30-р бүлэг

Хүмүүсийн дунд Би нэгэнтээ хүний дуулгаваргүй байдал болон сул талыг нэгтгэн дүгнэсэн бөгөөд тиймээс Би хүний сул талыг ойлгож, түүний дуулгаваргүй байдлыг мэдэж авсан. Хүмүүсийн дунд хүрэлцэн ирэхээсээ өмнө Би хүмүүсийн дундах баяр хөөр, уй гашууг аль эртнээс ойлгодог байсан—үүний улмаас Би хүний чадахгүй зүйлийг хийж, хүний чадахгүй зүйлийг хэлэх чадвартай бөгөөд Би тэдгээрийг маш амархан хийдэг. Энэ нь хүн бид хоёрын хоорондох ялгаа биш гэж үү? Энэ нь тодорхой ялгаа биш гэж үү? Миний ажлыг мах, цуснаас бүрдсэн хүмүүс хийж чадна гэж үү? Би бүтээгдсэн зүйлстэй адил төрлийнх байж болох уу? Хүмүүс Намайг “ижил төстэй зүйл” гэж ангилсан—тэд Намайг мэддэггүй учраас ингэж байгаа биш гэж үү? Хүмүүсийн дунд өндөрт мандахын оронд Би яагаад Өөрийгөө даруу болгох ёстой юм бэ? Яагаад хүн төрөлхтөн Надаас татгалзсаар байдаг вэ, яагаад хүн төрөлхтөн Миний нэрийг тунхаглах чадваргүй байдаг вэ? Миний зүрх сэтгэлд асар их уй гашуу байдаг боловч хүмүүс яаж мэдэх билээ? Тэд яаж харж чадах билээ? Миний санаа зовдог зүйлсийг хэзээ ч өөрсдийн амьдралын хамгийн чухал зүйл гэж үздэггүй байсан болохоор хүмүүс нойрсуулах эм дөнгөж уучхаад байгаа мэт гайхширч, будилж орхижээ; Намайг тэднийг дуудах үед тэд зүүдэлсээр л байсан болохоор хэн ч хэзээ ч Миний үйл хэргийн талаар мэдэж байгаагүй. Өнөөдөр ихэнх хүн бөх нойрссон хэвээр байна. Хаанчлалын сүлд дуу эгшиглэх үед л тэд нойрмог нүдээ нээж, зүрх сэтгэлдээ бага зэргийн уйтгар мэдэрдэг. Миний саваа хүн төрөлхтний дунд буух үед, тэд яг л хувь заяа нь далайн элсний ч үнэ цэнгүй мэт бас л өчүүхэн төдий анхаарал хандуулдаг. Хэдийгээр тэдний ихэнх нь зарим нэг ойлголттой байдаг боловч Миний алхмууд хэр хол ахисныг тэд мэдэхгүй л байгаа—учир нь хүмүүс Миний зүрх сэтгэлийг ойлгох гэж хичээдэггүй, иймээс өөрсдийгөө Сатаны хүлээснээс чөлөөлж хэзээ ч чадаагүй юм. Би бүх зүйлийн дээгүүр хөдөлж, бүх зүйлийн дунд амьдардаг ба үүний зэрэгцээ Би бүх хүний зүрх сэтгэлийн төвд байдаг. Ийм учраас хүмүүс Намайг ер бусын эсвэл ойлгохын аргагүй нэгэн гэж итгээд Намайг өөр гэж хардаг—үр дүнд нь Надад итгэх тэдний итгэл өдөр ирэх бүр улам хүчтэй болдог. Би нэгэн удаа гуравдагч тэнгэрт хажуулж байгаад орчлон ертөнц дэх бүх хүн болон зүйлийг ажигласан. Намайг унтах үед хүмүүс Миний амралтыг үймүүлэхээс ихэд эмээж чимээгүй болдог. Намайг сэрэх үед тэд нэн даруй хөдөлгөөнд орж, Надад баяр хөөр авчрах ажлыг зориуд хийж байгаа мэт байдаг. Газар дээрх хүмүүсийн Надад хандах хандлага энэ биш гэж үү? Өнөөдрийн хүмүүсийн дундаас хэн нь тэнгэр дэх болон газар дээрх Намайг нэг гэдгийг харсан юм бэ? Тэнгэр дэх Намайг дээдлэн хүндэлдэггүй хэн байна вэ? Мөн газар дээрх Намайг дорд үздэггүй хэн байна вэ? Хүн яагаад Намайг үргэлж тасчин хаядаг юм бэ? Хүн яагаад үргэлж Надад хоёр өөр хандлагаар ханддаг юм бэ? Газар дээрх бие махбодтой болсон Бурхан нь тэнгэрт бүхнийг захирдаг Бурхан биш гэж үү? Тэнгэр дэх Би одоо газар дээр байгаа биш гэж үү? Яагаад хүмүүс Намайг хардаг боловч Намайг мэддэггүй юм бэ? Яагаад тэнгэр газрын хооронд тийм их зай байдаг юм бэ? Эдгээр зүйл хүнээр гүнзгий судлуулах үнэ цэнгүй гэж үү?

Хүмүүсийн үнэрлэх мэдрэхүй нь Минийхээс илүү хурц, тэд хурц амт шимтийг илүүд үздэг аятай, бас Би хүнд юу хэрэгтэйг мэддэггүй болохоор хүнд “төвөг удаж” ажлаа “хамжилцуулах”-гүй л бол болохгүй байдаг юм шиг Намайг ажлаа хийх үед болон айлдвараа өгч байх үеэр хүмүүс үргэлж “хачир” нэмэхийг хүсдэг. Би хүмүүсийн өөдрөг байдлыг санаатайгаар мохоодоггүй боловч Намайг мэдсэний үндсэн дээр өөрсдийгөө цэвэрлэхийг тэднээс хүсдэг. Тэд дэндүү их дутагдалтай учраас Би тэдэнд Миний зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд илүү их хүчин чармайлт гаргаж, түүгээрээ дутагдлуудаа нөхөхийг зөвлөдөг юм. Хүмүүс нэгэн цагт Намайг үзэлдээ мэддэг байсан мөртөө үүнийгээ огт гадарладаггүй байсан, тиймээс тэд элсийг алт мэт үзэж нандигнадаг байв. Намайг тэдэнд сануулахад тэд нэг хэсгээс нь л ангижирсан боловч тэр үгүй болгосон хэсгээ алт, мөнгөн зүйлсээр орлуулахын оронд гартаа үлдсэн хэсгийг л үргэлжлүүлэн эдэлсээр байсан юм—тийм болохоор л тэд Миний өмнө үргэлж даруу агаад тэвчээртэй байдаг; тэд Надтай нийцтэй байх чадваргүй, учир нь тэдэнд хэтэрхий олон үзэл байдаг. Тиймээс хүнд юу байгаа болон тэр юу болох бүхнийг нь Би хурааж аваад, холын холд чулуудахаар шийдсэн, ингэснээр бүгд Надтай хамт амьдарч чадах ба Надаас тусдаа байхаа болих юм. Миний ажлаас болоод хүн Миний хүслийг ойлгодоггүй. Би хоёр дахь удаагаа Өөрийн ажлыг төгсгөж, тэднийг там руу шидэх болно гэж зарим нь итгэдэг. Зарим нь Намайг үг хэлэх шинэ арга барил авч хэрэгжүүлнэ гэж итгэдэг ба тэдний ихэнх нь айн дагждаг: Намайг Өөрийн ажлыг дуусгаад, өөрсдийгөө очих газаргүй болж үлдэнэ гэхээс үлэмж эмээдэг бөгөөд тэднийг Би бас дахин хаяж явах вий гэж үнэхээр айдаг. Миний шинэ ажлыг хэмжихдээ хүмүүс үргэлж хуучин үзлээ ашигладаг. Миний ажилладаг арга барилыг хүмүүс хэзээ ч ухаарч байгаагүй гэж Би хэлсэн—энэ удаа тэд сайн байж чадах болов уу? Хүмүүсийн хуучин үзэл нь Миний ажилд саад болдог зэвсэг биш гэж үү? Намайг хүмүүстэй ярих үед тэд Миний нүд өөр дээр нь тогтох вий гэхээс асар их айж, үргэлж харцнаас минь буруулдаг. Тиймээс тэд Миний үзлэгийг хүлээн зөвшөөрч буй мэтээр толгойгоо бөхийлгөдөг—энэ нь тэдний үзлээс болсон биш гэж үү? Би Өөрийгөө өнөөдрийг хүртэл даруу болгосоор ирсэн байхад яагаад хэн ч, хэзээ ч анзаараагүй юм бэ? Би хүнд мэхийн ёслох ёстой юу? Би тэнгэрээс газар луу ирсэн, Би өндрөөс нууц газарт буун хүний дунд ирж, Надад байгаа бүхнээ болон Би юу болохоо түүнд илчилсэн. Миний үг чин сэтгэлийн агаад баттай, хүлцэнгүй агаад эелдэг зөөлөн—гэвч Намайг юу болох болон Надад юу байгааг харж байсан хүн хэн байна вэ? Би хүнд нууцлаг хэвээр байгаа юу? Хүнтэй уулзахад Надад яагаад ийм хэцүү байдаг юм бэ? Хүмүүс өөрсдийн ажилд автаад хэтэрхий завгүй байдаг учраас уу? Би Өөрийн үүргийг умартаж, харин хүмүүс бүгд амжилтын хойноос хөөцөлдөх санаатай байдаг учраас уу?

Хүмүүсийн оюун бодолд Бурхан бол Бурхан, Түүнтэй харьцахад амаргүй, харин хүн бол хүн, хүн амархан цадигаа алдаж болохгүй—гэсэн ч хүмүүсийн үйл хэргийг Миний өмнө авчирч болохгүй хэвээр байна. Миний шаардлага хэтэрхий өндөр байна гэж үү? Хүн хэтэрхий сул дорой байна гэж үү? Яагаад хүмүүс Миний шаарддаг стандартыг үргэлж холоос хардаг юм бэ? Тэдгээр нь үнэхээр хүн хүрэхийн аргагүй юм уу? Миний шаардлагууд хүмүүсийн “бие бялдар” дээр үндэслэн тооцоологддог, иймээс хүний биеийн хэмжээнээс хэзээ ч хэтэрч байгаагүй—тэгсэн ч гэсэн хүмүүс Миний шаарддаг хэм хэмжээнд хүрэх чадваргүй хэвээр л байх юм. Тоо томшгүй олон удаа Би хүмүүсийн дунд хаягдсан, Миний бие битүү өргөстэй, тэдний хувьд жигшмээр зүйл аятай хүмүүс Над руу тоо томшгүй олон удаа доогтой харцаар харж байсан, тиймээс хүмүүс Надад зэвүүцэж, хэрэггүй амьтан гэж үздэг. Ийм байдлаар хүмүүс Намайг нааш цааш түлхдэг. Тоо томшгүй олон удаа хүмүүс Намайг бага үнээр гэртээ авчирсан, тоо томшгүй олон удаа тэд Намайг өндөр үнээр худалдсан бөгөөд үүний улмаас Би өнөөдрийн ийм нөхцөл байдалд орчхоод байна. Хүмүүс Надад зориулан арга заль сэдсээр байгаа мэт байдаг; тэдний ихэнх нь Намайг хэдэн зуун сая долларын ашгийн төлөө худалдахыг одоо ч хүсдэг, учир нь хүн хэзээ ч Намайг нандигнан хайрлаж байгаагүй юм. Би хүмүүсийн хоорондын зуучлагч, эсвэл тэдний бие биетэйгээ тэмцэлддэг цөмийн зэвсэг юм уу, эсвэл тэдний хоорондох гарын үсэг зурсан гэрээ болсон мэт байдаг—тийм болохоор Би бол товчхондоо хүний зүрх сэтгэлд огтхон ч үнэ цэнгүй, онцын шаардлагагүй гэр ахуйн бараа юм. Гэсэн ч үүний улмаас Би хүнийг ялладаггүй; Би хүнийг аврахаас өөрийг хийдэггүй бөгөөд хүнд үргэлж энэрэнгүй хандсаар ирсэн билээ.

Хүмүүс Намайг тамтай жич хэлэлцээ хийж байгаа мэт, Намайг хүний наймаагаар дагнасан нэг төрлийн хэлтэс мэт, Намайг хүмүүсийг луйварддаг мэргэжилтэн агаад өөрсдийг нь гартаа оруулмагцаа өндөр үнээр зарчих болохоор хүмүүсийг там руу сэтгэл амар шидчихнэ гэж үздэгг. Хүмүүс аман дээрээ ингэж хэлдэггүй боловч зүрх сэтгэлдээ боддог зүйл нь энэ юм. Хэдийгээр тэд бүгд Намайг хайрладаг боловч үүнийгээ нууцаар хийдэг. Тэдний энэ жаахан хайрын хариуд Би тийм их төлөөс төлж, маш ихийг зарлагадсан гэж үү? Хүмүүс бол хууран мэхлэгчид бөгөөд Би үргэлж мэхлэгдэгчийн дүрд тоглодог. Би хэтэрхий цайлган юм шиг байдаг: Тэд энэхүү сул талыг хармагцаа Намайг хуурч мэхэлсээр байдаг. Миний амнаас гарсан үг хүмүүсийг үхэлд хүргэж, эсвэл тэдэнд санаан зоргоор шошго наах санаа агуулаагүй—тэдгээр нь хүний бодит байдал юм. Миний зарим үг “хэтэрсэн” байж магадгүй, тийм тохиолдолд Би хүмүүсээс уучлал “гуйж” л чадна; учир нь Би хүний хэлэнд “авьяастай” биш болохоор Миний хэлдэг зүйлийн ихээхэн нь хүмүүсийн шаардлагыг хангах чадваргүй. Миний зарим үг хүмүүсийн зүрх сэтгэлийг нэвт хатгадаг байж магадгүй, иймээс Би тэвчээртэй байхыг л тэднээс “гуйж” чадна; Би хүний амьдралын гүн ухаанд мэргэшээгүй бөгөөд ярих арга барил минь цэгцтэй биш болохоор Миний олон үг хүмүүст ичгэвтэр санагддаг. Миний зарим үг хүмүүсийн өвчин эмгэгийн уг руу нь ярьж, тэдний өвчнийг ил болгодог байж магадгүй, иймээс Миний чамд зориулан бэлтгэсэн эмийг уухыг зөвлөж байна, учир нь Надад чамайг өвтгөх санаа байхгүй бөгөөд энэ эм ямар ч гаж нөлөөгүй. Миний зарим үг “бодитой” сонсогддоггүй байж магадгүй ч Би хүмүүсээс сандарч тэвдэхгүй байхыг “гуйдаг”—Миний гар хөл “хурдан шаламгай” биш, иймээс Миний үг хараахан биелээгүй байгаа. Надад “хүлээцтэй” хандахыг Би хүмүүсээс хүсдэг. Эдгээр үг хүмүүст тустай юу? Хүмүүс эдгээр үгээс ямар нэгэн зүйлийг олж авч чадна гэж, ингэснээр Миний үг үргэлж талаар өнгөрөхгүй гэж Би найдаж байна!

1992 оны 4 дүгээр сарын 9

Өмнөх: 29-р бүлэг

Дараах: 31-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих