13-р бүлэг

Миний үг, айлдвар дотор өдий төдий санаа зорилго минь нуугдаж байдаг ч хүмүүс эдгээрийн талаар юу ч мэддэггүй, бас ойлгодоггүй; тэд Миний үгийг гаднаас нь хүлээн авч, гаднаас нь дагасаар байдаг ба Миний үгэн дотроос Миний зүрх сэтгэлийг ойлгох юм уу Миний хүслийг зөнгөөрөө мэдэрч чадахгүй. Би Өөрийнхөө үгийг ойлгомжтой хэлсэн ч хэн тэдгээрийг ойлгодог билээ? Би Сионоос хүн төрөлхтөн рүү ирсэн. Би Өөрийгөө хэвийн хүн чанар болон хүний арьсаар хувцасласан учраас хүмүүс ердөө гадна талаас Миний дүр төрхийг мэдэж авдаг боловч Миний дотор оршдог амийг мэддэггүй, Сүнсний Бурханыг ч таньдаггүй, зөвхөн махан биетэй хүнийг л мэддэг. Бодитой Бурхан Өөрөө, Түүнийг мэдэх гэсэн та нарын оролдлогыг хүртэх үнэ цэнгүй юм гэж үү? Бодитой Бурхан Өөрөө, Түүнийг “задлан шинжлэх” хичээл зүтгэлийг чинь хүртэх үнэ цэнгүй юм гэж үү? Би бүх хүн төрөлхтний ялзралыг жигшдэг, гэхдээ сул дорой байдлыг нь өрөвддөг. Бас Би бүх хүн төрөлхтний хуучин уг чанартай харьцаж байгаа. Хятад дахь Миний ардуудын нэг болохын хувьд та нар ч бас хүн төрөлхтний нэг хэсэг биш гэж үү? Миний бүх ард, Миний бүх хөвгүүдийн дундаас, өөрөөр хэлбэл, бүх хүн төрөлхтнөөс Миний сонгож авсан хүмүүсийн дундаас та нар хамгийн доод бүлэгт харьяалагддаг. Энэ шалтгааны улмаас Би та нарт хамгийн их энерги, хамгийн их хүчин чармайлт гаргасан. Та нар өнөөдрийн эдэлж буй ерөөгдсөн амьдралаа бас л нандигнадаггүй гэж үү? Та нар Миний эсрэг тэрсэлж, өөрийн санаагаар үйлдэхээр зүрх сэтгэлээ хатуужуулсаар байна уу? Миний тасралтгүй өрөвдөх сэтгэл, хайр байгаагүй сэн бол бүх хүн аль эрт Сатанд олзлогдож, түүний аман дахь “сайхан зууш” болох байлаа. Өнөөдөр бүх хүний дунд Миний төлөө өөрсдийгөө чин сэтгэлээсээ зарлагадаж, Намайг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс хуруу дарам цөөхөн байна. Өнөөдөр “Миний ардууд” гэсэн цол та нарын хувийн өмч болж болох уу? Мөс чанар чинь зүгээр л мөс шиг хүйтэн болчихсон юм уу? Чи үнэхээр Миний шаарддаг ард болох үнэ цэнтэй юу? Өнгөрснөө эргэн дурсаж өнөөдрийг дахин харвал та нарын хэн чинь Миний зүрх сэтгэлийг хангалуун болгосон бэ? Та нарын хэн чинь Миний санаа зорилгын төлөө үнэн голоосоо сэтгэл гаргасан бэ? Хэрвээ Би сануулаагүй бол та нар одоо ч гэсэн сэрээгүй, харин хөлдсөн мэт, мөн ичээндээ орсон мэт хэвээр үлдэх байлаа.

Булингартсан давлагаан дунд хүн Миний уур хилэнг хардаг; нүргэлэх үй олон хар үүлсийн дунд хүмүүс ухаан алдталаа айж, хаашаа зугтахаа мэдэхгүй яг л аянга цахилгаант бороо өөрсдийг нь угааж арилгахаас айж байгаа мэт байдаг. Тэгээд хуйларсан цасан шуурга өнгөрөн одсоны дараа байгалийн үзэсгэлэн гоог бахдах зуураа тэдний санаа амарч, тайвширдаг. Гэвч тийм мөчид хүнийг гэх хязгааргүй их хайрыг минь тэдний дундаас хэн ер нь туулсан бэ? Тэдний зүрх сэтгэлд Миний бие галбир л байхаас Миний Сүнсний мөн чанар байдаггүй: Хүн Намайг илт эсэргүүцэж байгаа бус уу? Хүчит шуурга өнгөрөн одоход бүх хүн төрөлхтөн яг л шинэчлэгдсэн мэт, гай зовлонгоор цэвэршүүлэгдсэний дараа гэрэл болон амийг дахин олж авсан мэт байдаг. Миний цохьсон цохилтыг давсныхаа дараа та нар өнөөдөртэй золгох сайн аз завшаантай байсан бус уу? Гэхдээ өнөөдөр өнгөрч, маргааш болоход та нар аадар борооны дараах цэвэр ариун чанараа хадгалж чадах уу? Та нар цэвэршүүлэлтийн дараах үнэнч байдлаа хадгалж чадах болов уу? Та нар өнөөдрийн дуулгавартай байдлаа хадгалж чадах уу? Үнэнч байдал чинь гуйвшгүй, хувиршгүй хэвээр байж чадах уу? Энэ нь хүний биелүүлэх чадвараас хэтэрсэн шаардлага мөн үү? Би өдөр бүр хүн төрөлхтний дунд амьдарч, тэдний дунд хүн төрөлхтөнтэй хамт үйлддэг боловч хэн ч, хэзээ ч анзаарч байгаагүй. Хэрэв Миний Сүнсний удирдамж байгаагүй бол бүх хүн төрөлхтнөөс хэн энэ эрин үед оршсоор байх байсан бэ? Хүмүүсийн дунд амьдарч, тэдэнтэй хамт үйлддэг гэж хэлэх үедээ Би дэгсдүүлж байгаа юм гэж үү? Өмнө нь Би: “Би хүн төрөлхтнийг бүтээж, залж чиглүүлж, бүх хүн төрөлхтнийг захирсан” гэж хэлсэн; үнэхээр тийм байгаагүй гэж үү? Эдгээр зүйлийг туулсан туршлага чинь хангалтгүй байх боломжтой юу? “Үйлчлэл үзүүлэгч” гэх ердийн нэг үгийг ухан ойлгоход бүх амьдрал чинь шаардагдана. Бодит туршлагагүйгээр хүн хэзээ ч Намайг мэдэж авахгүй, хэзээ ч Миний үгээр дамжуулан Намайг мэдэж авч чадахгүй. Гэхдээ өнөөдөр Би та нарын дунд биечлэн ирсэн—энэ нь та нарын ойлголтод илүү их ашиг тустай байх бус уу? Бие махбодтой болсон Би бас та нарын төлөөх аврал биш гэж үү? Хэрэв Би хүн төрөлхтний дунд Өөрийн үнэн биеэр бууж ирээгүй бол бүхий л хүн төрөлхтөн аль эрт үзэлд баригдчихсан, өөрөөр хэлбэл, Сатаны эзэмшил болчихсон байх байсан, учир нь чиний итгэдэг зүйл ердөө Сатаны дүр бөгөөд Бурхантай Өөртэй нь ямар ч хамаагүй. Энэ нь Миний аврал биш гэж үү?

Сатаныг Миний өмнө ирэхэд Би түүний зэрлэг догшин байдлаас айж ухардаггүй, бас үзэшгүй муухай байдлаас нь ч сүрддэггүй: Би зүгээр л үл ойшоодог. Сатан Намайг уруу татах үед Би түүний арга мэхийг нэвт харж, ичгүүр, гутамшигтайгаар сэмхэн зугтахад хүргэдэг. Сатан Надтай тулалдаж, Миний сонгосон хүмүүсийг булаахаар завдах үед Би Өөрийн махбодоор түүнтэй дайтдаг; бас Өөрийн махбодоор ардуудаа тэтгэж, хариулдаг, ингэснээр тэд хялбархан унаж, төөрөхгүй бөгөөд Би алхам бүрд нь тэднийг замчилдаг. Сатаныг ялагдан бууж өгөх үед Би Өөрийн ардуудын дунд алдрыг олж авсан байх болно, Миний ардууд сайхан, цангинасан гэрчлэлийг Надад хийсэн байх болно. Тиймээс Би Өөрийн удирдлагын төлөвлөгөөн дэх товойлгогчдыг авч, ёроолгүй нүх рүү нэгмөсөн доош хаяна. Энэ бол Миний төлөвлөгөө, Миний ажил. Амьдралдаа ийм нөхцөл байдалтай нүүр тулах өдөр чамд ирж болох юм: Чи дуртайяа Сатанд олзлуулахыг хүсэж байна уу, эсвэл Надаар авхуулах уу? Энэ бол чиний өөрийн хувь заяа бөгөөд чи үүнийг анхааралтай бодолцон үзэх ёстой.

Хаанчлалын амьдрал бол хүмүүсийн болон Бурханы Өөрийн амьдрал юм. Бүх хүн төрөлхтөн Миний халамж, хамгаалалтан дор оршиж, бүгд агуу улаан луутай хийх амь өрссөн тулаанд оролцдог. Энэхүү эцсийн тулаанд ялахын тулд, агуу улаан лууг дуусгахын тулд бүх хүн бүхий л оршихуйгаа Миний хаанчлалд Надад өргөн барих ёстой. Энд ярьж байгаа “хаанчлал” гэдэг нь бурханлаг чанарын шууд засаглал дор амьдардаг амьдралыг хэлдэг бөгөөд тэнд Би, Миний сургалтыг шууд хүлээн авдаг бүх хүн төрөлхтнийг хариулдаг, ингэснээр тэдний амьдрал газар дээр байгаа хэдий ч тэнгэрт байгаа мэт—гурав дахь тэнгэр дэх амьдралын бодит биелэл байх юм. Хэдийгээр Би махбодод байгаа ч махбодын хязгаарлалтаас болж зовдоггүй. Маш олон удаа Би хүмүүсийн залбирлыг сонсохоор дунд нь орж, маш олон удаа хүмүүсийн дунд алхаж, магтаалд нь баяссан; хүмүүс Миний оршин тогтнолыг хэзээ ч мэддэггүй байсан ч гэсэн Би Өөрийн ажлыг мөн л ийм маягаар явуулдаг. Миний оршин суудаг газар бол Миний нуугддаг газар юм—ямартай ч Өөрийн оршин суудаг энэхүү газарт Би бүх дайснаа ялсан; Өөрийн оршин суудаг газартаа Би газар дээр амьдрах бодитой туршлагыг олж авсан; Өөрийн оршин суудаг газартаа Би хүний үг үйлдэл бүрийг ажиглаж, бүхий л хүн төрөлхтнийг харж хандаж, захирч байна. Хэрэв хүмүүс Миний санаа зорилгыг анхаарч, улмаар Миний зүрх сэтгэлийг хангалуун болгож, Намайг баясгах аваас Би бүх хүн төрөлхтнийг ерөөх нь гарцаагүй. Хүмүүсийн төлөө Миний зорьж буй зүйл энэ биш гэж үү?

Хүн төрөлхтөн комд орсон байгаа тул Миний аянгын нүргээнээр л зүүд нойрноосоо сэрдэг. Нүдээ нээх үедээ тэдний олонх нь эдгээр хүйтэн цацрагийн гэрэлд нүдээ гэмтээж, зүг чигээ олохгүйд хүрч, хаанаас ирснээ, хаашаа явж байгаагаа мэдэхгүй болдог. Ихэнх хүмүүс лазерынх мэт туяанд цохиулан, үр дүнд нь хүчит шуурган дор сулдайн унаж, тэдний цогцсыг ширүүн урсгал ямар ч ул мөр үлдээлгүй шүүрдэн зайлуулна. Гэрэлд, амьд үлдэгсэд эцэстээ Миний царайг маш тодорхой харж чаддаг болж, Миний гадаад төрхийн талаар ямар нэг юм мэдэж авч, цаашид Миний нүүр лүү эгцлэн харж зүрхлэхээ болиод, өөрсдийнх нь махан биеийг дахин харааж, гэсгээх вий хэмээн ихэд эмээдэг. Маш олон хүн орь дуу тавьж, гашуунаар мэгшин уйлдаг; маш олон хүн цөхрөлд автдаг; маш олон хүн цусаараа гол үүсгэдэг; маш олон хүн хүүр болж, ийш тийш зорилгогүй хөвдөг; маш олон хүн гэрэлд өөрийн байх газрыг олж, зүрх сэтгэлдээ гэнэтийн өвдөлт мэдэрч, олон жил аз жаргалгүй байсныхаа төлөө нулимс урсгадаг. Тун олон хүн гэрлийн шахалтаар бохир байдлаа улайж, өөрсдийгөө шинэчлэхээр шийддэг. Маш олон хүн сохорч, амьдрахын баяр хөөрийг аль хэдийн алдаж, улмаар гэрлийг анзаарах сөхөөгүй, зогсонги хэвээр үлдэж, төгсгөлөө хүлээдэг. Бас маш олон хүн амьдралын дарвуулаа дээш өргөж, гэрлийн удирдамж дор өөрсдийнхөө маргаашийг тэсэн ядан хүлээдэг… Өнөөдөр, хүмүүсийн дунд ийм байдалд эс орших хэн байна вэ? Миний гэрэлд эс орших хэн байна вэ? Чи хүчтэй байлаа ч, эсвэл сул дорой байлаа ч айсуй гэрлээс минь зайлсхийж яахан чадах билээ?

1992 оны 3 дугаар сарын 10

Өмнөх: 12-р бүлэг

Дараах: 14-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих