95-р бүлэг
Хүмүүс юм болгоныг асар энгийнээр төсөөлдөг ч үнэн хэрэгтээ тийм байдаггүй. Бүх зүйлийн дотор далд нууцууд, мөн Миний мэргэн ухаан, Миний зохицуулалт агуулагдаж байдаг. Ямар ч нарийн ширийнийг орхилгүй, бүгдийг Би зохицуулдаг. Агуу өдрийн шүүлт Намайг чин сэтгэлээсээ хайрладаггүй хүмүүс дээр бууж (агуу өдрийн шүүлт нь энэ нэрийг хүлээн авсан бүх хүнд чиглэсэн гэдгийг сана), тэднийг уйлж, шүдээ хавирахад хүргэдэг. Энэхүү уйлах чимээ Үхэгсдийн орон, бас тамаас гардаг; энэ нь хүмүүс бус, чөтгөрүүд уйлж буй хэрэг юм. Миний шүүлт ийм уйлааныг авчирч, Миний удирдлагын төлөвлөгөөний эцсийн авралыг хүмүүст авчирдаг. Би зарим хүнд бага зэрэг найдлага тавьдаг байлаа. Гэвч одоо харахад, Би энэ хүмүүсийг нэг нэгээр нь хаях ёстой, учир нь Миний ажил энэ үе шатанд хүрсэн бөгөөд үүнийг хэн ч өөрчилж чадахгүй. Миний ууган хөвгүүд, эсвэл Миний ардууд биш бүх хүнийг хаяж, Надаас холдуулах ёстой! Хятадад Миний ууган хөвгүүд болон Миний ардуудаас бусад бүх хүн агуу улаан лууны үр сад бөгөөд хаягдах болно гэдгийг та нар ойлгох ёстой. Эцсийн эцэст Хятад бол Миний хараасан үндэстэн бөгөөд тэнд байгаа Миний цөөхөн ардууд бол Миний ирээдүйн ажилд үйлчлэл үзүүлдгээс цаашгүй гэдгийг та нар бүгд ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл, Миний ууган хөвгүүдээс өөр хэн ч байхгүй, бүгд мөхнө. Би үйл хэргээ хэтийдүүлсэн гэж бүү бод—энэ бол Миний захиргааны зарлиг. Миний хараалд өртдөг хүмүүс бол Миний үзэн ядалтын бай, үүнийг өөрчлөх боломжгүй. Би алдаа гаргадаггүй; хэрэв дургүйг минь хүргэсэн хүн байгааг харвал Би өшиглөн явуулах болно; энэ нь, чи бол Надад хараагдсан бөгөөд агуу улаан лууны үр удам гэдгийн хангалттай нотолгоо мөн. Та нарт дахин нэг сануулъя—Хятадад зөвхөн Миний ууган хөвгүүд л бий (үйлчлэл үзүүлдэг Миний ардуудаас гадна), энэ Миний захиргааны зарлиг юм. Гэвч Миний ууган хөвгүүд маш цөөхөн бөгөөд бүгдийг нь Би урьдчилан тогтоосон—Би Өөрийн хийдэг зүйл юу болохыг мэднэ. Надад Өөрийн захиргааны зарлиг, бас уур хилэн гэж бий тул Би чиний сөрөг байдлаас айдаггүй, бас чамайг ар нуруунаас минь хутгалах вий гэхээс айдаггүй. Өөрөөр хэлбэл, Би бүх зүйлийг аль хэдийн бүтсэн гэж үздэг тул агуу гамшиг гартаа атган, юунаас ч айдаггүй бөгөөд тэр өдөр ирэхэд чамайг нэгд нэггүй зохицуулах болно. Хүнийг хүн төгс болгох юм уу, сургамжилж Миний ууган хөвгүүн болгож чадахгүй—энэ асуудал тэр чигтээ Миний урьдчилан тогтоохоос шалтгаалдаг. Миний ууган хөвгүүн гэж хэлсэн хэн боловч ууган хөвгүүн; үүний төлөө тэмцэлдэж, үүнийг булаан авахаар бүү оролд. Бүх зүйл төгс хүчит Бурхан Өөрөө болох Надаас хамаардаг.
Нэг л өдөр Би та бүхэнд Миний захиргааны зарлиг юу болох, Миний уур хилэн гэж юу болохыг харах боломж олгоно (бүгд Миний өмнө сөгдөж, Намайг шүтэн мөргөж, Надаас уучлал эрж, дуулгавартай байх болно; Би одоо Өөрийн ууган хөвгүүдэд л үүний нэг хэсгийг харах боломж олгодог). Би Өөрийн ууган хөвгүүдийг төгс болгохын тулд золиослохоор олон хүнийг сонгосон (Өөрийн ууган хөвгүүдээс бусад хүн бүрийг), агуу улаан лууг зальхай явуулгадаа өөрөө унахад хүргэсэн гэдгээ агуу улаан лууны бүх үр садад харуулах болно. (Миний удирдлагын төлөвлөгөөний үеэр агуу улаан луу Миний удирдлагын төлөвлөгөөнд саад болохын тулд Миний ууган хөвгүүдээс бусад Надад үйлчлэл үзүүлдэг хүмүүсийг илгээдэг; гэвч тэр зальхай явуулгадаа өөрөө унаж, тэд бүгд Миний ажилд үйлчлэл үзүүлдэг. Энэ нь Би Өөртөө үйлчлэл үзүүлэхээр бүгдийг дайчилна гэдгийн жинхэнэ утга учрын нэг хэсэг юм.) Өнөөдөр бүх зүйл биелсэн үед Би тэднийг бүгдийг нь үгүй хийж, Өөрийн хөл доор няц дарж, үүгээрээ агуу улаан лууг гутааж, бүрмөсөн шившиг болгоно (тэд худал ярьж, ерөөл хүртэх гэж оролддог ч Надад үйлчлэл үзүүлнэ гэж хэзээ ч бодоогүй)—энэ бол Миний мэргэн ухаан юм. Үүнийг сонсоод хүмүүс Намайг хүйтэн сэтгэлтэй, өршөөлгүй, бас хүн чанаргүй гэж боддог. Би үнэхээр Сатанд бол хүйтэн сэтгэлтэй, өршөөлгүй ханддаг, түүнчлэн Би бол хүн чанараас давсан Бурхан Өөрөө билээ. Чи Намайг хүн чанартай Бурхан гэж яаж хэлж чадна вэ? Чи Намайг энэ ертөнцийнх биш гэдгийг мэддэггүй юм уу? Би бүх зүйлийн дээр байдаг гэдгийг мэддэггүй юм уу? Миний ууган хөвгүүдээс өөр, Над шиг хэн ч үгүй, Миний зан чанартай хэн ч үгүй (хүний зан чанар бус, харин бурханлаг зан чанар), Миний хэв чанарыг эзэмшдэг хэн ч үгүй.
Сүнсний ертөнцийн үүд нээгдэхэд та нар бүх нууцыг харж, ингэснээр чөлөөт ертөнц рүү бүрмөсөн орох, Миний хайрын тэврэлтэд, Миний мөнх ерөөлд орох боломжтой болно. Миний гар хүн төрөлхтнийг үргэлж дэмжиж ирсэн. Гэвч хүн төрөлхтний дунд Миний аврах хэсэг ч бий, аврахгүй хэсэг ч бий. (Миний дэмжлэггүйгээр дэлхий ертөнц бүхэлдээ аль эрт Үхэгсдийн ертөнцөд унах байсан учраас Би “дэмжих” гэж хэлдэг.) Үүнийг ухаар! Энэ бол Миний удирдлагын төлөвлөгөө. Тэгвэл Миний удирдлагын төлөвлөгөө гэж юу вэ? Би хүн төрөлхтнийг бүтээсэн ч хүн бүрийг олж авна гэж хэзээ ч төлөвлөөгүй, зөвхөн хүн төрөлхтний багахан хэсгийг л олж авна. Тэгвэл Би ийм олон хүнийг яагаад бүтээсэн юм бэ? Миний өмнө нь хэлж байсанчлан, Намайг байхад бүх зүйл эрх чөлөө, чөлөөлөлт бөгөөд Би хүссэн бүхнээ хийдэг. Би хүн төрөлхтнийг бүтээхдээ, тэднийг хэвийн амьдралаар амьдарч, дараа нь хүн төрөлхтний багахан хэсэг нь өндийж Миний ууган хөвгүүд, Миний хөвгүүд, Миний ардууд болоосой гэсэндээ л тэр юм. Миний ууган хөвгүүд, Миний ардууд, Миний хөвгүүдээс бусад бүх хүн, үйл явдал, эд юм бүгд үйлчлэл үзүүлэгчид бөгөөд бүгд мөхөх ёстой гэж хэлж болно. Энэ маягаар, Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө эцэс болно. Энэ бол Миний удирдлагын төлөвлөгөө, энэ бол Миний ажил, Миний үйлддэг алхмууд юм. Бүх зүйл дуусахад Би бүрэн амарна. Тэр үед бүх зүйл сайхан болно; бүх зүйл амар амгалан, аюулгүй болно.
Миний ажлын алхаа маш хурдан болохоор хүний төсөөллөөс давсан байдаг. Энэ нь өдөр бүр өөрчлөгддөг бөгөөд хөл нийлүүлж чадаагүй хэн боловч хохирол амсах болно; хүн өдөр бүр зөвхөн шинэ гэрлээс зуурч чадна (гэхдээ Миний захиргааны зарлиг, Миний нөхөрлөдөг үзэгдэл, үнэн хэзээ ч өөрчлөгддөггүй). Би яагаад өдөр бүр ярьдаг вэ? Би яагаад тогтмол чамайг гэгээрүүлдэг вэ? Үүний доторх жинхэнэ утга учрыг ойлгож байна уу? Ихэнх хүн одоо ч инээж, наргисаар нухацтай байж чадахгүй байна. Тэд зүгээр л Миний үгэнд огт анхаарал хандуулдаггүй, харин сонсох үедээ түрхэн зуур сэтгэлийн түгшүүр л мэдэрдэг. Дараа нь Миний үг төд удалгүй мартагдаж, тэд удалгүй өөрсдийн ялгамж чанарыг мэдэхээ байж, хайнга болцгоодог. Чи өөрийнхөө байр суурь юу болохыг мэдэх үү? Хүн Надад үйлчлэл үзүүлэх, эсвэл Би урьдчилан тогтоож, сонгох эсэхийг Миний гар л үйлддэг; үүнийг хэн ч өөрчилж чадахгүй—Би үүнийг Өөрөө хийх ёстой, тэднийг Өөрөө сонгож, урьдчилан тогтоох ёстой. Намайг ухаалаг бус Бурхан гэж хэн хэлж зүрхлэх вэ? Миний хэлдэг үг бүр, хийдэг юм бүхэн Миний мэргэн ухаан юм. Миний удирдлагад дахин нэг удаа саад болж, эсвэл Миний төлөвлөгөөг сүйтгэж хэн зүрхлэх вэ? Тэднийг Би яасан ч уучлахгүй! Цаг хугацаа Миний гарт бий тул хожимдох вий гэж Би айдаггүй; Миний удирдлагын төлөвлөгөө дуусах хугацааг шийддэг Нэгэн нь Би биш гэж үү? Энэ нь бүхэлдээ Миний ганц бодлоос л шалтгаалдаг бус уу? Намайг болсон гэж хэлбэл болж, дууссан гэж хэлбэл дуусдаг. Би огт яараагүй бөгөөд зохих зохицуулалтыг хийх болно. Хүмүүс Миний ажилд хошуугаа дүрэх ёсгүй, тэд Миний төлөө аливааг хүссэнээрээ хийх ёсгүй. Хошуу дүрсэн хэнийг ч болов Би хараадаг—энэ бол Миний захиргааны зарлигийн нэг юм. Би Өөрөө Өөрийнхөө ажлыг хийдэг, өөр хэн ч Надад хэрэггүй (Би үйлчлэл үзүүлэгчдэд үйлдэхийг зөвшөөрдөг, эс бөгөөс тэд яаран, сохроор үйлдэж зүрхлэхгүй). Бүх ажлыг Би зохицуулж, Би шийддэг, учир нь Би цорын ганц Бурхан Өөрөө билээ.
Ертөнцийн бүх улс үндэстэн эрх мэдэл, ашиг хонжооны төлөө бие биетэйгээ тэмцэлдэж, газар нутаг булаацалддаг ч бүү түгш, учир нь энэ бүх зүйл Миний үйлчлэлд байдаг. Тэгэхээр Би яагаад тэдгээрийг Миний үйлчлэлд байдаг гэж хэлдэг вэ? Би хуруугаа ч хөдөлгөлгүй аливааг хийдэг. Сатануудыг шүүхийн тулд Би эхлээд тэднийг хооронд нь маргалдуулж, эцэст нь тэднийг сүйрэлд хүргэн, зальхай явуулгадаа өөрсдөө унахад хүргэдэг (тэд Надтай эрх мэдлийн төлөө тэмцэлдэх хүсэлтэй ч, эцэстээ Надад үйлчлэл үзүүлээд дуусдаг). Би зөвхөн үг хэлж, тушаал өгдөг бөгөөд хүн бүр Миний хий гэснийг хийнэ, эс тэгвээс Би чамайг тэр дор нь устгах болно. Би бүх зүйлийг тушааж, бүх зүйлийг тогтоодог тул эдгээр зүйл бүгд Миний шүүлтийн нэг хэсэг юм. Хэн ч юу ч хийлээ гэсэн өөрийн эрхгүй, Миний зохицуулалтаар тийнхүү хийдэг. Та нар удахгүй болох үйл явдлуудад Миний мэргэн ухаанаар дүүрэн байна гэж Би найдъя. Хуумгай бүү ханд, харин аливаа зүйл чамд тохиолдох үед Надад улам их ойрт; Миний гэсгээлтийг зөрчихөөс зайлсхийж, Сатаны зальхай явуулгад өртөхгүй байхын тулд бүх талаар сэрэмж, болгоомжтой бай. Та нар Миний үгээс мэдлэг ухаан олж авч, Намайг юу болохыг мэдэж, Надад юу байгааг харах хэрэгтэй. Миний учиртай харцны дагуу аливааг хийж, болчимгүй авирлахгүй байх ёстой. Миний хийдгийг хий, Миний хэлдгийг хэл. Алдаа гаргаж, уруу татагдахаас зайлсхийж чадаасай гэсэндээ Би та нарт эдгээрийг урьдчилж хэлдэг. Тэгвэл “Миний оршихуй”, “Миний эзэмшдэг зүйл” гэж юу вэ? Та нар үнэхээр мэдэх үү? Миний эдэлдэг зовлон шаналал бол Миний хэвийн хүн чанарын нэг хэсэг тул Миний оршихуйн нэг хэсэг, мөн Миний оршихуйг Миний бүрэн төгс бурханлаг чанараас олж болно—та нар үүнийг мэдэх үү? Миний оршихуй хоёр талаас бүрддэг: Нэг тал нь Миний хүн чанар бол нөгөөх нь Миний бүрэн төгс бурханлаг чанар юм. Зөвхөн энэ хоёр тал нийлж байж бүрэн төгс Бурхан Өөрөө болдог. Миний бүрэн төгс бурханлаг чанарт мөн нэлээд олон зүйл багтдаг: Би ямар ч хүн, хэрэг явдал, юмсын хязгаарлалтад ордоггүй; Би бүх орчноос давсан; Би цаг хугацаа, орон зай, газар зүйн ямар ч хязгаарлалтад баригддаггүй; Би бүх хүн, хэрэг явдал, юмсыг Өөрийн гарын таван хуруу шигээ үнэхээр мэддэг; гэсэн атлаа Би мах цуснаас бүрдсэн бөгөөд биет хэлбэрээр оршдог; хүмүүсийн нүдэнд Би энэ үнэн бие хэвээр боловч уг чанар нь өөрчлөгдсөн—махбод бус, харин бие юм. Эдгээр нь үүний ердөө багахан хэсэг нь. Миний бүх ууган хөвгүүн ирээдүйд мөн ийм байх болно; энэ бол алхах ёстой зам бөгөөд үйл нь ирсэн хүмүүс зугтаж чадахгүй. Намайг үүнийг хийж байх хооронд урьдчилан тогтоогдоогүй бүх хүн хөөгдөнө (учир нь, Сатан үүгээр Миний үг үнэн зөв эсэхийг харах гэж Намайг сорьж байгаа юм). Урьдчилан тогтоогдсон хүмүүс хаа ч явсан үүнээс зайлж чадахгүй, үүгээр та нар Миний үйл хэргийн цаад зарчмыг харах болно. “Миний эзэмшдэг зүйл” гэдэг нь Миний мэргэн ухаан, Миний мэдлэг, Миний овсгоо самбаа, бас Миний хэлдэг үг бүрийг хэлж байна. Миний хүн чанар, Миний бурханлаг чанарын аль алинд нь энэ байдаг. Өөрөөр хэлбэл, Миний хүн чанарын хийдэг бүхэн, Миний бурханлаг чанарын хийдэг бүхэн Миний эзэмшдэг зүйл; үүнийг хэн ч булааж эсвэл салгаж авч чадахгүй; тэдгээр нь Миний өмчлөлд байдаг бөгөөд үүнийг хэн ч өөрчилж чадахгүй. Энэ бол Миний хамгийн хатуу захиргааны зарлиг (учир нь, хүний үзлээр бол Миний хийдэг олон зүйл тэдний үзэлтэй нийцдэггүй бөгөөд хүний ойлголтоос давсан байдаг; энэ бол хүн нэг бүрийн хамгийн амархан зөрчдөг зарлиг бөгөөд хамгийн хатуу нь тул тэдний амьдрал тийнхүү хохирол амсдаг). Би дахин хэлье, Миний хий гэж захиж байгаа зүйлд та нар ухамсартай хандах ёстой—хайнга хандаж болохгүй!