Хүний эцсийн үр дүнг Бурхан юунд үндэслэн тодорхойлдог тухай
Холбогдох Бурханы үг:
Хүн төрөлхтөн амралтад орохоос өмнө төрөл бүрийн хүн шийтгэгдэх үү, шагнагдах уу гэдэг нь үнэнийг эрж хайсан эсэх, Бурханыг мэддэг эсэх, нүдэнд үзэгддэг Бурханд дуулгавартай байж чаддаг эсэхээр тодорхойлогдоно. Нүдэнд үзэгддэг Бурханд үйлчлэл үзүүлсэн боловч Түүнийг мэддэггүй, дуулгавартай дагадаггүй хүмүүст үнэн байдаггүй. Энэ хүмүүс бол мууг үйлдэгчид бөгөөд мууг үйлдэгчид гарцаагүй шийтгэлийн бай болно; түүнчлэн тэд хорон муу үйлдлийнхээ дагуу шийтгүүлнэ. Хүмүүс Бурханд итгэж, бас Түүнд дуулгавартай байвал зохино. Тодорхойгүй, үл үзэгдэх Бурханд л итгэдэг хүмүүс бол Бурханд итгэдэггүй, Бурханд захирагдаж чаддаггүй хүмүүс юм. Хэрвээ энэ хүмүүс, Бурханы байлдан дагуулалтын ажил дуусах үед нүдэнд үзэгддэг Бурханд мөн л итгэж чадахгүй, махбодоор үзэгддэг Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцсээр байх юм бол энэ “тодорхойгүй үзэлтнүүд” эргэлзээгүй сүйрлийн бай болно. Та нарын дунд буй хүмүүсийн хувьд ч адилхан—бие махбодтой болсон Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрдөг ч бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байх тухай үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй хэн боловч эцэстээ таягдан хаягдаж, устгагдах бай болно. Түүнчлэн, нүдэнд үзэгддэг Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрч, Түүний илэрхийлсэн үнэнийг идэж, уудаг мөртөө тодорхойгүй, үл үзэгдэх Бурханыг ч бас эрж хайдаг хүмүүс ирээдүйд устгагдах бүр ч магадлалтай. Энэ хүмүүсийн аль нь ч Бурханы ажил дууссаны дараа амралтын цаг үе ирэх хүртэл үлдэж чадахгүй, мөн амралтын цаг үед ийм хүмүүстэй адил төстэй ганц ч хүн үлдэж чадахгүй. Чөтгөрлөг хүмүүс бол үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс юм; Бурханыг эсэргүүцэж, дуулгаваргүй байх нь тэдний мөн чанар бөгөөд Бурханд захирагдах санаа зорилго тэдэнд өчүүхэн төдий ч байдаггүй. Ийм хүмүүс бүгд устгагдана. Чамд үнэн байгаа эсэх, чи Бурханыг эсэргүүцдэг эсэх нь чиний харагдах байдал, хааяа яаж ярьж, яаж биеэ авч явдгаас биш, харин мөн чанараас чинь хамаардаг. Хүн устгагдах уу, үгүй юу гэдэг нь мөн чанараар нь тодорхойлогддог; энэ нь хүний зан авир, үнэний эрэл хайгуулаар илчлэгддэг мөн чанарынх нь дагуу тодорхойлогддог. Ажлыг нэг нэгэнтэйгээ ижилхэн хийдэг, ижил хэмжээний ажил хийдэг хүмүүсийн дундаас мөн чанар нь сайн, үнэнийг эзэмшдэг хүмүүс үлдэнэ, харин мөн чанар нь ёрын муу агаад нүдэнд үзэгдэх Бурханыг дуулгавартай дагадаггүй хүмүүс сүйрлийн бай болно. Хүн төрөлхтний хүрэх газартай хамаатай Бурханы бүх ажил юм уу үг нь хүн бүрийн мөн чанарын дагуу, хүмүүстэй зүй зохистойгоор харьцана; өчүүхэн ч эндүүрэл тохиолдохгүй, мөн ганц ч алдаа мадаг гарахгүй. Хүмүүс ажил хийх үед л хүний сэтгэл хөдлөл, санаа зорилго үүнд холилддог. Бурханы хийдэг ажил хамгийн зохистой; Тэрээр аливаа бүтээлийг огтхон ч хилсээр буруутгадаггүй. Хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газрыг ухамсарлаж чаддаггүй, Миний айлддаг үгэнд итгэдэггүй хүмүүс одоо олон бий. Итгэдэггүй, мөн үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бүгд чөтгөрүүд юм!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Хүн төрөлхтний дундах ариун хүмүүс амралтад ормогц сүнс ч бай, махан биед амьдарсаар байгаа хүмүүс ч бай хамаагүй, мууг үйлдэгчид болон аврагдаагүй хүмүүс бүгд устгагдана. Мууг үйлдэгч энэ сүнснүүд болон хүмүүс, зөв шударга хүмүүсийн сүнс болон зөв шударгыг үйлдэгч хүмүүсийн тухайд гэвэл, ямар эринд байгаагаас үл хамааран мууг үйлдэгчид эцэстээ бүгд устгагдаж, зөв шударга бүх хүн амьд үлдэнэ. Хүн, эсвэл сүнс аврал хүртэх эсэх нь тэр чигтээ сүүлийн эрин үеийн ажилд үндэслэн шийдэгддэггүй; харин тэд Бурханыг эсэргүүцсэн үү, дуулгаваргүй байсан уу гэдэгт үндэслэн тодорхойлогддог. Өмнөх эринд мууг үйлдээд, аврал хүртэж чадаагүй хүмүүс эргэлзээгүй шийтгэлийн бай болох бөгөөд одоогийн эринд мууг үйлддэг, аврагдаж чадахгүй хүмүүс ч бас шийтгэлийн бай болох нь гарцаагүй. Хүмүүсийг амьдардаг эринийх нь дагуу биш, харин сайн муугийн үндсэн дээр ангилдаг. Ийнхүү ангилмагцаа тэднийг тэр даруй шийтгэж, шагнадаггүй; харин Бурхан эцсийн өдрүүд дэх байлдан дагуулалтын ажлаа хийж дууссаныхаа дараа л мууг шийтгэх, сайныг шагнах ажлаа гүйцэтгэнэ. Үнэндээ Тэрээр хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг гүйцэтгэж эхэлснээсээ хойш хүмүүсийг сайн муугаар нь ангилсаар ирсэн. Гэхдээ Өөрийнх нь ажил дууссаны дараа л Тэрээр зөв шударга хүмүүсийг шагнаж, хорон мууг шийтгэнэ; ажлаа дуусгаад Тэр тэднийг ангилж, дараа нь мууг шийтгэж, сайныг шагнах ажлаа нэн даруй эхэлдэг юм биш. Мууг шийтгэж, сайныг шагнах Бурханы эцсийн ажлын ар дахь бүхий л зорилго нь бүх хүнийг бүрмөсөн ариусгах явдал юм, ингэснээр Тэр цэвэр ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат хамгийн чухал; энэ нь Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Бусдыгаа үнэлж шүүдэг хүмүүсийн стандарт зан авирт нь үндэслэдэг; үйлдэл нь сайн бол зөв шударга хүн, харин үйлдэл нь жигшүүртэй бол хорон муу хүн байдаг. Хүмүүсийг үнэлж шүүдэг Бурханы стандарт бол тэдний мөн чанар Өөрт нь дуулгавартай байгаа эсэхэд үндэслэдэг; уг хүний зан авир сайн, муу эсэх, үг яриа нь зөв буруу эсэхээс үл хамааран Бурханд дуулгавартай хүн бол зөв шударга хүн, харин дуулгаваргүй хүн бол дайсан, хорон муу хүн юм. Зарим хүн ирээдүйд сайхан хүрэх газар олж авахын тулд сайн үйл хэрэг ашиглахыг хүсдэг, зарим хүн сайн хүрэх газартай болохын тулд сайхан үг яриа ашиглахыг хүсдэг. Бурхан зан авирыг нь харж, үг яриаг нь сонссоныхоо дараа хүмүүсийн төгсгөлийг тодорхойлдог гэж хүн бүр эндүүрэн итгэдэг; тиймээс олон хүн үүнийг далимдуулан Бурханыг мэхэлж түр зуурын ивээл олж авахыг хүсдэг. Ирээдүйд, амралтын байдалд амьд үлдэх хүмүүс бүгд гай зовлонгийн өдрийг туулж, бас Бурханд гэрчлэл хийсэн байх болно; тэд бүгд үүргээ биелүүлсэн, Бурханд зориуд захирагдсан хүмүүс байх болно. Үнэнийг хэрэгжүүлэхээс зайлсхийх зорилгоор үйлчлэл үзүүлэх боломжийг ашиглахыг хүсдэг хүмүүс үлдэж чадахгүй. Хүн нэг бүрийн төгсгөлийг зохицуулах зүй зохистой стандарт Бурханд бий; Тэрээр хүний үг, үйлдэлд үндэслэн эдгээр шийдвэрийг гаргадаггүй, бас нэгэн үед гаргасан зан авирынх нь дагуу ч шийддэггүй. Урьд нь Өөрт нь үйлчилснээс болоод Бурхан хүний хорон муу үйлдэлд яавч өршөөнгүй хандахгүй, мөн Бурханы төлөө нэг удаа зарлагадсанаас нь болоод хүнийг үхлээс хэлтрүүлэхгүй. Хорон муу байдлынхаа төлөө цээрлэл хүлээхээс хэн ч зайлж чадахгүй ба хэн ч ёрын муу үйлдлээ нууж, улмаар сүйрлийн тарчлаанаас зугтаж чадахгүй. Хэрвээ хүмүүс өөрсдийнхөө үүргийг үнэхээр биелүүлж чаддаг бол, ерөөл хүртэх, золгүй явдал туулахаас үл хамааран Бурханд мөнхөд үнэнч байж, шагналын араас хөөцөлддөггүй гэсэн үг юм. Хүмүүс ерөөл харах үедээ Бурханд үнэнч байдаг ч ямар нэгэн ерөөл харж чадахгүй үедээ үнэнч байдлаа алдаж, эцэстээ Бурханд гэрчлэл хийж мөн л чаддаггүй, оногдсон үүргээ биелүүлж чаддаггүй бол Бурханд урьд нь нэгэнтээ үнэнчээр үйлчлэл үзүүлсэн байлаа ч гэсэн тэд сүйрлийн бай хэвээр байна. Товчхондоо бол хорон муу хүмүүс мөнхөд амьд үлдэж чадахгүй, амралтад ч орж чадахгүй; зөв шударга хүмүүс л амралтын эзэд юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Бурханы эцсийн өдрүүдийн ажилд Бурхан хүмүүсийн үр дүнг гүйцэтгэлээр нь тодорхойлдог, харин энэ нь ямар гүйцэтгэл вэ? Та нар мэдэх үү? Энэ нь хүмүүсийн завхарсан зан чанар ажилд нь илрэхийг хэлдэг гэж та нар бодож магадгүй, гэвч үнэндээ тэгсэн үг биш юм. Энэ гүйцэтгэл гэдэг нь үнэнийг хэрэгжүүлж чаддаг эсэхийг чинь, үүргээ биелүүлж байхдаа үнэнч байж чаддаг эсэхийг чинь, мөн Бурханд итгэх тухай чиний үзэл бодол, Бурханд хандах хандлага, бэрхшээл туулах шийдвэр, шүүлт ба засалтыг хүлээн авахад хандах хандлага, өөрчлөлтийн чинь түвшин, ноцтой гэм буруугийн чинь тоо хэмжээг хэлдэг. Энэ бүхэн нь чиний гүйцэтгэлд хувь нэмрээ оруулдаг. Энэхүү гүйцэтгэл нь завхарсан зан чанараа илчлэх дээд хэмжээг хэлдэггүй, харин ч Бурханд итгэх итгэлдээ хэр ихийг хийснийг чинь хэлдэг. Хэрвээ хүмүүсийн үр дүнг уг чанар болон мөн чанартаа хэр их завхрал илэрхийлснийх нь дагуу тодорхойлдог байсан бол хэн ч аврагдаж чадахгүй байх байсан, учир нь тэд бүгд гүн гүнзгий завхарсан, бүгд Сатаны уг чанартай, бүгд Бурханыг эсэргүүцдэг—харин үнэнийг хүлээн авч, Бурханы ажлыг дуулгавартай дагадаг хүмүүсийг л Бурхан авардаг; тэд хэчнээн их завхрал илэрхийллээ ч гэсэн, эцэстээ үнэнийг хүлээн авч, үнэхээр өөрчлөгдөж, гэмшиж чадах юм бол Бурхан тэднийг аварна—энэ бүхэн нь Бурханы зөвт байдлыг бүрэн дүүрэн харуулдаг.
Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүсийн илрэл нь тэдний үр дүнг тодорхойлдгийн утга учир”
Хүн ерөөл хүртэх, зовлон амсах эсэх нь тухайн хүний мөн чанарын дагуу тодорхойлогддог болохоос бусдынхтай адил нийтлэг мөн чанарынх нь дагуу тодорхойлогддоггүй. Хаанчлалд иймэрхүү хэллэг, эсвэл дүрэм журам огт байдаггүй. Хүн эцэстээ амьд үлдэж чадвал Бурханы шаардлагыг хангаснаас болж байгаа бөгөөд эцэстээ амралтын цаг үе хүртэл үлдэж чадахгүй бол Бурханд дуулгаваргүй байж, Бурханы шаардлагыг биелүүлээгүйгээс болж байгаа юм. Хүн бүрд тохирох хүрэх газар гэж бий. Эдгээр хүрэх газар нь хувь хүн бүрийн мөн чанарын дагуу тодорхойлогддог бөгөөд бусад хүмүүстэй ямар ч хамаагүй. Хүүхдийн хорон муу үйлдлийг эцэг эхэд нь тохож болохгүй, мөн хүүхдийн зөв шударга байдлыг эцэг эхтэй нь хуваалцаж ч болохгүй. Эцэг эхийнх нь хорон муу үйлдлийг үр хүүхдэд нь тохож болохгүй, мөн эцэг эхийнх нь зөв шударгыг үр хүүхдүүдтэй нь хуваалцаж болохгүй. Хүн бүр өөрсдийн нүглийг үүрч, хүн бүр тус тусын зол завшааныг эдэлдэг. Хэн ч өөр хүнийг орлож чадахгүй; энэ нь зөв шударга байдал юм. Хүний өнцгөөс бол хэрвээ эцэг эх нь сайн зол завшаан хүртвэл үр хүүхдүүд нь ч бас хүртэж чадах бөгөөд үр хүүхдүүд нь мууг үйлдвэл эцэг эх нь тэдний нүглийг нөхөн төлөх ёстой байдаг. Энэ бол хүний үзэл бодол, аливааг хийх хүний арга зам юм; энэ нь Бурханы үзэл бодол биш. Хүн бүрийн төгсгөл, үйлдлээс нь гардаг мөн чанарынх нь дагуу тодорхойлогддог ба энэ нь үргэлж зүй зохистойгоор тодорхойлогддог. Хэн ч өрөөл бусдын нүглийг үүрч чадахгүй; тэр тусмаа хэн ч өөр хүний оронд шийтгэл хүлээж чадахгүй. Энэ нь маргаангүй. Үр хүүхдээ гэх эцэг эхийн хайр халамж байлаа гээд үр хүүхдийнхээ оронд зөв шударга үйл хийж чадна гэсэн үг биш, мөн эцэг эхээ гэсэн үр хүүхдийн ачлалт хайр байлаа гээд эцэг эхийнхээ оронд зөв шударга үйл хийж чадна гэсэн үг биш. “Тэр үед хоёр хүн талбайд байна; нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. Хоёр эмэгтэй тээрэм дээр тээрэмдэж байна; нэгийг нь авч, нөгөөг нь орхино” гэх үгийн жинхэнэ утга учир энэ юм. Үр хүүхдээ гэх их хайрандаа үндэслэн мууг үйлдэгч хүүхдүүдээ амралтад аваачиж хэн ч чадахгүй, мөн өөрийн зөв шударга үйлдлийн үндсэн дээр эхнэрээ (эсвэл нөхрөө) амралтад аваачиж хэн ч чадахгүй. Энэ бол захиргааны дүрэм; хэн ч үүнээс ангид байж чадахгүй. Эцсийн эцэст, зөв шударгыг үйлдэгчид нь зөв шударгыг үйлдэгчид, мууг үйлдэгчид нь мууг үйлдэгчид юм. Зөв шударга хүмүүс эцэстээ амьд үлдэнэ, харин мууг үйлдэгчид устгагдана. Ариун хүмүүс бол ариун; тэд бузар биш. Бузар хүмүүс бол бузар, тэдэнд ганц ч ариун хэсэг байдаггүй. Хорон муу хүмүүсийн үр хүүхдүүд зөв шударга үйл хийлээ ч гэсэн, зөв шударга хүний эцэг эх ёрын муу үйл хийлээ ч гэсэн, бүх хорон муу хүн устгагдаж, бүх зөв шударга хүн амьд үлдэнэ. Итгэдэг нөхөр, итгэдэггүй эхнэрийн хооронд ямар ч холбоо байхгүй ба итгэдэг үр хүүхэд, итгэдэггүй эцэг эх хоорондоо ямар ч холбоогүй байдаг; тэд бол огт таарахгүй хоёр төрлийн хүмүүс юм. Амралтад орохоос өмнө хүнд махан биеийн хамаатан садан байдаг ч амралтад ормогц яриад байх махан биеийн хамаатан садан гэж байхаа болино. Үүргээ биелүүлдэг хүмүүс бол биелүүлдэггүй хүмүүсийн дайсан; Бурханыг хайрладаг хүмүүс болон Бурханыг үзэн яддаг хүмүүс бол өөр хоорондоо эсрэг хүмүүс. Амралтад орох хүмүүс болон устгагдсан байх хүмүүс нь хоорондоо таарамжгүй хоёр төрлийн бүтээл юм. Үүргээ биелүүлдэг бүтээл амьд үлдэж чадна, харин үүргээ биелүүлдэггүй бүтээл сүйрлийн бай болно; үүнээс гадна, энэ нь мөнхөд үргэлжилнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Дагалдагчаа болгохын тулд Би газар дэлхий дээр олон хүнийг хайсан. Энэ бүх дагалдагч дунд тахилчид, удирдагчид, Бурханы хөвгүүд, Бурханы ардууд болон үйлчлэл үзүүлдэг хүмүүс бий. Надад үзүүлдэг үнэнч байдалд нь үндэслэн би тэднийг ангилдаг. Бүгд төрлөөрөө ангилагдах үед, өөрөөр хэлбэл, төрөл бүрийн хүний уг чанар тодорхой болох үед Би хүн төрөлхтнийг аврах зорилгодоо хүрэхийн тулд хүн болгоныг зөв ангилалд нь тоолж, тус бүрийг нь тохирох газарт нь тавина. Би аврахыг хүссэн хүмүүсээ бүлэг бүлгээр нь Өөрийн гэрт дуудаж, дараа нь эцсийн өдрүүдийн ажлаа тэднээр бүгдээр нь хүлээн авхуулдаг. Үүний зэрэгцээ, Би тэднийг төрлөөр нь ангилж, дараа нь үйлдэлд нь үндэслээд хүн бүрийг шагнах юм уу шийтгэдэг. Энэ бол Миний ажлыг бүрдүүлдэг алхмууд юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Дуудагддаг нь олон ч сонгогддог нь цөөхөн-өөс эш татав
Одоо бол Би хүн бүрийн төгсгөлийг тодорхойлдог үе, харин хүнийг хүн болгож эхлэх үе шат биш. Би хүн бүрийн үг, үйлдлийг, Намайг дагасан тэдний зам, тэдний төрөлх шинж чанар болон эцэстээ тэд биеэ хэрхэн авч явсныг бүртгэлийн дэвтэртээ нэг бүрчлэн тэмдэглэдэг. Ийм маягаар, ямар ч хүн байлаа гэсэн, хэн ч Миний гараас мултрахгүй бөгөөд Миний тогтоосончлон бүгд өөрсдийн төрөлтэй хамт байх болно. Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ, ялангуяа өрөвдүүлж буй түвшинд нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн ч бас шийтгүүлнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хэн ч өөрчилж чадахгүй зүйл юм. Тиймээс шийтгүүлдэг бүх хүн Бурханы зөвт байдлын улмаас болон тоймгүй олон муу үйлийнхээ залхаан цээрлүүлэлтийг амсдаг юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд
Чи одоо шүүлт гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Ойлгосон бол Би чамайг шүүлтэд дуулгавартай захирагд гэж захья, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдах, Бурханаар хаанчлалд нь хүргүүлэх боломжийг хэзээ ч олж авахгүй. Шүүлтийг л хүлээн зөвшөөрдөг боловч хэзээ ч ариусгагдаж чадахгүй хүмүүс, өөрөөр хэлбэл, шүүлтийн ажлын ид дундуур зугтдаг хүмүүс үүрд Бурханаар жигшигдэн, гологдох болно. Тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн учир нүгэл нь фарисайчуудынхаас арвин агаад хүнд. Үйлчлэл үзүүлэхэд ч тохирохгүй ийм хүмүүс илүү хатуу хэр нь бас мөнхийн шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээр харуулсан боловч, дараа нь Өөрөөс нь урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, сэтгэл, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь яг Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Хүнийг шүүж, илчилдэг Бурханы зорилго энэ биш гэж үү? Шүүлтийн явцад төрөл бүрийн хорон муу үйл хийсэн бүх хүнийг Бурхан муу ёрын сүнсээр дүүрсэн газар орон луу илгээдэг бөгөөд тэдгээр муу ёрын сүнсний зоргоор махан биеийг нь устгуулахад тэдний биеэс хүүрийн үнэр ханхалдаг. Энэ нь тэдэнд тохирох цээрлүүлэлт юм. Бурхан тэдгээр үнэнч бус хуурамч итгэгч, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг бүртгэлийн номд нь бичиж авдаг; тэгээд цаг нь ирэхэд Тэр тэднийг хэзээ ч бүү дахин төрөг, дахин хэзээ ч бүү гэрэл үзэг гэж бохир сүнснүүдийн дунд хаяж, бүхий л биеийг нь эдгээр бохир сүнсээр бузарлуулдаг. Нэгэн цагт үйлчлэл хийсэн боловч эцсийг нь хүртэл үнэнч үлдэж чаддаггүй эдгээр хоёр нүүртнийг Бурхан хорон муу хүмүүсийн тоонд оруулдаг ба ингэснээр тэд хорон муу нэгний зөвлөгөөн дор алхаж, эмх замбараагүй бүлгийнх нь нэг хэсэг болдог; эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгана. Христэд хэзээ ч үнэнч байгаагүй, ямар ч хүчин чармайлт зориулаагүй хүмүүсийг Бурхан хөсөр хаяж, хэзээ ч ойшоохгүй бөгөөд эрин үе солигдоход тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалд орж чадах нь байтугай, газар дээр ч оршин байхаа болино. Бурханд хэзээ ч чин үнэнч байгаагүй, харин нөхцөл байдлын улмаас Түүнтэй ёс төдий харьцахаас аргагүйд хүрсэн хүмүүс нь Түүний ардуудын төлөө үйлчлэл хийдэг хүмүүсийн тоонд ордог. Ийм хүмүүсээс цөөн хэд нь л амьд үлдэж чаддаг ба ихэнх нь үйлчлэл хийхэд ч тэнцэхгүй хүмүүсийн хамтаар мөхөх болно. Эцэст нь Бурханы ардууд, хөвгүүд болон тахилч болгохоор Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс зэрэг Өөртэй нь санаа нэгтэй бүх хүнийг Бурхан хаанчлалдаа аваачна. Тэд Бурханы ажлын охь нь байх болно. Бурханы тогтоосон ангиллын алинд нь ч багтаж чаддаггүй хүмүүсийн тухайд гэвэл, тэд үл итгэгчдийн тоонд орно. Тэдний үр дүн ямар байхыг та нар лавтай төсөөлж чадна. Та нарт хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; ямар замыг сонгох нь бүгд зөвхөн өөрсдийн чинь сонголт. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Бурхантай хөл нийлүүлж чадахгүй хэнийг ч, хэзээ ч хүлээдэггүй ба Бурханы зөвт зан чанар ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?