Библийн талаар 4

Библийг ойлгож, тайлж чадна гэдэг үнэн замыг олохтой адил гэж олон хүн үздэг ч үнэн хэрэгтээ юмс үнэхээр ийм энгийн гэж үү? Библийн бодит байдлыг хэн ч мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн тэмдэглэл, Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрчлэлээс цаашгүй бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг тэмдэглэсэн гэдгийг Библи уншсан хүн бүр мэднэ. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн байдаг. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээнд байдаг газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн байдаг—эдгээр нь түүхэн тэмдэглэл бус уу? Өнгөрсөн үеийн зүйлс өнөөдөр түүх болдог, тэдгээр нь хэчнээн жинхэнэ, бодитой байх нь хамаагүй, түүх хэвээр бөгөөд түүх нь өнөөдөрт чиглэж чадахгүй, учир нь Бурхан түүхийг эргэн хардаггүй! Иймээс хэрвээ чи зөвхөн Библийг ойлгож, өнөөдөр Бурханы хийхээр зорьдог ажлын юуг ч ойлгодоггүй бол, мөн Бурханд итгэдэг ч Ариун Сүнсний ажлыг эрж хайдаггүй бол Бурханыг эрж хайна гэдэг юу гэсэн утгатайг ойлгодоггүй юм байна. Хэрвээ чи Израилийн түүхийг судлахын тулд, Бурхан бүх тэнгэр газрыг бүтээсэн тухай түүхийг шинжлэхийн тулд Библи уншдаг бол Бурханд итгэдэггүй юм байна. Гэвч өнөөдөр чи Бурханд итгэж, амийг эрэлхийлж, Бурханыг мэдэхээр эрэлхийлдэг, харин үхмэл бичиг үсэг, хоосон сургаал, эсвэл түүхийг ойлгохоор эрэлхийлдэггүй юм бол өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайж, Ариун Сүнсний ажлын чиглэлийг хайх ёстой. Хэрвээ чи археологич байсан бол Библийг уншиж болох юм—гэтэл тийм биш, харин Бурханд итгэдэг хүмүүсийн нэг бөгөөд өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайсан чинь дээр. Библийг уншаад хамгийн ихдээ л чи Израилийн түүхийн багахныг ойлгож, Абрахам, Давид болон Мосегийн амьдралын талаар мэдэж авч, тэд Еховаг хэрхэн хүндэлж байсныг, Өөрийг нь эсэргүүцсэн хүмүүсийг Ехова хэрхэн шатаасныг болон тухайн үеийн хүмүүстэй хэрхэн ярьж байсныг олж мэднэ. Чи өнгөрсөн үе дэх Бурханы ажлын талаар л олж мэднэ. Библийн тэмдэглэлүүд нь эртний Израилийн хүмүүс хэрхэн Бурханыг хүндэлж, Еховагийн удирдамж дор амьдарч байсантай холбоотой. Израильчууд Бурханы сонгосон хүмүүс байсан учраас, Хуучин Гэрээнээс чи Израилийн бүх ард түмэн Еховад үнэнч байсныг, Еховаг дуулгавартай дагаж байсан хүмүүс Түүгээр хэрхэн халамжлуулж, ерөөгдөж байсныг харж чадна; Бурхан Израильд ажиллах үедээ өршөөл, хайраар дүүрэн байсан, түүнчлэн бүхнийг залгигч галыг эзэмшиж байсан бөгөөд израильчууд бүгд ядуу дордоосоо эхлээд хүчтэйгээ хүртэл Еховаг хүндэлж байсан тул улс орон нь бүхэлдээ Бурханаар ерөөгдсөн гэдгийг чи мэдэж авч чадна. Энэ нь Хуучин Гэрээнд бичигдсэн Израилийн түүх билээ.

Библи бол Израиль дахь Бурханы ажлын түүхэн тэмдэглэл бөгөөд эртний эш үзүүлэгчдийн олон зөгнөл, түүнчлэн тухайн үеийн Еховагийн ажил дахь зарим айлдварыг баримтжуулдаг. Тиймээс хүмүүс бүгд энэ номыг ариун (Бурхан ариун, агуу учраас) гэж үздэг. Мэдээж энэ нь бүгд Еховаг гэх тэдний хүндлэл, Бурханыг гэх тэдний бишрэлийн үр дүн билээ. Бурханы бүтээлүүд Бүтээгчээ маш их хүндэлж, биширдэг учраас л хүмүүс энэ номыг ингэж хэлдэг бөгөөд энэ номыг тэнгэрлэг ном гэж нэрлэдэг хүмүүс ч бий. Үнэндээ энэ нь ердөө л хүний тэмдэглэл юм. Үүнийг Ехова биечлэн нэрлээгүй, биечлэн залж чиглүүлж бүтээгээгүй. Өөрөөр хэлбэл, энэ номын зохиолч нь Бурхан биш, харин хүмүүс юм. Ариун Библи гэдэг нь зөвхөн хүний өгсөн хүндэлсэн нэр юм. Энэ нэрийг Ехова, Есүс хоёр өөр хоорондоо хэлэлцсэний дараа шийдээгүй; энэ нь хүний санаанаас цаашгүй. Учир нь энэ номыг Ехова бичээгүй, Есүс бүр ч бичээгүй. Харин ч энэ нь эртний олон эш үзүүлэгч, элч, болон зөнчдийн өгсөн тайлан бөгөөд дараагийн үеийнхэн нь эртний бичвэрийн ном болгон цэгцэлж, улмаар хүмүүст нэн ариун, хожмын үеийнхний нээхийг хүлээж буй ойлгогдошгүй, гүн гүнзгий нууц агуулсан ном мэт санагддаг. Иймээс хүмүүс энэ ном бол тэнгэрлэг ном мөн гэж бүр ч их итгэх болсон. Дөрвөн Сайн мэдээ болон Илчлэлийн Ном нэмэгдсэнээр үүнд хандах хүмүүсийн хандлага өөр ямар ч номоос тун өөр байдаг бөгөөд улмаар энэ ном дэндүү “ариун” учраас хэн ч энэхүү “тэнгэрлэг номыг” задлан шинжилж зүрхэлдэггүй.

Библийг дөнгөж уншингуутаа хүмүүс яагаад үүн дотроос хэрэгжүүлэх замыг олж чаддаг вэ? Хүмүүсийн ойлгодоггүй ихээхэн зүйлийг тэд яагаад олж авч чаддаг вэ? Өнөөдөр Би ийм маягаар Библийг задлан шинжилж байгаа бөгөөд үүнийг үзэн яддаг, эсвэл лавлагаа болох үнэ цэнийг нь үгүйсгэдэг гэсэн үг биш юм. Мэдэхгүй байгааг чинь болиулахын тулд Би Библийн угийн үнэ цэн болон эх сурвалжийг чамд тайлбарлаж, тодруулж өгч байна. Учир нь хүмүүст Библийн талаар маш олон үзэл байдаг ба тэдгээрийн ихэнх нь буруу юм; Библийг ингэж унших нь олж авах ёстой зүйлдээ хүрэхэд нь тэдэнд саад хийгээд зогсохгүй, үүнээс ч илүүгээр Миний хийхээр зорьдог ажилд саад учруулдаг. Энэ нь хожмын ажилд асар их саад болж, давуу тал бус, сул талыг л бий болгодог. Тиймээс Миний чамд зааж буй зүйл бол ердөө л Библийн мөн чанар, дотоод түүх юм. Би чамаас Библийг битгий унш гэж, эсвэл энэ нь ямар ч үнэ цэнгүй гэдгийг энд тэндгүй тунхагла гэж шаардаж байгаа юм биш, харин Библийн талаар зөв мэдлэг, зөв үзэл бодолтой байхыг л шаардаж байна. Хэтэрхий өрөөсгөл бүү бай! Хэдийгээр Библи нь хүмүүсийн бичсэн түүхийн ном боловч энэ нь бас эртний ариун хүмүүс болон элчүүдийн Бурханд үйлчилж байсан олон зарчим болон сүүлийн үеийн элчүүдийн Бурханд үйлчилсэн туршлагуудыг тэмдэглэдэг—энэ бүхнийг энэ хүмүүс үнэхээр харж, мэдсэн бөгөөд үнэн замыг эрэлхийлж байгаа энэхүү эрин үеийн хүмүүс лавлагаа болгон ашиглаж болно. Тиймээс Библийг уншихдаа хүмүүс өөр номоос олдохгүй амийн олон замыг ч бас олж авч чадна. Эдгээр зам нь өнгөрсөн эрин үеүдийн эш үзүүлэгч, элч нарын туулсан Ариун Сүнсний ажлын амийн замууд бөгөөд ихэнх үг нь үнэ цэнтэйн зэрэгцээ хүмүүсийг хэрэгтэй зүйлээр нь хангаж чадна. Тиймээс хүмүүс бүгдээрээ Библийг унших дуртай байдаг. Библид маш олон зүйл нуугдсан байдаг учраас үүнд хандах хүмүүсийн үзэл бодол нь агуу сүнслэг хүмүүсийн бичвэрт хандахтай адилгүй. Библи бол хуучин болон шинэ эрин үед Ехова, Есүс хоёрт үйлчилж байсан хүмүүсийн туршлага, мэдлэгийн тэмдэглэл, эмхэтгэл тул дараагийн үеийнхэн үүнээс ихээхэн гэгээрэл, гэрэлтүүлэлт, хэрэгжүүлэх замыг олж авч чадсан билээ. Библи ямар ч агуу сүнслэг хүний бичвэрээс илүү дээр байдгийн шалтгаан нь тэр хүмүүсийн бүх бичвэр Библиэс гардаг, мөн тэдний туршлага бүгд Библиэс бий болдог бөгөөд бүгд Библийг тайлбарладаг. Иймээс, хүмүүс аливаа агуу сүнслэг хүний номоос хангалт олж авч чаддаг хэдий ч Библийг шүтсээр байдаг, учир нь энэ нь тэдний хувьд маш өндөр дээд, гүн гүнзгий санагддаг! Библи нь Паулын захидал, Петрийн захидал гэх мэт амийн үгийн зарим номыг нэгтгэсэн хэдий ч, мөн хүмүүс эдгээр номын хангалт, дэмжлэгийг хүртдэг ч эдгээр ном хоцрогдсон хэвээр, хуучин эрин үед харьяалагддаг хэвээр бөгөөд тэдгээр нь хэчнээн сайн байх нь хамаагүй, үүрд мөнхөд биш, зөвхөн нэг цаг үед л тохиромжтой байдаг. Учир нь Бурханы ажил үргэлж хөгжиж байдаг ба Паул, Петр хоёрын цаг үед зүгээр л зогсчихож болохгүй, эсвэл Есүсийн цовдлогдсон Нигүүлслийн эрин үед үргэлж үлдэхгүй. Иймээс эдгээр ном нь эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үед биш, зөвхөн Нигүүлслийн эрин үед л тохиромжтой. Тэдгээр нь Хаанчлалын эрин үеийн ариун хүмүүс биш, Нигүүлслийн эрин үеийн итгэгчдийг л хангаж чадах бөгөөд хэчнээн сайн байлаа ч, хоцрогдсон хэвээр юм. Еховагийн бүтээлийн ажил, эсвэл Израиль дахь Түүний ажлын хувьд ч энэ нь адилхан: Энэ ажил нь хэчнээн агуу байсан ч, мөн л хоцрогдсон байх бөгөөд энэ бүхэн өнгөрөх одох цаг мөн л ирнэ. Бурханы ажил ч бас адилхан: Энэ нь агуу боловч дуусах цаг ирнэ; энэ нь үргэлж бүтээлийн ажил дунд, эсвэл цовдолын ажил дунд үлдэж чадахгүй. Цовдлолын ажил хэчнээн үнэмшилтэй байсан ч, Сатаныг ялахад хэчнээн үр нөлөөтэй байсан ч, эцсийн эцэст ажил бол ажил, эрин үе бол эрин үе юм; ажил үргэлж нэг суурин дээрээ байж чадахгүй, мөн цаг хугацаа хэзээ ч өөрчлөгдөхгүй байж ч чадахгүй, бүтээл байсан учраас эцсийн өдрүүд байх ёстой. Энэ бол зайлшгүй! Тиймээс өнөөдөр Шинэ Гэрээн дэх амийн үг буюу элчүүдийн захидлууд болон Дөрвөн Сайн мэдээ нь түүхэн ном болсон, тэдгээр нь хуучин он дарааллын бичиг болсон, тэгвэл хуучин он дарааллын бичиг хүмүүсийг яаж шинэ эрин үед аваачиж чадах билээ? Эдгээр он дарааллын бичиг хүмүүсийг амиар хангах чадвартай байх нь хамаагүй, хүмүүсийг загалмай руу хөтлөх чадвартай байх нь хамаагүй, тэдгээр нь хуучирсан бус уу? Үнэ цэнгүй бус уу? Тиймээс Би, эдгээр он дарааллын бичигт сохроор бүү итгэ гэж чамд хэлье. Тэдгээр нь хэтэрхий хуучин, чамайг шинэ ажил руу аваачиж чадахгүй бөгөөд чамд зөвхөн ачаа л болно. Тэгээд чамайг шинэ ажил, шинэ оролт руу аваачиж чадахгүйгээр үл барам, шашны хуучин чуулганууд руу аваачна—тэгэх юм бол чи Бурханд итгэх итгэлдээ ухарч байгаа хэрэг бус уу?

Библи нь Израилийн сонгогдсон ард түмний хийсэн зүйлийн заримыг оролцуулаад Израиль дахь Бурханы ажлыг баримтжуулдаг. Зарим хэсгийг нь багтааж, эсвэл хассан баримтыг үл харгалзан, Ариун Сүнс зөвшөөрөөгүй ч огт буруутгаагүй. Библи бол гагцхүү Израилийн түүх, бас Бурханы ажлын түүх билээ. Үүнд бичигдсэн хүмүүс, хэрэг явдал, аливаа зүйлс бүгд бодитой бөгөөд мэдээж Исаиа, Даниел болон бусад эш үзүүлэгчийн зөгнөл, эсвэл Иоханы үзэгдлийн номоос бусдынх нь хувьд аль нь ч бэлгэдлийн утгатай байгаагүй. Израилийн эхэн үеийн хүмүүс мэдлэгтэй, соёлтой байсан бөгөөд эрт дээр үеийн мэдлэг болон соёл нь нэлээд дэвшилттэй байсан тул тэдний бичсэн зүйл өнөөдрийн хүмүүсийн бичдэг зүйлээс илүү өндөр түвшинд байсан юм. Үүний үр дүнд, тэд эдгээр номыг бичсэнд гайхах юмгүй, учир нь Ехова тэдний дунд маш их ажил хийж, тэд маш ихийг харсан билээ. Давид Еховагийн үйл хэргийг нүдээрээ харж, биечлэн туулж, олон тэмдэг гайхамшиг харсан, иймээс тэр Еховагийн үйл хэргийг магтан тэр бүх дууллыг бичсэн юм. Тэд тодорхой нөхцөл байдалд эдгээр номыг бичиж чадсан болохоос ер бусын авьяастай байснаас болоогүй юм. Тэд Еховаг харсан учраас магтсан. Хэрвээ та нар Еховагийн юуг ч хараагүй, Түүний оршин тогтнолыг мэддэггүй бол яаж Түүнийг магтаж чадах юм бэ? Хэрвээ та нар Еховаг хараагүй бол Түүнийг магтахаа мэдэхгүй, Түүнд шүтэн мөргөхгүй, тэр ч бүү хэл, Түүнийг шагшин магтсан дуу зохиож чадахгүй бөгөөд Еховагийн зарим үйл хэргийг зохиохыг та нараас хүссэн ч тэгж чадахгүй байх болно. Өнөөдөр та нар Бурханыг магтаж, Бурханыг хайрлаж чадаж байгаа нь ч бас Түүнийг харж, Түүний ажлыг туулснаас болдог бөгөөд хэрвээ хэв чанар чинь сайжирвал та нар ч бас Давидын адилаар Бурханыг магтсан шүлэг бичиж чадах бус уу?

Библийг ойлгож, түүхийг ойлгодог боловч Ариун Сүнс өнөөдөр юу хийж байгааг ойлгохгүй байх нь буруу юм! Чи түүхийг маш сайн судалж, гайхалтай ажил хийсэн ч Ариун Сүнсний өнөөдөр хийдэг ажлын талаар юу ч ойлгодоггүй. Энэ нь мунхаглал бус уу? Бусад хүмүүс чамаас: “Бурхан өнөөдөр юу хийж байгаа вэ? Өнөөдөр чи юунд орох ёстой вэ? Амийн эрэл хайгуул чинь ямархуу байна вэ? Чи Бурханы хүслийг ойлгодог уу?” гэж асуудаг. Тэдний асуултад өгөх хариулт чамд байхгүй байх болно—тэгвэл чи юу мэддэг вэ? “Би махан биеэ орхиж, өөрийгөө мэдэх ёстой гэдгээ л мэднэ” гэж чи хариулна. Тэгээд хэрвээ тэд “Чи өөр юу мэддэг вэ?” гэж асуувал чи, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагах ёстой, Библийн түүхийг бага зэрэг ойлгох ёстой гэдгийг мэднэ, тэгээд л тэр гэж хэлнэ. Энэ олон жил Бурханд итгээд олж авсан бүх зүйл чинь энэ үү? Хэрвээ чи үүнийг л ойлгодог бол маш дутуу дулимаг байна. Тиймээс одоогийн биеийн хэмжээ чинь үндсэндээ та нараас Миний шаарддаг зүйлийг биелүүлэх чадваргүй бөгөөд ойлгодог үнэн чинь ялган таних чадварын чинь хамтаар хэтэрхий хомс—өөрөөр хэлбэл, та нарын итгэл дэндүү өнгөцхөн! Та нар илүү их үнэнээр зэвсэглэх ёстой, та нарт илүү их мэдлэг хэрэгтэй, та нар илүү ихийг харах ёстой бөгөөд тэр үед л та нар сайн мэдээ түгээж чадна, учир нь энэ бол та нарын хүрэх учиртай зүйл юм!

Өмнөх: Библийн талаар 3

Дараах: Хэрэгжүүлэлт 1

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих