Хүмүүсийг аварч, төгс болгохын тулд Бурханы ажлын гурван үе шат хэрхэн алхам алхмаар гүнзгийрдэг вэ?
Холбогдох Бурханы үг:
Бурханы удирдлага нь бүхэлдээ гурван үе шатанд хуваагддаг бөгөөд үе шат бүрд хүнд тохирох шаардлага тавигддаг. Түүнчлэн эрин үе өнгөрч, урагшлахын хэрээр бүх хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлага улам өндөр болдог. Тиймээс хүн “Үг нь махбодоор илэрсэн” баримтыг харах хүртэл Бурханы удирдлагын энэ ажил алхам алхмаар оргилдоо хүрч, ийм маягаар хүнд тавих шаардлага улам өндөр болж, хүний гэрчлэл хийх шаардлага ч бас улам өндөрсдөг. Хүн Бурхантай үнэхээр хамтран ажиллах чадвартай байх тусмаа, Бурханыг улам алдаршуулдаг. Хүний хамтын ажиллагаа бол түүний хийх хэрэгтэй гэрчлэл бөгөөд түүний хийдэг гэрчлэл нь хүний хэрэгжүүлэлт юм. Тиймээс Бурханы ажил эцсийн үр дүнтэй байх эсэх нь, мөн жинхэнэ гэрчлэлтэй байж чадах эсэх нь хүний хамтын ажиллагаа болон гэрчлэлтэй нягт холбогддог. Ажил дуусах үед, өөрөөр хэлбэл, Бурханы бүх удирдлага төгсгөлдөө очих үед, хүн илүү өндөр гэрчлэл хийх шаардлагатай болно, мөн Бурханы ажил төгсгөлдөө очих үед хүний хэрэгжүүлэлт болон оролт дээд цэгтээ хүрнэ. Өмнө нь хүнээс, хууль болоод тушаалуудыг сахиж, тэвчээртэй, даруухан байхыг шаарддаг байсан. Харин өнөөдөр хүнээс, Бурханы бүх зохицуулалтад дуулгавартай байж, Бурханыг туйлын их хайрлаж, эцэст нь гай зовлонгийн дунд ч гэсэн Бурханыг хайрласаар байхыг шаарддаг. Энэ гурван үе шат нь, бүхий л удирдлагынхаа хугацаанд алхам алхмаар хүнд тавьдаг Бурханы шаардлагууд юм. Бурханы ажлын үе шат бүр сүүлийнхээсээ илүү гүнзгийрдэг ба үе шат бүрд хүнд тавих шаардлага сүүлийнхээсээ илүү гүн гүнзгий болдог, ийм маягаар Бурханы бүхий л удирдлага алгуурхан хэлбэрждэг. Яагаад гэвэл, хүнд тавих шаардлага улам өндөр болох тусам хүний зан чанар Бурханы шаардсан стандартад бүр их дөхдөг, зөвхөн тэр үед л бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аажмаар ангижирдаг ба Бурханы ажил бүрэн дуусгавар болоход бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аврагдсан байх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт
Бурханы удирдлагын ажил дэлхий ертөнц бүтээгдсэнээс хойш эхэлсэн ба хүн энэхүү ажлын цөмд байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь хүний төлөө байсан гэж хэлж болно. Түүний удирдлагын ажил олон мянган жил дамнадаг учраас энэ нь хэдхэн минут, секундын дотор юм уу нүд цавчихын төдийд, эсвэл ганц хоёрхон жилийн дотор хийгддэггүй бөгөөд хүн төрөлхтний оршин амьдрахад шаардлагатай нар, сар, бүх төрлийн амьд зүйл, хоол хүнс, таатай орчин гэх зэрэг илүү их зүйлийг бүтээх хэрэгтэй болсон. Энэ нь Бурханы удирдлагын эхлэл байсан юм.
Үүний дараа Бурхан хүн төрөлхтнийг Сатанд хүлээлгэн өгч, хүн Сатаны эзэмшил дор амьдарсан ба энэ нь яваандаа эхний эрин үеийн Бурханы ажил буюу Хуулийн эрин үеийн түүх рүү хөтөлсөн… Хуулийн эрин үеийн хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөн Хуулийн эрин үеийн удирдамжид дасаж, ийм байх ёстой мэт үзэж эхэлсэн юм. Тэгээд хүн аажмаар Бурханы анхаарал халамжийг орхисон. Иймээс хуулийг мөрдөхийн зэрэгцээ тэд бас шүтээн шүтэж, муу үйл хийжээ. Тэдэнд Еховагийн хамгаалалт байгаагүй бөгөөд ердөө сүм дэх тахилын ширээг сахиж амьдралаа өнгөрүүлсэн юм. Үнэндээ, Бурханы ажил тэднийг аль хэдийн орхисон бөгөөд хэдийгээр израильчууд хуулийг мөрдөж, Еховагийн нэрийг хэлсээр байж, тэр ч байтугай зөвхөн тэд л Еховагийн ардууд, Еховагийн сонгосон хүмүүс хэмээн бардамнан итгэж байсан ч Бурханы алдар тэднийг чимээгүйхэн орхисон билээ…
………………………
Хуулийн эрин үе дэх Еховагийн ажил дууссаны дараа Бурхан ердийнхөөрөө хоёр дахь үе шатны шинэ ажлаа эхлүүлэн, махбод авч—арав, хорин жилийн турш бие махбодтой хүн болж—итгэгчдийн дунд ярьж, Өөрийн ажлыг хийсэн. Гэсэн ч бүгд ялгаагүй, нэг нь ч мэдээгүй ба Эзэн Есүсийг загалмайд цовдлогдож, дахин амилсны дараа Тэр бол махбод болсон Бурхан мөн гэдгийг цөөн тооны хүн л хүлээн зөвшөөрсөн… Бурханы ажлын хоёр дахь үе шат биелмэгц—цовдлолын дараа—хүнийг нүглээс буцаан авах (өөрөөр хэлбэл, хүнийг Сатаны гараас буцаан авах) Бурханы ажил биелсэн. Иймд тэр мөчөөс эхлэн хүн төрөлхтөн нүглээ уучлуулахын тулд зөвхөн Эзэн Есүсийг Аврагч хэмээн хүлээн зөвшөөрөхөд л болох байв. Нэр төдий хэлэхэд, авралд хүрч, Бурханы өмнө очиход хүний нүгэл цаашид саад болохоо больж, Сатан хүнийг буруутгах хөшүүрэг байхаа больсон. Яагаад гэвэл, Бурхан Өөрөө бодит ажил хийж, нүгэлт бие махбодын төрх, урьдач загвар болсон бөгөөд Бурхан Өөрөө нүглийн тахил байсан юм. Ийм маягаар энэ нүгэлт бие махбодын төрх болох Бурханы махбодоор дамжуулан хүн загалмайнаас бууж, золилт, авралыг хүртсэн. Иймээс Сатанд олзлогдсоны дараа хүн Бурханы өмнө аврал хүлээн авахад нэг алхам илүү ойртсон. Мэдээж, ажлын энэ үе шат нь Хуулийн эрин үеийн Бурханы удирдлагаас илүү гүн гүнзгий, илүү ахисан түвшнийх байлаа.
Бурханы удирдлага ийм байдаг: Бурхан юу болох, Бүтээгч юу болох, Бурханд хэрхэн шүтэн мөргөх, яагаад Бурханд захирагдах шаардлагатай вэ гэдгийг мэддэггүй хүн төрөлхтнийг Сатанд гардуулан өгч, Сатаны завхралд өртүүлдэг. Дараа нь хүн Бурханд бүрэн шүтэн мөргөж, Сатаныг голох хүртэл Бурхан хүнийг Сатаны савраас алхам алхмаар буцаан авдаг. Энэ бол Бурханы удирдлага юм. Энэ бүхэн үлгэр домог шиг сонсогдож магадгүй; мөн ээдрээтэй санагдаж магадгүй. Хүмүүст энэ нь үлгэр домог шиг санагддаг, учир нь өнгөрсөн хэдэн мянган жилд хүнд хэчнээн их зүйл тохиолдсоныг тэд мэддэггүй, сансар, огторгуйд хэчнээн олон үйл явдал тохиосныг бүр ч мэддэггүй. Түүнчлэн, материаллаг ертөнцөөс цааш оршдог, хүний эгэл нүдээр харах аргагүй илүү гайхалтай, илүү айдас төрүүлэм ертөнцийг тэд ойлгож чаддаггүй. Энэ нь хүнд ойлгохын аргагүй санагддаг, учир нь Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болон Бурханы удирдлагын ажлын утга учрын тухай ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг ямар байгаасай гэж хүсдэгийг хүн ухаардаггүй. Сатанаар огт завхруулагдаагүй Адам, Еватай адил байгаасай гэж хүсдэг үү? Үгүй! Бурханы удирдлагын зорилго нь Бурханд шүтэн мөргөж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүмүүсийг Сатан завхруулсан хэдий ч тэд Сатаныг өөрсдийн эцэг гэж үзэхээ больж, Сатаны үзэшгүй муухай царайг таниад түүнийг голдог ба Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахаар Бурханы өмнө ирдэг. Тэд юу муухай вэ гэдгийг болон энэ нь ариун зүйлээс хэр өөр байдгийг мэдэж авч, Бурханы агуу байдал, Сатаны ёрын мууг таньж мэддэг. Ийм хүн төрөлхтөн цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй, эсвэл Сатаныг тахихгүй. Учир нь, тэд бол Бурханаар үнэхээр авхуулсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг удирдахын утга учир юм. Өнөө үеийн Бурханы удирдлагын ажлын үед хүн төрөлхтөн бол Сатаны завхрал, Бурханы авралын аль алиных нь бай бөгөөд Бурхан, Сатан хоёрын тэмцэлддэг бүтээгдэхүүн билээ. Бурхан Өөрийн ажлыг хийхийн зэрэгцээ хүн төрөлхтнийг Сатаны гараас алхам алхмаар буцаан авдаг тул хүн Бурханд улам бүр ойр болдог…
Тэгээд дараа нь Хаанчлалын эрин үе ирсэн ба энэ нь ажлын илүү бодитой үе шат атлаа хүн хүлээн зөвшөөрөхөд хамгийн хэцүү нь юм. Учир нь, хүн Бурханд ойртон очих тусам Бурханы саваа хүнд улам ойртдог ба Бурханы царай хүний өмнө улам тодорхой илчлэгддэг. Хүн төрөлхтөн золин аврагдсаны дараа хүн албан ёсоор Бурханы гэрт буцаж очдог. Одоо үе бол зугаа цэнгэлийн цаг гэж хүн бодсон боловч хэний ч урьдчилан харж чадаагүй Бурханы шууд ширүүн дайралтад өртсөн: Энэ нь Бурханы ардуудын “эдлэх” ёстой баптисм байж таарсан. Тийм хандлага дор хүмүүс түр зогсоод, “Би бол олон жил төөрсөн Хурга бөгөөд Бурхан намайг буцааж худалдан авахын тулд маш ихийг зарцуулсан, тэгвэл Бурхан надад яагаад ингэж хандаж байгаа юм бэ? Намайг шоолж, намайг илчлэх Бурханы арга зам энэ гэж үү? …” хэмээн бодохоос өөр аргагүйд хүрдэг. Олон жил өнгөрсний дараа хүн цэвэршүүлэлт, гэсгээлтийн бэрхшээлийг туулаад хашир болсон. Хэдийгээр хүн өнгөрсөн үеийн “алдар суу” болон “романтик байдлаа” алдсан ч хүний биеэ авч явах зарчмыг өөрийн мэдэлгүй ойлгож эхэлсэн ба хүн төрөлхтнийг аврахын төлөөх Бурханы олон жилийн зориулалтыг ойлгож эхэлсэн юм. Хүн харанхуй бүдүүлэг байдлаа аажмаар үзэн ядаж эхэлдэг. Тэр өөрийнхөө хэчнээн зэрлэг догшныг, Бурханд хандах бүх үл ойлголцлоо болон Түүнд тавьж байсан үндэслэлгүй шаардлагуудаа үзэн ядаж эхэлдэг. Цаг хугацааг буцааж болохгүй. Өнгөрсөн үеийн үйл явдлууд нь хүний харуусал дүүрэн дурсамж болж, Бурханы үг болон хайр хүний шинэ амьдралыг хөдөлгөгч хүч болдог. Хүний шарх өдөр өдрөөр эдгэрч, хүч чадал нь эргэн ирэхэд хүн өндийн босож, Төгс Хүчитийн царайг хараад … Тэр үргэлж миний хажууд байсан ба Түүний инээмсэглэл, Түүний үзэсгэлэнт царай маш сэтгэл хөдөлгөм хэвээр байж, Түүний зүрх сэтгэл Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийхөө төлөө зовнисоор байдаг, Түүний гар одоо ч анхных шигээ дулаахан, хүчирхэг хэвээр гэдгийг л олж мэддэг. Хүн Еден цэцэрлэгт буцаж очсон мэт байдаг, гэхдээ энэ удаад хүн могойн уруу таталтыг цаашид сонсохгүй, цаашид Еховагаас нүүр буруулахгүй. Хүн Бурханы өмнө өвдөг сөгдөж, Бурханы инээмсэглэсэн царайг хараад өөрийн хамгийн эрхэм тахилыг өргөдөг—Өө! Эзэн минь, Бурхан минь!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна
Хэдийгээр хүний өнөөдөр алхдаг зам ч бас загалмайн зам, зовлонгийн зам боловч өнөөдөр хүний хэрэгжүүлж, идэж, ууж, эдэлдэг зүйлс нь хуулийн дор болон Нигүүлслийн эрин үед байсан хүмүүсийнхээс асар өөр билээ. Өнөөдөр хүнээс шаарддаг зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй бөгөөд Хуулийн эрин үед хүнээс шаардаж байсантай бүр ч адилгүй. Тэгвэл Бурханы Израильд ажлаа хийж байхдаа хуулийн дор байгаа хүнээс юу шаардсан бэ? Энэ нь, хүн Амралтын өдрийг болон Еховагийн хуулийг мөрдөх ёстой гэдгээс хэтрээгүй. Хэн ч Амралтын өдрөөр ажиллаж, эсвэл Еховагийн хуулийг зөрчиж болохгүй байв. Гэхдээ одоо тийм биш. Амралтын өдөр хүн ердийнхөөрөө ажиллаж, цугларч, залбирдаг ба хүнд ямар ч хориг хязгаарлалт тавьдаггүй. Нигүүлслийн эрин үеийн хүмүүс баптисм хүртэх хэрэгтэй байсан, улмаар мацаг барьж, талх хугалж, дарс ууж, толгойгоо бүтээж, хөлөө угаахыг тэднээс шаардсан. Одоо энэ дүрмүүд хүчингүй болсон боловч хүнд бүр ч их шаардлага тавьдаг, учир нь Бурханы ажил улам бүр гүнзгийрч, хүний оролт улам өндөрсөж байдаг. Урьд нь Есүс хүн дээр гараа тавин залбирсан, харин одоо бүхнийг хэлсэн болохоор гараа тавихын хэрэг юу байх билээ? Дан ганц үгээр үр дүнд хүрч болно. Урьд нь Тэрээр хүн дээр гараа тавих үед энэ нь хүнийг ерөөж, бас өвчнийг нь эдгээх зорилготой байлаа. Тухайн үед Ариун Сүнс ингэж ажилладаг байсан, гэхдээ одоо тийм биш. Одоо Ариун Сүнс ажиллаж, үр дүнд хүрэхийн тулд үг ашигладаг. Түүний үг та нарт тодорхой болсон бөгөөд та нар хэлсний дагуу хэрэгжүүлэх ёстой. Түүний үг бол Түүний хүсэл; тэдгээр нь Түүний хийхийг хүсдэг ажил. Үгээр нь дамжуулан чи Түүний хүслийг ойлгож, юунд хүрэхийг чамаас шаардаж байгааг ойлгоно, мөн гар тавих ямар ч хэрэггүйгээр Түүний үгийг шууд хэрэгжүүлж болно. Зарим хүн: “Гараа над дээр тавиач! Гараа над дээр тавивал би Таны ерөөлийг хүртэж, Танаас хуваалцаж болох юм” гэж хэлж болзошгүй. Энэ бүхэн нь өнгөрсөн үеийн хоцрогдсон хэрэгжүүлэлт бөгөөд эрин үе солигдсон учраас одоо хэрэглэхээ больсон. Ариун Сүнс санамсаргүй байдлаар ч биш, эсвэл тогтсон дүрмийн дагуу ч биш, харин эрин үед нийцүүлэн ажилладаг. Эрин үе өөрчлөгдсөн бөгөөд шинэ эрин үе шинэ ажлыг зайлшгүй авчирдаг. Ажлын үе шат бүр ийм байдаг тул Түүний ажил хэзээ ч давтагддаггүй. Нигүүлслийн эрин үед Есүс өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөх, хүний төлөө залбирахын тулд гараа хүн дээр тавих, хүнийг ерөөх гэх зэрэг ажлыг хангалттай хэмжээнд хийсэн. Гэвч өнөө үед үүнийг дахин хийх нь утга учиргүй байх байв. Ариун Сүнс тухайн үед тийм маягаар ажилласан, учир нь энэ нь Нигүүлслийн эрин үе байсан ба хүний эдлэх нигүүлсэл хангалттай байлаа. Хүнээс ямар ч төлөөс төлөхийг шаардаагүй бөгөөд итгэлтэй байх л юм бол нигүүлсэл хүртэх байв. Бүгдэд маш нигүүлсэнгүйгээр хандаж байсан юм. Одоо эрин үе өөрчлөгдсөн бөгөөд Бурханы ажил цааш улам ахисан; гэсгээлт, шүүлтээр дамжуулан хүний тэрслүү байдлыг болон доторх бохир зүйлсийг нь арилгана. Тэр үе шат золин авралын үе шат байсан болохоор Бурхан тийм маягаар ажиллаж, эдлэх хангалттай нигүүлслийг хүнд харуулах ёстой байв, ингэснээр хүнийг нүглээс золин аварч, нигүүлслээр дамжуулан нүглийг нь уучилж болох байлаа. Өнөөгийн энэ үе шат нь хүмүүсийг дараа нь аврахын тулд гэсгээлт, шүүлт, үгийн цохилт, түүнчлэн үгийн сахилгажуулалт болон илчлэлийн аргаар хүний доторх шударга бус байдлыг ил болгодог. Энэ бол золин авралаас ч илүү гүнзгий ажил билээ. Нигүүлслийн эрин үе дэх нигүүлсэл нь хүн эдлэхэд хангалттай байсан; одоо хүн энэ нигүүлслийг аль хэдийн мэдэрсэн болохоор цаашид дахиж эдлэхгүй. Энэ ажил одоо үеэ өнгөрөөсөн ба цаашид дахиж хийгдэхгүй. Одоо хүнийг үгийн шүүлтээр дамжуулан аварна. Хүнийг шүүж, гэсгээж цэвэршүүлсний дараа зан чанар нь өөрчлөгддөг. Энэ нь бүгд Миний хэлсэн үгээс болдоггүй гэж үү? Ажлын үе шат бүр нь бүх хүн төрөлхтний ахиц дэвшил болон эрин үеийн дагуу хийгддэг. Ажил бүхэлдээ ач холбогдолтой байдаг, энэ бүхэн нь эцсийн авралын төлөө, хүн төрөлхтөн ирээдүйд сайн сайхан хүрэх газартай байхын төлөө, эцэст нь хүмүүс төрлөөрөө ангилагдахын төлөө хийгддэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4-өөс эш татав
Эцсийн өдрүүдийн ажилд үг нь тэмдэг, гайхамшгийн илрэлээс илүү сүр хүчтэй байдаг бөгөөд үгийн эрх мэдэл нь тэмдэг, гайхамшгийнхаас давдаг. Үг нь хүний зүрх сэтгэлийн гүнд булагдсан бүх ялзарсан зан чанарыг ил болгодог. Чи тэдгээрийг өөрөө таних ямар ч аргагүй. Үгээр дамжуулан тэдгээрийг өмнө чинь ил болгоход чи аяндаа олж мэднэ; чи тэдгээрийг үгүйсгэж чадахгүй бөгөөд бүрэн үнэмшинэ. Энэ нь үгийн эрх мэдэл биш гэж үү? Энэ бол өнөөдрийн үгийн ажлаар хүрсэн үр дүн юм. Тиймээс өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулснаар хүнийг нүглээс бүрэн аварч чадахгүй, мөн тэмдэг, гайхамшиг үзүүлснээр дамжуулан бүрэн төгс болгож ч чадахгүй. Өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулах эрх мэдэл нь хүнд нигүүлсэл л өгдөг боловч хүний махан бие Сатанд харьяалагдсаар байдаг ба завхарсан сатанлаг зан чанар хүний дотор байсаар байдаг. Өөрөөр хэлбэл, цэвэр болгоогүй зүйл нүгэл болон бузарт хамаатай хэвээр байдаг. Үгийн тусламжтайгаар цэвэр болгуулсны дараа л хүн Бурханаар авхуулж, ариусаж чаддаг. Хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж, түүнийг золин аврах үед энэ нь, түүнийг Сатаны гараас булаан авч, Бурханд буцааж өгсөн гэсэн утгатай байв. Гэвч тэр Бурханаар ариусгагдаж, өөрчлөгдөөгүй учраас завхарсан хүн хэвээр үлддэг. Хүний дотор бузар буртаг, эсэргүүцэл, тэрслүү байдал оршсоор байдаг; хүн зөвхөн Бурханы золин авралаар дамжуулж Түүн рүү буцаж очсон боловч Бурханы тухай өчүүхэн төдий ч мэдлэггүй байдаг бөгөөд Түүнийг эсэргүүцэж, Түүнээс урваж мөн л чаддаг. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин авралаас цаашгүй байсан боловч хүний доторх хорт уг чанарыг таягдан хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүнийг Бурхан олж авдаг; цэвэршүүлж, шүүж, ил болгоход үгийг ашигласнаар хүний зүрх сэтгэлийн доторх хольц, үзэл, сэдэл, хувийн хүсэл эрмэлзэл бүгд бүрэн илчлэгддэг. Хүнийг золин аварч, нүглийг нь уучилсан тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч махан биед амьдардаг хүн нүглээс ангижраагүй бол үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Хүн төрөлхтний ихэнх нь өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн завхарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн. Тухайлбал, хүмүүс Моабын үр удам гэдгээ ухаарах үедээ гомдлын үг хэлж, амийг эрэлхийлэхээ больж, туйлын сөрөг болдог. Хүмүүс Бурханы ноёрхол дор бүрэн захирагдаж чадахгүй байсаар байгааг энэ нь харуулдаггүй гэж үү? Энэ нь яг нарийндаа завхарсан сатанлаг зан чанар биш гэж үү? Гэсгээлтэд өртөөгүй байх үедээ чи гараа бусдынхаас, бүр Есүсийнхээс ч илүү өндөрт өргөж байсан. Тэгээд чи чанга дуугаар ийнхүү хашхирсан: “Бурханы хайртай хүү болно! Бурханы дотнын хүн болно! Сатанд сөгдөхийн оронд бид үхэхийг илүүд үзнэ! Хөгшин Сатаны эсрэг босоцгоо! Агуу улаан лууны эсрэг босоцгоо! Агуу улаан луу арчаагүйгээр эрх мэдлээ алдах болтугай! Бурхан биднийг бүрэн төгс болгох болтугай!” Хашхираан чинь бусад бүх хүнийхээс ч илүү чанга байсан. Харин дараа нь гэсгээлтийн цаг үе ирэхэд хүмүүсийн завхарсан зан чанар дахин нэгэнтээ илчлэгдсэн юм. Тэгээд тэдний хашхираан намжиж, шийдэмгий байдал нь бүтэлгүйтсэн. Энэ бол хүний завхрал; нүглээс илүү гүн нэвчсэн энэ нь Сатаны суулгасан, хүний дотор гүнзгий үндэслэсэн зүйл юм. Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй; тэр өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг бөгөөд энэ үр дүнд хүрэхийн тулд үгийн шүүлтэд найдах ёстой. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4-өөс эш татав
Энэ эрин үед Бурханы хийдэг ажил нь үндсэндээ хүний амийг үгээр хангах; хүний завхарсан зан чанар болон уг мөн чанарыг илчлэх; шашны үзэл, бурангуй нийгмийн үзэл бодол, хоцрогдсон үзэл бодол, хүний мэдлэг, соёлыг таягдан хаях явдал юм. Бурханы үгээр дамжуулан ил болгосноор эдгээр зүйлийг бүгдийг нь цэвэрлэх ёстой юм. Эцсийн өдрүүдэд хүнийг төгс болгохын тулд Бурхан тэмдэг гайхамшиг биш, харин үг ашигладаг. Тэрээр хүнийг ил болгож, шүүж, гэсгээж, төгс болгохын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр Бурханы үгээс хүн Бурханы мэргэн ухаан, хайр татам байдлыг харж, Бурханы зан чанарыг ойлгож авдаг, мөн Бурханы үгээр дамжуулан Бурханы үйл хэргийг хардаг. Хуулийн эрин үед Ехова Өөрийн үгээр Мосег Египетээс удирдан гаргасан ба израильчуудад зарим үгийг хэлсэн; тэр үед Бурханы үйл хэргийн нэг хэсэг нь ил тод болсон боловч хүний хэв чанар хязгаарлагдмал бөгөөд мэдлэгийг нь юу ч бүрэн дүүрэн болгож чадаагүй учраас Бурхан үргэлжлүүлэн үг хэлж, ажилласан юм. Нигүүлслийн эрин үед хүн Бурханы үйл хэргийн нэг хэсгийг дахин нэгэнтээ харсан. Есүс тэмдэг, гайхамшиг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж чадсан ба цовдлогдоод гурван өдрийн дараа амилж, хүний өмнө махбодоор харагдсан юм. Бурханы талаар хүн үүнээс илүү юу ч мэдээгүй. Бурханаас өөрт нь харуулсныг л хүн мэддэг ба хэрвээ Бурхан хүнд өөр юу ч харуулахгүй бол хүн тийм хэмжээнд л Бурханыг хязгаарлана. Тиймээс Бурханы талаарх хүний мэдлэгийг гүнзгийрүүлэх гэсэндээ, Бурханы мөн чанарыг хүн аажмаар мэдэж аваг гэсэндээ Бурхан үргэлжлүүлэн ажилладаг. Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан Өөрийн үгийг ашигладаг. Чиний завхарсан зан чанар Бурханы үгээр илчлэгддэг бөгөөд шашны үзэл чинь Бурханы бодит байдлаар солигддог. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан үндсэндээ “Үг махбод болж, Үг махбодод ирж, Үг нь махбодоор илэрдэг” гэсэн үгийг биелүүлэхээр ирсэн бөгөөд хэрвээ чамд энэ тухай бүрэн гүйцэд мэдлэг байхгүй бол чи бат зогсож чадахгүй. Эцсийн өдрүүдэд Бурхан, Үг нь махбодоор илэрдэг ажлын үе шатыг гүйцэлдүүлэхийг үндсэндээ зорьдог бөгөөд энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний нэг хэсэг юм. Тиймээс та нарын мэдлэг тодорхой байх ёстой; Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран, Өөрийг нь хязгаарлахыг Бурхан хүнд зөвшөөрдөггүй. Хэрвээ Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийгээгүй бол Түүний талаарх хүний мэдлэг цааш ахиж чадахгүй. Бурхан цовдлогдож, Содомыг устгаж чадна, мөн Есүс үхлээс амилж, Петрт харагдаж чадна гэдгийг л чи мэдэх байсан… Гэхдээ чи Бурханы үг бүхнийг гүйцэлдүүлж, хүнийг байлдан дагуулж чадна гэж хэзээ ч хэлэхгүй. Бурханы үгийг туулснаар л чи тийм мэдлэгийн талаар ярьж чадна, Бурханы ажлыг туулах тусам Түүний талаарх мэдлэг чинь төдий чинээ бүрэн гүйцэд болно. Тэр үед л чи Бурханыг өөрийн үзэл дотор хязгаарлахаа болино. Хүн Бурханы ажлыг туулснаар л Түүнийг мэдэж авдаг; Бурханыг мэдэж авах өөр зөв арга зам гэж үгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь
Бурханы 6,000 жилийн удирдлагын ажил нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шатанд хуваагддаг. Ажлын энэ гурван үе шат нь бүгд хүн төрөлхтний авралын төлөө, өөрөөр хэлбэл, Сатаны асар их ялзруулсан хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг. Гэхдээ бас үүний зэрэгцээ эдгээр нь Бурханы Сатантай хийх тулааны төлөө байдаг. Тиймээс авралын ажил гурван үе шатанд хуваагддагийн адилаар Сатантай хийх тулаан ч мөн гурван үе шатанд хуваагдаж, Бурханы ажлын энэ хоёр тал нэгэн зэрэг явагддаг. Сатантай хийх тулаан нь үнэндээ хүн төрөлхтний авралын төлөө байдаг бөгөөд хүн төрөлхтний авралын ажил нь ганцхан үе шатанд амжилттай дуусгаж болох зүйл биш тул Сатантай хийх тулаан ч гэсэн шатлал, мөчлөгт хуваагдаж, хүний хэрэгцээ, Сатаны ялзруулсан хэмжээний дагуу Сатантай дайн хийгддэг. Хоёр арми хоорондоо тулалддагийн адилаар Бурхан энэ тулаанд Сатаны эсрэг зэвсгээр байлдах болно гэж хүн төсөөлөлдөө боддог байх. Хүний оюун ухаан ингэж л төсөөлөх чадвартай ба туйлын тодорхойгүй, хийсвэр санаа хэдий ч хүн ингэж л итгэдэг. Хүнийг аврах арга зам нь Сатантай хийх тулаанаар дамждаг гэж Намайг энд хэлсэн учраас тулаан ингэж явагддаг гэж хүн төсөөлдөг. Хүний авралын ажилд гурван үе шат байдаг, өөрөөр хэлбэл, Сатантай хийдэг тулаан нь Сатаныг нэгмөсөн ялахын тулд гурван үе шатанд хуваагддаг гэж хэлж болно. Гэвч Сатантай тулалдах бүхий л ажлын дотоод үнэн нь хүнд нигүүлсэл хайрлах, хүний нүглийн тахил болох, хүний нүглийг уучлах, хүнийг байлдан дагуулах, хүнийг төгс болгох гэсэн ажлын хэд хэдэн алхмаар дамжин үр дүнд хүрдэгт оршдог. Үнэндээ Сатантай хийх тулаан нь Сатаны эсрэг зэвсгээр байлдах бус, харин хүний аврал, хүний амийн ажил болон хүний зан чанарыг өөрчилснөөр хүн Бурханд гэрчлэл хийх боломжтой болох явдал юм. Сатан ингэж ялагддаг. Хүний ялзарсан зан чанарыг өөрчлөх замаар Сатаныг ялдаг. Сатан ялагдсан үед буюу хүн бүрэн аврагдсан үед шившиглэгдсэн Сатан бүрэн хүлэгдэх болно, энэ маягаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс хүний авралын мөн чанар нь Сатантай хийх тулаан бөгөөд хүний аврал нь үндсэндээ энэ дайны тусгал болдог. Хүнийг байлдан дагуулах эцсийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат төдийгүй Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах ажил юм. Хүнийг байлдан дагуулахын дотоод утга учир нь, Сатаны биелэл болсон Сатаны ялзруулсан хүн байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгч рүү эргэн очих явдал бөгөөд үүгээр дамжуулан тэр Сатаныг хаяж, Бурхан руу бүрмөсөн буцаж очно. Ийм замаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс байлдан дагуулалтын ажил нь Сатаны эсрэг тулааны сүүлчийн ажил бөгөөд Сатаныг ялахын төлөөх Бурханы удирдлагын эцсийн үе шат юм. Энэ ажилгүйгээр хүний бүрэн аврал эцсийн дүндээ боломжгүй болно, Сатаныг бүрэн ялах ч боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч гайхалтай хүрэх газарт орж, Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадахгүй байх байсан юм. Үүний үр дүнд, Сатантай хийх тулаан дуусахаас нааш хүнийг аврах ажил дуусна гэж байхгүй, учир нь Бурханы удирдлагын ажлын цөм нь хүн төрөлхтний авралын төлөө байдаг. Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзралын улмаас хүн Сатанд хүлэгдэж, ёрын муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагын ажлын ялах учиртай бай нь Сатан болсон юм. Сатан хүнийг эрхшээлдээ оруулсан учраас, мөн хүн бол Бурханы бүх удирдлагаа хэрэгжүүлэхдээ ашигладаг хөрөнгө учраас хүнийг аваръя гэвэл түүнийг Сатаны гараас эргүүлээд булаах ёстой, өөрөөр хэлбэл, Сатанд олзлогдсон байсан хүнийг буцаан олж авах ёстой гэсэн үг. Тиймээс, хүний хуучин зан чанарын өөрчлөлт, анхдагч эрүүл ухааныг нь сэргээх өөрчлөлтөөр дамжуулан Сатаныг ялах ёстой. Ийм маягаар, олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлээд булаан авч болно. Хэрвээ хүнийг Сатаны нөлөө болон хүлээснээс чөлөөлбөл Сатан шившиг болж, эцсийн эцэст хүнийг буцаан олж авч, Сатан ялагдах болно. Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас хүн энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан дуусмагц шийтгэгдэх бай болно, үүний дараа хүн төрөлхтнийг аврах бүхий л ажил дууссан байх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?