35-р бүлэг

Надтай хамт нэг урсгалд амьдрах боломжийг хүмүүст олгож, хүмүүсийн дунд Би Өөрийн ажлыг хийж эхэлсэн. Би Өөрийн ажлыг дуусгахдаа бас л хүмүүсийн дунд байх болно, учир нь тэд бол Миний бүхий л удирдлагын төлөвлөгөөний турш удирдуулдаг бөгөөд тэднийг бүх зүйлийн эзэд болгох нь Миний хүсэл билээ. Энэ шалтгааны учир Би хүмүүсийн дунд алхсаар байдаг. Миний ажлын хурд нэмэгдсэн учраас Би хүн төрөлхтөнтэй хамт одоогийн эринд орохдоо сэтгэл маш тайван байна. Хүмүүс хэрхэн мөр зэрэгцэн алхаж чадах вэ? Би мэдрэмжгүй, мангуу хүмүүс дээр маш их ажил хийсэн боловч тэд Намайг нандигнан хайрладаггүй учраас юу ч олж аваагүй. Би бүх хүний дунд оршиж, тэдний хөдөлгөөн бүрийг хаана ч байхад нь, газар дээр ч, доор ч аль алин дээр нь ажигласан. “Хүмүүс” гэж ангилагддаг бүхэн “Намайг эсэргүүцэх” нь тэдний ажил юм шиг, энэ ажлыг хийхгүй бол тэд хэн ч өргөж аваагүй тэнэмэл өнчид болчих юм шиг л Намайг эсэргүүцэж байна. Гэсэн хэдий ч хүмүүсийн үйлдэл болон зан байдалд үндэслэн Би тэдэнд дур зоргоороо ял оногдуулдаггүй. Харин Би тэдний биеийн хэмжээнд нийцүүлэн тэднийг дэмжиж, хангадаг. Хүн бол Миний бүхий л удирдлагын төлөвлөгөөний гол дүр учраас “хүн” хэмээх дүрд тоглогчдод Би илүү их удирдамж өгдөг, ингэснээр тэд уг дүрд үнэн сэтгэлээсээ, чадлынхаа хэрээр тоглох ба ингэснээр Миний найруулж буй энэ жүжиг сэтгэл хөдөлгөм амжилттай болох юм. Энэ нь хүн төрөлхтөнд тавих Миний хүсэлт юм. Би хүн төрөлхтний төлөө залбираагүй бол тэд дүрдээ тоглож чадахгүй байх уу? Тэгвэл хүмүүсийн Надаас хүсдэг зүйлийг Би биелүүлж чадна, гэхдээ Миний тэднээс хүсдэг зүйлийг тэд биелүүлж чадахгүй байх уу? Би хүмүүсийг дарлах гээд сүр хүчээ ашигладаггүй гэхэд болно. Харин ч энэ бол тэднээс Би бүр үнэн зүрхнээсээ, чин сэтгэлээсээ гуйж байгаа Миний эцсийн хүсэлт юм. Тэд Миний гуйсан зүйлийг үнэхээр хийж чадахгүй гэж үү? Би хүмүүст олон жилийн турш өгсөөр ирсэн боловч хариуд нь юу ч аваагүй. Хэзээ нэгэн цагт хэн Надад ямар нэгэн зүйлийг өгсөн бэ? Миний цус, хөлс, нулимс зүгээр л уулын будан шиг гэж үү? Би хүмүүст олон удаа “урьдчилан сэргийлэх тарилга” өгч, тэдэнд тавих Миний шаардлага хатуу чанд биш гэдгийг хэлсэн. Тэгвэл яагаад хүмүүс Надаас байнга зайлсхийдэг юм бэ? Би тэднийг баригдмагцаа алагдах ангаахай шиг үзэж хандана гээд тэр үү? Би үнэхээр тийм харгис, өрөвч сэтгэлгүй гэж үү? Хүмүүс Намайг үргэлж өөрсдийнхөө үзлээр хэмждэг. Тэдний үзэлд байдаг Би тэнгэрт байдаг Би хоёр адилхан юм уу? Би хүмүүсийн үзлийг Өөрийн зугаа цэнгэлийн бай гэж үздэггүй. Харин ч Би тэдний зүрх сэтгэлийг үнэлүүштэй зүйл гэж хардаг. Гэсэн хэдий ч Би тэдний мөс чанарт нэлээд эгдүүцдэг, учир нь тэдний хэлдгээр Надад тэр нь байдаггүй. Тиймээс тэдний мөс чанарын тухай Надад хэдэн илүү үзэл бодол байна. Гэсэн хэдий ч Би тэдний мөс чанарыг шууд шүүмжлэхээс татгалздаг; үүний оронд Би тэднийг тэвчээр, арга дүйгээр залж чиглүүлдэг. Эцсийн эцэст хүмүүс сул дорой бөгөөд ямар ч ажил хийж чаддаггүй.

Өнөөдөр Би хэмжээ хязгааргүй гэсгээлтийн ертөнц рүү албан ёсоор алхан орсон бөгөөд үүнийг хүн төрөлхтөнтэй зэрэгцэн баясаж байна. Би мөн гараараа тушаал гаргаж, хүн төрөлхтөн Миний тушаал дор томоотой байдаг; Намайг хэн ч эсэргүүцэж зүрхэлдэггүй. Бүгд Миний удирдамж дор Миний даалгасан үүргийг биелүүлж байна, учир нь энэ бол тэдний “ажил” юм. Тэнгэр дэх болон тэнгэр доорх бүх зүйлийн дундаас хэн Миний төлөвлөгөөнд захирагддаггүй вэ? Хэн Миний хяналтад байдаггүй вэ? Хэн Миний үг болон ажлын төлөө магтаал, сайшаал хэлдэггүй вэ? Хүмүүс Миний үйл хэрэг болон үйлдлүүдийг гайхан биширдэг, тэгээд Миний хөдлөл бүрийн дүнд өөрсдийгөө Миний ажлын урсгалд оруулдаг. Хэн гаргаж чадах юм бэ? Хэн Миний зохицуулсан ажлаас зугтаж чадах юм бэ? Миний захиргааны зарлигаар хүмүүсийг албадан үлддэг; үүнгүйгээр тэд бүгд “тэргүүн шугамаас” сэмхэн хойшоо явж, “оргодлууд” болох байсан юм. Үхлээс айдаггүй хэн байна вэ? Хүмүүс үнэхээр биеэ золиосолж чадах уу? Би хүний уг чанарын талаар аль эрт бүрэн гүйцэд ойлголттой болсон болохоор Би хэнийг ч шахдаггүй. Тиймээс Би хүмүүсийн хэзээ ч хийж байгаагүй төслүүдийг үргэлж хийж ирсэн билээ. Хэн ч Миний ажлыг хийж чадахгүй учраас Сатантай үхэх сэхэхээ үзэх тулалдаанд орохын тулд Би тулааны талбарт биечлэн хөл тавьсан юм. Өнөөдөр Сатан туйлын эрээ цээргүй байна. Өөрийн ажлын гол хэсгийг гайхуулж, Өөрийн агуу хүч чадлыг илчлэхийн тулд Би энэ боломжийг яагаад ашиглахгүй байх билээ? Урьд нь Миний хэлсэнчлэн Би Сатаны ов мэхийг Өөрийн товойлгогч болгон ашигладаг; энэ нь дээд зэргийн боломж биш гэж үү? Одоо л Би тааламжтай инээмсэглэлийг харуулдаг, учир нь Би Өөрийнхөө зорилгод хүрсэн билээ. Би цаашид ийш тийшээ гүйж, хүмүүсээс “тусламж” гуйхгүй. Би тэвдэн сандрахаа больсон ба цаашид тэнүүлчийн амьдралаар амьдрахгүй. Одоогоос эхлээд Би амар тайван амьдрах болно. Хүмүүс ч мөн адил эсэн мэнд, эрүүл саруул байх болно, учир нь Миний цаг үе ирсэн. Газар дээр Би хүний завгүй амьдрал буюу олон шударга бус явдал тохиолдсон мэт санагддаг амьдралаар амьдарсан. Хүмүүсийн үзэхэд, Би тэдний баяр хөөр, уй гашууг, мөн түүнчлэн тэдний золгүй явдлыг хуваалцсан. Хүмүүсийн адилаар Би ч бас газар дээр, тэнгэрийн дор амьдарсан. Тиймээс тэд Намайг үргэлж бүтээгдсэн зүйл шиг үзсэн. Хүмүүс Намайг тэнгэрт байдгаар минь хараагүй учраас Миний ашиг сонирхлын тулд хэзээ ч нэг их хичээл зүтгэл гаргаагүй. Гэсэн хэдий ч өнөөдрийн нөхцөл байдалд хүмүүс Намайг өөрсдийнх нь хувь заяаны Эзэн бөгөөд үүлнээс илтгэдэг илтгэгч гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Тийм учраас л хүмүүс Миний өмнө шүтэн мөргөж, толгойгоо газарт хүргэсэн юм. Энэ нь Миний ялгуусан эргэн ирэлтийн баталгаа биш гэж үү? Энэ нь бүхий л дайсагнасан хүчийг дийлсэн Миний ялалтын дүр зураг биш гэж үү? Дэлхий төгсгөлдөө ирж байгаа ба хүн төрөлхтөн асар их цэвэрлэгээ туулна гэдэг зөн бүх хүнд байсан. Гэсэн хэдий ч Миний тэднээс хүссэн зүйлийг тэд ухамсартайгаар хийж үнэндээ чаддаггүй, иймээс тэд Миний гэсгээлтийн дор цурхиран уйлахаас өөр аргагүй. Юу хийж чадах билээ? Дуулгаваргүй бай гэж хүмүүст хэн хэлсэн бэ? Сүүлчийн эрин үед ор гэж тэдэнд хэн хэлсэн бэ? Тэд эцсийн өдрүүдэд яагаад хүний ертөнцөд төрсөн бэ? Юм нэг бүрийг Би биечлэн зохицуулж, төлөвлөдөг. Хэн гомдоллож чадах юм бэ?

Дэлхий ертөнц бүтээгдсэн үеэс эхлэн Би хүмүүсийн дунд хэсүүчилж, газар дээр оршин тогтноход нь хань болж байсан. Гэхдээ өмнөх үеийнхнээс ганц ч хүн Надаар сонгогдоогүй; Миний чимээгүй мэдлэг хүн бүхнийг няцаасан. Учир нь, өнгөрсөн үеийн хүмүүс Надад онцгойлон үйлчлээгүй, тиймээс хариуд нь Би тэднийг онцгойлон хайрлаагүй. Тэд Сатаны “бэлгүүдийг” авсан ба дараа нь тэдгээрийг Надад хээвнэг барьсан. Энэ нь Миний эсрэг доромжлол биш байсан гэж үү? Тэднийг тахил өргөж байхад нь Би Өөрийн зэвүүцлийг харуулаагүй; оронд нь Би эдгээр “бэлгийг” Өөрийн удирдлагын эд материалуудад нэмснээр тэдний арга мэхийг Өөртөө ашигтайгаар эргүүлсэн. Хожим тэднийг машин боловсруулсны дараа Би үүссэн бүх хог хаягдлыг шатааж орхино. Эдүгээ үеийн хүмүүс Надад олон “бэлэг” өгөөгүй боловч Би тэднийг үүнийх нь төлөө зэмлэдэггүй. Энэ хүмүүс үргэлж ядуу даржин, гар хоосон байсан; тиймээс тэдний нөхцөл байдлын бодит байдлыг ажиглаад Би хүний ертөнцөд ирснээсээ хойш тэдэнд ямар нэгэн үндэслэлгүй шаардлага хэзээ ч тавиагүй. Харин тэдэнд “эд материал” өгснийхөө дараа Би зүгээр л Өөрийн хүссэн “бэлэн болсон бүтээгдэхүүнийг” хайсан, учир нь энэ бол хүн төрөлхтний хүрч чадах чинээ билээ. Би зохистой шаардлага бодож олохоосоо өмнө хүн шиг амьдрах нь юу гэсэн үг болохыг судалж, олон жилийг зовлон бэрхшээлд өнгөрүүлсэн. Би хүний амьдралыг туулаагүй байсан бол тэдний хувьд хэлэлцэхэд хэцүү байдаг хэрэг явдлуудыг Би хэрхэн ойлгож чадах билээ? Гэсэн хэдий боловч хүмүүс үүнийг ингэж үздэггүй; тэд Намайг хэмжээлшгүй хүчит, ер бусын Бурхан Өөрөө гэж хэлдэг. Энэ нь чухамдаа түүхэн турш, тэр ч бүү хэл, өнөөдөр хүртэл бүх хүний тээж явдаг үзэл биш гэж үү? Газар дээр Намайг үнэхээр бүрэн мэддэг нэг ч хүн байхгүй гэж Би хэлсэн. Энэ сануулга нь өөрийн гэсэн далд утгатай; энэ нь хоосон яриа төдий биш. Би үүнийг Өөрөө туулж, ажигласан, иймээс Надад нарийн учрын талаар ойлголт байдаг. Би хүний ертөнцөд бууж ирээгүй байсан бол Намайг мэдэх боломж хэнд байх юм бэ? Хэн Миний үгийг биечлэн сонсож чадах юм бэ? Хэн Миний биеийг өөрсдийнхөө дунд харж чадах юм бэ? Эрин үеүдийн турш Би үргэлж үүлэн дунд нуугдаж байсан. “Тэдэнд үлгэр дуурайл болохын тулд эцсийн өдрүүдэд Би хүний ертөнцөд бууж ирнэ” гэж Би эртнээс зөгнөсөн. Ийм учраас өнөөдөр хүмүүс өөрсдийн мэдлэгийн хүрээг тэлэх хувьтай юм. Энэ нь тэдэнд хайрласан Миний сайхан сэтгэл биш гэж үү? Тэд Миний нигүүлслийг огт ойлгохгүй байж болох уу? Яагаад хүмүүс ийм мэдрэмжгүй, мангуу байдаг юм бэ? Энэ хүртэл ирчихлээ; тэд яагаад бас л сэрээгүй байгаа юм бэ? Би энэ ертөнцөд олон жил байсан боловч хэн Намайг мэддэг вэ? Би хүмүүсийг гэсгээдэгт гайхах юмгүй. Тэд бол Би эрх мэдлээ хэрэгжүүлэх юмс мэт санагддаг; тэд гал нээхэд бүгд “зугтах” Миний бууны сум шиг санагддаг. Хүмүүс ийнхүү төсөөлдөг. Би хүмүүсийг үргэлж хүндэлсэн; Би хэзээ ч тэднийг боол шиг дур зоргоороо дарлан мөлжиж, эсвэл худалдаагүй. Учир нь Би тэднийг орхиж чадахгүй, тэд ч Намайг орхиж чадахгүй. Тиймээс бидний хооронд амин чухал холбоо бий болсон. Би хүнийг үргэлж нандигнан хайрласан. Харин хүн төрөлхтөн Намайг хэзээ ч нандигнан хайрлаагүй атлаа Надад үргэлж найдаж байсан нь Би тэдний төлөө хичээл чармайлтаа үргэлжлүүлэн зориулдгийн шалтгаан юм. Би хүмүүсийг Өөрийн эрдэнэс мэт хайрладаг, учир нь тэд бол газар дээрх Миний удирдлагын “үндсэн хөрөнгө” билээ; тиймээс Би тэднийг таягдан хаяхгүй нь лавтай. Хүмүүст хандах Миний хүсэл хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэд Миний тангарагт үнэхээр итгэж чадах уу? Тэд Миний төлөө Намайг хэрхэн хангалуун болгож чадах вэ? Энэ нь бүх хүн төрөлхтөнд зориулсан хичээл; энэ нь Миний тэдэнд өгсөн “гэрийн даалгавар” юм. Үүнийг биелүүлэхийн төлөө тэд бүгд шаргуу ажиллана гэдэг нь Миний найдвар билээ.

1992 оны 4 дүгээр сарын 23

Өмнөх: 34-р бүлэг

Дараах: 36-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих