Би ямар хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч эцэст нь өрөвдмөөр бузар хэвээр байвал Миний хаанчлалд орохыг хүсэх чинь Тэнгэрийн хуулиар тэвчишгүй юм! Дэлхий ертөнц бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Надад ая тал зассан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгож байгаагүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй! Чи амийг эрж хайх ёстой. Өнөөдөр, төгс болгуулах хүмүүс Петртэй адил төрлийнх юм: Тэд бол зан чанараа өөрчлөхөөр эрж хайдаг хүмүүс бөгөөд Бурханд гэрчлэл хийж, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг хүмүүс юм. Тийм хүмүүс л төгс болгуулна. Хэрвээ чи зөвхөн шагнал горилоод, амь зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлдэггүй бол бүх хичээл чармайлт чинь талаар өнгөрнө—энэ бол өөрчлөгдөшгүй үнэн юм!
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас
Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг яаж бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан чинь үнэн. Чи Бурханы авралаас үүдэн нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа боловч нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг чинь энэ нь нотлохгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн, өөдгүй байдаг мөртөө Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд Бурхан чамайг биечлэн өөрчилж, цэвэрлэх ёстой; чи зөвхөн золин авруулсан бол ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авч чадахгүй.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас
Хүний махан бие Сатаных, энэ нь дуулгаваргүй зан чанараар дүүрэн, харамсмаар бузар заваан бөгөөд бохир зүйл юм. Хүмүүс махан биеийн зугаа цэнгэлд маш их шунадаг, махан биеийн хэтэрхий олон илэрхийлэл байдаг ба иймээс Бурхан махан биеийг тодорхой хэмжээгээр зэвүүцдэг. Хүмүүс Сатаны бузар заваан, завхарсан зүйлсийг орхих үедээ Бурханы авралыг олж авдаг. Гэвч хэрвээ тэд бузар заваан болон завхралаас өөрсдийгөө салгаж чадахгүй хэвээр үлдвэл Сатаны эзэмшил дор байсаар байх болно. Хүмүүсийн хуйвалдаан, хуурмаг зан болон шударга бус байдал нь Сатаны зүйлс юм. Бурхан чамайг аварч байгаа нь чамайг Сатаны эдгээр зүйлээс салгахын төлөө байдаг. Бурханы ажил буруу байж болохгүй, энэ нь бүгд хүмүүсийг харанхуйгаас аврахын төлөө байдаг. Чи тодорхой хэмжээгээр итгэж, махан биеийн завхралаас өөрийгөө салгаж, энэ завхралд дөнгөлөгдөхөө больж чадах үедээ аврагдчихсан байх бус уу? Чи Сатаны эзэмшил дор амьдарч байх үедээ Бурханыг илэрхийлэх чадваргүй, бузар заваан зүйл байх бөгөөд Бурханы өв залгамжлалыг хүлээн авахгүй. Цэвэрлэгдэж, төгс болгуулмагцаа чи ариун байх болно, мөн хэвийн хүн байх ба Бурханаар ерөөгдөж, таашаагдана.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 2”-оос
Бурхан бол зөвт Бурхан бөгөөд хүн эцэст нь хүртэл Түүнийг дагаж байгаа цагт Тэр хүнийг алагчлахгүй нь гарцаагүй, учир нь Тэр хамгийн зөвт гэж хүмүүс хэлдэг. Хэрвээ хүн Түүнийг эцэст нь хүртэл дагах юм бол Тэр хүнийг орхиж чадна гэж үү? Би бүх хүнд алагчлалгүй хандаж, бүх хүнийг зөвт зан чанараараа шүүдэг ч хүнд тавьдаг шаардлагуудад минь тохиромжтой нөхцөл байдаг бөгөөд хэн байхаас үл хамааран, Миний шаарддаг зүйлийг бүх хүн биелүүлэх ёстой. Чиний чадвар хэр болох нь, хэр удаан ийм чадвартай байсан чинь Надад хамаагүй; Миний замаар явж байгаа эсэхийг чинь, үнэнийг хайрлаж, үнэнээр цангаж байгаа эсэхийг чинь л Би анхаардаг. Хэрвээ чамд үнэн байхгүй, харин ч Миний нэрэнд ичгүүр авчирч, Миний замын дагуу үйлддэггүй бөгөөд ямар ч санаа зовнил, хайхрамжгүй зүгээр л дагадаг бол тэр үед Би ёрын муугийн чинь төлөө чамайг цохин унагаж, чамайг шийтгэнэ, тэр үед чи юу гэх вэ? Бурхан бол зөвт биш гэж чи хэлж чадах уу? Өнөөдөр, хэрвээ чи Миний хэлсэн үгийг мөрдсөн бол Миний сайшаадаг төрлийн хүн мөн. Бурханыг дагах явцдаа үргэлж зовж шаналсан, бэрхшээлийг үл тоомсорлон Түүнийг дагасан, сайн, муу бүх цаг үеийг Түүнтэй хуваалцсан гэж чи хэлдэг боловч Бурханы хэлсэн үгийг амьдран харуулаагүй; чи өдөр бүр Бурханы төлөө гүйж, Түүний төлөө өөрийгөө зарлагадахыг л хүсдэг ба утга учиртай амьдралыг амьдран харуулах талаар хэзээ ч бодож үзээгүй. Чи бас “Ямар ч тохиолдолд Бурхан бол зөвт гэдэгт би итгэдэг. Би Түүний төлөө зовсон, Түүний төлөө ийш тийш гүйсэн, өөрийгөө Түүнд зориулсан ба гавьяа хүртээгүй хэр нь шаргуу ажилласан; Тэр гарцаагүй намайг санаж байгаа” гэж хэлдэг. Бурхан зөвт гэдэг нь үнэн ч энэхүү зөвт байдал ямар ч хольцоор сэвтээгүй: Үүнд хүний ямар ч хүсэл байдаггүй ба махан бие юм уу хүний арилжаа наймаа холилддоггүй. Тэрслүү агаад эсэргүүцдэг бүхэн, Түүний замыг даган мөрддөггүй бүхэн шийтгүүлнэ; хэн ч уучлагдахгүй, хэн ч өршөөгдөхгүй! Зарим хүн: “Өнөөдөр би Таны төлөө гүйлээ; эцэстээ Та надад жаахан ерөөл өгч чадах уу?” гэдэг. Тэгэхэд Би чамаас “Чи Миний үгийг мөрдсөн үү?” гэж асууна. Чиний ярьдаг зөвт байдал арилжаа наймаанд үндэслэдэг. Би бол зөвт бөгөөд бүх хүнд алагчлалгүй ханддаг учраас л Намайг эцсээ хүртэл дагадаг хүмүүс гарцаагүй аврагдаж, Миний ерөөлийг хүртэнэ гэж чи боддог. “Намайг эцсээ хүртэл дагадаг хүмүүс гарцаагүй аврагдана” гэх Миний үгэнд далд утга бий: Намайг бүр эцэст нь хүртэл дагадаг хүмүүс бол Надаар бүрэн авхуулах хүмүүс юм, тэд бол Надаар байлдан дагуулагдсаныхаа дараа үнэнийг эрж хайж, төгс болгуулдаг хүмүүс юм. Чи ямар нөхцөлийг биелүүлсэн бэ? Чи ердөө Намайг эцэст нь хүртэл дагасан, гэхдээ өөр яасан гэж? Чи Миний үгийг мөрдсөн үү? Миний таван шаардлагаас нэгийг биелүүлсэн ч үлдсэн дөрвийг нь биелүүлэх санаа зорилго чамд байдаггүй. Чи ердөө хамгийн энгийн, хамгийн амархан замыг олоод, азтай болно гэж найдсан хандлагаар л энэ замыг хөөсөн. Чам шиг тийм хүмүүст Миний зөвт зан чанар бол зөвхөн гэсгээлт, шүүлт, зөвт залхаан цээрлүүлэлт бөгөөд мууг үйлдэгч бүхний зөвт шийтгэл энэ юм; эцэст нь хүртэл дагасан ч гэсэн, Миний замаар алхдаггүй бүх хүн гарцаагүй шийтгүүлнэ. Энэ нь Бурханы зөвт байдал билээ.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс
Та нар олон жилийн турш дагалдагч байснаараа ямартай ч шаргуу ажилласан бөгөөд зүгээр л үйлчлэл үзүүлэгч байсныхаа төлөө Бурханы гэрээс аяга будаа хүртэж ёстой гэж төсөөлж байж магадгүй. Та нар ямар нэг зүйлийг ашиглаад, хариуд нь өөрсдийгөө ашиглуулахгүй байх зарчмыг үргэлж эрэлхийлж ирсэн учраас дийлэнх чинь ингэж боддог гэж Би хэлнэ. Тиймээс Би одоо та нарт тун нухацтайгаар хэлж байна: Шаргуу ажил чинь хэр гавьяатайг, чадвар чансаа чинь хэр сүрхийг, Намайг хэр ойр дагадаг, хэр их нэр цуутайг чинь, эсвэл хандлагаа хэр их сайжруулсныг чинь Би хайхардаггүй; Миний шаардлагад нийцээгүй л бол чи Миний магтаалыг хэзээ ч хүртэж чадахгүй. Энэ бүх санаа, тооцооллоо аль болох эртхэн орхиод Миний шаардлагад нухацтай хандаж эхэл; эс бөгөөс, Би ажлаа дуусгахын тулд бүх хүнийг үнс нурам болгож, хамгийн муудаа л олон жилийн ажил, зовлон шаналлаа талаар болгоно, учир нь Би Өөрийн дайснууд болон муу муухай ханхлуулсан, Сатаны төрхтэй хүмүүсийг хаанчлалдаа юм уу дараагийн эрин үед аваачиж чадахгүй.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө”-ѳѳс