Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь бие махбодтой болсон Бурхан лавтайяа биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог. Хэрвээ хүн Түүний гадаад дүр төрхийг л шинжлээд, үүний үр дүнд мөн чанарыг нь орхигдуулбал хүн харанхуй бүдүүлэг, мунхаг гэдгийг энэ нь харуулдаг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг”-ээс
Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод билээ. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл учраас ийм ялгаа байгаа юм. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг гүйцэтгэдэг. Түүний хүн чанар ч бай, бурханлаг чанар ч бай, аль аль нь тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийн мөн чанар байдаг; энэхүү мөн чанар Өөрийнх нь ажилд саад болохгүй, Тэрээр Өөрийнхөө ажлыг сүйтгэх ямар нэг зүйлийг хийж яавч чадахгүй, Өөрийнх нь хүсэлд харшилдаг үгийг хэзээ ч хэлдэггүй.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм”-аас
Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Түүнд Бурханы мөн чанар болон хүний хүрэх боломжгүй Бурханы зан чанар, Бурханы ажлын мэргэн ухаан байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс хуурамч юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хэрэгжүүлж, гүйцэлдүүлэхдээ Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дээрх Бурханы ажлыг зүй ёсоор гүйцэтгэж, Бурханы зан чанарыг илэрхийлж, Бурханы сайн төлөөлөл байж, хүнийг амиар хангаж чаддаг учир хүссэн хүн бүр үүнийг орлочхож чадахгүй. Христийг дуурайдаг хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт бүгд унах болно, учир нь тэд өөрсдийгөө Христ гэцгээдэг ч, Христийн ямар ч мөн чанарыг эзэмшдэггүй. Иймд Би, Христийн жинхэнэ байдлыг хүн тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж, шийддэг гэж хэлдэг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас
Газар дээрх Христ нь Бурханы Өөрийн өмнөөс ажиллах чадвартай хэдий ч махбод дахь дүрээ бүх хүнд харуулах санаа зорилготойгоор ирдэггүй. Тэрээр бүх хүнд Өөрийгөө харуулахаар ирдэггүй; Өөрийнх нь гараар удирдуулах боломжийг хүмүүст олгож, улмаар шинэ эрин үе рүү оруулах гэж Тэр ирдэг. Христийн махбодын чиг үүрэг нь Бурханы Өөрийн ажлын төлөө, өөрөөр хэлбэл, махбод дахь Бурханы ажлын төлөө байдаг болохоос махбодынхаа мөн чанарыг хүмүүст бүрэн ойлгуулахын төлөө байдаггүй. Тэр яаж ч ажиллалаа гэсэн, Түүний хийдэг юу ч махбодын хийж чадах зүйлээс хэтэрдэггүй. Тэр яаж ч ажиллалаа гэсэн, хэвийн хүн чанартай махбодоор ажилладаг бөгөөд Бурханы жинхэнэ төрх байдлыг хүнд бүрэн илчилдэггүй. Үүнээс гадна, махбод дахь Түүний ажил хэзээ ч хүний төсөөлдөг шиг ер бусын, үнэлж баршгүй байдаггүй. Христ махбод дахь Бурханыг Өөрийг нь төлөөлж, Бурханы Өөрийн хийх учиртай ажлыг биечлэн хэрэгжүүлдэг хэдий ч тэнгэр дэх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэггүй, Өөрийнхөө үйл хэргийг ч улайран тунхагладаггүй. Харин ч Тэрээр махбод дотроо даруухнаар нуугдсан хэвээр үлддэг. Христээс гадна, өөрсдийгөө Христ хэмээн хуурамчаар зарладаг хүмүүст Түүний чанарууд байдаггүй. Тэрхүү хуурамч Христүүдийн биеэ тоож, өөрсдийгөө өргөмжилдөг зан чанартай харьцуулж үзэх үед, ямархуу махбод үнэхээр Христ вэ гэдэг нь илэрхий болдог. Тийм хуурамч Христүүд хэдий чинээ хуурамч байна, төдий чинээ бардамнадаг бөгөөд хүнийг мэхлэхийн тулд төдий чинээ тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвартай байдаг. Хуурамч Христүүдэд Бурханы чанар байдаггүй; хуурамч Христэд хамаардаг ямар ч элемент Христэд холилдоогүй байдаг. Бурхан махбодын ажлыг гүйцэтгэхийн тулд л махбод болдог болохоос, зүгээр л Өөрийгөө хүмүүст харуулах гэсэндээ тэгдэггүй. Харин ч Тэр Өөрийнхөө ажлаар ялгамж чанараа бататгаж, Өөрийнхөө илчилдэг зүйлээр мөн чанараа баталгаажуулдаг. Түүний мөн чанар үндэслэлгүй биш; ялгамж чанараа Тэр Өөрийн гараар булаан аваагүй; энэ нь Түүний ажил болон мөн чанараар тодорхойлогддог.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм”-аас
Өнөө үед тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шид үзүүлж чадах хүн гарч ирээд, Есүс ирлээ хэмээн өөрийгөө зарлавал энэ нь Есүсийг дуурайсан муу ёрын сүнснүүдийн дүр эсгэлт байх болно. Үүнийг санаж яв! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн ажлын үе шат аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. Бурханы ажил хүний үзэлтэй нийцэшгүй байдаг; жишээлбэл, Хуучин Гэрээнд Мессиа ирнэ гэж зөгнөсөн боловч Есүс ирсэн нь энэ зөгнөлийн үр дүн байв. Энэ нь аль хэдийн тохиолдсон болохоор өөр Мессиа дахин ирэх нь буруу юм. Есүс аль хэдийн нэг удаа ирсэн ба энэ удаад Есүс дахин ирсэн бол буруу байх байв. Эрин үе болгонд нэг нэр байдаг, нэр болгон нь эрин үеийн шинж чанарыг агуулдаг. Хүний үзлээр бол Бурхан үргэлж тэмдэг, гайхамшиг үзүүлэх ёстой, үргэлж өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулах ёстой, үргэлж яг л Есүс шиг байх ёстой. Гэвч энэ удаа Бурхан ердөө ч тийм байдаггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлсээр, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээсээр—яг Есүс шиг үйлдсэн бол нэг ажлаа давтаж байгаа хэрэг болж, Есүсийн ажил ямар ч ач холбогдол, үнэ цэнгүй байх байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүрийг гүйцэлдмэгц муу ёрын сүнснүүд удалгүй дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барилд шилждэг. Бурхан ажлынхаа нэг үе шатыг биелүүлмэгц муу ёрын сүнснүүд үүнийг нь дуурайдаг. Та нар энэ талаар тодорхой ойлгох ёстой.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс
Муу ёрын сүнсэнд эзэмдүүлж, “Би бол Бурхан!” хэмээн бархиран хашхирдаг зарим хүн бий. Гэсэн ч, тэдний төлөөлдөг зүйл буруу учраас эцэстээ тэд илчлэгддэг. Тэд Сатаныг төлөөлдөг ба Ариун Сүнс тэдэнд огт анхаарал хандуулдаггүй. Чи өөрийгөө хэчнээн өндөрт өргөмжилж, хэр чанга хашхирсан ч Сатанд харьяалагддаг бүтээгдсэн зүйл хэвээрээ л байна. Би хэзээ ч “Би бол Бурхан, Би бол Бурханы хайртай Хүү!” гэж хашхирдаггүй. Гэвч Миний хийдэг ажил бол Бурханы ажил юм. Би хашхирах хэрэгтэй гэж үү? Ямар ч өргөмжлөл хэрэггүй. Бурхан Өөрийнхөө ажлыг Өөрөө хийдэг бөгөөд хүн Түүнд байр суурь олгож, эсвэл хүндэт цол олгох хэрэггүй: Түүний ажил ялгамж чанар болон байр суурийг нь төлөөлдөг. Баптисм хүртэхээсээ өмнө Есүс, Бурхан Өөрөө байгаагүй гэж үү? Тэрээр Бурханы махбод болсон бие байгаагүй гэж үү? Тэр гэрчлэл хүлээн авсныхаа дараа л Бурханы цорын ганц Хүү болсон гэж хэлж мэдээж болохгүй биз дээ? Түүнийг ажлаа эхлэхээс ч өмнө Есүс гэдэг нэртэй хүн байгаагүй гэж үү? Чи шинэ зам гаргаж, эсвэл Сүнсийг төлөөлж чадахгүй. Сүнсний ажил болон хэлдэг үгийг илэрхийлж чадахгүй. Чи Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй, Сүнсний ажлыг ч хийж чадахгүй. Бурханы мэргэн ухаан, гайхамшиг, ойлгогдошгүй байдал болон хүнийг гэсгээдэг бүх зан чанар—энэ бүхнийг чи илэрхийлж чадахгүй. Тиймээс өөрийгөө Бурхан гэж зүтгэх нь нэмэргүй; чамд зөвхөн нэр л байх ба ямар ч мөн чанар байхгүй. Бурхан Өөрөө ирсэн боловч хэн ч Түүнийг таниагүй, гэсэн ч Тэр Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Сүнсийг төлөөлөн үүнийг хийдэг. Чи Түүнийг хүн юм уу Бурхан, Эзэн юм уу Христ гэж дуудсан ч, эсвэл Түүнийг эгч гэж дуудсан ч энэ нь хамаагүй. Харин Түүний хийдэг ажил Сүнснийх бөгөөд Бурханы Өөрийн ажлыг төлөөлдөг. Хүн Өөрийг нь ямар нэрээр дуудаж байгааг Тэр анхаардаггүй. Тэрхүү нэр Түүний ажлыг тодорхойлж чадах уу? Чи Түүнийг юу гэж дуудахаас үл хамааран, Бурханы тухайд гэвэл Тэрээр Бурханы Сүнсний махбод болсон бие юм; Тэр Сүнсийг төлөөлж, Сүнсээр сайшаагддаг. Хэрвээ чи шинэ эрин үед зориулсан замыг тавьж, хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үеийг эхлүүлж, эсвэл шинэ ажил хийж чадахгүй бол чамайг Бурхан гэж нэрлэж болохгүй!
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 1”-ээс
Еховагийн ажлын дараа, Өөрийн ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Есүс махбод болсон. Түүний ажил тусдаа хэрэгжээгүй, харин Еховагийн ажилд тулгуурласан юм. Энэ нь, Хуулийн эрин үеийг төгсгөснийхөө дараа Бурханы хийсэн шинэ эрин үеийн ажил байв. Үүнтэй адилаар, Есүсийн ажил дууссаны дараа Бурхан дараагийн эрин үеийн ажлаа үргэлжлүүлсэн, учир нь Бурханы бүхий л удирдлага үргэлж урагшилж байгаа. Хуучин эрин үе өнгөрөх үедээ шинэ эрин үеэр солигдох ба хуучин ажил дуусмагц Бурханы удирдлагыг үргэлжлүүлэх шинэ ажил байх болно. Энэ удаад бие махбодтой болсон нь Есүсийн ажил дууссаны дараа Бурхан хоёр дахь удаа бие махбод болсон хэрэг юм. Мэдээж, энэ удаа бие махбодтой болсон нь бие даан тусдаа тохиолддоггүй; харин энэ нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үеийн дараах, ажлын гурав дахь үе шат юм. Бурхан ажлын шинэ үе шатыг эхлэх бүрд үргэлж шинэ эхлэл байх ёстой, мөн ердөө шинэ эрин үеийг авчрах ёстой. Иймээс Бурханы зан чанар, Түүний ажиллах арга зам, ажлын байршил болон Түүний нэрэнд ч гэсэн харгалзах өөрчлөлтүүд гардаг. Тиймээс хүний хувьд, шинэ эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдагт гайхах зүйлгүй. Гэхдээ Өөрийг нь хүн хэрхэн эсэргүүцэхээс үл хамааран Бурхан үргэлж Өөрийн ажлыг хийж, бүх хүн төрөлхтнийг урагш хөтөлж байгаа. Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон ба энэ удаа бие махбодтой болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрч чаддаг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хүргэгдэж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн авч чадна. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг”-ээс
Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс