Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (14)
Бид удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын талаар хэр удаан нөхөрлөж байна вэ? (Дөрвөн сар хагас.) Ийм удаан хугацаанд нөхөрлөсний дараа удирдагч, ажилчид яг ямар ажил хийх ёстой талаарх та нарын ойлголт одоо арай тодорхой болсон уу? (Тийм ээ, энэ талаарх бидний ойлголт арай тодорхой болсон.) Урьдынхаас илүү тодорхой байх ёстой. Миний нөхөрлөл маш тодорхой, ойлгомжтой байдаг тул хэрвээ хэн нэгэн ойлгохгүй хэвээр байгаа бол оюуны хомсдолтойд тооцогдоно, тийм үү? (Тийм.) Одоо харахад сайн удирдагч, ажилчин байх амархан гэж бодож байна уу? (Амархан биш.) Ямар чанарууд шаардлагатай вэ? (Хүн удирдагч, ажилчин байхад шаардлагатай хэв чанар, хүн чанартай, мөн үнэн-бодит байдалтай, хариуцлагын мэдрэмжтэй байх хэрэгтэй.) Хамгийн наад зах нь мөс чанар, эрүүл ухаан, үнэнч байдалтай, дараа нь хэв чанар, ажлын чадамжтай байх ёстой. Хүн энэ бүх чанарыг эзэмшсэн үедээ сайн удирдагч, ажилчин байж, үүрэг хариуцлагаа биелүүлж чадна.
12-р зүйл: Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмсыг даруй, үнэн зөв олж илрүүлэх; тэдгээрийг зогсоож, хязгаарлаж, нөхцөл байдлыг эргүүлэх; түүнчлэн, Бурханы сонгосон хүмүүсийг тийм зүйлсийг ялган таних чадвартай, тэдгээрээс суралцдаг болгохын тулд үнэнийг нөхөрлөх (II хэсэг)
Сүүлийн цуглаанаар бид удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын арван хоёр дахь зүйлийн талаар нөхөрлөсөн: “Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмсыг даруй, үнэн зөв олж илрүүлэх; тэдгээрийг зогсоож, хязгаарлаж, нөхцөл байдлыг эргүүлэх; түүнчлэн, Бурханы сонгосон хүмүүсийг тийм зүйлсийг ялган таних чадвартай, тэдгээрээс суралцдаг болгохын тулд үнэнийг нөхөрлөх.” Энэ зүйлийн хүрээнд бид юун түрүүнд Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журамд ямар хүмүүс, үйл явдал, зүйлс саад болж, үймүүлдэг талаар голчлон нөхөрлөсөн. Хэрвээ удирдагч, ажилчид чуулган дотор саад тотгор, үймээн учруулдаг төрөл бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг зогсоож, хязгаарлахыг хүсвэл, энэ ажлыг сайн гүйцэтгэхийг хүсвэл эхлээд Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журамд ямар хүмүүс, үйл явдал, зүйлс саад болж, үймүүлдгийг мэдэж, ухан ойлгох ёстой. Дараа нь тэд эдгээрийг бодитой чуулганы ажил, чуулганы амьдрал дахь хүмүүс, үйл явдал, зүйлстэй тулган үзэж, тэгээд зогсоох, хязгаарлах гэх мэт янз бүрийн ажлыг гүйцэтгэх ёстой. Энэ бол удирдагч, ажилчдад тавигдах шаардлага юм. Сүүлийн цуглаанаар бид чуулганы амьдралтай холбоотой зүйлсээс эхлэн, чуулганы ажил болон чуулганы амьдралд саад болж, үймүүлдэг төрөл бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийн заримынх нь талаар нөхөрлөсөн. Бид бас чуулганы амьдралд саад тотгор, үймээн учруулах шинж чанартай хүмүүс, үйл явдал, зүйлсийг ангилсан. Нийт хэдэн асуудал байсан бэ? (Арван нэг. Нэгдүгээрт, үнэнийг нөхөрлөхдөө байнга сэдвээсээ хазайх; хоёрдугаарт, хүмүүсийг төөрөгдүүлж, хүндлэл хүлээхийн тулд бичиг үсэг, хоосон сургаал ярих; гуравдугаарт, хувийн асуудлаар дэмий чалчих, хувийн харилцаа тогтоох, хувийн хэрэг явдлаа зохицуулах; дөрөвдүгээрт, бүлэглэл үүсгэх; тавдугаарт, байр суурийн төлөө өрсөлдөх; зургаадугаарт, хагалан бутаргах; долоодугаарт, хүмүүс рүү дайрч, тарчлаах; наймдугаарт, үзэл тараах; есдүгээрт, сөрөг байдлаа илэрхийлэх; аравдугаарт, үндэслэлгүй цуу яриа тараах; арван нэгдүгээрт, сонгуулийн зарчмыг зөрчих.) Зургаа дахь асуудал бол хагалан бутаргах явдал бөгөөд энэ нь саад тотгор, үймээн учруулах шинж чанартай боловч бусад ёрын муу үйлтэй харьцуулахад жижиг асуудал юм. Үүнийг “зохисгүй харилцаа үүсгэх” болгон өөрчилбөл хагалан бутаргахаас илүү ноцтой уг чанартай болно. Долоо дахь асуудал бол хүмүүс рүү дайрч, тарчлаах явдал юм. Үүнийг “харилцан дайралт, аман тулаан” болгон өөрчилбөл шинж чанарын хувьд илүү ноцтой, илүү тодорхой, оновчтой болох биш үү? (Тийм.) Харилцан дайралт, аман тулаан нь саад тотгор, үймээнтэй холбоотой, чуулганы амьдралд түгээмэл тохиолддог нэг төрлийн асуудал юм. Энэ хоёр асуудлыг ийм маягаар өөрчилбөл илүү тохиромжтой, чуулганы амьдралд үүсдэг асуудлуудад илүү ойр болно. Арван нэг дэх асуудал бол сонгуулийн зарчмыг зөрчих явдал юм. Үүнийг “сонгуулийг будлиантуулж, үймүүлэх” болгон өөрчил. Энэ нь ердөө үг хэллэгийн өөрчлөлт; шинж чанар нь адилхан хэвээр үлдэж, гагцхүү түвшин нь хүндэрсэн—одоо энэ нь саад тотгор, үймээн учруулах шинж чанартай илүү их хамаатай болсон.
Чуулганы амьдралыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлс
V. Байр суурийн төлөө өрсөлдөх
Өнгөрсөн удаа бид дөрөв дэх асуудал буюу бүлэглэл үүсгэх хүртэл нөхөрлөсөн. Энэ удаа тав дахь асуудал буюу байр суурийн төлөө өрсөлдөх талаар нөхөрлөцгөөе. Байр суурийн төлөө өрсөлдөх явдал бол чуулганы амьдралд байнга гардаг асуудал бөгөөд түгээмэл үзэгддэг зүйл юм. Ямар байдал, зан авир, илрэл нь байр суурийн төлөө өрсөлдөх зуршилд хамаарах вэ? Байр суурийн төлөө өрсөлдөхийн ямар илрэл нь Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журамд саад болж, үймүүлэх асуудалд хамаарах вэ? Бид аль ч асуудал, аль ч ангиллын талаар нөхөрлөсөн, энэ нь арван хоёрдугаар зүйлд хэлсэн “Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмстай” холбоотой байх ёстой. Энэ нь саад болж, үймүүлэх түвшинд хүрсэн, мөн ийм уг чанартай холбоотой байсан цагт л үүнийг нөхөрлөж, задлан шинжилбээс зохилтой. Байр суурийн төлөө өрсөлдөхийн ямар илрэлүүд нь Бурханы гэрийн ажилд саад болж, үймүүлэх энэ уг чанартай холбоотой вэ? Хамгийн түгээмэл нь гэвэл, хүмүүс чуулганы удирдагчидтай байр суурийн төлөө өрсөлдөх явдал бөгөөд энэ нь голчлон удирдагчдыг гутааж, яллахын тулд өө сэв, сул талыг нь барьж авах, тэдний завхралын илчлэл болон хүн чанар, хэв чанарын дутагдал, бүтэлгүйтлийг, ялангуяа ажилдаа юм уу хүмүүстэй харьцахдаа гаргасан гажуудал, алдааг зориуд ил болгох явдлаар илэрдэг. Энэ бол чуулганы удирдагчидтай байр суурийн төлөө өрсөлдөж буйн хамгийн түгээмэл, хамгийн тод илрэл юм. Үүнээс гадна, энэ хүмүүс чуулганы удирдагчид ажлаа хэр сайн хийж байгаа, зарчмын дагуу үйлддэг эсэх, хүн чанарт нь асуудал байгаа эсэхийг тоодоггүй бөгөөд зүгээр л энэ удирдагчдыг эсэргүүцдэг. Яагаад эсэргүүцдэг вэ? Учир нь тэд ч бас чуулганы удирдагч болохыг хүсдэг—энэ бол тэдний амбиц, хүсэл юм, тиймээс тэд эсэргүүцдэг. Чуулганы удирдагчид яаж ч ажиллаж, асуудлыг яаж ч шийдсэн, энэ хүмүүс үргэлж барьц авч, тэднийг шүүж, ялладаг, тэр ч бүү хэл ялихгүй зүйл дээр сүр бадруулж, баримтыг мушгин гуйвуулж, асуудлыг дээд зэргээр дэгсдүүлдэг. Тэд удирдагчид зарчмын дагуу үйлддэг эсэх, зөв хүмүүс мөн эсэх, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс мөн эсэх, мөс чанар, эрүүл ухаантай эсэхийг хэмжихдээ Бурханы гэрээс удирдагч, ажилчдад тавьдаг шаардлагын стандартыг ашигладаггүй. Тэд удирдагчдыг эдгээр зарчмын дагуу үнэлдэггүй. Харин өөрсдийн санаархал, зорилгод үндэслэн байнга өө хайж, гомдол сүвэгчилж, удирдагч, ажилчдын эсрэг барьц авах зүйл хайж, ар хударгаар нь тэд үнэнд нийцэхгүй зүйл хийдэг гэсэн цуу яриа тарааж, эсвэл дутагдлыг нь ил болгодог. Жишээ нь, тэд: “Тэр удирдагч нэг удаа алдаа гаргаад Дээрхээр засуулсан, та нарын хэн нь ч мэдээгүй. Хар л даа, тэр дүр эсгэхдээ хэчнээн сайн гээч!” гэж хэлж магадгүй. Энэ удирдагч юм уу ажилчин Бурханы гэрийн хөгжүүлэх бай мөн эсэх, эсвэл удирдагч, ажилчны стандартад нийцдэг эсэхийг тэд бодолцдоггүй, тоодоггүй, зүгээр л ар хударгаар нь тэднийг шүүж, баримтыг гуйвуулж, жижиг сажиг явуулга хийсээр байдаг. Тэд эдгээр зүйлийг ямар зорилгоор хийдэг вэ? Байр суурийн төлөө өрсөлдөж байгаа хэрэг биш гэж үү? Тэдний хэлдэг үг, хийдэг үйлдэл бүр нь зорилготой байдаг. Тэд чуулганы ажлыг бодолцдоггүй, удирдагч, ажилчдыг үнэлэх үнэлгээ нь Бурханы үг, үнэнд тулгуурладаггүй, Бурханы гэрийн ажлын зохицуулалт, эсвэл Бурханы хүмүүст тавьдаг шаардлагын зарчимд бүр ч тулгуурладаггүй, харин өөрсдийнх нь санаархал, зорилгод тулгуурладаг. Тэд удирдагч, ажилчдын хэлсэн бүхэнтэй сөргөлдөж, дараа нь өөрсдийнхөө “нэвтэрхий ухааныг” дэвшүүлдэг. Удирдагч, ажилчдын хэлсэн зүйл үнэнд хэчнээн их нийцэж байсан ч тэд өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй. Тэд удирдагч, ажилчдын хэлсэн юуг ч бай няцааж, өөрсдийнхөө өөр саналыг дэвшүүлдэг. Ялангуяа удирдагч, ажилчин сэтгэлээ нээж, өөрийгөө танин мэдсэнээ ярих үед тэд бүр ч их баярлаж, боломж олдлоо гэж боддог. Ямар боломж вэ? Энэ удирдагч, ажилчныг гутааж, энэ удирдагч, ажилчин хэв чанар муутай, сул дорой, завхарсан, ажилдаа байнга алдаа гаргадаг, үнэндээ бусдаас дээрдэх юмгүй гэдгийг хүн бүрд харуулах боломж. Энэ бол тэр удирдагч, ажилчны эсрэг барьц авах боломж, тэр удирдагч юм уу ажилчныг яллаж, түлхэн унагаж, огцруулахад бусдыг өдөөн турхирах тэдний боломж юм. Энэ бүх зан авир, үйлдлийн сэдэл нь байр суурийн төлөө өрсөлдөхөөс өөр юу ч биш. Хэрвээ Бурханы гэрийн сонгуулийн зарчим болон хүмүүсийг хөгжүүлж, ашиглах зарчмыг дагавал хэвийн нөхцөлд ийм хүмүүс хэзээ ч удирдагч, ажилчнаар сонгогдохгүй. Тэд үүнийг нэвт харж, тодорхой ойлгосон тул ямар ч аргаар хамаагүй удирдагч, ажилчид руу дайрч давшилж, тэднийг яллана. Хэн удирдагч, ажилчин болохоос үл хамааран тэд зүгээр л эсэргүүцдэг бөгөөд үргэлж өө сэв хайж, тэдний талаар хариуцлагагүй, шүүмжлэлтэй үг хэлдэг. Удирдагч, ажилчдын үйлдэл, үгэнд ямар ч буруу юм байхгүй байсан ч тэд яаж ийгээд өө сэв олж дөнгөдөг—үнэндээ тэдний олсон асуудал нь зарчмын асуудал биш, зүгээр л нэг ялихгүй зүйл байдаг. Тэгвэл тэд яагаад эдгээр ялихгүй асуудалтай зууралдсаар байдаг юм бэ? Яагаад тэд ийм зүйл дээр удирдагч, ажилчдыг ингэж ил тод шүүж, яллаж чаддаг вэ? Тэдэнд ганцхан зорилго бий, тэр нь эрх мэдэл, байр суурийн төлөө өрсөлдөх явдал. Бурханы гэр хуурамч удирдагч, антихристүүдийн янз бүрийн илрэлийн талаар яаж ч нөхөрлөсөн, тэд эдгээр илрэлийг өөрсөдтэйгөө хэзээ ч холбодоггүй, харин гагцхүү бүх түвшний удирдагч, ажилчидтай холбодог. Таарах зүйл олмогцоо тэд “Одоо надад нотлох баримт байна; би эцэст нь тэдний эсрэг ашиглах зүйл олж, сайхан боломж олж авлаа” гэж боддог. Тэгээд тэд бүр ч цадиггүй авирлан эдгээр удирдагч, ажилчдын хийдэг бүхнийг ил болгож, шүүж, шүүмжлэлтэй үнэлж, ялладаг. Тэдний дэвшүүлсэн зарим асуудал өнгөн дээрээ бага зэрэг асуудалтай мэт санагдаж болох ч зарчимтай харьцуулах үед том асуудал биш байдаг. Тэгвэл тэд яагаад эдгээрийг дэвшүүлдэг вэ? Энэ нь яллаж, ялах зорилгоор удирдагч, ажилчдыг ил болгох цорын ганц шалтгаантай. Хэрвээ удирдагч, ажилчид сөрөг байдалд орж, өршөөл гуйж, тэдэнд сөгдвөл, хэрвээ ах эгч нар эдгээр удирдагчийг үргэлж сөрөг, сул дорой байдаг, үйлдэл хийхдээ байнга алдаа гаргадаг гэж үзээд, цаашид удирдагчаар сонгохгүй бол, эдгээр удирдагчийг үнэнийг нөхөрлөх үед ах эгч нар анхааралтай сонсохоо больж, эдгээр удирдагчийг ажил хэрэгжүүлэх үед хүмүүс идэвхтэй, чин сэтгэлээсээ хамтран ажиллахаа боливол байр суурийн төлөө өрсөлдөгсөд баярлаж, үүнийг далимдуулах боломжтой болно. Энэ бол тэдний хамгийн их харахыг хүсдэг дүр зураг, тохиолдоосой гэж хамгийн их найддаг зүйл юм. Энэ бүхнийг хийх тэдний зорилго юу вэ? Энэ нь үнэнийг ойлгож, хуурамч удирдагч, антихристүүдийг ялган танихад нь хүмүүст туслах, эсвэл хүмүүсийг Бурханы өмнө хөтлөх явдал биш. Харин тэдний зорилго бол удирдагч, ажилчдыг ялж, унагаж, ингэснээр хүн бүр өөрсдийг нь удирдагчаар ажиллахад хамгийн тохиромжтой нэр дэвшигч гэж харах явдал юм. Энэ үед тэдний зорилго биелж, ах эгч нар өөрсдийг нь удирдагчаар нэр дэвшүүлэхийг л хүлээнэ. Чуулганд ийм хүмүүс бий юу? Тэдний зан чанар ямар байдаг вэ? Ийм хүмүүс харгис зан чанартай, үнэнийг огт хайрладаггүй, хэрэгжүүлдэг ч үгүй; зөвхөн эрх мэдэлтэй байхыг л хүсдэг. Зарим үнэнийг ойлгодог, ялган таних чадвартай хүмүүсийн хувьд гэвэл—тэд ийм хүмүүст эрх мэдэл өгөхийг хүсэх үү? Тэдний эрхшээлд орохыг хүсэх үү? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Хэрвээ ихэнх хүн ийм хүмүүсийн уг чанар-мөн чанарыг тодорхой харж чаддаг бол тэднийг удирдагчаар сонгосоор байх уу? (Үгүй.) Хүн бүр дөнгөж уулзсан, бие биенээ сайн таньдаггүй л биш бол сонгохгүй. Гэхдээ тэд танил болж, аль хүн хэв чанар муутай, мунгинуу, аль нь харгис, ов мэхтэй зан чанартай ёрын муу хүн, аль нь байр суурийн төлөө өрсөлдөж, антихристүүдийн замаар явахыг эрмэлздэг, аль нь үнэнийг эрэлхийлж, үүргээ үнэнчээр гүйцэтгэж чаддаг гэх мэтийг тодорхой харж, янз бүрийн хүмүүсийн уг чанар-мөн чанар, ангиллыг ухаармагц удирдагчдыг сонгох сонгууль харьцангуй үнэн зөв, зарчимд нийцсэн байх болно.
Ихэнх хүн үргэлж байр суурийн төлөө өрсөлддөг хүнийг удирдагчаар сонгохыг илүүд үзэх үү, эсвэл хэв чанар, ажлын чадамж нь харьцангуй дундаж боловч хичээнгүй, тууштай хүнийг сонгох уу? Энэ хоёр хүний хүн чанар ямархуу болох, уг чанар-мөн чанар нь юу болох, эсвэл ямар замаар явж байгааг нь тодорхой харж чадахгүй байх үедээ ихэнх хүн алийг нь удирдагчаар сонгохыг илүүд үзэх вэ? (Хоёр дахийг нь, тууштай нэгнийг.) Ихэнх хүн хоёр дахийг нь сонгоно. Үргэлж байр суурийн төлөө өрсөлддөг хүмүүсийн илрэл нь хүн чанар, мөн чанарынх нь нотолгоо юм. Ихэнх хүн тэдний илрэлийг нэвт харж, ялган таньж чадах уу? Хүмүүс: “Энэ хүн үргэлж чуулганы удирдагчид хүндрэл учруулдаг; чуулганы удирдагчийн байр суурийг эзлэх амбицтай, удирдагчийг орлохыг хүсдэг. Тэр хүнийг чуулганы удирдагчаар сонгогдсоноос хойш тэр үргэлж түүнийг онилж, нүд үзүүрлэдэг. Тэр үргэлж үг сөрж, хийсэн болгоноос нь өө сэв хайж, барьц авдаг, мөн ар хударгаар нь шүүж, дутагдлыг нь илчилдэг. Ялангуяа цуглаан дээр юм уу ажлын талаар нөхөрлөх үед хэрвээ удирдагч түр зуур ойлгомжгүй яривал тэр яриаг нь тасалж, асар тэвчээргүй загнадаг. Тэр ч байтугай, удирдагчийг басамжилж, шоолж, дооглож, тохуурхан инээдэг; алхам тутамд нь хүндрэл учруулж, эвгүй байдалд оруулдаг” гэж хэлнэ. Ийм зан авир хүн бүрийн нүдэн дээр ил болоход ихэнх хүн энэ хүнийг ялган таньж чадна биз дээ? (Тийм.) Тэгвэл энэ нь удирдагчийн байр суурийг эзлэхэд нь тус болох уу? Яавч үгүй. Байр суурийн төлөө өрсөлддөг энэ хүмүүс ухаантай юу, эсвэл тэнэг үү? Мэдээж тэд бол мангарууд, тэнэгүүд юм. Өөр нэг ноцтой асуудал бий: Энэ хүмүүс бол диаволууд бөгөөд уг чанар нь өөрчлөгдөшгүй! Эрх мэдэл, байр суурийн төлөөх хүсэл нь хянахын аргагүй, бүр эрүүл ухаанаа алдахдаа тулдаг бөгөөд энэ нь хэвийн хүн чанарт байдаг зүйл биш юм. Энэ хүсэл нь хэвийн хүн чанарын ухаалаг байдал, мөс чанарын хүрээнээс хальж, юу ч хийхээс буцахгүй түвшинд хүрдэг. Энэ хүмүүс цаг хугацаа, газар нутаг, нөхцөл байдлаас үл хамааран, үйлдлийнхээ үр нөлөөг бүү хэл, үр дагаврыг ч бодолцон үзэлгүй, ийм маягаар авирлана. Энэ нь байр суурийн төлөө өрсөлддөг хүмүүсийн хамгийн нийтлэг илрэл, арга барил юм. Цуглаан болох юм уу ажлын талаар нөхөрлөх бүрд, хүн бүрийг цуглармагц энэ хүмүүс тээртэй ялаа шиг үймээн дэгдээж, чуулганы амьдрал, үнэнийг нөхөрлөх хэвийн дэг журмыг сүйтгэдэг. Ийм зан авир, арга барил нь саад тотгор, үймээн учруулах шинж чанартай. Ийм хүмүүсийг хязгаарлах ёстой биш үү? Ноцтой тохиолдолд тэднийг цэвэрлэж, хөөх ёстой биш үү? (Тийм.) Заримдаа гагцхүү чуулганы удирдагчдын хүчинд найдан ёрын муу хүмүүсийг хязгаарлах нь хүчин мөхөс, ганцаардмал хүчин чармайлт байх боломжтой— ёрын муу хүмүүсийн учруулсан саад тотгор, үймээний ноцтой байдлыг тодорхой харж, тэдний мөн чанарыг бүрэн ялган таньсныхаа дараа ах эгч нар чуулганы удирдагчидтай гар нийлж, ийм ёрын муу хүмүүсийг зогсоож, хязгаарлаж чадвал энэ нь илүү үр дүнтэй байх биш үү? (Тийм.) Хэрвээ хэн нэгэн: “Ёрын муу хүмүүсийг хязгаарлах нь удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага, бидэн шиг жирийн итгэгчдэд хамаагүй. Бид үүнийг тоохгүй! Ёрын муу хүмүүс чуулганы удирдагчидтай байр суурийн төлөө өрсөлддөг; тэд байр суурьтай хүмүүстэй өрсөлддөг. Бидэнд байр суурь байхгүй; тэд биднээс юу ч булааж авах гэж оролдоогүй байна. Ямартай ч, энэ нь бидэнд нөлөөлөхгүй. Тэд хүссэнээрээ өрсөлдөг. Хэрвээ чуулганы удирдагчид чадвартай бол тэднийг хязгаарлах ёстой; үгүй бол тэднийг зүгээр орхих ёстой. Энэ бидэнд ямар хамаатай юм бэ?” гэж хэлбэл ийм үзэл бодол сайн уу? (Үгүй.) Яагаад сайн биш вэ? (Тэд чуулганы хэвийн дэг журмыг сахьдаггүй.) Илүү оновчтой хэлбэл, чуулганы хэвийн дэг журам гэдэг нь юуг хэлдэг вэ? Чуулганы хэвийн амьдралыг хэлж байгаа биш үү? (Тийм.) Энэ нь чуулганы хэвийн, дэг журамтай амьдралыг хамардаг—Бурханы үгийг дэг журамтай идэж, уухыг хамардаг бөгөөд Ариун Сүнс ажиллаж, Бурхан хамт байж, Бурхан залж чиглүүлдэг чуулганы амьдралд хүмүүс Бурханы үгийг залбиран-уншиж, нөхөрлөж, хувийн туршлагаа хуваалцахын зэрэгцээ Ариун Сүнснээс гэгээрэл, удирдамж авч, гэрэл олж авч чадна гэсэн үг. Энэ бол Бурханы сонгосон хүмүүсийн чуулганы амьдралдаа эдлэх ёстой зүйл юм. Хэрвээ зарим хүн энэ хэвийн дэг журмыг сүйтгэвэл тэднийг зарчмын дагуу зогсоож, хязгаарлах ёстой бөгөөд тэвчих ёсгүй. Энэ бол зөвхөн удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага, үүрэг даалгавар төдийгүй үнэнийг ойлгодог, ялган таних чадвартай бүх хүний хариуцлага, үүрэг даалгавар юм. Мэдээж, чуулганы удирдагчид энэ ажлыг тэргүүлж, энэ хүмүүсийн үйлдлийн шинж чанар, илрэлд нь үндэслэн үзвэл тэд ямар төрлийн хүмүүс болох, ах эгч нар ийм хүмүүсийг хэрхэн ялган таньж, нэвт харах ёстой талаар ах, эгч нартай нөхөрлөж чадвал хамгийн сайн. Хэрвээ энэ ёрын муу хүмүүсийг хязгаарлахгүй, ах эгч нар бүгд тэднээс болоод үймэрч, төөрөлдөж, хууртаж, тэр ёрын муу хүмүүс биш, харин чуулганы удирдагчид эцэст нь гадуурхагдвал энэ чуулган саажиж, гарцаагүй эмх замбараагүй байдалд орно. Ийм нөхцөл байдалд чуулганы хэвийн амьдрал үргэлжилж чадах уу? Хэрвээ үргэлжилж чадахгүй бол чуулганы цуглаанууд үр дүнтэй хэвээр байх уу? Бурханы сонгосон хүмүүс ийм цуглаанаас ямар нэг зүйл олж авдаг хэвээр байх уу? Хэрвээ Бурханы сонгосон хүмүүс юу ч олж авахгүй бол ийм цуглааныг Бурхан ерөөдөг үү, эсвэл жигшдэг үү? Мэдээж Бурхан жигшдэг. Ариун Сүнсний ажилгүй, Бурханы ерөөлгүй цуглааныг цаашид чуулганы амьдрал гэж үзэх боломжгүй, харин нийгмийн бүлгийн цугларалт болдог. Эмх замбараагүй чуулганы амьдралд дуртай хүн байна уу? Энэ нь хүнийг босгон байгуулж, ашиг тустай байдаг уу? (Үгүй.) Хэрвээ энэ хугацаанд чи ямар ч цуглаанаас амь-оролтынхоо хувьд юу ч олж аваагүй бол энэ хугацаа чамд ямар ч үнэ цэн, утга учиргүй байжээ; чи энэ хугацааг дэмий үрсэн. Энэ нь чиний амь-оролт хохирол амссан гэсэн үг биш үү? (Тийм.) Хэрвээ цуглааны үеэр ёрын муу хүмүүс чуулганы удирдагчтай байр суурийн төлөө өрсөлдөж, маргалдаж, мэтгэлцэж, үр дүнд нь хүмүүс санаа зовж, цуглаан бүхэлдээ ой гутам уур амьсгалаар бялхаж, Сатаны муу энергиэр дүүрвэл, мөн хэн нь зөв, хэн нь буруу гэх мэт сэдвээр мэтгэлцэхээс гадна хэн ч Бурханы өмнө ирж залбирч, үнэнийг эрж хайдаггүй, хэн ч зарчмын дагуу үйлддэггүй бол иймэрхүү цуглааны дараа Бурханд итгэх итгэл чинь нэмэгдэх үү, эсвэл багасах уу? Үнэний тухайд чи илүү ихийг ойлгож, олж авах уу, эсвэл маргаанаас болж оюун санаа чинь үймэрч, юу ч олж авахгүй юу? Заримдаа чи: “Хүмүүс яагаад Бурханд итгэдгийг би ойлгохгүй байна. Бурханд итгэх нь ямар учиртай юм бэ? Энэ хүмүүс яаж ингэж авирлаж чадаж байна аа? Тэд Бурханд итгэгчид хэвээрээ гэж үү?” хэмээн бодож магадгүй. Сатануудын, ёрын муу диаволуудын ганц удаагийн үймээнээс болж хүмүүсийн зүрх сэтгэл үймэрч, булингартдаг; Бурханд итгэх нь утгагүй санагдаж, Бурханд итгэхийн үнэ цэнийг мэдэхгүй, оюун ухаан нь сарнидаг. Хэрвээ хүн бүр сонор сэрэмжтэй байж, ийм хэрэг явдал дээр хөшүүн, хойрго байхын оронд тун мэдрэмжтэй, хурц байж чадвал ёрын муу хүмүүс байр суурийн төлөө өрсөлдөхийн тулд чуулганы амьдралд байнга ямар нэг зүйл хэлж, хийх үед шийдвэрлэх шаардлагатай асуудал байгааг ихэнх хүн хурдан ухаарна. Тэд эдгээр нөхцөл байдалд хэн явуулга хийж байгаа, тэдний зан чанар-мөн чанар юу болохыг хурдан ялган таньж, асуудлын ноцтой байдлыг даруй ухаарч, богино хугацаанд ёрын муу хүмүүсийг зогсоож, хязгаарлаж, чуулганаас цэвэрлэж, чуулган доторх хүмүүсийг үргэлжлүүлэн үймүүлж, хазаарлахаас сэргийлж чадна. Энэ нь ихэнх хүний хувьд ашиг тустай, босгон байгуулж байх биш үү? (Тийм.)
Та нар ёрын муу хүмүүс байр суурийн төлөө өрсөлдөж буй нөхцөл байдалтай тулгарвал яаж зохицуулах вэ? Олонхын үзэл бодол юу вэ? (Энэ зан авирыг зогсооно.) Зүгээр л зогсоох уу? Яаж зогсоох вэ? Тэднийг ярихыг хориглох уу, эсвэл “Чиний ярьж байгаа зүйл бидэнд таалагдахгүй байна, дараагийн цуглаанууд дээр бага яриарай!” гэж хэлэх үү? Ингэвэл болох уу? Тэр чамайг сонсох уу? (Сонсохгүй.) Тэгвэл яах ёстой вэ? Чи зүгээр л бялдууч байж, чуулганы удирдагч, ажилчид ёрын муу хүмүүсийг ил болгохыг хүлээгээд, дараа нь байр сууриа илэрхийлж, “тэднийг цаашид цуглаанд ирүүлж болохгүй” гэж хэлэхийн оронд тэдний санаархал, сэдэл, уг чанар-мөн чанарыг Бурханы үгийн дагуу бүрэн ил болгож, задлан шинжлэх хэрэгтэй, ингэснээр ах эгч нар ийм хүмүүс болон тэдний үйлдлийн шинж чанарыг ялган таньж, сонор сэрэмжтэй болно. Бялдууч байх сайн уу? (Үгүй, сайн биш.) Ийм нөхцөл байдалтай тулгараад ихэнх хүн, тэр ёрын муу хүмүүсийг гомдоож, дараа нь харилцахад эвгүй байдалд орохгүй гэсэндээ тэдэнтэй сөргөлдөхийн оронд энэ хэргээс бултаж, зайлсхийхийг илүүд үздэг биш үү? Ихэнх хүн бялдууч байх ертөнцийн гүн ухааныг баримталдаг биз дээ? (Тийм.) Тэгвэл энэ нь асуудалтай. Чуулганы хүмүүсийн наян хувь нь бялдууч бөгөөд тийм ёрын муу хүмүүс чуулганы амьдралд удирдагчийн байр суурь, давуу байдал, албан тушаалын төлөө өрсөлдөж байгааг хараад хэн ч босож, тэднийг зогсоож, хязгаарладаггүй, ихэнх нь дараах үзэл бодлыг баримталдаг: “Асуудал бага байх тусмаа сайн. Би тэднийг өдөөн хатгаж болохгүй юм чинь зүгээр л зайлсхийж болохгүй гэж үү? Зүгээр л тэднээс зай баръя, тэгээд л болоо. Тэд өрсөлдөж л байг; цаг нь ирэхэд Бурхан тэднийг шийтгэнэ. Энэ надад ямар хамаатай юм бэ!” Ийм нөхцөл байдалд чуулганы амьдрал үр дүнтэй хэвээр байж чадах уу? Ихэнх хүн залхуу, хараат байдаг; чуулганы удирдагчдыг сонгомогцоо ажлаа дууссан гэж үзээд, чуулганы удирдагчид бүх зүйлийг хийхийг л хүлээж байдаг. Хэрвээ чи тэднээс чуулганд нь Бурханы үгийн ном тараагдсан эсэх, чуулганы амьдралд ямар нэг саад тотгор, үймээн байсан эсэх, эсвэл хэн нэгэн үргэлж бичиг үсэг, хоосон сургаал чалчиж, удирдагчидтай байр суурийн төлөө өрсөлддөг эсэхийг асуувал тэд “Энэ бүхнийг чуулганы удирдагчид мэдэж байгаа. Би энийг мэдэхгүй, санаа зовох ч шаардлагагүй. Цаг нь ирэхэд удирдагчид эдгээрийг зохицуулна” гэж хэлдэг. Тэд юунд ч санаа тавьж, асууж сурагладаггүй, юуны ч талаар мэдээлэлтэй байдаггүй, өөрсдийн мэдэх ёстой чуулганы амьдралд хамаатай хүмүүс, үйл явдал, зүйлсийн алийг ч мэддэггүй, тоодог ч үгүй. Чуулганд гарч ирдэг энэ ёрын муу хүмүүс байр суурийн төлөө өрсөлдөхдөө юу хэлж, хийдэг, түүнчлэн чуулганы амьдралыг яаж үймүүлж, нөлөөлдөг тухайд тэд туйлын хайхрамжгүй байдаг, энэ талаар асууж сураглаж, лавладаггүй. Бүх юм дууссаны дараа чи түүнээс ямар нэг ялган таних чадвар олж авсан эсэх, ёрын муу хүмүүсийг ялган таньж чадах эсэх, ёрын муу хүмүүсийн илрэл юу болохыг асуувал “Чуулганы удирдагчдаас асуу; тэд бүхнийг мэднэ” гэхээс өөр юу ч хэлж чадахгүй. Ийм хүн боол биш гэж үү? Тэр бол боол, хулчгар, хэрэггүй бөгөөд олиггүй амьдралаар амьдардаг. Ёрын муу хүмүүс байр суурийн төлөө өрсөлдөж буй нөхцөл байдлыг ялган таних, зохицуулах, шийдвэрлэх шаардлагатай байдаг. Энэ нь зөвхөн чуулганы удирдагчдын хариуцлага биш; Бурханы сонгосон хүмүүс бүгд энэ хариуцлагыг хуваалцдаг. Ихэнх удирдагч жирийн хүнийг бодвол арай илүү олон үнэнийг ойлгодог, эдгээр асуудал дээр сонор сэрэмжтэй байдаг, энэ хүмүүсийн үйлдлийн зорилго, мөн чанарыг харж чаддаг. Үүний зэрэгцээ ихэнх хүн бас бодитоор сургамж авч, ялган таних чадвараа нэмэгдүүлж, чуулган дахь шударга ёсны мэдрэмжтэй, үнэнийг ойлгож, эрэлхийлдэг хүмүүстэй нэгэн санаагаар нэгдэн чуулганы амьдралыг үймүүлж, саад болдог ийм ёрын муу хүмүүсийн эсрэг зохих арга хэмжээг авах ёстой. Тэд зүгээр гар хумхин сууж, ийм асуудалтай тулгарах үедээ ердөө жаахан нөхөрлөл сонсож, мэдлэгийн хүрээгээ бага зэрэг тэлж, зүрх сэтгэлдээ асуудлын талаар бага сага ойлголттой болоод, ажлаа дууссан гэж үзэхийн оронд тэднийг тусгаарлаж, зайлуулах ёстой. Учир нь чуулганы амьдрал бол зөвхөн чуулганы удирдагчдад хамаатай зүйл биш, чуулганы сайн амьдралаар амьдарч, чуулганы амьдралын хэвийн дэг журмыг сахих нь зөвхөн чуулганы удирдагчдын хариуцлага биш—хүн бүр хамтын хүчин чармайлт гарган босож, үүнийг хадгалах шаардлагатай.
Тав дахь асуудалд дурдсан, байр суурийн төлөө өрсөлддөг хүмүүс чуулганы амьдралд байнга гарч ирдэг. Тэдний хамгийн тод илрэл нь чуулганы удирдагчидтай байр суурийн төлөө өрсөлдөх явдал бөгөөд дараа нь ах эгч нарын дундаас хэв чанар сайтай, үнэнийг харьцангуй цэвэр ухамсарладаг хүмүүс, сүнслэг ойлголттой хүмүүс, үнэн-зарчмыг ойлгодог хүмүүстэй байр суурийн төлөө өрсөлдөж, энэ хүмүүсийг байнга сорьдог. Энэ хүмүүс чуулганы амьдралд зарим нэг цэвэр ойлголт, гэрлийн талаар байнга нөхөрлөж, үнэ цэнтэй, бодитой ойлголт дамжуулдаг зарим хувийн туршлагаа хуваалцдаг; энэ нь ах эгч нарт асар их тус болж, босгон байгуулдаг. Нөхөрлөлийг нь сонссоны дараа ах эгч нар замтай болж, Бурханы үгийг хэрхэн хэрэгжүүлж, туулахыг болон өөрсдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ мэддэг. Тэд Бурханы удирдамжид ихэд талархахын зэрэгцээ үнэнийг цэврээр ухамсарладаг, бодит туршлагатай хүмүүсийг биширч, хүндэлдэг. Ийнхүү тэд энэ хүмүүсийг өндрөөр үнэлэх, тэдэнд ойртох хандлагатай байдаг. Чуулганы амьдралд Бурханд таалагддаг эдгээр эерэг зүйл гарч ирэх нь байр суурийн төлөө өрсөлддөг хүмүүсийн хамгийн харах дургүй зүйл юм. Хэн нэгэн хүн бодит туршлагынхаа талаар нөхөрлөж байхыг харах бүрдээ тэд сэтгэл нь тавгүйтэж, атаархаж, тун эвгүй байдалд ордог. Эвгүй байдалд орсондоо тэд эсэргүүцсэн, басамжилсан, сэтгэл дундуур байдлаа харуулж, бодит туршлагатай, үнэнийг ойлгодог хүмүүсийг яаж мунхаг харагдуулах, мөн ах эгч нарт тэдний өө сэв, дутагдлыг яаж харуулж, тэднийг өндрөөр үнэлэх, тэдэнд ойртохыг нь болиулах талаар зүрх сэтгэлдээ байнга тооцоолдог. Тиймээс байр суурийн төлөө өрсөлддөг хүмүүс гарцаагүй зарим зүйлийг хэлж, зарим үйлдлийг хийнэ. Тэд туршлагын гэрчлэлээ хуваалцдаг хүмүүс болон үнэнийг байнга нөхөрлөснөөрөө ах эгч нарын амь-оролтод хангалт, тусламж үзүүлдэг хүмүүс рүү дайрч давшилж, тэднийг гадуурхдаг. Тэд ихэвчлэн эерэг хүмүүсийн өөг барьж авч, дутагдлыг нь илчилдэг бөгөөд үнэнийг байнга нөхөрлөж, туршлагын гэрчлэлээ хуваалцдаг бүх хүнээс Бурханы сонгосон хүмүүсийг холдуулах зорилготой байдаг. Товчхондоо, байр суурийн төлөө өрсөлддөг хүмүүс бол чуулганд нэвтэрч, Сатаны зарц нарын дүрд тоглодог сөрөг дүрүүд юм.
Нэг эгч Бурханд итгэхээсээ өмнө эр эмийн харилцаандаа алдаа гаргасан байсан ч итгэгч болсныхоо дараа гэмшиж, дахин хэзээ ч ийм алдаа гаргаагүй. Тэр өнгөрсөн гэм буруудаа туйлын их харамсаж байсан тул энэ тухайгаа ах эгч нарт илэн далангүй ярьж, нөхөрлөсөн. Сэтгэлээ нээж, нөхөрлөхийн зорилго, зарчим юу вэ? Энэ нь ах эгч нарын хооронд харилцан ойлголцлыг бий болгож, дотоод саад бэрхшээлийг арилгахын төлөө байдаг. Ихэнх ах эгч нар үнэнийг ойлгосныхоо дараа өөрсдийн илчилсэн завхралыг болон өнгөрсөн гэм буруугаа илэн далангүй ярьж, нөхөрлөхийн зэрэгцээ Бурханы авралд талархал, магтаал илэрхийлж чаддаг. Ийм илэн далангүй яриа, нөхөрлөл зохистой юу? (Тийм.) Үнэнийг ойлгосныхоо дараа ихэнх ах эгч ийм маягаар илэн далангүй ярьж, нөхөрлөж чаддаг; энэ нь асуудал болдог уу? (Үгүй.) Бурханд итгэхээсээ өмнө хүмүүс эр эмийн харилцаа болон бусад талууд дээр алдаа гаргасан байх нь тун хэвийн зүйл. Зарим хүн эдгээр алдаагаа ярьж чаддаг байхад зарим нь нууж, далдалдаг бөгөөд бусад хүн хэчнээн илэн далангүй байж, өөрсдийгөө илчилсэн ч тэд өөрсдөө юу ч хэлдэггүй. Тэд эдгээр алдааг хэнд ч мэдэгдэж болохгүй өөрийнх нь нууц гэж үзэж, эс тэгвээс нэр төр, нэр нүүр, байр сууриа алдана гэж боддог. Гэвч зарим хүн юмыг өөрөөр ухамсарладаг; тэд Бурханд итгэдэг болж, Бурханы авралыг хүлээн авсан юм чинь урьдын буруу үйлдэл, алхаж явсан эндүү ташаа замынхаа талаар одоо илэн далангүй ярьж, нөхөрлөж, гаргаж ирж задлан шинжлэх ёстой, эдгээр нь зүгээр л Сатаны завхруулсан хүмүүсийн туулж өнгөрүүлсэн зүйлс гэж үздэг. Одоо тэд илэн далангүй байж, өөрсдийгөө илчилж, нөхөрлөж чаддаг. Өнгөрснөө дүгнэх ч бай, эсвэл өнгөрсөнтэйгээ тооцоо хийх ч бай, энэ хүмүүс ингэж чадаж байгаа нь үнэнийг хэрэгжүүлэхэд хандах хандлагыг нь нотолж байна: Тэд үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн, үнэнийг хэрэгжүүлэх шийдэмгий байдалтай. Яг яаж хэрэгжүүлэх нь хувь хүний ойлголт, шийдэмгий зангаас хамаарна. Гэхдээ илэн далангүй байж, өөрийгөө илчлэх нь лавтайяа алдаа биш, нүгэл бүр ч биш. Үүнийг хэн нэгний эсрэг барьц болгон ашиглах ёсгүй, өөр хүн рүү дайрахад ашигладаг нотлох баримт бүр ч болох ёсгүй. Ихэнх хүн ийм хэрэг явдалд зөв хандаж чаддаг, өөрөөр хэлбэл, энэ талаарх тэдний ойлголт цэвэр бөгөөд үнэн-зарчимд нийцдэг. Гэвч ёрын муу хүмүүс буруу санаархал тээдэг; тэд хүмүүсийг шоолох, тоглоом тохуу хийх, шүүхийн тулд хүмүүсийн талаарх зүйлсээс барьц авах гэж зүтгэдэг. Ийм муу үйл нэлээд илэрхий байдаг. Өөрсдийгөө илчилж, илэн далангүй ярьж, өөрсдийн завхрал болон алхаж явсан буруу замыг нөхөрлөж чаддаг хүмүүс үнэн болон Бурханы үгэнд хандахдаа зөвт байдлаар өлсөж, цангасан зүрх сэтгэлтэй байдаг. Улмаар тэд Бурханы үгийг уншихдаа өөрийн мэдэлгүй зарим нэг бодит ойлголт, танин мэдэхүйг олж авдаг. Эдгээр бодит ойлголт, танин мэдэхүй нь бэрхшээл тулгарах үед болон амьдралд нь тохиолддог түмэн янзын нөхцөл байдалд хэрэгжүүлэлтийн замыг олоход нь тэдэнд тусалж, үнэний талаарх зарим жинхэнэ туршлагын ойлголтод хүргэдэг. Эдгээр жинхэнэ туршлагын ойлголтын талаар нөхөрлөх нь бусдыг босгон байгуулж, тусалдаг; ах эгч нар энэ хүмүүсийг бишрэн хүндэтгэж, “Чиний бодит туршлага үнэхээр гайхалтай. Энэ тухай сонсоод надад бас адилхан мэдрэмж төрж байна. Чиний хэрэгжүүлэлтийн арга зам зөв, Бурханаар ерөөгдсөн гэдгийг би харж байна. Би ч бас өөрийн үзэл, өрөөсгөл бодлоо орхиж, дарамтаа хаяхад бэлэн байна; би чам шиг үнэнийг энгийн байдлаар хэрэгжүүлж, Бурханы гэгээрэл, удирдамжийг авахыг хүсэж байна. Энэ зам зөв юм” гэж хэлнэ. Эдгээр илрэл нэлээд хэвийн биш гэж үү? Ах эгч нарын дунд ийм харилцаа үүсэх нь тун зохистой биш гэж үү? Энэ бол Бурханд итгэдэггүй хүмүүсийн хоорондох харилцаанаас ялгаатай, хүмүүс хоорондын харилцааны нэг төрөл юм; энэ нь Бурханы сайшаадаг, харахыг хүсдэг харилцаа мөн. Ах эгч нарын дунд ийм хэвийн харилцаа байх үед л чуулганы амьдрал хэвийн байж чадна. Гэвч бодит туршлагатай хүмүүс, үнэнээр өлсөж, цангадаг хүмүүс, мөн туршлагатай хүмүүсийг биширч, хүндэлдэг хүмүүс рүү дайрч давшилж, гутаан доромжилж, гадуурхахаар босож ирдэг ёрын муу зарим хүн, эсвэл хорон санаатай зарим хүн үргэлж байх болно. Тэд яагаад энэ хүмүүс рүү дайрдаг вэ? Тэдний зорилго бол чуулган доторх тодорхой нэг байр суурийн төлөө өрсөлдөхөөс өөр юу ч биш. Тэд үнэнийг хайрладаггүй, эрэлхийлдэггүй учраас бүх хүнийг төөрөлдүүлж, өөрсдийгөө өндрөөр үнэлүүлэхийн тулд хуурамч туршлага зохиож, үнэнийг эрэлхийлэгчийн дүр эсгэдэг. Энэ нь хүссэн байр суурь, эрх мэдэлдээ хүрэхийн тулд хүмүүсийг төөрөлдүүлж, хянах Сатаны аргыг ашиглаж буй хэрэг юм. Ийм явдал хаа сайгүй чуулгануудад байнга тохиолддог бөгөөд бүх хүний нүдэнд ил байдаг. Хэрвээ та нар зарим ах эгч үнэн-бодит байдалтай, цуглааны үеэр Бурханы үгийн талаарх жинхэнэ туршлагын ойлголтыг нөхөрлөж чаддаг, олон хүний магтаалыг хүлээсэн хэр нь ямар нэг шалтгаанаар зарим хүний дайралт, өшөө авалтад өртөж, зовлонд унаж байгааг олж мэдвэл сонор сэрэмжтэй байж, ямархуу хүмүүс ийм зан авир гаргаж байгааг ялган таних ёстой. Яагаад үнэнийг эрэлхийлдэг хүмүүс байнга дайралтад өртөж, гадуурхагддаг вэ? Энд үнэндээ юу болоод байна вэ? Энэ нь гарцаагүй асуудал байгааг илтгэж байна.
Чуулганы амьдралд, удирдагч, ажилчдаас байнга өө хайдаг хүмүүст сайн анхаарал хандуулах ёстой. Үүнээс гадна, зарим хүн харьцангуй үнэнийг эрэлхийлж, Бурханы үгийг хүсэн эрмэлздэг хүмүүсийг байнга шоолж, элэглэж, дайрдаг. Ийм сөрөг дүрүүдийг ч бас сайтар хянаж, ажиглаж, дараагийн үйлдэл нь юу байхыг харах ёстой. Хэрвээ хэн нэгэн чуулганы амьдралд оролцох явцдаа ямар ч зүй ёсны шалтгаангүйгээр чуулганы удирдагчдын дутагдлыг ил болгож, эсвэл үнэн-бодит байдалтай хүмүүс рүү дайрч давшилж чадаж байвал үүний цаана гарцаагүй асуудал, шалтгаан байна; энэ нь ор үндэсгүй зүйл лавтайяа биш. Энэ нь жижиг асуудал биш учраас ах эгч нар ийм хүмүүст маш нухацтай анхаарал хандуулах ёстой. Заримдаа хүн бодит туршлагын гэрчлэл дөнгөж сонсож, зүрх сэтгэлдээ бүрэн таашаал эдэлснийхээ дараа, эсвэл дөнгөж жаахан гэрэл, ойлголт олж авсныхаа дараа ёрын муу хүмүүсийн хэлсэн хэдхэн төөрөлдүүлсэн үгэнд будилж самуураад, дөнгөж олж авсан бүхнээ алдчихдаг. Дөнгөж өчүүхэн итгэл бий болгож эхэлж байтал нь ёрын муу хүмүүсээр үймүүлэгдэж, анхны байдалдаа буцаж ордог; үнэн болон Бурханы үгээр бага зэрэг цангаж, үнэнийг хэрэгжүүлэх өчүүхэн шийдэмгий байдалтай болж эхлэнгүүтээ л ёрын муу хүмүүсээр үймүүлэгдэж, зүрх нь шантарч, урам нь хугарч, тэгээд энэ зөрчилдөөнтэй газраас хурдхан явахыг хүсдэг. Энэ үр дагавар ноцтой юу? Маш ноцтой. Тиймээс чуулганд ямар нэг зүйл санаанд нь нийцээгүйгээс болж үргэлж маргаан дэгдээж, хэнийх нь зөв болох талаар маргалдаж, юу нь зөв буруу болох талаар мэтгэлцэж, бүр хэн нь илүү, хэн нь дор болох талаар өрсөлддөг хүн байвал тийм хүмүүст анхаарал хандуулах ёстой. Тэд чуулганд ямар үүрэг роль гүйцэтгэж, ямар үр дагавар авчирч байгааг хар, ингэснээр тэдний уг чанар-мөн чанар юу болохыг нэвт харж чадна.
Чуулганы амьдралд, байр суурийн төлөө өрсөлдөхийн өөр нэг илрэл нь чуулганы амьдрал болон чуулганы ажилд саад болж, үймүүлэх явдал юм. Жишээ нь, заримдаа ах эгч нар хамтдаа нэг асуудлын талаар нөхөрлөхөд хүн бүрийн нөхөрлөлд бага зэрэг гэрэл байдаг; тэднийг нөхөрлөх тусам үнэн-зарчим улам тодорхой, ойлгомжтой болж, хэрэгжүүлэлтийн зам ч хурдан ойлгогддог. Гэвч хэн нэгэн хүн гэнэт “гайхалтай санаа”, өөрийн саналыг гаргаж ирж, нөхөрлөлийн урсгалыг тасалдуулж, сэдвийг өөр тийш нь эргүүлснээр гол сэдвийн талаарх нөхөрлөл дуусалгүй үлддэг. Гаднаас нь харахад тэрээр үймээн учруулаагүй, үнэнийг нөхөрлөхөд нь хүмүүсийг бүр ч хязгаарлаагүй, гэхдээ энэ сэдвийг гаргаж ирэхдээ тохиромжтой цагийг сонгоогүй. Асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөж буй чухал мөчид шинэ асуудал оруулж ирэн нөхөрлөж, хэлэлцүүлснээр өмнөх асуудал бүрэн шийдвэрлэгдэхээсээ өмнө таслагддаг. Энэ нь ажлыг замын дундаас орхиж байгаа хэрэг биш үү? Энэ нь асуудлыг шийдвэрлэхийг хойшлуулж байгаа бус уу? Асуудал шийдвэрлэгдээгүйгээр үл барам, үнэний талаарх хүмүүсийн ойлголт ч саатсан. Эрүүл ухаантай хүмүүс ийм зүйл хийх үү? Ийм зүйл чуулганы амьдралд саад болж, үймүүлдэг гэж хэлэх нь хэтрүүлэг болох уу? Миний бодлоор огтхон ч хэтрүүлэг биш. Асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөж буй ийм цуглааныг үймүүлэх нь чуулганы амьдралд санаатайгаар саад болж, үймүүлж байгаа хэрэг биш гэж үү? Хэрвээ хэн нэгэн үнэнийг нөхөрлөж, асуудал шийдвэрлэж буй чухал мөчид үргэлж хөндлөнгөөс оролцож, яриаг таслахаар оролддог бол энэ нь эрүүл ухаангүй байх асуудал биш; энэ бол асуудал шийдвэрлэхээр үнэнийг нөхөрлөж байхад нь цуглааныг зориуд үймүүлж буй хэрэг, энэ бол чуулганы амьдралд саад болж, үймүүлдэг ёрын муу үйл юм—зөвхөн антихристүүд, ёрын муу хүмүүс л ийм юм хийдэг, үнэнийг үзэн яддаг хүмүүс л үүнийг хийдэг. Орчин, нөхцөл байдал ямар байх нь хамаагүй, ийм хүмүүс үргэлж “гайхалтай санаа” гаргаж ирэх ёстой байдаг, үргэлж бусдын нүдэнд өртөж, анхаарлын төвд байхыг хүсдэг. Хүмүүс хэчнээн шийдвэрлэх, чухал сэдвээр нөхөрлөж байсан ч хамаагүй, тэд бусдын анхаарлыг сарниулахын тулд үргэлж хөндлөнгөөс оролцож, сүртэй сонсогдох санаа дэвшүүлж, өвөрмөц харагдахыг хүсдэг. Тэд яг ямар үзүүлбэр үзүүлэх гээд байна вэ? Тэд байр суурийн төлөө өрсөлдөж байгаа бус уу? Тэд нөхцөл байдлыг хянахыг хүсдэг. Хүмүүс үнэнийг илүү их ойлгож, илүү тодорхой мэддэг болоосой гэж тэд хүсдэггүй; тэдний хамгийн их анхаардаг зүйл бол хүн бүр өөрсдөд нь анхаарлаа хандуулж, өөрсдийг нь сонсож, дуулгавартай дагаж, хүн бүр үгэнд нь орох явдал юм. Энэ бол илт байр суурийн төлөө өрсөлдөж буй хэрэг. Зарим хүний хувьд, ямар ч ажил хийсэн бай, ямар нэг зүйлийг хэрэгжүүлэх тодорхой санаа, төлөвлөгөө болон тэдгээрийг нарийвчлан гүйцэтгэх тодорхой алхмуудын талаар нөхөрлөхийг тэднээс хүсэхэд тэд юу ч хэлж чаддаггүй. Тэгсэн хэр нь сүртэй санаа чалчиж, өвөрмөц харагдаж, шинэлэг, нүд гялбам зүйл хийх дуртай. Ямар ч нөхцөл байдал тулгарсан бай, шинэ санаа толгойд нь орж ирмэгц л тэд онгод орсон мэт түүнийгээ танилцуулж, сайтар тунгаан бодолгүйгээр бусдаар хүлээн зөвшөөрүүлж, санал нийлүүлэхээр яаруу сандруу санал болгодог. Гэвч эцэст нь хэрэгжүүлэлтийн тодорхой замын талаар ярихыг хүсэхэд тэд дуугүй болчихдог. Тэдэнд чадвар байхгүй ч гайхуулахыг хүсдэг, үргэлж харагдахыг эрмэлздэг. Тэд бусдын дор орохыг хүсдэггүй; зүгээр л нэг жирийн дагалдагч байхыг хүсдэггүй. Бусад хүн өөрсдийг нь дорд үзэх вий гэж үргэлж айж, байгаа гэдгээ үргэлж батлахыг хүсдэг. Тиймээс тэд харагдахын тулд үргэлж сүртэй санаа чалчдаг. Үргэлж ингэх ямар хэрэгтэй юм бэ? Тэдний оюун ухаанд ямар нэг санаа орж ирэх үед тэд тунгаан бодолгүйгээр, эсвэл санаагаа боловсронгуй болгохоосоо өмнө тэр санааг сайн, хэрэгжүүлбээс зохистой гэж сохроор үздэг. Тэд энэ санаагаа яаруу сандруу танилцуулахад бусад хүн ойлгодоггүй бөгөөд мэдээж хэдэн асуулт асуудаг. Хариулж чадахгүй хэр нь тэд өөрсдийнх нь санал зөв, хүн бүр хүлээн авах ёстой гэж зүтгэсээр байдаг. Энэ ямар зан чанар вэ? Өөрсдийнхөө үзэл бодлоор үндэслэлгүй зүтгэх нь ямар үр дагавар авчрах вэ? Энэ нь чуулганы ажилд ашигтай юу, эсвэл саад болдог уу? Энэ нь Бурханы сонгосон хүмүүст ашиг тустай юу, эсвэл хор хөнөөлтэй юү? Тэд ямар ч хариуцлагын мэдрэмжгүйгээр ингэж хэлж чаддаг—тэдний зорилго юу вэ? Энэ нь зүгээр л өөрсдийн байгааг батлах гэсэн хэрэг. Бусад хүн өөрсдийг нь ийм “гайхалтай санаатай”, хэв чанартай, оюуны чадамжтай, чадвартай гэдгийг мэдэхгүй байх вий гэж тэд айдаг; олонх хүн өөрсдийг нь өндрөөр үнэлээсэй гэсэндээ тэд ингэж нэр хүндийн төлөө чармайдаг. Эцэст нь юу болдог вэ? Тэд яаруу сандруу санал дэвшүүлж, бусад нь эхэндээ тэднийг үнэхээр чадвартай, ямар нэг жинхэнэ зүйлтэй гэж боддог. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд тэд бол зүгээр л мунхаг, жинхэнэ мэдлэг, чадваргүй атлаа үргэлж эцсийн шийдвэрийг гаргахыг хүсдэг гэдэг нь илэрхий болдог. Энэ бол байр суурийн төлөө өрсөлдөж буй хэрэг. Жинхэнэ чадваргүй хэр нь тэд шийдвэр гаргахыг хүссээр байдаг; ямар ч тодорхой төлөвлөгөө гаргалгүйгээр үргэлж сүртэй санаа чалчиж, хэрэгжүүлэлтийн тодорхой замгүй байдаг. Хэрвээ ийм хүмүүст үнэхээр ажил даалгавал ямар үр дагавар гарах вэ? Энэ нь гарцаагүй ажлыг саатуулна. Тэд юу ч хийж чадахгүй байж яагаад үргэлж байр суурийн төлөө өрсөлдөж, эрх мэдэлтэй байхыг эрмэлздэг вэ? Тэд бол зүгээр л ухаан дутуу мунхгууд; илүү уран яруу үгээр хэлбэл, тэд туйлын эрүүл ухаангүй. Шүтлэггүй хүмүүсийн дунд ийм хүмүүс дэндүү олон байдаг, бүгд ярихаас цаашгүй. Ихэнх хүн ийм хүнийг бага сага ялган таньж чаддаг. Хэрвээ хэн нэгэн үргэлж сүртэй санаа чалчиж, шинийг санаачлагч мэт харагдахыг хүсдэг бол хууртахгүйн тулд болгоомжтой байх ёстой. Хэрвээ үнэхээр гүнзгий санаатай, мөн тодорхой төлөвлөгөө гаргаж чаддаг хүн байвал, хэрэгжих боломжтой үед л үүнийг хүлээн зөвшөөрч болно; хэрвээ тэрээр тодорхой төлөвлөгөө гаргалгүйгээр зөвхөн сүртэй санаа чалчдаг бол түүнд болгоомжтой хандах ёстой. Түүний санаанд хэрэгжих боломжтой зам байгаа эсэхийг тодорхойлохын тулд нөхөрлөл хийх ёстой. Хэрвээ олонх нь түүний санааг хэрэгжих боломжтой, хэрэгжүүлэлтийн замтай гэж үзвэл шийдвэр гаргахаасаа өмнө үр дүн нь ямар байхыг харахын тулд хэсэг хугацаанд туршиж үзэх хэрэгтэй.
Чуулган үнэний ямар ч талын тухай нөхөрлөж, ямар ч асуудлыг шийдвэрлэсэн бай, бүх төрлийн хүмүүс өөрсдийгөө харуулна. Удаан хугацаанд харилцсаны дараа хэн нь үнэнийг үнэхээр хайрлаж, хүлээн авч чаддаг, хэн нь саад болж, үймүүлж, хийвэл зохих ажлаа хийдэггүйг харж болно. Сүржин үзэл санаа чалчиж, шинэ содон санаа дэвшүүлэх дуртай хүмүүс үнэнийг хүлээн авч, Бурханд итгэх зөв замд орж чадна гэж та нар бодож байна уу? Тэдний хувьд ингэх нь амаргүй гэж Би бодож байна. Ийм хүмүүс чуулганы амьдралд ямар үүрэг роль гүйцэтгэдэг вэ? Байнга сүржин үзэл санаа чалчиж, хийвэл зохих ажлаа хийдэггүйнх нь үр дагавар юу вэ? Ихэнх хүний харж байгаагаар, энэ нь чуулганы амьдралд саад болж, үймүүлдэг бөгөөд хэрвээ энэ хэвээр үргэлжилбэл Бурханы сонгосон хүмүүсийг үнэнийг эрэлхийлж, бодит байдалд ороход нь саатуулна. Хэдийгээр сүржин үзэл санаа чалчих дуртай хүмүүс ёрын муу хүмүүс байх албагүй ч үйлдлийнх нь үр дагавар Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод их хохирол учруулахын сацуу тэдний үйлдэл чуулганы ажлыг ч бас саатуулж, нөлөөлдөг. Тэгвэл энэ асуудлыг яаж шийдвэрлэх ёстой вэ? Сүржин үзэл санаа чалчиж, шинэ содон санаа дэвшүүлэх дуртай хүмүүсийг хэрхэн зүй зохистой зохицуулах ёстой вэ? Эхний арга нь энэ: Хэрвээ тэд сүржин үзэл санаа чалчих дуртай, үргэлж санал бодолтой байдаг бол эхлээд тэднийг яриул, дараа нь ялган тань. Хэн ч бай, хүн бүр үг хэлж, санал бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй; хэн ч үүнийг хязгаарлах ёсгүй. Үнэхээр санаа бодолтой, ухаалаг танин мэдэхүйтэй хэн бүхэнд үгээ хэлж, тодорхой илэрхийлэхийг зөвшөөрч, бүгдэд харуулаад, дараа нь энэ нь зөв эсэх, үнэн-зарчимд нийцэж байгаа эсэх, хэрэглэж болох ямар нэг хэсэг байгаа эсэхийг харахын тулд нөхөрлөж, хэлэлцэх ёстой. Хэрвээ үүнээс суралцахад зохистой бөгөөд ямар нэг ашиг тус олж авч чадаж байвал энэ нь сайн хэрэг; хэрвээ нөхөрлөж, хэлэлцсэний дараа тэдний хэлсэн зүйл ямар ч үнэ цэнгүй, зөв зүйтэй биш гэдэг нь тогтоогдвол үүнийг орхих ёстой. Ингэж хэрэгжүүлснээр хүн бүрийн ялган таних чадвар нэмэгдэнэ; ямар нэг зүйл тохиолдох бүрд тэд энэ асуудлыг хэрхэн тунгаан бодохоо мэдэж, янз бүрийн хүнийг илүү сайн ойлгодог болно. Ийм хэрэгжүүлэлт нь Бурханы сонгосон хүмүүст ашиг тустай бөгөөд чуулганы ажлыг үймүүлэхгүй; ийм маягаар хэрэгжүүлэх нь зөв юм. Хоёр дахь арга нь энэ: Хэлсэн зүйл нь ямар ч үнэ цэнгүй, үүнийг нөхөрлөж, хэлэлцсэн ч ямар ч ашиг тус олж авахгүй бол тийм саналаас шууд татгалзах ёстой бөгөөд ямар ч нөхөрлөл, хэлэлцүүлэг хийх шаардлагагүй. Хэрвээ хүн ийм үнэ цэнгүй асуудал, “гоц гойд санааг” байнга дэвшүүлсээр, Бурханы сонгосон хүмүүсийг залхааж, үгийг нь сонсох дургүй болгодог бол тийм хүнийг хязгаарлах ёстой биш гэж үү? Бусдад нөлөөлөхөөс зайлсхийхийн тулд илүү эрүүл ухаантай байж, хэлэх ёсгүй зүйлийг хэлэхгүй байхыг тэдэнд зөвлөсөн нь дээр. Хэрвээ энэ хүн эрүүл ухаангүй, ийм маягаар үргэлжлүүлэхээр зүтгэж, чуулганы амьдралд үймээн учруулж, хүн бүрийг ихэд бухимдуулж, бүр уурыг нь хүргэхдээ тулдаг бол тэрээр чуулганы амьдралыг үймүүлдэг ёрын муу хүн юм. Түүнтэй чуулганыг цэвэрлэх Бурханы гэрийн зарчмын дагуу харьцаж, чуулганаас цэвэрлэх ёстой; ингэх нь тохиромжтой. Надад хэл дээ, сүржин үзэл санаа чалчих дуртай хүмүүсийн ихэнх нь ямар төрлийн хүмүүс байдаг вэ? Тэд үнэнийг эрэлхийлдэг төрлийн хүмүүс мөн үү? Тэд Бурханы төлөө өөрсдийгөө чин сэтгэлээсээ зарлагадаж байна уу? Мэдээж үгүй. Тэгвэл тэд чуулганы амьдралд ийм үймээн учруулахдаа ямар зорилго, санаархал тээдэг вэ? Үүнд ялган таних чадвар шаардагддаг. Хэрвээ хүн бүр ийм хүмүүсийн талаар аль хэдийн хангалттай ойлголттой болж, тэд бол оюуны чадамж, хэв чанар, эрүүл ухаангүй—зүгээр л мунхгууд гэдгийг мэддэг болсон бол “гоц гойд санаагаа” илэрхийлэх үед нь тэдэнтэй харьцах хамгийн тохиромжтой арга зам бол тэднийг зогсоож, хязгаарлаж, дуугүй байлгах явдал юм. Хэрвээ тэд үг хэлж, чуулганы амьдралыг үймүүлэхээр зүтгэвэл цаашид асуудал гарахаас сэргийлэхийн тулд тэднийг чуулганаас цэвэрлэх ёстой. Зарим хүн: “Энэ нь тэдний аврагдах боломжийг үгүй хийж байгаа хэрэг биш үү?” гэдэг. Ингэж хэлэх нь буруу. Бурхан ийм хүмүүсийг аварч чадах уу? Ийм зан чанартай хүмүүс үнэнийг хүлээн авч чадах уу? Тэд үнэнийг огтхон ч хүлээн авахгүйгээр авралд хүрч чадах уу? Иймэрхүү зүйлийг ч нэвт харж чадахгүй байх нь туйлын мунхаг, мэдлэггүй хэрэг биш гэж үү? Ямартай ч чуулганы амьдралд байнга үймээн учруулдаг хүмүүс бол ёрын муу хүмүүс бөгөөд Бурхан тэднийг авардаггүй. Бурханы авардаггүй хүнийг чуулганд байлгах нь Бурханы сонгосон хүмүүсийг зориуд хорлож байгаа хэрэг биш үү? Ийм ёрын муу хүмүүсийг өрөвддөг хүн үнэхээр хайр энэрэлтэй юу? Би тэгж бодохгүй байна; тэдний хайр бол хуурамч хайр. Үнэндээ тэд Бурханы сонгосон хүмүүсийг хорлох санаатай байдаг. Тиймээс Бурханы сонгосон хүмүүс ёрын муу хүмүүсийг өмгөөлдөг хэнээс ч сэрэмжилж, тэдний диаволын ярианд төөрөлдөхгүй байх ёстой. Сүржин үзэл санаа чалчих дуртай зарим хүн хэдийгээр ёрын муу хүмүүс шиг санагддаггүй, илт ёрын муу үйл хийдэггүй ч үргэлж сүржин үзэл санаагаа чалчсанаар чуулганы амьдралд үймээн учруулж чадна; хамгийн наад зах нь энэ хүмүүс мунгинасан байдаг. Та нар юу гэж бодож байна, мунгинасан хүмүүс аврагдаж чадах уу? Мэдээж үгүй. Хэрвээ мунгинасан хүмүүс чуулганы амьдралыг байнга үймүүлдэг бол тэднийг ч бас чуулганаас цэвэрлэх ёстой. Мунгинасан хүмүүс үнэнийг хүлээн авдаггүй, ердөө гэмшдэггүй бөгөөд төгсгөл нь ёрын муу хүмүүсийнхтэй адилхан. Ёрын муу ч бай, мунгинасан ч бай, хэрвээ тэд чуулганы амьдралд байнга саад болж, үймүүлдэг, зөвлөгөө сонсдоггүй, тоормос нь эвдэрсэн машин шиг хяналтгүй ярьдаг бол энэ нь хэвийн бус эрүүл ухааны шинж тэмдэг биш гэж үү? Ийм мунгинасан хүмүүс урт хугацааны турш ийм маягаар чуулганыг үймүүлсээр байвал ямар үр дагавар гарах вэ? Үүнээс гадна, тэд үнэхээр гэмшиж чадах уу? Бурхан хэвийн бус эрүүл ухаантай ийм мунгинасан хүмүүсийг авардаг уу? Эдгээр асуултыг бүрэн дүүрэн нэвт шувт ойлговол ийм хүмүүстэй хэрхэн зүй зохистой харьцах нь тодорхой болно. Мунгинасан хүмүүс мэдээж үнэнийг хайрладаггүй бөгөөд үнэн тэдний хувьд хүршгүй байдаг. Мунгинасан хүмүүс хүний хэл ойлгодоггүй; мунгинасан хүмүүс хэвийн хүн чанаргүй, хагас галзуу—үнэндээ тэд зүгээр л хэрэггүй гэж хэлж болно. Мунгинасан хүмүүс сайн үйлчлэл үзүүлж чадах уу? Тэдний эрүүл ухаан нь эрүүл саруул биш учраас стандартад нийцсэн байдлаар үйлчлэл үзүүлж ч чадахгүй гэдгийг баттай хэлж болно; тэд юмны учир ойлгодоггүй хүмүүс юм. Хэрвээ хэн нэгэн хүн мунгинасан хүмүүст хайраа харуулахыг хүсвэл тэр хүнээр мунгинасан хүмүүсийг дэмжүүл. Мунгинасан хүмүүст хандах Бурханы гэрийн хандлага бол тэднийг зайлуулах явдал юм. Үнэнийг огт хүлээн авдаггүй хэн боловч, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэдэггүй, үргэлж хааш яаш байдлаар гүйцэтгэдэг хэн боловч чуулганы амьдралд байнга үймээн учруулдаг бол тэднийг хязгаарлах ёстой. Хэрвээ тэдний зарим нь харамсаж, гэмшихийг хүсэж байгаа бол тэдэнд боломж олгох ёстой. Мөн чанарыг нь нэвт харж чадахгүй байгаа хүмүүсийг түр хугацаанд чуулганд байлгаж, Бурханы сонгосон хүмүүсээр тэднийг хянуулж, ажиглуулж, ялган таних чадварыг нь нэмэгдүүлэх ёстой. Хэрвээ байнга саад болж, үймүүлдэг, засалт туулсан ч ердөө гэмшихгүй хэвээр үлдэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө өрсөлдсөөр байдаг, эерэг хүмүүсийг буюу ялангуяа үнэнийг эрэлхийлж, туршлагын гэрчлэл хуваалцаж чаддаг хүмүүс болон Бурханы төлөө өөрсдийгөө чин сэтгэлээсээ зарлагадаж, үүргээ гүйцэтгэдэг хүмүүсийг дайрч, гадуурхдаг хүмүүс байвал ийм хүмүүс ёрын муу хүмүүс, антихристүүд, үл итгэгчид юм. Ийм хүмүүсийн хувьд зөвхөн зогсоож, хязгаарлах нь хангалтгүй; ирээдүйд асуудал гарахаас сэргийлэхийн тулд тэднийг чуулганаас даруй цэвэрлэх ёстой. Ийм маягаар хэрэгжүүлэх нь Бурханы санаа зорилгод бүрэн нийцдэг.
Байр суурийн төлөө өрсөлдөх янз бүрийн илрэл нь хөнгөнөөс эхлээд ноцтой хүртэл ерөнхийдөө эдгээр юм. Хөнгөн илрэлүүд нь голчлон удирдагч, ажилчдыг сүйтгэж, нэр хүндийг нь гутаах зорилгоор хатуу ширүүн үгээр шоолж, өө хайж, идэвх санаачилгатай байдал руу нь дайрч давшлахыг хэлдэг. Хамгийн ноцтой илрэлүүд нь удирдагч, ажилчдыг ил тод шууд эсэргүүцэж, тэдний эсрэг ашиглах зүйл олж, тэднийг шүүж, яллаж, дайрч давшилж, гадуурхаж, улмаар тусгаарлаж, байр суурийг нь булаан авахын тулд алдаагаа хүлээн зөвшөөрч, огцрохыг тэдэнд тулгадаг. Эдгээр нь чуулганы амьдралд тохиолддог саад болж, үймүүлэх хамгийн ноцтой асуудал юм. Удирдагч, ажилчдын эсрэг ил тод шуугиан тарьж, тэдэнтэй байр суурийн төлөө өрсөлддөг хүмүүс бол чуулганы ажлыг үймүүлж, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс, мөн ёрын муу хүмүүс, антихристүүд бөгөөд тэднийг зөвхөн зогсоож, хязгаарлаад зогсохгүй—хэрвээ нөхцөл байдал ноцтой, тэднийг цэвэрлэх, хөөх шаардлагатай бол тэдэнтэй зарчмын дагуу харьцах ёстой. Байр суурийн төлөө өрсөлдөх өөр нэг илрэл бас бий: чуулганд үнэнийг илүү их эрэлхийлдэг хүмүүсийг гадуурхаж, дайрч давшлах. Учир нь үнэнийг эрэлхийлдэг хүмүүс цэвэр ухааралтай, Бурханы үгийн талаар туршлага, жинхэнэ мэдлэгтэй байдаг бөгөөд ах эгч нарын дундах асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг байнга нөхөрлөж, тийнхүү Бурханы сонгосон хүмүүсийг босгон байгуулж, чуулганд аажмаар нэр хүнд олж авдаг тул энэ ёрын муу хүмүүс, антихристүүд тэдэнд атаархаж, тэднийг сөрж, гадуурхаж, дайрч давшилдаг. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг дайрч, гадуурхах аливаа үйлдэл нь чуулганы амьдралд шууд саад болж, үймүүлдэг. Зарим хүн чуулганы удирдагчдыг шууд онилдоггүй байж болох ч чуулган дахь үнэнийг ойлгодог, бодит туршлагатай хүмүүст онцгой дургүйцэж, басамжилдаг. Тэд бас ийм хүмүүсийг гадуурхаж, дарлаж, байнга шоолж, элэглэж, тэр ч бүү хэл тэдэнд урхи тавьж, тэдний эсрэг хуйвалддаг гэх мэт. Хэдийгээр иймэрхүү асуудал нь уг чанар, нөхцөл байдлын хувьд чуулганы удирдагчидтай байр суурийн төлөө өрсөлдөхөөс илүү ноцтой биш ч чуулганы амьдралд саад болж, үймүүлдэг бөгөөд зогсоож, хязгаарлах ёстой. Хэрвээ чуулганы ах эгч нарын дийлэнх нь үүний нөлөөнд автаж, ихэвчлэн сөрөг, сул дорой байдалд автдаг бол—хэрвээ асуудал иймэрхүү үр дагаварт хүргэдэг бол энэ нь саад, үймээнд тооцогдоно. Саад, үймээн учруулдаг ийм ёрын муу хүнийг зүгээр нэг хязгаарлаад зогсохгүй, тусгаарлаж, эргэцүүлэл хийлгэхийн тулд Б бүлэг рүү явуулж, аль эсвэл цэвэрлэх ёстой. Саад, үймээн учруулах шинжтэй үйлдэл хийдэг хүмүүс бол сурсан зангаараа ёрын мууг үйлддэг хүмүүс юм. Байнга ёрын мууг үйлддэг ёрын муу хүмүүс болон хааяа ёрын мууг үйлддэг хүмүүст ялгаж салгаж хандах ёстой. Элдэв янзын ёрын мууг үйлддэг хүмүүс бол антихристүүд; хааяа ёрын мууг үйлддэг хүмүүс хүн чанар муутай байдаг. Хэрвээ хоёр хүн зан төлөв таардаггүй, юм хийхдээ үзэл бодол зөрдөг, эсвэл ярианы хэв маяг өөр байдгаас болж хааяа маргалдаж, мэтгэлцдэг ч чуулганы амьдралд нөлөөлдөггүй бол энэ нь саад, үймээн учруулах шинж чанаргүй; энэ нь ёрын муу хүмүүс чуулганы амьдралд саад болж, үймүүлдгээс өөр. Бидний яриад байгаа, чуулганы амьдралд саад, үймээн учруулах шинж чанартай бүх зүйл бол ёрын муу хүмүүс мууг үйлдэхийн илрэл юм. Ёрын муу хүмүүсийн мууг үйлдэх нь зуршил болсон байдаг. Ёрын муу хүмүүсийн хамгийн их үзэн яддаг зүйл бол үнэнийг эрэлхийлдэг хүмүүс юм. Үнэнийг эрэлхийлдэг хүн туршлагын гэрчлэлээ хуваалцаж, улмаар бусдаар ихэд хүндлүүлж бишрүүлж байгааг харах үедээ тэд атаархаж, үзэн ядаж, нүдэнд нь уур хилэн асдаг. Өөрийгөө эргэцүүлж, мэддэг, бодит туршлагаа хуваалцдаг, Бурханыг гэрчилдэг хэн боловч энэ ёрын муу хүмүүсийн доог тохуу, доромжлол, дарлал, гадуурхалт, шүүлт, тэр ч бүү хэл хавчлагатай тулгардаг. Тэд сурсан зангаараа ийм маягаар авирладаг. Тэд хэнийг ч өөрсдөөс нь илүү байхыг зөвшөөрдөггүй, өөрсдөөс нь илүү хүмүүсийг харж тэвчдэггүй. Өөрсдөөс нь илүү хүнийг харах үедээ атаархаж, уурлаж, хилэгнэж, тэднийг хорлож, зовоох талаар боддог. Ийм хүмүүс чуулганы амьдрал болон чуулганы дэг журамд аль хэдийн ноцтой саад, үймээн учруулсан бөгөөд удирдагч, ажилчид ах эгч нартай гар нийлэн ийм хүмүүсийг илчилж, зогсоож, хязгаарлах ёстой. Хэрвээ тэднийг хязгаарлах боломжгүй бөгөөд тэдэнд үнэнийг нөхөрлөсний дараа гэмшиж, замналаа өөрчилдөггүй бол тэд ёрын муу хүмүүс бөгөөд ёрын муу хүмүүсийг чуулганыг цэвэрлэх Бурханы гэрийн зарчмын дагуу хэмжиж, хандах ёстой. Хэрвээ нөхөрлөлөөр дамжуулан удирдагч, ажилчид зөвшилцөлд хүрч, энэ нь чуулганыг үймүүлж буй ёрын муу хүн гэж тогтоовол уг асуудлыг үнэн-зарчмын дагуу зохицуулах ёстой: Тухайн хүнийг чуулганаас цэвэрлэх ёстой. Чуулганы амьдралыг үймүүлдэг ийм ёрын муу хүмүүсийг цаашид хүлцэж болохгүй. Хэрвээ энэ нь үймээн тарьж буй ёрын муу хүн гэдэг нь удирдагч, ажилчдад тодорхой байхад тэд мэдэн будилж, ёрын муу хүн мууг үйлдэж, үймээн тарихыг хүлцэн тэвчсээр байвал ах эгч нарын өмнө хүлээсэн хариуцлагаа умартаж, Бурханд болон Бурханы даалгаварт үнэнч бус байгаа хэрэг юм.
Зарим хүнийг гаднаас нь ажиглахад зүгээр харагдаж болох ч үнэндээ оюуны чадамж нь тэнэг мулгуу хүнийхтэй адилхан байдаг. Тэд юу зохистой болохыг ойлголгүйгээр ярьж, үйлддэг, хэвийн хүн чанарын ухаалаг байдалгүй байдаг. Тийм хүмүүс бас байр суурь, нэр хүндийн төлөө тэмцэлдэж, эцсийн шийдвэрийг гаргахаар тэмцэж, бусдад өндрөөр үнэлэгдэхийн тулд өрсөлдөх дуртай. Чуулганы амьдралд тэд олонхын анхаарлыг татаж, өөрсдийгөө өндрөөр үнэлүүлэхийн тулд гаднаа зөв мэт боловч үнэндээ эндүү ташаа үзэл бодол, тайлбарыг байнга дэвшүүлж, хүмүүсийн бодол санааг үймүүлж, Бурханы үгийн талаарх зөв ойлголт, мэдлэгийг нь үймүүлж, бүх зүйлийн талаарх эерэг ойлголтыг нь үймүүлдэг. Бусад хүн Бурханы үг болон өөрсдийн цэвэр ойлголтын талаар нөхөрлөж байх үед энэ хүмүүс өөрсдийнхөө оршин байгааг илтгэж, бүх хүний анхаарлыг татахаар алиа салбадай шиг үсрэн гарч ирдэг бөгөөд юу хийхээ мэддэг, боловсролтой, өндөр мэдлэгтэй, эрдэм номтой гэдгээ ах эгч нарт харуулахыг үргэлж хүсдэг. Хэдийгээр тэд аль удирдагчийг онилох, эсвэл аль удирдагчийн байр суурийн төлөө өрсөлдөх талаар тодорхой зорилгогүй байдаг ч хүсэл, амбиц нь маш их болохоор үг, үйлдэл нь чуулганы амьдралд үймээн учруулсан тул нөхцөл байдлын ноцтой байдал, шинж чанараас хамааран тэднийг ч бас хязгаарлах ёстой. Юун түрүүнд тэдэнтэй үнэнийг нөхөрлөж, зөв залж чиглүүлж, биеэ зөв авч явах чиглэл өгөөд, өөрсдийгөө эргүүлэх, чуулганы амьдралаар хэрхэн хэвийн амьдарч, бусадтай хэрхэн харилцаж, хэрхэн зөв байр сууриа хадгалж, хэрхэн ухаалаг байхыг ойлгох боломж олговол хамгийн сайн. Хэрэв энэ нь нас залуу, ойлголт нимгэн, залуу насны бардамналаас нь үүдэлтэй бол, мөн хэрэв тэд удаа дараагийн нөхөрлөлийн дараа гэмшиж, өмнөх үйлдэл нь буруу, ичгүүртэй, хүн бүрийн жигшлийг төрүүлж, хүн бүрд төвөг учруулсан гэдгийг ухаарч, үүнийхээ төлөө уучлалт гуйж, харамслаа илэрхийлсэн бол тэднийг буруутгах шаардлагагүй—зүгээр л хайраар туслахад болно. Харин хүн бүрийг үймүүлсэн буруу үйлдэл нь залуу насны бардамнал, эсвэл үнэнийг ойлгоогүйгээс биш, харин далд сэдлээс үүдэлтэй бол, мөн удаа дараа ятгаж хориглосон ч зан авир нь хэвээр байвал; цаашлаад, тэд засалт туулж, ах эгч нар энэ асуудлын ноцтой байдлын талаар тэдэнтэй нөхөрлөж—сөрөг болон эерэг талаас нь нөхөрлөж, тусламж үзүүлсэн хэр нь тэд өөрсдийн уг чанар-мөн чанарыг танин мэдэж чадахгүй, эдгээр үйлдлийнхээ бусдад учруулдаг үймээн самуун, ноцтой үр дагаврыг харж чадахгүй, боломж гарах болгонд яг ижил үйлдлээ хийж, үймээн самуун, саад тотгор учруулсаар байвал энэ тохиолдолд илүү хатуу арга хэмжээ авах нь зүйтэй. Хэрэв гэмших хангалттай боломж олгосон ч тэд өөрсдийгөө огт эргэцүүлдэггүй, мэдэхийг хичээдэггүй, үнэнийг яаж ч нөхөрлөсөн ойлгодоггүй, ухаалгаар, зарчмын дагуу хэрхэн үйлдэхээ мэддэггүй, харин оронд нь аливааг хийх арга замтайгаа гөжүүдлэн зууралддаг бол энэ хүмүүст асуудал байна. Наад зах нь, эрүүл ухааны үүднээс харахад тэдэнд хэвийн хүний эрүүл ухаан байдаггүй. Энэ бол өнгөцхөн харж байгаа хэрэг. Хэрэв мөн чанарын үүднээс харвал, тэдэнтэй яаж ч нөхөрлөсөн, асуудлын ноцтой байдлыг танин мэдэж чадахгүй, зохих байр сууриа олж чадахгүй, нөхөрлөл, тусламжийг хүлээн авч чадахгүй, эсвэл ах эгч нарын нөхөрлөсөн замын дагуу хэрэгжүүлэхээр оролдож чадахгүй—эдгээр зүйлийг ч хийж чадахгүй бол зөвхөн эрүүл ухаангүй төдийгүй хүн чанарт нь асуудал байна. Хэдийгээр тэд санаандгүй саад болж, үймүүлж байгаа мэт харагддаг ч эдгээр үйлдэл нь лавтайяа санаандгүй бус, харин ч зорилго, сэдэлтэйгээр хийгддэг. Энэ хүмүүсийн сэдэл, зорилго юу байж болохыг хойш тавиад үзвэл, хэрэв тэдний хэлж, хийж байгаа зүйл ах эгч нарын амь-оролт болон чуулганы амьдралд ноцтойгоор саад болж, үймүүлж, олон хүнийг чуулганы амьдралаас юу ч олж авч чадахгүйд хүргэж, тэр ч бүү хэл тэднийг байгаа болохоор бусад хүн цугларах хүсэлгүй болдог, эсвэл тэднийг ярих болгонд хүмүүс залхаж, явахыг хүсдэг бол энэ асуудлын шинж чанар ноцтой болно. Ийм хүмүүстэй хэрхэн харьцах ёстой вэ? Хэрэв тэдэнд олон удаа нөхөрлөж, тусалсан бөгөөд гэмших боломж олгосон ч эдгээр зүйлийг үргэлжлүүлэн хийсээр байвал уг чанар-мөн чанар нь асуудалтай гэсэн үг. Тэд бол Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг, үнэнийг хүлээн авч чаддаг хүмүүс биш, харин өөр ямар нэгэн далд санаатай хүмүүс юм. Тэдний уг чанар-мөн чанарыг харвал, чуулганы амьдралд учруулдаг саад тотгор, үймээн нь лавтайяа санаандгүй байдаггүй, харин ч энэ хүмүүс зорилго, сэдэлтэй байдаг. Хэрэв ийм хүмүүст дахин боломж олговол чуулганы амьдралаар хэвийн амьдарч буй Бурханы сонгосон хүмүүсийн хувьд шударга хэрэг мөн үү? (Үгүй.) Ийм хүмүүсийн асуудал аль хэдийн энэ хэмжээнд илчлэгдсэн; хэрэв тэдний гэмшихийг хүлээж, боломж олгосоор байвал эцэстээ тэд бүр ч их ёрын мууг үйлдэж, илүү олон хүнийг сөрөг, сул дорой байдалд оруулж, ямар ч гарцгүй болгоход хүргэнэ, тэгвэл энэ хохирлыг хэн нөхөн төлөх вэ? Тиймээс, хэрэв энэ хүмүүст нөхөрлөж, хайраар тусалж, эсвэл тэднийг зогсоож, хязгаарлах арга хэмжээ авсан ч тэд хуучин замаа өөрчлөхгүй, анхны зан авир нь янзаараа байвал тэдэнтэй зарчмын дагуу харьцах ёстой: Хөнгөн тохиолдолд тэднийг тусгаарлах ёстой; ноцтой тохиолдолд тэднийг чуулганаас цэвэрлэх ёстой. Энэ зарчим ямар сонсогдож байна вэ? Энэ нь хэн нэгэнд гэмших боломж олголгүйгээр өршөөлгүйгээр цохиж буй хэрэг үү? Эсвэл огт ялгаж салгахгүйгээр, уг чанар-мөн чанар нь үнэндээ юу болохыг тодорхой ойлголгүйгээр дур мэдэн шийдвэр гаргаж буй хэрэг үү? (Үгүй.) Хэрэв нөхөрлөж, тусалж, гэмших боломж олгосон хэр нь энэ хүмүүсийн арга зам, зан чанар огт өөрчлөгдөөгүй, гэмшээгүй, урьдын хэвээр үлдсэн бол—цорын ганц ялгаа нь өмнө нь ил тод, нүдэнд харагдахуйц хийдэг байсан зүйлээ одоо нууцаар, сэмхэн хийдэг болсон ч үймүүлж, саад болдог нь хэвээрээ байвал чуулган тэднийг цаашид байлгаж болохгүй. Ийм хүмүүс Бурханы гэрийн гишүүд биш; Бурханы хоньд биш. Тэд Бурханы гэрт байгаа нь гагцхүү үймүүлж, саад болохын төлөө бөгөөд тэд бол ах эгч нар биш, Сатаны зарц нар юм. Чи тэдэнд үргэлж ах эгч мэт хандаж, байнга дэмжиж, тусалж, тэдэнтэй үнэнийг нөхөрлөж, эцэст нь ямар ч үр дүнд хүрэлгүйгээр ихээхэн хүчин чармайлтаа үрэн таран хийвэл энэ нь тэнэг хэрэг биш үү? Энэ нь тэнэгээс ч дор; энэ бол мунхаг, туйлын мунхаг хэрэг!
Асуудлын шинж чанараас харвал, байр суурийн төлөө өрсөлдөхтэй холбоотой янз бүрийн илрэл, төрөл бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг үндсэндээ энэ гурван төрөлд ангилж болно. Байр суурийн төлөө өрсөлдөх нь чуулганы амьдралд түгээмэл тохиолддог асуудал бөгөөд өөр өөр бүлэг хүмүүсийн дунд, чуулганы амьдралын янз бүрийн талуудад гарч ирдэг. Байр суурийн төлөө өрсөлддөг хүмүүсийн хувьд, хөнгөн тохиолдолд тэдэнд дэмжлэг, тусламж үзүүлэхийн тулд үнэнийг ихээхэн нөхөрлөж, улмаар үнэнийг ойлгуулж, гэмших боломж олгох ёстой. Ноцтой тохиолдолд тэднийг сайтар хянаж, тодорхой сэдэл, зорилгод хүрэхийн тулд ярьж, үйлдэж байгааг нь олж мэдсэн даруйдаа зогсоож, хязгаарлах ёстой. Бүр ч ноцтой тохиолдолд, хүмүүсийг цэвэрлэх, хөөх чуулганы зарчмын дагуу тэдэнтэй харьцаж, шийдвэрлэх ёстой. Энэ бол байр суурийн төлөө өрсөлдөхтэй холбоотойгоор эдгээр хүмүүс, үйл явдал, зүйлс чуулганы амьдралд гарч ирэх үед удирдагч, ажилчдын биелүүлэх ёстой үүрэг хариуцлага юм. Мэдээж бүх ах эгч нар энэ ажил дээр удирдагч, ажилчидтай хамтран ажиллаж, саад болж, үймүүлдэг ёрын муу хүмүүсийн янз бүрийн зан авир, үйлдлийг хамтран хязгаарлаж, чуулганы амьдралд ёрын муу хүмүүсийн үймээн, саад тотгор цаашид гарахгүй гэдгийг баталгаажуулж, чуулганы амьдралын тохиолдол бүрийг Ариун Сүнсний гэгээрэлтэй, амар тайван, баяр баясгалан, Бурханы оршихуйгаар дүүрэн, Бурханы ерөөл, удирдамжтай байлгахаар чармайж, цуглаан бүр тааламжтай, үр өгөөжтэй байхыг баталгаажуулах шаардлагатай. Энэ бол Бурханы харахыг хүсдэг, хамгийн сайн чуулганы амьдрал юм. Энэ нь хүмүүс хоорондын харилцаа, хүмүүсийн нэр нүүр, ашиг сонирхол, мөн хүмүүсийн үнэнийг ойлгох түвшинтэй холбоотой байдаг тул энэ ажлыг хийх нь удирдагч, ажилчдын хувьд харьцангуй төвөгтэй байдаг бөгөөд тодорхой хэмжээнд чадвар сорьдог. Гэсэн хэдий ч асуудал гарах үед бүү зайлсхий, том асуудлыг жижигрүүлж, эцэст нь шийдэлгүй орхиж болохгүй; хараагүй царайлж, ертөнцийн гүн ухаан ашиглан харьцаж ч болохгүй. Үүнээс ч илүүтэйгээр, бялдууч бүү бай, харин оронд нь байр суурийн төлөө өрсөлддөг янз бүрийн хүмүүст үнэн-зарчмын дагуу ханд. Энэ нөхөрлөл тодорхой байна уу? (Тийм.) Тэгвэл тав дахь асуудлын талаарх нөхөрлөлөө ингээд дуусгая.
VI. Зохисгүй харилцаа үүсгэх
Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журамд саад болж, үймүүлдэг зургаа дахь асуудал бол зохисгүй харилцаа үүсгэх явдал юм. Хүмүүс уулзалдаж, хамтдаа цуглаж л байвал хамтын амьдрал байх бөгөөд үүнээс янз бүрийн харилцаа үүснэ. Тэгвэл эдгээр харилцааны аль нь зохистой, аль нь зохисгүй вэ? Эхлээд зохистой харилцааг юу бүрдүүлдэг талаар ярилцаад, дараа нь зохисгүй харилцааны талаар нөхөрлөе. Ах, эгч нар уулзаж, мэндлэхдээ “Сүүлийн үед сонин сайхан юу байна? Бие тэнхээ сайн уу? Хүүхэд чинь ирэх жил ахлах сургуульд орох уу? Эхнэр (нөхрийн) чинь ажил төрөл сайн уу?” гэх мэт зүйл хэлж магадгүй. Ийм харилцан мэндчилгээ нь зохистой харилцаанд тооцогдох уу? (Тийм.) Яагаад тэгж хэлж байна вэ? Яагаад гэвэл, удаан уулзаагүй хоёр хүн тааралдахдаа мэнд ус мэдэлцэх нь хамгийн наад захын ёс зүйгээс гадна санаа тавьж, мэндчилж буйн хамгийн үндсэн илрэл юм. Энэ бүгд нь хэвийн хүн чанарын хүрээнд хүмүүсийн хэлдэг үг, хийдэг үйлдэл, хөнддөг сэдэв юм. Одоог хүртэлх ярианаас нь дүгнэвэл тэдний харилцаа тун зохистой гэдэг нь илэрхий байна. Тэдний харилцан яриа нь ёс зүй болон хэвийн хүн чанар дээр үндэслэдэг бөгөөд энэ хоёр зүйлээс харахад ярилцаж буй хоёр хүний хоорондох харилцаа зохистой буюу хүн хоорондын хэвийн харилцаа мөн гэж тодорхойлж болно. Хоёр хүн бие биеэ маш сайн мэддэг ч уулзахдаа хоёулаа хөмсгөө зангидаж, бие биетэйгээ ярьдаггүй, бие биеэ харахдаа нүд нь дайсагналаар дүүрэн байвал энэ харилцаа хэвийн үү? (Үгүй, хэвийн биш.) Яагаад хэвийн биш вэ? Үүнийг яг яаж тодорхойлох ёстой вэ? Хоёр хүн уулзахдаа хэвийн яриа, харилцан яриа өрнүүлэх нь битгий хэл хэн хэн нь мэндлэхгүй, “сайн уу” гэж ч хэлэхгүй байвал тэд хэвийн хүн чанарт харагдах ёстой зүйлийг харуулахгүй байгаа нь илэрхий юм. Тэдний харилцаа нь хүмүүс хоорондын хэвийн харилцаа биш; бага зэрэг гажууд боловч зохисгүй харилцаа хараахан биш, тэрнээс арай хол байна. Ерөнхийдөө, хэрвээ хүмүүсийн хоорондын харилцаа хэвийн хүн чанар дээр үндэслэн тогтсон, хувь хүмүүс хэвийн байдлаар, зарчмын дагуу харилцаж, холбогдож, бие биедээ тусалж, дэмжиж, хангаж чаддаг бол энэ бүгд нь хүмүүс хоорондын зохистой харилцааг илтгэдэг. Энэ нь хэрэг явдлыг ажил хэрэгч байдлаар зохицуулж, наймаацахгүй, ашиг сонирхол нь орооцолдоогүй, тэр тусмаа үзэн ядалтгүй байх, үйлдэл нь махан биеийн хүсэл тачаалд хөтлөгдөөгүй байх гэсэн үг юм. Энэ бүхэн нь зохистой харилцааны хүрээнд багтдаг. Энэ хүрээ нэлээд өргөн биш гэж үү? Хүмүүс хоорондын хэвийн харилцаанд хэвийн хүн чанарын хүрээн дэх харилцан яриа, харилцаа холбоо, бусадтай харилцаж, холбогдох, хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаанд үндэслэн хамтран ажиллах явдал багтдаг. Илүү өндөр түвшинд бол, үнэн-зарчмын дагуу харилцаж, холбогдох явдал багтдаг. Энэ бол хүмүүс хоорондын зохистой харилцааны ерөнхий тодорхойлолт юм. Уулзахдаа бие биетэйгээ мэндлэх нь харилцааны хамгийн хэвийн хэлбэр билээ. Ихэрхэхгүйгээр хэвийн мэндэлж, ярилцаж чаддаг байх, сэтгэл талтай биш байхад сэтгэл талтай байна гэж төсөөлөхгүй байх, дээрэнгүй авирлахгүй байх, бусдыг дарамтлахгүйгээр, өөрийгөө өргөмжлөхгүйгээр ярих, хэвийн ярьж, харилцах—хэвийн хүн чанартай хүмүүс ингэж ярьж, харилцах ёстой бөгөөд энэ бол хүн хоорондын хэвийн харилцаан дахь харилцааны үндсэн арга зам юм. Бурханы сонгосон хүмүүс ядаж л мөс чанар, эрүүл ухаантай байж, хүмүүсээс Бурханы шаарддаг зарчим, стандартын дагуу бусадтай харилцаж, холбогдож, хамтран ажиллах ёстой. Энэ бол хамгийн зөв арга барил. Энэ нь Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна. Тэгвэл Бурханы шаарддаг үнэн-зарчим гэж юу вэ? Хүмүүс бусдыг сул дорой, сөрөг байх үед нь ойлгож, зовлон шаналал, бэрхшээлийг нь харгалзан үзэж, дараа нь энэ талаар асууж лавлаж, тусламж дэмжлэг санал болгож, асуудлаа шийдвэрлэхэд нь туслахын тулд Бурханы үгийг уншиж өгч, Бурханы санаа зорилгыг ойлгуулж, сул дорой байхыг нь болиулж, тэднийг Бурханы өмнө аваачих явдал юм. Ийм маягаар хэрэгжүүлэх нь зарчимд нийцэхгүй гэж үү? Ийм маягаар хэрэгжүүлэх нь үнэн-зарчимд нийцдэг. Мэдээж ийм төрлийн харилцаа нь үнэн-зарчимд бүр ч илүү нийцдэг. Хүмүүс санаатайгаар үймээн, саад учруулж, эсвэл санаатайгаар үүргээ хааш яаш гүйцэтгэж байх үед чи үүнийг хараад, тэдэнд эдгээр зүйлийг зааж хэлж, зэмлэж, зарчмын дагуу тусалж чадаж байвал энэ нь үнэн-зарчимд нийцнэ. Хэрвээ чи нүдээ аниад өнгөрөөх юм уу зан авирыг нь өөгшүүлж, хаацайлж, тэр ч бүү хэл тэднийг магтан сайшаах сайхан үг хэлж байвал хүмүүстэй харилцах, хэрэг явдлыг шийдвэрлэх, асуудлыг зохицуулах ийм арга зам нь үнэн-зарчимтай илт зөрчилддөг бөгөөд үндэс суурь нь Бурханы үгэнд байхгүй. Тиймээс хүмүүстэй харилцах, хэрэг явдлыг шийдвэрлэх эдгээр арга зам нь илт зохисгүй бөгөөд хэрвээ Бурханы үгийн дагуу задлан шинжилж, ялган танихгүй бол үүнийг олж мэдэх үнэхээр амаргүй. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс эдгээр асуудлыг таньж мэдэх магадлал багатай бөгөөд эдгээрийг асуудал гэж хүлээн зөвшөөрсөн ч шийдвэрлэх нь тэдний хувьд амаргүй байдаг. Завхарсан хүн төрөлхтөн бүгд Сатаны зан чанараар амьдардаг гэж бид олонтоо хэлсэн бөгөөд эдгээр илрэл нь үүний нотолгоо юм. Одоо, та нар үүнийг тодорхой харж байна уу?
Өнөөдрийн бидний нөхөрлөлийн гол анхаарах зүйл бол чуулганы амьдралд саад болж, үймүүлдэг зохисгүй харилцааны дөрвөн төрлийн илрэлийг ил болгох явдал юм. Чуулган дотор хэн зохисгүй харилцаа үүсгэдэг вэ? Зохисгүй харилцаа гэж яг юу вэ? Зохисгүй харилцаа үүсгэхэд ямар асуудал хамаатай вэ? Бидний нөхөрлөлийн гол сэдэв Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журамд саад болж, үймүүлдэг янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлстэй хамаатай учраас зохисгүй харилцааны талаарх энэ яриа нь чуулганы амьдралд саад болж, үймүүлдэг харилцаагаар хязгаарлагдана. Бид бүх төрлийн зохисгүй харилцааг хавтгайд нь хамруулаагүй бөгөөд чуулганы амьдралын гаднах асуудал бидний анхаарах зүйл биш. Та нар энэ асуудлыг гажуудуулалгүйгээр, цэврээр ухамсарлах ёстой. Тэгэхээр зохисгүй харилцаа үүсгэх тухайд, ямар асуудал, хүмүүс хоорондын ямар харилцаа зохисгүй байдаг вэ? Ямар зохисгүй харилцаа чуулганы амьдрал болон олонх хүнд саад болж, үймүүлдэг вэ? Эдгээр асуудлын талаар нөхөрлөх хэрэгтэй юу? (Тийм.) Эдгээр нь бидний нөхөрлөлдөө тодорхой авч хэлэлцэх ёстой асуудал юм.
A. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох зохисгүй харилцаа
Чуулганы амьдрал дахь зохисгүй харилцааны хамгийн түгээмэл, ойлгоход хялбар, тодорхойлоход амархан төрөл нь аль вэ? (Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох харилцаа.) Хүмүүс зохисгүй харилцааны талаар бодох үед хамгийн түрүүнд санаанд нь ордог тал бол энэ юм. Зарим хүн олуулаа байх үедээ эсрэг хүйстэнтэйгээ үргэлж сээтгэнэдэг; тэд өдсөн дохио зангаа, нүүрний хувирал гаргаж, онцгой уран яруу ярьж, гайхуулах дуртай байдаг. Зохимжгүй үгээр хэлбэл, энэ нь дур булаам байдлаа гайхуулж байгаа хэрэг юм. Тэд эсрэг хүйстнийхээ өмнө цэцэн цэлмэг, хошин шогч, романтик, боловсон, баатарлаг, бусдыг татах увидастай, эрдэм мэдлэгтэй гэх мэтийн зан чанартай харагдах дуртай бөгөөд ялангуяа өөрсдийгөө гайхуулах дуртай байдаг. Тэд яагаад гайхуулдаг вэ? Энэ нь байр суурийн төлөө өрсөлдөхийн тулд биш, харин эсрэг хүйстнээ татахын тулд юм. Эсрэг хүйстэн нь тэднийг анхаарч, бишрэнгүй, хүндэтгэж, биширч хайрласан харцаар харах тусам тэд улам хөөрч, эрч хүчтэй болдог. Тэд чуулганы амьдралд оролцох цаг нь ихсэж, илүү олон хүнтэй харилцахын хэрээр цөөн хэдэн хүнийг онилж, зарим эсрэг хүйстэнтэйгээ сээтэгнэж, харц шидэлцэн, ихэвчлэн өдсөн байдлаар, тэр ч бүү хэл бэлгийн дарамт үзүүлэх шинжтэй ярьдаг. Хүмүүс хоорондын ийм харилцаа зохистой юу? (Үгүй.) Энэ нь зохисгүй харилцаа үүсгэж буй хэрэг юм. Ийм хүмүүс бүр цуглааны цагийг ашиглан өөрсдийгөө гайхуулж, таалагддаг юм уу сонирхдог хүнийхээ өмнө онцгой цэцэн цэлмэг, дур булаам харагдахаар ярьж, өдсөн дохио зангаа хийж, харц шидэлж, ялгуусан, хөөрсөн царай гаргаж, тэр ч бүү хэл дэрвэлзэж гүйдэг нь ямар зорилготой вэ? Энэ нь эсрэг хүйстнээ зохисгүй харилцаанд уруу татахын тулд юм. Олон ах, эгч үүнд зэвүүцэж, эргэн тойрныхон нь олон удаа сануулдаг ч тэд зогсохгүй, болчимгүйгээр уруу татсаар байдаг. Хэрвээ ийм зохисгүй харилцаа нь чуулганы амьдралаас гадуур хоёр хүн хоорондоо сээтэгнэх төдий байгаад чуулганы амьдралд, чуулганы ажилд нөлөөлөхгүй бол энэ асуудлыг түр хойш тавьж болно. Харин зохисгүй харилцаа үүсгэдэг хүмүүс чуулганы амьдрал дотор ийм зан авирыг зуршил болгож, бусдыг үймүүлж байвал тэдэнд сануулга өгч, хязгаарлах хэрэгтэй. Хэрвээ тэд удаа дараагийн сануулгыг үл хайхран засрахгүй, чуулганы амьдралыг аль хэдийн ноцтой үймүүлсэн бол Бурханы сонгосон хүмүүсийн санал хураалтаар чуулганаас тэднийг цэвэрлэх ёстой. Ийм арга барил тохиромжтой юу? (Тийм.) Хэрвээ энэ нь залуу хүмүүсийн хэвийн үерхэл бол бусдад нөлөөлөхгүйн тулд цуглааны үеэр болгоомжтой байх хэрэгтэй. Чуулган бол Бурханд шүтэн мөргөж, Бурханы үгийг залбиран-уншиж, чуулганы амьдралаар амьдардаг газар; хувийн хайр сэтгэлийн асуудлыг чуулганы амьдралд оруулж, бусдыг үймүүлэх ёсгүй. Хэрвээ энэ нь бусдыг үймүүлж, цуглааны үеэрх бусдын сэтгэл санаанд нөлөөлж, Бурханы үгийг унших, Бурханы үгийг ойлгож мэдэхэд нь нөлөөлж, илүү олон хүний анхаарлыг сарниулж, тэднийг үймүүлж байвал ийм харилцааг зохисгүй харилцаа гэж тодорхойлно. Зүй ёсны үерхэл байсан ч гэсэн бусдыг үймүүлж байвал зохисгүй харилцаа гэж тодорхойлогдоно, үерхлээс гадуур эсрэг хүйстнээ уруу татах тухайд бол ярих ч юм биш. Тиймээс, хэрвээ хэн нэгэн чуулганы амьдрал дотор зохисгүй харилцаа үүсгэвэл тэднийг дуугүй зөвшөөрч, өөгшүүлэх ёсгүй, харин зарчмын дагуу сануулга өгч, хязгаарлаж, тэр ч бүү хэл цэвэрлэх хэрэгтэй. Энэ бол удирдагч, ажилчдын хийх ёстой ажил юм. Хэрвээ хэн нэгэн зохисгүй харилцаа үүсгэж, чуулганы ихэнх хүнийг үймүүлсэн нь олж тогтоогдоод, тэднийг байх үед бусдын анхаарал сарниж, тачаангуй бодолд эзэмдүүлж, тэр ч бүү хэл гэр бүл салахад хүрч, зарим шинэ итгэгч цуглаанд оролцох, Бурханы үгийг унших, бүр итгэх сонирхолгүй болж, харин ч бишрэн хайралдаг хүндээ улам сэтгэл алдарч, тэдэнтэй оргон зайлж, амьдралаа хамт өнгөрүүлэн, итгэлээ хаяхыг хүсэж байвал—нөхцөл байдал ийм ноцтой хэмжээнд хүрсэн байхад удирдагч, ажилчид үүнийг нухацтай авч үзэхгүй, үүнийг зүгээр л хүний шунал тачаал, жирийн хүмүүс бүгд л хийдэг зүйл, сүртэй юм биш гэж бодон, асуудлын ноцтой байдлыг таньж мэдэхгүй, асуудал хэр хол даамжирч болохыг бүр ч ухаарахгүй, харин ч үл тоож, ийм асуудалд онцгой хөшүүн, хойрго хандаж, эцэстээ чуулганы олонх хүнд сөрөг нөлөө үзүүлж байвал—уг чанартаа эдгээр хэрэг явдал нь ноцтой саад учруулж, үймүүлж байгаа хэрэг юм. Би яагаад үүнийг ноцтой саад учруулж, үймүүлж байгаа хэрэг гэж хэлж байна вэ? Яагаад гэвэл, эдгээр хэрэг явдал нь чуулганы амьдралын хэвийн дэг журмыг үймүүлж, сүйтгэдэг. Тиймээс чуулганд ийм хүмүүс гарч ирмэгц хэр цөөн, олон байх нь хамаагүй тэднийг хязгаарлах ёстой бөгөөд хэрэг бүрийг заавал шийдвэрлэж, хэрвээ нөхцөл байдал ноцтой байвал тэднийг тусгаарлах ёстой. Хэрвээ тусгаарлаад үр дүнд хүрэхгүй, тэд эсрэг хүйстнээ уруу татаж, чуулганы амьдралыг үймүүлж, чуулганы хэвийн дэг журмыг сүйтгэсээр байвал зарчмын дагуу чуулганаас цэвэрлэх хэрэгтэй. Ийм арга барил тохиромжтой юу? (Тийм.) Ийм асуудлын чуулганы амьдрал болон чуулганы ажилд үзүүлэх нөлөө туйлын хор хөнөөлтэй; тахалтай адил бөгөөд устгах ёстой.
Эсрэг хүйстнээ уруу татах хандлагатай хүн бүр хаа ч явсан тэгдэг бөгөөд ийм зан авирыг цөхрөлтгүй гаргадаг. Тэдний уруу татах, хоргоох бай нь ихэвчлэн залуу, царайлаг хүмүүс байдаг ч заримдаа дунд эргэм насны хүмүүс ч байдаг—өөрсдөд нь таалагдсан хэнийг ч бай, уруу татах боломжийг тэд идэвхтэй эрэлхийлдэг. Тэд бусдыг уруу татахаар санаархвал зарим хүн уруу таталтыг нь тэсвэрлэж чадалгүй урхинд нь ордог бөгөөд энэ нь зохисгүй харилцаанд амархан хүргэдэг. Хүмүүсийн биеийн хэмжээ хэтэрхий жижиг, Бурханд итгэх жинхэнэ итгэл болон үнэний ойлголт дутмаг учраас тэд эдгээр урхидалтыг яаж ялан дийлж, ийм уруу таталтыг яаж эсэргүүцэж чадах юм бэ? Хүмүүсийн биеийн хэмжээ хэтэрхий жижиг; ийм урхидалт, уруу таталттай тулгарахдаа тэд онцгой сул дорой, хүчин мөхөс байдаг. Тэдний хувьд автахгүй үлдэх хэцүү байдаг. Харсан хөөрхөн эмэгтэй болгоноо уруу татах гэж оролддог нэг эрэгтэй удирдагч байсан; заримдаа ганц хүнийг уруу татах нь хангалтгүй болж—тэр гурав, дөрвөн эмэгтэйг уруу татаж магадгүй, тэдний бүгдийнх нь сэтгэлийг өөртөө татаж, улмаар тэд хоол унднаас гарч, унтаж чадахгүй болж, тэр ч бүү хэл үүргээ гүйцэтгэх хүслээ алдахад хүргэдэг байв. Энэ эрийн “увидас” тийм байв. Хэрвээ тэр хүмүүсийг санаатайгаар уруу татах гэж оролдолгүй, зүгээр л хэвийн харилцсан бол нөлөө нь тийм өргөн хүрээтэй байхгүй байсан. Тэр санаатайгаар дүр эсгэж, бусдыг уруу татах үед л улам олон хүн урхинд нь орж, түүнд уруу татагдан, зохисгүй харилцаа үүсгэсэн хүмүүсийн тоо нэмэгдсэн. Хүмүүс эсэргүүцэх чадваргүй болж, ийм урхинд орсон. Энэ бол шунал тачаалын “увидас” байсан; түүний хийсэн зүйл хоёр талд хоёуланд нь урхидалт, уруу таталт, үймээн бий болгосон. Нэг эр хэд хэдэн эмэгтэйг зэрэг уруу татаад түүний зүрх сэтгэл уурлаж цухалдсан байсан уу, яасан бэ? Аль эмэгтэйд нь эхэлж анхаарал тавих вэ, алийг нь эхэлж сэтгэл хангалуун болгох вэ гээд тэр сэтгэл санааны хувьд туйлдахгүй гэж үү? (Тэгнэ.) Хэрвээ тийм их ядаргаатай байсан юм бол тэр яагаад ингэж авирласаар байсан юм бэ? Энэ бол хорон муу байдал; тэр ийм л амьтан байсан, энэ бол түүний уг чанар байсан. Хохирогчид нэгэнт уруу татагдаж, урхинд орсон бол урхинаас мултрах тэдэнд амар байх уу? Нэгэнт урхинд орсон бол мултрахад хэцүү байх болно. Идэх, унтах, алхах, үүргээ гүйцэтгэх гээд тэд юу ч хийсэн, бодол санаа нь тэр хүнээр дүүрч, зүрх сэтгэлийг нь тэр хүн эзэмддэг. Ингэж үймүүлэх туйлын ноцтой! Дараа нь тэр хүнд яаж таалагдах, яаж түүнд наалдах, яаж өөрийн болгох, яаж өмчлөх, бусад өрсөлдөгчтэй яаж өрсөлдөж, тэмцэлдэх тухай байнга боддог болно. Эдгээр нь үймүүлэгдсэний үр дагавар биш гэж үү? Ийм байдлаас мултрах амархан уу? (Амархан биш.) Үр дагавар нь ноцтой болдог. Энэ үед хүний зүрх сэтгэл Бурханы өмнө амгалан байж чадах уу? Бурханы үгийг унших үед үг нь тэдэнд шингэх үү? Тэдэнд гэрэл гэгээ байж чадах уу? Цуглааны үеэр тэд Бурханы үгийг эргэцүүлж, нөхөрлөх, бусдын хуваалцаж буй Бурханы үгийг сонсох хүсэлтэй байх уу? Тэгэхгүй; зүрх сэтгэл нь шунал тачаалаар, биширч хайрладаг хүнээр нь дүүрч, чухал асуудал гэж үгүй болж—Бурхан ч гэсэн зүрх сэтгэлээс нь алга болно. Дараа нь хайр сэтгэлийг яаж мэдрэх, яаж романтик байх гэх мэтийг эргэцүүлж, Бурханд итгэх хүсэл нь бүрмөсөн алга болдог. Эдгээр үр дагавар сайн уу? Энэ хүмүүсийн харахыг хүсдэг зүйл мөн үү? (Үгүй.) Уруу татагдаж, урхинд орох үр дагавраас хүмүүс сэргийлж чадах уу? Хүмүүс эдгээр үр дагаврыг хянаж чадах уу? Тэдний шийдэх асуудал байж чадах уу? Зүрх сэтгэлдээ хүсэх үедээ зогсоож чадах түвшинд тэд хүрч чадах уу? Хэн ч үүнд хүрч чадахгүй. Энэ бол ийм зохисгүй харилцаанаас болж хүмүүс үймэрсний үр дагавар юм. Зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй болж, Бурханы үгийг уншихыг хүсэхээ болих үед үр дагавар нь юу байдаг вэ? Аврагдах найдвар байсаар байх уу? Аврагдах найдвар огт байхгүй болдог. Бүх зүйл алдагддаг; урьд нь ойлгож байсан өчүүхэн хоосон сургаал, Бурханы төлөө өөрийгөө зарлагадах шийдвэр, зориг, Бурханы авралыг олж авах хүсэл бүгд хаягддаг—үр дагавар нь энэ юм. Хүмүүс Бурханаас холдож, зүрх сэтгэлдээ Түүнийг голдог бөгөөд тэд бас Бурханд гологддог. Энэ үр дагавар бол Бурханд итгэж, дагадаг хэний ч харахыг хүсдэг зүйл биш, мөн Бурханы ямар ч дагагчийн хүлээн зөвшөөрч чадах баримт биш юм. Гэвч хүмүүс нэгэнт ийм урхинд автаж, зохисгүй харилцааны эргүүлэгт орвол тэндээс гарахад хэцүү байдаг бөгөөд өөрсдийгөө хянаж бүр ч чаддаггүй. Тиймээс ийм зохисгүй харилцааг хязгаарлах ёстой. Ноцтой тохиолдолд, эсрэг хүйстнээ байнга үймүүлж, хоргоодог хүмүүсийг чуулганаас даруй, түргэн цэвэрлэх ёстой, ингэснээр тэд чуулганы амьдралыг үймүүлэхгүй, цаашлаад бүр олон хүн урхинд орохоос сэргийлнэ. Ийм арга барил үндэслэлтэй юу? (Тийм.)
Удирдагч, ажилчдын хариуцлагын арван хоёр дахь зүйлд, Бурханы сонгосон хүмүүсийг чуулганы хэвийн амьдралаар амьдарч баттай чаддаг болгож, ах эгч нарыг чуулганы амьдрал дахь аливаа саад, үймээнээс хамгаалахын тулд удирдагч, ажилчид даалгавар бүрд бүх хүчин чармайлтаа гаргах ёстой. Энэ нь чуулганы хэвийн амьдралаар амьдарч чадах бүх ах, эгчийг хамгаална гэсэн үг юм. Яг юуг хамгаалах ёстой вэ? Ах, эгч нар цуглааны үеэр Бурханы өмнө сэтгэлээ амгалан болгож ирж, амар тайвнаар Бурханы үгийг залбиран-уншиж, хуваалцаж чаддаг байхын тулд тэднийг хамгаалах ёстой; үүний зэрэгцээ ах, эгч нар нэг зүрх сэтгэл, нэг санаагаар Бурханд залбирч, Бурханы санаа зорилгыг эрж хайж, Бурханаас гэгээрэл, гэрэлтүүлэлт эрж хайж, Бурханы оршихуйг олж авч, Бурханы ерөөл, удирдамжийг хүртэж чаддаг байх ёстой. Энэ бол бүх ах, эгчийн хамгийн агуу, хамгийн чухал ашиг сонирхол бөгөөд хүн бүрд зайлшгүй чухал юм; энэ нь тэд аврагдаж чадах эсэх, сайн хүрэх газартай байж чадах эсэхтэй холбоотой. Тиймээс чуулган дотор зохисгүй харилцаа үүсгэдэг хүмүүсийг хатуу хязгаарлах, тусгаарлах, эсвэл цэвэрлэх шаардлагатай; ялангуяа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаа үүсгэдэг хүмүүст хатуу хяналт тавих ёстой. Хяналт тавих гэж юу гэсэн үг вэ? Хэрвээ энэ нь зүгээр нэг хөнгөн хэрэг бол тэднийг илчилж, засаж, даруй зогсоож, хязгаарлаж, бусдад нөлөөлөхөөс сэргийлэх хэрэгтэй. Хэрвээ ноцтой хэрэг бол шийдэмгий, эргэлзэхгүйгээр арга хэмжээ авах шаардлагатай; илүү олон хүнийг үймүүлэхээс нь сэргийлэхийн тулд тэднийг аль болох хурдан чуулганаас цэвэрлэх ёстой. Тэд үймүүлмээр байгаа бол гадаад ертөнцөд тэгэг, хүссэн хүнээ үймүүлэг; гагцхүү чуулганы амьдрал дахь үнэнийг эрэлхийлдэг бүх ах, эгчийг тэд үймүүлэхгүй байхад л болно. Энэ бол арван хоёр дахь хариуцлагын хувьд удирдагч, ажилчдын ажлын үндсэн зарчим, зорилго юм.
Б. Ижил хүйстний харилцаа
Зохисгүй харилцааны асуудлын тухайд, бидний дөнгөж сая голчлон нөхөрлөсөн зүйл бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд зохисгүй харилцаа үүсгэх явдал байлаа. Эсрэг хүйстнээ уруу татаж, сэтгэлийг нь татаж, гайхуулж, даажигнаж; идэвхтэйгээр ойртож, дотносохыг оролдож; цуглаан дээр санаатай болон санаандгүйгээр ойролцоо суухыг байнга хичээж; түүнчлэн зөвхөн нэг хүнийг уруу татаад зогсохгүй, эхний оролдлого бүтэлгүйтвэл өөр хүн рүү шилжиж, ингэснээр чуулган дахь эсрэг хүйсийн олон гишүүнийг хоргоож байгаа бол энэ асуудал ноцтой болсон хэрэг. Үүнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох зохисгүй харилцаа хамаардаг. Эсрэг хүйстэнтэй үүсгэх харилцаанаас гадна ижил хүйстэй хүмүүсийн дунд ч бас зарим нэг зохисгүй харилцаа байдаг. Ижил хүйсийн хоёр хүн онцгой нөхөрсөг харилцаатай, бие биеэ мэддэг болоод удаж байгаа, нэлээд ойр дотно бол хоорондоо байнга харилцах нь зохистой хэрэг. Гэхдээ энэ нь даамжирч махан биеийн тачаангуй харилцаа үүсгэхэд хүрвэл ийм харилцааг бас зохисгүй гэж ангилах ёстой. Хэрвээ ижил хүйсийн хоёр хүн хоорондоо бие махбодоороо байнга хүрэлцэж, бүр бие биеийгээ өдсөн шинжтэй үг хэллэг түгээмэл хэрэглэх хэмжээнд хүрч, тэр хоёр хүн бие биеэ тэвэрсэн байдалтай, эсвэл илүү илэрхий зан авир, илрэл гаргаж харагддаг бол цаг хугацаа өнгөрөхөд хүн бүрд: “Энэ хоёр бие биедээ тусалж байгаа юм уу зан чанар нь таарч байгаа хэрэг биш; тэд хэвийн хүн чанарын хүрээнд харилцахгүй байна. Энэ бол ижил хүйстнээ сонирхох явдал!” гэдэг нь илэрхий болдог. Одоо ихэнх хүн ижил хүйстнээ сонирхох явдал бол зохисгүй харилцаа, уг чанарын хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох харилцаанаас ч илүү ноцтой, зохисгүй гэдгийг ойлгодог. Хэрвээ чуулган дотор ийм харилцаа байдаг бол энэ нь тахал мэт тархаж, зарим хүнийг иймэрхүү уруу таталтад орж, сэтгэл татагдахад хүргэж болзошгүй. Зарим хүн өмнө нь ижил хүйстний харилцаанд орж байсан ч өөрийн хүслээр тэгээгүй гэж хэлдэг. Тэд жинхэнэ ижил хүйстэн мөн эсэх, эсвэл бэлгийн чиг хандлага нь ямар болохыг үл анхаараад, сэтгэл нь татагдаж ийм уруу таталтад автаж байгаа бол—өөрийн хүслээр үү, эсвэл идэвхгүйгээр тэгсэн үү гэдгийг түрдээ тооцохгүй бол—юуны өмнө тэд үймэрсэн байна. Өөрийн хүслээр тэгээгүй гэж хэлж байгаагаас нь дүгнэвэл тэд хохирогчид байсан. Тиймээс хэрвээ ижил хүйстнүүд бусад ижил хүйсийн хүнийг уруу татаж, сэтгэлийг нь татвал сэтгэл татагдсан хүмүүс өөрсдөө ижил хүйстэн биш байлаа ч гэсэн нэгэнд нь сэтгэл татагдсаныхаа дараа ижил хүйстэн болж болзошгүй. Энэ аюултай нөхцөл байдал биш гэж үү? Яагаад ийм хүмүүсийг ижил хүйстэн гэж хэлж байна вэ? Эсрэг хүйстнээ сонирхдог хүмүүс олон хүнийг уруу татах нь садар самуун явдалд тооцогдох бөгөөд энэ нь зохисгүй харилцаа юм. Тэгвэл дотно харилцаатай, хоорондоо таардаг ижил хүйсийн хоёр хүн гар гараасаа хөтлөлцөж, бие биеэ тэврэх нь хэвийн зүйл байхад яаж энэ нь даамжирч ижил хүйстэн гэж тодорхойлогдоход хүрдэг вэ? Энэ нь тэдний хоорондох бэлгийн харилцаа юм—ийм түвшний харилцаа үүсмэгц энэ нь ижил хүйстнээ сонирхох явдал болдог. Тэд бие биеийнхээ мөрөн дээр гараа тавих, хүзүүгээр нь тэврэх, эсвэл бэлхүүсээр нь тэвэрвэл энэ нь ижил хүйсийн хүмүүсийн хоорондох хэвийн бие махбодын хүрэлцэхүй биш; харин энэ нь хүсэл тачаалаас үүдэлтэй бие махбодын хүрэлцэхүй бөгөөд уг чанараараа ялгаатай тул зохисгүй харилцаанд тооцогддог. Чуулганы ихэнх хүний хувьд ийм ижил хүйстнүүдийг харах нь сургамж болох уу, үгүй юу? (Үгүй, сургамж болохгүй.) Үүнийг харсны дараа ихэнх хүн үймэрдэг үү? Нөхцөл байдлыг мэдээгүй байхад чинь тэд гараа хүзүүгээр чинь юм уу бэлхүүсээр чинь тэвэрвэл, эсвэл бүр нүүрэн дээр чинь үнсвэл чи үймрэх үү? (Тэгнэ.) Үймэрсний дараа зүрх сэтгэл чинь амар тайван байх уу, эсвэл тавгүйтэх үү? (Би зэвүүцнэ.) Тэгвэл нүгэл үйлдсэн мэт мэдрэмж төрөх үү? Хэрвээ чи иймэрхүү асуудлын мөн чанар яг юу болохыг ойлгохгүй, ижил хүйсийн хүн чамд хүрэх юм уу биеэрээ хүрсний дараа чи тэр талаар нэг их юм бодохгүй бол нэг их асуудалгүй. Гэхдээ хэрвээ чи тэр талаар бодож, үргэлжлүүлэн бодсоор, тэгээд хүн эсрэг хүйстнээ санагалздагтай адилаар тэр хүнийг мартаж чадахгүй бол—дотоод ухамсартаа эсэргүүцэж байгаа эсэхээс үл хамааран—дотор чинь ийм бодол төрж байгаа нь чи хэдийнээ үймэрсэн гэдгийг илтгэж байна, тийм биш гэж үү? Тиймээс ижил хүйстнээ сонирхох харилцаа, иймэрхүү зохисгүй харилцааны уг чанар хавьгүй илүү ноцтой юм. Зарим хүн эсрэг хүйстнээ сонирхдог хүмүүсийн дундах садар самуун явдал болон ижил хүйстнээ сонирхох явдлын ялгааг олж харж чаддаггүй бөгөөд энэ хоёр асуудлыг ижил гэж үздэг. Үнэн хэрэгтээ ижил хүйстнээ сонирхох асуудал нь эсрэг хүйстнээ сонирхдог хүмүүсийн дундах садар самуун явдлын асуудлаас хавьгүй илүү ноцтой.
Ижил хүйстний харилцаанд ордог хүмүүс чуулганд гарч ирээд, тэднийг хязгаарлахгүй бол тэд хүн бүрд аюул занал учруулж, үймээн тарьдаг. Ямар үймээн бэ? Гаднаас нь харахад, ихэнх хүн тэдэнтэй харилцахдаа хүн чанарт нь ямар нэг асуудал байгааг олж хардаггүй ч удаан харилцах нь бодлыг нь булингартуулж, зүрх сэтгэлийг нь харанхуй болгодог. Тэд Бурханд итгэх урам зоригоо алдаж, ямар нэг онцгой асуудал тулгараагүй байхад Бурханд итгэх хүсэлгүй болж, Бурханы үгийг унших сонирхолгүй болж, зүрх сэтгэлдээ Бурханаас улам бүр холдож, итгэлээ орхих ёрын муу бодол тээдэг. Тиймээс чуулган дахь ижил хүйстний ийм зохисгүй харилцааг зогсоож, хязгаарлаад зогсохгүй, ийм харилцаанд ордог хүмүүсийг чуулганаас даруй цэвэрлэх ёстой. Энэ бол гарцаагүй зүйл. Ийм хүмүүс илэрмэгц, ямар үүрэг гүйцэтгэдэг, ямар байр суурьтай нь хамаагүй, тэднийг чуулганаас даруй цэвэрлэх ёстой, хүлцэн тэсвэрлэж болохгүй! Энэ бол чуулганы дүрэм журам юм. Яагаад ийм дүрэм журам байдаг вэ? Энэ нь баттай үндэслэл дээр суурилдаг. Бурхан хүнийг эр, эмээр нь бүтээсэн; Адамыг бүтээсний дараа түүний хань нь өөр нэг Адам биш, харин Ева байсан. Ижил хүйстний харилцаанд ордог хүмүүсийн эсрэг ийм арга хэмжээ авах нь Бурханы үгэнд үндэслэдэг бөгөөд туйлын зөв юм. Зарим хүн “Яагаад энэ хүмүүст гэмших боломж олгож болохгүй гэж? Тэд залуу байна; тэдэнд зарим нэг хөгийн үйлдэл хийхийг зөвшөөрөх ёстой биш үү?” гэж хэлж магадгүй. Үгүй! Бусад хөгийн үйлдлийг нөхцөл байдал, уг чанараас нь хамааран өөрөөр авч үзэж болох ч яг энэ хөгийн үйлдэл нь жирийн нэг хөгийн үйлдэл огт биш; үүнийг огт тэвчиж болохгүй, чуулганд ийм үйлдэл хийсэн хэнийг ч даруй цэвэрлэх ёстой! Хэрвээ чуулган тэр чигтээ ижил хүйстнүүдээс бүрдэж байвал бүгдийг нь цэвэрлэх болно. Ийм чуулган хэрэггүй, ганц нь ч хэрэггүй! Энэ бол зарчим юм. Зарим нь “Зарим хүн ганцхан хүнтэй ижил хүйстний харилцаатай, гэхдээ бусдыг уруу татаагүй, өөр хэнийг ч үймүүлээгүй. Ийм хүмүүст арга хэмжээ авч, цэвэрлэх ёстой юу?” гэж хэлдэг. Хэрвээ тэд үнэхээр ижил хүйстэн мөн бол тэднийг чуулганд үлдээх нь Бурханы сонгосон хүмүүсийн дунд цагтай тэсрэх бөмбөг тавихтай адил—тэр нь эрт орой хэзээ нэгэн цагт дэлбэрэх нь гарцаагүй. Тэд ижил хүйсийн ямар ч хүнийг үймүүлж, уруу татаж, өдөж хоргоогоогүй байлаа ч гэсэн ирээдүйд тэгэхгүй гэсэн үг биш. Тэд шохоорхдог, таалагддаг хүнээ хараахан олоогүй, эсвэл цаг нь болоогүй, хүн бүр бие биетэйгээ хараахан танилцаж, ойлголцоогүй байж магадгүй. Гэвч цаг нь болж, ийм хүмүүст тохиромжтой нөхцөл бүрдмэгц тэд хөдлөх болно. Тиймээс ийм хүмүүсийг хэзээ ч тэвчиж, чуулганд үлдэхийг зөвшөөрч болохгүй, учир нь тэд бол гаж буруу, хүн биш юм. Чуулганд ийм хүмүүс хэрэггүй. Ийм зохисгүй харилцаанд ордог хүмүүст ингэж арга хэмжээ авах нь буруу биш, хэтрүүлсэн хэрэг ч биш. Гэвч зарим нь “Зарим ижил хүйстэн нэлээд сайн мэт харагддаг; тэд ямар ч муу зүйл хийгээгүй, хууль дүрэм сахидаг, хөгшдөө хүндэлж, залуусаа хайрладаг, үргэлж сайн үйл хийдэг, зарим нь бүр билиг авьяас, ур чадвартай, зарим нь чуулганд онцгой өгөөмөр, тусархаг байдаг. Бид тэднийг чуулганд үлдээх хэрэгтэй” гэж хэлдэг. Ийм бодол зөв үү? (Үгүй.) Чиний бодол зөв, буруу эсэхээс үл хамааран чи ижил хүйстнүүдийн уг чанарыг нэвт харах чадвартай байх ёстой. Ижил хүйстний харилцаанд ордог хүмүүсийн хувьд чуулганы хэрэгжүүлэлтийн зарчим бол тэднийг цэвэрлэх юм. Энэ бол хэн ч зөрчиж болохгүй захиргааны зарлиг бөгөөд хүн бүр энэ зарчмын дагуу хэрэгжүүлэх ёстой.
Бидний саяхан нөхөрлөсөн зохисгүй харилцааны энэ хоёр төрлийн илрэлийг хүмүүс ялган таньж, нэвт харж, тодорхойлоход хамгийн хялбар байдаг. Ийм зохисгүй харилцаа үүсгэдэг хүмүүсийн тухайд, нэг талаар удирдагч, ажилчид тэднийг зогсоох, хязгаарлах, тусгаарлах, цэвэрлэх гэх мэт арга хэмжээ авч шийдвэрлэн үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой. Нөгөө талаар, ах эгч нар ч бас сэтгэл татагдаж, уруу татагдахаас зайлсхийхийн тулд энэ хоёр төрлийн зохисгүй харилцаа үүсгэдэг хүмүүсийг ялган таньж, тэднээс хол байх ёстой; эс бөгөөс энэ нь Бурханд итгэх итгэл болон авралд хүрэхийн төлөөх үнэний эрэлхийлэлд нь нөлөөлж болзошгүй. Нэгэнт уруу татагдвал түүнээс гарахад хэцүү байдаг. Ихэнх хүн энэ хоёр төрлийн хүнийг ялган таньж чаддаг байх ёстой. Нийгэмд хүмүүс биеэ авч явдаг шиг бүү авирла, хэн нь хэнтэйгээ сээтгэнэж байгааг хараагүй мэт дүр эсгэж, садар самуун явдалд оролцож буй хүмүүст зөв үзэл бодол, байр сууринаас хандалгүй, өөрсдийнх нь ашиг сонирхол хөндөгдөөгүй цагт ийм хүмүүстэй хэвийн харилцаж, ямар ч асуудалгүй мэтээр энгийн ярьж болохгүй. Ийм хүмүүст бусадтай харилцах зарчим байна уу? Огт байхгүй. Бүх шүтлэггүй хүмүүс ертөнцийн үйл хэргийн гүн ухаанаар амьдарч, өөрсдийгөө хамгаалахын тулд хэнийг ч гомдоохгүйг хичээдэг боловч Бурханы гэр шүтлэггүй нийгмээс огт өөр юм. Бурханы гэрт үнэн ноёрхдог. Бурхан хүмүүсээс бусадтай үнэн-зарчмын дагуу харьцахыг шаарддаг. Бурханы сонгосон хүмүүс бүгд үнэнийг хүлээн авч, үнэнээр зэвсэглэж байгаа бөгөөд үүнийг ашиглан бусдыг ялган таньж, бусадтай харьцдаг нь зөвхөн чуулганы амьдралыг сахиж, ах эгч нарыг хамгаалахын төлөө бус, харин бүр ч чухал нь өөрсдийгөө уруу татагдах зовлонгоос хамгаалж, уруу таталтад урхидуулахаас зайлсхийхийн тулд юм. Чи ийм хүмүүсийг хэдий чинээ эрт ялган таньж, тэднээс холдож чадна, төдий чинээ уруу татагдахаас зайгаа барьж, хамгаалагдаж чадна. Зохисгүй харилцаанд ордог хүмүүстэй чи ингэж харьцах ёстой; энэ нь үнэн-зарчимд нийцэх бөгөөд Бурханы санаа зорилгод нийцнэ.
В. Ашиг сонирхлын зохисгүй харилцаа
Зохисгүй харилцааны өөр нэг төрөл бол ашиг сонирхлын харилцаа юм. Хүмүүс ашиг сонирхлын төлөө бие биеэ зусардах, өргөмжлөх, магтах, тал засах зэрэг зүйл хийдэг. Ийм гажууд зан авир, хорон муу уур амьсгалыг чуулганы амьдралд оруулах нь Бурханы үгийг тайван уншиж, хуваалцсан туршлагыг сонсож байгаа бусад хүнд ноцтой нөлөөлдөг. Ашиг сонирхлын харилцаа тогтмогц холбогдох хүмүүс нь өөрсдийн ашиг тусын тулд өөрийн хүслийн эсрэг зүйл хэлж, хийх нь олонтаа байдаг. Жишээ нь, хэрвээ хэн нэгэн өөр хүнийг бизнес, ашиг сонирхолд нь ямар нэг байдлаар ашиг тус хүргэж чадахыг харвал тэр хүнийг удирдагчаар сонгох, тодорхой үүрэгт нэр дэвшүүлэх, эсвэл тал засахын тулд тэр хүний хэлсэн бүхэнтэй санал нийлж, үнэнд нийцэж байгаа эсэхээс үл хамааран зөв гэж хэлж магадгүй. Тэдэнд тал засахын тулд тэд зарчимд нийцэхгүй, үнэний эсрэг олон зүйл хийдэг бөгөөд энэ нь хүмүүс, үйл явдал, юмсыг ялган таньж, үнэнд ороход нь Бурханы сонгосон хүмүүсийг үймүүлдэг. Тэд буруу, гажууд зүйлийг зөв гэж тодорхойлж, хүний үзэл, төсөөллийг Бурханы санаа зорилгод нийцэж байна гэж тодорхойлох гэх мэтээр хүмүүсийн бодол санаа болон эрэлхийллийнх нь зөв чиглэл, зорилгыг үймүүлдэг. Энэ бүх зан авир нь ашиг сонирхлын харилцаагаа хадгалж үлдэх гэснээс нь үүдэлтэй. Өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалж, хадгалахын тулд тэд мөс чанарынхаа эсрэг ярьж, зарчмын эсрэг үйлдэж чаддаг. Тэдний хэлж, хийдэг зүйл нь чуулганы амьдралд саад болж, сүйрүүлж, эцэст нь олон хүн Бурханы үгийг нөхөрлөх, Бурханы үгийг залбиран-унших, хувийн туршлагаа хэвийн, дэг журамтайгаар хуваалцах боломжгүй болоход хүргэж, хүмүүсийн амь-оролтод хохирол учруулдаг. Хүмүүс хувийн туршлагаар олж авсан ойлголтоо нөхөрлөх үедээ хүмүүсийн ашиг сонирхлын харилцаанаас үүдэлтэй саадтай олонтаа тулгардаг; зарим нь үг ярианы саад, зарим нь зан авирынх, нөгөө хэсэг нь зорилго, чиглэлтэй холбоотой байдаг. Үнэнийг нөхөрлөж, Бурханы үгийг залбиран-унших үед хүмүүсийн яриаг байнга тасалдуулж, сэдвээс нь хазайлгаж, янз бүрийн түвшинд нөлөөлөх нь олонтоо байдаг. Тиймээс ашиг сонирхлын зохисгүй харилцаа үүсгэж, тийм зан авир гаргадаг хүмүүсийг хязгаарлах ёстой. Ийм асуудалтай тулгарсан чуулганы удирдагчид нүдэн балай өнгөрч болохгүй, мөн ийм ёрын муу үйлийг огт өөгшүүлж, чуулганы амьдралд ийм хэрэг явдал гарахыг хүлцэж болохгүй. Харин тэд сонор сэрэмжтэй, гярхай байж, тэдгээрийг даруй зогсоож, хязгаарлах ёстой.
Ашиг сонирхлын зохисгүй харилцаа үүсгэх нь чуулганд түгээмэл тохиолддог. Жишээ нь, хэрвээ хэн нэгэн дараагийн чуулганы удирдагчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаа бол хэсэг бүлэг хүмүүсийг өөртөө татаж, санаагаа тэдэнд дэлгэж магадгүй. Энэ хүмүүс тэнэг биш; тэд “Бид чамайг сонговол чи бидэнд ямар ашиг тус өгөх вэ?” гэж битүүхэн хэлдэг. Тийнхүү тэдний дунд ашиг сонирхолд суурилсан харилцаа үүсдэг. Ашиг сонирхлоо хадгалахын тулд тэд цуглааны үеэр аливаа асуудал дээр ихэвчлэн нэг байр суурьтай байдаг. Бусад хүн цаад учрыг нь мэдэхгүй, анзаарахгүй байхад тэд нэг хүн хэчнээн сайн болох, өөр нэг хүний хийдэг зүйлийг хэрхэн Бурхан зөвшөөрч, ерөөдөг болох, хэн хэчнээн өргөл өргөсөн, хэн Бурханы гэрт ямар хувь нэмэр оруулсан тухай үргэлж ярьж, ихэвчлэн бие биеэ магтаж, сайшаадаг. Чуулганы амьдралд тэд өмнө нь хүрсэн тохиролцооныхоо төлөө, харилцан ашиг сонирхлоо хамгаалахын тулд эдгээр зүйлийг ихэвчлэн гаргаж тавьдаг. Жишээ нь, хэн нэгэн “Хэрвээ чи намайг удирдагчаар сонговол би албан тушаалдаа очмогцоо чамайг бүлгийн удирдагч болгоно” гэж хэлж магадгүй. Тэд бүгд хувийн ашиг хонжоо хайж байгаа биш үү? Ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд тэд тодорхой зүйл хэлэх, эсвэл тодорхой үйлдэл хийх хэрэгтэй болдог биш үү? Тийнхүү тэд цуглааны үеэр янз бүрийн илрэл гаргадаг бөгөөд энэ нь бүгд өмнө нь хүрсэн тохиролцоо болон холбогдох ашиг сонирхлоо хамгаалахад чиглэдэг. Зорилгодоо хүрэхээсээ өмнө тэдний хийдэг ихэнх зүйл ашиг сонирхлоос үүдэлтэй байдаг. Тэгэхээр тэдний хэлж, хийж байгаа зүйлийн цаад сэдэл, зорилго нэлээд зохисгүй биш гэж үү? Тэдний дунд тогтсон харилцаа зохисгүй харилцаа биш гэж үү? Чуулган дахь ийм зохисгүй харилцааг хязгаарлах ёстой биш үү? Зарим нь “Илрээгүй байхад нь бид яаж хязгаарлах юм бэ?” гэж хэлдэг. Ийм хэрэг явдлыг огт хийгээгүй л биш бол, нэгэнт хийсэн л бол илрүүлж болно, илчлэх ч болно. Хэрвээ хүмүүс үнэн болон хувийн ойлголт, туршлагаа зүй зохистой нөхөрлөж, үнэнтэй хамаагүй юу ч холихгүй бол хүн бүр үүнийг мэдэрч чадна. Хэрвээ хольц байвал хүмүүс үүнийг бас ялган таньж чадна. Тиймээс чуулганд харилцан ашиг сонирхлоо хадгалахын тулд үүсдэг янз бүрийн арилжаа наймааны харилцааг бас хязгаарлах ёстой; ядаж л холбогдох хүмүүст сануулга өгч, нөхөрлөж, өөрсдийнх нь асуудлыг таниулж, ийм үйл ажиллагаанд оролцохын ноцтой үр дагаврыг ойлгуулахын зэрэгцээ энэ хэрэг явдлын уг чанарыг ялган таних боломжийг ах эгч нарт олгох хэрэгтэй. Иймэрхүү үйл ажиллагаа ихэнх хүнд ямар нөлөө үзүүлдэг вэ? Энэ нь чуулган, нийгэм хоёрт нэг их ялгаа байхгүй, аль аль нь хүн бүр бие биеэ ашигладаг, өөрсдийн ашиг тусын тулд хүмүүс арилжаа наймаа хийдэг газар юм байна гэж бодоход хүмүүсийг хүргэдэг. Энэ зан авир нь дунд зэргийн үймээн биш, харин чуулганы амьдралыг ноцтой үймүүлдэг. Надад хэл дээ, сонгуульд санал авахын тулд хүмүүсийг байнга өөртөө татаж, сонгуулийг будлиантуулж, удирдагчийн байр суурийг олж авахын тулд ёс бус арга хэрэглэдэг хүн сайн хүн мөн үү? Ийм аргаар сонгогдсон удирдагчид сайн хүн биш гэдэг нь тодорхой. Тэдний гарт орсон ах эгч нар ямар нэг сайн юм хүлээж болох уу? Хэрвээ хэн нэгэн зарчмын дагуу сонгогдохын оронд ёс бус аргаар удирдагч болбол тийм удирдагч яавч сайн хүн биш. Хэрвээ тэднээр удирдуулбал энэ нь ах эгч нарыг ёрын муу хүнд, антихристэд улаам цайм тушааж байгаатай адил бөгөөд ихэнх хүн үндсэндээ Сатаны гарт тушаагдаж байна; ийм нөхцөлд тэдний чуулганы амьдралын үр шим илэрхий байх болно. Энэ бол ашиг сонирхолтой холбоотой нэг төрлийн зохисгүй харилцаа юм. Бүлэг эсвэл хувь хүмүүсийн дунд байна уу хамаагүй, хүмүүсийн хоорондох харилцаанд ашиг сонирхол оролцмогц тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд зарчмын дагуу үйлдэхийн оронд хувийн ашиг сонирхлоо илүүд тавьж үйлддэг. Ийм харилцаа нь хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаан дээр суурилдаггүй, харин мөс чанар, эрүүл ухааны аль алиных нь эсрэг, үнэн-зарчмын бүр ч эсрэг байдаг. Тэдний хэлж, хийж, харуулж буй зүйл, түүнчлэн санаархал, зорилго, сэдэл, эх сурвалж гэх мэт нь бүгд ашиг сонирхлоос үүдэлтэй байдаг; тиймээс эдгээр харилцааг зохисгүй гэж тодорхойлж болно. Ийм харилцаа үүсэх нь Бурханы сонгосон хүмүүсийг чуулганы амьдралаар амьдрахад нь үймүүлж, ихэнх хүн Бурханы өмнө тайван байж Бурханы үгийг уншиж, үнэнийг нөхөрлөхөд хэцүү болгодог учраас ийм зохисгүй харилцааг чуулганд хязгаарлах ёстой. Ноцтой бөгөөд ёрын муу хүмүүсийн зан авир гаргаж байгаа тохиолдолд сануулга өгөх ёстой бөгөөд хэрвээ холбогдох хүмүүс нь яасан ч гэмшихгүй бол тэднийг чуулганаас цэвэрлэх хэрэгтэй.
Г. Хувь хүмүүсийн хоорондох үзэн ядалт
Хүмүүс хоорондын зохисгүй харилцаа янз бүрээр илэрдэг. Тэдгээрийн нэг нь хувийн үзэн ядалт юм. Жишээ нь, гэр бүл дотор хадам ээж бэрийн хооронд, бэрүүдийн хооронд, эсвэл ах дүүс, мөн хөршүүдийн хооронд зөрчил, маргаан үүсэж болно. Заримдаа энэ нь бүр үзэн ядалт болон хувирч, энэ хүмүүс яг л дайснууд шиг хамтарч, хамтдаа ажиллаж чадахгүй, бие биеийнхээ царайг ч харж чадахгүй, уулзах болгондоо хэрэлдэж, зодолдоход хүрдэг. Цуглаан дээр бие биеэ харах үед зүрх сэтгэл нь мөн л үзэн ядалтаар дүүрч, Бурханы өмнө тайван байж Бурханы үгийг таашааж, эргэцүүлж, өөрийгөө танин мэдэж чаддаггүй, атгаг сэжиг, үзэн ядалтаа хаяж хэвийн цуглаан хийж бүр ч чаддаггүй. Харин ч уулзах болгондоо хэрэлдэж маргалдан, бие биеийнхээ дутагдлыг илчилж, бие бие рүүгээ дайрч, тэр ч бүү хэл харааж зүхэн, Бурханы сонгосон хүмүүст маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Ийм хүмүүс бол үл итгэгчид, тэд бол шүтлэггүй хүмүүс юм. Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг, үнэнийг хайрладаг хүмүүсийн хувьд юу ч тохиолдсон, хэнтэй ч маргалдсан, эсвэл хэнд ч атгаг сэжиг өвөрлөдөг байсан хамаагүй, тэд үнэнийг эрж хайж, өөрсдийгөө эргэцүүлж, танин мэдэж, асуудлыг үнэн-зарчмын дагуу шийдвэрлэж чаддаг. Хэрвээ тэд ямар нэг буруу зүйл хийж, хэн нэгэнд өртэй болсон бол санаачилгаараа уучлалт гуйж, алдаагаа хүлээн зөвшөөрч чаддаг; тэд хэзээ ч цуглаан дээр маргаан үүсгэж, түвэг удахгүй. Чуулганд маргалдаж, үймээн тарих нь ариун хүмүүсийн ёс зүйд огт нийцэхгүй; ийм зан авир Бурханыг ноцтой гутаадаг. Ийм маягаар авирладаг хүмүүс хүн чанар, мөс чанар, эрүүл ухаанаар ихээхэн дутмаг байдаг; тэд яавч Бурханы жинхэнэ итгэгчид биш. Энэ асуудал шинэ итгэгчдийн дунд харьцангуй түгээмэл байдаг. Учир нь шинэ итгэгчид үнэнийг ойлгодоггүй, завхарсан зан чанар нь ариусаагүй байдаг тул олон зүйл дээр маргалдаж, тэр ч бүү хэл түргэн ууртай зангаа гаргаж, зодоон цохион хийх нь амархан байдаг. Хэрвээ эдгээр завхарсан зан чанарыг шийдвэрлэхгүй бол хүмүүс зүрх сэтгэлдээ үзэн ядалт тээж, чуулганы амьдралаар амьдарч байхдаа ч энэ түргэн ууртай зан, үзэн ядалтаасаа болж эцэс төгсгөлгүй маргалдсаар байх болно. Энэ нь чуулганы амьдралд нөлөөлж, Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийг идэж уух, Бурханыг магтах, Бурханы үгийн талаарх туршлагаар олж авсан ойлголтоо хуваалцахад нөлөөлдөг. Энэ нь бас Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод шууд нөлөөлдөг. Зарим шинэ итгэгч ялихгүй асуудал дээр санал зөрснөөс болж амархан маргалддаг. Жишээ нь, цуглаан эхлэхээс өмнө зарим нь нэг магтан дуу дуулахыг хүсэж байхад бусад нь өөр дууг илүүд үзэж магадгүй—ийм шалихгүй зүйл ч амархан маргаанд хүргэж болно. Үүнтэй адилаар, аливаа асуудал дээр санал зөрөлдөхөд заримдаа мэтгэлцээн болж хувирах нь хурдан бөгөөд ярихдаа бодлогогүй хандаж хэн нэгнийг гомдоосноос болж маргаан дэгдэж ч болно. Иймэрхүү төрлийн хэрэг явдал шинэ итгэгчдийн дунд түгээмэл байдаг. Цуглааны үеэр маргаан гарах үед энэ нь мэдээжийн хэрэг чуулганы амьдралыг үймүүлдэг. Энэ нь Бурханы сонгосон хүмүүсийг ч бас үймүүлдэг биш үү? Хэрэлдэж, зөв, буруу гэж мэтгэлцэх хандлагатай хүмүүс чуулганы амьдралыг хамгийн амархан үймүүлдэг. Тэд Бурханы сонгосон хүмүүсийн ашиг сонирхлыг бодолцолгүй, зөвхөн бардам зангаа, нэр нүүрээ хангахад л анхаардаг. Ингэж авирласнаараа тэд чуулганы амьдралыг үймүүлж байгаа биш үү? (Тийм.) Чуулган бол ах эгч нар цугларч, Бурханы үгийг идэж, ууж, таашаадаг газар; энэ бол Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөдөг газар юм. Хувийн гомдол бухимдлаа тайлах газар яавч биш, буруу, зөвийн талаар хэрэлдэж, маргах газар бүр ч биш. Ийм хүмүүс ийм маягаар үймээн тарих үед энэ нь ямар үр дагаварт хүргэдэг вэ? Энэ нь цуглааны үеэр таашаал авахгүй болоход шууд хүргэдэг; Бурханы сонгосон хүмүүсийг амийн сургамж олж авч чадахгүйд хүргэж, тэр ч бүү хэл ихэнх хүн амар амгаланг олж чадахгүй, хэлэхийн аргагүй шаналахад хүрдэг. Цаг хугацаа өнгөрөхөд зарим нь сөрөг, сул дорой болж, бүр цуглаанд оролцохдоо хойрго болдог. Энэ нөхцөл байдал ихэнх чуулганд түгээмэл байдаг бөгөөд Бурханы сонгосон бүх хүний туулсан зүйл юм. Тэгвэл цуглаан дээр байнга маргалдаж, зодолддог асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Энэ асуудалтай холбоотой Бурханы үгийн хэд хэдэн хэсгийг сонгож, цуглааны үеэр хамтдаа олон удаа унших хэрэгтэй; дараа нь хүн бүр үнэнийг нөхөрлөж, ойлголтоо хуваалцах ёстой. Энэ арга барил зарим нэг үр дүнд хүрч чадна. Маргалдах хандлагатай хүмүүс гэм буруугаа ухаарч, гэмшээд зогсохгүй хөндлөнгийн хүмүүс ч бас ижил төстэй нөхцөл байдалд завхарсан зан чанараа харуулсан эсэхээ, мөн бусадтай маргалдаж чадах эсэхээ эргэцүүлж болно—ийм маягаар хөндлөнгийн хүмүүс ч бас өөрсдийгөө танин мэдэж болно. Маргаанд оролцсон эсэхээс үл хамааран, Бурханы үгийн хэд хэдэн хэсгийг хэдэн удаа уншсаны дараа хүн өөрийн завхарсан зан чанарыг танин мэдэж, завхарсан зан чанараар амьдрах нь үнэхээр мөс чанар, эрүүл ухаангүй, өчүүхэн төдий ч хүн чанаргүй гэсэн үг болохыг харж чадна. Чуулганы амьдралаар ингэж амьдрахын үр нөлөө муугүй биз дээ? Хэдийгээр цуглааны эхэнд маргаан гарч магадгүй ч дараа нь хүн бүр Бурханы үгийг уншиж, өөрсдийгөө эргэцүүлэхээр Бурханы өмнө тайван байж, асуудлыг үнэнээр шийдвэрлэж, чин сэтгэлээсээ гэмшиж чадвал—хэрвээ ийм үр дүнд хүрч чадвал—энэ нь хэвийн чуулганы амьдрал юм. Тиймээс цуглааны үеэр юу ч болсон, тэр нь заавал муу байх албагүй; хүн бүр үнэнийг эрж хайхаар зүрх сэтгэл, оюун санаагаараа нэгдэж, Бурханы үгийн холбогдох хэд хэдэн хэсгийг хамтдаа цөөн удаа уншиж л байвал асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байлаа ч хүмүүс үүнийг тодорхой хэмжээгээр нэвт харж, бага зэрэг ялган таних чадвартай болно—хүн бүр үүнээс ашиг тус хүртэнэ. Ийм чуулганы амьдрал ховор гэж та нар хэлэх үү? Энэ бол муу зүйлийг сайн зүйл болгон хувиргаж байгаа хэрэг бөгөөд нэг ёсондоо сохорсон биш завшиж байгаа хэрэг юм. Гэхдээ энэ нь маргаан, мэтгэлцээн чуулганы амьдралд хэрэгтэй гэсэн санааг дэмжихэд хүмүүсийг хүргэх ёсгүй; үүнийг огт дэмжиж болохгүй. Маргаан, мэтгэлцээн нь түргэн ууртай зангаа гаргах, зөрчилдөхөд амархан хүргэж болзошгүй бөгөөд энэ нь хүн болгонд муу, оролцсон хүн бүрийн сэтгэл шаналахад хүргэдэг. Тиймээс асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх нь хамгийн сайн арга барил бөгөөд үнэнийг ойлгох нь ирээдүйд ижил төстэй хэрэг явдлаас үр дүнтэй сэргийлж чадна. Ухаалаг хүмүүс зөрчил, мөргөлдөөн гарах үед тэвчээртэй, хүлээцтэй хандлага баримтлах ёстой. Тэдэнд ч бас завхарсан зан чанар байдаг, бусдыг амархан шархлуулж чадах тул завхарсан зан чанараа харуулах үедээ асуудлыг шийдвэрлэхийн тулд даруй Бурханд залбирч, үнэнийг эрж хайх ёстой. Ингэснээр цуглаан болох үед хувийн гомдол, үзэн ядалт бүгд арилж, зүрх сэтгэлдээ чөлөөлөгдсөн мэдрэмж төрж, ах эгч нартай эв найрамдалтай харилцахад хялбар болж, улмаар эв нэгдэлтэй хамтын ажиллагааг бий болгоно. Хэн нэгэн ах эгчийгээ завхарсан зан чанар харуулж байгааг харах бүрдээ тэднийг шүүж, яллаж, эсвэл голохын оронд хайраар туслах ёстой. Нэг, хоёр удаа туслах гэж оролдоод асуудал шийдэгдэхгүй байж магадгүй ч тэвчээртэй, хүлээцтэй байх шаардлагатай. Тэд чуулганы амьдралыг үймүүлэхгүй, зориуд ёрын мууг үйлдэхгүй л бол тэдэнд эцсээ хүртэл тэвчээртэй, хүлээцтэй хандах ёстой—тэдэнд ухаарах өдөр ирнэ. Хэрвээ хэн нэгэн ёрын муу хүн чанартай бөгөөд ямар ч тусламжаас татгалзаж, үнэнийг яаж ч нөхөрлөсөн хүлээж авахгүй бол тэд Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй юм байна, ийм хүмүүсээс зайгаа барих шаардлагатай. Хэрвээ тэд чуулганы амьдралыг удаа дараа үймүүлбэл тэдэнд зарчмын дагуу хандаж, шийдвэрлэх ёстой. Хэрвээ тэд ёрын муу хүмүүс биш, зүгээр л завхарсан зан чанараа байнга харуулдаг, өөрсдийгөө үзэн яддаг ч тухайн үедээ өөрөөр байх хүчин мөхсөддөг бол ийм хүмүүст хайраар туслах ёстой; үнэнийг ойлгож, завхрал харуулж байгаагаа ялган таньж, танин мэдэхэд нь тэдэнд тусал—ингэвэл завхрал харуулах нь аажмаар багасна. Хэрвээ энэ хүмүүс ах эгч нарт хааяа л нөлөөлдөг бол тэднийг өршөөж болно; хүн чанарт нь томоохон асуудал байхгүй, ов мэхтэй эсвэл ёрын муу хүмүүс биш л бол үнэнийг нөхөрлөх замаар тэднийг дэмжиж, туслах ёстой. Хэрвээ тэд үнэнийг хүлээн авч чадвал тэдэнд хайраар хандах ёстой. Гэвч хэрвээ тэд гэмшихээс татгалзаж, чуулганы амьдралд удаан хугацаанд сөрөг нөлөө үзүүлбэл чуулганы удирдагчид түүнд сануулга өгч, хязгаарлалт тавих ёстой. Хэрвээ тэд үнэнийг хүлээн авахаас тууштай татгалздаг бол ийм хүмүүс ёрын муу хүмүүс юм. Ёрын муу хүмүүс хэнтэй ч эв эетэй байж чаддаггүй, тэд бол хог шаар, ад зэтгэрүүд юм. Тэднийг чуулганд байлгах нь зөвхөн саад учруулж, үймээн л гаргана. Тиймээс удаа дараагийн сануулгыг үл хайхран өөрчлөгдөхөөс татгалздаг хүмүүсийг ёрын муу хүмүүс гэж үзэн шийдвэрлэж, чуулганаас цэвэрлэх ёстой. Чуулганы амьдрал болон Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтыг байнга үймүүлдэг хэн боловч үл итгэгч, ёрын муу хүн бөгөөд тэднийг чуулганаас цэвэрлэх ёстой. Тэр хүн хэн байх, өмнө нь хэрхэн үйлдэж байсан нь хамаагүй, хэрвээ тэд чуулганы ажил болон чуулганы амьдралыг байнга үймүүлж, засуулахаас татгалзаж, үргэлж гажууд үндэслэлээр өөрийгөө өмөөрдөг бол түүнийг чуулганаас цэвэрлэх ёстой. Энэ арга барил нь бүхэлдээ чуулганы ажлын хэвийн явцыг хадгалах, Бурханы сонгосон хүмүүсийн ашиг сонирхлыг хамгаалахын төлөө бөгөөд үнэн-зарчим болон Бурханы санаа зорилгод бүрэн нийцдэг. Цөөн хэдэн ёрын муу хүний маргаан, зүй зохисгүй авир Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролт болон чуулганы ажилд нөлөөлөх ёсгүй—ингэх хэрэггүй бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийн хувь бас шударга бус хэрэг.
Хэрвээ ёрын муу хүмүүс чуулганд байнга үймээн тарьж, чуулганы амьдралыг үр дүнгүй болгож байвал хамгийн сайн шийдэл бол хүмүүсийг ангилж, цуглааныг өөр өөр бүлэгт хуваах явдал юм: Үнэнийг хайрладаг, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг хүмүүс хамтдаа цугларна; үнэнийг эрэлхийлэхийг хүсдэг ч үүргээ гүйцэтгэдэггүй хүмүүс хамтдаа цугларна; саад болж, үймээн тарьж, бусдын тухай хов жив ярих, бусдыг шүүж, яллах дуртай хүмүүс хамтдаа цугларна. Ингэснээр чуулганыг үндсэндээ гурван бүлэг хүнд хувааж болно—хүн бүрийг төрлөөр нь ангилж байна гэж хэлж болно—ингэснээр эдгээр бүлэг цуглааны үеэр бие биедээ яавч саад болохгүй. Муу хүн чанартай хүмүүс хэчнээн цадиггүйгээр муу үйл хийсэн ч бусдад нөлөөлөхгүй, зөвхөн өөрсдийгөө л хорлоно. Зарим хүн харгис зан чанартай байдаг. Хэрвээ хэн нэгэн тэднийг шархлуулсан эсвэл гомдоосон зүйл хэлбэл тэд тэр хүнийг үзэн ядаж, түүн рүү дайрч, өшөө авах арга зам боддог. Тэдэнд үнэнийг хэчнээн нөхөрлөсөн ч, тэднийг хэчнээн зассан ч тэд хүлээж авдаггүй. Тэд үхсэн ч гэмшихгүй бөгөөд чуулганы амьдралыг үргэлжлүүлэн үймүүлдэг. Энэ нь тэднийг ёрын муу хүмүүс гэдгийг баталдаг. Бид иймэрхүү ёрын муу хүмүүсийг тэвчээд байж болохгүй. Тэднийг үнэн-зарчмын дагуу чуулганаас цэвэрлэх ёстой. Энэ бол энэ асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэх цорын ганц арга зам юм. Харгис зан чанартай тэр хүмүүс ямар ч алдаа гаргасан, ямар ч муу зүйл хийсэн, хэн нэгэн өөрсдийг нь илчлэх, эсвэл засахыг зөвшөөрдөггүй. Хэрвээ хэн нэгэн тэднийг илчилж, гомдоовол тэд уурлаж хилэгнэн, өшөө авч, асуудлыг хэзээ ч зүгээр орхидоггүй. Тэд бусад хүнд тэвчээртэй, хүлээцтэй байдаггүй, тэдэнд хүлээцтэй ханддаггүй. Тэдний биеэ авч явах байдал ямар зарчим дээр суурилдаг вэ? “Хэн нэгэн надаас урваснаас би өөрөө урвасан нь дээр.” Өөрөөр хэлбэл, тэд хэн нэгэн өөрсдийг нь гомдоохыг тэвчдэггүй. Энэ нь ёрын муу хүмүүсийн логик биш гэж үү? Энэ бол ёрын муу хүмүүсийн логик яг мөн. Хэн ч тэднийг гомдоож болохгүй. Тэдний хувьд хэн нэгэн өөрсдийг нь өчүүхэн төдий ч өдөөн хатгах нь хүлээн зөвшөөршгүй зүйл бөгөөд ингэсэн хэнийг ч тэд үзэн яддаг. Тэд тэр хүнийг мөшгөж, хэргийг хэзээ ч зүгээр орхихгүй—ёрын муу хүмүүс ийм байдаг. Чи ёрын муу хүмүүсийг ямар нэг асар том муу зүйл хийхээс нь өмнө, тэднийг ёрын муу хүмүүсийн мөн чанартай гэдгийг олж мэдсэн даруйдаа тусгаарлах юм уу цэвэрлэх ёстой. Энэ нь тэдний учруулах хохирлыг багасгана; энэ бол ухаалаг сонголт юм. Хэрвээ удирдагч, ажилчид ёрын муу хүнийг шийдвэрлэхгүй, ямар нэг гамшиг учруулахыг хүлээвэл тэд идэвхгүй байна. Энэ нь удирдагч, ажилчид маш тэнэг, үйлдэлдээ зарчимгүй гэдгийг батална. Яг ийм тэнэг, мунхаг зарим удирдагч, ажилчин байдаг. Тэд ёрын муу хүмүүсийг шийдвэрлэхээсээ өмнө гарцаагүй нотлох баримттай болохыг хүлээх гэж зүтгэдэг, учир нь зөвхөн тэгж байж л сэтгэл нь амарна гэж тэд боддог. Гэвч үнэн хэрэгтээ хэн нэгнийг ёрын муу гэдэгт итгэлтэй болохын тулд чамд гарцаагүй нотлох баримт хэрэггүй. Тэдний өдөр тутмын үг, үйлдлээс нь илэрхий байдаг. Тэднийг ёрын муу гэдэгт итгэлтэй болмогцоо хязгаарлаж, тусгаарлаж эхэлж болно. Ингэснээр чуулганы ажил болон Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтын аль аль нь гарцаагүй хохирохгүй. Зарим удирдагч, ажилчин хэн нь ёрын муу болохыг ялган таньж чаддаггүй, мөн ёрын муу хүмүүсийг цаг тухайд нь шийдвэрлэж чаддаггүй. Үр дүнд нь чуулганы ажил болон чуулганы амьдралд нөлөөлж, Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод саад учирдаг. Энэ бол маш тэнэг хэрэг. Хуурамч удирдагчид ажлыг ингэж хийдэг. Нэг талаар тэд ялган таних чадваргүй, нөгөө талаар бусдыг гомдоохоос айдаг бялдууч хүмүүс юм. Ийм хүмүүс удирдагчаар үйлчлэхдээ нэгдүгээрт жинхэнэ ажил хийж чаддаггүй; хоёрдугаарт Бурханы сонгосон хүмүүсийг хорлодог. Тэд ёрын муу хүмүүс үймээн тарьсан асуудлыг ч даруй шийдвэрлэж чаддаггүй, ах эгч нарыг ч хамгаалж чаддаггүй; ийм хүмүүс удирдагч, ажилчин байхад тэнцэхгүй. Надад хэл дээ, хэрвээ хэн нэгнийг ёрын муу хүн гэж тодорхойлбол тэдэнд туслахын тулд үнэнийг нөхөрлөх шаардлага байх уу? (Үгүй.) Тэдэнд боломж олгох шаардлагагүй. Зарим хүнд хэт их “хайр” байдаг, тэд ёрын муу хүмүүст гэмших боломжийг үргэлж олгодог боловч энэ нь ямар нэг үр дүнд хүрч чадах уу? Энэ нь Бурханы үгийн зарчимд нийцдэг үү? Чи чин сэтгэлээсээ гэмшиж чаддаг ёрын муу хүнийг харж байсан уу? Хэн ч тийм зүйл хэзээ ч харж байгаагүй. Ёрын муу хүмүүсийг гэмшинэ гэж найдах нь хорт могойг өрөвдөхтэй адил; энэ нь зэрлэг араатныг өрөвдөж байгаа хэрэг юм. Яагаад гэвэл, ёрын муу хүмүүс хэзээ ч эерэг зүйлийг хайрлахгүй, хэзээ ч үнэнийг хүлээн авахгүй, хэзээ ч гэмшихгүй гэдгийг ёрын муу хүмүүсийн мөн чанарт үндэслэн тодорхойлж болно. Тэдний толь бичгээс чи “гэмших” гэдэг үгийг олохгүй. Чи тэдэнд үнэнийг яаж ч нөхөрлөсөн тэд өөрсдийн сэдэл, ашиг сонирхлыг хойш тавихгүй, өөрсдийгөө зөвтгөх янз бүрийн шалтаг, шалтгаан олно, хэн ч тэднийг ятгаж чадахгүй. Хэрвээ тэд хохирол амсвал энэ нь тэдний хувьд тэвчишгүй зүйл байх бөгөөд энэ талаар бусдыг эцэс төгсгөлгүй залхаана. Ямар ч хохирол амсахыг хүсдэггүй ийм хүмүүс яаж чин сэтгэлээсээ гэмшиж чадах юм бэ? Туйлын аминч хүмүүс бол өөрсдийн ашиг сонирхлыг бүхнээс дээгүүр тавьдаг хүмүүс юм; тэд бол ёрын муу хүмүүс бөгөөд хэзээ ч гэмшихгүй. Хэрвээ чи тийм хүнийг ёрын муу гэдгийг хэдийнээ нэвт харсан атлаа гэмших боломж олгосоор байвал энэ тэнэг хэрэг биш гэж үү? Энэ нь хөлдсөн могойг энгэртээ бүлээцүүлээд, дараа нь хатгуулахтай адил юм. Зөвхөн тэнэг хүн л ийм мунхаг зүйл хийнэ. Чуулганд Бурханы сонгосон хүмүүс ёрын муу хүмүүсийг үзэн ядах нь хэвийн үзэгдэл, учир нь ёрын муу хүмүүст хүн чанар байдаггүй, үргэлж ёс суртахуунгүй зүйл хийдэг. Ёрын муу хүмүүсийг үзэн ядах нь зөв сэтгэлгээ юм. Энэ бол хүмүүсийн хэвийн хүн чанарт байх ёстой зүйлийн нэг хэсэг юм.
Надад хэл дээ, ах эгч нарыг огт хайрладаггүй хүн ямар төрлийн хүн бэ? Тэд яагаад ах эгч нартай өчүүхэн төдий ч хэвийн харилцаа байдаггүй юм бэ? Ийм төрлийн хүн хэнтэй ч харилцсан, харилцаагаа зөвхөн ашиг сонирхол, арилжаа наймаатай холбодог; хэрвээ ямар нэг ашиг сонирхол, арилжаа наймаа байхгүй бол тэд хүмүүсийг тоодоггүй. Ийм хүн ёрын муу биш гэж үү? Зарим хүн үнэнийг эрэлхийлдэггүй, зөвхөн сэтгэл хөдлөлөөр амьдардаг; хэн өөрсдөд нь сайн хандана, тэр хүнтэй ойр дотно байж, хэн өөрсдөд нь тусална, тэр хүнийг сайн гэж боддог. Ийм хүмүүст ч бас хүмүүс хоорондын хэвийн харилцаа байдаггүй. Тэд зөвхөн сэтгэл хөдлөлөөр амьдардаг тул ах эгч нарт шударга, голч хандаж чадах уу? Энэ бол туйлын боломжгүй зүйл. Тиймээс ах эгч нартай, Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүстэй хэвийн харилцаагүй хэн боловч мөс чанар, эрүүл ухаангүй, хэвийн хүн чанаргүй хүн бөгөөд үнэнийг хайрладаг хүн яавч биш юм. Ийм хүмүүс шүтлэггүй хүмүүсийн дундах өөдгүй шаарнуудаас ялгаагүй; тэд өөрсдөд нь ашигтай хүмүүстэй харилцаж, ашиггүй хүмүүсийг үл тоодог. Түүнчлэн, үнэнийг эрэлхийлдэг хэн нэгнийг, туршлагын гэрчлэл хуваалцаж чаддаг—хүн бүрийн бишрэн хүндэлж, таашаадаг—хэн нэгнийг хараад тэд атаархаж, үзэн яддаг бөгөөд үнэнийг эрэлхийлдэг энэ хүмүүсийг шүүж, яллах зэвсэг цуглуулахын тулд бүхнийг хийдэг. Ёрын муу хүмүүсийн хийдэг зүйл энэ биш гэж үү? Ийм хүмүүс мөс чанар, эрүүл ухаангүй—адгууснаас дор юм. Тэд хүмүүст зөв хандаж чаддаггүй, бусадтай хэвийн эв эетэй байж чаддаггүй, Бурханы сонгосон хүмүүстэй хэвийн харилцаа тогтоож чаддаггүй, тэр ч бүү хэл үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг үзэн ядаж чаддаг. Ийм хүмүүс Тэнгэрт болон бусад хүмүүст үргэлж гомдоллоод зүрх сэтгэлдээ маш ганцаардмал, орь ганцаараа санагддаг байх. Тэдэнд амьдрах ямар баяр хөөр, утга учир байна вэ? Энэ хүмүүс харгис зан чанартай бөгөөд хэнтэй ч харилцсан, ялихгүй зүйлээс болж үзэн ядаж, тэднийг яллаж, өшөөгөө авч, гай гамшиг авчирч чаддаг. Ийм ёрын муу хүмүүс бол цэвэр диаволууд бөгөөд чуулганд байх өдөр бүрдээ гамшиг авчирдаг. Хэрвээ тэд удаан хугацаагаар байвал гамшиг эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Тэднийг чуулганаас цэвэрлэж байж л гамшгаас зайлсхийх боломжтой. Үүнээс гадна, гаднаа боловсон харагддаг ч ашиг тусад онцгой дуртай хүмүүс байдаг. Тиймээс тэдний Бурханд итгэх итгэл нь мөн л ашиг тус хөөцөлдөхийн төлөө байдаг. Хэрвээ тэд хэсэг хугацаанд ямар нэг зүй бус ашиг хонжоо олоогүй бол хэн нэгэн өөрсдөд нь их хэмжээний өртэй юм шиг царай нь барайж, дүнсгэр болдог. Тэдний эгдүүцсэн, гутарсан царайг харсан хэний боловч сэтгэл санаанд шууд нөлөөлдөг. Хэрвээ ийм царай чуулганы амьдралд гарч ирвэл ямар нөлөө үзүүлнэ гэж та нар бодож байна? Бурханы сонгосон хүмүүсийн ихэнх нь үүнийг хараад гарцаагүй тавгүйрхэх бөгөөд Бурханы үгийг унших, үнэнийг нөхөрлөхөд нь ямар нэг хэмжээгээр үймүүлж, нөлөөлнө. Ялангуяа үнэн замын сууриа тавиагүй хүмүүсийн хувьд чуулганы амьдралд энэ үргэлжийн баргар царайг байнга харах нь тэдэнд дэндүү амархан нөлөөлнө! Чуулганд цоглог зантай, энгийн, нээлттэй ярьдаг хүмүүс, мөн зүрх сэтгэл нь амар амгалан, баяр хөөрөөр дүүрэн, сүнс нь эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн хүмүүс илүү олон байх ёстой. Энэ нь чуулганы амьдралыг таатай болгоно. Үргэлж барайж байдаг тэр урвагар хүмүүс цуглаанд ирэхээсээ өмнө гэртээ Бурханд залбирч, сэтгэл санаагаа засах хэрэгтэй. Ингэвэл тэд сайхан ааштай байх бөгөөд цуглаанаас ямар нэг зүйл олж авна. Үүнээс гадна, энэ нь бусдад ч бас ашиг тустай; ядаж л тэднийг үймүүлэхгүй. Бурханы сонгосон хүмүүсийг чуулганы хэвийн амьдралаар амьдарч чаддаг болгохын тулд удирдагч, ажилчид үнэнийг нөхөрлөхөд суралцаж асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэн баргар царайтай цуглаанд ирвэл удирдагч, ажилчид санаачилга гарган: “Чамд тусламж хэрэгтэй юу?” гэж асуух ёстой. Үүнийг хайрлах сэтгэлээр бусдад санаачилгаараа туслах гэдэг. Хэрвээ удирдагч, ажилчид хэн нэгэнд асуудал байгааг харсаар байж тоохгүй, тэр “урвагар хүмүүсийн” сэтгэлийг сэргээхийн тулд үнэнийг нөхөрлөлгүй тэднээс зайлсхийж, дөлж байвал тэд бодитой ажил хийхгүй байна. Шүтлэггүй хүмүүсийн хэлдгээр ард олноо хайрладаг төрийн түшмэлтэй адилаар удирдагч, ажилчид чуулганы ажлыг үр дүнтэй хийхийн тулд юуны өмнө Бурханы сонгосон хүмүүсийн итгэлийг хүлээсэн хүн байж сурах ёстой. Зарим хүн ийм үүрэг гүйцэтгэх хүсэлгүй, үргэлж хөндлөнгийн ажиглагч байхыг илүүд үздэг—тэд яаж ийм байдлаар Бурханы сонгосон хүмүүсийг чуулганы сайхан амьдралаар амьдрахад удирдаж чадах юм бэ? Үнэндээ хэн нэгний зүрх сэтгэлд асуудал байгаа эсэхийг тодорхой хэмжээгээр нүүрний хувирлаас нь харж болно. Хэрвээ хэн нэгний царай үргэлж баргар байвал гарцаагүй зүрх сэтгэл нь өчүүхэн төдий ч гэрэл гэгээгүй, харанхуй байна гэсэн үг. Хэрвээ тэд зөв, буруугийн талаарх маргаанд өдөржин автдаг бол царайнд нь инээмсэглэл тодрох уу? Энэ хүмүүсийн царайд үргэлж хар үүл бүрхэж, ганц хором ч нар гийдэггүй бөгөөд энэ нь үүргээ гүйцэтгэхэд нь ч бас нөлөөлдөг. Хэрвээ удирдагч, ажилчид энэ асуудлыг анхаарч шийдвэрлэхдээ хойрго хандаж, ах эгч нар байнгын үймэрч, хэлэхийн аргагүй шаналал амсахад хүргэж байвал энэ нь удирдагч, ажилчид бодитой ажил хийх чадваргүй, асуудлыг үнэнээр шийдвэрлэж чаддаггүй, ямар ч хэрэггүй хүмүүс гэдгийг баталж байна. Хэрвээ удирдагч, ажилчид үнэнийг ойлгодог, ах эгч нарын асуудлыг олж илрүүлж чаддаг, цаг тухайд нь дэмжлэг, туслалцаа үзүүлж чаддаг, хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхэд туслаад зогсохгүй, үнэн-зарчмыг ойлгож, үүргээ биелүүлэхэд нь хүмүүст тусалж чаддаг бол үр бүтээмжтэйгээр үүргээ гүйцэтгэж, асуудлыг зохицуулж, чуулганы ажилд нөлөөлөхгүй. Хэрвээ удирдагч, ажилчид асуудлыг даруй олж илрүүлж, шийдвэрлэж чадахгүй бол энэ нь чуулганы ажилд нөлөөлдөг. Хэрвээ удирдагч, ажилчид асуудлыг олж илрүүлж, зохицуулж чадахгүй, чуулганы ажилд хохирол учирч, Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод саад болоход хүргэж байвал тэд Бурханы болон Түүний сонгосон хүмүүсийн итгэлийг алдсан бус уу? Тэд асуудлыг зохицуулахдаа зарчимгүй байгаа биш үү? Асуудлын мөн чанарыг нэвт харсныхаа дараа даруй, эргэлзэхгүйгээр шийдвэрлэхийг хариуцлагаа биелүүлэх, үнэнч байх гэдэг бөгөөд энэ нь үүргээ стандартад нийцүүлэн хийж байгаа хэрэг юм.
Өнөөдрийн нөхөрлөлийн сэдэв бол зургаа дахь асуудал буюу зохисгүй харилцаа үүсгэх явдал юм. Чуулганы амьдралд гарч ирдэг ийм төрлийн асуудлууд нь үндсэндээ: эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох зохисгүй харилцаа, ижил хүйстний харилцаа, ашиг сонирхлын харилцаа, хувь хүмүүс хоорондын үзэн ядалт юм. Махан биеийн тачаал, махан биеийн ашиг сонирхол байна уу, эсвэл махан биеийн ээдрээтэй сэтгэл хөдлөл дээр суурилсан харилцааны аль нь ч бай, бүгд зохисгүй харилцааны ангилалд багтдаг, учир нь эдгээр нь хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухааны хүрээнээс хальдаг. Ийм зохисгүй харилцаа байх нь хүмүүсийн сэтгэлийг тодорхой хэмжээгээр түгшээж болно. Илүү ноцтой нь, хүмүүсийн амь-оролт, үнэнийг эрэлхийлэх, Бурханыг танин мэдэх эрэлхийллийг үймүүлж чаддаг. Төрөл бүрийн ийм зохисгүй харилцаа нь мөс чанар, эрүүл ухаанаас эхтэй биш, хэвийн хүн чанарын эсрэг байдаг. Хүмүүс ийм хэвийн бус харилцаанд амьдарч байхдаа үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлэхэд хэцүү байдаг бөгөөд энэ нь бас тэднийг чуулганы амьдралаар амьдарч, амийн өсөлтийг эрэлхийлэхэд нь, түүнчлэн чуулганы амьдралын дэг журмыг үймүүлдэг. Энэ нь Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод хор хөнөөлтэй, чуулганы ажлыг ч бас хорлож болно. Энэ бүхнээс болоод удирдагч, ажилчид эдгээр асуудлыг даруй олж илрүүлж, шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай юм.
Зохисгүй харилцааны тухайд, бид хэдийнээ өөр өөр нөхцөл байдлыг тоочиж, тэдгээрийг ангилсан. Та нар ялган таних чадварт суралцахын тулд зарим нэг жишээ хэлж чадах уу? Ялган таних чадварт суралцахын зорилго юу вэ? Энэ нь та нарыг хүмүүс, үйл явдал, зүйлсийн мөн чанарыг ялган таньж, тодорхойлж чаддаг болгож, ингэснээр үнэн зөв дүгнэлт хийж, дараа нь тэдгээрт зарчмын дагуу ханддаг болгохын тулд юм. Энэ бол эцсийн үр дүн юм. Хэн нэгэн “Чи өдөржин энэ зөв буруугийн асуудал, өдөр тутмын энэ асуудлуудыг ярьж байна—бид цаашид сонсох хүсэлгүй байна; бид бүр цуглаанд ирэхийг ч хүсэхгүй байна. Чи үнэнийг нөхөрлөх ёстой биш үү? Яагаад үргэлж энэ нөхцөл байдлуудыг яриад байгаа юм бэ?” гэж хэлсэн үү? Та нар тийм хүмүүсийг анзаарсан уу? Тэд ямар төрлийн хүмүүс вэ? (Сүнслэг ойлголтгүй хүмүүс.) Бид ингэж нөхөрлөж байхад тэд үнэнийг ойлгож чадахгүй л байна—тэд жирийн хүний оюун ухаанд хүрэхгүй байна; ийм хүмүүс ямар ч хэрэггүй. Оюун ухаан нь хүнийхэд хүрдэггүй хүнийг номлол сонсгох гэж албадах хэрэгтэй юу? Магадгүй тэд: “Цуглаан үргэлж үнэнийг нөхөрлөх тухай, үргэлж үнэнийг хэрэгжүүлэх гэх мэт зүйлийг ярьдаг—би үүнийг сонсохоос залхаж байна. Би дахиж цуглаанд ирэх хүсэлгүй байна” гэж хэлж магадгүй. Хэрвээ тэд үнэхээр ийм үзэл бодолтой бол тэд үнэнийг зэвүүцдэг хүн юм. Ийм хүмүүсийн хувьд Бурханы гэр ирэхийг шаарддаггүй; тэднийг хурдан явуул. Хэрвээ тэд өөрсдөө цуглаанд ирэх хүсэлгүй, тэнд хэлэлцэж байгаа зүйлийг хүлээж авдаггүй бол бид шаардахгүй—бид тэдэнд төвөг удахыг хүсэхгүй байна. Ийм хүмүүс насаараа Бурханд итгэсэн ч үнэнийг ойлгохгүй, бодит байдалд орохгүй; хичээл зүтгэлийн гарз. Хэрвээ тэд шашны онолын мэдлэг сонсох дуртай бол яваад шашны онолын мэдлэгээ судалцгааг; нэг л өдөр тэд үнэнийг амь болгон олж аваагүй үедээ харамсах болно.
2021 оны 5 дугаар сарын 29