Бурханы удирдлагын зургаан мянган жилийн төлөвлөгөө дуусаж байгаа бөгөөд Түүний илрэлтийг эрж хайдаг бүхэнд хаанчлалын үүд хаалга аль хэдийн нээгдээд байна. Хүндэт ах эгч нар аа, та бүхэн юу хүлээгээ вэ? Юу эрж хайгаа вэ? Бурханыг илрэхийг хүлээж байгаа юм уу? Түүний мөрийг хайж байна уу? Бурханы илрэлтийг хэчнээн их хүсэн хүлээдэг билээ! Бурханы мөрийг олох хэчнээн хэцүү билээ! Ийм эрин үед, ийм дэлхий ертөнцөд Бурханы илрэх өдрийг нүдээр үзэхийн тулд бид яах ёстой вэ? Бурханы мөртэй хөл нийлүүлэхийн тулд юу хийх ёстой вэ? Ийм төрлийн асуултууд Бурханыг илрэхийг хүлээж байгаа бүх хүнд тулгардаг. Та бүхэн эдгээрийг нэг бус удаа бодож үзсэн, гэхдээ үр дүн нь юу байв? Бурхан хаана илэрдэг юм бэ? Бурханы мөр хаа байгаа юм бэ? Хариултыг нь та нар олсон уу? “Бурхан Өөрийг нь дагадаг бүх хүний дунд гарч ирдэг, Түүний мөр бидний дунд байдаг; Ийм л энгийн!” гэж олон хүн хариулна; Улиг болсон хариултыг хэн ч өгч чадна, гэхдээ Бурханы илрэлт болон Түүний мөр гэдэг нь юу гэсэн утгатайг та нар ойлгодог уу? Бурханы илрэлт гэдэг нь Тэр газар дэлхий дээр ажлаа хийхээр Өөрөө биечлэн ирэхийг хэлдэг. Тэрээр эрин үеийг эхлүүлж, эрин үеийг төгсгөх ажил явуулахын тулд Өөрийн ялгамж чанар, зан чанартайгаар, мөн Өөрийн төрөлх арга замаар хүн төрөлхтний дунд буудаг. Энэ төрлийн илрэлт нь нэг төрлийн ёслол биш юм. Энэ бол тэмдэг, дүр зураг, гайхамшиг, ямарваа агуу үзэгдэл биш, нэг төрлийн шашны зан үйл ч биш. Энэ бол хэний ч харж, хүрч болох жинхэнэ, бодит баримт билээ. Энэ төрлийн илрэлт нь ёс төдий зүйл хийхийн төлөө, эсвэл богино хугацааны даалгаврын төлөө байдаггүй; харин Түүний удирдлагын төлөвлөгөөний ажлын нэг үе шатны төлөө байдаг. Бурханы илрэлт нь үргэлж утга учиртай байдаг бөгөөд Түүний удирдлагын төлөвлөгөөтэй ямар нэг байдлаар үргэлж холбоотой байдаг. Энд буй илрэлт гээч нь Бурхан хүнийг залж, чиглүүлж, гэгээрүүлдэг төрлийн “илрэлт”-ээс тэс өөр юм. Бурхан Өөрийгөө илчлэх бүрдээ агуу ажлын нэг алхмыг хийдэг. Энэ ажил нь өөр ямар ч эрин үеийн ажлаас өөр билээ. Энэ нь хүний ухаан санаанд багтамгүй ба хүн үүнийг хэзээ ч туулж байгаагүй. Энэ бол шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эрин үеийг төгсгөдөг ажил бөгөөд хүн төрөлхтнийг аврахын төлөө шинэчилж, сайжруулсан ажлын нэг хэлбэр юм; түүнчлэн энэ нь хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү аваачдаг ажил билээ. Энэ бол Бурханы илрэлтийн утга учир юм.
Та нар Бурханы илрэлт гэж юу болохыг ойлгомогцоо Бурханы мөрийг хэрхэн эрж хайх ёстой вэ? Энэ асуултыг тайлбарлахад хэцүү биш: Бурханы илрэлт хаа байна, мөрийг нь тэндээс олох болно. Ийм тайлбар ядах юмгүй сонсогдож болох ч хэрэгжүүлэхэд төдий л амаргүй байдаг, учир нь Бурханыг хаана гарч ирдгийг олон хүн мэддэггүй, Тэр хаана илрэхийг хүсэж байгааг, эсвэл хаана илрэх ёстойг бүр ч мэддэггүй. Ариун Сүнс хаа ажиллаж байна, тэнд Бурхан илэрдэг гэж зарим нь ойворгоноор итгэдэг. Эсвэл сүнслэг хүмүүс хаа байна, тэнд Бурхан илэрдэг гэж итгэдэг. Эсвэл алдар нэртэй хүмүүс хаа байна, тэнд Бурхан илэрдэг гэж итгэдэг. Ийм итгэл нь зөв, буруу эсэхийг түр хойш тавья. Ийм асуултыг тайлбарлахын тулд бидний зорилго эхлээд тодорхой байх ёстой: Бид Бурханы мөрийг хайж байгаа. Сүнслэг хүмүүсийг эрж хайгаагүй, алдар нэртэй хүмүүсийг бүр ч эрэлхийлээгүй байна; Бурханы мөрийг бид эрэлхийлж байна. Ийм учраас, бид Бурханы мөрийг хайж байгаа тул Бурханы хүсэл, Бурханы үг, айлдварыг хайх нь зохистой—учир нь Бурхан хаана шинэ үгээ хэлнэ, Бурханы дуу хоолой тэнд байх бөгөөд Бурханы мөр хаа байна, Бурханы үйл хэрэг тэнд байдаг. Бурханы илэрхийлэл хаа байна, тэнд Бурхан илэрдэг, Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн, зам, амь оршдог. Та нар Бурханы мөрийг эрж хайхдаа “Бурхан бол үнэн, зам, амь” гэх үгийг үл тоомсорлосон. Иймээс олон хүн үнэнийг хүлээн авах үедээ ч гэсэн Бурханы мөрийг олсон гэдэгтээ итгэдэггүй бөгөөд Бурханы илрэлтийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ноцтой алдаа гээч! Бурханы илрэлтийг хүний үзэлд нийцүүлэх боломжгүй, Бурхан хүний хүсэлтээр гарч ирэх бүр ч боломжгүй. Бурхан ажлаа хийх үедээ Өөрөө сонголтоо хийж, төлөвлөгөөгөө Өөрөө гаргадаг; түүнчлэн Өөрийн гэсэн зорилго, арга барилтай байдаг. Тэрээр ямар ч ажил хийлээ гэсэн энэ тухай хүнтэй хэлэлцэж, хүний зөвлөгөөг эрж хайх шаардлагагүй, мөн хүн нэг бүрд ажлынхаа талаар мэдэгдэх шаардлага ч байхгүй. Энэ бол хүн бүрийн мэдэх ёстой Бурханы зан чанар юм. Та нар Бурханы илрэлтийг нүдээр үзэж, Бурханы мөрийг дагая гэвэл эхлээд өөрсдийнхөө үзлээс холдох ёстой. Та нар Бурханаас ингэ, тэг гэж шаардах ёсгүй, Түүнийг өөрийнхөө баригдмал сэтгэлгээнд хорьж, үзлээрээ хязгаарлах ч ёсгүй. Харин та нар Бурханы мөрийг хэрхэн хайх ёстой, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн авах ёстой, Бурханы шинэ ажилд хэрхэн захирагдах ёстой талаар өөрсдөөсөө асуух хэрэгтэй; хүний хийх ёстой зүйл бол энэ. Хүн бол үнэн биш, мөн үнэнийг эзэмшдэггүй тул эрж хайж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас
“Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.” Та нар одоо Ариун Сүнсний үгийг сонсов уу? Бурханы үг та нар дээр ирсэн. Та нар сонсож байна уу? Бурхан эцсийн өдрүүдэд үгийн ажил хийдэг бөгөөд ийм үг нь Ариун Сүнсний үг юм, учир нь Бурхан бол Ариун Сүнс бөгөөд бас махбод ч болж чадна; тиймээс урьд нь ярьж байсан Ариун Сүнсний үг бол өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы үг юм. Ариун Сүнс ярьж байгаа тул Түүний дуу хоолой тэнгэрээс дуугарч, хүнд сонсогдох ёстой гэж боддог мулгуу хүн олон бий. Ингэж боддог хэн боловч Бурханы ажлыг мэддэггүй. Үнэн хэрэгтээ, Ариун Сүнсний айлдсан айлдварууд нь махбод болсон Бурханы хэлсэн зүйл юм. Ариун Сүнс хүнтэй шууд ярьж чадахгүй; Хуулийн эрин үед ч гэсэн Ехова хүмүүстэй шууд яриагүй. Өнөөдрийн энэ эрин үед Түүний тэгж ярих магадлал бүр ч бага биш үү? Бурхан ажлаа гүйцэтгэхийн тулд айлдвар айлддаг учраас махбод болох ёстой, эс бөгөөс Түүний ажил зорилгоо биелүүлж чадахгүй. Бие махбодтой болсон Бурханыг үгүйсгэдэг хүмүүс бол Сүнсийг юм уу Бурханы ажилладаг зарчмыг мэддэггүй хүмүүс юм. Одоо үе бол Ариун Сүнсний эрин үе гэж боддог атлаа Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол тодорхойгүй, хийсвэр итгэл дунд амьдардаг хүмүүс юм. Ийм хүмүүс Ариун Сүнсний ажлыг хэзээ ч хүлээн авахгүй. Шууд ярьж, ажлаа гүйцэтгэхийг л Ариун Сүнснээс хүсдэг бөгөөд бие махбодтой болсон Бурханы үг болон ажлыг хүлээн авдаггүй хүмүүс шинэ эрин үед хөл тавьж, Бурханы бүрэн авралыг хүртэж хэзээ ч чадахгүй!
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?”-ээс
Ариун Сүнсний өнөөгийн айлдваруудыг дуулгавартай дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Тэд өмнө нь ямар байсан, эсвэл Ариун Сүнс тэдэн дотор хэрхэн ажилладаг байсан нь хамаагүй—Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг олж авсан хүмүүс хамгийн их ерөөгддөг бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй хүмүүс таягдан хаягддаг. Бурхан шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүсийг хүсдэг бөгөөд Өөрийнх нь хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн зөвшөөрдөг, мэддэг хүмүүсийг хүсдэг. Та нарыг ухаалаг охид байх ёстой гэж яагаад хэлдэг вэ? Ухаалаг охид Ариун Сүнсний ажлыг эрж хайж, шинэ зүйлсийг ойлгож, цаашлаад хуучин үзлээ хойш тавьж, Бурханы өнөөдрийн ажлыг дуулгавартай дагаж чаддаг. Өнөөдрийн шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг энэ бүлэг хүмүүсийг Бурхан аль эрт урьдчилан тогтоосон бөгөөд хамгийн их ерөөгдсөн хүмүүс билээ. Та нар Бурханы дуу хоолойг шууд сонсож, Бурханы илрэлтийг хардаг, иймээс тэнгэр газар даяар, эрин үеүдийн туршид хэн ч энэ бүлэг хүмүүс та нараас илүү ерөөгдөөгүй.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага”-аас