Сатан бол тэнгэр, газар болон бүх зүйлийг хэзээ ч бүтээж чадахгүй, Бурханы бүрэн эрхийг хэзээ ч давж гарч чадахгүй унасан тэнгэрэлч юм

2018-01-01

Холбогдох Бурханы үг:

Газар дэлхий хараахан оршин тогтноогүй байх үед тэргүүн тэнгэрэлч тэнгэрийн тэнгэрэлчүүдээс хамгийн том нь байсан юм. Энэ нь тэнгэр дэх бүх тэнгэрэлчийг захирч байсан; энэ нь Бурханы олгосон эрх мэдэл байв. Бурханыг оролцуулахгүйгээр тэрээр тэнгэрэлчүүдээс хамгийн том нь байсан. Хожим нь Бурхан хүн төрөлхтнийг бүтээсний дараа тэргүүн тэнгэрэлч Бурханы эсрэг бүр ч том урвалтыг газар дээр үйлджээ. Энэ нь хүн төрөлхтнийг удирдаж, Бурханы эрх мэдлээс давахыг хүссэн учраас Бурханаас урвасан гэж Би хэлдэг. Тэргүүн тэнгэрэлч Еваг нүгэлд уруу татсан бөгөөд өөрийн хаанчлалыг газар дээр байгуулж, хүн төрөлхтнийг Бурханаас урвуулж, оронд нь өөртөө дуулгавартай байлгахыг хүссэн учраас ингэсэн юм. Өөрийг нь дуулгавартай дагаж чадах маш олон зүйл байгааг тэргүүн тэнгэрэлч харсан—тэнгэрэлчүүд, газар дээрх хүмүүс ч бас түүнд дуулгавартай байж чадах байсан. Араатан, шувууд, модод, ой шугуй, уулс, гол болон газар дээрх бүх зүйл хүмүүсийн буюу Адам, Ева хоёрын халамжид байсан, харин Адам, Ева хоёр тэргүүн тэнгэрэлчид дуулгавартай байсан. Тиймээс тэргүүн тэнгэрэлч Бурханы эрх мэдлийг давж, Бурханаас урвахыг хүсжээ. Дараа нь тэр олон тэнгэрэлчийг Бурханы эсрэг тэрслэхэд хүргэсэн ба тэгээд тэд хожим нь янз бүрийн бузар сүнснүүд болсон юм. Өнөөдрийг хүртэлх хүн төрөлхтний хөгжил тэргүүн тэнгэрэлчийн завхралаас үүдээгүй гэж үү? Тэргүүн тэнгэрэлч Бурханаас урваж, хүн төрөлхтнийг завхруулсан учраас л хүмүүс өнөөдөр ийм байдалтай байгаа юм. Энэхүү алхам алхмаар хийгддэг ажил нь хүмүүсийн төсөөлдөг шиг хийсвэр бөгөөд энгийн огт биш. Сатан тодорхой учир шалтгаантайгаар урвасан, гэсэн ч хүмүүс ийм энгийн зүйлийг ойлгож чаддаггүй. Тэнгэр, газар болон бүх зүйлийг бүтээсэн Бурхан яагаад бас Сатаныг бүтээсэн юм бэ? Бурхан Сатаныг маш их үзэн яддаг тул Сатан бол Түүний дайсан, тэгвэл Тэр яагаад Сатаныг бүтээсэн юм бэ? Сатаныг бүтээснээрээ Тэр дайсныг бүтээсэн бус уу? Бурхан үнэндээ дайсныг бүтээгээгүй юм; харин ч Тэрээр тэнгэрэлчийг бүтээсэн ба дараа нь тэнгэрэлч Түүнээс урвасан билээ. Өөрийнх нь байр суурь маш өндөр болсон учраас тэр Бурханаас урвахыг хүсжээ. Энэ нь тохиолдлын хэрэг байсан гэж хэлж болох боловч энэ нь бас зайлшгүй байдал байлаа. Хүн тодорхой хэмжээнд хүртэл өсөж төлөвшсөнийхөө дараа зайлшгүй нас бардагтай энэ нь адилхан; юмс яг тэр үе шат хүртэл хөгжсөн.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой

Тэнгэрэлчүүд нэн сул дорой, яриад байх ямар ч чадваргүй байсан учраас эрх мэдэл өгөнгүүт биеэ тоож эхэлсэн. Ялангуяа бусад тэнгэрэлчээс өндөр байр суурьтай байсан тэргүүн тэнгэрэлчийн хувьд ийм байсан юм. Тэнгэрэлчүүдийн дундах хаан тэрээр олон сая тэнгэрэлчийг удирдан захирч байсан ба Еховагийн дор түүний эрх мэдэл өөр ямар ч тэнгэрэлчийнхээс давжээ. Тэрээр энэ, тэрийг хийхийг хүсэж, дэлхийг хянахын тулд хүний ертөнц рүү тэнгэрэлчүүдийг удирдан буухыг хүссэн юм. Бурхан Өөрийгөө орчлон ертөнцийг захирдаг Нэгэн гэж хэлсэн; гэтэл тэргүүн тэнгэрэлч өөрийгөө орчлон ертөнцийг захирдаг гэж хэлсэн—тэр үеэс хойш тэргүүн тэнгэрэлч Бурханаас урвасан юм. Бурхан тэнгэрт өөр ертөнцийг бүтээсэн бөгөөд тэргүүн тэнгэрэлч энэ ертөнцийг захирахын сацуу мөнх бусын ертөнцөд буухыг хүссэн. Бурхан ингэхийг нь зөвшөөрч чадна гэж үү? Тиймээс Тэр тэргүүн тэнгэрэлчийг цохиж, агаар луу доош шидсэн юм. Хүмүүсийг завхруулснаас нь хойш тэднийг аврахын тулд Бурхан Сатантай дайтах болсон; Тэр түүнийг ялахын тулд энэ зургаан мянганыг ашигласан юм. Төгс хүчит Бурханы талаарх та нарын үзэл баримтлал Бурханы одоо явуулж байгаа ажилтай нийцдэггүй; энэ нь туйлын бодит бус бөгөөд маш утгагүй! Үнэндээ тэргүүн тэнгэрэлчийг урвасны дараа л Бурхан түүнийг дайснаа гэж зарласан. Урвалтынхаа улмаас л тэргүүн тэнгэрэлч мөнх бусын ертөнцөд ирснийхээ дараа хүн төрөлхтнийг гишгэлсэн ба энэ шалтгааны улмаас хүн төрөлхтөн өдийг хүртэл хөгжсөн билээ. Ийм юм тохиолдсоны дараа Бурхан Сатанд: “Би чамайг ялж, Өөрийн бүтээсэн бүх хүнд аврал авчирна” гэж тангарагласан юм. Сатан эхэндээ үнэмшээгүй ба “Та үнэндээ надад юу хийж чадах юм бэ? Та үнэхээр намайг агаар луу цохиж чадна гэж үү? Та үнэхээр Намайг ялж чадна гэж үү?” хэмээн хариулжээ. Бурхан агаар луу цохисныхоо дараа тэргүүн тэнгэрэлчид цаашид анхаарал хандуулаагүй бөгөөд хожим нь Сатаны байнгын үймээнийг үл хайхран хүн төрөлхтнийг аварч, Өөрийн ажлыг хийж эхэлсэн. Сатан энэ, тэрийг хийж чаддаг байсан ч энэ бүхэн нь урьд нь түүнд Бурханы өгсөн эрх мэдлийн ач байв; тэр эдгээр зүйлийг өөртөө аван агаарт гарсан ба өнөөг хүртэл хадгалсаар ирсэн. Тэргүүн тэнгэрэлчийг агаар луу цохихдоо Бурхан эрх мэдлийг нь буцааж аваагүй тул Сатан хүн төрөлхтнийг үргэлжлүүлэн завхруулжээ. Нөгөө талаар, бүтээгдсэнийх нь дараа Сатаны завхруулсан хүн төрөлхтнийг Бурхан аварч эхэлсэн. Бурхан тэнгэрт байхдаа Өөрийн үйл хэргийг илчлээгүй; гэхдээ газар дэлхийг бүтээхээсээ өмнө Тэрээр тэнгэрт бүтээсэн дэлхийнхээ хүмүүст Өөрийн үйл хэргийг харуулж, тэгснээрээ тэр хүмүүсийг тэнгэрээс дээш хөтөлсөн. Тэр тэдэнд мэргэн ухаан, оюуны чадамж өгч, тэрхүү дэлхийд амьдруулахаар тэр хүмүүсийг удирдан хөтөлсөн. Мэдээж та нарын хэн ч энэ тухай өмнө нь сонсож байгаагүй. Дараа нь, Бурхан хүмүүсийг бүтээсний дараа тэргүүн тэнгэрэлч тэднийг завхруулж эхэлсэн; газар дээр бүх хүн төрөлхтөн эмх замбараагүй байдалд автсан. Тэр үед л Бурхан Сатаны эсрэг дайнаа эхлүүлсэн ба тэр үед л хүмүүс Түүний үйл хэргийг харж эхэлсэн билээ. Эхэндээ тийм үйл хэрэг хүн төрөлхтнөөс нуугдмал байв. Агаар луу цохигдсоныхоо дараа Сатан өөрийнхөө юмыг хийж, Бурхан ч Өөрийнхөө ажлыг үргэлжлүүлэн хийсэн ба эцсийн өдрүүдийг хүртэл Сатантай тасралтгүй дайтсан билээ. Одоо үе бол Сатан устгагдах ёстой цаг үе. Анх Бурхан түүнд эрх мэдэл өгсөн, дараа нь Тэр үүнийг агаар руу цохисон ч тэр эсэргүүцсэн хэвээр үлдсэн. Дараа нь, тэр газар дээр хүн төрөлхтнийг завхруулсан боловч Бурхан тэнд хүн төрөлхтнийг удирдаж байлаа. Сатаныг ялахын тулд Бурхан хүмүүсийг удирдах Өөрийн удирдлагыг ашигладаг. Хүмүүсийг завхруулснаар Сатан тэдний хувь заяаг эцэслэж, Бурханы ажлыг үймүүлдэг. Нөгөө талаар, Бурханы ажил бол хүн төрөлхтний аврал билээ. Бурханы ажлын аль алхам нь хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаггүй вэ? Аль алхам нь хүмүүсийг цэвэрлэж, тэднийг зөв шударга авирладаг болгож, хайрлуулж чадах хүмүүсийн дүрийг амьдран харуулдаг болгохын төлөө байдаггүй вэ? Харин Сатан үүнийг хийдэггүй. Тэр хүн төрөлхтнийг завхруулдаг; хүн төрөлхтнийг завхруулах ажлаа орчлон ертөнц даяар тасралтгүй явуулдаг. Мэдээж Бурхан ч бас ажлаа хийн, Сатанд ямар ч анхаарал хандуулдаггүй. Сатан хэчнээн их эрх мэдэлтэй байх нь хамаагүй, тэр эрх мэдлийг Бурхан л өгсөн; Бурхан үнэндээ Өөрийн бүх эрх мэдлийг үүнд ердөө өгөөгүй, тиймээс Сатан юу ч хийсэн бай, Бурханаас давж хэзээ ч чадахгүй ба үргэлж Бурханы атганд байх болно. Бурхан Өөрийн ямар ч үйл хэргийг тэнгэрт байхдаа илчлээгүй. Тэр ердөө л Сатанд багахан хэмжээний эрх мэдэл өгч, бусад тэнгэрэлчийг түүгээр хянуулсан. Тиймээс, Сатан юу ч хийлээ гэсэн, Бурханы эрх мэдлээс давж чадахгүй, учир нь анх Бурханы түүнд өгсөн эрх мэдэл хязгаарлагдмал юм. Бурхан ажиллаж байхад Сатан үймүүлдэг. Эцсийн өдрүүдэд түүний үймээн самуун дууссан байх болно; үүний нэгэн адил Бурханы ажил ч бас дуусаж, Бурханы бүрэн төгс болгохыг хүсдэг хүмүүс бүрэн төгс болгуулна. Бурхан хүмүүсийг эерэгээр чиглүүлдэг; Түүний амь бол хэмжээлшгүй агаад хязгааргүй амийн ус билээ. Сатан хүнийг тодорхой хэмжээнд завхруулсан; эцэст нь амийн амьд ус хүнийг бүрэн төгс болгоно, тэгээд Сатан хөндлөнгөөс оролцож, өөрийн ажлыг явуулах боломжгүй болно. Тийнхүү Бурхан энэ хүмүүсийг бүрэн олж авч чадна. Сатан одоо ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байгаа; тэр байнга Бурханы эсрэг сөрөн зогсдог ч Бурхан түүнд огт анхаарал хандуулдаггүй. “Би Сатаны бүх харанхуй хүчийг, үүний бүх харанхуй нөлөөг ялна” гэж Бурхан хэлсэн. Энэ нь одоо махбодоор хийгдэх ёстой ажил бөгөөд энэ нь бас махбод болохын утга учир буюу эцсийн өдрүүдэд Сатаныг ялах ажлын үе шатыг дуусгаж, Сатанд харьяалагддаг бүх зүйлийг арчин хаях явдал юм. Бурхан Сатаныг ялах нь зайлшгүй! Үнэндээ Сатан аль хэдийн бүтэлгүйтсэн. Агуу улаан лууны газар нутаг даяар сайн мэдээ тархаж эхлэх үед, өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан ажлаа эхлүүлж, энэ ажлыг явуулж эхлэх үед Сатан бүрмөсөн ялагдсан, учир нь бие махбодтой болохын гол зорилго нь Сатаныг ялан дийлэхийн төлөө байсан билээ. Бурхан дахин нэг удаа махбод болж, ямар ч хүч зогсоож чадахгүй Өөрийн ажлыг хэрэгжүүлж эхлэхийг Сатан хармагцаа энэ ажлын бараанаар мэгдэн сандарч, цаашид гай тарьж зүрхлээгүй. Эхэндээ Сатан өөрт нь ч бас маш их мэргэн ухаан өгөгдсөн гэж бодсон ба Бурханы ажлыг үймүүлж, түйвээсэн; гэхдээ тэр, Бурхан дахин нэг удаа махбод болж, Өөрийнхөө ажилд хүн төрөлхтний төлөөх илчлэл, шүүлт болгон Сатаны тэрслүү байдлыг ашиглаж, улмаар хүмүүсийг байлдан дагуулж, Сатаныг ялна гэж бодоогүй юм. Бурхан Сатанаас илүү ухаалаг бөгөөд Бурханы ажил түүнээс хамаагүй хол давдаг. Тиймээс өмнө нь Миний хэлж байсанчлан: “Миний хийдэг ажил Сатаны ов мэхний хариуд хэрэгждэг; эцэстээ Би Өөрийн төгс хүчийг болон Сатаны хүчин мөхөс байдлыг илчилнэ.” Бурхан урд талд нь Өөрийн ажлыг хийх үед Сатан араас нь дагах ба эцэстээ бүрмөсөн устгагдана—өөрийг нь юу цохисныг ч тэр мэдэхгүй! Аль хэдийн сүйрэн унаж, няцлуулмагцаа л тэр үнэнийг ухаарна, харин тэр үед аль хэдийн галт нууранд шатчихсан байх болно. Тэгэхэд Сатан бүрэн үнэмшихгүй гэж үү? Учир нь тэр үед түүнд ашиглах арга заль байхгүй байх болно!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой

Сатаныг онцгой ялгамж чанартай болохоор нь маш олон хүн түүний янз бүрийн талын илрэлийг хүчтэй сонирхох болсон. Гайхамшиг үзүүлж, хүн төрөлхтний хийх боломжгүй зүйлсийг хийх чадвартай болохоор нь Сатаныг бас Бурхан шиг эрх мэдэл эзэмшдэг гэж итгэдэг мунхаг хүмүүс хүртэл олон байдаг. Иймээс хүн төрөлхтөн Бурханыг шүтэн мөргөхийн сацуу зүрх сэтгэлдээ Сатанд ч бас орон зай үлдээж, тэр ч бүү хэл Сатаныг Бурхан хэмээн шүтдэг. Энэ хүмүүс хөөрхийлөлтэй агаад жигшмээр. Тэд мэдлэггүй учраас хөөрхийлөлтэй ба тэрс үзэл, төрөлхийн ёрын муу мөн чанарынхаа улмаас жигшүүртэй. Одоо та нарт, эрх мэдэл гэж юу болох, энэ нь юуг бэлгэдэж, юуг төлөөлдөг болохыг хэлэх шаардлагатай мэт Надад санагдаж байна. Ерөнхийд нь ярихад, Бурхан Өөрөө эрх мэдэл юм, Бурханы эрх мэдэл Өөрийнх нь дээдийн дээд байдал, мөн чанарыг бэлгэддэг ба Бурханы Өөрийн эрх мэдэл нь Бурханы байр суурь, ялгамж чанарыг төлөөлдөг. Ийм байхад Сатан өөрийгөө Бурхан гэж хэлж зүрхлэх үү? Сатан өөрийгөө бүх зүйлийг бүтээсэн, бүхнийг захирдаг гэж хэлж зүрхэлдэг үү? Мэдээж үгүй! Учир нь Сатан бүх зүйлийг бүтээх чадваргүй; өдийг хүртэл тэр Бурханы бүтээлээс нэг ч атугай зүйлийг бүтээж байсан удаагүй бөгөөд ямар нэг амьтай зүйлийг бүтээж үзээгүй. Учир нь түүнд Бурханы эрх мэдэл байхгүй, Бурханы байр суурь, ялгамж чанарыг хэзээ ч эзэмших боломжгүй бөгөөд энэ нь түүний мөн чанараар тодорхойлогддог. Түүнд Бурхантай адил хүч чадал бий юу? Мэдээж үгүй! Сатаны үйл, үзүүлсэн гайхамшгийг бид юу гэж нэрлэдэг вэ? Энэ нь хүч чадал уу? Үүнийг эрх мэдэл гэж нэрлэж болох уу? Мэдээж үгүй! Сатан хорон муу урсгалыг удирдаж, Бурханы ажлыг бүх талаар нурааж, доголдуулж, тасалдуулдаг. Сүүлийн хэдэн мянган жилд хүн төрөлхтнийг ялзруулж, зовоож, хүнийг урхидаж, мэхлэн доройтолд оруулж, хүнийг үхлийн сүүдэрт хөндий рүү явуулахын тулд Бурханыг голоход хүргэснээс бусдаар Сатан хүнд дурсагдаж, сайшаагдаж, нандигнамаар зүйл өчүүхэн төдийхнийг ч хийсэн гэж үү? Сатан эрх мэдэл, хүч чадал эзэмшдэг байсан бол хүн төрөлхтнийг ялзруулах байсан уу? Сатан эрх мэдэл, хүч чадал эзэмшдэг байсан бол хүн төрөлхтнийг хорлох байсан уу? Хэрвээ Сатан эрх мэдэл, хүч чадал эзэмшдэг байсан бол хүн төрөлхтөн Бурханыг орхиж, үхэл рүү явах байсан уу? Сатанд ямар ч эрх мэдэл, хүч чадал байдаггүй болохоор хийдэг бүхнийх нь мөн чанарыг бид юу гэж дүгнэх хэрэгтэй вэ? Сатаны хийдэг бүхнийг шалихгүй заль мэх гэж тодорхойлдог хүмүүс бий, гэхдээ тийм тодорхойлолт төдийлөн зохистой биш гэж Би боддог. Хүн төрөлхтнийг ялзруулсан түүний муу үйл нь шалихгүй заль мэх гэж үү? Иовыг хэрцгийлсэн Сатаны муу ёрын хүч болон түүнийг хэрцгийлж, залгих гэсэн догшин хүсэл нь шалихгүй заль мэх төдийхнөөр хийгдсэн байж хэрхэвч таарахгүй. Эргээд харвал, уул толгодоор хааяагүй таран бэлчсэн Иовын мал сүрэг хормын төдийд үгүй болсон; Иовын их хөрөнгө агшин зуурын төдийд алга болсон. Үүнийг шалихгүй заль мэх төдийхнөөр хийж болно гэж үү? Сатаны хийдэг бүхний уг чанар нь хохироох, тасалдуулах, устгах, хорлох, муу ёр, хорлонт байдал, харанхуй гэх мэт сөрөг нэр томьёотой таарч, нийцдэг тул зөвт бус, ёрын муу бүх тохиолдол нь Сатаны үйлтэй нягт холбоотой, Сатаны муу ёрын мөн чанараас салшгүй байдаг. Сатан хэчнээн ч “хүчирхэг” бай, хэчнээн ч эр зориг, хүсэл эрмэлзэлтэй бай, хэчнээн ч их хор хохирол учруулах чадалтай бай, хүнийг ялзруулж, урхидах арга барил нь хэчнээн ч өргөн хүрээтэй бай, хүнийг айлган сүрдүүлэх заль мэх, явуулга нь хэчнээн ч ухаалаг бай, оршин тогтнодог хэлбэр нь хэчнээн ч хувирамтгай бай хамаагүй, тэр хэзээ ч ганц боловч амьд зүйлийг бүтээж чадаагүй, хэзээ ч бүх зүйлийн оршин тогтнолын хууль, дүрмийг тогтоож чадаагүй, бас амьтай, амьгүй аливаа эд юмыг хэзээ ч удирдаж, захирч чадаагүй юм. Орчлон ертөнц, өргөн уудам газар нутаг даяар, түүнээс төрж, түүнээс болж оршин тогтнодог нэг ч хүн, нэг ч эд юм байхгүй; түүнд захируулж, удирдуулдаг нэг ч хүн, нэг ч юм байхгүй. Харин ч эсрэгээрээ, тэр Бурханы эрх мэдэл дор амьдрах ёстойгоор барахгүй Бурханы бүх тушаал, захирамжийг дуулгавартай дагах ёстой. Бурханы зөвшөөрөлгүйгээр газар дээрх дусал ус юм уу элсний ширхэгт хүрэх ч Сатанд хэцүү; Бурханы зөвшөөрөлгүйгээр Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн байтугай газар дээрх шоргоолжийг ч хөдөлгөх эрх чөлөө Сатанд байхгүй. Бурханы нүдээр бол Сатан, уулын сараана цэцэгс, агаарт нисэх шувууд, тэнгисийн загас, хөрс шороон дээрх өтнөөс ч дорд. Бүх зүйлийн дундах түүний үүрэг гэвэл бүх зүйлд болон хүн төрөлхтөнд үйлчилж, бас Бурханы ажил болон удирдлагын төлөвлөгөөнд үйлчлэх явдал юм. Түүний уг чанар хэчнээн ч хорлонтой, мөн чанар нь хэчнээн ч ёрын муу бай, Бурханд үйлчлэл үзүүлж, Бурханы товойлгогч байх чиг үүргээ л ухамсартайгаар биелүүлэх нь түүний хийж чадах ганц зүйл юм. Сатаны мөн чанар, байр суурь ийм байдаг. Түүний мөн чанар нь амь, хүч чадал, эрх мэдэлтэй холбоогүй; тэр бол ердөө л Бурханы гар дахь тоглоом, Бурханд үйлчлэх машин төдий юм!

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

Сатан хэзээ ч Бурханы эрх мэдлийг зөрчиж зүрхлээгүй, мөн цаашлаад Бурханы тушаал болон онцгой захирамжуудыг үргэлж анхааралтай сонсож, дуулгавартай даган, эдгээрийг хэзээ ч үл тоож зүрхлээгүй ба Бурханы аливаа зарлигийг дур мэдэн өөрчилж мэдээж зүрхлээгүй. Энэ нь Бурханы Сатанд тогтоож өгсөн хязгаар тул Сатан эдгээр хязгаарыг хэзээ ч давж зүрхлээгүй. Бурханы эрх мэдлийн сүр хүч энэ биш гэж үү? Бурханы эрх мэдлийн гэрчлэл энэ биш гэж үү? Бурханд хэрхэн хандаж, Бурханыг хэрхэн үзэх талаар Сатан хүн төрөлхтнөөс илүү тодорхой мэддэг тул сүнсний ертөнц дэх Бурханы эрх мэдэл, байр суурийг маш тодорхой харж, Бурханы эрх мэдлийн сүр хүч болон Түүний эрх мэдлийн хэрэгжилтийн цаад зарчмуудыг илүү гүн гүнзгий үнэлдэг. Сатан эдгээрийг үл ойшоож огтхон ч зүрхэлдэггүй бөгөөд ямар нэг байдлаар зөрчиж зүрхэлдэггүй, мөн Бурханы эрх мэдлийг зөрчих ямар ч зүйл хийдэггүй, ямар нэгэн байдлаар Бурханы уур хилэнг хүргэж ч зүрхэлдэггүй. Хэдийгээр ёрын муу, биеэ тоосон уг чанартай боловч Сатан өөрт нь зориулж Бурханы тогтоосон зааг, хязгаарыг хэзээ ч давж зүрхлээгүй. Мянга мянган жилийн турш Сатан эдгээр зааг хязгаарыг чанд мөрдөж, Бурханы өгсөн бүх тушаал, зарлигийг мөрдсөн бөгөөд хэзээ ч энэ хэм хэмжээг давж зүрхлээгүй. Сатан хэдий хорлонтой боловч ялзарсан хүн төрөлхтнөөс хамаагүй ухаалаг; тэр Бүтээгчийн ялгамж чанарыг болон өөрийн хил хязгаарыг мэддэг. Бурханы эрх мэдэл, хүч чадал нь Сатаны зөрчиж чадахгүй тэнгэрийн зарлиг гэдгийг, мөн Бурханы эрх мэдэл болон цор ганц байдлаас л улбаалан бүх зүйл өөрчлөгдөж, дэг журамтай байдлаар үржиж олшрон, хүн төрөлхтөн Бурханы тогтоосон замналаар амьдарч, өсөн үржиж чаддаг бөгөөд ямар ч хүн юм уу эд юм энэ дэг журмыг нураах чадваргүй, ямар ч хүн юм уу, эд юм энэ хуулийг өөрчлөх чадваргүй гэдгийг Сатаны “хүлцэнгүй” үйлдлээс харж болно—учир нь эдгээр нь бүгд Бүтээгчийн гараас, Бүтээгчийн урьдчилан тогтоосноор, Бүтээгчийн эрх мэдлээс гарсан.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

Хэдийгээр Сатан Иовыг шунахай харцаар харсан боловч Бурханы зөвшөөрөлгүйгээр Иовын бие дэх ширхэг үсэнд ч хүрч зүрхлээгүй. Сатан хэдий төрөлхийн ёрын муу, харгис ч гэсэн Бурханыг тушаал өгсний дараа тушаалыг нь дагахаас өөр сонголт түүнд байгаагүй. Иймээс Сатан Иов дээр ирэхдээ хонинд орсон чоно мэт улангассан байсан ч Бурханы өөрт нь тогтоосон хязгаарыг умартаж зүрхлээгүй, Бурханы тушаалыг зөрчиж зүрхлээгүй ба хийсэн бүх зүйлдээ Сатан Бурханы үгийн зарчим болон хязгаарыг давж зүрхлээгүй—энэ баримт биш гэж үү? Сатан, Ехова Бурханы ямар ч үгийг зөрчиж зүрхэлдэггүй гэдгийг үүнээс харж болно. Сатанд бол Бурханы амнаас гарсан үг бүр тушаал, тэнгэрлэг хууль, Бурханы эрх мэдлийн илэрхийлэл юм—учир нь Бурханы тушаалыг зөрчдөг, тэнгэрлэг хуулийг эсэргүүцэж, дуулгаваргүй байдаг хүмүүсийг шийтгэх Бурханы шийтгэл нь Бурханы үг бүрийн утга санаанд агуулагдаж байдаг. Бурханы тушаалыг зөрчвөл Бурханы эрх мэдэлд халдаж, тэнгэрлэг хуулийг эсэргүүцсэнийхээ үр дагаврыг хүртэх ёстойг Сатан тодорхой мэддэг. Тэгвэл эдгээр үр дагавар нь яг юу вэ? Эдгээр нь мэдээж Бурханы шийтгэл гэдгийг хэлэх нь илүүц юм. Сатаны Иовд гаргасан үйлдэл бол хүнийг ялзруулах үйлийнх нь бичил дүр зураг төдий зүйл байсан. Сатаны хэрэгжүүлэх эдгээр үйлдэлд Бурханы тогтоосон хязгаар, Сатанд өгсөн тушаал нь Сатаны хийдэг бүх зүйлийн ард үйлчилдэг зарчмуудын ердөө л бичил дүр зураг нь байсан юм. Үүнээс гадна, энэ асуудал дахь Сатаны үүрэг, байр суурь нь ердөө Бурханы удирдлагын ажил дахь түүний үүрэг, байр суурийн бичил дүр зураг байсан ба Иовыг сорихдоо Сатан Бурханд бүрэн дуулгавартай байсан нь Бурханы удирдлагын ажилд Бурханыг өчүүхэн төдий ч эсэргүүцэж зүрхлээгүйнх нь бичил дүр зураг төдий байсан. Эдгээр бичил дүр зураг та нарт ямар анхааруулга өгч байна вэ? Сатан байтугай бүх зүйлийн дотроос Бүтээгчийн тогтоосон тэнгэрлэг хууль, зарлигийг зөрчиж чадах, эдгээр тэнгэрлэг хууль, зарлигийг зөрчиж зүрхлэх ямар ч хүн болон зүйл үгүй. Учир нь эдгээрийг дуулгавартай дагадаггүй хүмүүст Бүтээгчийн оноодог шийтгэлийг ямар ч хүн болон эд юм өөрчилж, мултарч чаддаггүй. Бүтээгч л тэнгэрлэг хууль, зарлигийг тогтоож чадна, эдгээрийг хүчинтэй болгох хүч чадал Бүтээгчид л байдаг ба Бүтээгчийн хүч чадлыг л ямар ч хүн, эд зүйл сөрж чадахгүй. Энэ бол Бүтээгчийн цор ганц эрх мэдэл, энэ эрх мэдэл нь бүх зүйлийн дунд дээдийн дээд тул “Бурхан хамгийн агуу нь, Сатан удаах нь” гэж хэлэх боломжгүй. Цор ганц эрх мэдлийг эзэмшсэн Бүтээгчээс өөр ямар ч Бурхан байхгүй!

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

Сатаны чадвар, чадамж хүнийхээс илүү бөгөөд хүний биелүүлэх аргагүй зүйлийг хийж чаддаг хэдий ч, Сатаны хийдэг зүйлд чиний атаархдаг эсвэл хүрэхийг эрмэлздэг эсэх, тэдгээрийг нь чи үзэн яддаг эсвэл жигшдэг эсэхээс үл хамааран, тэдгээрийг чи харж чаддаг ч бай, үгүй ч бай, Сатан хэр ихийг бүтээж, хэчнээн олон хүнийг мэхлэн өөрийгөө шүтүүлж, тахиулж чаддаг ч бай, түүнийг чи яаж ч тодорхойлдог бай хамаагүй Сатанд Бурханы эрх мэдэл, хүч чадал бий гэж хэлэх ямар ч боломжгүй. Бурхан бол Бурхан бөгөөд цорын ганцхан Бурхан байдаг гэдгийг чи мэдэх ёстой. Түүнчлэн, Бурханд л эрх мэдэл байдаг бөгөөд бүх зүйлийг захирч, удирдах хүч чадал байдаг гэдгийг чи мэдэх ёстой. Сатан хүмүүсийг хуурах чадвартай, Бурханыг дуурайж, Бурханы үзүүлсэн тэмдэг, гайхамшгийг хуулбарлаж чаддаг, мөн Бурханы хийсэнтэй төстэй зүйл хийдэг болохоор чи Бурханыг цор ганц биш, олон байдаг, тэд зүгээр л их, бага ур чадвартай, эзэмшдэг хүч чадлынх нь хүрээ ялгаатай гэж андууран итгэж болохгүй. Чи тэдний агуу байдлыг ирсэн дараалал, насны эрэмбээр нь жагсааж, Бурханаас өөр шүтээн байдаг, Бурханы эрх мэдэл, хүч чадал цор ганц биш хэмээн эндүүрэн итгэж болохгүй. Хэрвээ чи ийм үзэл санаатай бол, хэрвээ чи Бурханы цор ганц чанарыг хүлээн зөвшөөрдөггүй, бас Бурхан л эрх мэдэл эзэмшдэг гэдэгт итгэдэггүй бол, хэрвээ чи зөвхөн олон бурхан шүтэх үзэл санааг баримталдаг бол Би чамайг Бүтээлийн дундах хог шаар, Сатаны жинхэнэ биелэл, бас туйлын муу ёрын хүн гэж хэлнэ! Эдгээр үгийг хэлснээр Би та нарт юу заах гээд байгааг ойлгож байна уу? Цаг хугацаа, газар нутаг, чиний уг үндэс ямар байх нь хамаагүй, чи Бурханыг өөр ямар ч хүн, зүйл, эсвэл эд юмтай андуурах ёсгүй. Бурханы эрх мэдэл болон Бурханы Өөрийн мөн чанар чамд хэчнээн тайлагдашгүй, хүрэх аргагүй мэт санагддаг ч бай, Сатаны үг, үйл хэрэг чиний үзэл, төсөөлөлтэй хэчнээн их нийцдэг ч бай, эдгээрт чи хэчнээн сэтгэл ханамжтай байдаг ч бай бүү тэнэглэ, эдгээр ойлголтыг бүү хольж хутга, Бурханы оршин тогтнолыг бүү үгүйсгэ, Бурханы ялгамж чанар, байр суурийг бүү үгүйсгэ, зүрх сэтгэл дэх Бурханаа орлуулж, Бурханаа болгох гэж Сатаныг бүү оруул, Бурханыг бүү түлхэн гарга. Та нар ингэснийхээ үр дагаврыг төсөөлж чадна гэдэгт чинь Би эргэлзэхгүй байна!

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих