Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 1

Сатаны маш гүн гүнзгий завхруулсан хүн төрөлхтөн Бурхан байдаг гэдгийг мэддэггүй ба Бурханд шүтэн мөргөхөө больжээ. Анх Адам, Ева хоёрыг бүтээгдэх үед Еховагийн алдар болон гэрчлэл үргэлж байдаг байлаа. Гэхдээ завхруулагдсаныхаа дараа хүн алдар болон гэрчлэлийг алджээ, учир нь хүн бүр Бурханы эсрэг тэрсэлж, Түүнийг хүндлэхээ бүрмөсөн больсон юм. Өнөөдрийн байлдан дагуулалтын ажил нь, бүтээгдсэн зүйлсийн дунд гэрчлэлтэй байхын тулд бүх алдар суу, гэрчлэлийг буцаан авч, бүх хүнээр Бурханыг шүтүүлэхийн төлөө байдаг; энэхүү үе шатанд хийгдэх ажил нь энэ юм. Хүн төрөлхтнийг яг яаж байлдан дагуулдаг вэ? Хүнийг бүрэн дүүрэн үнэмшүүлэхийн тулд энэ үе шатны үгийн ажлыг ашигласнаар; хүнийг бүрэн ятгахын тулд илчлэлт, шүүлт, гэсгээлт, өршөөлгүй хараал ашигласнаар; хүний тэрслүү байдлыг илчилж, эсэргүүцлийг нь шүүснээр хийгддэг, ийнхүү тэрээр хүн төрөлхтний шударга бус, бузар булай байдлыг мэдэж, улмаар Бурханы зөвт зан чанарын товойлгогч болгон эдгээр зүйлийг ашиглаж чадна. Үндсэндээ эдгээр үгээр дамжуулан хүнийг байлдан дагуулж, бүрэн үнэмшүүлдэг. Үг бол хүн төрөлхтнийг эцэстээ байлдан дагуулах арга барил бөгөөд Бурханы байлдан дагуулалтыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн Түүний үгийн цохилт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөгийн ярих үйл явц нь яг нарийндаа байлдан дагуулах үйл явц юм. Тэгвэл хүмүүс яг яаж хамтран ажиллах ёстой вэ? Эдгээр үгийг хэрхэн идэж, уухаа мэдэж, тэдгээрийг ойлгосноор. Хүмүүс хэрхэн байлдан дагуулагддаг тухайд гэвэл, энэ нь тэдний өөрсдөө хийж чадахгүй зүйл юм. Чи эдгээр үгийг идэж ууснаар дамжуулан өөрийн завхрал, бохир заваан, тэрслүү, зөв шударга бус байдлыг мэдэж авч, Бурханы өмнө сөхрөн унаж л чадна. Хэрвээ чи Бурханы хүслийг ухаарсныхаа дараа ч хэрэгжүүлж чаддаг бол, мөн үзэгдэлтэй байж, эдгээр үгэнд бүрэн захирагдаж чаддаг, өөрөө ямар ч сонголт хийдэггүй бол чи байлдан дагуулагдсан байх болно—энэ нь эдгээр үгийн үр дүн байна. Хүн төрөлхтөн яагаад гэрчлэлээ алдсан бэ? Хэн ч Бурханд итгэдэггүй учраас, хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан зай эзэлдэггүй учраас. Хүн төрөлхтнийг байлдан дагуулах нь хүн төрөлхтний итгэлийг сэргээх явдал юм. Хүмүүс дэлхий ертөнц рүү ухаан жолоогүй гүйхийг үргэлж хүсэж, хэтэрхий их итгэл найдвар өвөрлөж, ирээдүйнхээ төлөө дэндүү ихийг хүсэж, хэрээс хэтэрсэн шаардлага дэндүү их тавьдаг. Тэд үргэлж махан биеийн талаар бодож, төлөвлөдөг бөгөөд Бурханд итгэх замыг эрж хайх талаар огт сонирхдоггүй. Тэдний зүрх сэтгэлийг Сатан булаан авч, тэд Бурханыг хүндлэх хүндлэлээ алдсан ба Сатанд анхаарлаа хандуулдаг. Гэхдээ хүнийг Бурхан бүтээсэн. Тиймээс хүн гэрчлэлээ алдсан гэдэг нь Бурханы алдрыг алдсан гэсэн үг юм. Хүн төрөлхтнийг байлдан дагуулахын зорилго нь Бурханыг гэх хүний хүндлэлийн алдар сууг эргүүлэн авах явдал юм. Үүнийг ингэж хэлж болно: Амийг эрэлхийлдэггүй хүмүүс олон байдаг; амийг эрэлхийлдэг зарим хүн байдаг ч гэсэн тоо хэмжээгээрээ тун цөөхөн. Хүмүүс ирээдүйдээ санаа зовдог бөгөөд аминд ямар ч анхаарал хандуулдаггүй. Зарим нь Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцэж, ар хударгаар нь Түүнийг шүүдэг ба үнэнийг хэрэгжүүлдэггүй. Одоогоор энэ хүмүүсийг үл ойшоодог; одоохондоо энэ төрлийн тэрслүү хөвгүүдэд юу ч хийдэггүй боловч ирээдүйд чи харанхуйд амьдран, уйлж, шүдээ хавирах болно. Чи гэрэлд амьдарч байх үедээ эрхэм нандин байдлыг нь мэдэрдэггүй боловч харанхуй шөнөөр амьдармагцаа тэрхүү эрхэм нандин байдлыг ухаарч, дараа нь харамсана. Чамд одоо зүгээр санагдаж байгаа ч харамсах өдөр чинь ирнэ. Тэрхүү өдөр ирж, харанхуй нөмрөн авч, цаашид гэрэл гэж байхаа болих үед харамсахад хэтэрхий оройтсон байна. Чи өнөөдрийн ажлыг мөн л ойлгодоггүй болохоор одоо өөрт чинь байгаа цаг хугацааг нандигнаж чаддаггүй. Бүхий л орчлон ертөнцийн ажил эхэлмэгц буюу өнөөдөр Миний хэлж байгаа бүхэн биелэх үед олон хүн толгойгоо барин, шаналан уйлна. Ингэснээрээ тэд уйлж, шүдээ хавиран харанхуйд унасан байх бус уу? Амийг үнэхээр эрэлхийлдэг, бүрэн төгс болгуулсан бүхнийг ашиглаж болдог байхад ашиглагдахад тохирохгүй бүх тэрслүү хөвгүүд харанхуйд унана. Тэд Ариун Сүнсний ажилгүй, юуны ч учрыг олох чадваргүй байна. Тиймээс тэд шийтгэлд унаад тарчлан уйлна. Хэрвээ чи ажлын энэ үе шатанд сайтар зэвсэглэж, амиа өсгөсөн бол ашиглагдахад тохирох хүн юм. Харин муухан зэвсэглэсэн бол хэдий чи ажлын дараагийн үе шатанд дуудагдсан ч гэсэн ашиглуулахад тохирохгүй—энэ үед өөрийгөө зэвсэглэхийг хүссэн ч гэсэн чамд өөр боломж олдохгүй. Бурхан явчихсан байх болно; тэгвэл одоо өмнө чинь байгаатай адил боломжийг олохын тулд чи хаашаа явах юм бэ? Бурханы биечлэн өгдөг сургуулилтыг хүлээн авахын тулд чи хаашаа явах юм бэ? Тэр үед Бурхан биечлэн үгээ хэлж, Өөрийн дуу хоолойг илэрхийлэхгүй; чи өнөөдөр хэлж байгаа зүйлийг л уншиж чадна—тэгвэл яаж амархан ойлгох юм бэ? Хожмын амьдрал яаж өнөөдрийнхөөс дээр байж чадах юм бэ? Тэр үед чи уйлж, шүдээ хавирангаа амьд үхлийг туулахгүй гэж үү? Одоо чамд ерөөл өгөгдөж байгаа боловч чи үүнийг хэрхэн эдлэхээ мэддэггүй; чи ерөөгдсөн байдал дунд амьдарч байгаа атлаа мэдэхгүй хэвээр үлддэг. Чи бол зовох заяатай гэдгийг энэ нь нотолдог! Өнөөдөр зарим хүн эсэргүүцэж, зарим нь тэрсэлж, зарим нь энэ тэрийг хийдэг бөгөөд Би үүнийг зүгээр л үл ойшоодог—гэхдээ яах гэж байгааг чинь мэддэггүй гэж бүү бод. Би та нарын мөн чанарыг ойлгодоггүй гэж үү? Яагаад Надтай сөргөлдсөөр байгаа юм бэ? Чи өөрийнхөө төлөө амь болон ерөөлийг эрэлхийлэхийн тулд Бурханд итгэдэг бус уу? Өөрийнхөө төлөө л итгэлтэй байдаг бус уу? Одоогийн хоромд Би зөвхөн үг хэлснээр байлдан дагуулалтын ажлыг хийж байгаа бөгөөд байлдан дагуулалтын энэ ажил дуусмагц төгсгөл чинь илэрхий болно. Би бүр илүү тодорхой хэлэх хэрэгтэй юу?

Өнөөдрийн байлдан дагуулалтын ажил нь хүний төгсгөл ямар байхыг ил болгохоор зорьдог. Өнөөдрийн шүүлт, гэсгээлт нь эцсийн өдрүүдийн агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм гэж яагаад хэлдэг вэ? Чи үүнийг харахгүй байна уу? Байлдан дагуулалтын ажил яагаад сүүлчийн үе шат вэ? Энэ нь яг нарийндаа төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг харуулахын төлөө байдаг бус уу? Энэ нь гэсгээлт, шүүлтээр байлдан дагуулах ажлын явцад, жинхэнэ нүүр царайгаа харуулж, дараа нь төрлийнхөө дагуу ангилагдах боломжийг хүн бүрд олгохын төлөө байдаг бус уу? Энэ нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж байгаа хэрэг гэж хэлэхийн оронд төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг харуулж байгаа хэрэг гэж хэлсэн нь дээр байж магад. Энэ нь, хүмүүсийн нүглийг шүүж, дараа нь хүний янз бүрийн төрлийг илчилж, улмаар ёрын муу, эсвэл зөв шударга эсэхийг нь шийдэх явдал юм. Байлдан дагуулалтын ажлын дараа сайныг шагнаж, мууг шийтгэх ажил явагддаг. Бүрэн дуулгавартай дагадаг буюу бүрмөсөн байлдан дагуулагдсан хүмүүсийг бүхий л орчлон ертөнцөд Бурханы ажлыг түгээх дараагийн алхамд байрлуулна; байлдан дагуулагдаагүй хүмүүсийг харанхуйд байрлуулах ба тэд гай гамшигтай тулгарна. Тиймээс хүн төрлийнхөө дагуу ангилагдаж, мууг үйлдэгчид муугийн бүлэгт ангилагдаж, дахин хэзээ ч нарны гэрэлд байхгүй бөгөөд зөв шударга хүмүүс сайнтай ангилагдан гэрлийг хүлээн авч, үүрд гэрэлд амьдарна. Бүх зүйлийн төгсгөл ойрхон байна; хүний төгсгөл нүдэнд нь тодорхой харагдсан бөгөөд бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдана. Тэгвэл хүмүүс дор бүрнээ төрлөөрөө ангилагдахын зовлонгоос хэрхэн зугтаж чадах вэ? Бүх зүйлийн төгсгөл ойртох үед төрөл бүрийн хүний төгсгөл илчлэгддэг ба энэ нь бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлын явцад (өнөөгийн ажлаас эхлээд байлдан дагуулалтын бүх ажлыг оролцуулан) хийгддэг. Бүх хүн төрөлхтний төгсгөлийг илчлэх илчлэлт нь гэсгээлтийн явцад, мөн эцсийн өдрүүдийн байлдан дагуулах ажлын явцад шүүх суудлын өмнө хийгддэг. Хүмүүсийг төрлийнх нь дагуу ангилах нь тэднийг анхдагч ангилал руу нь буцаах явдал биш, учир нь бүтээлийн цаг үед хүнийг бүтээхэд ердөө нэг төрлийн хүн байсан ба эрэгтэй, эмэгтэй хүний хооронд л зааг байсан. Олон өөр төрлийн хүн байгаагүй. Зөвхөн хэдэн мянган жилийн завхралын дараа л өөр өөр төрлийн хүмүүс гарч ирсэн бөгөөд зарим нь бузар диаволын эрхшээл дор, зарим нь муу ёрын диаволын эрхшээл дор, амийн замыг эрэлхийлдэг хүмүүс нь Төгс Хүчитийн ноёрхол дор гарч ирсэн. Ийм маягаар л хүмүүсийн дунд аажмаар анги давхарга бий болж, ингэснээр л хүмүүс, хүн төрөлхтний өнөр гэр бүл дотор хүмүүс тус тусын анги давхаргад хуваагдсан. Хүмүүс бүгд өөр өөр “эцэгтэй” болж эхэлсэн; хүн бүр бүхэлдээ Төгс Хүчитийн ноёрхол дор байдаг юм биш, учир нь хүн дэндүү тэрслүү. Зөв шударга шүүлт нь төрөл бүрийн хүний жинхэнэ төрхийг ил болгож, нууцлаг зүйл юу ч үлдээдэггүй. Гэрэлд хүн бүхэн жинхэнэ нүүр царайгаа харуулдаг. Өдгөө хүн анхных шигээ байхаа больж, өвөг дээдсийнх нь анхдагч төрх аль хэдийн үгүй болсон, учир нь Адам Евагийн тоо томшгүй олон үр удам хэдийнээ Сатанд олзлогдож, тэнгэрнарыг дахин хэзээ ч мэдэхээргүй болж, хүмүүс Сатаны бүх төрлийн хороор дүүрчээ. Тиймээс хүмүүс өөрсдөд нь тохирох хүрэх газартай байдаг. Түүнчлэн, өөр өөр хорынхоо үндсэн дээр тэд төрлөөрөө ангилагддаг, өөрөөр хэлбэл, тэд өнөөдөр байлдан дагуулагддаг хэмжээгээрээ ангилагддаг. Хүний төгсгөл нь дэлхий бүтээгдсэнээс хойш урьдчилан тогтоогдчихсон зүйл биш юм. Яагаад гэвэл, эхэндээ нэг л төрөл байсныг нийтэд нь “хүн төрөлхтөн” гэж нэрлэдэг байсан бөгөөд анх хүнийг Сатан завхруулаагүй байсан, мөн хүмүүс бүгд Бурханы гэрэлд амьдарч, ямар ч харанхуй нөмрөөгүй байв. Гэхдээ хүнийг Сатан завхруулсны дараа төрөл, зүйл бүрийн хүмүүс буюу нийтэд нь “хүн төрөлхтөн” гэж нэрлэдэг, эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс бүрдсэн гэр бүлээс гарсан төрөл, зүйл бүрийн хүмүүс газар дэлхий даяар тархсан. Тэднийг бүгдийг нь өвөг дээдэс нь удирдан хөтөлж, хамгийн дээд өвөг дээдэс болох эрэгтэй, эмэгтэй хүнээс бүрдсэн хүн төрөлхтнөөс (өөрөөр хэлбэл, хамгийн дээд өвөг дээдэс болох анхны Адам, Ева хоёроос) холдуулжээ. Тухайн үед газар дээр амьдрахдаа Еховагаар удирдуулж байсан цорын ганц хүмүүс нь израильчууд байсан билээ. Бүхий л Израилиас (анхдагч гэр бүлийн овгоос гэсэн үг) төрөл бүрийн хүмүүс үүсэн гарч, дараа нь Еховагийн удирдамжийг алдсан юм. Энэ эртний хүмүүс хүний ертөнцийн хэрэг явдлуудыг огт мэдэлгүй, өвөг дээдсээ даган, өөрсдийн эзэмшсэн газар нутагтаа амьдарч ирсэн нь өнөөг хүртэл үргэлжилжээ. Тиймээс тэд Еховагаас хэрхэн хөндийрч, өнөөдрийг хүртэл төрөл бүрийн бузар чөтгөр болон муу ёрын сүнсээр хэрхэн завхруулагдсан тухайгаа мэдэхгүй хэвээр байдаг. Өнөөг хүртэл хамгийн гүн гүнзгий завхарч, хордсон хүмүүс—эцэстээ аврагдаж чадахгүй хүмүүс—өөрсдийг нь завхруулсан бузар диаволууд буюу өөрсдийн өвөг дээдэстэй хамт явахаас өөр сонголтгүй байх болно. Эцэстээ аврагдаж чадах хүмүүс хүн төрөлхтөнд тохирох хүрэх газар буюу аврагдаж, байлдан дагуулагдсан хүмүүст зориулсан төгсгөл рүү явна. Аврагдаж болох бүх хүнийг аврахын төлөө бүхнийг хийх болно—харин мэдрэмжгүй, засаршгүй хүмүүсийн хувьд, цорын ганц сонголт нь өвөг дээдсээ даган гэсгээлтийн ёроолгүй нүх рүү унах явдал юм. Чиний төгсгөл анхнаасаа урьдчилан тогтоогдсон ба одоо л илчлэгдлээ гэж бүү бод. Хэрвээ чи тэгж боддог бол хүн төрөлхтнийг анх бүтээх үед сатанлаг төрөл тусдаа бүтээгдээгүй гэдгийг мартаа юу? Адам, Ева хоёроос бүрдсэн (зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүн бүтээгдсэн гэсэн үг) цорын ганц хүн төрөлхтөн бүтээгдсэн гэдгийг мартчихаа юу? Хэрвээ чи анхнаасаа Сатаны үр удам байсан бол, Ехова хүнийг бүтээхдээ Өөрийн бүтээлд сатанлаг бүлгийг багтаасан гэсэн үг болох бус уу? Тэр үнэхээр тиймэрхүү зүйл хийх байсан гэж үү? Тэрээр Өөрийнхөө гэрчлэлийн төлөө хүнийг бүтээсэн; Өөрийнхөө алдрын төлөө хүнийг бүтээсэн. Санаатайгаар Өөрийг нь эсэргүүцэх Сатаны үр удмын төрлийг Тэр яагаад зориуд бүтээнэ гэж? Ехова яаж ийм зүйл хийж чадах юм бэ? Хэрвээ тэгсэн бол хэн Түүнийг зөвт Бурхан гэж хэлэх юм бэ? Та нарын зарим нь эцэстээ Сатантай хамт явах болно гэж одоо хэлж байгаа минь чи анхнаасаа Сатантай хамт байсан гэсэн үг биш; харин ч, Бурхан чамайг аврах гэж оролдсон ч гэсэн чи тэрхүү авралыг хүртэж чадахааргүй болтлоо доройтсон гэсэн үг юм. Чамайг Сатантай хамт ангилахаас өөр сонголт үгүй. Чи аврагдахын аргагүй учраас ийм байгаа бөгөөд Бурхан чамд шударга бус хандаж, хувь заяаг чинь санаатайгаар Сатаны биелэл болгон тогтоож, улмаар чамайг Сатантай хамт ангилж, зориуд зовоохыг хүсдэгээс болж байгаа юм биш. Энэ нь байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн биш. Хэрвээ чи ингэж итгэдэг бол ойлголт чинь маш өрөөсгөл байна! Байлдан дагуулахлтынэцсийн үе шат нь хүмүүсийг аварч, тэдний төгсгөлийг илчлэх учиртай. Энэ нь, шүүлтээр дамжуулан хүмүүсийн доройтлыг ил болгож, улмаар гэмшиж, өндийн босож, амь болоод хүний амьдралын зөв замыг эрэлхийлэхэд тэднийг хүргэх явдал юм. Энэ нь хөшүүн, маанаг хүмүүсийн зүрх сэтгэлийг сэрээж, шүүлтээр дамжуулан доторх тэрслүү байдлыг нь харуулахын төлөө байдаг. Гэсэн хэдий ч, хүмүүс гэмшиж чадахгүй, хүний амьдралын зөв замыг эрэлхийлж чадахгүй, эдгээр завхралыг хөсөр хаях чадваргүй хэвээр байвал аврагдах аргагүй бөгөөд Сатанд залгиулна. Хүмүүсийг аварч, бас тэдний төгсгөлийг харуулах нь Бурханы байлдан дагуулалтын ач холбогдол билээ. Сайн, муу төгсгөл нь бүгд байлдан дагуулалтын ажлаар илчлэгддэг. Хүмүүс аврагдах, хараагдах эсэх нь бүгд байлдан дагуулалтын ажлын явцад илчлэгддэг.

Эцсийн өдрүүд нь байлдан дагуулалтаар дамжуулан бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үе юм. Байлдан дагуулах нь эцсийн өдрүүдийн ажил; өөрөөр хэлбэл, хүн бүрийн нүглийг шүүх нь эцсийн өдрүүдийн ажил билээ. Эс бөгөөс, хүмүүсийг яаж ангилж чадах юм бэ? Та нарын дунд хийгдэж байгаа ангилах ажил нь бүхий л орчлон ертөнц дэх ийм ажлын эхлэл юм. Үүний дараа, бүх газар нутгийн хүмүүс болон бүх ард түмэн ч бас байлдан дагуулалтын ажлыг хүлээн авна. Энэ нь, бүтээл дэх хүн бүр төрлөөрөө ангилагдаж, шүүгдэхийн тулд шүүх суудлын өмнө захирагдана гэсэн үг юм. Хэн ч, юу ч энэхүү гэсгээлт, шүүлтийг туулахаас зугтаж чадахгүй, мөн төрлөөрөө ангилагддаггүй ямар ч хүн, ямар ч зүйл үгүй; хүн бүр ангилагдана, учир нь бүх зүйлийн төгсгөл ойртож, тэнгэр, газар бүгд төгсгөлдөө хүрсэн. Хүний оршин тогтнолын сүүлчийн өдрүүдээс хүн хэрхэн зугтаж чадах билээ? Тиймээс та нарын дуулгаваргүй үйл хэр удаан үргэлжилж чадах вэ? Эцсийн өдрүүд чинь ойрхон байгааг та нар харахгүй байна гэж үү? Бурханыг хүндэлж, Түүний гарч ирэхийг хүсэн хүлээдэг хүмүүс Бурханы зөвт байдлын илрэлтийн өдрийг харахгүй байж яаж чадах юм бэ? Тэд сайн сайхан байдлын сүүлчийн шагналыг хүлээн авахгүй байж яаж чадах билээ? Чи сайныг хийдэг нэгэн үү, эсвэл ёрын мууг хийдэг нэгэн үү? Чи зөв шударга шүүлтийг хүлээн зөвшөөрөөд, дуулгавартай дагадаг нэгэн үү, эсвэл зөв шударга шүүлтийг хүлээн зөвшөөрөөд, дараа нь хараагддаг нэгэн үү? Чи шүүх суудлын өмнө гэрэлд амьдардаг уу, эсвэл Үхэгсдийн оронд харанхуйн дунд амьдардаг уу? Төгсгөл чинь шагнал байх уу, эсвэл шийтгэл байх уу гэдгийг хамгийн тодорхой мэддэг хүн чи өөрөө биш гэж үү? Бурхан бол зөвт гэдгийг хамгийн тодорхой мэдэж, хамгийн гүнзгий ойлгодог нэгэн чи биш гэж үү? Тэгвэл биеэ авч явах байдал болон зүрх сэтгэл чинь яг чухамдаа ямар вэ? Өнөөдөр чамайг байлдан дагуулахдаа Би, зан авир чинь сайн, муу эсэхийг үнэхээр нэг бүрчлэн хэлэх хэрэгтэй гэж үү? Чи Миний төлөө хэр ихийг орхисон бэ? Чи Надад хэр гүн гүнзгий шүтэн мөргөдөг вэ? Надад хэрхэн ханддагаа чи өөрөө хамгийн сайн мэддэг бус уу? Эцэстээ ямар үр дүнтэй тулгарахаа чи хэнээс ч илүү сайн мэдэж байх ёстой! Би чамд үнэнээсээ хэлж байна: Би зөвхөн хүн төрөлхтнийг бүтээж, чамайг бүтээсэн боловч та нарыг Сатанд өгөөгүй; Миний эсрэг тэрсэлж, Намайг эсэргүүцэж, улмаар Надаар шийтгүүлэхэд Би та нарыг зориуд хүргээгүй. Энэ бүх гай гамшиг, зовлон шаналал нь зүрх сэтгэл чинь хэтэрхий хатуу, биеэ авч явах байдал чинь хэтэрхий жигшүүртэй байснаас болоогүй гэж үү? Тэгвэл өөрсдөд чинь тулгарах төгсгөлийг та нар өөрсдөө тодорхойлдог бус уу? Та нар хэрхэн төгсөхөө зүрх сэтгэлдээ хэнээс ч илүү сайн мэддэг бус уу? Би хүмүүсийг байлдан дагуулдгийн шалтгаан нь тэднийг илчлэхийн төлөө, мөн чамайг илүү сайн аврахын төлөө байдаг. Энэ нь чамаар мууг үйлдүүлэхийн төлөө байдаггүй, чамайг зориуд сүйрлийн там руу алхуулахын төлөө ч байдаггүй. Цаг нь ирэх үед асар их зовлон чинь, уйлж, шүдээ хавирах чинь бүгд чиний нүглээс болохгүй гэж үү? Тиймээс сайн сайхан, эсвэл хорон муу чинь чамайг хамгийн сайн шүүдэггүй гэж үү? Чиний төгсгөл ямар байхын хамгийн сайн нотолгоо энэ биш гэж үү?

Өнөөдөр Би бүх тэрслүү зан чанарыг нь илчилж, бүх муу муухай байдлыг нь ил болгохын тулд Хятад дахь, Бурханы сонгосон хүмүүс дээр ажилладаг бөгөөд хэлэх хэрэгтэй бүхнээ хэлж байгаагийн минь нөхцөл байдал энэ юм. Дараа нь Би бүх орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлын дараагийн алхмыг хийхдээ бүхий л орчлон ертөнц дээрх хүн бүрийн зөв шударга бусыг шүүхдээ та нарыг шүүх шүүлтээ ашиглана, учир нь хүмүүс та нар бол хүн төрөлхтний дундах тэрслүү хүмүүсийн төлөөлөгчид билээ. Урагшилж сайжирч чаддаггүй хүмүүс ердөө л товойлгогч, хүчин зүтгэгчид болно, харин сайжирч чаддаг хүмүүс ашиглагдана. Урагшилж сайжирч чадахгүй хүмүүс зөвхөн товойлгогч болж үйлчилнэ гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь Миний өнөөгийн үг, ажил бүгд та нарын нөхцөл байдлыг онилдог, мөн та нар бүх хүн төрөлхтний дундах тэрслүү хүмүүсийн төлөөлөл, загвар болсон. Хожим нь Би та нарыг байлдан дагуулдаг эдгээр үгийг харийн улс орнуудад аваачиж, тэндхийн хүмүүсийг байлдан дагуулахад ашиглана, гэсэн ч чи тэдгээрийг олж аваагүй байх болно. Тэр нь та нарыг товойлгогч болгохгүй гэж үү? Бүх хүн төрөлхтний завхарсан зан чанар, хүний тэрслүү үйлс, хүний муухай дүр төрх, нүүр царай бүгд, өнөөдөр та нарыг байлдан дагуулахад ашигласан үгэнд тэмдэглэгддэг. Та нар үлгэр дуурайл, өмнөх жишээ учраас улс үндэстэн, урсгал бүрийн хүмүүсийг байлдан дагуулахын тулд Би эдгээр үгийг ашиглана. Гэхдээ Би та нарыг зориуд орхихоор төлөвлөөгүй; хэрвээ чи эрэл хайгуулаа сайн хийж чадалгүй, улмаар засаршгүй гэдгээ нотолбол зүгээр л хүчин зүтгэгч, товойлгогч болохгүй гэж үү? Миний мэргэн ухаан Сатаны арга мэхэнд үндэслэн хэрэгждэг гэдгийг Би нэгэнтээ хэлсэн. Яагаад Би тэгж хэлсэн бэ? Миний яг одоо хэлж, хийж байгаа зүйлийн ар дахь үнэн энэ биш гэж үү? Хэрвээ чи урагшлан сайжирч чадахгүй бол, хэрвээ чи төгс болгуулалгүй, харин ч шийтгүүлдэг бол товойлгогч болохгүй гэж үү? Магадгүй чи амьдралдаа асар их зовсон байж болох ч юу ч ойлгоогүй хэвээр байгаа; чи амийн талаар юу ч мэддэггүй. Гэсгээгдэж, шүүгдсэн хэдий ч чи огт өөрчлөгдөөгүй бөгөөд сэтгэлийн гүндээ амийг олж аваагүй. Чиний ажлыг турших цаг ирэх үед чи гал мэт ширүүн шалгалтыг болон бүр ч их гай зовлонг туулна. Энэхүү гал бүхий л оршихуйг чинь үнс нурам болгон хувиргана. Амийг эзэмшдэггүй хүн, дотроо өчүүхэн төдий ч шижир алтгүй хүн, завхарсан хуучин зан чанартайгаа зууралдсан хүн, товойлгогч байхыг ч сайн хийж чаддаггүй хүний хувьд чи яаж таягдан хаягдахгүй байж чадах юм бэ? Сохор зоосноос ч долоон дор үнэтэй, амьгүй хүн байлдан дагуулалтын ажилд хэрэгтэй байж чадна гэж үү? Тэр цаг ирэх үед өдөр хоногууд чинь Ноа болон Содомынхоос ч хэцүү байх болно! Тэр үед залбирлууд чинь чамд тус болохгүй. Авралын ажил хэдийнээ дуусчихсан байх үед чи яаж дараа нь буцаж ирээд, шинээр гэмшиж эхэлж чадах юм бэ? Бүх авралын ажил дуусмагц авралын ажил гэж байхаа болино; харин ёрын муу хүмүүсийг шийтгэх ажлын эхлэл л байх байна. Чи эсэргүүцэж, тэрсэлдэг бөгөөд ёрын муу гэдгийг нь мэддэг зүйлээ хийдэг. Чи хатуу чанга шийтгэлийн бай биш гэж үү? Өнөөдөр Би чиний төлөө энэ бүхнийг ойлгомжтой тайлбарлаж байна. Хэрвээ чи сонсохгүй гэж шийдвэл, хожим нь гай гамшиг тохиолдох үед харамсаж, итгэж эхэлсэн ч гэсэн хэтэрхий оройтохгүй гэж үү? Би чамд өнөөдөр гэмших боломж олгож байгаа ч чи тэгэхийг хүсэхгүй байна. Чи хэр удаан хүлээхийг хүсэж байгаа юм бэ? Гэсгээлтийн өдөр хүртэл үү? Урьдын гэм бурууг чинь Би өнөөдөр санадаггүй; Би чамайг ахин дахин уучилж, зөвхөн эерэг талыг чинь л харахын тулд чиний сөрөг талаас нүүр буруулдаг, учир нь Миний одоогийн бүх үг болон ажил чамайг аврах учиртай бөгөөд Би чамд ямар ч муу санаа агуулаагүй. Гэсэн ч чи орохоос татгалздаг; чи сайн мууг ялгаж чаддаггүй, бас сайхан сэтгэлд хэрхэн талархахаа мэддэггүй. Ийм хүмүүс зүгээр л шийтгэл болон зөв шударга цээрлүүлэлт ирэхийг хүлээдэг бус уу?

Мосе хадыг цохиход Еховагийн хайрласан ус оргилсон нь түүний итгэлээс үүдэлтэй. Давид Ехова Намайг магтан лир хөгжим хөгжимдөж, зүрх сэтгэл нь баяр баяслаар дүүрдэг байсан нь түүний итгэлээс үүдэлтэй. Иов уул толгодыг бүрхсэн мал сүрэг, асар их эд хөрөнгөө алдан, бие нь яр шарханд баригдсан нь түүний итгэлээс үүдсэн. Ехова Миний дуу хоолойг сонсож, Ехова Миний алдар сууг харж чадсан нь ч түүний итгэлээс үүдэлтэй. Есүс Христийг Петр дагаж чадсан нь түүний итгэлээс улбаатай. Миний төлөө загалмайд цовдлогдож, алдар суут гэрчлэл хийж чадсан нь ч түүний итгэлээс улбаатай. Хүний Хүүгийн алдар суут дүрийг Иохан харсан нь түүний итгэлээс улбаатай. Эцсийн өдрүүдийн үзэгдлийг харсан нь түүний итгэлээс бүр ч их улбаатай. Харь үндэстний гэгдэх үй олон хүн Миний илчлэлийг олж авч, хүмүүсийн дунд ажлаа хийхээр махбодод эргэн ирсэн гэдгийг минь олж мэдсэн нь ч бас тэдний итгэлээс үүдэлтэй. Хатуу үгэнд минь цохиулдаг атлаа тэдгээрээс үүдэн тайтгарч, аврагддаг бүх хүн ч бас итгэлээсээ болж тэгдэг бус уу? Хүмүүс итгэлээсээ үүдэн маш ихийг хүлээн авсан бөгөөд энэ нь үргэлж ерөөл байдаггүй. Тэд Давидын мэдэрсэн аз жаргал, баяр хөөрийг хүлээн авахгүй, эсвэл Мосе шиг Еховагийн хайрласан усыг авахгүй байж магад. Жишээлбэл, Иов итгэлээсээ үүдэн Еховагаар ерөөгдсөн боловч бас гай гамшиг амссан. Чи ерөөгдсөн ч, эсвэл гай гамшиг амссан ч, аль аль нь ерөөлтэй үйл явдал юм. Итгэлгүйгээр чи байлдан дагуулалтын энэхүү ажлыг хүлээн авч чадахгүй, өнөөдөр нүдний чинь өмнө харагддаг Еховгийн үйл хэргийг харж бүр ч чадахгүй. Чи харж чадахгүй, тэр ч бүү хэл хүлээн авч чадахгүй байх болно. Эдгээр гай зовлон, гамшиг болон бүх шүүлт—хэрвээ эдгээр нь чамд тохиолдоогүй бол чи өнөөдөр Еховагийн үйл хэргийг харж чадах байсан уу? Өнөөдөр, итгэл нь чамд байлдан дагуулагдах боломж олгодог бөгөөд байлдан дагуулагдах нь чамд Еховагийн үйл хэрэг бүрд итгэх боломжийг олгодог. Итгэлийн улмаас л чи ийм гэсгээлт, шүүлтийг хүлээн авдаг. Энэ гэсгээлт, шүүлтээр дамжуулан чи байлдан дагуулагдаж, төгс болдог. Өнөөдөр чиний хүлээн авч байгаа ийм гэсгээлт, шүүлтгүйгээр итгэл чинь хий дэмий байх болно, учир нь чи Бурханыг мэддэггүй байна; Түүнд хэчнээн итгэсэн чинь хамаагүй, итгэл чинь бодит байдалд үндэслээгүй, хоосон илэрхийлэл төдий байна. Чамайг бүрэн дуулгавартай болгодог байлдан дагуулалтын энэ ажлыг хүлээн авсны дараа л чиний итгэл жинхэнэ, бат бөх болж, зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэдэг. “Итгэл” хэмээх энэхүү үгээс болж чи асар их шүүлт, хараал амсдаг ч гэсэн, жинхэнэ итгэлтэй байж, хамгийн жинхэнэ, хамгийн бодитой, хамгийн үнэ цэнтэй зүйлийг хүлээн авдаг. Яагаад гэвэл, зөвхөн шүүлтийн явцад л чи Бурханы бүтээлийн эцсийн хүрэх газрыг хардаг; энэхүү шүүлтээс л чи Бүтээгч хайрлагдах ёстой гэдгийг хардаг; ийм байлдан дагуулалтын ажлаас л чи Бурханы гарыг хардаг; энэ байлдан дагуулалтаас чи хүний амьдралыг бүрэн ойлгож эхэлдэг; энэ байлдан дагуулалтаас чи хүний амьдралын зөв замыг олж авч, “хүн” гэдгийн жинхэнэ утга учрыг ойлгож эхэлдэг; зөвхөн энэ байлдан дагуулалтаас л чи Төгс Хүчитийн зөвт зан чанар болон үзэсгэлэнтэй сайхан, алдарт дүр төрхийг хардаг; энэхүү байлдан дагуулалтын ажлаас л чи хүний гарал үүслийг мэдэж авч, бүх хүн төрөлхтний “үхэшгүй мөнхийн түүхийг” ойлгодог; энэ байлдан дагуулалтаас л чи хүн төрөлхтний өвөг дээдэс болоод хүн төрөлхтний завхралын уг сурвалжийг танин мэдэж авдаг; энэ байлдан дагуулалтаас чи баяр хөөр, тайтгарал, түүнчлэн эцэс төгсгөлгүй цээрлүүлэлт, сахилгажуулалт болон Бүтээгчээс Өөрийн бүтээсэн хүн төрөлхтөнд өгсөн зэмлэлийн үгийг хүлээн авдаг; энэ байлдан дагуулалтын ажлаас чи ерөөл хүлээн авдаг, мөн хүний хүртэх ёстой гай гамшгийг хүлээн авдаг… Энэ нь бүгд өчүүхэн итгэлээс чинь болж байгаа бус уу? Эдгээр зүйлийг олж авсны дараа итгэл чинь өсөөгүй гэж үү? Чи үлэмж ихийг олж аваагүй гэж үү? Бурханы үгийг сонсож, Бурханы мэргэн ухааныг харснаар үл барам, чи бас ажлын алхам бүрийг биечлэн туулсан. Хэрвээ итгэлгүй байсан бол ийм төрлийн гэсгээлт, эсвэл ийм төрлийн шүүлтийг амсахгүй байх байсан гэж чи хэлж магадгүй. Гэвч итгэлгүйгээр чи Төгс Хүчитээс ийм гэсгээлт, ийм халамжийг хүлээн авч чадахгүйгээр зогсохгүй, Бүтээгчтэй уулзах боломжоо үүрд алдах байсан гэдгээ мэдэж байх ёстой. Чи хүн төрөлхтний гарал үүслийг хэзээ ч мэдэхгүй, хүний амьдралын ач холбогдлыг хэзээ ч ойлгохгүй байх байсан. Бие чинь үхэж, сүнс чинь одсон ч гэсэн чи Бүтээгчийн бүх үйл хэргийг мөн л ойлгож чадахгүй байх байсан, тэр ч бүү хэл, Бүтээгч хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа газар дээр үнэхээр агуу ажил хийсэн гэдгийг мэдэхгүй байх байв. Түүний бүтээсэн энэхүү хүн төрөлхтний нэгэн гишүүн болохын хувьд чи ийм маягаар мунхаглан харанхуй руу унаж, мөнхийн шийтгэл амсахыг хүсэж байна уу? Хэрвээ чи өөрийгөө өнөөдрийн гэсгээлт, шүүлтээс салгавал чамд юу тулгарах вэ? Өнөөгийн шүүлтээс салмагц энэхүү хүнд хэцүү амьдралаас зугтаж чадна гэж чи бодож байна уу? Хэрвээ чи “энэ газрыг” орхиж явбал зовлонт тарчлаан, эсвэл диаволын учруулсан харгис хүчирхийлэлтэй л тулгарна гэдэг худлаа гэж үү? Тэвчихийн аргагүй өдөр, шөнүүд тулгарч магад бус уу? Өнөөдрийн энэ шүүлтээс л зугтдаг учраас чи ирээдүйн тарчлаанаас үүрд зайлж чадна гэж бодож байна уу? Чиний замд юу тулгарах вэ? Энэ нь үнэхээр чиний хүсдэг Диваажингийн орон байх юм гэж үү? Чи одоогийнх шигээ бодит байдлаас зугтсанаар хожмын мөнхийн гэсгээлтээс зайлж чадна гэж бодож байна уу? Өнөөдрөөс хойш чи ийм боломж, ийм ерөөлийг дахиад ер нь олж чадах уу? Гай гамшиг чамд тохиолдох үед чи тэдгээрийг олж чадах уу? Бүх хүн төрөлхтөн амралтад орох үед чи тэдгээрийг олж чадах уу? Өнөөгийн аз жаргалтай амьдрал болон эв зохицолтой бяцхан гэр бүл чинь ирээдүйн мөнхийн хүрэх газрыг чинь орлож чадах уу? Хэрвээ чи жинхэнэ итгэлтэй бол, мөн хэрвээ чи итгэлээсээ үүдэн асар ихийг олж авдаг бол тэр бүхэн нь бүтээгдсэн зүйл болох чиний олж авах ёстой, бас анхнаасаа чамд байх ёстой байсан зүйл юм. Ийм байлдан дагуулалт чиний итгэл болон аминд хамгийн их ач тустай.

Өнөөдөр чи, байлдан дагуулагддаг хүмүүсээс Бурхан юу шаарддагийг, төгс болгуулдаг хүмүүст хандах Түүний хандлага ямар болохыг, мөн одоо юунд орох ёстойгоо ойлгох хэрэгтэй. Зарим зүйлийг нь чи бага зэрэг л ойлгох хэрэгтэй. Нууцын тухай зарим үгийг чи судалж шинжлэх хэрэггүй; тэдгээр нь аминд тийм ч их нэмэргүй бөгөөд хальт харахад л болно. Тэгээд Адам Ева хоёрын нууц гэх мэт нууцуудыг буюу тухайн үед Адам, Ева хоёр ямар байсан, Бурхан өнөөдөр ямар ажил хийхийг хүсдэг зэргийг уншиж болно. Хүнийг байлдан дагуулж, төгс болгохдоо Бурхан түүнийг Адам, Ева хоёрын байсан байдалд буцаан аваачихыг хүсдэгийг чи ойлгох хэрэгтэй. Бурханы стандартад нийцэхийн тулд хүрэх ёстой төгс төгөлдрийн түвшний талаар сайн мэддэг байж, үүнд хүрэхээр хичээх ёстой. Энэ нь чиний хэрэгжүүлэлттэй хамаатай бөгөөд чиний ойлгох ёстой зүйл юм. Эдгээр асуудлын тухайд чи Бурханы үгийн дагуу орохоор эрж хайхад хангалттай. “Хүн төрөлхтний хөгжлийн түүх хэдэн арван мянган жилийн тэртээгээс эхэлсэн” гэдгийг унших үедээ чи сониуч болдог тул ах эгч нарын хамтаар хариулт олохоор оролддог. “Хүн төрөлхтний хөгжил зургаан мянган жилийн өмнөөс эхэлсэн гэж Бурхан хэлдэг биз дээ? Тэгвэл энэ хэдэн арван мянган жил гэдэг нь юу гэсэн үг вэ?” Энэ асуултын хариултыг олохоор оролдох нь ямар хэрэгтэй юм бэ? Бурхан Өөрөө хэдэн арван мянган жилийн турш, эсвэл хэдэн зуун сая жилийн турш ажилласаар ирсэн—энэ талаар мэдэх чинь Түүнд үнэхээр хэрэгтэй гэж үү? Энэ нь бүтээгдсэн зүйл болох чиний мэдэх хэрэгтэй зүйл биш. Чи иймэрхүү яриаг цухасхан авч үзэхэд л болно; үүнийг үзэгдэл шиг ойлгохоор бүү оролд. Чи өнөөдөр юунд орж, ойлгох ёстойгоо мэддэг байх хэрэгтэй, тэгээд энэ талаар баттай ойлгодог байх хэрэгтэй. Тэр үед л чи байлдан дагуулагдана. Дээрхийг уншсаны дараа чамд хэвийн хариу үйлдэл байх ёстой: Бурхан асар их түгшиж байгаа, Тэрээр биднийг байлдан дагуулж, алдар суу болон гэрчлэлийг олж авахыг хүсдэг, тэгвэл бид Түүнтэй хэрхэн хамтран ажиллах ёстой вэ? Түүгээр бүрэн байлдан дагуулагдаж, Түүний гэрчлэл болохын тулд бид юу хийх ёстой вэ? Бурханд алдар суу олж авах боломж олгохын тулд юу хийх ёстой вэ? Өөрсдийгөө Сатаны эрхшээл дор биш, харин Бурханы ноёрхол дор амьдруулахын тулд бид юу хийх ёстой вэ? Энэ нь хүмүүсийн бодож байх ёстой зүйл юм. Бурханы байлдан дагуулалтын ач холбогдлын талаар та нар дор бүрнээ тодорхой мэдэж байх ёстой. Тэр бол та нарын хариуцлага. Ингэж тодорхой ойлгосныхоо дараа л та нар оролттой байж, ажлын энэ үе шатыг мэдэж, бүрэн дуулгавартай болох болно. Эс бөгөөс, та нар жинхэнэ дуулгавартай байдалд хүрэхгүй.

Өмнөх: Хэрэгжүүлэлт 5

Дараах: Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих