Бурханы ажлын гурван үе шатны хоорондох харилцаа
Холбогдох Бурханы үг:
Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн энэ үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат тасралтгүй уялдаатайгаар Бурханы удирдлагын бүхий л цар хүрээг хамардаг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийн бүтээлээс хойш Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдан ажилласаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Эхэн ба Эцэс, эрин үеийг эхлүүлдэг Нэгэн, бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр өөр байршил дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсний ажил мөн. Энэ гурван үе шатыг хуваадаг бүх хүн Бурханыг эсэргүүцэн зогсдог. Эхний үе шатнаас өнөөдрийг хүртэлх бүх ажил нь нэг Бурханы ажил, нэг Сүнсний ажил юм гэдгийг одоо чи ойлговол зохино. Үүнд эргэлзэх юмгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3
Ажлын гурван үе шатыг нэг Бурхан хийсэн; энэ бол хамгийн агуу үзэгдэл бөгөөд Бурханыг мэдэх цорын ганц зам юм. Ажлын гурван үе шатыг Бурхан Өөрөө л хийж чадна, ямар ч хүн ийм ажлыг Түүний өмнөөс хийж чадахгүй—өөрөөр хэлбэл, эхлэлээс авхуулаад өнөөдрийг хүртэл Бурхан л Өөрийн ажлыг Өөрөө хийж чадна. Бурханы ажлын гурван үе шат хэдийгээр өөр өөр эрин үед, өөр өөр газарт явагдаж, мөн ажил бүр нь ялгаатай байсан ч энэ нь бүгд нэг Бурханы хийсэн ажил юм. Бүх үзэгдлийн дотроос хүний мэдэх ёстой хамгийн агуу үзэгдэл энэ бөгөөд хүн үүнийг бүрэн ойлговол бат зогсож чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм
Еховагийн ажлын дараа, Өөрийн ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Есүс махбод болсон. Түүний ажил тусдаа хэрэгжээгүй, харин Еховагийн ажилд тулгуурласан юм. Энэ нь, Хуулийн эрин үеийг төгсгөснийхөө дараа Бурханы хийсэн шинэ эрин үеийн ажил байв. Үүнтэй адилаар, Есүсийн ажил дууссаны дараа Бурхан дараагийн эрин үеийн ажлаа үргэлжлүүлсэн, учир нь Бурханы бүхий л удирдлага үргэлж урагшилж байгаа. Хуучин эрин үе өнгөрөх үедээ шинэ эрин үеэр солигдох ба хуучин ажил дуусмагц Бурханы удирдлагыг үргэлжлүүлэх шинэ ажил байх болно. Энэ удаад бие махбодтой болсон нь Есүсийн ажил дууссаны дараа Бурхан хоёр дахь удаа бие махбод болсон хэрэг юм. Мэдээж, энэ удаа бие махбодтой болсон нь дангаараа тохиолддоггүй; харин энэ нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үеийн дараах, ажлын гурав дахь үе шат юм. Бурхан ажлын шинэ үе шатыг эхлэх бүрд үргэлж шинэ эхлэл байх ёстой, мөн шинэ эрин үеийг үргэлж авчрах ёстой. Иймээс Бурханы зан чанар, Түүний ажиллах арга зам, ажлын байршил болон Түүний нэрэнд ч гэсэн харгалзах өөрчлөлтүүд гардаг. Тиймээс хүний хувьд, шинэ эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдагт гайхах зүйлгүй. Гэхдээ Өөрийг нь хүн хэрхэн эсэргүүцэхээс үл хамааран Бурхан үргэлж Өөрийн ажлыг хийж, бүх хүн төрөлхтнийг урагш хөтөлж байгаа. Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон ба энэ удаа бие махбодтой болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрч чаддаг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хүргэгдэж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн авч чадна. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг
Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь ажлын гурван үе шатанд хуваагддаг. Аль ч үе шат нь дангаараа гурван эрин үеийн ажлыг төлөөлж чадахгүй, харин нэг хэсгийг нь л төлөөлж чадна. Ехова гэх нэр Бурханы бүх зан чанарыг төлөөлж чадахгүй. Тэрээр Хуулийн эрин үед Өөрийн ажлыг гүйцэтгэсэн гэх баримт нь Бурхан бол хуулийн дор л Бурхан байж чадна гэдгийг баталдаггүй. Ехова хүний төлөө хууль гаргаж, тушаал буулгасан ба сүм болон тахилын ширээ барихыг хүмүүсээс хүссэн; Түүний хийсэн ажил Хуулийн эрин үеийг л төлөөлдөг. Түүний хийсэн ажил нь Бурхан бол хүнээс хууль мөрдөхийг л шаарддаг Бурхан, эсвэл сүм дэх Бурхан, тахилын ширээний өмнөх Бурхан гэдгийг нотолдоггүй. Ингэж хэлбэл буруу байх болно. Хуулийн доорх ажил нэг эрин үеийг л төлөөлж чадна. Тиймээс хэрвээ Бурхан Хуулийн эрин үеийн ажлыг л хийсэн бол хүн Бурханыг дараах тодорхойлолт дотор хорьж, “Бурхан бол сүм дэх Бурхан бөгөөд Бурханд үйлчлэхийн тулд бид тахилчийн нөмрөг өмсөж, сүмд орох ёстой” хэмээн хэлэх байв. Хэрвээ Нигүүлслийн эрин үеийн ажил хэзээ ч хийгдээгүй ба Хуулийн эрин үе өнөөг хүртэл үргэлжилсэн бол Бурхан бас өршөөнгүй агаад хайр энэрэлтэй гэдгийг хүн мэдэхгүй байх байлаа. Хэрвээ Хуулийн эрин үеийн ажил хийгдээгүй, харин Нигүүлслийн эрин үеийн ажил л хийгдсэн бол Бурхан зөвхөн хүнийг золин аварч, нүглийг нь өршөөж чадна гэдгийг л хүн мэдэх байв. Тэр бол ариун агаад гэм зэмгүй, мөн хүний төлөө Өөрийгөө золиосолж, цовдлогдож чадна гэдгийг л хүн мэдэх байлаа. Хүн эдгээр зүйлийг л мэдэх боловч бусад бүх зүйлийн талаар ямар ч ойлголтгүй байх байсан юм. Тиймээс эрин үе бүр Бурханы зан чанарын нэг хэсгийг төлөөлдөг. Бурханы зан чанарын ямар талыг Хуулийн эрин үе, ямрыг нь Нигүүлслийн эрин үе, ямрыг нь өнөөгийн үе шат төлөөлдгийн тухайд бол: гурван үе шатыг бүгдийг нь нэгэн бүхэл болгон нэгтгэсэн цагт л Бурханы зан чанарыг бүхэлд нь илчилж чадна. Хүн гурван үе шатны ажлыг бүгдийг нь мэдэж авсан цагтаа л үүнийг бүрэн ойлгож чадна. Гурван үе шатны алийг нь ч орхигдуулж болохгүй. Чи ажлын энэ гурван үе шатыг мэдэж авсныхаа дараа л Бурханы зан чанарыг бүхэлд нь харах болно. Бурхан Хуулийн эрин үе дэх ажлаа дуусгасан гэх баримт нь Тэр бол зөвхөн хуулийн доорх Бурхан гэдгийг баталдаггүй бөгөөд Тэр золин авралын ажлаа дуусгасан гэх баримт нь Бурхан үүрд хүн төрөлхтнийг золин аварна гэсэн үг биш. Эдгээр нь бүгд хүний гаргасан дүгнэлт юм. Нигүүлслийн эрин үе дууссан болохоор чи, Бурхан зөвхөн загалмайд харьяалагддаг, загалмай ганцаараа Бурханы авралыг төлөөлдөг гэж хэлж болохгүй. Тэгэх нь Бурханыг хязгаарлаж буй хэрэг. Өнөөгийн үе шатанд Бурхан үндсэндээ үгийн ажил хийж байгаа боловч Бурхан хэзээ ч хүнд өршөөнгүй хандаж байгаагүй, гагцхүү гэсгээлт, шүүлт л авчирдаг гэж чи хэлж болохгүй. Эцсийн өдрүүд дэх ажил нь хүн төрөлхтний хүрэх газар, төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дундах авралын бүх ажлыг төгсгөхийн тулд Ехова, Есүс хоёрын ажлыг болон хүний ойлгодоггүй бүх нууцыг ил болгодог. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь бүх зүйлийг дуусгавар болгодог. Эдгээр нууцын гүнд нь орж, зүрх сэтгэлдээ тов тодорхой ойлгох боломжийг хүнд олгохын тулд хүний ойлгоогүй бүх нууцыг дэлгэх ёстой. Тэр үед л хүн төрөлхтнийг төрлийнх нь дагуу ангилж болно. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дууссаны дараа л хүн Бурханы зан чанарыг бүхэлд нь ойлгож авна, учир нь Түүний удирдлага тэр үед дуусчихсан байх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4-өөс эш татав
Өнөөдрийн ажил Нигүүлслийн эрин үеийн ажлыг урагшлуулсан; өөрөөр хэлбэл, бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажил урагшилсан. Хэдийгээр Нигүүлслийн эрин үе дууссан ч Бурханы ажилд ахиц гарлаа. Ажлын энэ үе шат нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед үндэслэн хийгддэг гэж Би яагаад ахин дахин хэлдэг вэ? Яагаад гэвэл, өнөөдрийн ажил бол Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажлын үргэлжлэл бөгөөд Хуулийн эрин үед хийгдсэн зүйлийн ахиц дэвшил юм. Гурван үе шат нь өөр хоорондоо нягт харилцан холбогдсон ба гинжин холбоос нэг бүр нь дараагийнхтайгаа нягт холбогдсон байдаг. Ажлын энэхүү үе шат нь Есүсийн хийсэн дээр тулгуурлан хийгддэг гэж Би бас яагаад хэлдэг вэ? Энэ үе шат Есүсийн хийсэн ажилд тулгуурлан хийгдээгүй гэж үзвэл энэ үе шатанд өөр цовдлол явагдах хэрэгтэй болох байсан бөгөөд өмнөх үе шатны золин аврах ажлыг дахиад эхнээс нь хийх хэрэгтэй болох байв. Энэ нь утгагүй байх байлаа. Иймээс ажил бүрэн дууссан юм биш, харин эрин үе урагшилсан бөгөөд ажлын түвшин өмнөхөөсөө бүр ч илүү өндөрт өргөгдсөн юм. Ажлын энэхүү үе шат Хуулийн эрин үеийн суурин дээр, Есүсийн ажлын суурин дээр хийгдсэн гэж хэлж болно. Бурханы ажил шат шатаар хийгдсэн бөгөөд энэ үе шат нь шинэ эхлэл биш юм. Ажлын гурван үе шатны хослолыг л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж үзэж болно. Энэ үе шатны ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлын суурин дээр хийгддэг. Хэрвээ ажлын энэ хоёр үе шат хоорондоо хамааралгүй байсан бол яагаад энэ үе шатанд цовдлол давтагддаггүй вэ? Яагаад Би хүний нүглийг үүрэхийн оронд хүнийг шууд шүүж, гэсгээдэг вэ? Хэрвээ хүнийг шүүж, гэсгээх Миний ажил болон Ариун Сүнснээс олдож төрөлгүйгээр одоо ирж байгаа маань цовдлолын дараа болоогүй бол Би хүнийг шүүж, гэсгээх эрхгүй байх байлаа. Би Есүстэй нэг учраас л хүнийг шууд гэсгээж, шүүж эхэлдэг. Энэ үе шатан дахь ажил бүхэлдээ өмнөх үе шатны ажил дээр суурилсан. Тийм учраас, ийм ажил л хүнийг алхам алхмаар авралд хүргэж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг
Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний явцад Бурханы бүх зан чанар илчлэгдсэн. Энэ нь зөвхөн Нигүүлслийн эрин үед ч илчлэгдээгүй, зөвхөн Хуулийн эрин үед ч илчлэгдээгүй, тэр ч бүү хэл зөвхөн эцсийн өдрүүдийн энэ цаг хугацаанд ч илчлэгдээгүй. Эцсийн өдрүүдэд гүйцэтгэдэг ажил нь шүүлт, уур хилэн, гэсгээлтийг төлөөлдөг. Эцсийн өдрүүдэд хийгддэг ажил нь Хуулийн эрин үеийн ажил болон Нигүүлслийн эрин үеийн ажлыг орлож чадахгүй. Гэвч энэ гурван үе шат нь хоорондоо холбогдон нэг болдог бөгөөд бүгдээрээ нэгэн Бурханы ажил юм. Мэдээж энэ ажлын гүйцэтгэл нь тусдаа эрин үеүдэд хуваагддаг. Эцсийн өдрүүдэд хийгддэг ажил бүх зүйлийг төгсгөлд нь аваачдаг; Хуулийн эрин үед хийгдсэн нь эхлэлийн ажил байсан; Нигүүлслийн эрин үед хийгдсэн нь золин авралын ажил байсан. Бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажлын үзэгдлүүдийн тухайд бол хэн ч ухаарч, ойлгож чадахгүй бөгөөд эдгээр үзэгдэл нь оньсого хэвээр үлддэг. Эцсийн өдрүүдэд, Хаанчлалын эрин үеийг эхлүүлэхийн тулд үгийн ажил л хийгддэг боловч энэ нь бүх эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүд нь эцсийн өдрүүдээс хэтрэхгүй, Хаанчлалын эрин үеэс хэтрэхгүй бөгөөд Нигүүлслийн эрин үеийг, эсвэл Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүдэд ердөө л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх бүх ажил та нарт илчлэгддэг. Энэ бол нууцыг тайлж байгаа хэрэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4-өөс эш татав
Ажлын гурван үе шат нь Бурханы бүхий л удирдлагын гол цөм бөгөөд Бурханы зан чанар болон Тэр юу болох нь ажлын гурван үе шатаар илэрхийлэгддэг. Бурханы ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс нь Бурхан Өөрийнхөө зан чанарыг хэрхэн илэрхийлдгийг ухаарч чаддаггүй, мөн Бурханы ажлын мэргэн ухааныг ч мэддэггүй. Тэд бас хүн төрөлхтнийг авардаг Түүний олон арга зам болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийн талаар мэдэхгүй хэвээр үлддэг. Ажлын гурван үе шат нь хүн төрөлхтнийг аврах ажлын бүрэн илэрхийлэл билээ. Ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс Ариун Сүнсний ажилладаг олон янзын арга зам болон зарчмыг мэдэхгүй байх болно, мөн ажлын тодорхой нэг үе шатнаас үлдсэн дүрэм журмыг л чандлан баримталдаг хүмүүс нь Бурханыг дүрэм журмаар хязгаарладаг хүмүүс бөгөөд Бурханд итгэх тэдний итгэл тодорхойгүй байдаг. Тийм хүмүүс хэзээ ч Бурханы авралыг хүлээн авахгүй. Бурханы ажлын гурван үе шат л Бурханы бүхий л зан чанарыг бүрэн илэрхийлж чадна, мөн бүх хүн төрөлхтнийг аврах Бурханы санаа зорилго болон хүн төрөлхтний авралын бүхий л үйл явцыг бүрэн дүүрэн илэрхийлж чадна. Энэ бол Бурхан Сатаныг ялж, хүн төрөлхтнийг олж авсны баталгаа, Бурханы ялалтын баталгаа, мөн Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл юм. Бурханы ажлын гурван үе шатнаас нэг үе шатыг нь л ойлгодог хүмүүс Бурханы зан чанарын зөвхөн нэг хэсгийг л мэддэг. Ажлын энэ нэг л үе шат нь хүний үзэлд дүрэм журмыг амархан бий болгож, Бурханыг амархан тодорхойлдог ба Бурханы зан чанарын энэ ганц хэсгийг Бурханы бүхий л зан занарын төлөөлөл болгон хэрэглэдэг. Түүнчлэн хүний ихэнх төсөөлөл дотроо холилдсон байдаг, ингэснээр хүн Бурханы зан чанар, оршихуй, мэргэн ухаан болон Бурханы ажлын зарчмыг хязгаарлагдмал цар хүрээн дотор чандлан хязгаарлаж, Бурхан нэг удаа ийм байсан бол үргэлж ийм хэвээрээ үлдэж, хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж итгэдэг. Ажлын гурван үе шатыг мэддэг, ойлгодог хүмүүс л Бурханыг үнэн зөв, бүрэн дүүрэн мэдэж чадна. Ядаж л тэд Бурханыг израильчуудын юм уу иудейчүүдийн Бурхан гэж тодорхойлохгүй, мөн Түүнийг хүн төрөлхтний төлөө үүрд загалмай дээр цовдлогдох Бурхан гэж үзэхгүй. Хэрвээ хүн Бурханыг ажлынх нь нэг үе шатнаас л мэдэж авбал мэдлэг нь хэтэрхий өчүүхэн бөгөөд далай дахь нэг дуслаас цаашгүй юм. Тийм биш бол шашны хуучинсаг үзэлтнүүд яагаад Бурханыг амьдаар нь загалмайд цовдлох юм бэ? Энэ нь, хүн Бурханыг тодорхой цар хүрээн дотор хязгаарладгаас болдоггүй гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм
Ажлын гурван үе шат нь Бурханы бүхий л ажлын тэмдэглэл, хүн төрөлхтнийг аврах Бурханы авралын тэмдэглэл бөгөөд санаанаас зохиосон зүйл биш. Хэрвээ та нар Бурханы бүхий л зан чанарын талаарх мэдлэгийг эрж хайхыг үнэхээр хүсвэл Бурханы гүйцэтгэсэн ажлын гурван үе шатыг мэдэх ёстой, түүнчлэн ямар нэг үе шатыг нь орхигдуулах ёсгүй. Энэ бол Бурханыг мэдэхээр эрж хайдаг хүмүүсийн биелүүлэх ёстой наад захын зүйл юм. Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийг хүн өөрөө зохиож чадахгүй. Энэ нь хүний өөрийн төсөөлж чадах зүйл биш, мөн ганцхан хүнд зориулсан Ариун Сүнсний тусгай ивээлийн үр дүн ч биш. Харин энэ нь хүн Бурханы ажлыг туулсны дараа гардаг мэдлэг бөгөөд Бурханы ажлын баримтуудыг туулсны дараа л гарч ирдэг Бурханы тухай мэдлэг юм. Тийм мэдлэгийг хялбархан олж авдаггүй, үүнийг мөн заалгаж ч болдоггүй. Энэ нь бүхэлдээ хувийн туршлагатай холбоотой. Ажлын гурван үе шатны гол цөм нь хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал юм, гэхдээ авралын ажил дотор, ажиллах хэд хэдэн арга барил болон Бурханы зан чанарыг илэрхийлэх арга агуулагдаж байдаг. Үүнийг ялган таних нь хүний хувьд хамгийн хэцүү байдаг ба хүн ойлгоход хэцүү байдаг. Эрин үеүдийн зааг, Бурханы ажил дахь өөрчлөлт, ажлын байршил дахь өөрчлөлт, энэ ажлын хүлээн авагч дахь өөрчлөлт гэх мэт нь бүгдээрээ ажлын гурван үе шатанд багтдаг. Ялангуяа, Ариун Сүнсний ажиллах арга зам дахь ялгаа, түүнчлэн Бурханы зан чанар, дүр, нэр, ялгамж чанар дахь хувиралт болон бусад өөрчлөлт нь бүгдээрээ ажлын гурван үе шатны нэг хэсэг юм. Ажлын нэг үе шат нь нэг хэсгийг л төлөөлж чаддаг ба тодорхой цар хүрээн дотор хязгаарлагддаг. Энэ нь бусад тал байтугай эрин үеүдийн зааг юм уу Бурханы ажилд гарсан өөрчлөлтийг агуулдаггүй. Энэ нь мэдээж илэрхий баримт юм. Ажлын гурван үе шат нь хүнийг аврах Бурханы ажлын бүрэн дүүрэн байдал билээ. Хүн бүхэн Бурханы авралын ажлаас Түүний ажил болон зан чанарыг мэдэх ёстой, энэ баримтгүйгээр Бурханы талаарх мэдлэг чинь хоосон үг, хийсвэр онолоос л бүрддэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм
Ажлын сүүлчийн үе шат нь дангаараа байдаггүй, харин өмнөх хоёр үе шаттайгаа хамт бүрдүүлсэн бүхэл нэг цогц болдог бөгөөд өөрөөр хэлбэл, ажлын гурван үе шатны нэгийг нь л хийгээд авралын бүх ажлыг дуусгах боломжгүй. Ажлын сүүлчийн үе шат нь хүнийг бүрэн аварч чадах хэдий ч хүнийг Сатаны нөлөөнөөс аврахад энэ ганц үе шатыг л дангаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй, ажлын өмнөх хоёр үе шат нь шаардлагагүй гэсэн үг биш. Гурван үе шатны аль ч ганц үе шатыг бүх хүн төрөлхтний мэдэх ёстой цорын ганц үзэгдэл гэж тогтоож болохгүй, учир нь авралын ажлын бүрэн бүтэн байдал нь ажлын гурван үе шат болохоос тэдгээрийн дундах ганц үе шат биш. Авралын ажил биелээгүй цагт Бурханы удирдлага бүрэн төгсөж чадахгүй байх болно. Бурханы оршихуй, зан чанар болон мэргэн ухаан нь авралын ажлын бүрэн бүтэн байдалд илэрхийлэгдсэн байдаг бөгөөд бүр эхнээсээ хүнд илчлэгдэлгүй, харин авралын ажилд аажмаар илэрхийлэгдэж ирсэн билээ. Авралын ажлын үе шат бүр Бурханы зан чанарын нэг хэсгийг болон Түүний оршихуйн нэг хэсгийг илэрхийлдэг; харин ажлын үе шат бүр Бурханы оршихуйн бүрэн дүүрэн байдлыг шууд, бүрэн илэрхийлдэггүй. Тиймээс ажлын гурван үе шат дууссаны дараа авралын ажил бүрэн төгсөнө, иймээс хүн Бурханы бүрэн дүүрэн байдлыг мэдэхдээ Бурханы ажлын гурван үе шатаас салж болохгүй. Ажлын нэг үе шатнаас хүн ердөө Бурханы ажлын ганц хэсэгт илэрхийлэгдсэн зан чанарыг нь л олж авдаг билээ. Энэ нь өмнөх ба дараах үе шатанд илэрхийлэгдсэн зан чанар болоод оршихуйг төлөөлж чадахгүй. Учир нь, хүн төрөлхтнийг аврах ажлыг нэг цаг үед, эсвэл нэг газарт тэр дор нь дуусгаж болдоггүй, харин энэ нь өөр өөр цаг үе, газрууд дахь хүний хөгжлийн түвшний дагуу аажмаар гүнзгийрдэг. Энэ нь үе шаттайгаар явагддаг ажил бөгөөд ганц үе шатанд дуусдаггүй. Иймээс Бурханы бүхий л мэргэн ухаан нь бие даасан нэг үе шатны оронд гурван үе шатанд биеждэг. Түүний бүхий л оршихуй болон бүхий л мэргэн ухаан нь энэ гурван үе шатанд оршдог бөгөөд үе шат бүр Түүний оршихуйг агуулж, Түүний ажлын мэргэн ухааны тэмдэглэл болдог. Хүн энэ гурван үе шатанд илэрхийлэгдсэн Бурханы бүхий л зан чанарыг мэдэх ёстой. Бурханы энэ бүх оршихуй нь бүх хүн төрөлхтөнд үнэхээр тун чухал байдаг ба хэрвээ хүмүүс Бурханыг шүтэхдээ үүнийг мэдэхгүй бол Буддаг шүтдэг хүмүүсээс ялгаагүй. Хүмүүсийн дундах Бурханы ажил бүх хүнд нээлттэй бөгөөд Бурханыг шүтэн мөргөдөг бүх хүн үүнийг мэддэг байх ёстой. Бурхан хүмүүсийн дунд авралын ажлын гурван үе шатыг хэрэгжүүлсэн учраас ажлын энэ гурван үе шатны туршид Түүнд юу байгаа болон Тэр юу болохын илэрхийллийг хүн мэдэх ёстой. Энэ нь хүний заавал хийх ёстой зүйл юм. Бурхан хүний биелүүлж чадахгүй, мөн хүний мэдэх ёсгүй зүйлийг хүнээс нуудаг, харин Бурхан хүний мэдэх ёстой, хүний эзэмших ёстой зүйлийг хүнд үзүүлдэг. Ажлын гурван үе шат нь дор бүрнээ өмнөх үеийнхээ суурин дээр хийгддэг; энэ нь авралын ажлаас тусдаа бие даан хийгдсэн ажил биш. Эрин үед болон хэрэгжүүлэх ажлын төрөлд асар их ялгаа байдаг хэдий ч гол цөм нь мөн л хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг ба авралын ажлын үе шат бүр нь өмнөхөөсөө алхам алхмаар гүнзгийрдэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?