Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой

Чи Бурханд итгэдэг бол Бурханыг дуулгавартай дагаж, үнэнийг хэрэгжүүлэн бүх үүргээ биелүүлэх ёстой. Үүнээс гадна чи туршлагажих хэрэгтэй зүйлсээ ойлгох ёстой. Чи зөвхөн харьцалт, сахилгажуулалт, шүүлтийг туулж, Бурханд дуртай байж чаддаг мөртөө Бурхан чамайг сахилгажуулж, чамтай харьцаж байгааг мэдэрч чадахгүй л байгаад байх юм бол энэ чинь хүлээн зөвшөөрөхийн аргагүй зүйл юм. Магадгүй энэ удаагийн цэвэршүүлэлтэд чи дороо бат зогсож чадах ч энэ чинь бас л хангалтгүй; чи урагш алхсаар байх ёстой. Бурханыг хайрлах хичээл хэзээ ч дуусдаггүй бөгөөд эцэс төгсгөл гэж үгүй. Бурханд итгэх нь туйлын энгийн зүйл гэж хүмүүс үздэг боловч бодитой туршлага олж авмагцаа Бурханд итгэх итгэл нь хүмүүсийн төсөөлдөг шиг хялбар зүйл биш гэдгийг ухамсарладаг. Бурхан хүнийг цэвэршүүлэхээр ажиллах үед хүн зовдог. Хүний цэвэршүүлэлт их байх тусам түүний Бурханыг хайрлах хайр өсөн нэмэгдэж, Бурханы сүр хүч түүнд илүү ихээр илчлэгдэх болно. Эсрэгээрээ, хүн цэвэршүүлэлт бага хүртэх тусам Бурханыг хайрлах түүний хайр өсөн нэмэгдэх нь багасаж, Бурханы сүр хүч түүнд илчлэгдэх нь ч багасна. Хүний цэвэршүүлэлт, зовлон шаналал их байх тусам, тарчлалыг илүү их туулах тусам, түүний Бурханыг хайрлах хайр улам гүнзгийрч, Бурханд итгэх итгэл нь илүү үнэн бодитой, Бурханы талаарх мэдлэг нь илүү гүн гүнзгий болдог. Цэвэршүүлэгдэх явцдаа ихээхэн зовж, ихээхэн харьцалт, сахилгажуулалт туулсан хүмүүс Бурханыг гүнзгий хайрладаг, Бурханы талаар илүү гүн гүнзгий, нэвтэрхий мэдлэгтэй байдгийг чи туршлагаараа харна. Харин харьцалт туулаагүй хүмүүс өнгөцхөн мэдлэгтэй байдаг бөгөөд тэд “Бурхан үнэхээр сайн, Тэр хүмүүст нигүүлсэл хайрладаг болохоор хүмүүс Түүнд дуртай байдаг” гэж хэлэхээс хэтэрдэггүй. Хүмүүс харьцалт, сахилгажуулалт туулбал Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийн тухай ярих чадвартай болдог. Тиймээс хүнд хийх Бурханы ажил гайхалтай байх тусмаа илүү үнэ цэн, ач холбогдолтой байдаг. Чиний хувьд ухаарахын аргагүй, үзэлтэй чинь нийцэшгүй байх тусмаа Бурханы ажил чамайг илүү их байлдан дагуулж, олж авч, төгс болгож чаддаг. Бурханы ажлын ач холбогдол хэчнээн их билээ! Хэрэв Бурхан хүнийг ийм байдлаар цэвэршүүлээгүй, энэхүү арга барилын дагуу ажиллаагүй бол Түүний ажил үр дүнгүй, ач холбогдолгүй байх байсан. Бурхан энэ бүлэг хүмүүсийг сонгож, олж аваад, эцсийн өдрүүдэд бүрэн төгс болгоно хэмээн урьд өмнө нь яригдаж байсан; үүнд ер бусын ач холбогдол бий. Бурханы та нарын дотор хийдэг ажил агуу байх тусам Бурханыг хайрлах та нарын хайр илүү гүнзгий, ариун байх юм. Бурханы ажил агуу байх тусам хүн Түүний мэргэн ухаанаас төдий чинээ ихийг ухаарч чадах ба Бурханы талаарх хүний мэдлэг төдий чинээ гүнзгийрдэг. Эцсийн өдрүүдэд Бурханы удирдлагын төлөвлөгөөний зургаан мянган жил төгсгөл болно. Тийм амархан төгсөж чадах болов уу? Тэр хүн төрөлхтнийг байлдан дагуулмагц Түүний ажил дуусах уу? Ийм хялбар байж болно гэж үү? Хүмүүс үнэхээр ийм л хялбар хэмээн төсөөлдөг боловч Бурханы хийдэг зүйл тийм ч хялбар биш юм. Чи Бурханы ажлын аль ч хэсгийг дурдсан бай хүний хувьд бүгд ойлгохын аргагүй юм. Хэрэв чи үүнийг ухан ойлгож чаддаг байсан бол Бурханы ажил ач холбогдолгүй, үнэ цэнгүй байх байлаа. Бурханы хийсэн ажлыг ойлгохын аргагүй; чиний үзлээс тэс ондоо юм. Чиний үзэлтэй нийцэхгүй байх тусам Бурханы ажил ямар их утга учиртай болох нь илүү их харагддаг; чиний үзэлтэй таардаг байсан бол утга учиргүй байх байлаа. Өнөөдөр чи Бурханы ажил үнэхээр гайхалтай болохыг мэдэрдэг бөгөөд гайхалтай гэдгийг нь мэдрэх тусам Бурхан чамд улам ойлгохын аргагүй санагдаж, Бурханы үйл хэрэг ямар агуу болохыг чи хардаг. Хэрэв Тэр хүнийг байлдан дагуулахын тулд хэдхэн өнгөцхөн, хааш яаш ажил хийгээд л дараа нь юу ч хийгээгүй бол хүн Бурханы ажлын ач холбогдлыг олж харж чадахгүй байх байсан. Одоо чи бага зэргийн цэвэршүүлэлт хүлээн авч байгаа ч энэ нь амийн өсөлтөд чинь асар их ашиг тустай; тиймээс ийм бэрхшээл зовлон туулах нь та нарт нэн чухал шаардлагатай билээ. Өнөөдөр чи багахан цэвэршүүлэлт хүлээн авч байгаа ч дараа нь чи Бурханы үйл хэргийг үнэхээр олж харж чаддаг болж, эцэст нь “Бурханы үйл хэрэг үнэхээр гайхалтай юм аа!” гэж хэлнэ. Энэ нь чиний зүрх сэтгэл дэх үгс байх болно. Бурханы цэвэршүүлэлтийг хэсэг хугацаанд туулаад (үйлчлэл үзүүлэгчдийг шалгах шалгалт ба гэсгээлтийн цаг үе) зарим хүн эцэст нь “Бурханд итгэх үнэхээр хэцүү!” гэж хэлсэн. Тэд “үнэхээр хэцүү” гэдэг үгийг хэрэглэсэн нь Бурханы үйлдлүүдийг ойлгохын аргагүй, Бурханы ажил маш их ач холбогдол, үнэ цэнтэй бөгөөд хүн Түүний ажлыг эрхэмлэвэл туйлын зохилтой болохыг үнэндээ харуулж байна. Намайг тийм их ажил хийсний дараа чи өчүүхэн ч мэдлэг эзэмшээгүй байвал Миний ажил үнэ цэнтэй хэвээр байж чадах уу? Энэ нь чамайг “Бурханд үйлчлэх үнэхээр хэцүү, Бурханы үйлдлүүд үнэхээр гайхалтай, Бурхан үнэхээр мэргэн ухаантай! Бурхан их хайр татам юм!” гэж хэлэхэд хүргэнэ. Хэрэв туршлагажих үеийг туулсныхаа дараа чи ийм үг хэлж чадаж байвал Бурханы ажлыг олж авсныг чинь энэ нотолж байгаа юм. Нэг өдөр хилийн чанадад сайн мэдээ түгээж байхад чинь хэн нэгэн чамаас “Чиний Бурханд итгэх итгэл хэр байна?” гэж асуувал чи “Бурханы үйлдэл үнэхээр гайхамшигтай!” гэж хэлж чадна. Хүмүүс чиний үг бодит туршлагыг илэрхийлж буйг мэдрэх болно. Энэ л үнэхээр гэрчлэл хийж буй явдал юм. Бурханы ажил мэргэн ухаанаар дүүрэн, Түүний чамд хийсэн ажил чамайг бүрэн үнэмшүүлж, зүрх сэтгэлийг чинь байлдан дагуулсан гэж чи хэлнэ. Чи Түүнийг үргэлж хайрлах болно. Учир нь Тэр хүн төрөлхтний хайрыг хүртэх хангалттай гавьяатай! Хэрэв чи ийм зүйлсийг ярьж чадвал хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөж чадна. Энэ бүгд нь гэрчлэл хийж буй хэрэг юм. Хэрэв чи цангинасан гэрчлэл хийж, хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөн уйлуулж чадвал энэ нь Бурханд хайртай нэгэн мөн болохыг чинь харуулдаг. Учир нь чи Бурханд хайртайгаа гэрчилж чаддаг, чамаар дамжин Бурханы үйлдэл гэрчлэгдэж чаддаг билээ. Чиний гэрчлэлээр дамжуулан бусад хүн Бурханы ажлыг эрж хайн, туулах болсон бөгөөд ямар ч орчинд туулдаг байсан тэд бат зогсож чадна. Энэ бол гэрчлэл хийх цорын ганц жинхэнэ зам бөгөөд чамаас одоо яг үүнийг л шаарддаг. Бурханы ажил туйлын үнэ цэнтэй бөгөөд хүмүүс үүнийг нандигнах учиртай, Бурхан бол маш эрхэм нандин бөгөөд элбэг дэлбэг болохыг чи олж харах ёстой; Тэр үг хэлж чаддаг төдийгүй бас хүмүүсийг шүүж, зүрх сэтгэлийг нь цэвэршүүлж, тэдэнд баяр баясгалан авчирч, тэднийг олж авч, байлдан дагуулж, төгс болгож чадна. Бурхан ихэд хайр татам гэдгийг чи өөрийн туршлагаас харна. Тэгэхээр чи одоо Бурханыг хэр их хайрладаг вэ? Эдгээр зүйлийг чи үнэхээр зүрх сэтгэлээсээ хэлж чадах уу? Чи энэ үгийг зүрх сэтгэлийнхээ гүнээс илэрхийлж чаддаг болох үедээ л гэрчлэл хийж чаддаг болно. Туршлага чинь энэ түвшинд хүрсэн цагт чи Бурханыг гэрчлэгч байх чадвартай болох бөгөөд шаардлага хангахуйц болсон байна. Чи туршлагаараа энэ түвшинд хүрэхгүй бол болоогүй л байна гэсэн үг. Цэвэршүүлэлтийн явцад хүмүүс сул дорой байдал гаргах нь жирийн үзэгдэл боловч цэвэршүүлэлтийн дараа чи “Бурхан маш ухаалгаар ажилдаг юм байна!” гэж хэлж чадах учиртай. Эдгээр үгийн бодит ойлголтод чи үнэхээр хүрч чадсан бол энэ нь чиний нандигнадаг зүйлс болж, чиний туршлага үнэ цэнтэй болно.

Одоо чи юуг эрэлхийлэх ёстой вэ? Чи Бурханы ажлыг гэрчлэх чадвартай эсэх, Бурханы гэрчлэл болон илрэл болж чадах эсэх, Бурханаар ашиглуулахад тохирох эсэх—эдгээр нь чиний эрж хайх ёстой зүйлс юм. Бурхан яг хэр их ажил чамд хийсэн бэ? Хэр ихийг чи харж, хэр их нь чамд хүрсэн бэ? Хэр ихийг чи туулж, амссан бэ? Бурхан чамайг туршиж, чамтай харьцаж, чамайг сахилгажуулж байсан эсэхээс үл хамааран Түүний үйлдэл, ажил чам дээр хэрэгжиж ирсэн. Гэвч Бурханд итгэгч бөгөөд Бурханаар төгс болгуулахыг эрэлхийлэхэд бэлэн хүний хувьд чи бодитой туршлага дээрээ үндэслэн Бурханы ажлыг гэрчилж чаддаг уу? Чи бодитой туршлагаараа Бурханы үгийг амьдран харуулж чаддаг уу? Чи бодитой туршлагаараа дамжуулан бусдыг хангаж, Бурханы ажлыг гэрчлэхэд бүхий л амьдралаа зарлагадаж чаддаг уу? Бурханы ажилд гэрчлэл хийхдээ чи туршлага, мэдлэг, төлсөн төлөөсөндөө найдах ёстой. Ингэж байж л Түүний хүслийг гүйцэлдүүлж чадна. Чи Бурханы ажилд гэрчлэл хийдэг хүн мөн үү? Чамд ийм эрмэлзэл бий юу? Хэрэв чи Түүний нэрийг, цаашлаад Түүний ажлыг гэрчилж чаддаг, Өөрийнхөө хүмүүсээс Түүний шаарддаг дүр төрхийг амьдран харуулж чаддаг бол чи Бурханыг гэрчлэгч мөн билээ. Чи Бурханд яг хэрхэн гэрчлэл хийдэг вэ? Бурханы үгийг амьдран харуулахаар эрж хайж, тэмүүлэн, өөрийн үгээр гэрчлэл хийж, хүмүүст Түүний ажлыг мэдүүлж, Түүний үйлдлийг харуулснаараа үүнийг хийдэг. Хэрэв чи энэ бүхнийг үнэхээр эрж хайвал, Бурхан чамайг төгс болгоно. Хэрэв чи зөвхөн Бурханаар төгс болгуулж, эцэс төгсгөлд нь ерөөгдөхийн төлөө л эрж хайдаг бол Бурханд итгэх итгэлийн чинь харах өнцөг цэвэр биш байна. Чи, Бурханы үйл хэргийг бодит амьдрал дээр хэрхэн харахыг, чамд хүслээ илчлэх үед нь Түүнийг хэрхэн сэтгэл хангалуун байлгахыг эрэлхийлэх ёстой; Түүний гайхалтай байдал, мэргэн ухааныг хэрхэн гэрчлэхийг, Тэр яаж чамайг сахилгажуулж, чамтай харьцдагийг хэрхэн гэрчлэхийг эрэлхийлэх ёстой. Энэ бүхэн нь одоо чиний тунгаан бодож байх ёстой зүйл юм. Бурханыг хайрладаг зүрх сэтгэл чинь гагцхүү төгс болгуулсныхаа дараа Бурханы алдрыг хуваалцаж чаддаг байхын төлөө юм бол энэ нь бас л хангалтгүй бөгөөд Бурханы шаардлагад нийцэж чадахгүй. Чи Бурханы ажилд гэрчлэл хийж, Түүний шаардлагыг хангаж, хүмүүс дээр хийсэн Түүний ажлыг бодитойгоор туулж чаддаг байх хэрэгтэй. Өвчин, нулимс, гунигийн аль нь ч бай чи энэ бүгдийг хэрэгжүүлэлтээрээ туулах ёстой. Эдгээр нь чамайг Бурханыг гэрчилдэг нэгэн болгож төгс болгох учиртай юм. Чи одоо яг юунаас болоод зовж, төгс болгуулахаар эрж хайдаг вэ? Одоогийн зовлон зүдүүр чинь үнэхээр Бурханыг хайрлаж, Түүнийг гэрчлэхийн төлөө байдаг уу? Эсвэл энэ нь махан биеийн ерөөл, хэтийн ирээдүй, хувь заяаны чинь төлөө байдаг уу? Чи бүх санаа зорилго, сэдэл, эрэлхийлдэг зорилгоо залруулах ёстой бөгөөд өөрийн хүсэлд хөтлөгдөж болохгүй. Нэг нь ерөөл хүртэж, эрх мэдлээр ноёрхохын тулд төгс болгуулахыг эрж хайдаг байхад нөгөө нь Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Бурханы ажилд бодитой гэрчлэл хийхийн тулд төгс болгуулахыг эрэлхийлдэг бол энэ хоёр эрэл хайгуулын арга замаас чи алийг нь сонгох байсан бэ? Хэрэв чи эхнийхийг нь сонгосон бол Бурханы стандартад хүрэхэд бас л хэтэрхий хол байх болно. Орчлон ертөнц даяар Миний үйлдлийг ил тод мэдэх болно, орчлон ертөнцөд Би Хаан сууна гэж Би нэгэнтээ хэлсэн. Нөгөөтээгүүр, та нарт даалгасан зүйл бол гадуур явж Бурханы ажилд гэрчлэл хийх болохоос хаад болж, бүхий л орчлон ертөнцөд харагдах биш юм. Бурханы үйл хэргээр сансар болон тэнгэр огторгуйг дүүргүүл. Хүн бүрд үүнийг харуулж, хүлээн зөвшөөрүүл. Эдгээр үгийг Бурханд Өөрт нь хамааруулан хэлсэн бөгөөд хүмүүсийн хийх ёстой зүйл бол Бурханы төлөө гэрчлэл хийх билээ. Бурханы талаар чи одоо хэр ихийг мэддэг вэ? Бурханы талаар чи одоо хэр ихийг гэрчилж чадах вэ? Бурхан хүнийг төгс болгохын зорилго юу вэ? Бурханы хүслийг ойлгомогцоо чи Түүний хүсэлд хэрхэн санаа тавих ёстой вэ? Хэрэв чи төгс болгуулж, амьдран харуулдаг зүйлээрээ Бурханы ажилд гэрчлэл хийхийг хүсэж байгаа бол, чамд ийм хөдөлгөх хүч байгаа бол, юу ч хэтэрхий хэцүү биш. Хүмүүст одоо хэрэгтэй байгаа зүйл бол итгэл юм. Хэрэв чамд ийм хөдөлгөх хүч байгаа бол аливаа сөрөг байдал, идэвхгүй байдал, залхуурал болон махан биеийн үзэл, амьдралын гүн ухаан, тэрслүү зан чанар, сэтгэл хөдлөл гэх мэтээ орхиход хялбар байдаг.

Шалгалтыг туулж байхдаа хүмүүс сул дорой болж, дотроо сөрөг байдал тээж, Бурханы хүсэл болон хэрэгжүүлэлтийн замыг ойлгож чадахгүй байх нь хэвийн юм. Гэвч ямар ч тохиолдолд чи Бурханы ажилд итгэлтэй байж, яг л Иов шиг Бурханыг үгүйсгэхгүй байх ёстой. Хэдийгээр Иов сул дорой байж, төрсөн өдрөө хараасан боловч Ехова хүний амьдрал дахь бүх зүйлийг хайрласан, мөн Ехова бол тэднийг бүгдийг нь авч явах Нэгэн мөн гэдгийг тэр үгүйсгээгүй. Түүнийг яаж ч шалгасан тэр энэ итгэлээ хадгалсан. Туршлагынхаа явцад чи Бурханы үгээр дамжуулан ямар цэвэршүүлэлт туулах нь хамаагүй, хүн төрөлхтнөөс Бурханы шаарддаг зүйл бол товчхондоо тэдний итгэл, Бурханыг хайрладаг зүрх сэтгэл юм. Ийм байдлаар ажилласнаараа Тэр хүмүүсийн итгэл, хайр, тэмүүллийг төгс болгодог. Бурхан төгс болгох ажлыг хүмүүс дээр хийдэг бөгөөд хүмүүс үүнийг харж, мэдэрч чаддаггүй; ийм нөхцөлд чиний итгэл шаардлагатай. Юмыг энгийн нүдээр харах боломжгүй үед хүмүүст итгэл шаардлагатай болдог бөгөөд үзлээ орхиж чадахгүй үед чинь чамд итгэл хэрэгтэй байдаг. Бурханы ажлын талаар тодорхой ойлголтгүй байх үедээ чиний хийх ёстой зүйл бол итгэлтэй байж, дороо бат зогсож, гэрчлэлд зогсох хэрэгтэй. Иов энэ цэгт хүрэх үед Бурхан түүнд харагдаж, түүнтэй ярьсан. Өөрөөр хэлбэл, итгэл дотроосоо л чи Бурханыг харж чадах бөгөөд итгэл байгаа цагт Бурхан чамайг төгс болгоно. Итгэл үгүй бол Тэр үүнийг хийж чадахгүй. Чиний олж авахаар найдаж байгаа бүхнийг Бурхан чамд хайрлана. Чамд итгэл байхгүй бол төгс болгуулж чадахгүй бөгөөд чи Бурханы үйлсийг харж чадахгүй, Түүний төгс хүчийг харж бүр ч чадахгүй. Бодитой туршлагаараа Түүний үйлдлийг харна гэсэн итгэл чамд байгаа үед Бурхан чамд харагдаж, Тэр чамайг дотроос чинь гэгээрүүлж, чиглүүлэх болно. Ийм итгэл үгүй бол Бурхан үүнийг хийж чадахгүй. Хэрэв чи Бурханд найдах найдвараа алдсан бол Түүний ажлыг хэрхэн туулж чадах юм бэ? Тиймээс чамд итгэл байгаа бөгөөд Бурханд эргэлзэх эргэлзээ тээгээгүй үед л, Түүнийг юу ч хийсэн, Түүнд итгэх жинхэнэ итгэл чамд байгаа үед л туршлагаар чинь дамжуулан Тэр чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлэх бөгөөд тэр цагт л чи Түүний үйлдлийг харж чадна. Энэ бүхэнд бүгдэд нь итгэлээр дамжуулан хүрдэг. Итгэл зөвхөн цэвэршүүлэлтээр дамжин ирдэг бөгөөд цэвэршүүлэлт байхгүй бол итгэл бий болж чадахгүй. “Итгэл” хэмээх энэхүү үг юуг хэлдэг вэ? Итгэл гэдэг нь аливаа зүйлийг харж, барьж чадахгүй үед, Бурханы ажил хүний үзэлтэй нийцэхгүй үед, хүн хүрэхийн аргагүй үед хүнд байх ёстой жинхэнэ итгэл үнэмшил, чин үнэн зүрх сэтгэл юм. Энэ бол Миний ярьдаг итгэл юм. Бэрхшээл зовлон, цэвэршүүлэлтийн цаг үед хүмүүст итгэл хэрэгтэй бөгөөд итгэл нь цэвэршүүлэлтийг дагаж ирдэг зүйл юм; цэвэршүүлэлт, итгэл хоёрыг салгах боломжгүй. Бурхан яаж ч ажилласан, орчин нөхцөл чинь ямар ч байсан чи амийг эрэлхийлж, үнэнийг эрж хайж, Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайж, Түүний үйлдлийн талаар ойлголттой байж, үнэний дагуу үйлдэж чаддаг. Ингэх нь жинхэнэ итгэлтэй байх явдал бөгөөд үүгээрээ чи Бурханд итгэх итгэлээ алдаагүй гэдгээ харуулдаг. Цэвэршүүлэлтээр дамжуулан үнэнийг эрэлхийлэхдээ туйлбартай байж чаддаг бол, Бурханыг үнэхээр хайрлаж чаддаг, Түүнд хэзээ ч эргэлздэггүй бол, Тэр юу ч хийсэн Түүнийг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлсээр байдаг бол, Түүний хүслийг гүн гүнзгий эрж хайж, Түүний хүсэлд санаа тавьж чаддаг бол чи Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй байж чадна. Урьд нь чамайг хаан суух болно гэж Бурхан айлдахад чи Түүнийг хайрласан бөгөөд Тэр чамд Өөрийгөө ил тод харуулахад чи Түүнийг эрж хайсан. Гэвч одоо Бурхан нуугдсан, Түүнийг харж чадахгүй, чамд саад тотгор таарсан энэ үед чи одоо Бурханд найдах найдвараа алдах уу? Тэгэхээр чи цаг үргэлж амийг эрэлхийлж, Бурханы хүслийг хангахаар эрж хайх ёстой. Үүнийг л жинхэнэ итгэл гэдэг бөгөөд энэ бол хамгийн үнэн, хамгийн сайхан хайр билээ.

Урьд нь хүмүүс амлалтаа өгөхөөр Бурханы өмнө бүгд ирж “Өөр хэн ч Бурханыг хайрладаггүй байсан ч гэсэн би Түүнийг хайрлах ёстой” гэж хэлдэг байсан. Гэвч одоо цэвэршүүлэлт чам дээр ирж, энэ нь чиний үзэлтэй нийцэхгүй болохоор чи Бурханд итгэх итгэлээ алддаг. Энэ жинхэнэ хайр мөн гэж үү? Иовын үйл хэргийн тухай чи олон удаа уншиж байсан байж тэр талаар мартлаа гэж үү? Жинхэнэ хайр итгэл дотроос л хэлбэрээ олдог. Чиний туулдаг цэвэршүүлэлтээр дамжин Бурханыг гэх бодит хайр чинь бий болдог бөгөөд чи итгэлээрээ дамжуулан бодитой туршлагадаа Бурханы хүсэлд санаа тавьж чаддаг ба мөн л итгэлээр дамжуулан махан биеэ хаяж, амийг эрж хайдаг; энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйл юм. Хэрэв чи үүнийг хийдэг бол Бурханы үйлдлийг харж чаддаг болно, харин чамд итгэл дутагдаж байвал Бурханы үйлдлийг харж, Түүнийг ажлыг туулж чадахгүй. Бурханаар ашиглуулж, төгс болгуулахыг хүсдэг бол зовж зүдрэх хүсэл, итгэл, тэсвэр хатуужил, дуулгавартай байдал, Бурханы ажлыг туулах, Түүний хүслийг ухаж ойлгох, Түүний уй гашуунд санаа тавих чадвар гээд бүгдийг чи эзэмших ёстой. Хүнийг төгс болгох хялбар биш бөгөөд туулсан цэвэршүүлэлт бүр чинь чамаас итгэл, хайр шаарддаг. Чи Бурханаар төгс болгуулахыг хүсдэг бол замаар ердөө хурдлан урагшлах нь хангалтгүй, Бурханы төлөө ердөө өөрийгөө зарлагадах ч бас хангалтгүй. Бурханаар төгс болгуулдаг хүн болж чадахын тулд чи олон зүйлийг эзэмших ёстой. Зовлон зүдүүртэй тулгарах үедээ чи махан биеийн төлөөх зовнилоо хойш тавьж, Бурханы эсрэг гомдол гаргахгүй байж чаддаг байх ёстой. Бурхан Өөрийгөө чамаас нуух үед Түүнийг дагах итгэлтэй байж, урьдын хайраа бөхөөж, сарниулалгүйгээр хадгалж чаддаг байх ёстой. Бурхан юу ч хийсэн чи Түүний зохицуулалтад захирагдаж, Түүний эсрэг гомдол гаргахаасаа илүү махан биеэ хараахад бэлэн байх ёстой. Чи шалгалттай тулгарах үедээ хэдийгээр гашуун нулимс унагаж, хайртай эд зүйлээсээ хагацах дургүй байсан ч гэсэн Бурханыг сэтгэл хангалуун болгох ёстой. Энэ л жинхэнэ хайр, итгэл билээ. Чиний жинхэнэ биеийн хэмжээ ямар ч байсан гэсэн бэрхшээл зовлонг эдлэх хүсэл болон жинхэнэ итгэлийн аль алиныг нь чи эхлээд эзэмших ёстой бөгөөд махан биеийг хаях хүсэл мөн чамд байх ёстой. Чи Бурханы хүслийг хангахын тулд хувийн бэрхшээл зовлонг тэсэж даван, хувийн ашиг сонирхолдоо хохирол амсахад бэлэн байх хэрэгтэй. Мөн чи өөртөө харамсаж чаддаг байх ёстой: Урьд нь чи Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чаддаггүй байсан, одоо өөртөө харамсаж чадна. Эдгээрийн аль нь ч чамд дутагдах ёсгүй—ийм зүйлсээр дамжуулан Бурхан чамайг төгс болгоно. Хэрэв чи эдгээр шалгуурыг хангаж чадахгүй бол төгс болгуулж чадахгүй.

Бурханд үйлчилдэг хүн Түүний төлөө хэрхэн зовохыг л гагцхүү мэддэг байх ёсгүй; түүгээр зогсохгүй Бурханд итгэх нь Бурханыг хайрлах хайрыг эрэлхийлэх зорилготой гэдгийг ойлгох ёстой. Бурхан чамайг зөвхөн цэвэршүүлэх гэж, эсвэл зовоохын төлөө ашигладаггүй, харин чамайг Түүний үйлдлийг мэдэж, хүний амийн жинхэнэ ач холбогдлыг мэдээсэй, тэр тусмаа Бурханд үйлчлэх амар ажил биш гэдгийг мэдээсэй гэсэндээ ашигладаг. Бурханы ажлыг туулах нь нигүүлслийг эдлэх биш, харин Бурханыг хайрлах хайрынхаа төлөө зовох юм. Чи Бурханы нигүүлслийг эдэлдэг юм чинь Түүний гэсгээлтийг ч бас эдлэх ёстой; чи энэ бүхнийг туулах ёстой. Чи Бурханы гэгээрлийг дотроо мэдэрч чадна, Тэр чамтай хэрхэн харьцаж, шүүж байгааг мөн туулж чадна. Ингэснээр чиний туршлага иж бүрэн болно. Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлаа чам дээр хэрэгжүүлсэн. Бурханы үг чамтай харьцсан, түүгээр ч барахгүй мөн чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлсэн. Чамайг сөрөг, сул дорой байх үед Бурхан чиний төлөө санаа зовдог. Энэ бүх ажил нь хүний бүх зүйл Бурханы зохион байгуулалтын дотор байдаг гэдгийг чамд мэдүүлэхийн тулд юм. Бурханд итгэх гэдэг нь зовох, эсвэл Түүний төлөө төрөл бүрийн юм хийх явдал гэж чи бодож болох юм; Бурханд итгэхийн зорилго нь махан бие чинь амар тайван байх, чиний амьдралын бүх зүйл төвөггүй байх, эсвэл бүх зүйлд амгалан, тав тухтай байхын тулд байдаг гэж ч бодож болно. Гэхдээ эдгээрийн аль нь ч хүмүүсийн Бурханд итгэх итгэлтэйгээ холбох ёстой зорилго биш юм. Хэрэв чи эдгээр зорилгын төлөө итгэдэг бол харах өнцөг чинь буруу бөгөөд чамайг төгс болгох угаас боломжгүй. Бурханы үйлдэл, Бурханы зөвт зан чанар, Түүний мэргэн ухаан, Түүний үг, Түүний гайхалтай байдал, ойлгошгүй байдал нь бүгд хүмүүсийн ойлгох учиртай зүйлс юм. Чи ийм ойлголтоор дамжуулан өөрийн зүрх сэтгэл дэх бүх хувийн хүсэлт, найдвар, үзлийг арилгаж болох юм. Эдгээрийг арилгаснаар л Бурханы шаардлагад нийцэж чадна, ингэснээр л чи амьтай болж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна. Бурханд итгэх нь Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, Түүний шаарддаг зан чанарыг амьдран харуулах зорилготой байдаг, ингэснээр Түүний үйлдэл, алдар энэхүү ямар ч үнэ цэнгүй бүлэг хүнээр дамжин илэрч болох юм. Энэ бол Бурханд итгэх зөв харах өнцөг бөгөөд мөн чиний эрж хайх ёстой зорилт юм. Чи Бурханд итгэх талаар зөв үзэл бодолтой байж, Бурханы үгийг олж авахаар эрж хайх ёстой. Чи Бурханы үгийг идэж, уух хэрэгтэй, үнэнийг амьдран харуулж чаддаг байх ёстой, ялангуяа Түүний бодитой үйл хэрэг, орчлон даяарх гайхамшигтай үйл хэрэг, мөн махбодод хийдэг бодитой ажлыг нь харж чаддаг байх ёстой. Хүмүүс бодитой туршлагаараа дамжуулан Бурхан Өөрийн ажлыг тэдэн дээр яг хэрхэн хийдэг, тэдэнд чиглэсэн Түүний хүсэл юу болохыг үнэлж чадна. Энэ бүгд нь хүмүүсийн завхарсан сатанлаг зан чанарыг таягдан хаях зорилготой юм. Дотроо байгаа бүх цэвэр бус байдал, зөвт бус байдлыг хаяж, буруу санаа зорилгоо хаяж, Бурханд итгэх жинхэнэ итгэлийг бий болгосноор, жинхэнэ итгэлээр л чи Бурханыг үнэхээр хайрлаж чадна. Бурханд итгэх итгэлийнхээ суурин дээр л чи Түүнийг жинхэнээсээ хайрлаж чадна. Бурханд итгэхгүйгээр Түүнийг хайрлаж чадах уу? Чи Бурханд итгэдэг болохоор энэ талаар мунгинаад байж болохгүй. Зарим хүн Бурханд итгэх итгэл тэдэнд ерөөл авчирна гэдгийг харангуутаа эрч хүчээр дүүрэн болдог боловч цэвэршүүлэлтийг эдлэх ёстой гэдгийг харангуутаа бүх эрч хүчээ алддаг. Энэ нь Бурханд итгэх мөн үү? Эцсийн дүнд итгэлдээ чи Бурханы өмнө бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг болох ёстой. Чи Бурханд итгэдэг мөртөө Түүнээс юм нэхсээр байдаг, тавьж чадахгүй шашны олон үзэл, салж чадахгүй хувийн ашиг сонирхол чамд байдаг, махан биеийн ерөөлийг эрж хайсаар байдаг, махан биеийг чинь аварч, сүнсийг чинь аврахыг Бурханаас хүсдэг бол эдгээр нь бүгд харах өнцөг нь буруу хүмүүсийн зан авир юм. Шашны итгэл үнэмшилтэй хүмүүс Бурханд итгэдэг хэдий ч зан чанараа өөрчлөхөөр эрж хайдаггүй, Бурханыг мэдэхээр эрэлхийлдэггүй, харин махан биеийн ашиг сонирхлын араас л хөөцөлддөг. Та нарын дотор олон хүн шашны итгэл үнэмшлийн ангилалд хамаарах итгэлтэй байдаг; энэ бол Бурханд итгэх жинхэнэ итгэл биш юм. Бурханд итгэхийн тулд хүмүүс Түүний төлөө зовоход бэлэн зүрх сэтгэл, өөрийгөө хаях хүсэлтэй байх ёстой. Хүмүүс энэ хоёр нөхцөлийг хангахгүй л бол Бурханд итгэх тэдний итгэл хүчингүй, тэд зан чанарын өөрчлөлтөд хүрч чадахгүй. Үнэнийг жинхэнээсээ эрэлхийлдэг, Бурханы мэдлэгийг эрж хайдаг, амийг эрэлхийлдэг хүмүүс л Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс билээ.

Чам дээр шалгалт ирэхэд тэдгээр шалгалтыг зохицуулахдаа Бурханы ажлыг хэрхэн хэрэглэх вэ? Чи сөрөг байх уу эсвэл хүн дээр хийх Бурханы шалгалт, цэвэршүүлэлтийг эерэг талаас нь ойлгох уу? Чи Бурханы шалгалт, цэвэршүүлэлтээр дамжуулан юуг олж авах вэ? Бурханыг гэх чиний хайр өсөх үү? Цэвэршүүлэлтэд орох үедээ Иовын шалгалтыг хэрэглэж, Бурханы чамд хийдэг ажилд чин сэтгэлээсээ оролцож чадах уу? Иовын шалгалтаар дамжуулан Бурхан хүнийг хэрхэн шалгадгийг чи харж чадах уу? Иовын ажил чамд ямар урам зориг өгч чадах вэ? Цэвэршүүлэлтийнхээ дунд чи Бурханы төлөө гэрчлэлд зогсоход бэлэн байх уу, эсвэл тав тухтай орчинд махан биеийг хангалуун байлгахыг хүсэх үү? Бурханд итгэх итгэлийн талаарх чиний харах өнцөг үнэндээ ямар вэ? Энэ нь үнэхээр махан биеийн төлөө биш, Түүний төлөө байдаг уу? Эрж хайхдаа эрэлхийлдэг зорилт чамд үнэхээр байдаг уу? Чи Бурханаар төгс болгуулахын тулд цэвэршүүлэлт туулахад бэлэн байна уу, эсвэл Бурханаар гэсгээгдэж, хараагдахыг илүүд үзэх үү? Бурханы төлөө гэрчлэл хийх хэрэг явдлын тухайд чи үнэндээ ямар үзэл бодолтой вэ? Бурханы төлөө жинхэнэ гэрчлэл хийх тодорхой орчин нөхцөлд хүмүүс юу хийх ёстой вэ? Чамд хийсэн жинхэнэ ажилдаа бодитой Бурхан маш ихийг илчилсэн байтал яагаад чи үргэлж явах тухай боддог вэ? Бурханд итгэх чиний итгэл Бурханы төлөө байдаг уу? Та нарын ихэнхийнх нь хувьд итгэл бол өөрийн хувийн ашиг тусыг эрэлхийлэхийн төлөө, өөрийнхөө тусын тулд хийдэг тооцооны хэсэг юм. Маш цөөхөн хүн Бурханы төлөө Бурханд итгэдэг; энэ чинь тэрслүү байдал бус уу?

Цэвэршүүлэлтийн ажлын гол зорилго нь хүмүүсийн итгэлийг төгс болгох юм. Эцэст нь юунд хүрэх вэ гэхээр чи явахыг хүссэн ч явж чадахгүй, зарим хүн үлдсэн өчүүхэн найдвараа алдсан байсан ч гэсэн итгэсээр байж чадна, мөн хүмүүс хэтийн төлөвийнхөө төлөө ямар ч найдвар тээхээ болих юм. Зөвхөн энэ үед л Бурханы цэвэршүүлэлт дуусдаг. Амьдрал, үхлийн хооронд эргэлддэг үе шатанд хүн хүрээгүй л байгаа, тэд үхлийг үзээгүй учраас цэвэршүүлэлтийн явц хараахан дуусаагүй байна. Үйлчлэл үзүүлэгчийн шатанд байсан хүмүүс хүртэл дээд зэргээр цэвэршүүлэгдээгүй. Иов дээд зэргийн цэвэршүүлэлтийг туулсан, түүнд итгэж найдах юу ч байгаагүй. Хүмүүс ямар ч найдваргүй, итгэж найдах юу ч байхгүй болох хүртлээ цэвэршүүлэлтийг туулах ёстой—энэ л жинхэнэ цэвэршүүлэлт билээ. Үйлчлэл үзүүлэгчийн цаг үед зүрх сэтгэл чинь Бурханы өмнө үргэлж тайван байсан бол, Тэр юу ч хийсэн, чиний төлөө гэсэн Түүний хүсэл ямар ч байсан, чи Түүний зохицуулалтыг үргэлж дуулгавартай дагасан бол замын төгсгөлд Бурханы хийсэн бүхнийг чи ойлгох болно. Чи Иовын шалгалтыг туулдаг, мөн нэгэн зэрэг Петрийн шалгалтыг туулдаг. Иовыг турших үед тэр гэрчлэлд зогсож, эцэст нь Ехова түүнд илчлэгдсэн. Гэрчлэлд зогссоны дараа л тэр Бурханы нүүр царайг харах эрхтэй болсон. “Би бузар газар нутгаас нуугдаж, ариун хаанчлалд Өөрийгөө харуулдаг” гэж яагаад хэлдэг вэ? Энэ нь чи ариун байж, гэрчлэлд зогссон үед л Бурханы нүүр царайг харах нэр хүндтэй болж чадна гэсэн үг юм. Хэрэв чи Түүний төлөө гэрчлэлд зогсож чадахгүй бол Түүний нүүр царайг харах нэр хүнд чамд байхгүй. Цэвэршүүлэлттэй тулгарахад ухарч няцан, Бурханы эсрэг гомдол гаргаж, ингэснээрээ Түүний төлөө гэрчлэлд зогсож чадалгүй, Сатаны доог тохуу болбол чи Бурханы илрэлтийг олж харахгүй. Хэрэв чи шалгалтын дунд өөрийн махан биеийг харааж, Бурханы эсрэг гомдоллолгүй, гомдоллож, үгээрээ нүгэл үйлдэлгүйгээр өөрийн махан биеийг жигшиж чадсан Иов шиг байвал гэрчлэлд зогсох болно. Цэвэршүүлэлтийг тодорхой хэмжээгээр туулсан ч Иов шиг хэвээр байж, Бурханы өмнө бүрэн дуулгавартай байж, Түүнээс өөр зүйл шаардахгүй, бас өөрийн үзэлгүй байж чадах аваас Бурхан чамд харагдана. Одоо чамд Бурхан харагддаггүйн учир нь чамд маш олон өөрийн гэсэн үзэл, хувийн алагчлал, хувиа хичээсэн бодол, хувийн шаардлага, махан биеийн ашиг сонирхол байдаг бөгөөд чи Түүний царай төрхийг харахад тэнцэхгүй. Хэрэв чи Бурханыг хардаг байсан бол өөрийн үзлээр Түүнийг хэмжинэ, ингэснээрээ чи Түүнийг загалмайд цовдлох байсан. Чиний үзэлтэй нийцэхгүй олон зүйл чамд тохиолддог боловч чи тэдгээрийг хойш тавьж, тэдгээр зүйлээс Бурханы үйлдлийн талаар мэдлэг олж авч чаддаг бөгөөд цэвэршүүлэлтийн дунд Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ илчилдэг бол энэ нь гэрчлэлд зогсох билээ. Гэр чинь амар тайван, махан биеийн тав тухад чи дуртай, хэн ч чамайг мөрдөн мөшгөхгүй, чуулган дахь ах эгч нар чинь чамайг дуулгавартай дагадаг бол чи Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ харуулж чадах уу? Ийм нөхцөл байдал чамайг цэвэршүүлж чадах уу? Цэвэршүүлэлтээр л дамжуулан Бурханыг гэх хайраа харуулж чадна, чиний үзэлтэй нийцдэггүй зүйл тохиолдсоноор л чи төгс болгуулж чадна. Олон эсрэг, сөрөг зүйлийн үйлчлэлээр, мөн Сатаны үйлдэл, буруушаалт, үймээн, мэхлэлт гээд бүх төрлийн илрэлийг хэрэглэснээр Сатаны үзэшгүй муухай царайг Бурхан чамд тодорхой харуулж, ингэснээрээ Сатаныг ялган таних, Сатаныг үзэн ядаж, хаях чадварыг чинь төгс болгодог.

Чиний бүтэлгүйтэл, сул дорой байдлын олон туршлага, сөрөг байдалтай байх үеийг бүгдийг нь Бурханы шалгалт гэж хэлж болно. Учир нь бүх зүйл Бурханаас ирдэг, бүх зүйл, үйл явдал Түүний гарт байдаг. Чиний бүтэлгүйтэх эсэх эсвэл чиний сул дорой байж, бүдрэх эсэх нь бүгд Бурханаас шалтгаалах бөгөөд Бурханы гарт байдаг. Бурханы харах өнцгөөс энэ бол чиний шалгалт, хэрэв чи үүнийг таньж чадахгүй бол энэ нь уруу таталт болох болно. Хүмүүсийн таних ёстой хоёр төрлийн байдал байдаг: Нэг нь Ариун Сүнснээс ирдэг ба нөгөөгийнх нь магадлалтай эх үүсвэр нь Сатан юм. Нэг нь, Ариун Сүнс чамайг гэрэлтүүлснээр чамд өөрийгөө мэдэх, өөрийгөө жигших, өөртөө харамсах сэтгэл төрж, Бурханыг үнэхээр хайрлах, Түүнийг сэтгэл хангалуун байлгахад зүрх сэтгэлээ зориулах боломж олгодог байр байдал юм. Нөгөө нь чи өөрийгөө мэддэг боловч, сөрөг, сул дорой байдаг байр байдал юм. Энэ байдлыг Бурханы цэвэршүүлэлт, мөн Сатаны уруу таталт ч гэж хэлж болно. Хэрэв чи үүнийг чамайг аврах Бурханы аврал гэж танивал, мөн одоо Түүнд гүнээ өртэй гэдгээ мэдэрвэл, хэрэв одоогоос эхлэн Түүний ачийг хариулахаар хичээж, цаашид ийм доройтолд унахаа боливол, Түүний үгийг идэж, уухад хүчин чармайлт гаргавал, өөрийгөө үргэлж дутуу байна гэж үзэж, хүсэн тэмүүлэх зүрх сэтгэлтэй байвал энэ нь Бурханы шалгалт юм. Зовлон зүдүүр дуусаж, чи дахин нэгэнтээ урагшлах үед Бурхан чамайг хөтөлж, гэрэлтүүлж, гэгээрүүлж, тэжээн тэтгэсээр байх болно. Харин чи үүнийг танихгүй, сөрөг байж, өөрийгөө зүгээр л цөхрөлд оруулж, ийм байдлаар бодвол Сатаны уруу таталт чам дээр ирсэн байх болно. Иов шалгалт туулах үед Бурхан, Сатан хоёр хоорондоо мөрий тавьж байсан бөгөөд Иовыг зовоохыг Бурхан Сатанд зөвшөөрсөн. Хэдийгээр энэ нь Бурханы Иовыг шалгах шалгалт байсан ч гэсэн үнэн хэрэгтээ Сатан түүн дээр ирсэн. Сатаны хувьд тэр Иовыг уруу татаж байсан боловч Иов Бурханы талд байсан. Тийм байгаагүй бол Иов уруу таталтад орох байсан. Хүмүүс уруу таталтад ормогцоо аюулд ордог. Цэвэршүүлэлт туулахыг Бурханы шалгалт гэж хэлж болох боловч хэрэв чи сайн байдалтай биш бол үүнийг Сатаны уруу таталт гэж хэлж болно. Үзэгдэл чамд тодорхой биш бол Сатан чамайг буруутгаж, үзэгдлийг чинь тодорхойгүй болгоно. Чи өөрөө ч мэдэлгүй уруу таталтад автана.

Чи Бурханы ажлыг туулахгүй бол хэзээ ч төгс болгуулж чадахгүй. Туршлагаараа чи мөн жижиг зүйлс рүү орох ёстой. Жишээ нь ямар зүйлс чамайг үзэл болон хэт их сэдэлтэй болгоход хүргэдэг, ямар төрлийн тохирох хэрэгжүүлэлтээр эдгээр асуудалд хандах ёстой болдог вэ? Хэрэв чи Бурханы ажлыг туулж чаддаг бол энэ нь чамд биеийн хэмжээ байна гэсэн үг юм. Хэрэв чамд эрч хүч байгаа юм шиг л харагддаг бол энэ нь жинхэнэ биеийн хэмжээ биш бөгөөд чи баттай зогсож огт чадахгүй байх болно. Чи Бурханы ажлыг туулж чаддаг, үүнийг хэзээ ч хаана ч туулж, тунгаан бодож чаддаг, хоньчдыг орхиж, Бурханыг түшиж бие даан амьдарч чаддаг, Бурханы бодит үйлдлийг харж чаддаг болсон цагт л Бурханы хүсэл биелэх болно. Яг одоо ихэнх хүн хэрхэн туршлагажихаа мэддэггүй бөгөөд тэд асуудалтай тулгарах үедээ хэрхэн зохицуулахаа мэддэггүй; тэд Бурханы ажлыг туулах чадваргүй, сүнслэг амьдралаар амьдарч чаддаггүй. Чи Бурханы үгийг авч, бодитой амьдралдаа хэрэгжүүлэх ёстой.

Заримдаа Бурхан чамд тодорхой нэг төрлийн мэдрэмжийг буюу дотоод баяр жаргал болон Бурханд ойр байдлаа алдахад хүргэж, харанхуйд живүүлдэг тийм мэдрэмжийг өгдөг. Энэ бол цэвэршүүлэлтийн нэг төрөл юм. Чи аливаа зүйлийг хийх болгондоо бүтэлгүйтэх юм уу эсвэл хана мөргөдөг. Энэ бол Бурханы сахилгажуулалт юм. Заримдаа чамайг Бурханд дуулгаваргүй, тэрслүү зүйл хийхэд хэн ч мэдэхгүй байж болох боловч Бурхан мэддэг. Тэр чамайг зүгээр өнгөрөөхгүй, сахилгажуулах болно. Ариун Сүнсний ажил маш нарийн байдаг. Тэр хүмүүсийн үг үйлдэл, үйл хөдлөл, бодол санаа бүрийг сайтар ажиглаж, ингэснээр хүмүүс эдгээр зүйлийн талаар дотоод мэдлэг ойлголт олж авдаг. Чи ямар нэг зүйлийг хийгээд бүтэлгүй болж, дахин ямар нэг зүйл хийгээд бас л бүтэлгүйтэж, аажмаар чи Ариун Сүнсний ажлыг ойлгож авах болно. Олон удаагийн сахилгажуулалтаар дамжуулан чи Бурханы хүсэлд нийцүүлэхийн тулд юу хийх ёстой, Түүний хүсэлд юу нийцдэггүйг мэдэх болно. Эцэст нь чамайг дотроос чинь чиглүүлэх Ариун Сүнсний удирдамжид чи зөв хариу өгөх болно. Заримдаа чи тэрслүү байх бөгөөд Бурхан чамайг дотроос чинь зэмлэх болно. Энэ бүхэн Бурханы сахилгажуулалтаас ирдэг. Хэрэв чи Бурханы үгийг нандигнадаггүй бол, Түүний ажилд хайнга хандвал Тэр чамайг хайхрахаа болино. Бурханы үгийг хэдий чинээ нухацтай авч үзнэ, Тэр чамайг төдий чинээ гэгээрүүлэх болно. Яг одоо чуулганд будилж, төөрөлдсөн итгэлтэй зарим хүн байгаа бөгөөд тэд маш олон зохисгүй зүйл хийж, сахилга батгүй үйлдэл гаргадаг учраас Ариун Сүнсний ажлыг тэднээс тодорхой харах боломжгүй байдаг. Зарим хүн мөнгө олохын тулд үүргээ умартаж, сахилгажуулагдалгүйгээр гарч бизнес хийдэг; ийм хүн илүү их аюулд ордог. Одоогоор тэдэнд Ариун Сүнсний ажил байхгүй төдийгүй ирээдүйд ч тэднийг төгс болгоход хэцүү байх болно. Олон хүнээс Ариун Сүнсний ажил, Бурханы сахилгажуулалтыг харах боломжгүй байдаг. Тэд бол Бурханы хүслийн талаар тодорхой ойлгоогүй, Түүний ажлыг мэддэггүй хүмүүс юм. Цэвэршүүлэлтийн дунд бат бөх зогсож чаддаг, Бурхан юу ч хийсэн Түүнийг дагадаг, ядаж л явахгүй байж чаддаг эсвэл Петрийн хүрсэн зүйлийн 0,1%-д нь хүрч чаддаг хүмүүс дажгүй явж байгаа боловч Бурханы тэднийг ашиглах тухайд гэвэл тэдэнд ямар ч үнэ цэн байхгүй. Олон хүн юмыг хурдан ойлгож, Бурханыг үнэхээр хайрлаж, Петрийн түвшнийг давж чаддаг бөгөөд Бурхан төгс болгох ажлаа тэдэн дээр хийдэг. Ийм хүмүүст сахилгажуулалт, гэгээрэл ирдэг бөгөөд Бурханы хүсэлтэй нийцэхгүй ямар нэг зүйл тэдэнд байвал тэд даруйхан хаяж чаддаг. Ийм хүмүүс бол алт, мөнгө, үнэт чулуунууд бөгөөд тэдний үнэ цэн хамгийн өндөр! Бурхан олон төрлийн ажил хийсэн боловч чи элс, чулуу мэт хэвээр байх юм бол ямар ч үнэ цэнгүй!

Агуу улаан лууны улс оронд хийсэн Бурханы ажил гайхамшигтай бөгөөд ойлгохын аргагүй билээ. Тэр нэг бүлэг хүнийг төгс болгож, бусдыг нь таягдан хаяна, учир нь чуулганд бүхий л төрлийн хүн байдаг—үнэнийг хайрладаг хүмүүс байна, хайрладаггүй хүмүүс байна; Бурханы ажлыг туулдаг хүмүүс байна, туулдаггүй хүмүүс байна; үүргээ биелүүлдэг хүмүүс байна, биелүүлдэггүй хүмүүс байна; Бурханыг гэрчилдэг хүмүүс байна, гэрчилдэггүй хүмүүс байна, мөн тэдгээрийн тодорхой хэсэг нь үл итгэгчид, ёрын муу хүмүүс бөгөөд тэднийг гарцаагүй таягдан хаяна. Хэрэв чи Бурханы ажлыг тодорхой мэддэггүй бол сөрөг байх болно; учир нь хүмүүсийн цөөнхөөс л Бурханы ажлыг харж болно. Энэ цаг үед хэн Бурханыг үнэхээр хайрладаг, хэн хайрладаггүй нь тодорхой болох болно. Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүст Ариун Сүнсний ажил байдаг байхад Түүнийг үнэхээр хайрладаггүй хүмүүс Түүний ажлын алхам бүрийн явцад илчлэгдэх болно. Тэд таягдан хаягдах хүмүүс болно. Байлдан дагуулалтын ажлын явцад эдгээр хүн илчлэгдэх бөгөөд тэд бол төгс болгуулах үнэ цэнгүй хүмүүс билээ. Төгс болгуулсан хүмүүс бүгд Бурханаар авхуулсан бөгөөд Петрийн хайрладаг байсан шиг Бурханыг хайрлах чадвартай байдаг. Байлдан дагуулагдсан хүмүүст өөрөө үүссэн хайр биш харин идэвхгүй хайр л байдаг бөгөөд тэд албадлагаар Бурханыг хайрладаг. Өөрөө үүсдэг хайр нь бодит туршлагаар олж авсан ойлголтоор дамжин бий болдог. Энэ хайр хүний зүрх сэтгэлийг эзэмдэж, сайн дураараа Бурханы төлөө зүтгэхэд хүргэдэг; Бурханы үг тэдний үндэс суурь болж, тэд Бурханы төлөө зовж зүдэрч чаддаг. Мэдээж эдгээр нь Бурханаар төгс болгуулсан хүнд байдаг зүйлс юм. Хэрэв чи байлдан дагуулагдахыг л эрэлхийлдэг бол Бурханы төлөө гэрчлэл хийж чадахгүй; Бурхан хүмүүсийг байлдан дагуулах замаар л авралын зорилгодоо хүрдэг бол үйлчлэл үзүүлэгчдийн алхам ажлыг дуусгах байсан. Гэхдээ Бурханы эцсийн зорилго нь хүмүүсийг байлдан дагуулах биш, харин хүмүүсийг төгс болгох юм. Тиймээс энэ үе шатыг байлдан дагуулалтын ажил гэж хэлэхийн оронд төгс болгох, таягдан хаях ажил гэж хэл. Зарим хүн бүрэн байлдан дагуулагдаагүй бөгөөд тэднийг байлдан дагуулах явцад бүлэг хүн төгс болох болно. Энэ хоёр хэсэг ажлыг нэгэн зэрэг хэрэгжүүлдэг. Ийм урт хугацааны ажлын туршид хүртэл хүмүүс орхиж яваагүй бөгөөд энэ нь байлдан дагуулалт зорилгодоо хүрсэн гэдгийг харуулдаг—энэ бол байлдан дагуулагдсаны баримт юм. Цэвэршүүлэлт нь байлдан дагуулагдахын төлөө биш, харин төгс болгуулахын төлөө байдаг. Цэвэршүүлэлтгүйгээр хүмүүсийг төгс болгох боломжгүй. Тиймээс цэвэршүүлэлт үнэхээр үнэ цэнтэй! Өнөөдөр нэг бүлэг хүмүүс төгс болгуулж, авхуулагдаж байна. Өмнө нь дурдагдсан арван ерөөл нь бүгд төгс болгуулсан хүмүүст чиглэсэн юм. Газар дээрх дүр төрхөө өөрчлөх тухай зүйл нь бүгд төгс болгуулсан хүмүүст чиглэдэг. Төгс болгуулаагүй хүмүүс Бурханы амлалтыг хүлээж авах шаардлага хангадаггүй.

Өмнөх: Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм

Дараах: Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих