Бурханд итгэх итгэл бол Библид итгэх итгэл бөгөөд Библийг орхих нь Бурханд итгэх итгэл биш гэж шашны ертөнцийнхөн боддог; энэ ойлголт худал юм

2018-01-03

Холбогдох Бурханы үг:

Олон жилийн турш хүмүүсийн итгэлийн (дэлхийн гурван гол шашны нэг болох Христийн шашны) уламжлалт арга барил нь Библийг унших явдал байсан; Библиэс холдох нь Эзэнд итгэх итгэл биш, Библиэс холдох нь буруу ном, тэрс үзэл бөгөөд хүмүүс өөр ном уншиж байхад ч гэсэн, эдгээр номын үндэс суурь нь Библийн тайлбар байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Эзэнд итгэдэг бол Библийг унших ёстой бөгөөд Библиэс гадна Библитэй холбоогүй ямар ч номыг шүтэх ёсгүй. Хэрвээ шүтвэл чи Бурханаас урваж байна. Библи байсан үеэс эхлээд Эзэнд итгэх хүмүүсийн итгэл нь Библид итгэх итгэл байсаар ирсэн. Хүмүүс Эзэнд итгэдэг гэж хэлэхийн оронд тэд Библид итгэдэг гэж хэлсэн нь дээр; тэд Библийг уншиж эхэлсэн гэж хэлэхийн оронд тэд Библид итгэж эхэлсэн гэж хэлсэн нь дээр; тэд Эзэний өмнө эргэн очсон гэж хэлэхийн оронд Библийн өмнө эргэн очсон гэж хэлсэн нь дээр. Ийм маягаар хүмүүс Библийг Бурхан мэт, мөн өөрсдийнх нь амийн эх булаг шиг шүтсэн ба үүнийг алдах нь амиа алдахтай адил байв. Хүмүүс Библийг Бурхантай адил өндөр дээд гэж үздэг ба Бурханаас дээгүүрт үздэг хүмүүс ч бий. Хүмүүс Ариун Сүнсний ажилгүй бол, Бурханыг мэдэрч чаддаггүй бол амьдарсаар байж чадах боловч Библийг алдах юм уу Библийн алдартай бүлэг болон үгийг алдмагцаа амиа алдсантай адил болдог. Иймээс хүмүүс Эзэнд итгэж эхэлмэгцээ Библийг уншиж, Библийг цээжилж эхэлдэг бөгөөд Библийг хэдий чинээ их цээжилж чадна, энэ нь Эзэнийг хайрладаг, агуу итгэлтэй гэдгийг нь төдий чинээ их нотолдог. Библийг уншсан, мөн үүний талаар бусдад ярьж чаддаг хүмүүс бол бүгд сайн ах эгч нар юм. Энэ бүх жилүүдэд хүмүүсийн Эзэнд итгэх итгэл, үнэнч байдал Библийг хэр ойлгодгоор нь хэмжигдсээр ирсэн. Ихэнх хүмүүс Бурханд яагаад итгэх ёстойгоо, эсвэл Бурханд хэрхэн итгэх ёстойгоо ч ер ойлгодоггүй бөгөөд Библийн бүлгүүдийг тайлж унших сэжүүрийг сохроор хайхаас өөрийг хийдэггүй. Хүмүүс Ариун Сүнсний ажлын чиглэлийг хэзээ ч эрэлхийлж байгаагүй; бүр анхнаасаа л тэд Библийг цөхрөнгөө баран судалж, шинжилсэн ба Библийн гаднах Ариун Сүнсний илүү шинэлэг ажлыг хэн ч, хэзээ ч олоогүй. Хэн ч, хэзээ ч Библиэс холдоогүй, хэзээ ч тэгж зүрхлээгүй. Хүмүүс энэ бүх жилүүдэд Библийг судалж, маш олон тайлбаруудыг гарган ирж, маш их чармайлт гаргасан; бас тэдэнд Библийн талаар олон өөр санал бодол байдаг бөгөөд тэд тасралтгүй мэтгэлцдэг болохоор өнөөдөр хоёр мянга гаруй өөр урсгал бий болсон юм. Тэд бүгдээрээ ямар нэг онцгой тайлбарыг, эсвэл Библи дэх илүү гүн гүнзгий нууцуудыг олохыг хүсдэг, мөн үүнийг судалж шинжлэн, Израиль дахь Еховагийн ажлын цаад учир, Иудей дэх Есүсийн ажлын цаад учир, эсвэл хэний ч мэддэггүй илүү олон нууцыг олохыг хүсдэг. Библид хандах хүмүүсийн хандлага нь донтолт, итгэлийн байдалтай байдаг бөгөөд Библийн дотоод түүх юм уу мөн чанарын талаар хэн ч бүрэн дүүрэн ойлгож чаддаггүй. Иймээс Библийн тухайд гэвэл, өнөөдөр ч хүмүүс дүрслэн хэлэхийн аргагүй гайхсан мэдрэмжтэй байдаг бөгөөд үүнд улам их донтож, улам их итгэдэг. Өнөөдөр хүн бүхэн Библиэс эцсийн өдрүүдийн ажлын тухай зөгнөлүүдийг олохыг хүсдэг, мөн эцсийн өдрүүдэд Бурхан ямар ажил хийдгийг болон эцсийн өдрүүдийн ямар тэмдгүүд байдгийг олж мэдэхийг хүсдэг. Ийм маягаар Библийг шүтэх нь илүү оргилуун болдог ба эцсийн өдрүүд ойртох тусам тэд ялангуяа эцсийн өдрүүдийн талаарх Библийн зөгнөлүүдэд төдий чинээ сохроор итгэдэг. Библид ийнхүү сохроор итгэснээр, Библид ингэж их найдсанаар тэд Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч хүсэлгүй байдаг. Өөрсдийнхөө үзлээр хүмүүс Библи л Ариун Сүнсний ажлыг авчирч чадна гэж боддог; мөн Библиэс л Бурханы мөрийг олж чадна; Бурханы ажлын нууцууд зөвхөн Библид л нуугдаж байдаг; өөр ном юм уу хүмүүс биш, зөвхөн Библи л Бурханы талаарх бүх зүйлийг болон Түүний ажлыг бүхэлд нь тодруулж чадна; Библи тэнгэрийн ажлыг газарт авчирч чадна; Библи нь эрин үеүдийг эхлүүлж, бас төгсгөж чадна гэж боддог. Ийм үзэлтэй болохоор хүмүүст Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч дур сонирхол байдаггүй. Иймээс урьд нь Библи хүмүүст хэр их тус болж байсан нь хамаагүй, энэ нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд саад тотгор болсон юм. Библигүй бол хүмүүс Бурханы мөрийг өөр хаа нэгтэйгээс хайх байсан атал өнөөдөр Түүний мөр Библиэр хязгаарлагдаж, Түүний хамгийн сүүлийн үеийн ажлыг өргөжүүлэх нь хоёр дахин их хэцүү, бэрхшээлтэй тэмцэл болсон билээ. Энэ нь бүхэлдээ Библийн алдартай бүлэг болон үгсээс, түүнчлэн Библийн олон янзын зөгнөлүүдээс болдог. Библи хүмүүсийн сэтгэл дэх шүтээн болж, тэдний уураг тархин дахь таавар болсон бөгөөд тэд ердөө Бурхан Библиэс гадна ажиллаж чадна гэж итгэх чадваргүй, хүмүүс Бурханыг Библийн гаднаас олж чадна гэж итгэх чадваргүй, тэр ч бүү хэл сүүлчийн ажлын үеэр Бурхан Библийг орхиж, шинээр эхэлж чадна гэдэгт ч итгэж чаддаггүй. Энэ нь хүмүүсийн хувьд санаанд оромгүй зүйл; тэд үүнд итгэж чадахгүй, үүнийг төсөөлж ч чадахгүй. Хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөхөд Библи томоохон саад тотгор болсон бөгөөд Бурхан энэ шинэ ажлыг өргөжүүлэхэд бэрхшээл учруулсан.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1

Библийн бодит байдлыг хэн ч мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн тэмдэглэл, Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрчлэлээс цаашгүй бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг тэмдэглэсэн гэдгийг Библи уншсан хүн бүр мэднэ. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн байдаг. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээнд байдаг газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн байдаг—эдгээр нь түүхэн тэмдэглэл бус уу? Өнгөрсөн үеийн зүйлс өнөөдөр түүх болдог, тэдгээр нь хэчнээн жинхэнэ, бодитой байх нь хамаагүй, түүх хэвээр бөгөөд түүх нь өнөөдөрт чиглэж чадахгүй, учир нь Бурхан түүхийг эргэн хардаггүй! Иймээс хэрвээ чи зөвхөн Библийг ойлгож, өнөөдөр Бурханы хийхээр зорьдог ажлын юуг ч ойлгодоггүй бол, мөн Бурханд итгэдэг ч Ариун Сүнсний ажлыг эрж хайдаггүй бол Бурханыг эрж хайна гэдэг юу гэсэн утгатайг ойлгодоггүй юм байна. Хэрвээ чи Израилийн түүхийг судлахын тулд, Бурхан бүх тэнгэр газрыг бүтээсэн тухай түүхийг шинжлэхийн тулд Библи уншдаг бол Бурханд итгэдэггүй юм байна. Гэвч өнөөдөр чи Бурханд итгэж, амийг эрэлхийлж, Бурханыг мэдэхээр эрэлхийлэн, үхмэл бичиг үсэг, хоосон сургаал, эсвэл түүхийг ойлгохоор эрэлхийлдэггүй тул өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх ёстой ба Ариун Сүнсний ажлын чиглэлийг хайх ёстой. Хэрвээ чи археологич байсан бол Библийг уншиж болох юм—гэтэл тийм биш, харин Бурханд итгэдэг хүмүүсийн нэг бөгөөд өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайсан чинь дээр.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 4-өөс эш татав

Библи бол түүхэн ном бөгөөд хэрвээ чи Нигүүлслийн эрин үед Хуучин Гэрээг идэж, уусан бол—хэрвээ чи Хуучин Гэрээний үед шаардагдаж байсан зүйлсийг Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлсэн бол—Есүс чамайг голж, яллах байлаа; хэрвээ чи Есүсийн ажилд Хуучин Гэрээг хэрэглэсэн бол фарисай байх байсан. Хэрвээ өнөөдөр Хуучин ба Шинэ Гэрээг хамтад нь идэж ууж, хэрэгжүүлбэл өнөөдрийн Бурхан чамайг яллана; чи Ариун Сүнсний өнөөдрийн ажлаас хоцорсон байх болно! Хэрвээ чи Хуучин болон Шинэ Гэрээг идэж уудаг бол Ариун Сүнсний урсгалын гадна байна! Есүсийн цаг үед, Есүс Өөрт нь байсан Ариун Сүнсний ажлын дагуу иудейчүүд болон Өөрийг нь дагаж байсан хүмүүсийг удирдсан. Тэрээр Библийг Өөрийн хийсэн зүйлийн суурь болгоогүй, харин Өөрийн ажлын дагуу үгээ хэлсэн; Библид хэлсэн байдаг зүйлд Тэр ямар ч анхаарал хандуулаагүй, дагалдагчдаа удирдах замыг ч Библиэс хайгаагүй. Ажиллаж эхэлсэн үеэсээ л Тэр гэмшлийн замыг түгээсэн ба Хуучин Гэрээний зөгнөлүүдэд тэрхүү үгийг огтхон ч дурдаагүй. Тэр Библийн дагуу үйлдээгүйгээр барахгүй, мөн шинэ замаар замнаж, шинэ ажил хийсэн. Тэр тунхаглах үедээ хэзээ ч Библиэс лавлаагүй. Хуулийн эрин үед, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах Түүний гайхамшгуудыг хэн ч гүйцэтгэж чадаагүй. Иймээс Түүний ажил, Түүний сургаал болон Түүний үгийн эрх мэдэл, хүч чадалд Хуулийн эрин үеийн ямар ч хүн хүршгүй байлаа. Есүс ердөө л илүү шинэлэг ажлаа хийсэн ба олон хүн Библийг ашиглан Түүнийг яллаж байсан ч, бүр Түүнийг цовдлохын тулд Хуучин Гэрээг ашиглаж байсан ч Түүний ажил Хуучин Гэрээнээс давсан; ийм л биш бол яагаад хүмүүс Түүнийг загалмайд цовдолсон бэ? Энэ нь, Хуучин Гэрээнд Түүний сургаалын талаар, мөн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах чадварынх нь талаар юу ч хэлээгүйгээс болоогүй гэж үү? Түүний ажил шинэ замаар хөтлөхийн тулд хийгдсэн, энэ нь санаатайгаар Библийн эсрэг тэмцэхийн тулд, эсвэл Хуучин Гэрээнээс зориуд ангижрахын тулд байгаагүй. Тэр зүгээр л үйлчлэлээ хэрэгжүүлэхийн тулд, Өөрийг нь хүсэн эрмэлзэж, эрж хайж байсан хүмүүст шинэ ажил авчрахын тулд ирсэн. Тэр Хуучин Гэрээг тайлбарлахаар, эсвэл Хуучин Гэрээний ажлыг баримтлахаар ирээгүй. Түүний ажил Хуулийн эрин үеийг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагүй, учир нь Түүний ажил Библийг сууриа болгосон эсэхийг огтхон ч авч үзээгүй; Есүс зүгээр л Өөрийн хийх учиртай ажлыг хийхээр ирсэн билээ. Тиймээс Тэр Хуучин Гэрээний зөгнөлүүдийг тайлбарлаагүй, мөн Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн үгийн дагуу ч ажиллаагүй. Тэрээр Хуучин Гэрээнд хэлсэн зүйлийг үл ойшоож, энэ нь Түүний ажилтай санал нийлж байгаа эсэхэд анхаарал хандуулаагүй ба бусад хүмүүс Түүний ажлын талаар юу мэдэж байгааг, эсвэл үүнийг хэрхэн яллаж байгааг анхаараагүй. Хэдийгээр олон хүн Хуучин Гэрээний эш үзүүлэгчдийн зөгнөлийг ашиглан Түүнийг яллаж байсан ч Тэр зүгээр л хийх учиртай ажлаа хийсээр байсан юм. Хүмүүст Түүний ажил үндэс суурьгүй мэт харагдсан, мөн Хуучин Гэрээний тэмдэглэлүүдтэй тохирохгүй зүйл их байсан. Энэ нь хүний алдаа бус уу? Бурханы ажилд ёс заншлыг хэрэглэх хэрэгтэй гэж үү? Бурханы ажил эш үзүүлэгчдийн зөгнөлийн дагуу байх ёстой гэж үү? Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Яагаад Бурхан Библийн дагуу ажиллах ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй юм гэж үү? Бурхан Библийг орхиж, өөр ажил хийж болохгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний шавь нар Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Есүс Амралтын өдрийг сахиж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад ирснийхээ дараа Амралтын өдрийг сахихын оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж, дарс уусан бэ? Энэ бүхэн нь Хуучин Гэрээний тушаалуудад байхгүй байгаа бус уу? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг мөрдсөн юм бол яагаад эдгээр ёс заншлыг зөрчсөн юм бэ? Бурхан, Библи хоёрын аль нь нэгдүгээрт байдгийг чи мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн болохоор Тэр бас Библийн Эзэн байж чадах бус уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1

Урьд нь, Израилийн ард түмэн Хуучин Гэрээг л уншдаг байв. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеийн эхэнд хүмүүс Хуучин Гэрээг уншдаг байлаа. Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үед л гарч ирсэн юм. Есүсийг ажиллаж байх үед Шинэ Гэрээ байгаагүй; Түүнийг дахин амилж, тэнгэр өөд гарсны дараа хүмүүс Түүний ажлыг бичиж тэмдэглэсэн. Тэр үед л Дөрвөн Сайн Мэдээ гарч ирсэн, дээр нь нэмээд Паул, Петр хоёрын захидлууд, түүнчлэн Илчлэлийн Ном байсан. Есүсийг тэнгэр өөд гарснаас хойш гурван зуу гаруй жилийн дараа, дараагийн үеийнхэн эдгээр бичиг баримтыг сонгож цэгцэлсэн бөгөөд тэр үед л Библийн Шинэ Гэрээ бий болсон билээ. Энэ ажил дууссаны дараа л Шинэ Гэрээ бий болсон; энэ нь өмнө нь байгаагүй юм. Бурхан тэр бүх ажлыг хийж, Паул болон бусад элч нар янз бүрийн газрууд дахь чуулгануудад маш олон захидал бичсэн. Тэдний дараагийн хүмүүс захидлуудыг нь нэгтгэж, Патм арал дээр Иоханы тэмдэглэсэн хамгийн агуу үзэгдлийг хавсаргасан бөгөөд үүнд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг зөгнөсөн байдаг. Хүмүүс ийм дарааллыг бий болгосон нь өнөөдрийн айлдваруудаас өөр юм. Өнөөдөр бичиж тэмдэглэдэг зүйл Бурханы ажлын алхмуудын дагуу байдаг; өнөөдөр хүмүүсийн оролцдог зүйл нь Бурханы биечлэн хийсэн ажил, биечлэн айлдсан үг юм. Чи—хүн төрөлхтөн—хөндлөнгөөс оролцох хэрэггүй; Сүнснээс шууд ирдэг үг нь алхам алхмаар зохицуулагддаг бөгөөд хүний тэмдэглэлийг зохицуулахаас өөр. Тэдний бичсэн зүйл боловсрол болон хэв чанарынх нь түвшний дагуу байсан гэж хэлж болно. Тэдний бичиж тэмдэглэсэн зүйл хүмүүсийн туршлага байсан бөгөөд тус бүрдээ өөрсдийн гэсэн бичих, мэдэх арга барилтай байсан бөгөөд тэмдэглэл бүхэн өөр байв. Тиймээс хэрвээ чи Библийг Бурхан шиг шүтдэг бол хэтэрхий мэдлэггүй, тэнэг юм! Яагаад чи өнөөдрийн Бурханы ажлыг эрж хайдаггүй вэ? Бурханы ажил л хүнийг аварч чадна. Библи хүнийг аварч чадахгүй, хүмүүс үүнийг хэдэн мянган жилийн турш уншлаа гээд өчүүхэн төдий ч өөрчлөлт гарахгүй бөгөөд хэрвээ Библийг шүтвэл чи хэзээ ч Ариун Сүнсний ажлыг олж авахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 3

Завхарсан хүн бүхэн Сатаны урхинд амьдардаг, мөн махан биед, аминчхан хүсэлд автан амьдардаг ба тэдний дунд Надтай нийцдэг хүн нэг ч байхгүй. Надтай нийцтэй гэж хэлдэг хүмүүс байдаг ч бүгд тодорхойгүй шүтээн шүтдэг. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч Минийхээс эсрэг замаар явдаг, тэдний үг биеэ тоосон зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг. Учир нь угтаа тэд бүгдээрээ Миний эсрэг байдаг бөгөөд Надтай нийцдэггүй. Өдөр болгон тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, “тохиромжтой” эшлэлийг тохиолдлоор олоод, түүнийгээ уйгагүй уншиж, судар мэт цээжээр дууддаг. Тэд Надтай хэрхэн нийцэлтэй байхаа мэддэггүй, Надтай дайсагнах гэж юуг хэлдгийг ч мэддэггүй. Зүгээр л бичвэрүүдийг сохроор уншдаг. Тэд өөрсдийн хэзээ ч хараагүй, харж ч чадахгүй тодорхойгүй Бурханыг Библи дотор хязгаарлачхаад, үүнийгээ завтай цагтаа гаргаж хардаг. Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг, тэд Намайг Библитэй адилтгадаг; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болон үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Бичвэрийн үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Бичвэрт зөгнөөгүй л бол Намайг хийхийг хүссэн зүйлээ огт хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг. Тэд Бичвэрт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд үг үсгийг хэтэрхий чухалчилж, эцэстээ бүр хэлсэн үг бүрийг минь дэнсэлж, Намайг яллахад Библийн эшлэлүүдийг ашигладаг гэж хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй л бол бүгдийг нь, огт ялгалгүйгээр Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, бүр Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноогоод, эцэст нь гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэд ямар мөн чанартай байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд Миний хүсэл болон Миний ажлын үе шат, арга барилын аль алиныг нь хайхардаггүй байсан мөртөө Бичвэрийн үг нэг бүрээр хэнээрхдэг байсан. Тэд үнэнийг эрж хайдаг биш, харин үгтэй салахгүй зууралддаг хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг биш, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн хоточ нохой байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн нэр төрийг хадгалж, Библийн алдар хүндийг хамгаалахын тулд тэд эцэст нь өршөөнгүй Есүсийг загалмайд цовдлохдоо тулсан. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн юм. Иймээс тэд Бичвэрийн номлолыг мөрддөггүй байсан Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүй болон нүглийн тахилыг хаяхыг илүүд үзсэн. Тэд Бичвэрийн үг нэг бүрийн боол байгаагүй гэж үү?

Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг илэрхийлэхээр ирчхээд байхад тэд тэнгэрт орж, нигүүлсэл хүртэхийн тулд Христийг энэ ертөнцөөс хөөн зайлуулахыг илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэж, Библийн мөнх оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махбодод эргэн ирсэн Христийг загалмайд дахин цовдлохыг илүүд үзнэ. Зүрх сэтгэл нь ийм хорлонтой, Надад тийм их дайсагнадаг уг чанартай байж хүн яаж Миний авралыг хүртэж чадах юм бэ? Би хүмүүсийн дунд амьдардаг атал хүн Миний оршин байгааг мэддэггүй. Өөр дээр нь гэрлээ тусгах үед ч хүн Миний оршин байгааг мэдэхгүй хэвээр байдаг. Намайг уур хилэнгээ өөр дээр нь буулгах үед хүн Миний оршин тогтнолыг бүр ч эрс үгүйсгэдэг. Хүн үг үсэгтэй, Библитэй нийцэхээр эрэлхийлдэг, гэхдээ үнэнтэй нийцэлтэй байх замыг хайхаар нэг ч хүн Миний өмнө ирдэггүй. Хүн тэнгэр дэх Намайг хүндэлж, тэнгэр дэх Миний оршин тогтнолд онцгой анхаарал хандуулдаг атлаа хүмүүсийн дунд амьдардаг Би бол ердөө л тун өчүүхэн нэгэн болохоор махбод дахь Миний талаар хэн ч санаа тавьдаггүй. Библийн үгтэй л, тодорхойгүй Бурхантай л нийцэлтэй байхыг эрж хайдаг хүмүүс Надад өөдгүй дорд харагддаг. Учир нь тэдний шүтэн мөргөдөг зүйл нь үхмэл үг, бас өөрсдөд нь тоо томшгүй их эд баялаг өгөх чадвартай Бурхан юм. Тэдний шүтэн мөргөдөг зүйл нь оршин байдаггүй агаад хүний эрхээр байдаг Бурхан юм. Тэгвэл ийм хүмүүс Надаас юу олж авч чадах юм бэ? Хүн ердөө л үгээр илэрхийлэхийн аргагүй дорд юм. Миний эсрэг байж, Надаас хязгааргүй ихийг шаарддаг, үнэнийг огт хайрладаггүй, Миний эсрэг тэрсэлдэг тэр хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Библи бол Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатны л тэмдэглэл юм; энэ нь Бурханы бүхий л ажлын тэмдэглэл биш

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:“Түүнчлэн Есүсийн хийсэн өөр олон зүйлс байгаа ба хэрэв тэд тэр бүгдийг бичсэн бол тэдний бичсэн...

Messenger дээр бидэнтэй холбоо барих