Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай

Есүстэй хамт өнгөрөөсөн хугацаандаа Петр, Есүсээс олон хайр татам чанарыг, даган дуурайхуйц олон талыг болон өөрийг нь хангасан олон талыг олж харжээ. Хэдийгээр Петр олон арга замаар Бурханы оршихуй болон хайр татам байдлыг Есүсээс олж харсан боловч анх тэрээр Есүсийг мэдээгүй юм. Петр Есүсийг 20 настай байхаасаа дагаж эхэлсэн бөгөөд зургаан жилийн турш үргэлжлүүлэн дагажээ. Энэ хугацаанд тэр Есүсийг хэзээ ч мэдэж аваагүй; Петр дан ганц бахдал бишрэлээрээ Есүсийг дагахад бэлэн байлаа. Есүс анх түүнийг Галил нуурын эрэг дээр байхад нь дуудаад: “Ионагийн хүү Симон оо, чи Намайг дагах уу?” гэж асуужээ. Петр: “Би тэнгэрлэг Эцэгийн илгээсэн хүнийг дагах ёстой. Ариун Сүнсний сонгосон нэгнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Би Таныг дагана” гэсэн юм. Тухайн үед Петр, хамгийн агуу эш үзүүлэгч, Бурханы хайртай Хүү болох Есүс нэртэй хүний тухай яриаг сонссон байсан бөгөөд Түүнийг олно гэдэгтээ байнга найдаж, мөн Түүнийг харах боломж тохионо гэдэгт найдаж байв (учир нь Ариун Сүнс түүнийг ийнхүү удирдаж байлаа). Хэдий Петр Түүнийг хэзээ ч харж байгаагүй, харин Түүний тухай цуу яриа л сонсож байсан боловч Петрийн зүрх сэтгэлд Есүсийг гэх хүсэл тэмүүлэл, бишрэл хүндэтгэл аажмаар өсөж, нэг л өдөр Есүсийг харна хэмээн байнга эрмэлзэж байв. Есүс Петрийг хэрхэн дуудсан бэ? Тэр ч бас Петр гэдэг хүний тухай яриаг сонссон, гэхдээ Ариун Сүнс Түүнд: “Галил хэмээх нуур луу яв, тэнд Ионагийн хүү Симон хэмээх нэгэн байгаа” хэмээн зааварчлаагүй юм. Есүс, Ионагийн хүү Симон хэмээх хүн байдаг, хүмүүс түүний номлолыг сонсдог бөгөөд тэр ч бас тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг тунхаглаж, түүнийг сонссон хүмүүсийн сэтгэл хөдлөн уйлж байсан гэж хэн нэгний ярихыг сонсжээ. Үүнийг сонссоныхоо дараа Есүс тэр хүнийг дагаж, Галил нуур луу очсон; Петр Есүсийн дуудлагыг хүлээн авч, Түүнийг дагасан билээ.

Есүсийг дагах хугацаанд Петрт Есүсийн талаар олон санаа бодол төрсөн бөгөөд Түүнийг үргэлж өөрийн өнцгөөс шүүдэг байв. Петр Сүнсний талаар тодорхой түвшний ойлголттой байсан хэдий ч түүний ойлголт зарим талаар тодорхой бус байсан тул тэрээр: “Би тэнгэрлэг Эцэгийн илгээсэн хүнийг дагах ёстой. Ариун Сүнсний сонгосон нэгнийг би хүлээн зөвшөөрөх ёстой” гэж хэлсэн юм. Тэрээр Есүсийн хийсэн зүйлсийг ойлгоогүй, тэдгээрийг тодорхой мэдээгүй. Есүсийг хэсэг хугацаанд дагасныхаа дараа тэр Есүсийн хэлсэн, хийсэн зүйлийг болон Есүсийг Өөрийг нь сонирхож эхэлсэн. Есүс хайр, хүндэтгэлийн аль алиныг төрүүлж буйг тэр мэдэрсэн; тэр Түүнтэй холбогдож, Түүний дэргэд байх дуртай байсан бөгөөд Есүсийн үгийг сонсох нь түүнд хангалт, тусламж үзүүлсэн юм. Есүсийг дагасан хугацаандаа Петр, Түүний амьдралын бүх зүйлийг буюу үйлдэл, үг, хөдөлгөөн, илэрхийллийг нь ажиглаж, үнэн сэтгэлээсээ авч үзсэн. Тэгээд Есүс бол эгэл хүмүүстэй адилгүй гэх гүн гүнзгий ойлголтыг олж авчээ. Хэдийгээр Есүсийн гадаад төрх дэндүү хэвийн байсан ч Тэрээр хүнийг гэх хайр, энэрэл, хүлээцтэй байдлаар дүүрэн байсан юм. Түүний хийсэн, эсвэл хэлсэн бүхэн нь бусдад асар их тус дэм болсон бөгөөд Петр өмнө нь хэзээ ч хараагүй, өөрт нь ч бас байгаагүй зүйлсийг Есүсээс харж, олж авсан. Хэдийгээр Есүст асар том бие бялдар ч, ер бусын хүн чанар ч байхгүй боловч Түүнд үнэхээр хосгүй, эгэл бус байдал байдаг гэж Петр харсан юм. Петр үүнийг бүрэн тайлбарлаж чадахгүй байсан хэдий ч Есүс өрөөл бусдаас өөрөөр үйлддэгийг харсан, учир нь Түүний хийсэн зүйлс хэвийн хүмүүсийн хийдгээс тун өөр байсан билээ. Есүстэй харилцсан цагаасаа хойш Петр, Түүний зан араншин жирийн хүнийхээс өөр гэдгийг бас харжээ. Есүс үргэлж тууштай үйлддэг, хэзээ ч яардаггүй, аливааг хэзээ ч дэгсдүүлдэггүй, эсвэл дарж хэлдэггүй, харин хэвийн агаад биширмээр зан араншинг харуулан амьдардаг байлаа. Ярихдаа Есүс илэн далангүй, нигүүлсэнгүй ярьж, үргэлж хөгжилтэй атлаа амарлингуй байдлаар ярилцдаг байсан ч Өөрийнхөө ажлыг гүйцэтгэхдээ эрхэм чанараа хэзээ ч алдаагүй юм. Есүс заримдаа үг дуу цөөтэй байх мөртөө бусад үед зогсоо чөлөөгүй ярьж байхыг Петр харсан. Заримдаа Тэр маш их баярласандаа наадан тоглож, дэвэн дэгдэх тагтаа мэт харагддаг байсан ч зарим үед маш их гунигласандаа юу ч ярилгүй, орь гунигт автан, хал үзэж, хашир суусан эх хүн шиг байдаг байв. Заримдаа Тэр дайснаа устгахаар давшиж буй баатарлаг цэрэг шиг уур хилэнгээр дүүрэн байдаг ба заримдаа бүр архирч буй арслантай төстэй байдаг байлаа. Заримдаа Тэр баярлан инээж, бусад үед нь залбирч, уйлж байв. Есүс хэрхэн авирлаж байснаас үл хамааран, Петр Түүнийг хязгааргүй хайрлаж, хүндлэх болжээ. Есүсийн инээд түүнийг аз жаргалаар бялхуулж, Есүсийн уй гашуу түүнийг уйтгар гунигт автуулж, уур хилэн нь түүнийг айлгаж, харин өршөөл, уучлал, хүмүүст тавьдаг хатуу чанд шаардлага нь түүнийг Есүст үнэхээр хайртай болгож, Түүнийг үнэхээр хүндэлж, хүсэн тэмүүлэх эрмэлзлийг нь бий болгожээ. Мэдээж, Петр хэдэн жилийн турш Есүсийн хажууд амьдарч байхдаа энэ бүхнийг аажмаар ухаарч эхэлсэн юм.

Петр төрөлхийн саруул ухаантай, гойд хэрсүү хүн байсан боловч Есүсийг дагах үедээ олон тэнэг зүйл хийжээ. Бүр анх, Есүсийн талаар зарим нэг үзэл түүнд байлаа. Тэрээр: “Хүмүүс Таныг эш үзүүлэгч гэдэг, тэгвэл Та найман настай, юмны учир ойлгож эхэлж байхдаа Бурхан гэдгээ мэдэж байсан уу? Та Ариун Сүнснээс олдсон гэдгээ мэдэж байсан уу?” гэж асуусан юм. Есүс хариуд нь: “Үгүй ээ, Би мэдээгүй! Би чамд ердөө л маш эгэл жирийн хүн шиг санагдаж байгаа биз дээ? Би бусадтай адилхан. Эцэгийн илгээдэг хүн бол ер бусын биш, харин хэвийн л хүн. Хэдийгээр Миний хийдэг ажил тэнгэрлэг Эцэгийг минь төлөөлдөг боловч Миний дүр, хүн болох Би, энэхүү махан бие тэнгэрлэг Эцэгийг минь бүрэн төлөөлж чадахгүй, харин Түүний нэг хэсгийг л төлөөлж чадна. Хэдий Би Сүнснээс ирсэн боловч хэвийн хүн хэвээр бөгөөд Миний Эцэг Намайг ер бусын нэгэн биш, жирийн хүн болгон энэ газар дэлхий рүү илгээсэн юм” гэжээ. Петр үүнийг сонсох үедээ л Есүсийн талаар бага зэргийн ойлголттой болсон юм. Тэрээр Есүсийн ажил, сургаал, хариулга, хангалтын тоо томшгүй олон цагийг туулсныхаа дараа л тун гүн гүнзгий ойлголт олж авчээ. 30 настай байхдаа Есүс Петрт удахгүй болох цовдлолынхоо талаар хэлж, бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд ажлын нэг үе шатыг—цовдлолын ажлыг хийхээр ирсэн гэдгээ хэлсэн. Есүс бас, цовдлолоос гурав хоногийн дараа хүний Хүү дахин амилна, амилангуутаа хүмүүст 40 хоног харагдана гэдгийг Петрт хэлсэн юм. Энэ үгийг сонсоод Петр гуниглаж, эдгээр үгийг үнэн сэтгэлээсээ авч үзсэн; тэр үеэс эхлээд тэрээр Есүстэй улам илүү дотно байх болжээ. Хэсэг хугацаанд туршлагажсаны дараа Петр, Есүсийн хийсэн бүхэн нь Бурханы оршихуйнх гэдгийг ухаарч эхэлсэн бөгөөд Есүс бол гойд хайр татам гэж бодох болжээ. Ийм ойлголттой болох үед л Ариун Сүнс түүнийг дотроос нь гэгээрүүлсэн юм. Тэр үед Есүс шавь нар болон бусад дагалдагчдадаа хандан: “Иохан, чи Намайг хэн гэж хэлэх вэ?” хэмээн асуужээ. Иохан: “Та бол Мосе” гэв. Дараа нь Тэр Лукт хандан: “Лук, чи Намайг хэн гэж хэлэх вэ?” гэхэд Лук: “Та бол хамгийн агуу эш үзүүлэгч” гэжээ. Дараа нь нэгэн эгчээс асуухад тэрээр: “Та бол мөнхөөс мөнхөд олон үг хэлдэг хамгийн агуу эш үзүүлэгч билээ. Хэний ч зөгнөл Таных шиг агуу байдаггүй, мөн хэний ч мэдлэг Таныхаас давдаггүй; Та бол эш үзүүлэгч” гэв. Дараа нь Есүс Петрт хандан: “Петр, чи Намайг хэн гэж хэлэх вэ?” гэж асуулаа. Петр хариуд нь: “Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн. Та тэнгэрээс ирсэн, Та газрынх биш, Та Бурханы бүтээлүүдтэй адилгүй. Бид газар дээр байдаг, Та бидэнтэй хамт энд байгаа боловч Та бол тэнгэрийнх, Та энэ дэлхийнх биш, мөн Та газрынх биш” гэсэн юм. Туршлагаар нь дамжуулан Ариун Сүнс түүнийг гэгээрүүлж, ийм ойлголтод хүрэх боломж олгожээ. Энэ гэгээрлийн дараа тэрээр Есүсийн хийсэн бүхнийг бүр ч их гайхан биширч, Түүнийг бүр илүү хайр татам гэж бодсон бөгөөд зүрх сэтгэлдээ Есүсээс хагацах ер дургүй байв. Иймээс Есүс цовдлогдоод дахин амилсныхаа дараа анх удаа Петрт Өөрийгөө харуулахад Петр ер бусын аз жаргалтайгаар: “Эзэн минь! Та дахин амилжээ!” хэмээн дуу алдсан юм. Тэгээд уйлангаа Петр тун том загас барьж хоол хийн, Есүст өргөн барьжээ. Есүс инээмсэглэсэн боловч үг хэлсэнгүй. Петр Есүсийн дахин амилсныг мэдэж байсан хэдий ч үүний нууцыг ойлгоогүй байв. Түүнийг Есүст загас идүүлэхээр өгөх үед Есүс татгалзаагүй боловч үг хэлээгүй, мөн хооллохоор суугаагүй. Харин гэнэт алга болжээ. Энэ нь Петрийг асар их цочролд оруулсан бөгөөд тэр үед л дахин амилсан Есүс нь урьдын Есүсээс өөр болохыг ойлгосон юм. Үүнийг ухаармагцаа Петр гашуудсан боловч Эзэн ажлаа биелүүлснийг мэдээд бас тайтгарчээ. Есүс Өөрийн ажлыг гүйцэтгэсэн, хүнтэй хамт байх хугацаа нь дууссан, мөн тэр цагаас эхлээд хүн өөрийнхөө замаар алхах ёстой болсон гэдгийг Петр мэдлээ. Есүс нэгэнтээ түүнд: “Чи ч бас Миний уусан гашуун аяганаас уух ёстой (үүнийг Тэр амиллынхаа дараа хэлсэн). Чи ч бас Миний алхсан замаар алхах ёстой. Миний төлөө амиа өгөх ёстой” гэж хэлсэн юм. Одоогоос ялгаатай нь тухайн үеийн ажил нүүр тулсан яриа хэлбэртэй байгаагүй. Нигүүлслийн эрин үед Ариун Сүнсний ажил нэн нууцлаг байсан ба Петр ихээхэн бэрхшээл туулсан юм. Заримдаа Петр: “Бурхан минь! Надад энэ амиас өөр юу ч байхгүй. Хэдийгээр энэ нь Таны хувьд төдийлөн үнэ цэнгүй боловч би үүнийгээ Танд зориулахыг хүсэж байна. Хэдий хүмүүс Таныг хайрлахад тохирохгүй, хайр болон зүрх сэтгэл нь үнэ цэнгүй боловч Та хүмүүсийн чин сэтгэлийн хүслийг мэддэг гэж би итгэж байна. Хүмүүсийн бие Таны зөвшөөрөлд нийцэхгүй ч гэсэн би Танаас зүрх сэтгэлийг минь хүлээн авахыг хүсэж байна” хэмээн уулга алдахад хүрдэг байлаа. Ийм залбирлыг хэлж, ялангуяа: “Би зүрх сэтгэлээ Бурханд бүрэн зориулахыг хүсэж байна. Хэдийгээр би Бурханы төлөө юу ч хийж чадахгүй боловч үнэнчээр Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, өөрийгөө Түүнд чин сэтгэлээсээ зориулахыг хүсэж байна. Бурхан зүрх сэтгэлийг минь гарцаагүй харна гэдэгт би итгэж байна” хэмээн залбирах үедээ тэр урам зориг авдаг байв. Тэрээр: “Бурханыг хайрлах бодол болон чин сэтгэлийн хүслийг минь Бурхан хүлээн зөвшөөрөөсэй гэдгээс өөр юуг ч би амьдралдаа гуйхгүй. Би Эзэн Есүстэй маш удаан хугацаанд хамт байсан ч Түүнийг хэзээ ч хайрлаж байгаагүй; энэ бол миний хамгийн том өр. Би Түүнтэй хамт байсан ч гэсэн Түүнийг мэдээгүй, тэр ч байтугай Түүний ар хударгаар зохисгүй зүйл хэлж байсан. Эдгээр зүйлийг бодохоор би Эзэн Есүст улам их өртэй санагддаг” гэж хэлсэн юм. Тэр үргэлж ийм байдлаар залбирдаг байв. Тэрээр: “Би тоос шорооноос ч өчүүхэн. Энэ үнэнч сэтгэлээ Бурханд зориулахаас өөр хийж чадах зүйл надад үгүй” хэмээн хэлжээ.

Петрийн туршлага оргилдоо хүрч, түүний бие бараг бүхэлдээ тамирдсан ч Есүс дотроос нь зоригжуулсаар байлаа. Тэгээд Есүс нэг удаа Петрт үзэгджээ. Петр асар их зовж, зүрх сэтгэл нь шархалсан мэт санагдаж байх үед Есүс түүнд ийнхүү зааварчилсан юм: “Чи газар дээр Надтай хамт байсан, Би чамтай хамт энд байсан. Хэдийгээр өмнө нь бид тэнгэрт хамт байсан ч энэ нь эцсийн эцэст сүнсний ертөнцийнх юм. Одоо Би сүнсний ертөнцөд эргэн очсон, чи газар дээр байна. Учир нь Би газрынх биш, хэдий чи ч бас газрынх биш боловч чи газар дээр өөрийн чиг үүргийг биелүүлэх ёстой. Чи зарц тул үүргээ биелүүлэх ёстой.” Бурханы хажууд буцаж очиж чадна гэдгээ сонсоод Петр тайтгарчээ. Петр тийнхүү тэсэхийн аргагүй шаналж, бараг хэвтэрт орох үедээ: “Би маш их завхарсан болохоор Бурханыг сэтгэл хангалуун байлгах чадваргүй” гэж хэлэх хүртлээ харуусан гэмшсэн юм. Есүс түүнд үзэгдэж: “Петр ээ, чи нэгэнтээ Миний өмнө гаргаж байсан шийдвэрээ мартчихсан юм гэж үү? Чи үнэхээр Миний хэлсэн бүхнийг мартчихсан юм уу? Чи Надад өгсөн шийдвэрээ мартчихсан юм уу?” гэжээ. Есүсийн байгааг хараад Петр орноосоо өндийхөд Есүс түүнийг ингэж тайтгаруулсан юм: “Би газрынх биш гэдгээ чамд аль эрт хэлсэн—үүнийг чи ойлгох ёстой, гэхдээ чамд Би бас нэг зүйл хэлснийг чи мартчихав уу? ‘Чи ч бас газрынх биш, энэ дэлхийнх биш.’ Яг одоо хийх хэрэгтэй ажил чамд байна. Чи энэ мэт гашуудаж болохгүй. Чи ингэж зовж болохгүй. Хэдийгээр хүн, Бурхан хоёр нэг ертөнцөд хамт оршиж чадахгүй ч Надад Миний ажил, чамд чиний ажил байгаа, чиний ажил дуусах тэр өдөр бид нэг ертөнцөд хамтдаа байж, Би чамайг Өөртэйгөө үүрд хамт байлгана.” Энэ үгийг сонссоныхоо дараа Петр тайтгарч, санаа нь амарсан. Энэ зовлон нь түүний тэвчих ёстой, туулах ёстой зүйл гэдгийг тэрээр мэдсэн бөгөөд тэр цагаас хойш зориг оржээ. Есүс ялангуяа гол чухал мөчүүдэд түүнд харагдаж, онцгой гэгээрэл, удирдамж өгч, түүн дээр ихээхэн ажил хийж байсан юм. Петр юунд хамгийн их харамсаж байсан бэ? Петрийг “Та бол амьд Бурханы Хүү” гэж хэлсний дараахан Есүс Петрээс өөр нэг асуулт асуусан (гэхдээ үүнийг Библид ийм маягаар тэмдэглээгүй байдаг). Есүс: “Петр ээ! Чи Намайг ер нь хайрлаж байсан уу?” гэж түүнээс асуусан юм. Түүний хэлж байгааг Петр ойлгоод: “Эзэн минь! Би нэгэнтээ тэнгэр дэх Эцэгийг хайрлаж байсан боловч Таныг хэзээ ч хайрлаж байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэжээ. Тэгэхэд Есүс: “Хэрвээ хүмүүс тэнгэр дэх Эцэгийг хайрладаггүй бол газар дээрх Хүүг хайрлаж яахан чадах билээ? Хэрвээ хүмүүс Эцэг Бурханы илгээсэн Хүүг хайрладаггүй бол яаж тэнгэр дэх Эцэгийг хайрлаж чадах билээ? Хэрвээ хүмүүс газар дээрх Хүүг үнэхээр хайрладаг бол тэнгэр дэх Эцэгийг ч үнэхээр хайрладаг” гэв. Петр энэ үгийг сонсоод, дутагдлаа ухаарчээ. Тэрээр “Би тэнгэр дэх Эцэгийг нэгэнтээ хайрласан боловч Таныг хэзээ ч хайрлаагүй” хэмээх үгээсээ болж нулимс урсгах хэмжээнд үргэлж харуусдаг байлаа. Есүсийг дахин амилж, дээш өргөгдсөний дараа тэрээр энэ үгэндээ бүр ч их харуусаж, гашууджээ. Урьдын ажил болон одоогийн биеийн хэмжээгээ эргээд бодохоороо тэр үргэлж Есүсийн өмнө очин залбирч, Бурханы хүслийг хангалуун байлгаагүй, мөн Бурханы стандартад нийцэхгүй байгаадаа үргэлж харамсан, өртэй санагддаг байлаа. Эдгээр асуудал нь түүний хамгийн том ачаа болсон билээ. Тэрээр: “Нэг л өдөр би Танд өөрт байгаа бүхнийг болон өөрийгөө бүхэлд нь зориулна, би Танд хамгийн үнэ цэнтэй болгоныг өгнө” гэсэн. Тэрээр: “Бурхан минь! Надад нэг л итгэл, нэг л хайр бий. Амь минь ямар ч үнэ цэнгүй, бас бие минь ч үнэ цэнгүй. Надад нэг л итгэл, нэг л хайр бий. Оюун ухаанд минь Танд итгэх итгэл, зүрх сэтгэлд минь Таныг хайрлах хайр байдаг; Танд миний өгч чадах зүйл өөр юу ч биш, энэ хоёр л байна” гэжээ. Петр Есүсийн үгээр асар их зоригжсон, учир нь цовдлогдохоосоо өмнө Есүс түүнд: “Би энэ дэлхийнх биш, чи ч бас энэ дэлхийнх биш” гэсэн. Дараа нь Петрийг асар их өвдөх үед Есүс түүнд: “Петр ээ, чи мартчихав уу? Би дэлхийнх биш, Өөрийнхөө ажлын төлөө л Би арай эрт явж одсон. Чи ч бас дэлхийнх биш, чи үнэхээр мартчихаа юу? Би чамд хоёр удаа хэлсэн, санахгүй байна уу?” хэмээн сануулсан юм. Үүнийг сонсоод Петр: “Би мартаагүй!” гэв. Тэгэхэд Есүс ингэж хэлсэн: “Чи нэгэнтээ тэнгэрт Надтай хамт аз жаргалтай байж, хэсэг хугацааг Миний хажууд өнгөрүүлсэн. Чи Намайг санаж, Би чамайг санадаг. Хэдийгээр Миний нүдээр бол бүтээлүүдийг дурдахын ч хэрэггүй боловч гэм зэмгүй агаад хайр татам нэгнийг Би яаж хайрлахгүй байж чадах юм бэ? Чи Миний амлалтыг мартчихаа юу? Чи газар дээрх Миний даалгаврыг хүлээн зөвшөөрөх ёстой; Миний даалгасан үүргийг биелүүлэх ёстой. Нэг л өдөр Би чамайг заавал хажуудаа аваачна.” Үүнийг сонсоод Петр улам их зоригжиж, бүр ч их урам зориг авсан болохоор загалмай дээр байхдаа тэр: “Бурхан минь! Би Таныг хангалттай хайрлаж чадахгүй! Та надаас үхэхийг гуйсан ч гэсэн би Таныг бас л хангалттай хайрлаж чадахгүй! Та сүнсийг минь хааш нь ч илгээсэн, Өөрийнхөө урьдын амлалтыг биелүүлэх ч бай, үгүй ч бай, дараа нь Та юу ч хийсэн бай, би Таныг хайрлаж, Танд итгэдэг” гэж хэлж чадсан юм. Тэрээр өөрийн итгэл, жинхэнэ хайрыг баримталж байлаа.

Нэгэн орой Петрийг оролцуулаад хэдэн шавь нар загас агнуурын завин дээр Есүстэй хамт байсан ба Петр Есүсээс маш гэнэн асуулт асууж: “Эзэн минь! Их удаан бодсон нэг асуултаа би Танаас асуумаар байна” гэсэн. Есүс: “Тэгвэл асуу, асуу!” гэж хариулав. Петр тэгэхэд нь: “Хуулийн эрин үед хийгдсэн ажил Таны хийсэн зүйл байсан уу?” гэжээ. Есүс: “Энэ хүүхэд, хэчнээн ч гэнэн юм бэ дээ!” гэж буй мэт инээмсэглэв. Дараа нь Тэр зоримгоор цааш үргэлжлүүлэн: “Энэ Минийх байгаагүй. Энэ бол Ехова болон Мосегийн хийсэн зүйл байсан юм” гэжээ. Петр үүнийг сонсоод дуу алдан: “Өө! Тэгвэл Таны хийсэн зүйл биш байжээ” гэв. Петрийг ингэж хэлмэгц Есүс өөр юу ч хэлсэнгүй. Петр дотроо: “Үүнийг Та хийгээгүй юм байна, тэгэхээр энэ Таны хийсэн зүйл биш болохоор хуулийг үгүй хийхээр ирсэнд тань гайхах юм алга” гэж бодлоо. Түүний зүрх сэтгэл ч бас уужирчээ. Дараа нь Есүс, Петр нэлээд гэнэн гэдгийг ухаарсан боловч тухайн үед Петрт ямар ч ойлголт байгаагүй учраас Есүс өөр юу ч хэлээгүй, түүнийг шууд няцаагаагүй. Нэг удаа Есүсийг синагогт номлол айлдахад Петрийг оролцуулаад олон хүн тэнд байжээ. Номлолдоо Есүс: “Мөнхөөс мөнхөд ирэх Нэгэн бүх хүн төрөлхтнийг нүглээс золин аврахын тулд Нигүүлслийн эрин үед золин авралын ажлыг хийх боловч хүнийг нүглээс хөтлөн гаргахдаа ямар ч дүрмээр хязгаарлагдахгүй. Тэрээр хуулиас алхан гарч, Нигүүлслийн эрин үед орно. Бүх хүн төрөлхтнийг золин аварна. Тэр Хуулийн эрин үеэс Нигүүлслийн эрин үе рүү алхах боловч Еховагаас ирсэн Түүнийг хэн ч мэдэхгүй. Мосегийн хийсэн ажлыг Ехова хайрласан; Еховагийн хийсэн ажлаас үүдэн Мосе хуулийг боловсруулсан” гэв. Ингэж хэлмэгцээ Тэр: “Нигүүлслийн эрин үед Нигүүлслийн эрин үеийн тушаалуудыг хүчингүй болгодог хүмүүст гай гамшиг тохионо. Тэд сүмд зогсоод Бурханы сүйрлийг хүлээн авах ёстой ба тэдэн дээр гал бууна” хэмээн үргэлжлүүллээ. Эдгээр үгийг сонссон нь Петрт бага зэргийн нөлөө үзүүлсэн бөгөөд туршлагажих хугацаанд нь Есүс Петрийг хариулж, хангаж, чин сэтгэлээсээ ярилцаж байсан тул энэ нь Петрт Есүсийн талаар арай илүү ойлголт өгсөн юм. Петр тухайн өдөр Есүсийн номлосон зүйл, загас агнуурын завин дээр байх үедээ Есүсээс асуусан асуулт, Есүсийн өгсөн хариулт, мөн түүнчлэн Тэр хэрхэн инээмсэглэсэн тухай бодох үедээ л энэ бүхнийг эцэст нь ойлгож авсан билээ. Дараа нь Ариун Сүнс Петрийг гэгээрүүлсэн бөгөөд тэр үед л Петр Есүс бол амьд Бурханы Хүү гэдгийг ойлгосон. Петрийн ойлголт Ариун Сүнсний гэгээрлээс урган гарсан боловч ойлголт нь тодорхой үйл явцтай байлаа. Асуулт асууж, Есүсийн номлохыг сонссоноор, тэгээд Есүсийн онцгой нөхөрлөл, онцгой хариулгыг хүлээн авснаар Петр, Есүс бол амьд Бурханы Хүү гэдгийг ухаарчээ. Ийм ухааралд нэг л шөнийн дотор хүрсэн юм биш; үүнд үйл явц байсан бөгөөд түүний хожмын туршлагад тус нэмэр болсон юм. Есүс төгс болгох ажлыг бусад хүмүүст хийгээгүй мөртөө яагаад зөвхөн Петрт л хийсэн юм бэ? Учир нь, Есүс бол амьд Бурханы Хүү гэдгийг зөвхөн Петр л ойлгосон; өөр хэн ч үүнийг мэдээгүй. Түүнийг дагаж байх хугацаандаа ихийг мэдсэн олон шавь байсан боловч тэдний мэдлэг өнгөцхөн байв. Ийм учраас Есүс Петрийг төгс болгуулах үлгэр загвар болгон сонгосон юм. Есүс тэр үед Петрт хэлсэн зүйлээ өнөөдөр хүмүүст хэлдэг бөгөөд тэдний мэдлэг болон амийн оролт Петрийн дайд хүрэх ёстой. Энэ шаардлага болон энэ замын дагуу Бурхан хүн бүрийг төгс болгоно. Өнөөдөр яагаад хүмүүсээс бодит итгэл, жинхэнэ хайртай байхыг шаарддаг вэ? Петрийн туулсан зүйлийг та нар ч бас туулах ёстой; Петрийн туршлагаараа олж авсан үр жимс та нараас ч бас харагдах ёстой; Петрийн амссан зовлон шаналлыг та нар ч бас гарцаагүй туулах ёстой. Та нарын алхдаг зам Петрийн алхаж байсантай адилхан. Та нарын амсдаг шаналал бол Петрийн амссан зовлон шаналал юм. Та нар алдрыг хүлээн авах үедээ, мөн бодит амьдралыг амьдран харуулах үедээ Петрийн дүрийг амьдран харуулдаг. Зам нь адилхан бөгөөд үүнийг дагаснаар хүн төгс болгуулдаг. Гэсэн хэдий ч, Петрийнхтэй харьцуулахад та нарын хэв чанар арай дутуу дулимаг байдаг, учир нь цаг үе өөрчлөгдсөн, хүмүүсийн завхралын хэмжээ ч бас өөр болсон, түүнчлэн Иудей нь эртний соёлтой, урт удаан оршин тогтносон хаант улс байлаа. Тиймээс та нар хэв чанараа сайжруулахын тулд чадах бүхнээ хийх ёстой.

Петр маш хэрсүү, хийдэг юм бүхэндээ самбаатай, туйлын үнэнч шударга хүн байсан юм. Тэр олон бүтэлгүйтэл амссан. Тэрээр 14 настайдаа нийгэмд хөл тавьж, сургуульд сурч байсны зэрэгцээ синагогт ойр ойрхон очдог байв. Тэр ихээхэн урам зоригтой, цуглаанд оролцоход үргэлж бэлэн байдаг байлаа. Тэр үед Есүс Өөрийнхөө ажлыг хараахан албан ёсоор эхлээгүй байв; энэ нь ердөө Нигүүлслийн эрин үеийн эхлэл байсан юм. Петр 14 настайдаа шашны хүмүүстэй харилцаж эхэлсэн; 18 настайдаа тэрээр шашны дээдчүүлтэй холбоо тогтоосон ч нүднээс далд өрнөдөг шашны эмх замбараагүй байдлыг харсныхаа дараа орхин явжээ. Энэ хүмүүс хэчнээн зальхай, башир, хуйвалдаач болохыг хараад тэр туйлын их зэвүүцсэн (түүнийг төгс болгохын тулд тухайн үед Ариун Сүнс ийнхүү ажилласан юм. Тэр ялангуяа түүний сэтгэлийг хөдөлгөж, түүнд зарим нэгэн онцгой ажил хийсэн), иймээс тэр 18 настайдаа синагогоос гарсан юм. Эцэг эх нь түүнийг хяхан хавчиж, итгүүлэхгүй байв (тэд диаволд харьяалагддаг, үл итгэгчид байсан). Эцэст нь Петр гэрээ орхиод хаа сайгүй аялж, хоёр жилийн турш загасчилж, номлол айлдсан бөгөөд энэ хугацаанд тэр бас нэлээд хэдэн хүнийг удирдаж байлаа. Одоо чи Петрийн явсан яг тэр замыг тодорхой харж чадах ёстой. Хэрвээ чи Петрийн замыг тодорхой харж чаддаг бол өнөөдөр хийгдэж байгаа ажлын талаар тодорхой мэдэж байх тул гомдоллож, идэвхгүй болохгүй, эсвэл ямар нэгэн зүйлийг хүсэн эрмэлзэхгүй. Чи тухайн үеийн Петрийн сэтгэл санааны байдлыг мэдрэх ёстой: Тэр уй гашууд автсан; ямар нэг ирээдүйг, эсвэл ямар нэгэн ерөөлийг гуйхаа больсон. Тэр ашиг хонжоо, аз жаргал, алдар нэр, эсвэл дэлхий дээрх эд хөрөнгийг эрж хайгаагүй; зөвхөн хамгийн утга учиртай амьдралаар амьдрах гэж эрэлхийлсэн ба энэ нь Бурханы хайрыг хариулж, өөртөө байгаа хамгийн эрхэм нандин зүйлийг Бурханд зориулахын төлөө байлаа. Тэгвэл тэр сэтгэл хангалуун байх байв. Тэрээр: “Эзэн Есүс Христ ээ, би нэгэнтээ Таныг хайрласан боловч Таныг хэзээ ч үнэхээр хайрлаагүй. Хэдийгээр би Танд итгэдэг гэж хэлсэн боловч хэзээ ч Таныг үнэн сэтгэлээсээ хайрлаагүй. Би Таныг хүндэлж, Таныг гайхан биширч, Таныг санаснаас л биш, хэзээ ч Таныг хайрлаагүй, бас Танд жинхэнээсээ итгээгүй” хэмээх үгээр Есүст ихэвчлэн залбирдаг байв. Петр шийдвэрээ гаргахын тулд байнга залбирч, Есүсийн үгээр үргэлж зоригжиж, үүнээс сэдэл авдаг байжээ. Хожим нь, хэсэг хугацаанд туршлагажсаных нь дараа Есүс түүнийг шалгаж, Өөрийг нь улам илүү хүсэн эрмэлзэхэд хүргэсэн юм. Тэрээр: “Эзэн Есүс Христ минь! Би Таныг хэчнээн их санаж, Таныг харахыг хэчнээн хүсэж байна гээч. Би маш дутуу дулимаг бөгөөд Таны хайрыг нөхөж чадахгүй. Намайг хурдан авахыг би Танаас гуйж байна. Танд би хэзээ хэрэгтэй болох юм бэ? Та намайг хэзээ авах юм бэ? Би хэзээ Таны царайг дахин нэг удаа харах вэ? Би цаашид энэ биед амьдарч, үргэлжлүүлэн завхарсаар байхыг хүсэхгүй байна, дахиад тэрслэхийг ч хүсэхгүй байна. Би өөрт байгаа бүхнээ Танд аль болох хурдан зориулахад бэлэн байна, цаашид Таныг гуниглуулахыг хүсэхгүй байна” гэсэн юм. Тэр ийнхүү залбирсан боловч Есүс түүний юуг төгс болгохыг тухайн үед мэдээгүй байлаа. Туршилтад зовж шаналах үеэр Есүс түүнд дахин харагдаж: “Петр ээ, Би чамайг төгс болгохыг хүсэж байна, тэгснээр чи үр жимс буюу Би чамайг төгс болгосны биелэл болж, үүнийг Би таалах болно. Чи үнэхээр Намайг гэрчилж чадах уу? Миний хий гэж шаардсаныг чи хийсэн үү? Чи Миний хэлсэн үгийг амьдран харуулсан уу? Чи нэгэнтээ Намайг хайрласан боловч Намайг амьдран харуулсан уу? Чи Миний төлөө юу хийсэн бэ? Чи Миний хайрыг хүртэх үнэ цэнгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг мөртөө Миний төлөө юу хийсэн юм бэ?” гэжээ. Петр Есүсийн төлөө юу ч хийгээгүйгээ ойлгосон бөгөөд Бурханы төлөө амиа өгөх урьдын тангаргаа санав. Иймээс тэр дахиж гомдоллоогүй бөгөөд дараа нь түүний залбирал хавьгүй илүү дээр болжээ. Тэр залбирч, “Эзэн Есүс Христ минь! Би нэгэнтээ Таныг орхиж, Та ч бас нэгэнтээ намайг орхисон. Бидэнд тусдаа байсан цаг хугацаа бий, мөн хамтдаа байсан цаг хугацаа бий. Гэсэн ч Та намайг өрөөл бусдаас илүү хайрладаг. Би Таны эсрэг ахин дахин тэрсэлж, Таныг удаа дараа гуниглуулсан. Би яаж ийм зүйлийг мартаж чадах билээ? Таны надад хийсэн ажил, надад даалгасан зүйлийг би хэзээ ч марталгүй, үргэлж сэтгэлдээ тээж байгаа. Таны надад хийсэн ажлын төлөө би чадах бүхнээ хийсэн. Юу хийж чадахыг минь Та мэддэг, ямар үүрэг гүйцэтгэж чадахыг минь ч Та мэддэг. Би Таны зохион байгуулалтад захирагдахад бэлэн байна, би өөрт байгаа бүхнээ Танд зориулна. Таны төлөө юу хийж чадахыг минь зөвхөн Та л мэднэ. Хэдийгээр би Сатанд маш их хууртаж, Таны эсрэг тэрсэлсэн боловч тэдгээр гэм нүглээр минь Та намайг санадаггүй, тэдгээрт үндэслэн надад ханддаггүй гэдэгт би итгэдэг. Би бүхий л амьдралаа Танд зориулахыг хүсэж байна. Би юу ч гуйхгүй, мөн надад өөр ямар ч итгэл найдвар, төлөвлөгөө байхгүй; би зөвхөн Таны санаа зорилгын дагуу үйлдэж, Таны хүслийг биелүүлэхийг л хүсэж байна. Би Таны гашуун аяганаас ууж, Танд захирагдана” хэмээн хэлсэн юм.

Та нар алхаж байгаа замынхаа талаар тодорхой мэдэж байх ёстой; ирээдүйд явах замынхаа талаар, Бурхан юуг төгс болгох талаар болон та нарт юу даалгасан талаар тодорхой мэдэж байх ёстой. Магадгүй нэг л өдөр та нарыг шалгана, тэр цаг ирэхэд та нар Петрийн туршлагаас урам зориг авч чадвал үнэхээр Петрийн замаар алхаж байгааг чинь энэ нь харуулна. Бурхан Петрийг жинхэнэ итгэл, хайрынх нь төлөө, бас Өөрт нь үнэнч байсных нь төлөө сайшаасан юм. Үнэнч шударга зантай, зүрх сэтгэлдээ Бурханыг хүсэн эрмэлзэж байсных нь төлөө Бурхан түүнийг төгс болгосон билээ. Хэрвээ чамд үнэхээр Петрийнх шиг хайр, итгэл бий бол Есүс чамайг гарцаагүй төгс болгоно.

Өмнөх: Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна

Дараах: Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих