Библийн талаар 3

Библид байгаа бүхэн нь Бурханы биечлэн хэлсэн үгийн тэмдэглэл биш. Библи нь зүгээр л Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг баримтжуулдаг бөгөөд үүний нэг хэсэг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн тэмдэглэл, нөгөө хэсэг нь эрин үеүдийн туршид Бурханы ашиглаж байсан хүмүүсийн бичсэн туршлага, мэдлэг юм. Хүний туршлагад хүний санаа бодол, мэдлэг холилддог ба үүнээс зайлсхийх аргагүй. Библийн олон номд хүний үзэл, хүний өрөөсгөл хандлага, утгагүй ойлголт байдаг. Мэдээж үгийн ихэнх нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийн үр дүн бөгөөд тэдгээр нь зөв ойлголт юм—гэхдээ тэдгээрийг үнэний зөв зүйтэй илэрхийлэл гэж хэлж болохгүй. Зарим зүйлийн талаарх тэдний үзэл бодол нь хувийн туршлагаас гарсан мэдлэг, эсвэл Ариун Сүнсний гэгээрлээс цаашгүй. Эш үзүүлэгчдийн зөгнөлийг Бурхан биечлэн зааварчилсан: Исаиа, Даниел, Езра, Иеремиа, Езекиел гэх мэт хүмүүсийн зөгнөлүүд нь Ариун Сүнсний шууд заавраас ирсэн, энэ хүмүүс зөнчид байсан ба зөгнөлийн Сүнсийг хүлээн авсан, мөн бүгд Хуучин Гэрээний эш үзүүлэгчид байсан юм. Хуулийн эрин үед, Еховагийн онгодыг хүртсэн энэ хүмүүс олон зөгнөл хэлж, үүнийг нь Ехова шууд зааварчилж байв. Яагаад Ехова тэдэн дээр ажилласан бэ? Израилийн ард түмэн нь Бурханы сонгосон хүмүүс байсан учраас эш үзүүлэгчдийн ажил тэдний дунд хийгдэх ёстой байсан; тийм учраас эш үзүүлэгчид ийм илчлэл хүлээн авч чаддаг байлаа. Үнэндээ, өөрсдөд нь өгсөн Бурханы илчлэлийг тэд өөрсдөө ч ойлгоогүй. Тэдний амаар дамжуулан Ариун Сүнс тэдгээр үгийг хэлсэн болохоор хожмын хүмүүс тэдгээр зүйлийг ойлгож, энэ нь үнэхээр Бурханы Сүнсний, Ариун Сүнсний ажил бөгөөд хүнээс ирээгүй гэдгийг нь харж, Ариун Сүнсний ажлын баталгааг тэдэнд өгөх байсан юм. Нигүүлслийн эрин үед Есүс Өөрөө энэ бүх ажлыг тэдний оронд хийсэн тул хүмүүс дахин зөгнөл хэлээгүй. Тэгвэл Есүс эш үзүүлэгч байсан уу? Есүс мэдээж эш үзүүлэгч байсан, гэхдээ Тэр бас элчүүдийн ажлыг ч хийж чаддаг байсан—Тэрээр газар нутаг даяар зөгнөл хэлж, тунхаглаж, хүмүүст зааж сургахын аль алийг чаддаг байв. Гэсэн ч Түүний хийсэн ажил болон төлөөлж байсан ялгамж чанар нь адилхан байгаагүй. Тэр бүх хүн төрөлхтнийг золин аварч, хүнийг нүглээс золин аврахаар ирсэн; Тэр эш үзүүлэгч, элч байсан боловч түүнээс ч илүүгээр Тэр бол Христ байсан. Эш үзүүлэгч зөгнөл хэлж болох боловч тийм эш үзүүлэгчийг Христ гэж хэлж болохгүй. Тухайн үед Есүс маш их зөгнөл хэлсэн тул Түүнийг эш үзүүлэгч гэж хэлж болно, гэхдээ Тэр эш үзүүлэгч тул Христ биш гэж болохгүй. Яагаад гэвэл, ажлын нэг үе шатыг биелүүлэхдээ Тэрээр Бурханыг Өөрийг нь төлөөлж байсан бөгөөд ялгамж чанар нь Исаиагийнхаас өөр байсан: Тэр золин авралын ажлыг гүйцэлдүүлэхийн тулд ирж, бас хүний амийг хангасан бөгөөд Бурханы Сүнс Түүнд шууд ирсэн. Түүний хийсэн ажилд Бурханы Сүнсний онгод юм уу Еховагийн заавар байгаагүй. Харин ч Сүнс шууд ажилласан ба Есүс эш үзүүлэгчтэй адил байгаагүйг батлахад энэ нь хангалттай. Түүний хийсэн ажил нь золин авралын ажил байсан бөгөөд зөгнөл хэлэх нь үүний дараагийн зүйл юм. Тэр эш үзүүлэгч, элч байсан, гэхдээ түүнээс ч илүүтэйгээр Золин аврагч байсан билээ. Харин зөнчид зөвхөн зөгнөл хэлж л чаддаг ба өөр ажил хийхэд Бурханы Сүнсийг төлөөлж чаддаггүй байв. Өмнө нь хүний хэзээ ч хийж байгаагүй ихээхэн ажлыг Есүс хийж, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг хийсэн учраас Исаиа мэтийн хүмүүсээс өөр байлаа. Энэ нь зарим хүнд саад учруулдаг учраас тэд өнөөдрийн урсгалыг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд: “Хуучин Гэрээнд бас олон эш үзүүлэгч олон үг хэлсэн, тэгвэл тэд яагаад бие махбод болсон Бурхан байгаагүй юм бэ? Өнөөдрийн Бурхан үг хэлдэг, гэхдээ Тэр бол бие махбодтой болсон Бурхан гэдгийг батлахад энэ хангалттай гэж үү? Чи Библийг өргөмжилдөг ч үгүй, судалдаг ч үгүй, тэгвэл юунд үндэслэж Тэр бол бие махбод болсон Бурхан гэж хэлж байгаа юм бэ? Тэдэнд Ариун Сүнс зааварчилсан гэж чи хэлдэг бөгөөд ажлын энэ үе шат бол Бурханы биечлэн хийсэн ажил гэж итгэдэг, тэгвэл ингэж үзэх үндэслэл чинь юу вэ? Чи өнөөдрийн Бурханы үгэнд анхаарлаа төвлөрүүлэн, Библийг үгүйсгэж, хойш тавьсан мэт харагддаг” гэцгээдэг. Иймээс тэд чамайг тэрс үзэл, буруу номд итгэдэг гэдэг.

Хэрвээ чи эцсийн өдрүүдэд Бурханы ажлыг гэрчлэхийг хүсвэл Библийн дотоод түүх, Библийн бүтэц болон Библийн мөн чанарыг ойлгох ёстой. Өнөөдөр, Библи бол Бурхан, Бурхан бол Библи гэж хүмүүс итгэдэг. Иймээс ч тэд Библийн бүх үг бол зөвхөн Бурханы хэлсэн үг бөгөөд тэдгээрийг бүгдийг нь Бурхан хэлсэн гэж итгэдэг. Хэдийгээр Хуучин болон Шинэ Гэрээний жаран зургаан номыг бүгдийг нь хүмүүс бичсэн боловч тэдгээрт бүгдэд нь Бурханы онгод өгөгдсөн бөгөөд Ариун Сүнсний айлдварын тэмдэглэл байсан гэж ч Бурханд итгэдэг хүмүүс боддог. Энэ нь хүний эндүү ташаа ойлголт бөгөөд баримтуудтай огтхон ч нийцдэггүй. Үнэндээ зөгнөлийн номноос гадна, Хуучин Гэрээний ихэнх нь түүхэн тэмдэглэл юм. Шинэ Гэрээний зарим захидал хүмүүсийн туршлагаас бий болсон, зарим нь Ариун Сүнсний гэгээрлээс гарсан; жишээлбэл, Паулын захидлууд хүний ажлаас үүсэн гарсан, тэдгээр нь бүгд Ариун Сүнсний гэгээрлийн үр дүн байсан бөгөөд чуулгануудын төлөө бичигдсэн, чуулганы ах эгч нарт зориулсан сургамж, зоригжуулалтын үгс байсан юм. Тэдгээр нь Ариун Сүнсний хэлсэн үг биш—Паул Ариун Сүнсний өмнөөс ярьж чадахгүй, тэрээр эш үзүүлэгч ч байгаагүй, тэр ч бүү хэл, Иоханы харсан үзэгдлийг хараагүй. Түүний захидлууд Ефес, Коринт, Галатын чуулганууд болон бусад чуулганд зориулан бичигдсэн. Тиймээс Шинэ Гэрээний Паулын захидлууд нь чуулгануудад зориулж бичсэн Паулын захидлууд байсан бөгөөд Ариун Сүнсний онгод биш, мөн Ариун Сүнсний шууд айлдвар ч биш байсан. Тэдгээр нь ердөө л ажлынхаа явцад чуулгануудад бичсэн Паулын сургамж, тайтгаруулалт, зоригжуулалтын үгс байв. Иймээс тэдгээр нь ч бас тухайн үеийн Паулын ихэнх ажлын тэмдэглэл юм. Тэдгээрийг Эзэн доторх бүх ах эгч нарт зориулж бичсэн, ингэснээр тухайн үеийн чуулгануудын ах эгч нар түүний зөвлөгөөг дагаж, Эзэн Есүсийн гэмшлийн замыг даган мөрдөх байлаа. Тухайн үеийн, эсвэл хожмын чуулганууд бүгд өөрийнх нь бичсэн зүйлийг идэж уух ёстой гэж Паул яавч хэлээгүй, мөн түүний үг бүгд Бурханаас ирсэн гэж ч хэлээгүй. Тэр үеийн чуулганы нөхцөл байдлын дагуу тэрээр зүгээр л ах эгч нартай ярилцаж, тэдэнд сургамжилж, итгэлийг нь зоригжуулсан бөгөөд зүгээр л хүмүүст номлож, эсвэл сануулж, сургамжилжээ. Түүний үг өөрийнх нь ачаанд үндэслэсэн бөгөөд эдгээр үгээр дамжуулан хүмүүст тусалж дэмжсэн. Тэрээр тухайн үеийн чуулгануудын элчийн ажлыг хийсэн, Эзэн Есүсийн ашигладаг ажилчин байсан тул чуулгануудын төлөө хариуцлага үүрч, чуулгануудын ажлыг өөртөө авч, ах эгч нарын байдлыг мэдэж авах ёстой байсан—үүнээс болж тэрээр Эзэн доторх бүх ах эгч нарт захидал бичжээ. Түүний хэлсэн, хүмүүсийг босгон байгуулж, тэдэнд эерэг нөлөө үзүүлсэн бүхэн нь зөв байсан боловч энэ нь Ариун Сүнсний айлдварыг төлөөлөөгүй ба энэ нь Бурханыг төлөөлж чадахгүй. Хүмүүс хүний туршлагын тэмдэглэл болон хүний захидлуудыг чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг гэж үзэх нь эндүү ташаа ойлголт бөгөөд үлэмж их доромжлол юм! Ялангуяа чуулгануудад бичсэн Паулын захидлын тухайд ийм байдаг, учир нь түүний захидлууд тухайн үеийн чуулган бүрийн нөхцөл байдал, төлөв байдалд үндэслэн, ах эгч нарт зориулан бичигдсэн бөгөөд Эзэн дотор ах эгч нарт сургамжлахын төлөө байсан, ингэснээр тэд Эзэн Есүсийн нигүүлслийг хүртэж чадах байлаа. Түүний захидлууд тухайн үеийн ах эгч нарыг сэргээхийн төлөө байсан. Энэ нь түүний өөрийн ачаа байсан бөгөөд түүнд Ариун Сүнсний өгсөн ачаа байсан гэж хэлж болно; эцсийн эцэст тэр бол тухайн үеийн чуулгануудыг залж чиглүүлж, чуулгануудад захидал бичиж, тэдэнд сургамжилж байсан элч юм, энэ нь түүний үүрэг хариуцлага байлаа. Түүний ялгамж чанар ердөө ажлаа хийж буй элчийнх байсан бөгөөд тэр бол ердөө Бурханы илгээсэн элч байсан юм; тэр эш үзүүлэгч, эсвэл зөнч байгаагүй. Түүний хувьд өөрийнх нь ажил болон ах эгч нарын амь хамгийн чухал байв. Тиймээс тэр Ариун Сүнсний өмнөөс ярьж чадаагүй. Түүний үг Ариун Сүнсний үг байгаагүй, тэр ч бүү хэл тэдгээрийг Бурханы үг гэж хэлж болохгүй, учир нь Паул Бурханы бүтээлээс цаашгүй бөгөөд мэдээж бие махбодтой болсон Бурхан биш байсан. Түүний ялгамж чанар Есүсийнхтэй адил байгаагүй. Есүсийн үг нь Ариун Сүнсний үг байсан, мөн Бурханы үг байсан, учир нь Түүний ялгамж чанар Христийнх, Бурханы Хүүгийнх байсан юм. Паул яаж Түүнтэй адил байж чадах юм бэ? Хэрвээ хүмүүс, Паулынх шиг захидал юм уу үгийг Ариун Сүнсний айлдвар хэмээн үзэж, Бурхан мэт шүтвэл, тэднийг огт ялган салгах чадваргүй гэж хэлж болно. Хатуухан хэлэх юм бол, энэ нь зүгээр л доромжлол биш гэж үү? Хүн яаж Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Хүмүүс түүний захидлууд болон түүний хэлсэн үгийн тэмдэглэлд мэхийж, тэдгээрийг ариун ном, эсвэл тэнгэрлэг ном шиг үзэж яаж болох юм бэ? Бурханы үгийг хүн санаандгүй хэлж болох уу? Хүн яаж Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Иймээс чуулгануудад бичсэн захидлуудад нь түүний өөрийн санаа бодол холилдоогүй гэж чи яаж хэлж болох юм бэ? Тэдгээрт яаж хүний санаа бодол холилдоогүй байх юм бэ? Тэрээр хувийн туршлага болон өөрийнхөө мэдлэгт үндэслэн чуулгануудад захидал бичсэн. Тухайлбал, тодорхой нэг санал агуулсан захидлыг Паул Галатын чуулгануудад бичсэн ба Петр өөр өнцгөөс өөр захиа бичсэн. Аль нь Ариун Сүнснээс ирсэн бэ? Хэн ч итгэлтэй хэлж чадахгүй. Тиймээс тэд хоёулаа чуулгануудын төлөө ачаа үүрсэн гэж хэлж болно, гэхдээ тэдний захиа биеийн хэмжээг нь төлөөлдөг, мөн ах эгч нарын төлөө гэсэн тэдний хангалт, дэмжлэг болон чуулганы төлөөх тэдний ачааг төлөөлдөг, тэдгээр нь зөвхөн хүний ажлыг л төлөөлдөг; тэдгээр нь тэр чигтээ Ариун Сүнснийх байгаагүй. Хэрвээ түүний захидлуудыг Ариун Сүнсний үг гэх юм бол чи мунхаг бөгөөд доромжлол үйлдэж байна! Паулын захидлууд болон Шинэ Гэрээний бусад захидал нь орчин үеийн сүнслэг хүмүүсийн дурсамжтай адилхан: Тэдгээр нь Вотчман Нигийн ном, эсвэл Лауренсийн туршлага гэх мэттэй адилхан. Ердөө л орчин үеийн сүнслэг хүмүүсийн ном Шинэ Гэрээнд эмхэтгэгдээгүй, харин энэ хүмүүсийн мөн чанар адилхан: Тэд бол тодорхой хугацаанд Ариун Сүнсний ашиглаж байсан хүмүүс бөгөөд Бурханыг шууд төлөөлж чадаагүй.

Шинэ Гэрээний Матайн Сайн Мэдээ нь Есүсийн угийн бичгийг тэмдэглэсэн байдаг. Эхэндээ энэ нь Есүс бол Абрахам болон Давидын удам, Иосефийн хүү байсан гэдэг; дараа нь Есүс Ариун Сүнснээс олдсон бөгөөд онгон эмэгтэйгээс төрсөн гэж байдаг, энэ нь, Тэр бол Иосефийн хүү ч биш, эсвэл Абрахам, Давид хоёрын үр удам ч биш байсан гэсэн үг юм. Гэхдээ угийн бичигт Есүсийг Иосефтэй холбохоор зүтгэдэг. Дараа нь, угийн бичигт Есүсийн төрсөн үйл явцыг тэмдэглэж эхэлдэг. Есүс Ариун Сүнснээс олдож, онгон эмэгтэйгээс төрсөн, Иосефийн хүү биш гэж хэлсэн байдаг. Гэсэн ч Есүс бол Иосефийн хүү байсан гэж угийн бичигт тодорхой бичсэн бөгөөд угийн бичгийг Есүст зориулж бичсэн учраас дөчин хоёр үе удмыг нь бичсэн. Иосефийн үед очиход Иосеф бол Мариагийн нөхөр байсан гэж зэрвэс хэлдэг бөгөөд энэ нь Есүс бол Абрахамын удам гэдгийг батлахын тулд хэлсэн үг юм. Энэ нь зөрчилдөөн бус уу? Угийн бичигт Иосефийн өвөг дээдсийг тодорхой баримтжуулсан байдаг, энэ нь илт Иосефийн угийн бичиг боловч Есүсийн угийн бичиг гэж Матай зүтгэдэг. Энэ нь Есүс Ариун Сүнснээс олдсон гэдэг баримтыг үгүйсгэдэг бус уу? Тиймээс Матайн бичсэн угийн бичиг нь хүний санаа биш үү? Утгагүй юм! Ийнхүү чи энэ ном нь тэр чигтээ Ариун Сүнснээс ирээгүй гэдгийг мэдэж болно. Бурхан газар дээр угийн бичигтэй байх ёстой гэж боддог зарим хүн байж магадгүй бөгөөд үүний үр дүнд тэд Есүсийг Абрахамын дөчин хоёр дахь удам болгосон. Энэ нь үнэхээр утгагүй! Газар дээр ирсний дараа Бурхан яаж угийн бичигтэй байх юм бэ? Хэрвээ чи Бурханд угийн бичиг байдаг гэвэл Түүнийг Бурханы бүтээлүүдийн дунд эрэмбэлж байгаа бус уу? Учир нь Бурхан бол газар дэлхийнх биш, харин бүтээлийн Эзэн бөгөөд махбодтой хэдий ч хүнтэй адил гол чанартай биш. Чи Бурханыг, Бурханы бүтээлтэй адил төрөл зүйл болгон тооцож яаж чадаж байна вэ? Абрахам Бурханыг төлөөлж чадахгүй; тэрээр тухайн үеийн Еховагийн ажлын бай байсан, мөн ердөө л Еховагийн сайшаасан итгэлт зарц байсан бөгөөд Израилийн ард түмний нэг байсан. Тэр яаж Есүсийн өвөг дээдэс байж чадах юм бэ?

Есүсийн угийн бичгийг хэн бичсэн бэ? Есүс Өөрөө бичсэн үү? Есүс тэдэнд “Миний угийн бичгийг бич” гэж биечлэн хэлсэн үү? Есүсийг загалмайд цовдлогдсоны дараа Матай үүнийг тэмдэглэсэн юм. Тухайн үед шавь нарт нь ойлгомжгүй байсан олон ажлыг Есүс хийгээд, ямар ч тайлбар хийгээгүй. Түүнийг явсны дараа шавь нар нь хаа сайгүй номлож, ажиллаж эхэлсэн бөгөөд ажлын тэрхүү үе шатны төлөө захидал болон сайн мэдээний номууд бичиж эхэлжээ. Шинэ Гэрээний сайн мэдээний номууд нь Есүсийг цовдлогдсоноос хориос гучин жилийн дараа бичигдсэн юм. Урьд нь, Израилийн ард түмэн Хуучин Гэрээг л уншдаг байв. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеийн эхэнд хүмүүс Хуучин Гэрээг уншдаг байлаа. Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үед л гарч ирсэн юм. Есүсийг ажиллаж байх үед Шинэ Гэрээ байгаагүй; Түүнийг дахин амилж, тэнгэр өөд гарсны дараа хүмүүс Түүний ажлыг бичиж тэмдэглэсэн. Тэр үед л Дөрвөн Сайн Мэдээ гарч ирсэн, дээр нь нэмээд Паул, Петр хоёрын захидлууд, түүнчлэн Илчлэлийн Ном байсан. Есүсийг тэнгэр өөд гарснаас хойш гурван зуу гаруй жилийн дараа, дараагийн үеийнхэн эдгээр бичиг баримтыг сонгож цэгцэлсэн бөгөөд тэр үед л Библийн Шинэ Гэрээ бий болсон билээ. Энэ ажил дууссаны дараа л Шинэ Гэрээ бий болсон; энэ нь өмнө нь байгаагүй юм. Бурхан тэр бүх ажлыг хийж, Паул болон бусад элч нар янз бүрийн газрууд дахь чуулгануудад маш олон захидал бичсэн. Тэдний дараагийн хүмүүс захидлуудыг нь нэгтгэж, Патм арал дээр Иоханы тэмдэглэсэн хамгийн агуу үзэгдлийг хавсаргасан бөгөөд үүнд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг зөгнөсөн байдаг. Хүмүүс ийм дарааллыг бий болгосон нь өнөөдрийн айлдваруудаас өөр юм. Өнөөдөр бичиж тэмдэглэдэг зүйл Бурханы ажлын алхмуудын дагуу байдаг; өнөөдөр хүмүүсийн оролцдог зүйл нь Бурханы биечлэн хийсэн ажил, биечлэн айлдсан үг юм. Чи—хүн төрөлхтөн—хөндлөнгөөс оролцох хэрэггүй; Сүнснээс шууд ирдэг үг нь алхам алхмаар зохицуулагддаг бөгөөд хүний тэмдэглэлийг зохицуулахаас өөр. Тэдний бичсэн зүйл боловсрол болон хэв чанарынх нь түвшний дагуу байсан гэж хэлж болно. Тэдний бичиж тэмдэглэсэн зүйл хүмүүсийн туршлага байсан бөгөөд тус бүрдээ өөрсдийн гэсэн бичих, мэдэх арга барилтай байсан бөгөөд тэмдэглэл бүхэн өөр байв. Тиймээс хэрвээ чи Библийг Бурхан шиг шүтдэг бол хэтэрхий мэдлэггүй, тэнэг юм! Яагаад чи өнөөдрийн Бурханы ажлыг эрж хайдаггүй вэ? Бурханы ажил л хүнийг аварч чадна. Библи хүнийг аварч чадахгүй, хүмүүс үүнийг хэдэн мянган жилийн турш уншлаа гээд өчүүхэн төдий ч өөрчлөлт гарахгүй бөгөөд хэрвээ Библийг шүтвэл чи хэзээ ч Ариун Сүнсний ажлыг олж авахгүй. Израиль дахь Бурханы ажлын хоёр үе шат хоёулаа Библид тэмдэглэгдсэн, иймээс эдгээр тэмдэглэлийн доторх бүх нэр Израилийнх, бүх хэрэг явдал Израилийнх байдаг; “Есүс” гэдэг нэр ч израиль хүний нэр юм. Хэрвээ чи өнөөдөр Библи уншсаар байвал тогтсон ёс заншилд баригдахгүй гэж үү? Библийн Шинэ Гэрээнд бичигдсэн зүйл нь Иудейн хэрэг явдал юм. Эх бичвэр нь Грек болон Еврей хэлний аль алин дээр байсан бөгөөд тухайн үед Түүнийг нэрлэж байсан нэр болон Есүсийн үг бүгд хүний хэлэнд харьяалагддаг. Загалмайд цовдлогдох үедээ Есүс: “Ели, Ели, лема сабахтани?” гэж хэлсэн. Энэ нь Еврей хэл биш гэж үү? Есүс Иудейд бие махбодтой болсон учраас л энэ бөгөөд Бурхан бол Иудей гэдгийг баталдаггүй. Өнөөдөр Бурхан Хятадад махбод болсон тул Түүний хэлдэг бүхэн гарцаагүй Хятад хэл дээр байдаг. Гэсэн ч үүнийг Библиэс орчуулсан Хятад хэлтэй харьцуулж болохгүй, учир нь эдгээр үгийн эх сурвалж өөр: Нэг нь хүмүүсийн бичсэн Еврей хэлээс үүддэг, нөгөө нь Сүнсний шууд айлдваруудаас үүдэн гардаг. Яаж ямар ч ялгаагүй байх юм бэ?

Өмнөх: Библийн талаар 2

Дараах: Библийн талаар 4

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих