“Мянган жилийн хаанчлал ирчихсэн” тухай товч яриа
Мянган жилийн хаанчлалын үзэгдлийн талаар та нар юу гэж боддог вэ? Зарим хүн энэ тухай их боддог бөгөөд “Мянган жилийн хаанчлал газар дээр мянган жилийн турш оршин тогтноно, тиймээс хэрэв чуулганы ахмад гишүүд гэрлээгүй бол гэрлэх ёстой юу? Манай гэр бүл мөнгөгүй байгаа, би мөнгө олж эхлэх ёстой юу? …” гэцгээдэг. Мянган жилийн хаанчлал гэж юу вэ? Та нар мэдэх үү? Хүмүүс харалган бөгөөд асар их зовлон зүдүүр туулдаг. Үнэндээ Мянган жилийн хаанчлал хараахан албан ёсоор ирээгүй. Хүмүүсийг төгс болгох үе шатанд Мянган жилийн хаанчлал ердөө үүсэл төдий байдаг; Бурханы ярьсан Мянган жилийн хаанчлалын цаг үед хүн төгс болгуулсан байх болно. Хүмүүс ариун хүмүүс шиг байж, Синимийн газар нутагт бат зогсоно гэж өмнө нь хэлсэн. Хүмүүс төгс болгуулсан байх үед—Бурханы ярьсан ариун хүмүүс болох үед л—Мянган жилийн хаанчлал ирсэн байх болно. Бурхан хүмүүсийг төгс болгох үедээ тэднийг ариусгадаг ба тэд хэдий чинээ ариун байна, Бурханаар төдий чинээ төгс болгуулдаг. Чиний доторх бохир зүйл, тэрслүү байдал, эсэргүүцэл болон махан биеийн зүйлс хөөн зайлуулагдах үед, мөн ариусгагдсан байх үедээ чи Бурханаар хайрлуулна (өөрөөр хэлбэл, чи ариун хүн болно); Бурханаар төгс болгуулж, ариун хүн болсон үедээ чи Мянган жилийн хаанчлалд байх болно. Одоо үе бол Хаанчлалын эрин үе. Мянган жилийн хаанчлалын эрин үед хүмүүс Бурханы үгэнд найдан амьдарна, мөн бүх үндэстэн Бурханы нэрийн дор ирж, бүгд Бурханы үгийг уншихаар ирнэ. Тэр үед зарим нь утсаар залгана, зарим нь факсдана … тэд Бурханы үгэнд хандахын тулд бүхий л аргыг ашиглана, та нар ч бас Бурханы үгийн дор ирнэ. Энэ бүхэн нь хүмүүс төгс болгуулсны дараа тохиолддог зүйл юм. Өнөөдөр хүмүүс үгээр төгс болгуулж, цэвэршүүлэгдэж, гэгээрүүлэгдэж, удирдуулдаг; энэ бол Хаанчлалын эрин үе, мөн хүмүүсийг төгс болгодог үе шат бөгөөд Мянган жилийн хаанчлалын эрин үетэй ямар ч холбоогүй. Мянган жилийн хаанчлалын эрин үед, хүмүүс аль хэдийн төгс болгуулж, тэдний доторх завхарсан зан чанар ариуссан байх болно. Тэр үед, Бурханы хэлсэн үг хүмүүсийг алхам алхмаар залж чиглүүлж, бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэлх Бурханы ажлын бүх нууцыг илчлэх бөгөөд эрин үе болгон дахь, өдөр тутам дахь Бурханы үйлдлүүдийн тухай, Тэрээр хүмүүсийг дотроос нь хэрхэн залж чиглүүлдэг тухай болон сүнсний ертөнцөд Түүний хийдэг ажлын тухай Түүний үг хүмүүст хэлж, мөн сүнсний ертөнцийн хөдөлгөөний талаар хэлнэ. Тэр үе л үнэхээр Үгийн эрин үе байх болно; одоо үе бол ердөө л үүсэл төдий юм. Хэрвээ хүмүүс төгс болгуулаагүй, ариусгагдаагүй бол газар дээр мянган жил амьдрах ямар ч аргагүй байх ба тэдний махан бие гарцаагүй илжирнэ; хэрвээ хүмүүс дотроо ариусгагдаж, Сатаных болон махан биеийнх байхаа боливол газар дээр амьд үлдэнэ. Энэ үе шатанд чи бас л харалган байна, та нарын туулдаг бүхэн бол газар дээр амьдарч буй өдөр болгондоо Бурханыг хайрлах, Түүнд гэрчлэл хийх явдал юм.
“Мянган жилийн хаанчлал ирчихсэн” гэдэг бол зөгнөл, энэ нь эш үзүүлэгчийн зөгнөлтэй төстэй бөгөөд Бурхан үүгээр ирээдүйд юу тохиолдохыг зөгнөдөг. Бурханы ирээдүйд хэлдэг үг болон өнөөдөр хэлдэг үг адилгүй: Ирээдүйн үг нь эрин үеийг залж чиглүүлнэ, харин өнөөдөр хэлдэг үг нь хүмүүсийг төгс болгож, цэвэршүүлж, тэдэнтэй харьцдаг. Ирээдүйн Үгийн эрин үе нь өнөөдрийн Үгийн эрин үеэс ялгаатай. Өнөөдөр, Бурханы хэлдэг бүх үг—ямар аргаар хэлдгээс нь үл хамааран—хүмүүсийг төгс болгох, доторх бохир зүйлийг нь ариусгах, Бурханы өмнө тэднийг ариун агаад зөв шударга болгохын төлөө байдаг. Өнөөдөр хэлдэг үг болон ирээдүйд хэлдэг үг нь хоёр тусдаа зүйл юм. Хаанчлалын эрин үед хэлдэг үг нь хүмүүсийг бүх сургалтад оруулж, хүмүүсийг бүх зүйл дээр зөв замд аваачиж, тэдний доторх бохир бүхнийг хөөн зайлуулахын төлөө байдаг. Энэ эрин үед Бурханы хийдэг зүйл энэ юм. Тэрээр хүн болгонд үгийнхээ суурийг тавьж, үгээ хүн бүрийн амь болгож, тэднийг дотроос нь байнга гэгээрүүлж, залж чиглүүлэхийн тулд үгээ ашигладаг. Бурханы хүслийг хайхрахгүй байх үед нь Бурханы үг тэднийг дотроос нь зэмлэж, сахилгажуулна. Өнөөдрийн үг хүний амь болох учиртай; тэдгээр нь хүнд хэрэгтэй бүхнийг шууд хангадаг, дотор чинь дутагдаж байгаа бүхнийг Бурханы үг хангадаг ба Бурханы үгийг хүлээн авдаг бүхэн Түүний үгийг идэж ууснаар гэгээрдэг. Ирээдүйд Бурханы хэлдэг үг бүхий л орчлон ертөнцийн хүмүүсийг залж чиглүүлдэг; өнөөдөр эдгээр үгийг Хятадад л хэлдэг бөгөөд бүхий л орчлон ертөнц даяар хэлдэг үгийг эдгээр нь төлөөлдөггүй. Мянган жилийн хаанчлал ирэх үед л Бурхан бүх орчлон ертөнцөд хандан ярина. Өнөөдөр Бурханы хэлдэг үг бүгд хүмүүсийг төгс болгохын төлөө байдаг гэдгийг мэдэж ав; энэ үе шатанд Бурханы хэлдэг үг нь хүмүүсийн хэрэгцээг хангах зорилготой болохоос чамд нууцуудыг мэдэгдэх юм уу Бурханы гайхамшгуудыг харуулах зорилготой биш. Тэр олон арга барилаар ярьдаг нь хүмүүсийн хэрэгцээг хангах зорилготой. Мянган жилийн хаанчлалын эрин үе хараахан ирээгүй—яригдаж буй Мянган жилийн хаанчлалын эрин үе нь Бурханы алдрын өдөр юм. Иудей дэх Есүсийн ажил дууссаны дараа Бурхан ажлаа Хятадын эх газарт шилжүүлж, өөр төлөвлөгөө зохиосон. Тэр та нар дээр ажлынхаа өөр нэг хэсгийг хийдэг, мөн үгээр хүмүүсийг төгс болгох ажлыг хийдэг ба хүмүүсээр асар их шаналал зовлон туулуулж, Бурханы ихээхэн нигүүлслийг тэдэнд хүртээхдээ үг ашигладаг. Ажлын энэ үе шат бүлэг ялагчдыг бий болгох ба энэхүү бүлэг ялагчдыг бий болгосны дараа тэд Түүний үйл хэргийг гэрчилж, бодит байдлыг амьдран харуулж, Түүнийг үнэхээр сэтгэл хангалуун болгож, үхэн үхтлээ Түүнд үнэнч байна, ийм маягаар Бурхан алдрыг олж авна. Бурхан алдрыг олж авах үе буюу энэ бүлэг хүмүүсийг Тэр төгс болгох үе нь Мянган жилийн хаанчлалын эрин үе байх болно.
Есүс газар дээр гучин гурван жил хагас амьдарсан. Тэр цовдлолын ажлыг хийхээр ирсэн ба цовдлолоор дамжуулан Бурхан алдрынхаа нэг хэсгийг олж авсан юм. Бурхан махбодоор ирэх үедээ даруу, нууцлаг байж, тоймгүй их зовлонг тэсвэрлэж чадсан. Тэр Бурхан Өөрөө байсан хэдий ч доромжлол, гүтгэлэг бүрийг мөн л тэвчсэн бөгөөд золин авралын ажлыг дуусгахын тулд загалмайд цовдлогдох асар их өвдөлтийг тэсвэрлэсэн билээ. Ажлын энэ үе шат дууссаны дараа Бурхан агуу алдар суу олж авсныг хүмүүс харсан хэдий ч энэ нь Түүний алдар суу бүхэлдээ биш байсан; энэ нь Есүсээс олж авсан алдрынх нь нэг хэсэг л байсан юм. Хэдийгээр Есүс бэрхшээл бүрийг тэсвэрлэж, даруу, нууцлаг байж, Бурханы төлөө цовдлогдож чадсан ч алдрынхаа нэг хэсгийг л олж авсан ба алдар суугаа Израильд олж авсан. Бурханд бас алдрын өөр нэг хэсэг бий: бодитоор ажиллаж, бүлэг хүмүүсийг төгс болгохын тулд газар дээр ирэх явдал. Есүс ажлынхаа үе шатны үеэр зарим нэг ер бусын зүйл хийсэн боловч ажлын тэр үе шат нь яавч тэмдэг, гайхамшиг л үзүүлэхийн төлөө байгаагүй. Энэ нь үндсэндээ, Есүс зовж шаналж, Бурханы төлөө цовдлогдож чадсан, мөн Бурханд хайртай учраас асар их зовлонг тэвчиж чадсан, бас Бурхан Өөрийг нь орхисон ч Бурханы хүслийн төлөө амьдралаа золиослоход бэлэн байсан гэдгийг харуулах зорилготой байсан юм. Бурхан Израиль дахь ажлаа дуусгаж, Есүс загалмайд цовдлогдсоны дараа Бурхан алдрыг олж авсан бөгөөд Сатаны өмнө гэрчлэл хийсэн билээ. Та нар Бурхан Хятадад махбод болсныг мэдээ ч үгүй, хараа ч үгүй болохоор Бурхан алдрыг олж авсаныг яаж харж чадах юм бэ? Бурхан та нар дээр байлдан дагуулалтын ихээхэн ажил хийж, та нарыг бат зогсох үед Бурханы ажлын энэ үе шат амжилттай болдог бөгөөд энэ нь Бурханы алдрын нэг хэсэг юм. Та нар үүнийг л хардаг ба Бурханаар хараахан төгс болгуулаагүй, зүрх сэтгэлээ Бурханд хараахан бүрэн өгөөгүй. Та нар энэхүү алдрыг хараахан бүхэлд нь хараагүй; Бурхан зүрх сэтгэлийг чинь аль хэдийн байлдан дагуулсан гэдгийг, Түүнийг хэзээ ч орхиж чадахгүй, эцсийг нь хүртэл Бурханыг дагана, зүрх сэтгэл чинь өөрчлөгдөхгүй гэдгийг л та нар хардаг бөгөөд энэ бол Бурханы алдар юм. Бурханы алдрыг юунаас хардаг вэ? Хүмүүс дээрх Түүний ажлын үр нөлөөнөөс. Бурхан бол маш хайр татам гэдгийг хүмүүс хардаг, зүрх сэтгэлдээ Бурхантай байдаг, Бурханыг орхихыг хүсдэггүй бөгөөд энэ нь Бурханы алдар суу билээ. Чуулгануудын ах эгч нарын хүч нэмэгдэж, Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж, Бурханы хийсэн ажлын хамгийн агуу сүр хүчийг болон Түүний үгийн харьцуулшгүй их сүр хүчийг харж чадах үед, Түүний үг эрх мэдэл агуулдаг, Тэрээр эзгүйрсэн хот болох Хятадын эх газарт Өөрийн ажлыг өрнүүлж чадна гэдгийг харах үед, хүмүүс хэдий сул дорой ч зүрх сэтгэл нь Бурханы өмнө бөхийж, Бурханы үгийг хүлээн авахад бэлэн байх үед, хэдийгээр тэд сул дорой, зохисгүй боловч Бурханы үг маш хайр татам, нандигнаваас зохилтой гэдгийг харж чаддаг байх үед энэ нь Бурханы алдар юм. Хүмүүс Бурханаар төгс болгуулж, Түүний өмнө бууж өгч чаддаг болж, Бурханд бүрэн дуулгавартай байж, хэтийн ирээдүй, хувь заяагаа Бурханы гарт даатгаж чадах өдөр ирэх үед Бурханы алдрын хоёр дахь хэсгийг бүрэн олж авсан байх болно. Өөрөөр хэлбэл, бодитой Бурханы ажил бүрэн дуусах үед Хятадын эх газар дахь Түүний ажил төгсөнө. Өөрөөр хэлбэл, Бурханы урьдчилан тогтоож, сонгосон хүмүүс төгс болгуулах үед Бурхан алдрыг олж авсан байх болно. Бурхан алдрынхаа хоёр дахь хэсгийг Зүүн зүгт аваачсан гэж хэлсэн, гэхдээ энэ нь энгийн нүдэнд үзэгдэхгүй. Бурхан ажлаа Зүүн зүгт аваачсан: Тэрээр аль хэдийнээ Зүүн зүгт ирчихсэн ба энэ нь Бурханы алдар юм. Өнөөдөр Түүний ажил хараахан дуусаагүй хэдий ч Бурхан ажиллахаар шийдсэн учраас энэ нь гарцаагүй гүйцэлдэнэ. Бурхан энэ ажлыг Хятадад гүйцэлдүүлэхээр шийдсэн бөгөөд та нарыг бүрэн төгс болгохоор шийдсэн. Тиймээс Тэр та нарт ямар ч гарах гарц өгдөггүй—Тэр зүрх сэтгэлийг чинь аль хэдийн байлдан дагуулсан, чи хүссэн ч, хүсээгүй ч цааш явах ёстой ба та нарыг Бурханаар авхуулах үед Бурхан алдрыг олж авдаг. Өнөөдөр, та нар хараахан төгс болгуулаагүй учраас Бурхан хараахан алдрыг олж аваагүй. Зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэж очсон хэдий ч махан биед чинь олон сул тал байсаар байгаа, та нар Бурханыг сэтгэл хангалуун болгох чадваргүй, Бурханы хүслийг анхаарч чаддаггүй, ангижрах ёстой олон сөрөг зүйлийг эзэмшсээр байдаг бөгөөд бас олон шалгалт, цэвэршүүлэлт туулах ёстой. Ийм маягаар л амь зан чанар чинь өөрчлөгдөж, Бурханаар авхуулж чадна.