Сионы магтаалын өдөр ирж, Бурханы оршин суудаг газар гарч ирлээ. Бүх ард түмний магтдаг суу алдарт ариун нэр түгж байна. Ай, Төгс Хүчит Бурхан минь! Орчлон ертөнцийн Тэргүүн, эцсийн өдрүүдийн Христ. Тэр бол бүхий л орчлон ертөнцийн дээр сүр жавхлантай, эрхэмсгээр сүндэрлэдэг Сион уулнаа мандсан гэрэлт Нар билээ…
Төгс Хүчит Бурхан минь! Бид Таныг баяр хөөртэйгөөр дууддаг; бид бүжиглэж, дуулдаг. Та бол үнэхээр бидний Золин Аврагч, орчлон ертөнцийн агуу Хаан! Та бүлэг ялагчийг бий болгож, Бурханы удирдлагын төлөвлөгөөг биелүүлсэн. Бүх ард түмэн энэ уул руу цуварна. Бүх ард түмэн сэнтийн өмнө сөгдөн мөргөнө! Та бол цорын ганц жинхэнэ Бурхан бөгөөд алдар, хүндлэл хүртэх эрхтэй билээ. Бүх алдар, магтаал, эрх мэдэл сэнтийд байх болтугай! Амийн булаг сэнтийгээс урсан гарч, Бурханы үй олон ардыг усалж, тэжээдэг. Амь өдөр бүр өөрчлөгддөг; шинэ гэрэл, илчлэлүүд биднийг дагаж, Бурханы тухай шинэ гүнзгий ойлголтыг байнга өгдөг. Бид туршлагын дунд Бурханы талаар бүрэн итгэлтэй болдог. Түүний үг байнга ил болж, зөв хүмүүс дотор илэрдэг. Бид үнэндээ маш их ерөөгдсөн! Өдөр бүр Бурхантай нүүр тулан уулзаж, бүх зүйл дээр Бурхантай ярилцаж, бүх зүйлийг удирдах дээд эрхийг Бурханд өгдөг. Бид Бурханы үгийг сайтар тунгааж, зүрх сэтгэл маань Бурханы дотор тайван болдог, ийм маягаар бид Бурханы өмнө очиж, тэндээс Түүний гэрлийг хүлээн авдаг. Бид өдөр бүр амьдрал, үйлдэл, үг яриа, бодол, санаа бүртээ Бурханы үг дотор амьдарч, цаг ямагт ялган таньж чаддаг. Бурханы үг чадварлагаар залж чиглүүлдэг; санамсаргүй байхад л дотор нуугдсан зүйлс ээлж дараалан ил гарна. Бурхантай нөхөрлөх нөхөрлөлд алгуурлахыг тэвчдэггүй юм; Бодол, санаануудыг маань Бурхан ил болгодог. Хором бүрд бид өөрсдийнхөө шүүлтэд ордог газар болох Христийн суудлын өмнө амьдарч байна. Бидний бие доторх хэсэг бүрийг Сатан эзэмдсэн хэвээр байдаг. Өнөөдөр, Бурханы дээд эрхийг сэргээхийн тулд Түүний сүмийг цэвэрлэх ёстой. Бурханаар бүрэн эзэмдүүлэхийн тулд бид үхэх сэхэхээ үзэн тэмцэх ёстой. Хуучны бид цовдлогдсон цагт л дахин амилсан Христийн амь мандан бадрах болно.
Одоо, Ариун Сүнс бидний сэргэлтийн төлөө тулаан хийхийн тулд булан тохой бүр лүү маань довтлон дайрдаг! Бид өөрсдийгөө үгүйсгэхэд бэлэн байж, Бурхантай хамтран ажиллахыг хүсэж байгаа цагт Бурхан биднийг дотроос маань үргэлж гэрэлтүүлэн ариусгаж, Сатаны эзэмшсэнийг шинээр сэргээх нь гарцаагүй, ингэснээр Бурхан биднийг аль болох хурдан бүрэн төгс болгож болох юм. Цагаа бүү үр, хором бүрд Бурханы үг дотор амьдар. Ариун хүмүүсийн хамт өсөн хөгжиж, хаанчлалд хүргэгдэж, Бурхантай хамт алдар луу ор.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 1-р бүлэг”-ээс
Төгс Хүчит Бурхан—хаанчлалын Хаан гэрчлэгдсэнээс хойш Бурханы удирдлагын цар хүрээ бүх орчлон ертөнц даяар бүрэн дэлгэрчээ. Бурханы илрэлт Хятадад гэрчлэгдээд зогсохгүй, Төгс Хүчит Бурханы нэр бүх улс үндэстэн, бүх газар нутагт гэрчлэгдсэн юм. Тэд бүгд энэ ариун нэрийг дуудаж, боломжтой бүх аргаар Бурхантай нөхөрлөхийг эрмэлзэж, Төгс Хүчит Бурханы хүслийг ухаарч, чуулган дотор уялдаа холбоотой үйлчилж байна. Ариун Сүнс ийм гайхалтайгаар ажилладаг.
Янз бүрийн улс үндэстний хэл нэг нэгээсээ ялгаатай байдаг боловч цорын ганц Сүнс бий. Энэ Сүнс орчлон ертөнц даяарх чуулгануудыг нэгтгэдэг бөгөөд өчүүхэн ч ялгаагүйгээр Бурхантай туйлын нэг юм, энэ бол эргэлзэх аргагүй зүйл билээ. Ариун Сүнс одоо тэднийг дуудаж байгаа бөгөөд Түүний дуу хоолой тэднийг сэрээж байна. Энэ бол Бурханы өршөөлийн дуу хоолой юм. Тэд бүгд Төгс Хүчит Бурханы ариун нэрийг дуудаж байна! Тэд бас магтаал өргөж, дуулдаг. Ариун Сүнсний ажилд ямар нэг гажуудал огтхон ч байх боломжгүй бөгөөд энэ хүмүүс зөв замын дагуу урагшлахын тулд шаардлагатай бүхнийг хийдэг, тэд эргэж буцдаггүй ба гайхамшгууд нь ар араасаа овоордог. Энэ бол хүмүүс төсөөлөхөд хэцүү, таамаглах боломжгүй зүйл юм.
Төгс Хүчит Бурхан бол орчлон ертөнц дэх амийн Хаан билээ! Тэрээр алдар суут сэнтийд заларч, дэлхийг шүүж, бүгдийг ноёлж, бүх улс үндэстнийг захирдаг. Бүх хүн Түүнд өвдөг сөгдөж, Түүнд залбирч, Түүнд ойртож, Түүнтэй ярилцдаг. Чи Бурханд хэчнээн удаан итгэсэн ч бай, байр суурь чинь хэчнээн өндөр ч бай, зэрэг зиндаа чинь хэчнээн дээгүүр ч бай, зүрх сэтгэлдээ Бурхантай сөргөлдөх юм бол шүүгдэх ёстой бөгөөд Түүний өмнө нүүрээрээ газар унан мөргөж, шаналалтайгаар гуйх чимээ гаргах ёстой; энэ нь үнэндээ өөрийнхөө үйлдлийн үр жимсийг хурааж байгаа хэрэг юм. Энэхүү уйлах дуу чимээ бол гал ба хүхэрт нуурт тарчилж буй дуу бөгөөд Бурханы төмөр саваагаар гэсгээгдэж буй хашхираан мөн; энэ нь Христийн суудлын өмнөх шүүлт билээ.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 8-р бүлэг”-ээс
Орчлон даяар Би Өөрийн ажлыг хийж байна, зүүн зүгт аянга цахилгаан зогсолтгүй цахилж, бүхий л үндэстэн, урсгалыг доргиодог. Миний дуу хоолой бүх хүнийг өнөөдөр лүү хөтөлсөн. Би бүх хүнийг дуу хоолойгоороо байлдан дагуулж, энэ урсгалд оруулж, Өөрийнхөө өмнө дуулгавартай байлгадаг, учир нь Би аль эрт Өөрийн алдар сууг бүх дэлхийгээс эгүүлэн татаж, зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Намайг эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байна вэ? Миний дахин илрэлтээр цангахгүй хэн байна вэ? Миний хайр татам байдлыг санагалзахгүй хэн байна вэ? Гэрэл рүү гарч ирэхгүй байх хэн байна вэ? Канааны баян тансаг руу хараа бэлчээхгүй хэн байх вэ? Золин аврагч эргэн ирэхийг хүсэн хүлээхгүй хэн байх вэ? Агуу эрх мэдэлтэй Түүнийг хүндлэн биширдэггүй хэн байна вэ? Миний дуу хоолой дэлхий даяар тархах болно; Би сонгосон хүмүүстэйгээ нүүр тулж, тэдэнд илүү олон үг хэлнэ. Уул, усыг доргиох хүчит аянга шиг бүх орчлон ертөнц, хүн төрөлхтөнд хандан Би үгээ хэлсэн. Тиймээс, Миний аман дахь үгс хүний эрдэнэ болж, хүмүүс бүгд Миний үгийг нандигнадаг. Аянга цахилгаан зүүнээс баруун зүг хүртэл цахилдаг. Миний үгс хүн татгалзахааргүй байхын зэрэгцээ ойлгохын аргагүй боловч тэгэх тусмаа баярлан хөөрмөөр байдаг. Бүх хүн дөнгөж төрсөн нярай мэт Миний ирснийг тэмдэглэж, баяр хөөртэй байна. Дуу хоолойгоороо дамжуулан Би бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Түүнээс хойш Би албан ёсоор хүмүүсийн эгнээнд орох бөгөөд ингэснээр тэд Намайг шүтэн биширнэ. Цацруулж буй алдар суу, аман дахь үгээрээ Би бүх хүнийг өмнөө ирүүлэн, зүүн зүгээс аянга цахилж, зүүн зүгийн “Чидун жимсний уулан” дээр Өөрийгөө бууж ирснийг харуулна. Намайг иудейчүүдийн Хүүгийн хувьд биш, харин Зүүн зүгийн аянга болж газар дээр аль эртнээс байсныг тэд харах болно. Учир нь Би дахин амилж, хүн төрөлхтний дундаас холдон яваад удаж байгаа бөгөөд хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолж баршгүй олон эрин үеийн өмнө шүтэгдэж байсан Тэр нэгэн, мөн Би одоогоос тоолж баршгүй олон эрин үеийн өмнө израильчуудын хаясан нярай билээ. Түүнээс гадна, Би энэ эрин үеийн хамгийн алдар суут Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, Миний алдар суут төрхийг харж, дуу хоолойг минь сонсож, Миний үйлсийг харцгаа. Энэ бол Миний бүхий л хүсэл; Миний төлөвлөгөөний төгсгөл, оргил үе, мөн Миний удирдлагын зорилго: улс орон болгон Намайг шүтэн мөргөж, хэл болгон Намайг хүлээн зөвшөөрч, хүн бүр итгэлээ Надад өгч, бүх хүн Надад захирагдана!
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна”-аас
Бурханы нэр өөрчлөгддөггүй гэж зарим нь хэлдэг. Тэгвэл Еховагийн нэр яагаад Есүс болсон юм бэ? Мессиа ирнэ гэж зөгнөсөн атал яагаад Есүс гэдэг нэртэй хүн ирсэн юм бэ? Бурханы нэр яагаад өөрчлөгдсөн бэ? Ийм ажил аль эрт хийгдээгүй гэж үү? Бурхан өнөөдөр илүү шинэлэг ажил хийж болохгүй гэж үү? Өчигдрийн ажил ч өөрчлөгдөж болох бөгөөд Еховагийн ажлыг Есүсийн ажил үргэлжлүүлж болно. Тэгвэл Есүсийн ажлыг өөр нэг ажил залгамжилж болохгүй гэж үү? Хэрвээ Еховагийн нэр Есүс болж өөрчлөгдөж болдог юм бол Есүсийн нэр ч бас өөрчлөгдөж болохгүй гэж үү? Энэ нь хачин жигтэй зүйл биш; ердөө хүмүүс л дэндүү бодлогогүй. Бурхан үргэлж Бурхан байх болно. Түүний ажил болон Түүний нэр яаж ч өөрчлөгдсөн бай, зан чанар, мэргэн ухаан нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи, Бурханыг зөвхөн Есүсийн нэрээр л нэрлэж болно гэж боддог бол мэдлэг чинь хэтэрхий хязгаарлагдмал юм байна. Есүс гэдэг нь үүрд Бурханы нэр байна, Бурхан үргэлж, үүрд Есүс гэх нэртэй байна, энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж чи баталж зүрхлэх үү? Есүсийн нэр Хуулийн эрин үеийг дуусгасан бөгөөд сүүлчийн эрин үеийг ч бас дуусгана гэж чи итгэлтэйгээр баталж зүрхлэх үү? Есүсийн нигүүлсэл эрин үеийг дуусгаж чадна гэж хэн хэлж чадах юм бэ?
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?”-ээс
Бурхан газар дээр ирэх бүрдээ Өөрийн нэр, хүйс, дүр төрх болон ажлыг өөрчилдөг; Тэр Өөрийн ажлыг давтдаггүй. Тэр бол үргэлж шинэ агаад хэзээ ч хуучин байдаггүй Бурхан билээ. Өмнө нь ирэх үедээ Тэр Есүс гэж нэрлэгддэг байв; энэ удаа дахин ирэх үедээ Тэр Есүс гэж нэрлэгдсээр байж болох уу? Өмнө нь ирэх үедээ Тэр эрэгтэй байсан; энэ удаа Тэр дахиад эрэгтэй байж болох уу? Нигүүлслийн эрин үед ирэхдээ Түүний ажил нь загалмайд цовдлогдох явдал байсан; дахин ирэх үедээ Тэр мөн л хүн төрөлхтнийг нүглээс золин аварч болох уу? Тэр дахин загалмайд цовдлогдож болох уу? Тэгэх нь Өөрийн ажлыг давтаж байгаа хэрэг болох бус уу? Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүйг чи мэдэхгүй гэж үү? Бурхан хувиршгүй гэж хэлдэг хүмүүс бий. Тэр зөв, гэхдээ энэ нь Бурханы зан чанар болон мөн чанарын хувиршгүй байдлыг хэлдэг. Түүний нэр болон ажилд гарсан өөрчлөлт нь Түүний мөн чанар өөрчлөгдсөн гэдгийг нотолдоггүй; өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи, Бурханы ажил өөрчлөгдөшгүй гэж хэлбэл зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөө Тэр дуусгаж чадах байсан уу? Бурхан үүрд өөрчлөгдөшгүй гэдгийг л чи мэднэ, гэхдээ Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш гэдгийг чи мэдэх үү? Хэрвээ Бурханы ажил өөрчлөгдөшгүй юм бол Тэр хүн төрөлхтнийг өнөөг хүртэл удирдаж чадах байсан гэж үү? Хэрвээ Бурхан хувиршгүй юм бол Тэр яагаад хоёр эрин үеийн ажлыг аль хэдийн хийчихсэн юм бэ? Түүний ажил урагшлахаа хэзээ ч больдоггүй, өөрөөр хэлбэл, Түүний зан чанар хүнд аажмаар илчлэгддэг бөгөөд илчлэгддэг зүйл нь Түүний төрөлх зан чанар юм. Анх Бурханы зан чанар хүнээс нуугдмал байсан, Тэр Өөрийн зан чанарыг хүнд хэзээ ч ил тод илчилж байгаагүй бөгөөд хүн Түүний талаар огт мэддэггүй байсан. Үүнээс болоод Тэр зан чанараа хүнд аажмаар илчлэхийн тулд Өөрийн ажлыг ашигладаг боловч ийм маягаар ажиллах нь Бурханы зан чанар эрин үе бүрд өөрчлөгддөг гэсэн үг биш юм. Бурханы хүсэл үргэлж өөрчлөгдөж байгаа учраас зан чанар нь байнга өөрчлөгдөж байдаг юм биш. Харин ч Түүний ажлын эрин үеүд өөр өөр байдгаас болоод Бурхан, хүн Өөрийг нь мэддэг болж чадах байх гэсэндээ Өөрийн төрөлх зан чанарыг бүхэлд нь аваад, хүнд алхам алхмаар илчилдэг. Гэхдээ энэ нь, Бурхан анх ямар ч тодорхой зан чанаргүй байсан, эсвэл эрин үе өөрчлөгдөхийн хэрээр Түүний зан чанар аажмаар өөрчлөгдсөн гэдгийн нотолгоо яавч биш—ийм ойлголт нь андуу ташаа юм. Өөр өөр эрин үеийн дагуу Бурхан Өөрийн төрөлхийн болон тодорхой зан чанарыг—Тэр юу болохоо хүнд илчилдэг; ганц эрин үеийн ажил Бурханы бүх зан чанарыг илэрхийлж чадахгүй. Иймээс “Бурхан үргэлж шинэ агаад хэзээ ч хуучин биш” хэмээх үг нь Түүний ажлыг хэлдэг бөгөөд “Бурхан хувиршгүй” хэмээх үг нь Бурханд төрөлхөөсөө юу байгаа, Тэр юу болохыг хэлдэг. Ямартай ч чи зургаан мянган жилийн ажлыг ганц зүйлд хамааруулж болохгүй, эсвэл үхмэл үгээр хязгаарлаж болохгүй. Энэ нь хүний тэнэглэл юм. Бурхан хүний төсөөлдөг шиг энгийн биш бөгөөд Түүний ажил аль нэг эрин үед саатаж болохгүй. Жишээ нь, Ехова гэдэг нэр үүрд Бурханы нэр байж болохгүй; Бурхан Өөрийн ажлыг Есүсийн нэрээр ч бас хийж чадна. Энэ бол Бурханы ажил үргэлж урагш ахиж байдгийн тэмдэг билээ.
Бурхан бол үргэлж Бурхан бөгөөд хэзээ ч Сатан болохгүй; Сатан бол үргэлж Сатан ба хэзээ ч Бурхан болохгүй. Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхалтай байдал, Бурханы зөвт байдал, Бурханы сүр жавхлан хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Харин Түүний ажлын тухайд бол, энэ нь үргэлж урагшилж, үргэлж гүнзгийрч байдаг, учир нь Тэр бол үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш билээ. Эрин үе болгонд Бурхан шинэ нэр авдаг, эрин үе бүрд Тэр шинэ ажил хийдэг, эрин үе бүрд Тэрээр бүтээлүүддээ Өөрийн шинэ хүсэл, шинэ зан чанарыг харуулдаг. Хэрвээ шинэ эрин үед хүмүүс Бурханы шинэ зан чанарын илэрхийллийг харж чадахгүй бол Түүнийг загалмайд үүрд цовдлохгүй гэж үү? Ингэснээрээ тэд Бурханыг хязгаарлахгүй гэж үү?
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3”-аас
Эрин үе бүр дэх Бурханы ажил үргэлж адилхан байж, Түүнийг үргэлж нэг нэрээр нэрлэдэг байсан бол хүн Түүнийг яаж мэдэх юм бэ? Бурханыг Ехова гэж нэрлэх ёстой, Бурханыг Ехова гэж нэрлэхээс бусдаар, өөр ямар нэг нэрээр нэрлэгддэг нэгэн бол Бурхан биш. Аль эсвэл Бурхан зөвхөн Есүс байж болох ба Есүсийн нэрээс өөр ямар ч нэрээр Түүнийг нэрлэж болохгүй; Есүсээс бусад тохиолдолд, Ехова бол Бурхан биш, Төгс Хүчит Бурхан ч бас Бурхан биш. Бурхан төгс хүчит гэдэг нь үнэн боловч Бурхан бол хүнтэй хамт байдаг Бурхан, Түүнийг Есүс гэж нэрлэх ёстой, учир нь Бурхан хүнтэй хамт байдаг гэж хүн итгэдэг. Ингэх нь хоосон сургаал мөрдөж, Бурханыг тодорхой цар хүрээнд хязгаарлаж байгаа хэрэг юм. Иймээс эрин үе бүрд Бурханы хийдэг ажил, Түүнийг нэрлэдэг нэр, Түүний авдаг дүр төрх—өнөөдрийг хүртэлх үе шат болгонд Түүний хийдэг ажил—эдгээр нь ганц ч дэг журмыг дагадаггүй ба ямар ч хязгаарлалтад баригддаггүй. Тэр бол Ехова, гэхдээ Тэр бас Есүс, түүнчлэн Мессиа, Төгс Хүчит Бурхан юм. Түүний ажил алгуур өөрчлөлт туулж, Түүний нэрэнд зохих өөрчлөлт гардаг. Ганц ч нэр Түүнийг бүрэн төлөөлж чадахгүй, гэхдээ Түүнийг нэрлэдэг бүх нэр Түүнийг төлөөлж чаддаг бөгөөд эрин үе бүрд Түүний хийдэг ажил зан чанарыг нь төлөөлдөг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3”-аас