нар бүгд гай гамшиг туулах байсан ба нэг нь ч сайн үр дүнтэй байхгүй байсан. Гэсэн ч өнөөдөр олон хүнд тэвчээртэй ханддаг. Хэдий та нар шүүж, тэрсэлж, эсэргүүцдэг ч саад болохгүй л байгаа бол Би та нар луу инээмсэглэн харна. Хэрвээ та нар үнэхээр амийг эрэлхийлдэг бол бага зэргийн гэсгээлт туулах ёстой бөгөөд хагалгаа хийлгэхээр мэс заслын ширээн дээр гарахдаа хайртай зүйлсээсээ хагацахын шаналлыг тэвчих ёстой; Петр шалгалт болон зовлонг хүлээн зөвшөөрсөн шиг чи шаналлыг тэвчих ёстой. Өнөөдөр та нар шүүх суудлын өмнө байна. Ирээдүйд та нар “толгой цавчигч машинд” орох ёстой ба тэр нь өөрсдийгөө “золиослох” үе байх болно.

Эцсийн өдрүүд дэх ажлын сүүлчийн энэ үе шатны үеэр, Бурхан махан биеийг чинь устгахгүй гэж чи итгэж байж магадгүй бөгөөд Түүнийг эсэргүүцэж, шүүдэг ч гэсэн чамд ямар нэгэн өвчин тусахгүй байж магад гэж хэлж болох юм—гэхдээ Бурханы хатуу ширүүн үгс чам дээр ирэх үед, мөн тэрслүү байдал, эсэргүүцэл, муу муухай төрх чинь бүгд ил болох үед чи нуугдаж чадахгүй. Тэгээд сандарч цочирдон, яахаа мэдэхгүй байх болно. Өнөөдөр та нар бага зэргийн мөс чанартай байх ёстой. Бурханыг эсэргүүцэж, Түүний эсрэг тэрсэлдэг муу ёрын нэгний дүрд бүү тогло. Чи өөрийн хуучин өвөг дээдсээсээ нүүр буруулах ёстой; энэ бол чамд байх ёстой биеийн хэмжээ, чиний эзэмших учиртай хүн чанар юм. Чи өөрийн хэтийн ирээдүйг, эсвэл өнөөдрийн таашаалыг хойш тавьж хэзээ ч чаддаггүй. “Та нар Намайг дагаж, үнэнийг эрэлхийлэхийн тулд чадах бүхнээ хийж байгаа цагт Би та нарыг гарцаагүй төгс болгоно. Төгс болгуулмагцаа та нар сайхан хүрэх газартай байх болно—Надтай хамт ерөөл эдлэхийн тулд та нар Миний хаанчлал руу хүргэгдэнэ” гэж Бурхан хэлдэг. Үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрыг амласан ч гэсэн та нарт тавих шаардлагыг хэзээ ч багасгаж болохгүй. Бас нэг болзол бий: Та нар байлдан дагуулагдаж, эсвэл төгс болгуулж байх нь хамаагүй, өнөөдөр зарим нэг гэсгээлт, зовлон туулах ёстой; та нар цохиулж, сахилгажуулагдах ёстой; Миний үгийг сонсож, Миний замыг дагаж, Бурханы хүслийг биелүүлэх ёстой—энэ бол хүмүүс та нарын хийх ёстой зүйл билээ. Хэрхэн эрэлхийлэхээс үл хамааран чи энэ замыг тодорхой сонсох ёстой. Хэрвээ чи үнэхээр жинхэнээсээ ойлгосон бол үргэлжлүүлэн дагаж чадна. Энд ямар ч хэтийн ирээдүй, итгэл найдвар байхгүй гэж итгэж байгаа бол чи явж болно. Эдгээр үгийг та нарт тодорхой хэлсэн боловч хэрвээ чи үнэхээр явахыг хүсэж байгаа бол өчүүхэн төдий ч мөс чанаргүй гэдгийг чинь л энэ нь харуулдаг; чи бол чөтгөр гэдгийг батлахад энэ үйлдэл чинь хангалттай. Хэдий чи бүхнийг Бурханы зохион байгуулалтад орхидог гэж хэлдэг боловч махан бие болон амьдран харуулдаг зүйлд чинь үндэслэвэл чи Сатаны эрхшээл дор амьдарсаар байдаг. Хэдийгээр Сатан ч бас Бурханы гарт байдаг боловч чи өөрөө Сатанд харьяалагддаг хэвээр бөгөөд Бурханаар хараахан үнэхээр авруулаагүй байгаа, учир нь чи Сатаны нөлөөн доор амьдарсаар байгаа билээ. Аврагдахын тулд чи хэрхэн эрэлхийлэх ёстой вэ? Сонголт чинийх—явах ёстой замаа чи сонгох хэрэгтэй. Эцэстээ чи: “Надад илүү дээр зүйл юу ч үгүй, би Бурханы хайрыг мөс чанараараа хариулж, жаахан хүн чанартай байх ёстой. Би илүү агуу юунд ч хүрч чадахгүй, хэв чанар минь ч тийм өндөр биш; би Бурханы ажлын үзэгдлийг ч, утга учрыг ч ойлгодоггүй. Би ердөө Бурханы хайрыг хариулж, Бурханы шаарддаг болгоныг хийж, чадах бүхнээ хийдэг. Тэгээд Бурханы бүтээлийн хувиар үүргээ биелүүлдэг” гэж хэлж чадах юм бол Би баярлана. Энэ бол чиний хийж чадах хамгийн өндөр дээд гэрчлэл юм. Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэх гэдэг нь нэг хэсэг хүмүүсээс шаарддаг хамгийн өндөр стандарт юм. Чи чадлынхаа хэрээр л хий; чамд тавьдаг шаардлага тийм ч өндөр биш. Чадах бүхнээ хийж байгаа цагт тэр чинь л чиний гэрчлэл мөн.

Өмнөх: Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 4

Дараах: Хэрэгжүүлэлт 7

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих