Бурханы 6,000 жилийн удирдлагын ажил нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шатанд хуваагддаг. Ажлын энэ гурван үе шат нь бүгд хүн төрөлхтний авралын төлөө, өөрөөр хэлбэл, Сатаны асар их ялзруулсан хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг. Гэхдээ бас үүний зэрэгцээ эдгээр нь Бурханы Сатантай хийх тулааны төлөө байдаг. Тиймээс авралын ажил гурван үе шатанд хуваагддагийн адилаар Сатантай хийх тулаан ч мөн гурван үе шатанд хуваагдаж, Бурханы ажлын энэ хоёр тал нэгэн зэрэг явагддаг. Сатантай хийх тулаан нь үнэндээ хүн төрөлхтний авралын төлөө байдаг бөгөөд хүн төрөлхтний авралын ажил нь ганцхан үе шатанд амжилттай дуусгаж болох зүйл биш тул Сатантай хийх тулаан ч гэсэн шатлал, мөчлөгт хуваагдаж, хүний хэрэгцээ, Сатаны ялзруулсан хэмжээний дагуу Сатантай дайн хийгддэг. Хоёр арми хоорондоо тулалддагийн адилаар Бурхан энэ тулаанд Сатаны эсрэг зэвсгээр байлдах болно гэж хүн төсөөлөлдөө боддог байх. Хүний оюун ухаан ингэж л төсөөлөх чадвартай ба туйлын тодорхойгүй, хийсвэр санаа хэдий ч хүн ингэж л итгэдэг. Хүнийг аврах арга зам нь Сатантай хийх тулаанаар дамждаг гэж Намайг энд хэлсэн учраас тулаан ингэж явагддаг гэж хүн төсөөлдөг. Хүний авралын ажилд гурван үе шат байдаг, өөрөөр хэлбэл, Сатантай хийдэг тулаан нь Сатаныг нэгмөсөн ялахын тулд гурван үе шатанд хуваагддаг гэж хэлж болно. Гэвч Сатантай тулалдах бүхий л ажлын дотоод үнэн нь хүнд нигүүлсэл хайрлах, хүний нүглийн тахил болох, хүний нүглийг уучлах, хүнийг байлдан дагуулах, хүнийг төгс болгох гэсэн ажлын хэд хэдэн алхмаар дамжин үр дүнд хүрдэгт оршдог. Үнэндээ Сатантай хийх тулаан нь Сатаны эсрэг зэвсгээр байлдах бус, харин хүний аврал, хүний амийн ажил болон хүний зан чанарыг өөрчилснөөр хүн Бурханд гэрчлэл хийх боломжтой болох явдал юм. Сатан ингэж ялагддаг. Хүний ялзарсан зан чанарыг өөрчлөх замаар Сатаныг ялдаг. Сатан ялагдсан үед буюу хүн бүрэн аврагдсан үед шившиглэгдсэн Сатан бүрэн хүлэгдэх болно, энэ маягаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс хүний авралын мөн чанар нь Сатантай хийх тулаан бөгөөд хүний аврал нь үндсэндээ энэ дайны тусгал болдог. Хүнийг байлдан дагуулах эцсийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат төдийгүй Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах ажил юм. Хүнийг байлдан дагуулахын дотоод утга учир нь, Сатаны биелэл болсон Сатаны ялзруулсан хүн байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгч рүү эргэн очих явдал бөгөөд үүгээр дамжуулан тэр Сатаныг хаяж, Бурхан руу бүрмөсөн буцаж очно. Ийм замаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс байлдан дагуулалтын ажил нь Сатаны эсрэг тулааны сүүлчийн ажил бөгөөд Сатаныг ялахын төлөөх Бурханы удирдлагын эцсийн үе шат юм. Энэ ажилгүйгээр хүний бүрэн аврал эцсийн дүндээ боломжгүй болно, Сатаныг бүрэн ялах ч боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч гайхалтай хүрэх газарт орж, Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадахгүй байх байсан юм. Үүний үр дүнд, Сатантай хийх тулаан дуусахаас нааш хүнийг аврах ажил дуусна гэж байхгүй, учир нь Бурханы удирдлагын ажлын цөм нь хүн төрөлхтний авралын төлөө байдаг. Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзралын улмаас хүн Сатанд хүлэгдэж, ёрын муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагын ажлын ялах учиртай бай нь Сатан болсон юм. Сатан хүнийг эрхшээлдээ оруулсан учраас, мөн хүн бол Бурханы бүх удирдлагаа хэрэгжүүлэхдээ ашигладаг хөрөнгө учраас хүнийг аваръя гэвэл түүнийг Сатаны гараас эргүүлээд булаах ёстой, өөрөөр хэлбэл, Сатанд олзлогдсон байсан хүнийг буцаан олж авах ёстой гэсэн үг. Тиймээс, хүний хуучин зан чанарын өөрчлөлт, анхдагч эрүүл ухааныг нь сэргээх өөрчлөлтөөр дамжуулан Сатаныг ялах ёстой. Ийм маягаар, олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлээд булаан авч болно. Хэрвээ хүнийг Сатаны нөлөө болон хүлээснээс чөлөөлбөл Сатан шившиг болж, эцсийн эцэст хүнийг буцаан олж авч, Сатан ялагдах болно. Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас хүн энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан дуусмагц шийтгэгдэх бай болно, үүний дараа хүн төрөлхтнийг аврах бүхий л ажил дууссан байх болно.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас
Есүсийн хийсэн ажил Хуучин Гэрээнээс ердөө нэг үе шатаар өндөр байв; энэ нь эрин үеийг эхлүүлж, тэрхүү эрин үеийг удирдахад ашиглагдсан. Яагаад Тэр: “Би хуулийг хэрэгсэхгүй болгохын тулд биш, харин гүйцэлдүүлэхийн тулд ирсэн” гэж хэлсэн бэ? Гэсэн ч Хуучин гэрээний израильчуудын хэрэгжүүлж байсан хууль болон даган мөрдөж байсан тушаалуудаас ялгаатай зүйл Түүний ажилд их байсан, учир нь Тэр хуулийг дуулгавартай дагахаар биш, харин гүйцэлдүүлэхээр ирсэн билээ. Үүнийг гүйцэлдүүлэх үйл явц нь олон бодитой зүйлсийг агуулж байсан: Түүний ажил илүү жинхэнэ, бодитой байсан, цаашлаад энэ нь илүү амьд агаад дүрэм журмыг сохроор баримтлах явдал биш байсан. Израильчууд Амралтын өдрийг сахиагүй гэж үү? Есүс ирэхдээ Амралтын өдрийг чанд мөрдөөгүй, учир нь Тэрээр, хүний Хүү бол Амралтын өдрийн Эзэн бөгөөд Амралтын өдрийн Эзэн ирэх үедээ хүссэнээрээ хийнэ гэж хэлсэн юм. Тэрээр Хуучин гэрээний хуулиудыг гүйцэлдүүлж, хуулийг өөрчлөхийн тулд ирсэн билээ. Өнөөдөр хийгддэг бүхэн өнөө үед үндэслэдэг ч Хуулийн эрин үе дэх Еховагийн ажлын суурин дээр тулгуурладаг бөгөөд энэ цар хүрээг давдаггүй. Жишээлбэл, хэлэх үгээ хянах, садар самуун үйлдэхгүй байх зэрэг нь Хуучин Гэрээний хууль биш гэж үү? Өнөөдөр та нараас шаарддаг зүйл зөвхөн Арван Тушаалаар хязгаарлагддаггүй, харин урьд байснаас илүү өндөр зэрэглэлийн тушаал болон хуулиас бүрддэг. Гэхдээ энэ нь урьдын зүйлсийг хэрэгсэхгүй болгоно гэсэн үг биш, учир нь Бурханы ажлын үе шат бүр урьд нь явагдсан үе шатны суурин дээр хийгддэг. Тахил өргөх, эцэг эхээ хүндлэх, хуурамч шүтээн шүтэхгүй байх, бусдыг дайрч доромжлохгүй, эсвэл хараахгүй байх, садар самуун үйлдэхгүй байх, тамхи татахгүй, архи уухгүй байх, үхсэн юм идэхгүй, цус уухгүй байх гэх мэт тухайн үед Еховагийн Израильд хийсэн ажлын тухайд бол, өнөөдөр ч гэсэн энэ нь хэрэгжүүлэлтийн чинь суурийг бүрдүүлдэггүй гэж үү? Өнгөрсөн үеийн суурин дээр л өнөөдрийг хүртэл ажил хийгдсээр ирсэн. Хэдийгээр өнгөрсөн үеийн хуулиудыг дурдахаа больж, чамд шинэ шаардлага тавьсан боловч эдгээр хууль хүчингүй болоогүйгээр үл барам, харин ч илүү өндөрт өргөгдсөн юм. Тэдгээрийг хүчингүй болгосон гэж хэлбэл өмнөх эрин үе хуучирсан гэсэн үг, гэхдээ зарим тушаалыг чи мөн л үүрд мөнхөд баримтлах ёстой. Өнгөрсөн үеийн тушаалууд аль хэдийн хэрэгжиж, аль хэдийн хүний оршихуй болсон бөгөөд “тамхи татаж болохгүй”, “архи ууж болохгүй” гэх мэт тушаалуудыг онцлон тэмдэглэх хэрэггүй. Энэ суурин дээр, өнөөдрийн хэрэгцээний чинь дагуу, биеийн хэмжээний чинь дагуу, өнөөдрийн ажлын дагуу шинэ тушаалуудыг гаргадаг. Шинэ эрин үеийн тушаалуудыг тунхаглах нь хуучин эрин үеийн тушаалуудыг хэрэгсэхгүй болгоно гэсэн үг биш, харин хүний үйлдлийг илүү бүрэн гүйцэд болгож, бодит байдалтай илүү зохицолтой болгохын тулд энэ суурин дээр тэдгээрийг илүү өндөрт өргөх явдал юм. Хэрвээ өнөөдөр та нараас израильчуудын адилаар зөвхөн Хуучин Гэрээний тушаалыг дагаж, хуулийг мөрдөхийг л шаардсан бол, тэр ч бүү хэл Еховагийн тогтоосон хуулийг цээжлэхийг шаардсан бол та нар өөрчлөгдөх ямар ч боломжгүй байх байлаа. Хэрвээ та нар тэр хэдхэн хязгаарлагдмал тушаалуудыг дагаж, эсвэл тоо томшгүй олон хууль цээжилсэн бол хуучин зан чанар чинь гүнзгий шингэсэн хэвээр үлдэх байсан бөгөөд үүнийг үндсээр нь арилгах ямар ч аргагүй байх байв. Тиймээс та нар улам бүр доройтох байсан бөгөөд та нарын нэг нь ч дуулгавартай болохгүй байх байсан юм. Өөрөөр хэлбэл, хэдхэн энгийн тушаал, эсвэл тоймгүй олон хууль Еховагийн үйл хэргийг мэдэхэд чинь туслах чадваргүй. Та нар израильчуудтай адилхан биш: Хуулийг дагаж, тушаалыг цээжилснээр тэд Еховагийн үйл хэргийг нүдээр харж, өөрсдийн чин үнэнч байдлыг ганцхан Түүнд өгч чаддаг байсан. Харин та нар үүнд хүрч чадахгүй бөгөөд Хуучин Гэрээний эрин үеийн хэдхэн тушаал нь та нарыг зүрх сэтгэлээ өгөхөд хүргэх, эсвэл та нарыг хамгаалах чадваргүйгээр үл барам, харин ч та нарыг цалгар болгож, Үхэгсдийн орон руу унагана. Учир нь Миний ажил байлдан дагуулалтын ажил бөгөөд энэ нь та нарын дуулгаваргүй байдал болон хуучин зан чанар луу чиглэдэг. Ехова, Есүс хоёрын эелдэг үг өнөөгийн шүүлтийн хатуу үгээс хавьгүй дутмаг байдаг. Тийм хатуу үггүйгээр, хэдэн мянган жилийн турш дуулгаваргүй байсаар ирсэн “мэргэжилтнүүд” та нарыг байлдан дагуулах боломжгүй юм. Хуучин Гэрээний хуулиуд нь та нарт нөлөөлөх хүчээ аль хэдийн алдсан ба өнөөдрийн шүүлт хуучин хуулиас хавьгүй илүү хатуу. Та нарт хамгийн тохиромжтой зүйл бол хуулийн шалихгүй хязгаарлалтууд биш, харин шүүлт юм, учир нь та нар хамгийн анхны хүн төрөлхтөн биш, харин хэдэн мянган жилийн турш ялзруулагдсан хүн төрөлхтөн билээ. Хүний одоо хүрэх ёстой зүйл өнөөдрийн хүний бодит байр байдлын дагуу, өнөө цагийн хүний хэв чанар болон бодит биеийн хэмжээний дагуу байдаг бөгөөд дүрэм журам баримтлахыг чамаас шаарддаггүй. Ингэснээр хуучин зан чанарт чинь өөрчлөлт гарч, чи өөрийн үзлийг хаяж болох юм.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 1”-ээс
Хэдийгээр хүний өнөөдөр алхдаг зам ч бас загалмайн зам, зовлонгийн зам боловч өнөөдөр хүний хэрэгжүүлж, идэж, ууж, эдэлдэг зүйлс нь хуулийн дор болон Нигүүлслийн эрин үед байсан хүмүүсийнхээс асар өөр билээ. Өнөөдөр хүнээс шаарддаг зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй бөгөөд Хуулийн эрин үед хүнээс шаардаж байсантай бүр ч адилгүй. Тэгвэл Бурханы Израильд ажлаа хийж байхдаа хуулийн дор байгаа хүнээс юу шаардсан бэ? Энэ нь, хүн Амралтын өдрийг болон Еховагийн хуулийг мөрдөх ёстой гэдгээс хэтрээгүй. Хэн ч Амралтын өдрөөр ажиллаж, эсвэл Еховагийн хуулийг зөрчиж болохгүй байв. Гэхдээ одоо тийм биш. Амралтын өдөр хүн ердийнхөөрөө ажиллаж, цугларч, залбирдаг ба хүнд ямар ч хориг хязгаарлалт тавьдаггүй. Нигүүлслийн эрин үеийн хүмүүс баптисм хүртэх хэрэгтэй байсан, улмаар мацаг барьж, талх хугалж, дарс ууж, толгойгоо бүтээж, хөлөө угаахыг тэднээс шаардсан. Одоо энэ дүрмүүд хүчингүй болсон боловч хүнд бүр ч их шаардлага тавьдаг, учир нь Бурханы ажил улам бүр гүнзгийрч, хүний оролт улам өндөрсөж байдаг. Урьд нь Есүс хүн дээр гараа тавин залбирсан, харин одоо бүхнийг хэлсэн болохоор гараа тавихын хэрэг юу байх билээ? Дан ганц үгээр үр дүнд хүрч болно. Урьд нь Тэрээр хүн дээр гараа тавих үед энэ нь хүнийг ерөөж, бас өвчнийг нь эдгээх зорилготой байлаа. Тухайн үед Ариун Сүнс ингэж ажилладаг байсан, гэхдээ одоо тийм биш. Одоо Ариун Сүнс ажиллаж, үр дүнд хүрэхийн тулд үг ашигладаг. Түүний үг та нарт тодорхой болсон бөгөөд та нар хэлсний дагуу хэрэгжүүлэх ёстой. Түүний үг бол Түүний хүсэл; тэдгээр нь Түүний хийхийг хүсдэг ажил. Үгээр нь дамжуулан чи Түүний хүслийг ойлгож, юунд хүрэхийг чамаас шаардаж байгааг ойлгоно, мөн гар тавих ямар ч хэрэггүйгээр Түүний үгийг шууд хэрэгжүүлж болно. Зарим хүн: “Гараа над дээр тавиач! Гараа над дээр тавивал би Таны ерөөлийг хүртэж, Танаас хуваалцаж болох юм” гэж хэлж болзошгүй. Энэ бүхэн нь өнгөрсөн үеийн хоцрогдсон хэрэгжүүлэлт бөгөөд эрин үе солигдсон учраас одоо хэрэглэхээ больсон. Ариун Сүнс санамсаргүй байдлаар ч биш, эсвэл тогтсон дүрмийн дагуу ч биш, харин эрин үед нийцүүлэн ажилладаг. Эрин үе өөрчлөгдсөн бөгөөд шинэ эрин үе шинэ ажлыг зайлшгүй авчирдаг. Ажлын үе шат бүр ийм байдаг тул Түүний ажил хэзээ ч давтагддаггүй. Нигүүлслийн эрин үед Есүс өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөх, хүний төлөө залбирахын тулд гараа хүн дээр тавих, хүнийг ерөөх гэх зэрэг ажлыг хангалттай хэмжээнд хийсэн. Гэвч өнөө үед үүнийг дахин хийх нь утга учиргүй байх байв. Ариун Сүнс тухайн үед тийм маягаар ажилласан, учир нь энэ нь Нигүүлслийн эрин үе байсан ба хүний эдлэх нигүүлсэл хангалттай байлаа. Хүнээс ямар ч төлөөс төлөхийг шаардаагүй бөгөөд итгэлтэй байх л юм бол нигүүлсэл хүртэх байв. Бүгдэд маш нигүүлсэнгүйгээр хандаж байсан юм. Одоо эрин үе өөрчлөгдсөн бөгөөд Бурханы ажил цааш улам ахисан; гэсгээлт, шүүлтээр дамжуулан хүний тэрслүү байдлыг болон доторх бохир зүйлсийг нь арилгана. Тэр үе шат золин авралын үе шат байсан болохоор Бурхан тийм маягаар ажиллаж, эдлэх хангалттай нигүүлслийг хүнд харуулах ёстой байв, ингэснээр хүнийг нүглээс золин аварч, нигүүлслээр дамжуулан нүглийг нь уучилж болох байлаа. Өнөөгийн энэ үе шат нь хүмүүсийг дараа нь аврахын тулд гэсгээлт, шүүлт, үгийн цохилт, түүнчлэн үгийн сахилгажуулалт болон илчлэлийн аргаар хүний доторх шударга бус байдлыг ил болгодог. Энэ бол золин авралаас ч илүү гүнзгий ажил билээ. Нигүүлслийн эрин үе дэх нигүүлсэл нь хүн эдлэхэд хангалттай байсан; одоо хүн энэ нигүүлслийг аль хэдийн мэдэрсэн болохоор цаашид дахиж эдлэхгүй. Энэ ажил одоо үеэ өнгөрөөсөн ба цаашид дахиж хийгдэхгүй. Одоо хүнийг үгийн шүүлтээр дамжуулан аварна. Хүнийг шүүж, гэсгээж цэвэршүүлсний дараа зан чанар нь өөрчлөгддөг. Энэ нь бүгд Миний хэлсэн үгээс болдоггүй гэж үү? Ажлын үе шат бүр нь бүх хүн төрөлхтний ахиц дэвшил болон эрин үеийн дагуу хийгддэг. Ажил бүхэлдээ ач холбогдолтой байдаг, энэ бүхэн нь эцсийн авралын төлөө, хүн төрөлхтөн ирээдүйд сайн сайхан хүрэх газартай байхын төлөө, эцэст нь хүмүүс төрлөөрөө ангилагдахын төлөө хийгддэг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4”-ѳѳс
Өнөөдрийн ажил Нигүүлслийн эрин үеийн ажлыг урагшлуулсан; өөрөөр хэлбэл, бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажил урагшилсан. Хэдийгээр Нигүүлслийн эрин үе дууссан ч Бурханы ажилд ахиц гарлаа. Ажлын энэ үе шат нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед үндэслэн хийгддэг гэж Би яагаад ахин дахин хэлдэг вэ? Яагаад гэвэл, өнөөдрийн ажил бол Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажлын үргэлжлэл бөгөөд Хуулийн эрин үед хийгдсэн зүйлийн ахиц дэвшил юм. Гурван үе шат нь өөр хоорондоо нягт харилцан холбогдсон ба гинжин холбоос нэг бүр нь дараагийнхтайгаа нягт холбогдсон байдаг. Ажлын энэхүү үе шат нь Есүсийн хийсэн дээр тулгуурлан хийгддэг гэж Би бас яагаад хэлдэг вэ? Энэ үе шат Есүсийн хийсэн ажилд тулгуурлан хийгдээгүй гэж үзвэл энэ үе шатанд өөр цовдлол явагдах хэрэгтэй болох байсан бөгөөд өмнөх үе шатны золин аврах ажлыг дахиад эхнээс нь хийх хэрэгтэй болох байв. Энэ нь утгагүй байх байлаа. Иймээс ажил бүрэн дууссан юм биш, харин эрин үе урагшилсан бөгөөд ажлын түвшин өмнөхөөсөө бүр ч илүү өндөрт өргөгдсөн юм. Ажлын энэхүү үе шат Хуулийн эрин үеийн суурин дээр, Есүсийн ажлын суурин дээр хийгдсэн гэж хэлж болно. Бурханы ажил шат шатаар хийгдсэн бөгөөд энэ үе шат нь шинэ эхлэл биш юм. Ажлын гурван үе шатны хослолыг л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж үзэж болно.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг”-ээс
Бурханы удирдлага нь бүхэлдээ гурван үе шатанд хуваагддаг бөгөөд үе шат бүрд хүнд тохирох шаардлага тавигддаг. Түүнчлэн эрин үе өнгөрч, урагшлахын хэрээр бүх хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлага улам өндөр болдог. Тиймээс хүн “Үг нь махбодоор илэрсэн” баримтыг харах хүртэл Бурханы удирдлагын энэ ажил алхам алхмаар оргилдоо хүрч, ийм маягаар хүнд тавих шаардлага улам өндөр болж, хүний гэрчлэл хийх шаардлага ч бас улам өндөрсдөг. Хүн Бурхантай үнэхээр хамтран ажиллах чадвартай байх тусам Бурхан алдар сууг төдий чинээ олж авдаг. Хүний хамтын ажиллагаа бол түүний хийх хэрэгтэй гэрчлэл бөгөөд түүний хийдэг гэрчлэл нь хүний хэрэгжүүлэлт юм. Тиймээс Бурханы ажил эцсийн үр дүнтэй байх эсэх нь, мөн жинхэнэ гэрчлэлтэй байж чадах эсэх нь хүний хамтын ажиллагаа болон гэрчлэлтэй нягт холбогддог. Ажил дуусах үед, өөрөөр хэлбэл, Бурханы бүх удирдлага төгсгөлдөө очих үед, хүн илүү өндөр гэрчлэл хийх шаардлагатай болно, мөн Бурханы ажил төгсгөлдөө очих үед хүний хэрэгжүүлэлт болон оролт дээд цэгтээ хүрнэ. Өмнө нь хүнээс, хууль болоод тушаалуудыг сахиж, тэвчээртэй, даруухан байхыг шаарддаг байсан. Харин өнөөдөр хүнээс, Бурханы бүх зохицуулалтад дуулгавартай байж, Бурханыг туйлын их хайрлаж, эцэст нь гай зовлонгийн дунд ч гэсэн Бурханыг хайрласаар байхыг шаарддаг. Энэ гурван үе шат нь, бүхий л удирдлагынхаа хугацаанд алхам алхмаар хүнд тавьдаг Бурханы шаардлагууд юм. Бурханы ажлын үе шат бүр сүүлийнхээсээ илүү гүнзгийрдэг ба үе шат бүрд хүнд тавих шаардлага сүүлийнхээсээ илүү гүн гүнзгий болдог, ийм маягаар Бурханы бүхий л удирдлага алгуурхан хэлбэрждэг. Яагаад гэвэл, хүнд тавих шаардлага улам өндөр болох тусам хүний зан чанар Бурханы шаардсан стандартад бүр их дөхдөг, зөвхөн тэр үед л бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аажмаар ангижирдаг ба Бурханы ажил бүрэн дуусгавар болоход бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аврагдсан байх болно. Тэр цаг ирэхэд Бурханы ажил төгсгөлдөө хүрсэн байх бөгөөд хүн зан чанараа өөрчлөхийн тулд Бурхантай цаашид хамтран ажиллах хэрэггүй болж, бүх хүн төрөлхтөн Бурханы гэрэлд амьдарна, тэр үеэс хойш Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл юм уу тэрслүү байдал гэж байхаа болино. Бурхан ч бас хүнд ямар ч шаардлага тавихгүй, хүн Бурхан хоёрын хооронд илүү эв зохицолтой хамтын ажиллагаа байх болно, энэ нь хүн, Бурхан хоёрын хамтын амьдрал буюу Бурханы удирдлага бүрэн дуусгавар болсны дараа, Бурхан хүнийг Сатаны савраас бүрэн аварсаны дараа бий болсон амьдрал байх болно.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс