Өнгөрсөн цаг үед яригдаж байсан Бурханы гэрээс эхлэх шүүлтийн тухайд, эдгээр үгэн дэх “шүүлт” гэдгээр эцсийн өдрүүдэд сэнтийнх нь өмнө ирсэн хүмүүс дээр Бурханы өнөөдөр хийдэг шүүлтийг хэлдэг. Эцсийн өдөр ирсэн үед Бурхан тэнгэрт том ширээ засаж, дээр нь цагаан бүтээлэг дэвсээд, дараа нь бүх хүнийг газарт өвдөг сөгдүүлж, Өөрөө агуу сэнтийд суунгаа хүн бүрийн нүглийг илчилж, үүгээрээ тэднийг тэнгэрт гаргах уу, гал болон хүхэрт нуурт унагах уу гэдгийг тогтоодог гэж ер бусаар төсөөлөн боддог хүмүүс байж магад. Хүний төсөөлөл ямар ч байлаа гэсэн, Бурханы ажлын мөн чанарыг өөрчилж чадахгүй. Хүний төсөөлөл гэдэг хүний харсан, сонссон зүйлийг нийлүүлж, нэгтгэсэн, хүний тархинаас гардаг, санаа бодлынх нь бүтээл төдий юм. Иймд Би, хүний төсөөлөл хэчнээн гайхамшигтай байлаа ч зураглал төдийхнөөс хэтрэхгүй ба Бурханы ажлын төлөвлөгөөг орлож чадахгүй гэж хэлдэг. Эцсийн эцэст, хүнийг Сатан завхруулсан тул хүн яаж Бурханы бодлыг ойлгож чадах юм бэ? Хүн Бурханы шүүлтийн ажлыг маш гайхамшигтай байна гэж боддог. Бурхан Өөрөө шүүлтийн ажил хийж байгаа учраас хамгаас өргөн цар хүрээтэй, эгэл хүмүүст ойлгомжгүй байх ёстой, энэ нь тэнгэр даяар цуурайтаж, газрыг доргиох ёстой гэж боддог; эс бөгөөс энэ яаж Бурханы хийсэн шүүлтийн ажил байж чадах юм бэ? Энэ нь шүүлтийн ажил болохоор Бурхан ажиллахдаа маш сүрлэг, сүр жавхлантай байх ёстой ба шүүгдэж байгаа хүмүүс цурхиран уйлж, өвдөг дээрээ сөхрөн өршөөл хүсэж байх ёстой гэж тэр боддог. Ийм дүр зураг гайхамшигтай, үнэхээр сэтгэл хөдлөм байх нь гарцаагүй… Хүн бүр Бурханы шүүлтийн ажлыг ер бусын гайхалтай гэж төсөөлдөг. Гэвч Бурхан хүмүүсийн дунд шүүлтийн ажлаа аль хэдийн эхэлчхээд байх үед ч чи үхсэн юм шиг унтсаар үлдсэн гэдгээ мэдэх үү? Чамайг Бурханы шүүлтийн ажил албан ёсоор эхэлж байна гэж бодох үед Бурхан аль хэдийн газар тэнгэрийг шинээр бүтээчихсэн байх болно гэдгийг мэдэх үү? Магадгүй тэр үед чи амьдралын утга учрыг дөнгөж ойлгосон байх боловч бөх унтсаар л буй чамайг Бурханы өршөөлгүй шийтгэлийн ажил там руу аваачих болно. Тэр үед л чи Бурханы шүүлтийн ажил аль хэдийн дууссаныг гэнэт ухаарна.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс
Бурхан хэзээ нэг цагт газар дэлхий дээр ирж, хүмүүст харагдаж, улмаар бүх хүн төрөлхтнийг биечлэн шүүж, хэнийг нь ч үлдээлгүй нэг нэгээр нь туршиж магадгүй гэж зарим хүн итгэдэг. Ингэж боддог хүмүүс бие махбодтой болох ажлын энэ үе шатыг мэддэггүй. Бурхан хүмүүсийг нэг нэгээр нь шүүдэггүй ба нэг нэгээр нь туршдаггүй; ийнхүү хийвэл шүүлтийн ажил биш. Бүх хүн төрөлхтний завхрал адилхан бус уу? Бүх хүн төрөлхтний мөн чанар ижилхэн бус уу? Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний завхарсан мөн чанар, Сатаны завхруулсан хүний мөн чанар, хүний бүх нүгэл билээ. Хүний ялихгүй, аар саар алдааг Бурхан шүүдэггүй. Шүүлтийн ажил бэлгэдлийн чанартай бөгөөд ялангуяа тодорхой нэг хүнд зориулж хийгддэггүй. Харин ч энэ нь, бүх хүн төрөлхтнийг шүүх ажлыг төлөөлөхийн тулд бүлэг хүмүүсийг шүүдэг ажил юм. Бүлэг хүмүүс дээр Өөрийн ажлыг биечлэн гүйцэтгэснээр махбод дахь Бурхан, бүх хүн төрөлхтний ажлыг төлөөлүүлэхийн тулд Өөрийг ажлыг ашигладаг ба үүний дараа энэ нь аажмаар тархдаг. Шүүлтийн ажил ч гэсэн ийм байдаг. Бурхан тодорхой нэг төрлийн хүн, эсвэл тодорхой бүлэг хүмүүсийг шүүдэггүй, харин бүх хүн төрөлхтний зөвт бус байдал буюу тухайлбал, Бурханд хандах хүний эсэргүүцэл, Бурханыг хүндэлдэггүй байдал, эсвэл Бурханы ажлыг үймүүлдэг байдал зэргийг шүүдэг. Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг мөн чанар бөгөөд энэ ажил нь эцсийн өдрүүдийн байлдан дагуулалтын ажил юм. Хүний харсан бие махбодтой болсон Бурханы ажил болон үг нь өнгөрсөн хугацаанд хүмүүсийн бодож төсөөлж ирсэн эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажил билээ. Бие махбодтой болсон Бурханы одоо хийж буй ажил нь чухамдаа агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм. Өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан бол эцсийн өдрүүдэд бүх хүн төрөлхтнийг шүүдэг Бурхан мөн. Энэ махбод болон Түүний ажил, үг, бүхий л зан чанар нь Тэр бүхэлдээ билээ. Хэдийгээр Түүний ажлын цар хүрээ хязгаарлагдмал, бүх орчлон ертөнцийг шууд хамардаггүй ч шүүлтийн ажлын мөн чанар нь бүх хүн төрөлхтнийг шууд шүүх шүүлт юм—энэ нь зөвхөн Хятадын сонгогдсон хүмүүсийн төлөө байдаггүй, цөөн тооны хүмүүсийн төлөө ч байдаггүй. Махбод дахь Бурханы ажлын үеэр, энэ ажлын цар хүрээ нь хэдийгээр бүх орчлон ертөнцийг хамардаггүй ч бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг бөгөөд Өөрийн махбодын ажлын цар хүрээн дэх ажлыг дуусгасныхаа дараа Тэрээр, Есүсийг амилж, тэнгэр өөд гарсны дараа сайн мэдээ нь бүх орчлон ертөнц даяар тархсантай адилаар энэхүү ажлыг бүх орчлон ертөнцөд нэн даруй өргөжүүлнэ. Сүнсний ажил, эсвэл махбодын ажлын аль нь ч бай, хязгаарлагдмал цар хүрээнд хийгддэг ажил боловч бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг. Эцсийн өдрүүдэд Бурхан, Өөрийн бие махбодын ялгамж чанараар гарч ирж ажлаа хийдэг ба махбод дахь Бурхан бол агуу цагаан сэнтийн өмнө хүнийг шүүдэг Бурхан юм. Сүнс юм уу махбод байх нь хамаагүй, шүүлтийн ажлыг хийгч нь эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг шүүдэг Бурхан билээ. Энэ нь Түүний ажилд үндэслэн тодорхойлогддог ба Түүний гадаад төрх байдал болон өөр хэд хэдэн хүчин зүйлийн дагуу тодорхойлогддоггүй.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс
Бурхан чимээгүй байж, бидэнд хэзээ ч үзэгдээгүй атлаа Түүний ажил хэзээ ч зогсоогүй юм. Тэрээр бүхий л газар дэлхийг шинжин, бүх зүйлийг захирч, хүний бүх үг, үйл хэргийг хардаг. Тэр удирдлагаа төлөвлөгөөнийхөө дагуу, алхам бүрийг нь тооцоолон, чимээгүйхэн, сүр дуулиан болгохгүйгээр явуулдаг хэдий ч Түүний мөр алхам алхмаар хүн төрөлхтөн рүү улам бүр ойртон урагшилж, шүүлтийн суудал нь орчлон ертөнцөд аянгын хурдаар заларч, дараа нь Түүний сэнтий бидний дунд даруй бууж ирдэг. Энэ нь ямар гээч сүр жавхлант үзэгдэл, ямар сүрлэг, гэгээн дүр зураг билээ! Сүнс бидний дунд тагтаа шиг, бас архирч буй арслан шиг ирдэг. Тэр бол мэргэн ухаан, зөвт байдал, сүр жавхлан бөгөөд эрх мэдэлтэй, хайр, өршөөлөөр дүүрэн Тэрээр бидний дунд сэмхэн ирдэг. Түүний ирснийг хэн ч мэддэггүй, Түүнийг ирэхэд хэн ч угтдаггүй, мөн Түүний хийх гэж буй бүхнийг хэн ч мэддэггүй. Хүний амьдрал урьдынхаараа үргэлжилж, зүрх сэтгэл нь ч хэвээрээ байх бөгөөд өдөр хоног өнгөрдгөөрөө өнгөрнө. Бурхан бидний дунд, бусдын л адил хүн, хамгийн шалихгүй дагагчдын нэг, эгэл итгэгчийн дүрээр амьдардаг. Тэрээр өөрийн гэсэн эрэл хайгуул, зорилготой төдийгүй эгэл хүнд байдаггүй бурханлаг чанартай. Түүний бурханлаг чанарын оршин тогтнолыг хэн ч анзаараагүй бөгөөд Түүний мөн чанар, хүний мөн чанар хоёрын ялгааг хэн ч ухаараагүй.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 4: Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй”-аас
Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийн ажил тул мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнийг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал учраас, энэ ажлыг хүмүүсийн дунд хийхээр Бурхан дахиад л бие махбод болсон дүрээрээ гарч ирэх нь дамжиггүй юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий даяарх хүмүүсийг сургахын тулд үнэнийг ашиглаж, бүх үнэнийг тэдэнд мэдэгдэнэ. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм. Хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы тухайд олон хүн таагүй сэтгэгдэлтэй байдаг, учир нь Бурхан шүүлтийн ажил хийхийн тулд махбод болно гэдэгт итгэхэд хүнд хэцүү байдаг. Гэсэн хэдий ч, Бурханы ажил үргэлж хүний таамаглалаас хол давдаг ба хүний оюун ухаанаар үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү гэдгийг чамд Би хэлэх ёстой. Учир нь хүн бол газар дээрх өт хорхой төдий байхад Бурхан бол орчлон ертөнцийг дүүргэдэг дээдийн дээд Нэгэн билээ; хүний оюун ухаан бол өт хорхой үрждэг бохир устай нүх адил байхад Бурханы бодлоор удирдуулдаг ажлын үе шат бүр нь Бурханы мэргэн ухааны охь юм. Хүн үргэлж Бурхантай барьцахыг хүсдэг ба эцэстээ хэн нь хохирол амсах нь илэрхий юм гэж Би хэлдэг. Би та бүхэнд өөрсдийгөө алтнаас үнэтэй мэт бүү сана гэж захих байна. Бусад нь Бурханы шүүлтийг хүлээж авч чадаж байхад чи яагаад чадахгүй гэж? Чи бусдаас хэр дээгүүр байдаг вэ? Бусад нь үнэний өмнө толгой бөхийж чадаж байхад чи ч бас яагаад чадахгүй гэж? Бурханы ажилд зогсоохын аргагүй хөдөлгөх хүч байдаг. Чамайг “хувь нэмэр” оруулсан төдийд л Тэр шүүлтийн ажлыг дахин давтахгүй бөгөөд ийм сайхан боломжийг алдсандаа чи харуусалд автана. Хэрвээ чи Миний үгэнд итгэхгүй байвал тэнгэр дэх тэр агуу цагаан сэнтий чамд шүүлт оноохыг хүлээ! Бүх израилчууд Есүсийг басамжлан үгүйсгэсэн боловч хүн төрөлхтнийг Есүс золин аварсан баримт орчлон ертөнц даяар, дэлхийн өнцөг булан бүрд түгсэн гэдгийг чи мэдэх ёстой. Бурханы аль эрт бүтээсэн бодит байдал энэ биш гэж үү? Есүс чамайг тэнгэрт аваачна гэж чи хүлээсээр л байгаа бол Би чамайг зөрүүд үжирсэн мода юм гэж хэлнэ. Үнэнд үнэнч биш, зөвхөн ерөөл эрж хайдаг чам шиг хуурамч итгэгчийг Есүс хүлээн зөвшөөрөхгүй. Эсрэгээрээ, Тэр чамайг хэдэн арван мянган жилийн турш галт нуурт шатаахаар хаяхдаа огтхон ч өршөөл үзүүлэхгүй.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс
Өнөөдрийн байлдан дагуулалтын ажил нь хүний төгсгөл ямар байхыг ил болгохоор зорьдог. Өнөөдрийн шүүлт, гэсгээлт нь эцсийн өдрүүдийн агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм гэж яагаад хэлдэг вэ? Чи үүнийг харахгүй байна уу? Байлдан дагуулалтын ажил яагаад сүүлчийн үе шат вэ? Энэ нь яг нарийндаа төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг харуулахын төлөө байдаг бус уу? Энэ нь гэсгээлт, шүүлтээр байлдан дагуулах ажлын явцад, жинхэнэ нүүр царайгаа харуулж, дараа нь төрлийнхөө дагуу ангилагдах боломжийг хүн бүрд олгохын төлөө байдаг бус уу? Энэ нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж байгаа хэрэг гэж хэлэхийн оронд төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг харуулж байгаа хэрэг гэж хэлсэн нь дээр байж магад. Энэ нь, хүмүүсийн нүглийг шүүж, дараа нь хүний янз бүрийн төрлийг илчилж, улмаар ёрын муу, эсвэл зөв шударга эсэхийг нь шийдэх явдал юм. Байлдан дагуулалтын ажлын дараа сайныг шагнаж, мууг шийтгэх ажил явагддаг. Бүрэн дуулгавартай дагадаг буюу бүрмөсөн байлдан дагуулагдсан хүмүүсийг бүхий л орчлон ертөнцөд Бурханы ажлыг түгээх дараагийн алхамд байрлуулна; байлдан дагуулагдаагүй хүмүүсийг харанхуйд байрлуулах ба тэд гай гамшигтай тулгарна. Тиймээс хүн төрлийнхөө дагуу ангилагдаж, мууг үйлдэгчид муугийн бүлэгт ангилагдаж, дахин хэзээ ч нарны гэрэлд байхгүй бөгөөд зөв шударга хүмүүс сайнтай ангилагдан гэрлийг хүлээн авч, үүрд гэрэлд амьдарна. Бүх зүйлийн төгсгөл ойрхон байна; хүний төгсгөл нүдэнд нь тодорхой харагдсан бөгөөд бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдана. Тэгвэл хүмүүс дор бүрнээ төрлөөрөө ангилагдахын зовлонгоос хэрхэн зугтаж чадах вэ? Бүх зүйлийн төгсгөл ойртох үед төрөл бүрийн хүний төгсгөл илчлэгддэг ба энэ нь бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлын явцад (өнөөгийн ажлаас эхлээд байлдан дагуулалтын бүх ажлыг оролцуулан) хийгддэг. Бүх хүн төрөлхтний төгсгөлийг илчлэх илчлэлт нь гэсгээлтийн явцад, мөн эцсийн өдрүүдийн байлдан дагуулах ажлын явцад шүүх суудлын өмнө хийгддэг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 1”-ээс
Тайлбар:
а. Үжирсэн мод: “ямар ч нэмэргүй” гэсэн утгатай хятад хэлц.