Би ямар хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч эцэст нь өрөвдмөөр бузар хэвээр байвал Миний хаанчлалд орохыг хүсэх чинь Тэнгэрийн хуулиар тэвчишгүй юм! Дэлхий ертөнц бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Надад ая тал зассан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгож байгаагүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй!
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас
Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг яаж бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан чинь үнэн. Чи Бурханы авралаас үүдэн нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа боловч нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг чинь энэ нь нотлохгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн, өөдгүй байдаг мөртөө Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд Бурхан чамайг биечлэн өөрчилж, цэвэрлэх ёстой; чи зөвхөн золин авруулсан бол ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авч чадахгүй.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас
Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг”-ээс
Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин авралаас цаашгүй байсан боловч хүний доторх хорт уг чанарыг таягдан хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүнийг Бурхан олж авдаг; цэвэршүүлж, шүүж, ил болгоход үгийг ашигласнаар хүний зүрх сэтгэлийн доторх хольц, үзэл, сэдэл, хувийн хүсэл эрмэлзэл бүгд бүрэн илчлэгддэг. Хүнийг золин аварч, нүглийг нь уучилсан тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч махан биед амьдардаг хүн нүглээс ангижраагүй бол үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Хүн төрөлхтний ихэнх нь өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн завхарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн… Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй; тэр өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг бөгөөд энэ үр дүнд хүрэхийн тулд үгийн шүүлтэд найдах ёстой. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4”-ѳѳс
Эцсийн өдрүүдийн ажил бол үг хэлэх явдал юм. Үгийн тусламжтайгаар хүнд асар их өөрчлөлт гарч болно. Эдгээр үгийг хүлээн зөвшөөрснөөр өнөөгийн хүмүүст гарч байгаа өөрчлөлтүүд нь Нигүүлслийн эрин үеийн тэмдэг, гайхамшгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээс хамаагүй их. Учир нь Нигүүлслийн эрин үед гараа дээр нь тавьж, залбирснаар хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж байсан боловч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдсэн юм. Хүний өвчнийг эдгээж, нүглийг нь өршөөсөн боловч хүний доторх завхарсан сатанлаг зан чанарыг яг яаж арилгах тухайд бол энэ ажил хараахан хийгдээгүй. Хүн итгэлээсээ үүдэн аврагдаж, нүглээ уучлуулсан боловч хүний нүгэлт уг чанар арилаагүй бөгөөд дотор нь үлдсэн юм. Бие махбодтой болсон Бурханы тусламжтайгаар хүний нүглийг уучилсан боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол хүн энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч аргагүй байдаг. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас үүдсэн боловч хүн хуучны, завхарсан сатанлаг зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсаар юм. Ийм болохоор хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, улмаар хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь амийн өсөлтийн замыг, амийн замыг болон зан чанараа өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, зан чанараа аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан дор амьдарч, хийдэг бүхнээ Бурханы хүслийн дагуу байлгаж, завхарсан сатанлаг зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, улмаар нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ. Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүдэг бадаг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын хүү гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн тунхагласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны заханд хүрэх төдийд эдгэж, сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн завхарсан сатанлаг зан чанарыг олж мэдэж чадаагүй, үүнийг хэрхэн хаяхыг ч мэдээгүй. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, нэг гишүүнийх нь итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт ихээхэн нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг боломжийн итгэгч гэж үздэг байлаа. Ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгоогүй юм. Тэд зан чанараа өөрчлөх ямар ч замгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайдаг байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын тэрхүү үе шат дууссаны дараа шүүлт, гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, улмаар түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг хөөн зайлуулахаа үргэлжлүүлсээр байсан бол энэ үе шат үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь энэ нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ уучлуулаад л зогсонги байдалд орох байв. Цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн учраас нүглийн тахилаар дамжуулан хүн нүглээ уучлуулсан. Гэвч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж мөн л чаддаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тиймээс ажлын энэ үе шатанд Бурхан хүний завхарсан зан чанарыг илчлэхдээ үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй байдаг, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4”-ѳѳс