Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой захиргааны арван зарлиг
1. Хүн өөрийгөө дөвийлгөж, өргөмжлөх ёсгүй. Бурханыг шүтэн мөргөж, өргөмжлөх ёстой.
2. Бурханы ажилд ашигтай бүхнийг хий, харин Бурханы ажлын ашиг сонирхолд хор хүргэх юуг ч бүү хий. Бурханы нэр, Бурханы гэрчлэл, Бурханы ажлыг хамгаал.
3. Бурханы гэр дэх мөнгө, материаллаг эд зүйл болон бүх эд хөрөнгө нь хүмүүсийн өргөх ёстой тахил юм. Эдгээр тахилыг өөр хэн ч биш, тахилч болон Бурхан л эдэлж болно, учир нь хүний өргөсөн тахил Бурханы таашаалд зориулагддаг. Бурхан эдгээр тахилыг зөвхөн тахилчтай хуваалцдаг ба өөр хэн ч тахилын аль нэг хэсгийг эдлэх эрхгүй, эдлэхэд ч тохирохгүй. Хүний өргөсөн бүх тахил (мөнгө болон эдэлж болох материаллаг эд зүйлийг оролцуулаад) хүнд биш, Бурханд өгөгддөг. Тиймээс, эдгээр зүйлийг хүн эдлэх ёсгүй; хэрвээ хүн эдлэх юм бол тахил хулгайлж байгаа хэрэг болно. Ийм зүйл хийдэг хэн боловч Иудас юм, учир нь Иудас урвагч байгаад зогсохгүй бас мөнгөний уутанд хийсэн зүйлээс зөвшөөрөлгүй авсан.
4. Хүн ялзарсан зан чанартайгаас гадна сэтгэл хөдлөлтэй байдаг. Ийм болохоор Бурханд үйлчлэх үед эсрэг хүйсийн хоёр гишүүн хоёулхнаа хамт ажиллах туйлаас хориотой. Ийм үйлдэл хийж байгаад баригдсан хэн боловч гарцаагүй хөөгдөнө, хэнийг ч ялгахгүй.
5. Чи Бурханд шүүмжлэлтэй хандах ёсгүй, Бурхантай холбоотой хэрэг явдлыг хамаагүй хэлэлцэж ч болохгүй. Чи хүний хийх учиртай зүйлсийг хийж, хүний ярих учиртайг ярь, харин хэрээс хэтэрч, хил хязгаараа давах ёсгүй. Бурханы зан чанарт халдах зүйл хийхээс сэргийлэхийн тулд хэл үгээ хянаж, зам мөрөө хичээ.
6. Чи хүний хийх учиртай зүйлийг хийж, даалгавраа хэрэгжүүлж, хариуцлагаа биелүүлж, үүргээ гүйцэтгэх ёстой. Чи Бурханд итгэдэг учир Бурханы ажилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй; хэрвээ тэгэхгүй бол чи Бурханы үгийг идэж уухад болон Бурханы гэрт амьдрахад тэнцэхгүй.
7. Чи чуулганы ажил болон хэрэг явдалд Бурханд дуулгавартай байхаас гадна, Ариун Сүнсээр ашиглагдсан хүний зааврыг бүх зүйл дээр дага. Өчүүхэн төдий ч зөрчлийг зөвшөөрөхгүй. Чанд дагаж мөрд, харин зөв бурууг бүү шинж; аль нь зөв, аль нь буруу вэ гэдэг нь чамд ямар ч хамааралгүй. Чи бүрэн дуулгавартай байхад л анхаарах ёстой.
8. Бурханд итгэдэг хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөх ёстой. Чи ямар нэг хүнийг өргөмжилж, эсвэл бишрэн шүтэх ёсгүй; чи Бурханыг эн тэргүүнд, хүндэлдэг хүмүүсээ хоёрдугаарт, өөрийгөө гуравдугаарт тавих учиргүй. Ямар ч хүн зүрх сэтгэлд чинь орон зай эзлэх ёсгүй ба чи хүмүүсийг, ялангуяа өөрийнхөө дээдэлдэг хүмүүсийг Бурхантай дүйцүүлж, адилтган бодох ёсгүй. Бурхан үүнийг тэвчихгүй.
9. Ухаан бодлоо чуулганы ажил дээр төвлөрүүл. Махан биеийнхээ хэтийн ирээдүйг хойш тавьж, гэр бүлийн хэрэг явдал дээр шийдэмгий байж, Бурханы ажилд бүхий л зүрх сэтгэлээсээ өөрийгөө зориулж, Бурханы ажлыг эн тэргүүнд тавин, өөрийн амьдралыг хоёрдугаарт тавь. Энэ бол ариун хүний ёс журам юм.
10. Чи итгэл үнэмшилгүй төрөл төрөгсдөө (үр хүүхэд, хань ижил, эгч дүүс, эцэг эх гэх мэт) хүчээр чуулганд оруулах ёсгүй. Бурханы гэр гишүүдээр дутахгүй бөгөөд ашиггүй хүмүүсээр орон тоо дүүргэх хэрэг үгүй. Дуртайяа итгэдэггүй бүх хүнийг чуулган руу хөтлөх ёсгүй. Энэ зарлиг бүх хүнд хамаатай. Энэ талаар та нар бие биеэ хянаж, шалгаж, нэг нэгэндээ сануулж байх ёстой бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй. Итгэл үнэмшилгүй төрөл төрөгсөд чуулганд дурамжхан орж ирсэн ч гэсэн, тэдэнд ном өгч, шинэ нэр оноох ёсгүй; ийм хүмүүс Бурханы гэрт харьяалагддаггүй бөгөөд чуулганд орохыг нь шаардлагатай бүх аргаар зогсоох хэрэгтэй. Хэрвээ чөтгөрүүдийн халдлагаас үүдэн чуулганд хүндрэл учирвал өөрийг чинь чуулганаас хөөж, өөрт чинь хязгаарлалт тогтоох болно. Товчоор хэлбэл, энэ хэрэгт бүх хүн хариуцлага хүлээнэ, гэхдээ чи болчимгүй загнаж, хувийн өс хонзон авахад үүнийг ашиглаж болохгүй.