Бурхан өнөөдрийг хүртэл хүн төрөлхтнийг хэрхэн залж чиглүүлж, хангаж ирсэн тухай
Холбогдох Бурханы үг:
Амийн зам гэдэг бол хэн дуртай нь эзэмшиж чадах зүйл биш, хэн бүхний хялбархан олж авч чадах ч зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө л амийн мөн чанарыг эзэмшдэг ба Бурханд Өөрт нь л амийн зам бий. Иймээс Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны ширгэшгүй урсах эх ундарга юм. Бурхан дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш амийн эрч хүчтэй холбоотой, хүнд амь авчрах ихээхэн ажил хийсэн бөгөөд хүнд амь олж авах боломж олгохын тулд асар их төлөөс төлсөн. Учир нь Бурхан Өөрөө мөнх амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам билээ. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг үргэлжид хүмүүсийн дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, мэндэлснээс нь хойших хүний оршин тогтнолын баялаг хөрөнгө байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрээ тууштайгаар амьдран харуулах боломж олгодог. Түүний хүч чадал, бөхөшгүй амийн хүчний ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч чадал нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд үүний төлөө Бурхан ямар ч эгэл хүний төлж байгаагүй төлөөсийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг дийлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас давуу байдаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч дийлж чадахгүй. Бурханы амийн хүч цаг хугацаа, орон зайг үл хамааран оршиж, гэрэлт цацрагаа гэрэлтүүлдэг. Тэнгэр газарт асар их өөрчлөлт гарч болох ч Бурханы амь үүрд нэг хэвээр байдаг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурханы амь байсаар л байдаг. Учир нь Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж ба тэдний оршин тогтнолын үндэс билээ. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс улбаатай. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, ямар ч эрч хүчтэй зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ийм маягаар хэн ч бай бүгд Бурханы ноёрхол дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний хяналтаас зугтаж чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна
Бурхан бүх зүйлийг бүтээсэн цаг мөчөөс хойш Түүний тогтоосон хуулиуд дээр тулгуурлан бүх зүйл ажиллаж байгаа бөгөөд тогтмол байдлаар тасралтгүй хөгжсөөр ирсэн. Түүний хараа, Түүний захиралт дор хүмүүсийн оршин тогтнолтой зэрэгцэн бүх зүйл тогтмол хөгжсөөр ирсэн. Эдгээр хуулийг өөрчилж чадах зүйл нэг ч үгүй, эдгээр хуулийг устгаж чадах зүйл ганц ч үгүй. Бурханы захиралтаас болж бүх зүйл үржин өсөж чаддаг бөгөөд Түүний захиралт болон удирдлагаас болж бүх зүйл амьд оршиж чаддаг. Өөрөөр хэлбэл, Бурханы захиралт дор бүх зүйл дэг журамтай байдлаар оршин тогтнож, өсөж бойжоод, алга болж, дахин төрлөө олдог. Хавар болоход шиврээ бороо хаврын мэдрэмжийг авчирч, газар дэлхийг чийглэнэ. Газар шороо гэсэж, өвс ногоо газрын хөрсийг түрэн гарч ирээд нахиалж эхэлдэг, харин модод аажмаар ногоордог. Энэ бүх амьд зүйл газар дэлхийд шинэхэн эрч хүч авчирдаг. Энэ бол бүх зүйлийн өсөн үржиж буй дүр зураг юм. Мөн бүх төрлийн амьтад ичээнээсээ гарч, хаврын дулаан илчийг мэдэрч, шинэ жилийг эхлүүлдэг. Бүх зүйл зуны туршид халуунд нарлаж, улирлаа даган ирсэн дулааныг эдэлдэг. Тэд хурдан ургаж томордог; мод, өвс ногоо гээд бүх төрлийн ургамал маш хурдан ургаж, цэцэглэж, жимсэлдэг. Хүмүүсийг оролцуулаад бүх зүйл зуны туршид маш завгүй байдаг. Намрын улиралд бороо намар цагийн сэрүүнийг авчирч, төрөл бүрийн амьтад ургац хураалтын улирал ирснийг мэдэрч эхэлдэг. Бүх бүтээл үр жимсээ өгч, хүмүүс өвлийн хоол хүнсээ бэлтгэхийн тулд янз бүрийн энэ жимсийг хурааж эхэлдэг. Өвөл ирэхэд хүйтэнд бүх зүйл аажмаар амарч, нам гүм болж эхэлдэг бөгөөд хүмүүс ч бас энэ улиралд завсарлага авдаг. Хавраас эхлэн зун, намар, өвөл гэсэн эдгээр шилжилт болон өөрчлөлт нь Бурханы тогтоосон хуулийн дагуу явагддаг. Тэр эдгээр хуулийг ашиглан бүх зүйл болон хүн төрөлхтнийг залж чиглүүлдэг бөгөөд хүн төрөлхтөнд зориулан баялаг, өнгөлөг амьдралын замыг бүрдүүлэн өгч, ялгаатай температур болон улиралтай амьдрах орчныг бэлтгэсэн. Амьд орших эдгээр дэг журамтай орчинд хүмүүс мөн амьд оршиж, дэг журамтай байдлаар өсөж үрждэг. Хүмүүс эдгээр хуулийг өөрчилж чадахгүй, хэн ч, юу ч үүнийг нурааж чадахгүй. Тоо томшгүй олон өөрчлөлт гарч—далай тэнгис тал газар болж, харин тал газар далай тэнгис болсон ч—энэ хуулиуд оршсоор байгаа. Бурхан оршдог учраас тэд оршдог бөгөөд Түүний захиралт болон удирдлагаас болж оршдог. Ийм дэг журамтай, томоохон орчинд хүмүүсийн амьдрал эдгээр хууль, зүй тогтлын дагуу урагшилдаг. Эдгээр хууль нь хүмүүсийг үеэс үед өсгөн хүмүүжүүлсэн ба хүмүүс үеэс үед эдгээр хуулийн дагуу амьд үлдсэн. Энэхүү дэг журамтай амьдрах орчныг болон үеэс үед Бурханы бүтээсэн олон зүйлийг бүгдийг нь хүмүүс эдэлсэн. Хэдийгээр хүмүүс ийм хуулиуд угаасаа л байдаг зүйл гэж бодож, эдгээрийг үл тоомсорлодог ч, мөн Бурхан эдгээр хуулийг зохион байгуулж байгааг мэдэрч чаддаггүй хэдий ч Бурхан эдгээр хуулийг захирдаг бөгөөд ямартай ч Бурхан энэ хувиршгүй ажлыг үргэлж хийдэг. Энэ хувиршгүй ажил дахь Түүний зорилго нь хүн төрөлхтнийг амьд үлдээхийн төлөө байдаг бөгөөд ингэснээр хүн төрөлхтөн үргэлжлүүлэн оршиж болох юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IX-өөс эш татав
Бүх зүйлийн үйл ажиллагааг удирддаг зүй тогтлыг Бурхан захирдаг; Тэрээр бүх зүйлийн амьдралыг удирддаг зүй тогтлыг захирдаг; Тэр бүх зүйлийг хянаж, бие биедээ хүч нэмж, түшиглэдэг болгосноор тэд мөхдөггүй, алга болдоггүй. Зөвхөн ингэснээр хүн төрөлхтөн амьдарсаар байж чадна; зөвхөн ингэснээр Бурханы удирдлага дор ийм орчинд амьдарч чаддаг. Бурхан бол үйл ажиллагааны эдгээр зүй тогтлын эзэн бөгөөд хэн ч хөндлөнгөөс оролцож, тэдгээрийг өөрчилж чадахгүй; Бурхан Өөрөө л энэ зүй тогтлуудыг мэддэг, бас Бурхан Өөрөө л удирддаг. Модод хэдийд нахиалах; бороо хэдийд орох; газраас ургамал ногоонд газар хэр их ус, хэр зэрэг шим тэжээл өгөх; ямар улиралд навчис унах; ямар улиралд мод жимслэх; нарны гэрэл модонд хэр их шим тэжээл өгөх; нарны гэрлээс шим тэжээл аваад мод юу ялгаруулах—энэ бүхнийг Бурхан бүх зүйлийг бүтээхдээ урьдчилан зохицуулсан бөгөөд хэн ч зөрчиж чадахгүй зүй тогтлууд юм. Бурханы бүтээсэн зүйлс амьд ч бай, эсвэл хүний нүдэнд амьгүй гэж харагддаг ч бай, бүгдээрээ Бурханы гарт, Түүний ноёрхол дор байдаг. Хэн ч энэ зүй тогтлыг өөрчилж, эсвэл зөрчиж чадахгүй. Өөрөөр хэлбэл, Бурхан бүх зүйлийг бүтээхдээ ямар байхыг буюу газар байхгүйгээр мод үндэслэж, соёолж, ургаж чадахгүй байсан; хэрвээ газарт ямар ч мод байгаагүй бол газар хатах байсан; мод бол шувуудын орон гэр бөгөөд салхинаас хоргодох нөмөр нь болно гэдгийг урьдаас тогтоочихсон. Нарны гэрэл үгүй бол мод ургаж чадах уу? (Үгүй.) Модонд зөвхөн газар байгаад хангалтгүй. Энэ бүхэн хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө байдаг. Хүн модноос цэвэр агаар авдаг ба модоор хамгаалагдсан газар дээр амьдардаг. Хүн нарны гэрэл болон бусад янз бүрийн амьд зүйлгүйгээр амьдарч чадахгүй. Хэдий эдгээр зүйлийн хамаарал нарийн төвөгтэй боловч Бурхан бүх зүйлийг захирах зүй тогтлуудыг бүтээсэн, ингэснээр бүх зүйл харилцан хамааралтай, уялдаа холбоотой байдлаар оршиж болох юм гэдгийг чи санах ёстой; Өөрөөр хэлбэл, Бурханы бүтээсэн зүйл нэг бүр үнэ цэн, ач холбогдолтой. Хэрвээ Бурхан ач холбогдолгүй зүйл бүтээсэн бол Бурхан үүнийг алга болгох байсан. Энэ бол бүх зүйлийн хэрэгцээг хангахдаа Бурханы ашигладаг аргуудын нэг.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VII
“Бурхан бүх зүйлийг хангадаг” гэдэг үг маш өргөн утга учир, цар хүрээтэй. Бурхан хүмүүсийг өдөр тутмын хоол ундаар л хангадаг юм биш; харин хүмүүсийн хардаг болон харж эс чадах зүйлийг бүгдийг нь оролцуулаад хэрэгтэй бүхнээр нь хүн төрөлхтнийг хангадаг. Бурхан хүн төрөлхтөнд маш чухал амьдрах орчныг нь тогтоон барьж, удирдаж, захирдаг. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөнд ямар улиралд ямар орчин хэрэгтэй байна, Бурхан түүнийг бэлдсэн. Хүн төрөлхтөн оршин тогтноход зохистой уур амьсгал, дулааны хэмийг Бурхан бас удирддаг. Эдгээр зүйлийг захирдаг зүй тогтол өөрөө санаандгүй үүсдэггүй; тэдгээр нь Бурханы дээд эрх ба үйл хэргийн үр дүн юм. Бурхан Өөрөө энэ бүх зүй тогтлын эх сурвалж бөгөөд бүх зүйлийн амийн эх сурвалж билээ. Чи үүнд итгэдэг ч бай, үгүй ч бай, үүнийг хардаг ч бай, үгүй ч бай, ойлгодог ч бай, үгүй ч бай, энэ бол маргашгүй баттай үнэн хэвээр үлдэнэ.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VII
Хүний энэ өөр өөр төрлийн амьдралын хэв маягийн үндсэн нөхцөлүүд нь юу вэ? Тэдэнд өөр өөр амьдрах орчны баталгаа байх шаардлагатай бус уу? Өөрөөр хэлбэл, хэрвээ ан хийж амьдардаг хүмүүс уулын ой мод, жигүүртэн шувууд, араатан амьтдаа алдах юм бол амин зуулгынх нь эх сурвалж байхгүй болно. Тэгээд энэ угсаатан, ийм төрлийн хүмүүсийн явах зүг чиг тодорхойгүй болж, тэд бүр устан үгүй болж ч магад юм. Амин зуулгынхаа төлөө мал аж ахуй эрхэлдэг хүмүүс юунд найддаг вэ? Тэдний үнэхээр найддаг зүйл нь мал биш, харин мал сүргийн амьдрах орчин буюу бэлчээрийн тал газар юм. Хэрэв бэлчээр байгаагүй бол тэд мал сүргээ хаана бэлчээх байсан бэ? Үхэр, хонь нь юу идэх вэ? Мал байхгүй бол нүүдэлчин ард түмэн амь зуух зүйлгүй болно. Амьжиргааны эх үүсвэр үгүй бол тийм хүмүүс хаашаа явах билээ? Үргэлжлүүлэн амьд үлдэнэ гэдэг маш хэцүү болж, ирээдүй нь үгүй болно. Усны эх үүсвэргүйгээр гол нуурууд хатаж ширгэнэ. Амь нь уснаас хамааралтай байдаг загаснууд үргэлжлүүлэн оршин тогтнох уу? Эдгээр загас оршин тогтнох боломжгүй болно. Амин зуулгынхаа төлөө ус болон загаснаас хамааралтай байгаа хүмүүс цаашид амьд оршиж чадах уу? Хэрвээ тэдэнд хоол хүнс, амьжиргааны эх үүсвэр байхгүй бол тэд цаашид амьдрах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, амин зуулга, амьд орших чадварт нь асуудал гарсан даруйд тухайн угсаатан үргэлжлүүлэн орших боломжгүй болдог бөгөөд дэлхийгээс арчигдан үгүй болно. Амин зуулгынхаа төлөө газар тариалан эрхэлдэг хүмүүс хөрс шороогоо алдаж, юм тарьж ургуулж чадахгүй болж, янз бүрийн ургамлаас хоол хүнсээ авч чадахгүй бол үр дүн нь ямар байх вэ? Хоол хүнс үгүй бол хүмүүс өлбөрч үхнэ биз дээ? Хэрвээ хүмүүс өлбөрч үхвэл тийм төрлийн хүмүүс устгагдах бус уу? Тиймээс л Бурхан төрөл бүрийн орчинг хадгалж үлдэх зорилготой байдаг. Бурхан төрөл бүрийн орчин, эко системийг хадгалж, тухайн орчин бүрд байгаа өөр өөр амьд зүйлсийг хадгалж байдаг нь—бүх төрлийн хүмүүсийг өсгөж, газарзүйн өөр өөр орчинд амьдардаг хүмүүсийг өсгөн үржүүлэх ганц зорилготой.
Хэрвээ бүтээлийн бүх зүйл өөрсдийн хуулийг алдвал цаашид оршин тогтнож чадахаа болино; хэрвээ бүх зүйлийн хууль алдагдвал энэ бүх зүйлийн дотор орших амьд зүйлс үргэлжлүүлэн оршиж чадахгүй. Хүн төрөлхтөн ч бас оршин амьдардаг амьдрах орчноо алдана. Хэрвээ хүн төрөлхтөн энэ бүхнийг алдвал цаашид амьдарч, үеэс үе дамжин өсөн үржих боломжгүй болно. Хүмүүс өдийг хүртэл амьд оршиж байгаагийн шалтгаан нь Бурхан янз бүрийн арга замаар хүн төрөлхтнийг тэтгэхийн тулд бүтээлийн бүх зүйлээр тэднийг хангасаар ирсэнд оршдог. Бурхан хүн төрөлхтнийг янз бүрийн арга замаар тэтгэж ирсэн учраас л тэд өдийг хүртэл амьдарч, өнөөдрийг хүртэл амьд үлдсэн юм. Тааламжтай бөгөөд дэг журамтай ийм тогтсон амьдрах орчин байгаа болохоор дэлхий дээрх бүх хүн, бүх үндэстэн тогтсон цар хүрээндээ амьдарч чаддаг. Хэн ч энэ цар хүрээ, хил хязгаараас давж гарч чадахгүй, учир нь Бурхан тэднийг хуваарилсан юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IX-өөс эш татав
Бурхан бол хүн амьдрах хамгийн үндсэн бүх нөхцөлийн Бүтээгч бөгөөд Бурхан эдгээр зүйлийг бас удирдаж, хянаж байгаа; хүн хэдэн мянган жил оршин тогтносны дараа, одоо ч гэсэн Бурхан тэдний амьдрах орчныг байнга өөрчлөн, хэвийн амьдарч болохуйц хамгийн сайн, хамгийн тохиромжтой амьдрах орчноор тэднийг хангасаар байна. Ийм нөхцөл байдлыг хэр удаан хадгалж болох вэ? Өөрөөр хэлбэл, Бурхан биднийг хэр удаан ийм орчноор хангасаар байх вэ? Бурхан Өөрийн удирдлагын ажлыг бүрэн дуусгах хүртэл үргэлжилнэ. Дараа нь Бурхан, хүн төрөлхтний амьдрах орчныг өөрчилнө. Үүнийгээ Тэр адилхан аргаар, эсвэл өөр аргаар хийж магадгүй ч одоо хүмүүсийн мэдэх ёстой зүйл гэвэл, Бурхан хүн төрөлхтний хэрэгцээг байнга хангаж, хүн төрөлхтний амьдрах орчныг удирдаж, тэрхүү орчныг тэтгэж, хамгаалж, хадгалсаар байгаа билээ. Ийм орчин байгаа болохоор Бурханы сонгосон хүмүүс хэвийн амьдарч, Бурханы аврал, гэсгээлт, шүүлтийг хүлээн авч чаддаг билээ. Бурханы дээд эрхийн улмаас бүх зүйл амьдарсаар байдаг, Бурхан ийнхүү хангаж байгаа болохоор бүх хүн төрөлхтөн урагшилсаар байна.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VIII
Бурхан энэ дэлхийг бүтээж, Өөрийн амь хайрласан амьд бодгаль болох хүнийг дэлхийд авчирсан. Дараа нь хүн эцэг эх, төрөл төрөгсөдтэй болж, ганцаар байхаа больсон юм. Хүн энэхүү материаллаг ертөнцийг анх харснаасаа хойш Бурханы тогтоосноор оршин байх заяатай байв. Бурханаас гарсан амийн амьсгал л амьд бодгаль болгоныг өсөж, нас бие гүйцэх хүртэлх нь дэмждэг билээ. Энэ явцад, хүн Бурханы халамж дор өсөж байна гэдгийг хэн ч мэдэрдэггүй, харин эцэг эхийнхээ хайр халамж дор өсөж байгаа ба хүний амийн зөн мэдрэмж өсөх үйл явцыг нь чиглүүлдэг хэмээн итгэдэг. Учир нь өөрийнх нь амийг хэн хайрлаж, амь нь хаанаас ирснийг хүн мэддэггүй бөгөөд амийн зөн мэдрэмж хэрхэн гайхамшгийг бүтээдгийг бүр ч мэддэггүй. Хоол хүнс бол амь амьдралынх нь үргэлжлэлийн үндэс, уйгагүй хичээл зүтгэл бол оршин тогтнолынх нь эх сурвалж бөгөөд оюун санаан дахь итгэл нь амь зуулгынх нь үнэт хөрөнгө гэдгийг л хүн мэддэг. Бурханы нигүүлсэл, хангалтыг хүн огт анзаардаггүй, энэ маягаар өөрт нь Бурханы хайрласан амийг дэмий үрдэг… Бурханы өдөр, шөнөгүй халамжилдаг энэхүү хүмүүсээс ганц нь ч Түүнийг шүтэн мөргөх санаачилга гаргадаггүй. Бурхан төлөвлөсөн ёсоороо, ямар ч найдлагагүй хүн дээр үргэлжлүүлэн ажилласаар л байдаг. Нэг л өдөр хүн зүүднээсээ сэрээд амийн үнэ цэн, утга учир, мөн хүнд өгсөн бүхнийхээ төлөө Бурханы төлсөн төлөөс, хүнийг Өөр лүү нь эргээсэй хэмээн хүлээдэг Бурханы яарсан сэтгэлийг гэнэт ухаарна хэмээн Тэр найддаг. Хүний амийн үүсэл ба үргэлжлэлийн нууцуудыг хэн ч, хэзээ ч судалж үзээгүй. Энэ бүхнийг ойлгодог Бурхан л, Өөрөөс нь бүх зүйлийг хүлээн авсан мөртөө талархдаггүй хүний учруулдаг шаналал, цохилтыг чимээгүйхэн тэвчдэг. Амийн авчирдаг бүхнийг хүн байх л ёстой зүйл юм шиг л санадаг ба тийм ч болохоор Бурханаас урваж, Бурханыг мартан, Бурханаас сүрдүүлэн авдаг нь “мэдээжийн хэрэг” билээ. Бурханы төлөвлөгөө үнэхээр тийм чухал юм гэж үү? Хүн гэдэг, Бурханы гараас гарсан энэхүү амьд бодгаль үнэхээр тийм чухал юм гэж үү? Бурханы төлөвлөгөө мэдээж чухал; гэвч Бурханы гараар бүтээгдсэн энэхүү амьд бодгаль Түүний төлөвлөгөөний төлөө оршин тогтнодог. Иймд Бурхан энэ хүн төрөлхтнийг үзэн ядсандаа төлөвлөгөөгөө гаргуунд нь гаргачхаж чадахгүй. Бурхан Өөрийн төлөвлөгөө болон Өөрийн гаргасан амьсгалын төлөө, хүний махан бие бус, хүний амийн төлөө л бүх зовлон шаналлыг тэвчдэг билээ. Тэрээр хүний махан биеийг бус, амьсгалсан амиа буцааж авахын тулд л ингэдэг юм. Энэ бол Түүний төлөвлөгөө юм.
Энэ дэлхийд ирсэн хүн бүхэн амьдрал, үхлийг туулах ёстой бөгөөд тэдний ихэнх нь үхэл, дахин төрөлтийн мөчлөгөөр дамжин өнгөрсөн. Амьдарч байгаа нь удахгүй үхэж, үхсэн нь удахгүй эргэн ирнэ. Энэ бүхэн нь амьд бодгаль болгонд зориулан Бурханы зохицуулсан амийн замнал билээ. Гэвч энэхүү замнал, энэ мөчлөг бол Бурханы хүнд яг харуулахыг хүссэн үнэн юм: Бурханы хүнд хайрласан амь хязгааргүй бөгөөд махан бие, цаг хугацаа, орон зайд баригддаггүй. Энэ бол Бурханы хүнд хайрласан амийн нууц бөгөөд амь Түүнээс ирсэн гэдгийн нотолгоо билээ. Хүний амь Бурханаас ирсэн гэдэгт олон хүн итгэдэггүй байж болох ч Түүний оршин тогтнолд итгэдэг ч бай, үгүйсгэдэг ч бай ялгаагүй, Бурханаас ирдэг бүхнийг хүн зайлшгүй эдэлдэг. Хэрвээ нэг өдөр Бурхан гэнэт бодлоо өөрчилж, дэлхий дээр оршдог бүхнийг эргүүлэн авахыг хүсэж, өгсөн амиа буцаан авбал бүх зүйл үгүй болно. Бурхан өөрийн амиар амьтай, амьгүй бүх зүйлийг хангаж; Өөрийн агуу хүч, эрх мэдлээр бүхнийг дэг журамтай байлгадаг. Энэ бол хэний ч төсөөлж, ойлгож чадахгүй үнэн бөгөөд эдгээр ойлгох аргагүй үнэн бол Бурханы амийн хүчний яг жинхэнэ илрэл, гэрчлэл билээ. Одоо Би чамд нэг нууц хэлье: Бурханы амийн агуу байдал болон Түүний амийн хүч чадлыг ямар ч бүтээл ойлгох аргагүй. Одоо ийм байгаа, урьд нь ийм байсан, мөн хожим ч тийм байх болно. Миний хуваалцах хоёр дахь нууц бол энэ: бүх бүтээгдсэн зүйлийн хувьд хэлбэр, бүтцээрээ хэчнээн өөр байсан ч ялгаагүй, амийн эх сурвалж нь Бурханаас ирдэг юм. Чи ямар ч төрлийн амьд бодгаль байсан ялгаагүй Бурханы тогтоосон амийн замыг зөрчиж чадахгүй. Ямартай ч хүн үүнийг ойлгоосой гэж л Би хүсдэг: Бурханы халамж, хамгаалалт, хангалтгүйгээр хүн хэчнээн шаргуу зүтгэж, хэчнээн хүч гарган тэмцлээ ч гэсэн хүлээн авах учиртай бүхнээ хүлээн авч чадахгүй. Бурханы амийн хангалтгүйгээр хүн амьдрахын үнэ цэн, амийн утга учрыг алддаг. Амийнх нь үнэ цэнийг дэмий үрдэг хүний ийм санаа амар байдлыг Бурхан яаж зөвшөөрч чадах юм бэ? Өмнө нь Миний хэлсэнчлэн, Бурхан бол чиний амийн эх сурвалж гэдгийг бүү март. Хэрвээ хүн Бурханы хайрласан бүхнийг нандигнаж чадахгүй бол Бурхан анх өгсөн зүйлээ эргүүлэн аваад зогсохгүй, нөхөн төлөөсөнд нь хүнээс өгсөн бүхнийхээ үнийг хоёр нугалан шаардана.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж
Бурханы удирдлага байсан цагаас эхлэн Бурхан Өөрийн ажлыг гүйцэтгэхэд үргэлж бүх анхаарлаа хандуулж иржээ. Хүнээс Өөрийн үнэн биеийг нуудаг хэдий ч Тэр хүн дээр ажиллаж, Өөрийн зан чанарыг илэрхийлэн, Өөрийн мөн чанараар бүх хүн төрөлхтнийг залан чиглүүлж, Өөрийн агуу хүч чадал, мэргэн ухаан, эрх мэдлээр хүн бүр дээр ажилласнаар Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон өнөөгийн Хаанчлалын эрин үеийг авчирч, үргэлж хүний дэргэд байсаар байна. Бурхан хүнээс Өөрийн үнэн биеийг нуудаг боловч Түүний зан чанар, Түүний оршихуй болон эзэмшил, хүн төрөлхтний төлөөх Түүний хүсэл нь хүмүүсийг харж, мэдрэг гэж нээлттэй ил байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханыг харж, Түүнд хүрч чадахгүй боловч хүн төрөлхтөнд харагдсан Бурханы зан чанар болон мөн чанар нь Бурханы Өөрийнх нь цэвэр илэрхийлэл мөн билээ. Энэ үнэн биш гэж үү? Бурхан Өөрийн ажилд ямар арга, эсвэл ямар өнцөг сонгохыг нь үл харгалзан, Тэр хүмүүст үргэлж Өөрийн жинхэнэ ялгамж чанараар хандаж, Өөрт оногдсон ажлыг хийж, хэлэх ёстой үгийг хэлдэг. Бурхан ямар ч өнцгөөс яривч—гуравдагч тэнгэрт зогсож байсан ч, эсвэл махбодод орших юм уу, бүр энгийн хүний байдлаар байсан ч—Тэр хүмүүст үргэлж Өөрийн бүх сэтгэл зүрхнээс, Өөрийн бүх оюун ухаанаар, хуурч мэхлэхгүй, нууж далдлахгүй ярьдаг. Өөрийн ажлыг явуулж байхдаа Бурхан Өөрийн үг болон зан чанарыг илэрхийлж, мөн Түүнд юу байгаа, Тэр юу болохоо юу ч үлдээлгүй илэрхийлдэг. Тэр хүн төрөлхтнийг Өөрийн амь, Өөрийн оршихуй болон эзэмшлээр залж чиглүүлдэг.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I
Бурханы удирдлагын ажил дэлхий ертөнц бүтээгдсэнээс хойш эхэлсэн ба хүн энэхүү ажлын цөмд байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь хүний төлөө байсан гэж хэлж болно. Түүний удирдлагын ажил олон мянган жил дамнадаг учраас энэ нь хэдхэн минут, секундын дотор юм уу нүд цавчихын төдийд, эсвэл ганц хоёрхон жилийн дотор хийгддэггүй бөгөөд хүн төрөлхтний оршин амьдрахад шаардлагатай нар, сар, бүх төрлийн амьд зүйл, хоол хүнс, таатай орчин гэх зэрэг илүү их зүйлийг бүтээх хэрэгтэй болсон. Энэ нь Бурханы удирдлагын эхлэл байсан юм.
Үүний дараа Бурхан хүн төрөлхтнийг Сатанд хүлээлгэн өгч, хүн Сатаны эзэмшил дор амьдарсан ба энэ нь яваандаа эхний эрин үеийн Бурханы ажил буюу Хуулийн эрин үеийн түүх рүү хөтөлсөн… Хуулийн эрин үеийн хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөн Хуулийн эрин үеийн удирдамжид дасаж, ийм байх ёстой мэт үзэж эхэлсэн юм. Тэгээд хүн аажмаар Бурханы анхаарал халамжийг орхисон. Иймээс хуулийг мөрдөхийн зэрэгцээ тэд бас шүтээн шүтэж, муу үйл хийжээ. Тэдэнд Еховагийн хамгаалалт байгаагүй бөгөөд ердөө сүм дэх тахилын ширээг сахиж амьдралаа өнгөрүүлсэн юм. Үнэндээ, Бурханы ажил тэднийг аль хэдийн орхисон бөгөөд хэдийгээр израильчууд хуулийг мөрдөж, Еховагийн нэрийг хэлсээр байж, тэр ч байтугай зөвхөн тэд л Еховагийн ардууд, Еховагийн сонгосон хүмүүс хэмээн бардамнан итгэж байсан ч Бурханы алдар тэднийг чимээгүйхэн орхисон билээ…
Бурхан ажлаа хийхдээ үргэлж нэг газраас сэмээрхэн явж, Өөрийн эхлүүлсэн шинэ ажлыг өөр газарт чимээгүйхэн хийдэг. Энэ нь мэдрэлгүй болсон хүмүүст ер бусын мэт санагддаг. Хүмүүс үргэлж хуучныг дээдэлж, танил бус шинэ зүйлсэд дайсагнан ханддаг, эсвэл тэдгээрийг яршигтай хэмээн үздэг. Иймээс Бурхан ямар ч шинэ ажил хийлээ гэсэн, эхнээс нь бүр төгсгөл хүртэл бүх зүйлийн дундаас хүн л хамгийн сүүлд үүнийг мэддэг.
Хуулийн эрин үе дэх Еховагийн ажил дууссаны дараа Бурхан ердийнхөөрөө хоёр дахь үе шатны шинэ ажлаа эхлүүлэн, махбод авч—арав, хорин жилийн турш бие махбодтой хүн болж—итгэгчдийн дунд ярьж, Өөрийн ажлыг хийсэн. Гэсэн ч бүгд ялгаагүй, нэг нь ч мэдээгүй ба Эзэн Есүсийг загалмайд цовдлогдож, дахин амилсны дараа Тэр бол махбод болсон Бурхан мөн гэдгийг цөөн тооны хүн л хүлээн зөвшөөрсөн… Бурханы ажлын хоёр дахь үе шат биелмэгц—цовдлолын дараа—хүнийг нүглээс буцаан авах (өөрөөр хэлбэл, хүнийг Сатаны гараас буцаан авах) Бурханы ажил биелсэн. Иймд тэр мөчөөс эхлэн хүн төрөлхтөн нүглээ уучлуулахын тулд зөвхөн Эзэн Есүсийг Аврагч хэмээн хүлээн зөвшөөрөхөд л болох байв. Нэр төдий хэлэхэд, авралд хүрч, Бурханы өмнө очиход хүний нүгэл цаашид саад болохоо больж, Сатан хүнийг буруутгах хөшүүрэг байхаа больсон. Яагаад гэвэл, Бурхан Өөрөө бодит ажил хийж, нүгэлт бие махбодын төрх, урьдач загвар болсон бөгөөд Бурхан Өөрөө нүглийн тахил байсан юм. Ийм маягаар энэ нүгэлт бие махбодын төрх болох Бурханы махбодоор дамжуулан хүн загалмайнаас бууж, золилт, авралыг хүртсэн. Иймээс Сатанд олзлогдсоны дараа хүн Бурханы өмнө аврал хүлээн авахад нэг алхам илүү ойртсон. Мэдээж, ажлын энэ үе шат нь Хуулийн эрин үеийн Бурханы удирдлагаас илүү гүн гүнзгий, илүү ахисан түвшнийх байлаа.
………………………
Тэгээд дараа нь Хаанчлалын эрин үе ирсэн ба энэ нь ажлын илүү бодитой үе шат атлаа хүн хүлээн зөвшөөрөхөд хамгийн хэцүү нь юм. Учир нь, хүн Бурханд ойртон очих тусам Бурханы саваа хүнд улам ойртдог ба Бурханы царай хүний өмнө улам тодорхой илчлэгддэг. Хүн төрөлхтөн золин аврагдсаны дараа хүн албан ёсоор Бурханы гэрт буцаж очдог. Одоо үе бол зугаа цэнгэлийн цаг гэж хүн бодсон боловч хэний ч урьдчилан харж чадаагүй Бурханы шууд ширүүн дайралтад өртсөн: Энэ нь Бурханы ардуудын “эдлэх” ёстой баптисм байж таарсан. Тийм хандлага дор хүмүүс түр зогсоод, “Би бол олон жил төөрсөн Хурга бөгөөд Бурхан намайг буцааж худалдан авахын тулд маш ихийг зарцуулсан, тэгвэл Бурхан надад яагаад ингэж хандаж байгаа юм бэ? Намайг шоолж, намайг илчлэх Бурханы арга зам энэ гэж үү? …” хэмээн бодохоос өөр аргагүйд хүрдэг. Олон жил өнгөрсний дараа хүн цэвэршүүлэлт, гэсгээлтийн бэрхшээлийг туулаад хашир болсон. Хэдийгээр хүн өнгөрсөн үеийн “алдар суу” болон “романтик байдлаа” алдсан ч хүний биеэ авч явах зарчмыг өөрийн мэдэлгүй ойлгож эхэлсэн ба хүн төрөлхтнийг аврахын төлөөх Бурханы олон жилийн зориулалтыг ойлгож эхэлсэн юм. Хүн харанхуй бүдүүлэг байдлаа аажмаар үзэн ядаж эхэлдэг. Тэр өөрийнхөө хэчнээн зэрлэг догшныг, Бурханд хандах бүх үл ойлголцлоо болон Түүнд тавьж байсан үндэслэлгүй шаардлагуудаа үзэн ядаж эхэлдэг. Цаг хугацааг буцааж болохгүй. Өнгөрсөн үеийн үйл явдлууд нь хүний харуусал дүүрэн дурсамж болж, Бурханы үг болон хайр хүний шинэ амьдралыг хөдөлгөгч хүч болдог. Хүний шарх өдөр өдрөөр эдгэрч, хүч чадал нь эргэн ирэхэд хүн өндийн босож, Төгс Хүчитийн царайг хараад… Тэр үргэлж миний хажууд байсан ба Түүний инээмсэглэл, Түүний үзэсгэлэнт царай маш сэтгэл хөдөлгөм хэвээр байж, Түүний зүрх сэтгэл Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийхөө төлөө зовнисоор байдаг, Түүний гар одоо ч анхных шигээ дулаахан, хүчирхэг хэвээр гэдгийг л олж мэддэг. Хүн Еден цэцэрлэгт буцаж очсон мэт байдаг, гэхдээ энэ удаад хүн могойн уруу таталтыг цаашид сонсохгүй, цаашид Еховагаас нүүр буруулахгүй. Хүн Бурханы өмнө өвдөг сөгдөж, Бурханы инээмсэглэсэн царайг хараад өөрийн хамгийн эрхэм тахилыг өргөдөг—Өө! Эзэн минь, Бурхан минь!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна
Хэдэн мянган жил өнгөрсөн ба хүн төрөлхтөн одоо ч Бурханы хайрласан гэрэл, агаарыг эдэлж, Бурханы Өөрийн гаргасан амьсгаагаар амьсгалж, Бурханы бүтээсэн цэцэгс, шувууд, загас жараахай, шавж хорхойг эдэлж, Бурханы хангасан бүх зүйлийг эдэлдэг; өдөр шөнө бас л үргэлжлэн ар араасаа солигддог; дөрвөн улирал ердийнхөөрөө ээлжилдэг; тэнгэрт нисэх галуу энэ өвөл нүүдэллэн одож, дараа хавар нь эргэн ирдэг; усан дахь загас жараахай өөрсдийн гэр болох гол, нуурыг хэзээ ч орхидоггүй; газар дээрх голио зуны өдрүүдэд хоолой мэдэн донгоддог; өвсөн дундах хүрэлзгэнэ намрын салхины аясаар аяархан гүнгэнэдэг; галуу сүрэглэн цуглардаг байхад бүргэд ганцаараа амьдардаг; арслангийн сүрэг ан хийн амь зогоодог; хандгай өвс ногоо, цэцэгсээс холддоггүй… Бүх зүйлийн дундах төрөл бүрийн амьтад холдон одож, эргэн ирдэг, дараа нь дахин оддог гээд л нүд ирмэхийн төдийд үй түмэн өөрчлөлт тохиолддог—харин тэдний зөн мэдрэмж, амьд үлдэх хууль л өөрчлөгддөггүй. Тэд Бурханы хангалт, тэжээл дор амьдардаг бөгөөд зөнг мэдрэмжийг нь хэн ч өөрчилж, амьд үлдэх дүрмийг нь хэн ч доголдуулж чадахгүй. Хэдийгээр бүх зүйлийн дунд амьдардаг хүн төрөлхтнийг Сатан ялзруулж, мэхэлсэн боловч Бурханы бүтээсэн ус, Бурханы бүтээсэн агаар, Бурханы бүтээсэн бүх зүйлээс тэд бас л татгалзаж чадахгүй бөгөөд Бурханы бүтээсэн энэхүү орон зайд хүн амьдарч, өсөн үржсээр байдаг. Хүн төрөлхтний зөн мэдрэмж өөрчлөгдөөгүй. Хүн одоо ч харахын тулд нүд, сонсохын тулд чих, бодохын тулд уураг тархи, ойлгохын тулд зүрх сэтгэл, алхахын тулд хөл, ажиллахын тулд гар гэх зэрэгтээ түшиглэдэг; Бурханы хангалтыг хүлээн зөвшөөрч чаддаг болгох гэж Бурханаас хүнд хайрласан бүх зөн мэдрэмж нь өөрчлөгдөлгүй хэвээр үлдсэн, Бурхантай хамтран ажиллах хүний чадавх өөрчлөгдөөгүй, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэх хүн төрөлхтний чадавх өөрчлөгдөөгүй, хүн төрөлхтний сүнслэг хэрэгцээ өөрчлөгдөөгүй, гарал үүслээ олж тогтоох хүн төрөлхтний хүсэл өөрчлөгдөөгүй, Бүтээгчээр авруулах гэсэн хүн төрөлхтний хүсэл тэмүүлэл ч өөрчлөгдөөгүй. Бурханы эрх мэдэл дор амьдарч, Сатаны авчирсан цуст сүйрлийг даван туулсан хүн төрөлхтний одоогийн нөхцөл байдал энэ юм. Хэдийгээр хүн төрөлхтөн Сатаны дарангуйлалд орж, бүтээлийн эхлэлийн Адам, Ева биш болж, мэдлэг, төсөөлөл, үзэл гэх мэт Бурхантай тэрслэх зүйлс болон ялзарсан сатанлаг зан чанараар дүүрсэн боловч Бурханы нүдэнд одоо ч Өөрийнх нь бүтээсэн тэр хүн төрөлхтөн хэвээрээ юм. Хүн төрөлхтөн одоо ч Бурханд захирагдаж, зохион байгуулагдаж, одоо ч Бурханы тогтоосон замналаар амьдардаг, иймээс Сатаны ялзруулсан хүн төрөлхтөн нь Бурханы нүдээр бол жаахан хир буртагт баригдсан, хоржигносон ходоодтой, үл ялиг удаан хөдөлгөөнтэй, өмнөх шигээ сайн ой санамжтай байхаа больж, бага зэрэг хөгширсөн төдий л боловч хүний бүх чиг үүрэг, зөн билэг нь тэр чигтээ бүрэн бүтэн харагддаг. Энэ бол Бурханы аврах гэж зорьдог хүн төрөлхтөн юм. Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дуудлагыг сонсож, Бүтээгчийн дуу хоолойг сонсох л юм бол энэ дуу хоолойны эх үүсвэрийг олж тогтоохоор яаран босох болно. Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дүрийг харах л юм бол Бурханд өөрийгөө зориулахын тулд өөр юуг ч хайхрахаа больж, бүх зүйлийг орхиж, тэр ч байтугай өөрийн амийг Түүний төлөө зориулах болно. Зүрх сэтгэл нь Бүтээгчийн үнэн сэтгэлийн үгийг ойлгох үед хүн төрөлхтөн Сатаныг хаяж, Бүтээгчийн талд ирэх болно; хүн төрөлхтөн биеийнхээ хир буртгийг бүрэн угааж, Бүтээгчийн хангалт, тэжээлийг дахин нэг удаа хүртсэн үед хүн төрөлхтний ой санамж сэргэж, энэ үед хүн төрөлхтөн Бүтээгчийн эрх мэдэл дор үнэхээр эргэн очсон байх болно.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?