Тэнгэр, газар, бүх зүйлийг хэзээ ч бүтээж чадахгүй тул ямар ч тэнгэрэлчийг Бурхан гэж нэрлэж болохгүй

2018-01-01

Холбогдох Бурханы үг:

Бүх зүйлийг бүтээж эхэлснээс хойш Бурханы хүч чадал илэрхийлэгдэж, илчлэгдэж эхэлсэн, учир нь Бурхан бүх зүйлийг бүтээхдээ үг ашигласан. Тэр тэднийг ямар байдлаар, яагаад бүтээсэн нь хамаагүй, бүх зүйл Бурханы үгийн ачаар бий болж, бат зогсож, оршин тогтносон бөгөөд энэ бол Бүтээгчийн цорын ганц эрх мэдэл юм. Хүн төрөлхтөн дэлхий дээр гарч ирэхээс өмнөх хугацаанд Бүтээгч, хүн төрөлхтний төлөө бүх зүйлийг бүтээхийн тулд хүч чадал, эрх мэдлээ хэрэглэж, хүн төрөлхтөнд тохирох амьдралын орчныг бэлтгэхийн тулд цор ганц арга барилаа ашигласан. Түүний хийсэн бүхэн удалгүй амьсгалыг нь хүлээн авах хүн төрөлхтөнд зориулсан бэлтгэл байв. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтнийг бүтээхээс өмнөх хугацаанд Бурханы эрх мэдэл тэнгэр, гэрэл, тэнгис далай, хуурай газар зэрэг агуу том зүйлс болон ан амьтан, жигүүртэн шувууд, бүх төрлийн шавж, бичил биетэн, тэр дундаа хүний нүдэнд харагдахгүй олон янзын нян гэх мэт өчүүхэн жижиг зүйлс зэрэг хүн төрөлхтнөөс бусад бүх бүтээл дээр илэрсэн юм. Бүтээгчийн үгээр амьд үлддэггүй юу ч үгүй, Бүтээгчийн үгээр өсөж үрждэггүй юу ч байхгүй, мөн Бүтээгчийн үгийн захиралт дор амьдардаггүй юу ч үгүй. Тэд Бүтээгчийн амьсгалыг хүлээн аваагүй ч гэсэн өөр өөр хэлбэр дүрс, бүтцээрээ Бүтээгчийн өөрсдөд нь хайрласан амийн эрч хүчийг харуулж байсан; тэд хүн төрөлхтөнд өгсөнтэй нь адил ярих чадварыг Бүтээгчээс хүлээн аваагүй боловч Бүтээгчийн хайрласан хүний хэлээс ялгаатайгаар амийг илэрхийлэх аргыг дор бүрнээ хүлээн авсан байв. Бүтээгчийн эрх мэдэл илэрхий хөдөлгөөнгүй материаллаг зүйлсэд амийн эрч хүчийг өгдөг, тиймээс тэд хэзээ ч алга болдоггүй, түүнчлэн бүх амьд зүйлд үржиж олшрох зөн мэдрэмж өгдөг, тиймээс тэд хэзээ ч устдаггүй, ийнхүү тэд Бүтээгчийн олгосон оршин тогтнох хууль, зарчмыг үеэс үед уламжлах болно. Бүтээгч эрх мэдлээ хэрэгжүүлдэг байдал нь макро эсвэл микро үзэл бодлыг хатуу чанд баримталдаггүй бөгөөд энэ нь ямар ч хэлбэрээр хязгаарлагддаггүй; Тэр орчлон ертөнцийн үйл ажиллагааг захирч, мөн бүх зүйлийн амьдрал, үхлийг захирч чадах ба цаашлаад Өөртөө үйлчлүүлэхийн тулд бүх зүйлийг удирдан жолоодож чаддаг; Тэр уул нурууд, гол нуурын бүх ажиллагааг зохицуулж, тэдгээрийн доторх бүх зүйлийг захирч чаддаг, түүнчлэн бүх зүйлийг хэрэгтэй зүйлээр нь хангаж чаддаг. Энэ бол хүн төрөлхтнөөс бусад бүх зүйлийн дунд илэрсэн Бүтээгчийн цорын ганц эрх мэдэл юм. Энэ нь нэг амьдралын туршид л илэрдэггүй, энэ хэзээ ч зогсож, амрахгүй бөгөөд ямар ч хүн болон зүйл өөрчилж, сэвтээж чадахгүй, бас ямар ч хүн, зүйл нэмж, хорогдуулж чадахгүй—учир нь Бүтээгчийн ялгамж чанарыг хэн ч орлож чадахгүй, тиймээс Бүтээгчийн эрх мэдлийг ямар ч бүтээгдсэн зүйл орлож чадахгүй ба ямар ч бүтээгдээгүй зүйл үүнд хүрэх аргагүй юм. Жишээ нь, Бурханы элч, тэнгэрэлч нарыг авч үзье. Тэд Бүтээгчийн эрх мэдлийг эзэмших нь бүү хэл Бурханы хүч чадлыг ч эзэмшдэггүй. Тэдэнд Бурханы хүч чадал, эрх мэдэл байдаггүйн шалтгаан бол тэд Бүтээгчийн мөн чанарыг эзэмшдэггүйгээс нь үүдэлтэй. Бурханы элчүүд болон тэнгэрэлчүүд гэх зэрэг бүтээгдээгүй зүйлс хэдийгээр Бурханы өмнөөс зарим зүйлийг хийж чадах боловч Бурханыг төлөөлж чадахгүй. Тэд хүний эзэмшдэггүй зарим нэг хүч чадлыг эзэмшдэг ч гэсэн Бурханы эрх мэдлийг эзэмшдэггүй, тэд бүх зүйлийг бүтээх, бүх зүйлийг удирдах, бүх зүйлийг захирах Бурханы эрх мэдлийг эзэмшдэггүй. Иймээс Бурханы цор ганц байдлыг бүтээгдээгүй ямар ч зүйл орлож чадахгүй, үүний адилаар Бурханы эрх мэдэл, хүч чадлыг ч бүтээгдээгүй ямар ч зүйл орлож чадахгүй. Бурханы хэн нэг элч бүх зүйлийг бүтээсэн гэж чи Библиэс харсан уу? Бүх зүйлийг бүтээхийн тулд Бурхан яагаад Өөрийн элчүүд, эсвэл тэнгэрэлчүүдийг илгээгээгүй вэ? Тэд Бурханы эрх мэдлийг эзэмшдэггүй байсан учраас Бурханы эрх мэдлийг хэрэгжүүлэх чадваргүй байсан. Бүх бүтээлийн адилаар тэд бүгд Бүтээгчийн дээд эрх, Бүтээгчийн эрх мэдэл дор байдаг ба иймээс Бүтээгч мөн л тэдний Бурхан, тэдний Захирагч билээ. Сурвалжит ч бай, дорд ч бай, хүч чадал нь их ч бай, бага ч бай хамаагүй, тэд бүгдийн дотроос Бүтээгчийн эрх мэдлийг даван гарах нэг ч зүйл байхгүй, иймд тэдний дотроос нэг нь ч Бүтээгчийн ялгамж чанарыг орлож чадахгүй. Тэд хэзээ ч Бурхан гэж нэрлэгдэхгүй ба хэзээ ч Бүтээгч болж чадахгүй. Энэ бол хувиршгүй үнэн агаад бодит баримт юм!

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

Тэнгэрэлчүүд нэн сул дорой, яриад байх ямар ч чадваргүй байсан учраас эрх мэдэл өгөнгүүт биеэ тоож эхэлсэн. Ялангуяа бусад тэнгэрэлчээс өндөр байр суурьтай байсан тэргүүн тэнгэрэлчийн хувьд ийм байсан юм. Тэнгэрэлчүүдийн дундах хаан тэрээр олон сая тэнгэрэлчийг удирдан захирч байсан ба Еховагийн дор түүний эрх мэдэл өөр ямар ч тэнгэрэлчийнхээс давжээ. Тэрээр энэ, тэрийг хийхийг хүсэж, дэлхийг хянахын тулд хүний ертөнц рүү тэнгэрэлчүүдийг удирдан буухыг хүссэн юм. Бурхан Өөрийгөө орчлон ертөнцийг захирдаг Нэгэн гэж хэлсэн; гэтэл тэргүүн тэнгэрэлч өөрийгөө орчлон ертөнцийг захирдаг гэж хэлсэн—тэр үеэс хойш тэргүүн тэнгэрэлч Бурханаас урвасан юм. Бурхан тэнгэрт өөр ертөнцийг бүтээсэн бөгөөд тэргүүн тэнгэрэлч энэ ертөнцийг захирахын сацуу мөнх бусын ертөнцөд буухыг хүссэн. Бурхан ингэхийг нь зөвшөөрч чадна гэж үү? Тиймээс Тэр тэргүүн тэнгэрэлчийг цохиж, агаар луу доош шидсэн юм. Хүмүүсийг завхруулснаас нь хойш тэднийг аврахын тулд Бурхан Сатантай дайтах болсон; Тэр түүнийг ялахын тулд энэ зургаан мянганыг ашигласан юм…

Алхам алхмаар хийгддэг энэхүү бодит ажил Бурханы зүрх сэтгэлийг хүн төрөлхтний төлөөх уй гашууд үргэлж автуулдаг тул Сатантай хийсэн Түүний дайн зургаан мянган жилийн турш үргэлжилсэн бөгөөд Бурхан: “Би дахин хэзээ ч хүн төрөлхтнийг бүтээхгүй, тэнгэрэлчүүдэд ч дахин эрх мэдэл олгохгүй” гэж хэлсэн юм. Тэр үеэс эхлээд, тэнгэрэлчүүд газар дээр ажиллахаар ирэхдээ зарим нэг ажил хийхэд нь л Бурханыг дагаж байсан; Тэр тэдэнд дахин хэзээ ч эрх мэдэл өгөөгүй. Израильчуудын харсан тэнгэрэлчүүд ажлаа яаж хийж байсан бэ? Тэд хүмүүсийн зүүдэнд үзэгдэж, Еховагийн үгийг дамжуулж байсан. Есүс цовдлогдсоныхоо дараа гурав хоноод дахин амилах үед тэнгэрэлчүүд бул чулууг хажуу тийш түлхсэн; Бурханы Сүнс энэ ажлыг биечлэн хийгээгүй юм. Тэнгэрэлчүүд иймэрхүү ажил л хийж байсан; тэд туслах дүрд тоглосон боловч ямар ч эрх мэдэлгүй байсан, учир нь Бурхан тэдэнд дахин хэзээ ч эрх мэдэл олгохгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой

Хэдийгээр Бурхан эрх мэдэл, хүч чадлыг эзэмшдэг боловч эрх мэдэл нь хий хоосон бус, жинхэнэ, бодитой байдаг. Бурханы эрх мэдэл, хүч чадлын жинхэнэ, бодит байдал нь Түүний бүх зүйлийг бүтээх, бүх зүйлийг хянах мөн хүн төрөлхтнийг удирдаж, чиглүүлэх үйл явцад нь аажмаар илчлэгдэн, биеллээ олдог. Хүн төрөлхтөн болон бүх зүйлийг захирах Бурханы арга барил, харах өнцөг, нарийн учир бүр, мөн Түүний хэрэгжүүлсэн бүх ажил, бүх зүйлийн талаарх Түүний ойлголт—эдгээр нь бүгд Бурханы эрх мэдэл, хүч чадал нь хоосон үг биш гэдгийг яг таг нотолдог. Түүний эрх мэдэл, хүч чадал бүх зүйл дээр байнга харагдаж, илчлэгддэг. Эдгээр илрэл, илчлэл нь Бурханы эрх мэдлийн бодит оршин тогтнолыг өгүүлдэг, учир нь Тэр агшин тутамд Өөрийн эрх мэдэл, хүч чадлаар ажлаа үргэлжлүүлж, бүх зүйлийг удирдаж, захирдаг бөгөөд Түүний хүч чадал, эрх мэдлийг тэнгэрэлч нар юм уу Бурханы элч нар орлож чадахгүй юм. Абрахам, Иов хоёрт ямар ерөөл хайрлахаа Бурхан шийдсэн—энэ нь Бурханаас хамаарсан. Хэдийгээр Бурханы элч нар Абрахам болон Иов дээр биечлэн очсон боловч үйлдэл нь Бурханы тушаалын дагуу, Бурханы эрх мэдлийн дор, мөн Бурханы дээд эрхийн дор байсан. Хүмүүс, Библийн тэмдэглэлээс Бурханы элч нар Абрахам дээр зочилсныг мэдэх бөгөөд харин Ехова Бурханы аливааг биечлэн хийж байхыг нь хараагүй боловч үнэндээ хүч чадал, эрх мэдлийг үнэхээр хэрэгжүүлдэг цорын ганц Нэгэн бол Бурхан Өөрөө бөгөөд энэ нь ямар ч хүний эргэлзээг тэвчихгүй! Тэнгэрэлч болон элч нар агуу хүч чадлыг эзэмшиж, гайхамшгийг биелүүлэн, Бурханы даалгасан зарим зүйлийг хэрэгжүүлэхийг чи харсан ч гэсэн, тэдний үйлдэл ердөө л Бурханы даалгаврыг гүйцэлдүүлэхийн төлөө байдаг бөгөөд Бурханы эрх мэдлийн илрэл яавч биш—бүх зүйлийг бүтээж, захирах Бүтээгчийн эрх мэдэл ямар ч хүн, эд юманд байхгүй, тэд үүнийг эзэмшдэггүй. Иймээс ямар ч хүн, эд юм Бүтээгчийн эрх мэдлийг хэрэгжүүлэх юм уу харуулж чадахгүй.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих