Тухайн үед Есүсийн ажил бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байв. Түүнд итгэсэн бүх хүний нүгэл уучлагдсан; Түүнд итгэдэг л бол Тэр чамайг золин аварна; хэрвээ Түүнд итгэсэн бол чи нүглийнх байхаа больж, нүглээсээ чөлөөлөгдөх байв. Аврагдах, итгэлээр зөвтгөгдөх гэдэг нь энэ юм. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцдэг, тэрслүү зүйл үлдсэн бөгөөд үүнийг мөн л аажмаар арилгах хэрэгтэй байлаа. Аврал гэдэг нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн нүгэлтэн байхаа больж, нүглээ уучлуулсан гэсэн үг юм. Чи итгэх л юм бол дахиад хэзээ ч нүглийнх байхаа болих юм.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 2”-оос
Эцсийн өдрүүдийн ажил бол үг хэлэх явдал юм. Үгийн тусламжтайгаар хүнд асар их өөрчлөлт гарч болно. Эдгээр үгийг хүлээн зөвшөөрснөөр өнөөгийн хүмүүст гарч байгаа өөрчлөлтүүд нь Нигүүлслийн эрин үеийн тэмдэг, гайхамшгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээс хамаагүй их. Учир нь Нигүүлслийн эрин үед гараа дээр нь тавьж, залбирснаар хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж байсан боловч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдсэн юм. Хүний өвчнийг эдгээж, нүглийг нь өршөөсөн боловч хүний доторх завхарсан сатанлаг зан чанарыг яг яаж арилгах тухайд бол энэ ажил хараахан хийгдээгүй. Хүн итгэлээсээ үүдэн аврагдаж, нүглээ уучлуулсан боловч хүний нүгэлт уг чанар арилаагүй бөгөөд дотор нь үлдсэн юм. Бие махбодтой болсон Бурханы тусламжтайгаар хүний нүглийг уучилсан боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол хүн энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч аргагүй байдаг. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас үүдсэн боловч хүн хуучны, завхарсан сатанлаг зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсаар юм. Ийм болохоор хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, улмаар хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь амийн өсөлтийн замыг, амийн замыг болон зан чанараа өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, зан чанараа аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан дор амьдарч, хийдэг бүхнээ Бурханы хүслийн дагуу байлгаж, завхарсан сатанлаг зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, улмаар нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ. Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүдэг бадаг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын хүү гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн тунхагласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны заханд хүрэх төдийд эдгэж, сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн завхарсан сатанлаг зан чанарыг олж мэдэж чадаагүй, үүнийг хэрхэн хаяхыг ч мэдээгүй. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, нэг гишүүнийх нь итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт ихээхэн нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг боломжийн итгэгч гэж үздэг байлаа. Ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгоогүй юм. Тэд зан чанараа өөрчлөх ямар ч замгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайдаг байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын тэрхүү үе шат дууссаны дараа шүүлт, гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, улмаар түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг хөөн зайлуулахаа үргэлжлүүлсээр байсан бол энэ үе шат үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь энэ нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ уучлуулаад л зогсонги байдалд орох байв. Цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн учраас нүглийн тахилаар дамжуулан хүн нүглээ уучлуулсан. Гэвч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж мөн л чаддаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тиймээс ажлын энэ үе шатанд Бурхан хүний завхарсан зан чанарыг илчлэхдээ үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4”-ѳѳс
Хүний махан бие Сатаных, энэ нь дуулгаваргүй зан чанараар дүүрэн, харамсмаар бузар заваан бөгөөд бохир зүйл юм. Хүмүүс махан биеийн зугаа цэнгэлд маш их шунадаг, махан биеийн хэтэрхий олон илэрхийлэл байдаг ба иймээс Бурхан махан биеийг тодорхой хэмжээгээр зэвүүцдэг. Хүмүүс Сатаны бузар заваан, завхарсан зүйлсийг орхих үедээ Бурханы авралыг олж авдаг. Гэвч хэрвээ тэд бузар заваан болон завхралаас өөрсдийгөө салгаж чадахгүй хэвээр үлдвэл Сатаны эзэмшил дор байсаар байх болно. Хүмүүсийн хуйвалдаан, хуурмаг зан болон шударга бус байдал нь Сатаны зүйлс юм. Бурхан чамайг аварч байгаа нь чамайг Сатаны эдгээр зүйлээс салгахын төлөө байдаг. Бурханы ажил буруу байж болохгүй, энэ нь бүгд хүмүүсийг харанхуйгаас аврахын төлөө байдаг. Чи тодорхой хэмжээгээр итгэж, махан биеийн завхралаас өөрийгөө салгаж, энэ завхралд дөнгөлөгдөхөө больж чадах үедээ аврагдчихсан байх бус уу? Чи Сатаны эзэмшил дор амьдарч байх үедээ Бурханыг илэрхийлэх чадваргүй, бузар заваан зүйл байх бөгөөд Бурханы өв залгамжлалыг хүлээн авахгүй. Цэвэрлэгдэж, төгс болгуулмагцаа чи ариун байх болно, мөн хэвийн хүн байх ба Бурханаар ерөөгдөж, таашаагдана.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 2”-оос
Эцэст нь, хүмүүсийн дотор байдаг Сатаны зүйл болон тэдний уг чанарын зүйлс өөрчлөгдөх ёстой ба үнэний шаардлагад нийцэх ёстой; ийм маягаар л хүн үнэхээр авралд хүрч чадна. Хэрвээ чи шашинд ямар байсантайгаа адилаар зүгээр л хоосон сургаалын зарим үгийг чалчиж, эсвэл уриа лоозон хэлээд, дараа нь цөөхөн сайн үйл хэрэг хийж, арай сайхан ааш авир гаргаж, зарим нэг нүгэл буюу ямар нэг илэрхий нүгэл үйлдэхээс татгалздаг бол энэ нь, Бурханд итгэх зөв замд орсон гэсэн үг бас л биш юм. Дүрэм журмыг мөрдөж чаддаг гэдэг нь зөв замаар алхаж байгааг чинь илтгэдэг үү? Энэ нь, чи зөв сонгосон гэсэн үг юм уу? Хэрвээ уг чанар доторх зүйлс чинь өөрчлөгдөөгүй бөгөөд эцэст нь чи Бурханыг эсэргүүцэж, Бурханд халдсаар байгаа бол энэ нь хамгийн том асуудал юм. Хэрвээ чи Бурханд итгэх итгэлдээ энэ асуудлыг шийдвэрлэдэггүй бол чамайг аврагдсан гэж үзэж болох уу?
“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд итгэхдээ зөв замыг сонгох нь хамгийн чухал”-аас
Хүн үүргээ гүйцэтгэж байхдаа Бурханыг хангалуун байлгаж, үг болон үйлдэлдээ зарчимч байж, үнэний тал бүрийн үнэн-бодит байдалд орж чаддаг бол Бурханаар төгс болгуулдаг хүн мөн. Ийм хүмүүст Бурханы үг болон ажил бүрэн үр нөлөөтэй байсаар ирсэн, Бурханы үг тэдний амь болж, тэд үнэнийг олж авсан бөгөөд Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг гэж хэлэхэд болно. Үүний дараа тэдний махан биеийн уг чанар буюу анхдагч оршин тогтнолынх нь гол суурь ганхаж, нуран унана. Хүмүүс Бурханы үгийг амиа болгон эзэмшсэнийхээ дараа шинэ хүмүүс болцгооно. Хэрэв тэд Бурханы үгийг амиа болгож, Бурханы ажлын үзэгдэл, хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага, хүмүүст өгдөг илчлэл, Бурханы хүр гэж шаарддаг жинхэнэ амьдралын стандартыг амиа болгон, эдгээр үг, үнэний дагуу амьдардаг бол Бурханы үгээр төгс болгуулдаг. Ийм хүмүүс дахин төрж, Бурханы үгээр дамжуулан шинэ хүмүүс болцгоосон юм.
“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Петрийн замаар хэрхэн алхах вэ”-ээс
Бурханд итгэхийн ач холбогдол нь аврагдах явдал, тэгвэл аврагдах гэж юу гэсэн үг вэ? “Аврагдах”, “Сатаны харанхуй нөлөөнөөс ангижрах”—хүмүүс эдгээр сэдвийн талаар үргэлж ярьдаг боловч аврагдах гэж юу гэсэн үг болохыг мэддэггүй. Аврагдах гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь Бурханы хүсэлтэй холбоотой. Аврагдах гэдгийг энгийн үгээр хэлбэл, чи үргэлжлүүлэн амьдарч чадна, мөн чи буцаад амьдарсан гэсэн үг. Тэгвэл үүнээс өмнө чи үхсэн байдаг уу? Чи ярьж, амьсгалж чаддаг тул чамайг яаж үхсэн гэж хэлэх юм бэ? (Сүнс нь үхсэн байдаг.) Сүнс нь үхсэн бол хүн үхсэн байдаг гэж яагаад хэлдэг вэ? Ингэж хэлдгийн үндэслэл юу вэ? Авралд хүрэхээсээ өмнө хүмүүс хэний эзэмшил дор амьдардаг вэ? (Сатаны эзэмшил дор.) Тэгвэл Сатаны эзэмшил дор амьдрахын тулд хүмүүс юунд найддаг вэ? Тэд сатанлаг уг чанар болон завхарсан зан чанартаа найдан амьдардаг. Хүн эдгээр зүйлээр амьдрах үед түүний бүхий л оршихуй—махан бие, мөн сүнс, бодол гэх мэт бусад бүх тал нь амьд байдаг уу, үхмэл байдаг уу? Бурханы үзэл бодлоор бол, үхмэл байдаг. Гаднаа чи амьсгалж, бодож байгаа мэт харагддаг боловч байнга бодож байгаа бүхэн чинь ёрын муу байдаг; чи Бурханыг эсэргүүцдэг, Бурханы эсрэг тэрсэлдэг зүйл бодож, Бурханы жигшиж, үзэн ядаж, ялладаг зүйлийг боддог. Бурханы нүдээр энэ бүх зүйл махан биед харьяалагдаад зогсохгүй тэр чигтээ Сатан болон диаволуудад харьяалагддаг. Тэгвэл Бурханы нүдээр хүн гэж юу вэ? Тэд хүн мөн үү? Үгүй, биш. Бурхан тэднийг диавол, адгуус, Сатан, амьд Сатан гэж хардаг! Хүмүүс Сатаны зүйлс болон мөн чанараар амьдардаг бөгөөд Бурханы нүдээр тэд өөрсдөө хүний махан биеийг өмссөн амьд Сатан юм. Бурхан ийм хүмүүсийг амьд үхдэл; үхсэн хүмүүс гэж тодорхойлдог. Бурхан завхарсан сатанлаг зан чанар, завхарсан сатанлаг мөн чанараараа амьдардаг эдгээр амьд үхдэлийг авахын тулд өнөөгийн авралын ажлаа хийдэг бөгөөд энэхүү үхсэн гэгддэг хүмүүсийг аваад, амь оруулдаг. Аврагдана гэж үүнийг хэлдэг.
Бурханд итгэх нь аврагдахын төлөө байдаг. Аврагдах гэдэг нь үхсэн хүнээс амьд хүн болж хувирах гэсэн утгатай. Үүний утга нь, амьсгал чинь сэргэж, чи амь ордог; чи Бурханыг мэдэж чаддаг бөгөөд Түүнд шүтэн мөргөхөөр өвдөг сөгдөж чаддаг. Зүрх сэтгэлд чинь Бурханы эсрэг эсэргүүцэл гэж байхаа больдог; чи Түүнийг эсэргүүцэж, дайрч давшилж, Түүний эсрэг тэрслэхээ больдог. Бурханы нүдээр ийм хүмүүс л үнэхээр амьд юм. Хэрэв хэн нэгэн би зүгээр л Бурханыг хүлээн зөвшөөрдөг гэж хэлбэл тэр амьд хүмүүсийн нэг мөн үү, биш үү? (Үгүй ээ, биш.) Тэгвэл амьд хүмүүс гэж ямар төрлийн хүмүүс вэ? Амьд хүмүүс ямархуу бодит байдлыг эзэмшдэг вэ? Амьд хүмүүс ядаж л хүний хэлээр ярьж чаддаг. Тэр нь юу вэ? Тэдний хэлдэг үг үзэл санаа, бодол, ялган таних чадвар агуулдаг. Амьд хүмүүс ихэвчлэн ямар зүйлийн талаар боддог, ямар зүйл хийдэг вэ? Тэд хүний харилцаанд оролцож, үүргээ биелүүлдэг. Тэдний хийдэг, хэлдэг зүйлийн уг чанар юу вэ? Тэдний илчилдэг, боддог, хийдэг бүхэн Бурханаас эмээж, муугаас зайлах уг чанартайгаар хийгддэг. Илүү оновчтой хэлбэл, амьд хүмүүсийн нэг болохын чинь хувьд Бурхан чиний үйл хэрэг, бодол бүрийг ялладаггүй, мөн жигшиж, голдоггүй; харин ч хүлээн зөвшөөрч, сайшаадаг. Энэ нь амьд хүмүүсийн хийдэг зүйл бөгөөд энэ нь бас амьд хүмүүсийн хийх ёстой зүйл юм.
“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Жинхэнэ дуулгавартай байдал л жинхэнэ итгэлд хүргэдэг”-ээс
Хүмүүс амьд хүн болж, Бурханд гэрчлэл хийж, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхийг хүсвэл Бурханы авралыг хүлээн зөвшөөрөх ёстой; Түүний шүүлт, гэсгээлтэд баяртайгаар захирагдах ёстой, мөн Бурханы засалт, харьцалтыг баяртайгаар хүлээн авах ёстой. Тэр үед л тэд Бурханы шаарддаг бүх үнэнийг хэрэгжүүлэх чадвартай болно, тэр үед л тэд Бурханы авралыг олж авч, үнэхээр амьд хүн болох болно. Амьд хүмүүс бол Бурханаар аврагдсан хүмүүс, тэд Бурханаар шүүгдэж, гэсгээгдсэн бөгөөд өөрсдийгөө зориулахад бэлэн байдаг, амиа Бурханд дуртайяа өгч, бүхий л амьдралаа Бурханд баяртайгаар зориулдаг. Амьд хүмүүс Бурханд гэрчлэл хийх үед л Сатан шившиглэгдэнэ, амьд хүмүүс л Бурханы сайн мэдээний ажлыг түгээж чадна, амьд хүмүүс л Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадна, амьд хүмүүс л жинхэнэ хүн юм. Анх Бурханы бүтээсэн хүн амьд байсан боловч Сатаны завхралын улмаас хүн үхлийн дунд, Сатаны нөлөөн дор амьдардаг, иймээс хүмүүс сүнсгүй үхэгсэд болсон, Бурханыг эсэргүүцдэг дайснууд болсон, Сатаны хэрэгсэл болсон, мөн Сатаны хоригдол болцгоосон. Бурханы бүтээсэн бүх амьд хүн үхдэл болсон учраас Бурхан гэрчлэлээ алдсан, мөн Тэр Өөрийнхөө бүтээсэн, Өөрийнх нь амьсгалыг агуулдаг цорын ганц зүйл болох хүн төрөлхтнийг алдсан юм. Бурхан гэрчлэлээ буцаан авч, Өөрийнх нь гараар бүтээгдсэн боловч Сатанд олзлогдсон хүмүүсийг буцааж авъя гэвэл тэднийг амьд хүн болгохын тулд дахин амилуулах ёстой, тэгээд Тэр тэднийг гэрэлдээ амьдруулахын тулд буцаан авах ёстой. Үхэгсэд бол сүнсгүй, туйлын хөшүүн, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Хамгийн гол нь тэд бол Бурханыг мэддэггүй хүмүүс. Энэ хүмүүс Бурханд дуулгавартай байх өчүүхэн төдий ч санаа зорилгогүй, зөвхөн Түүний эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцдэг ба өчүүхэн ч үнэнч сэтгэлгүй байдаг. Амьд хүмүүс бол сүнс нь дахин төрсөн, Бурханд дуулгавартай байхаа мэддэг, Бурханд үнэнч хүмүүс юм. Тэд үнэн болон гэрчлэлийг эзэмшдэг бөгөөд энэ хүмүүс л Бурханы гэрт Түүний таалалд нийцдэг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи амилсан хүн мөн үү?”-ээс