Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна
Бурханд итгэж, Бурханыг мэдэх нь тун жам ёсны, үндэслэлтэй бөгөөд өнөөдөр бие махбодтой болсон Бурхан ажлаа Өөрийн биеэр хийж байгаа эрин үе бол Бурханыг мэдэх нэн сайн цаг үе юм. Бурханыг сэтгэл хангалуун байлгах нь Бурханы хүслийг ойлгосны үндсэн дээр хийдэг зүйл бөгөөд Бурханы хүслийг ойлгохын тулд Бурханы талаар мэдлэгтэй байх шаардлагатай. Бурханы талаарх энэхүү мэдлэг нь Бурханд итгэдэг нэгэнд байх ёстой үзэгдэл юм; энэ нь хүний Бурханд итгэх итгэлийн үндэс билээ. Энэхүү мэдлэг байхгүй бол хүний Бурханд итгэх итгэл тодорхойгүй байдалд, хоосон онол дунд орших байсан. Ийм хүмүүс Бурханыг дагахыг шийдсэн ч гэсэн юу ч олж авахгүй. Энэхүү урсгалд юу ч олж аваагүй бүх хүн таягдуулах хүмүүс юм. Тэд бүгдээрээ сорон мөлжигчид мөн. Бурханы ажлын аль ч үе шатыг туулсан бай, чамайг агуу үзэгдэл дагалдах ёстой. Эс бөгөөс, шинэ ажлын алхам бүрийг хүлээн авах нь чиний хувьд хэцүү байх байсан. Учир нь Бурханы шинэ ажил хүний төсөөлөх чадвараас хэтэрсэн, хүний сэтгэхүйн хязгаараас давсан байдаг. Иймээс хариулах хоньчингүйгээр, үзэгдлийн тухай нөхөрлөх хоньчингүйгээр хүн энэ шинэ ажлыг хүлээн авч чадахгүй. Хэрвээ хүн үзэгдлийг хүлээн авч чадахгүй бол Бурханы шинэ ажлыг хүлээн авч чадахгүй. Хэрвээ хүн Бурханы шинэ ажлыг дуулгавартай дагаж чадахгүй бол Бурханы хүслийг ойлгож чадахгүй. Иймээс Бурханы талаарх түүний мэдлэг ямар ч ач холбогдолгүй байх болно. Хүн Бурханы үгийг хэрэгжүүлэхээсээ өмнө Бурханы үгийг мэдэх ёстой, өөрөөр хэлбэл, Бурханы хүслийг ойлгох ёстой. Зөвхөн ингэж л Бурханы үгийг үнэн зөв, Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлж чадна. Энэ бол үнэнийг эрж хайдаг хүн бүрд байх ёстой зүйл, бас Бурханыг мэдэхээр хичээдэг хүн бүрийн туулах ёстой үйл явц юм. Бурханы үгийг мэдэж авах үйл явц нь Бурханыг мэдэж авах, мөн түүнчлэн Бурханы ажлыг мэдэж авах үйл явц билээ. Иймээс үзэгдлийг мэдэх гэдэг нь бие махбодтой болсон Бурханы хүн чанарыг мэдэхийг хэлэхээр үл барам, Бурханы үг болон ажлыг мэдэхийг хэлдэг. Бурханы үгээс хүмүүс Бурханы хүслийг ойлгож авч, Бурханы ажлаас Бурханы зан чанарыг, Бурхан юу болохыг мэдэж авдаг. Бурханд итгэх итгэл бол Бурханыг мэдэх эхний алхам юм. Бурханд итгэх энэхүү анхны итгэлээс Бурханд итгэх хамгийн гүн гүнзгий итгэл хүртэл ахин дэвших үйл явц нь Бурханыг мэдэж авах, Бурханы ажлыг мэдэрч туулах үйл явц билээ. Хэрвээ чи Бурханыг мэдэж авахын тулд биш, харин Бурханд итгэхийн тулд л итгэдэг бол итгэлд чинь ямар ч бодит байдал байхгүй бөгөөд итгэл чинь ариун болж чадахгүй гэдэгт эргэлзэх зүйлгүй. Хэрвээ Бурханы ажлыг туулах үйл явцдаа хүн аажмаар Бурханыг мэдэж авбал зан чанар нь аажмаар өөрчлөгдөж итгэл нь улам бүр жинхэнэ болно. Ингэж Бурханд итгэх итгэлдээ амжилт олохдоо хүн Бурханыг бүрэн олж авсан байх болно. Ажлаа Өөрийн биеэр хийхийн тулд Бурхан хоёр дахь удаагаа махбод болох гэж асар их хүчин чармайлт гаргасны шалтгаан нь хүнд Өөрийгөө мэдүүлж, Өөрийгөө харуулахад оршиж байсан. Бурханыг мэдэхa гэдэг нь Бурханы ажлын төгсгөлд хүрэх эцсийн үр дүн юм. Хүн төрөлхтөнд тавьдаг Бурханы сүүлчийн шаардлага энэ билээ. Өөрийн сүүлчийн гэрчлэлийн төлөө Тэр үүнийг хийдэг. Хүнийг Өөр лүүгээ эргэлт буцалтгүй, бүрэн дүүрэн эргүүлэхийн төлөө Тэр энэ ажлыг хийдэг. Хүн Бурханыг мэдэж байж л Бурханыг хайрлаж эхэлдэг бөгөөд Бурханыг хайрлахын тулд Түүнийг мэдэх ёстой. Хүн хэрхэн эрж хайх эсвэл юу олж авахаар эрж хайх нь хамаагүй Бурханы талаарх мэдлэгт хүрэх чадвартай байх ёстой. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы зүрх сэтгэлийг хангалуун болгож чадна. Бурханыг мэдэж байж л хүн Бурханд жинхэнээсээ итгэж, мөн Бурханыг мэдэж байж л Түүнийг үнэхээр хүндэлж, дуулгавартай дагаж чадна. Бурханыг мэддэггүй хүмүүс Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, хүндэлж хэзээ ч чадахгүй. Бурханыг мэдэх гэдэгт Бурханы зан чанарыг мэдэх, Түүний хүслийг ойлгох, Тэр юу болохыг мэдэх багтдаг. Гэхдээ хүн аль ч талыг нь мэдэж авсан бай, аль аль нь төлөөс төлөхийг, дуулгавартай байх хүслийг хүнээс шаарддаг. Үүнгүйгээр хэн ч эцсээ хүртэл дуулгавартай дагаж чадахгүй. Бурханы ажил хүний үзлээс хэтэрхий хол. Бурханы зан чанар, Бурхан юу болохыг мэдэхэд хүнд хэтэрхий хэцүү бөгөөд Бурханы хэлдэг, хийдэг бүхэн хүнд хэтэрхий ойлгохын аргагүй байдаг. Хэрвээ хүн Бурханыг дагахыг хүсдэг ч Түүнд дуулгавартай байх хүсэлгүй бол тэр юу ч олж авахгүй. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл, хүнд ойлгомжгүй, хүн хүлээн авахад хэцүү маш их ажлыг Бурхан хийсэн, мөн хүний үзлийг засахад хүндрэл учруулах маш ихийг Бурхан хэлсэн. Гэхдээ хүнд хэтэрхий их бэрхшээл тулгарсан болохоор Тэр ажлаа хэзээ ч зогсоогоогүй. Харин ч Тэр үргэлжлүүлэн ажиллаж, ярьж, асар олон тооны “дайчин” унаж байсан ч ажлаа хийсээр, Өөрийнх нь шинэ ажилд захирагдах хүсэлтэй бүлэг хүмүүсийг ээлж дараалан тасралтгүй сонгосоор байдаг. Унасан тэр “баатруудыг” Тэр өрөвддөггүй, харин ч Өөрийнх нь шинэ ажил, үгийг хүлээн авдаг хүмүүсийг нандигнадаг. Гэхдээ юуны төлөө Тэр ингэж алхам алхмаар ажилладаг вэ? Тэр яагаад үргэлж нэг хэсэг хүнийг таягдан хаяж, нөгөөг нь сонгож байна вэ? Тэр яагаад үргэлж ийм арга барил хэрэглэдэг вэ? Түүний ажлын зорилго бол хүнд Өөрийгөө мэдүүлж, тэгснээрээ Өөрөөр нь авхуулах боломжийг хүнд олгох явдал юм. Түүний ажлын зарчим нь өнөөдөр Түүний хийдэг ажлыг эсэргүүцдэг мөртөө өнгөрсөн үед хийсэн ажилд нь захирагддаг хүмүүс дээр ажиллах бус, харин өнөөдөр Өөрийнх нь хийдэг ажилд захирагдах чадвартай хүмүүс дээр ажиллах явдал билээ. Бурхан маш олон хүнийг таягдан хаясаар ирсний шалтгаан энэ юм.
Бурханыг мэдэж авах сургамжийг ганц хоёрхон өдрийн дотор авч чадахгүй: Хүн туршлагажиж, зовлон туулж, жинхэнээсээ захирагддаг болох ёстой. Юуны өмнө Бурханы ажил болон үгээс эхэл. Бурханы тухай мэдлэгт юу багтдаг, энэ мэдлэгт хэрхэн хүрэх болон туршлагаараа Бурханыг яаж харахыг чи ойлгох шаардлагатай. Бурханыг хараахан мэдэхгүй байхдаа хүн бүрийн хийх ёстой зүйл нь энэ юм. Бурханы ажил, үгийг хэн ч нэг дор ухаарч чадахгүй бөгөөд хэн ч Бурханы талаарх бүрэн дүүрэн мэдлэгт богинохон хугацаанд хүрч чадахгүй. Үүнд шаардлагатай туршлагажих арга барил байдаг агаад үүнгүйгээр хэн ч Бурханыг мэдэж, Бурханыг чин сэтгэлээсээ дагаж чадахгүй. Бурхан хэдий чинээ их ажил хийнэ, хүн Түүнийг төдий чинээ их мэдэж авдаг. Бурханы ажил хүний үзэлтэй зөрчилдөх тусам, Түүний талаарх хүний мэдлэг төдий чинээ шинэчлэгдэж, гүнзгийрч байдаг. Хэрвээ Бурханы ажил үүрд нэгэн хэвийн, өөрчлөгдөхгүй хэвээр байдаг байсан бол Түүний талаарх хүний мэдлэг их биш байх байсан. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үед Бурхан юу хийсэн, Хаанчлалын эрин үед Тэр юу хийдэг гээд эдгээр үзэгдлийн талаар та нар тов тодорхой мэдэх ёстой. Та нар Бурханы ажлыг мэдэх ёстой. Петр Есүсийг дагаж байж л Есүст хийсэн Сүнсний ажлаас нэлээдийг нь аажмаар мэдэж авсан. Тэрээр “Хүний туршлагад түшиглэх нь бүрэн мэдлэгт хүрэхэд хангалттай биш; Бурханыг мэдэхэд бидэнд туслах олон шинэ зүйл Түүний ажилд байх ёстой” гэж хэлсэн. Есүс бол элч нарын адилаар Бурханы илгээсэн нэгэн гэж Петр эхэндээ итгэж, Есүсийг Христ гэж үздэггүй байсан. Өөрийг нь дагаж эхлэх үед Есүс Петрээс “Ионагийн хүү Симон оо, чи Намайг дагах уу?” гэж асуусан. Петр, “Тэнгэрлэг Эцэгийн илгээсэн нэгнийг би дагах ёстой. Ариун Сүнсний сонгосон нэгнийг би хүлээн зөвшөөрөх ёстой. Би Таныг дагах болно” гэж хариулсан юм. Петрийн үгээс Есүсийн талаар тэр ямар ч мэдлэггүй байсныг харж болно; тэр Бурханы үгийг туулж, өөртэйгөө харьцаж, Бурханы төлөө зовлон туулсан боловч Бурханы ажлын талаар ямар ч мэдлэггүй байсан. Хэсэг хугацаанд туршлагажсаны дараа Петр Бурханы олон үйл хэргийг Есүсээс олж харж, Бурханы хайр татам байдлыг харж, Бурханы оршихуйгаас нэлээдийг нь Есүсээс олж харсан. Есүсийн хэлсэн үгийг хүн хэлж чадахгүй, Есүсийн хийсэн ажлыг хүн хийж чадахгүй байсан гэдгийг ч бас тэр харсан юм. Түүнчлэн Петр Бурханы мэргэн ухаанаас ихээхнийг, бурханлаг чанарын ихээхэн ажлыг Есүсийн үг болоод үйлдлээс харсан. Туршлагажих явцдаа тэр зөвхөн өөрийгөө мэдээд зогсохгүй, Есүсийн үйлдэл бүрийг сайтар анхаарч, үүнээсээ олон шинэ зүйл олж мэдсэн; тухайлбал, Есүсээр дамжуулан Бурханы хийсэн ажилд бодитой Бурханы олон илэрхийлэл байсан бөгөөд хэлсэн үг, хийсэн үйлдэл, түүнчлэн чуулгануудыг хариулсан байдал, хэрэгжүүлсэн ажлаараа Есүс энгийн хүнээс ялгаатай байлаа. Иймээс Петр сурах ёстой олон хичээлээ Есүсээс авсан бөгөөд Есүсийг загалмайд цовдлогдох гэж байх үед Есүсийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байв. Тэрхүү мэдлэг нь насан туршдаа Есүст үнэнч байж, Эзэний төлөө толгойгоо доош харуулж цовдлогдохынх нь үндэс болсон юм. Хэдийгээр тэр эхэндээ зарим нэг үзэлтэй, Есүсийн талаар тодорхой мэдлэггүй байсан боловч эдгээр нь завхарсан хүнд зайлшгүй байдаг зүйл юм. Явах гэж байхдаа Өөрийнх нь хийх гэж ирсэн ажил нь цовдлуулалт байсан гэдгийг Есүс Петрт хэлсэн: Эрин үе Түүнийг хаяж, энэхүү бузар заваан хуучин эрин үе Түүнийг загалмайд цовдлох нь зайлшгүй шаардлагатай зүйл байв; Тэр золин авралын ажлыг гүйцэлдүүлэхийн тулд ирсэн агаад энэ ажлыг гүйцэлдүүлснээр Түүний үйлчлэл дуусах байлаа. Үүнийг сонсоод Петр уй гашууд автаж, Есүст бүр ч их татагдсан юм. Есүсийг загалмайд цовдлогдох үед Петр ганцаархнаа гашуудан уйлжээ. Үүний өмнөхөн тэр Есүсээс “Эзэн минь! Өөрийгөө цовдлогдоно гэж Та хэлэх юм. Явсны тань дараа хэзээ бид Тантай дахин уулзах вэ?” гэж асуусан. Түүний хэлсэн үгэнд ямар ч хольц байгаагүй юу? Ямар ч үзэл холилдоогүй байсан уу? Бурханы ажлын нэг хэсгийг гүйцэлдүүлэхээр Есүс ирсэн, Есүсийг явсны дараа Сүнс өөртэй нь хамт байх болно, хэдий Есүс загалмайд цовдлогдож, тэнгэрт өргөгдсөн ч гэсэн Бурханы Сүнс өөртэй нь хамт байна гэдгийг Петр зүрх сэтгэлдээ мэдэж байв. Тухайн үед Петр Есүсийн талаар зарим нэг мэдлэгтэй болсон байсан: Есүсийг Бурханы Сүнс илгээсэн, Бурханы Сүнс Түүний дотор байдаг, Есүс бол Бурхан Өөрөө, Тэр бол Христ гэдгийг тэр мэдэж байсан юм. Гэсэн ч Есүсийг гэх хайр, мөн хүний сул дорой байдлынхаа улмаас Петр тийм үг хэлжээ. Хэрвээ хүн Бурханы ажлын алхам бүрд ажиглаж, хичээнгүйлэн туршлагажиж чадвал Бурханы хайр татам байдлыг аажмаар олж мэдэж чадах болно. Паулын үзэгдэл юу байсан бэ? Есүс өөрт нь харагдах үед Паул “Та хэн бэ, Эзэн минь?” гэсэн. Есүс “Би бол чиний хяхан хавчдаг Есүс байна” гэж хэлсэн юм. Энэ нь Паулын үзэгдэл байв. Петр Есүсийн амилал болон 40 өдрийн турш харагдсаныг нь, мөн Есүсийн амьдарч байх хугацааны номлолыг өөрийн аяны төгсгөл хүртэл үзэгдлээ болгосон юм.
Хүн Бурханы ажлыг туулж, өөрийгөө мэдэж авч, завхарсан зан чанараасаа ангижирч, амийн өсөлтийг эрж хайх нь бүгд Бурханыг мэдэхийн төлөө байдаг. Хэрвээ чи зөвхөн өөрийгөө мэдэж, завхарсан зан чанартайгаа харьцахыг л хичээдэг атлаа Бурхан хүн дээр ямар ажил хийдэг, Түүний аврал хэр агуу болох, хэрхэн Бурханы ажлыг туулж, Бурханы үйл хэргийг нүдээр харах тухай ямар ч мэдлэггүй бол туршлага чинь ямар ч утгагүй. Үнэнийг хэрэгжүүлж, тэвчиж чаддаг л бол амь нь төлөвшсөн байгаа гэж чи бодож байвал амийн жинхэнэ утга учрыг эсвэл хүнийг төгс болгох Бурханы зорилгыг бас л ухаараагүй байна гэсэн үг юм. Нэг л өдөр чи шашны чуулгануудад, Гэмшлийн Чуулган юм уу Амийн Чуулганы гишүүдийн дунд ороод, залбирал нь “үзэгдлийг” агуулдаг, амийг эрж хайхдаа үгээр замчлуулж, сэтгэл нь хөдөлдөг үнэн сүсэгт олон хүнтэй таарах болно. Түүнчлэн, олон хэрэг явдал дээр тэд тэвчиж, өөрсдийгөө хойш тавьж, махан биедээ захирагдахгүй байж чаддаг. Тэр үед чи ялгааг нь хэлж чадахгүй: Тэдний хийдэг бүхнийг зөв, амийн төрөлхийн илэрхийлэл гэж чи бодно, харин тэдний итгэдэг нэр буруу байдаг нь хэчнээн харамсалтай билээ. Тийм үзэл бодол мунхаг биш гэж үү? Олон хүнд амь байдаггүй гэж яагаад хэлдэг вэ? Учир нь тэд Бурханыг мэддэггүй болохоор зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй, тэдэнд амь байхгүй гэж хэлдэг. Хэрвээ Бурханд итгэх итгэл чинь тодорхой түвшинд хүрч, Бурханы үйл хэрэг, Бурханы бодит байдал, Бурханы ажлын үе шат бүрийг бүрэн дүүрэн мэдэх чадвартай болсон бол чи үнэнийг эзэмшсэн байна. Хэрвээ чи Бурханы ажил болон зан чанарыг мэддэггүй бол туршлагад чинь ямар нэг зүйл дутуу л байна. Есүс ажлынхаа тэр үе шатыг хэрхэн хэрэгжүүлсэн, энэ үе шат хэрхэн хэрэгжиж байгаа, Нигүүлслийн эрин үед Бурхан ажлаа хэрхэн хийсэн, ямар ажил хийгдсэн, энэ үе шатанд ямар ажил хийгдэж байгаа гээд эдгээр зүйлийн талаар чи нэгд нэгэнгүй мэдэхгүй бол хэзээ ч итгэлтэй байж чадахгүй, үргэлж тээнэгэлзэх болно. Хэсэг хугацаанд туршлагажсаны дараа чи Бурханы хийсэн ажлыг, Түүний ажлын алхам бүрийг мэдэж чадвал, мөн Бурхан үгээ хэлж байгаагийн зорилго, Түүний хэлсэн ийм их үг яагаад биелээгүй тухай бүрэн дүүрэн мэдлэг олж авсан бол сэтгэлийн түгшүүр, цэвэршүүлэлтээс ангид байж, түдгэлзэлгүйгээр, зоригтойгоор өмнөх замаа даган явж чадна. Бурхан Өөрийн ажлаас үлэмж ихийг нь ямар аргаар биелүүлдгийг та нар харах ёстой. Тэр Өөрийн хэлдэг үгийг ашиглан, олон янзын үгээр дамжуулан хүнийг цэвэршүүлж, хүний үзлийг өөрчилдөг. Та нарын амссан бүх зовлон, туулсан бүх цэвэршүүлэлт, дотроо хүлээн авсан харьцалт, туулсан гэгээрэл бүхэн Бурханы хэлсэн үгээр дамжин биелсэн юм. Юунаас болж хүн Бурханыг дагадаг вэ? Бурханы үгээс болж! Бурханы үг туйлын нууцлагаас гадна хүний зүрх сэтгэлийг хөдөлгөж, сэтгэлийнх нь гүн дэх зүйлсийг илчилж, өнгөрсөнд болсон зүйлсийг хүнд мэдүүлж, ирээдүйд болох зүйлсийг тодорхой харах боломж олгож чаддаг. Иймээс Бурханы үгээс болж хүн зовлон туулж, мөн Бурханы үгээс болж төгс болгуулдаг: Энэ үед л хүн Бурханыг дагадаг. Энэ үе шатанд хүний хийх ёстой зүйл бол Бурханы үгийг хүлээн авах явдал бөгөөд төгс болгуулах ч бай, цэвэршүүлэлт амсах ч бай, гол түлхүүр нь Бурханы үг билээ. Энэ бол Бурханы ажил, бас өнөөдөр хүний мэдвэл зохих үзэгдэл юм.
Бурхан хүнийг яаж төгс болгодог вэ? Бурханы зан чанар юу вэ? Түүний зан чанарт юу агуулагддаг вэ? Энэ бүх зүйлийг тодруулбал: үүнийг Бурханы нэрийг түгээх гэж нэрлэдэг, үүнийг Бурханд гэрчлэл хийх, Бурханыг өргөмжлөх гэж нэрлэдэг. Бурханыг мэдсэн суурин дээр үндэслэн эцэстээ хүний амь зан чанар өөрчлөгдөнө. Хүн хэдий чинээ их харьцалт, цэвэршүүлэлт туулна, төдий чинээ хүч чадалтай байдаг; Бурханы ажлын үе шат олон байх тусам, хүн төдий чинээ төгс болгуулдаг. Өнөөдөр хүний туршлагаар бол, Бурханы ажлын алхам бүр нь хүний үзэл рүү дайрч, хүний оюун ухааныг бүгд даван гарч, хүлээлтээс нь давсан байдаг. Бурхан хүнийг хэрэгтэй бүхнээр нь хангадаг атал энэ нь бүх талаараа хүний үзэлтэй зөрчилддөг. Чамайг сул дорой байх үед Бурхан Өөрийн үгийг айлддаг; ингэж л Тэр чиний амийг хангаж чаддаг. Чиний үзэл рүү дайрснаараа Тэр чамаар Бурханы харьцалтыг хүлээн авхуулдаг; зөвхөн ингэж л чи завхралаасаа ангижирч чадна. Өнөөдөр, бие махбодтой болсон Бурхан нэг талаараа бурханлаг чанар дотор ажилладаг боловч нөгөө талаараа хэвийн хүн чанараар ажилладаг. Бурханы хийдэг ямар ч ажлыг чи үгүйсгэхгүй байж, Бурхан хэвийн хүн чанараар юу ч хэлж, хийсэн бай захирагдаж чаддаг болж, Тэр хэчнээн хэвийн харагдсан ч хамаагүй Түүнд захирагдаж, Түүнийг ойлгож чаддаг болж, бодит туршлагатай болох үедээ л Тэр бол Бурхан гэдгийг чи гарцаагүй мэдэж, чамд ямар ч үзэл төрөхөө больж, Түүнийг эцсээ хүртэл дагах чадвартай болно. Бурханы ажилд мэргэн ухаан байдаг. Түүний гэрчлэлд хүн хэрхэн бат зогсож чадахыг Тэр мэддэг. Хүний амин газар хаана оршдогийг Тэр мэддэг, Түүний хэлдэг үг чиний амин газарт цохиж чаддаг боловч Тэр бас сүр жавхлант, мэргэн үгээрээ чамайг Өөрийн гэрчлэлд бат зогсоодог. Бурханы гайхамшигт үйл хэрэг ийм билээ. Бурханы хийдэг ажил хүний оюун ухаанд төсөөлөхийн аргагүй. Махан биетэй оршихуй болох хүнд ямар төрлийн завхрал байдаг, хүний гол чанарыг юу бүрдүүлдэг гээд энэ бүхнийг Бурханы шүүлт илчилдэг нь хүнийг ичгүүрээ нуух газаргүй болгодог.
Өөрийнх нь тухай мэдлэгийг хүн олж аваасай гэсэндээ, мөн Өөрийнхөө гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Завхарсан зан чанарыг нь Тэр шүүхгүй л бол хүн, халдахыг тэвчдэггүй Түүний зөвт зан чанарыг мэдэж чадахгүй, Бурханы талаарх хуучин мэдлэгээ шинэ болгож бас чадахгүй байх байсан. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийгөө бүхэлд нь ил болгож, улмаар ил тод илрэлтээрээ дамжуулан Бурханы талаарх мэдлэгт хүрч, зан чанараа өөрчилж, Бурханд цангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгодог. Бурханы төрөл бүрийн олон ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; зан чанар нь ингэж өөрчлөгдөхгүйгээр хүн Бурханд гэрчлэл хийж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Хүний зан чанарын өөрчлөлт нь хүн өөрийгөө Сатаны хүлээс, харанхуйн нөлөөнөөс чөлөөлж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар, Бурханы гэрч, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг нэгэн болсныг илтгэдэг. Өнөөдөр, бие махбодтой болсон Бурхан газар дээр ажлаа хийхээр ирсэн бөгөөд Өөрийнх нь талаар мэдлэгтэй болж, Өөрт нь дуулгавартай байж, Өөрийг нь гэрчилж, Өөрийнх нь бодитой агаад хэвийн ажлыг мэдэж, хүний үзэлтэй нийцдэггүй Өөрийнх нь бүх үг, ажлыг дуулгавартай дагаж, хүнийг аврахаар Өөрийнх нь хийдэг бүх ажил хийгээд хүнийг байлдан дагуулахаар гүйцэлдүүлдэг Өөрийнх нь бүх үйл хэрэгт гэрчлэл хийхийг хүнээс шаарддаг. Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс Бурханы тухай мэдлэгтэй байх ёстой; ийм гэрчлэл л үнэн зөв, бодитой байдаг, ийм гэрчлэл л Сатаныг ичээж чадна. Шүүлт, гэсгээлт болон харьцалт, засалтыг нь туулж Түүнийг мэдэж авсан хүмүүсийг Бурхан Өөртөө гэрчлэл хийлгэхэд ашигладаг. Өөртөө гэрчлэл хийлгэхдээ Тэр Сатаны завхруулсан хүмүүсийг ашиглаж, зан чанар нь өөрчлөгдөж, Түүний ерөөлийг хүртсэн хүмүүсийг ч бас ашигладаг. Хүн зөвхөн амаараа магтах нь Түүнд хэрэггүй, мөн Өөрийнх нь авраагүй Сатаны төрлийнхний магтаал, гэрчлэл ч Түүнд хэрэггүй. Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийхэд тохирно, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс л Түүнд гэрчлэл хийхэд тохирно. Өөрийнх нь нэрийг санаатайгаар шившиглэхийг Бурхан хүнд зөвшөөрөхгүй.
Тайлбар:
а. Эх бичвэрт “Бурханыг мэдэх ажил” гэж байдаг.