34-р бүлэг

Би нэгэнтээ хүнийг Өөрийнхөө гэрт зочноор урьсан боловч түүнийг зочин мэт урихын оронд Би түүнийг цаазын тавцанд аваачсан мэт Миний дуудлагын улмаас тэр нааш цааш гүйсэн. Тиймээс Миний гэр хоосон үлдсэн, учир нь хүн үргэлж Надаас зайлсхийж, үргэлж Надаас сэрэмжилж байсан. Энэ нь Намайг Өөрийн ажлын нэг хэсгийг хэрэгжүүлэх аргагүй болгосон юм, өөрөөр хэлбэл, Би түүнд зориулан бэлдсэн идээ ундаа хураасан, учир нь хүн энэ идээ ундыг амсахыг хүсээгүй, тиймээс Би түүнийг ид гэж албадаагүй. Гэтэл хүн өлсгөлөнд нэрвэгдсэнээ гэнэт мэдээд ирж, Миний тусламжийг гуйн Миний хаалгыг тогшдог—түүнийг тийм их гачигдалтай байгааг хараад Би түүнийг аврахгүй байж яахан чадах билээ? Тиймээс Би хүнд идүүлэхийн тулд дахиад идээ унд бэлддэг ба зөвхөн тэгэхэд л тэр Миний хэчнээн гайхан биширмээр болохыг мэдэрдэг, тиймээс тэр Надад найдаж эхэлдэг юм. Түүнд хандах Миний хандлагын дүнд тэр аажмаар Намайг “эргэлзэж тээнэгэлзэлгүй” хайрлах болдог ба Би түүнийг “чандарлах газар” илгээх болно гэж сэжиглэхээ больдог, учир нь энэ бол Миний хүсэл биш билээ. Иймээс Миний зүрх сэтгэлийг харсныхаа дараа л хүн Надад үнэхээр найддаг, энэ нь түүний хэр “хашир” болохыг харуулдаг. Гэсэн ч Би заль мэхнийх нь улмаас хүнээс болгоомжилдоггүй, харин Өөрийн халуун дулаан тэврэлтээр хүний зүрх сэтгэлийг уяраадаг. Энэ нь Миний одоо хийж байгаа зүйл биш гэж үү? Энэ нь одоогийн үе шатанд хүмүүст илэрхийлэгдэж байгаа зүйл биш гэж үү? Яагаад тэд тийм зүйлс хийхдээ чадамгай байдаг юм бэ? Яагаад тэд тийм сэтгэлтэй байдаг юм бэ? Тэд Намайг үнэхээр мэддэг учраас тэр үү? Тэдэнд Намайг гэсэн хэмжээ хязгааргүй хайр үнэхээр байдаг учраас тэр үү? Би хэнийг ч Намайг хайрла гэж албаддаггүй, харин зүгээр л тэдэнд сонголтоо хийх эрх чөлөөг өгдөг; үүнд Би хөндлөнгөөс оролцдоггүй, мөн хувь заяаныхаа талаар сонголт хийхэд нь тэдэнд тусалдаггүй. Хүмүүс Миний өмнө шийдвэрээ гаргасан, тэд Надаар шалгуулахаар үүнийгээ Миний өмнө авчирсан ба “хүний шийдвэрийг” агуулсан цүнхийг онгойлгоод дотор нь замбараагүй холилдсон ч нэлээд “арвин” зүйлс байхыг нь харсан. Хүмүүс Намайг бүлтийн харж, Би өөрсдийнх нь шийдвэрийг хамж нэг тийш болгоно гэдгээс ихэд айж байсан. Гэхдээ хүний сул талын улмаас бүр анхандаа Би шүүлт хийгээгүй, харин цүнхийг нь хаагаад хийх ёстой ажлаа үргэлжлүүлэн хийсэн юм. Гэсэн хэдий ч хүн Миний ажлын араас Миний удирдамжид ороогүй, харин түүний шийдвэр Надаар магтагдсан эсэх талаар санаа зовсоор байсан. Би маш их ажил хийсэн, маш их үг хэлсэн боловч өнөөг хүртэл хүн Миний хүслийг ухаарах чадваргүй хэвээр үлдсэн, тиймээс түүний будлиулмаар үйлдэл бүр нь Миний толгойг эргүүлж орхидог. Яагаад тэр үргэлж Миний хүслийг ухаарах чадваргүй, аливааг өөрийнхөө хүссэнээр яаруу сандруу хийдэг юм бэ? Түүний уураг тархи шоконд орсон юм уу? Тэр Миний хэлдэг үгсийг ойлгодоггүй байж болох уу? Тэр яагаад үргэлж урагшаа эгц харан үйлддэг боловч ирээдүйн хүмүүст зам тавьж, үлгэр жишээ үзүүлэх чадваргүй байдаг юм бэ? Петрээс өмнө үлгэр жишээ үзүүлсэн хүн байсан уу? Миний удирдамжийн дор Петр амьд үлдсэн биш гэж үү? Яагаад өнөөдрийн хүмүүс үүнийг хийх чадваргүй байдаг юм бэ? Дагах үлгэр жишээтэй болчхоод яагаад Миний хүслийг хангаж чадахгүй хэвээр байдаг юм бэ? Хүн Надад итгэдэггүй хэвээр гэдгийг энэ нь харуулдаг ба өнөөдрийн золгүй нөхцөл байдалд хүргэсэн зүйл энэ юм.

Тэнгэрт нисэж буй бяцхан шувуудыг ажиглахдаа Би баярладаг. Хэдий тэд Миний өмнө шийдвэрээ гаргаагүй, Намайг “хангах” ямар ч үггүй байдаг боловч Миний тэдэнд өгсөн дэлхий ертөнцөөс тэд жаргал цэнгэл олдог. Гэвч хүн ингэх чадваргүй бөгөөд царай нь уй гансралаар дүүрэн байдаг—Би түүнд төлж болшгүй өртэй байж болно гэж үү? Яагаад түүний царайд үргэлж нулимсны мөр байдаг юм бэ? Би толгодод цэцэглэх сараана цэцэгсийг бахдан биширдэг. Цэцэгс болон зүлэг налуу газрыг бүрхдэг, харин хавар айлчлан ирэхээс өмнө сараана цэцэг, газар дээрх Миний алдарт өнгө нэмдэг—хүн ийм юм хийж чадах уу? Намайг эргэн ирэхээс өмнө газар дээр Надад гэрчилж чадсан уу? Агуу улаан лууны улс оронд тэр Миний нэрийн төлөө өөрийгөө зориулж чадах юм уу? Миний айлдварууд хүнд хандах шаардлагуудаар нэвчсэн мэт байдаг—эдгээр шаардлагын улмаас тэр Надад зэвүүцдэг; түүний бие хэтэрхий сул дорой учраас, мөн үндсэндээ Миний шаардсан зүйлд хүрэх чадваргүй учраас тэр Миний үгээс айдаг. Намайг амаа ангайхад газар дээрх хүмүүс гай гамшгаас зугтахаар оролдож буй мэт зүг бүрд дүрвэж байгааг Би хардаг. Намайг царайгаа халхлахад, Намайг биеэрээ эргэхэд хүмүүс нэн даруй сандралд автдаг. Тэд юу хийхээ мэддэггүй, учир нь тэд Намайг явахаас айдаг; тэдний үзлээр Миний явах өдөр бол тэнгэрээс гай гамшиг бууж ирэх өдөр, тэдний шийтгэл эхлэх өдөр байдаг. Гэсэн ч Миний хийдэг зүйл хүний үзлийн яг эсрэг байдаг; Би хэзээ ч хүний үзлийн дагуу үйлдээгүй, хүний үзэл Надтай нийцэхийг хэзээ ч зөвшөөрөөгүй. Миний ажиллах цаг бол хүнийг илчлэх яг тэр үе юм. Өөрөөр хэлбэл, Миний үйлдлийг хүний үзлээр хэмжиж болохгүй. Бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэл хэн ч Миний хийдэг зүйлээс “шинэ тив” олж илрүүлээгүй, хэн ч Миний үйлддэг хуулиудыг ухаараагүй, хэн ч шинэ зам нээгээгүй. Тиймээс өнөөдөр хүмүүс зөв замд орох чадваргүй үлдсэн—энэ нь яг тэдэнд дутагддаг зүйл бөгөөд тэдний орох учиртай зүйл юм. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Би өмнө нь хэзээ ч ийм төсөл эхлүүлээгүй, Би зүгээр л эцсийн өдрүүд дэх Өөрийн ажилд хэдэн шинэ хэсэг нэмсэн. Гэсэн ч тийм ойлгомжтой нөхцөл байдалд хүмүүс Миний хүслийг мөн л ухаарах чадваргүй байдаг—энэ нь яг тэдэнд дутагддаг зүйл биш гэж үү?

Шинэ ажилд орсны дараа Надад хүнд тавих шинэ шаардлага байна. Өнгөрсөн үеийн шаардлагууд хүнд ямар ч үр нөлөөгүй мэт байдаг, тийм учраас тэдгээрийг мартдаг. Миний ажилладаг шинэ арга барил юу вэ? Би хүнээс юу шаарддаг вэ? Урьд хийсэн зүйл нь Миний хүслийн дагуу байсан эсэхийг, тэдний үйлдлүүд нь Миний шаардсан хил хязгаар дотор байсан эсэхийг хүмүүс өөрсдөө хэмжиж үнэлж чадна. Би бүхнийг нэг бүрчлэн шалгах хэрэггүй; тэд өөрсдийн биеийн хэмжээг ухаарсан, иймээс оюун санаандаа ямар хэмжээнд үйлдэж болох талаар мэддэг, Би тэдэнд нарийн тодорхой хэлэх хэрэггүй. Намайг ярих үед зарим хүн бүдэрч магадгүй; тиймээс Би улмаар хүмүүсийг сул дорой болохоос сэргийлэхийн тулд Өөрийн үгийн энэ хэсгийг хэлэхээс зайлсхийсэн. Энэ нь хүний эрэл хайгуулд илүү их ашиг тустай биш гэж үү? Энэ нь хүний ахиц дэвшилд илүү их ашиг тустай биш гэж үү? Өнгөрснөө мартаж, урагш тэмүүлэхийг хүсдэггүй хэн байна вэ? Өөрийн “бодлогогүй байдлын” улмаас Би, Миний ярьдаг арга барил аль хэдийн шинэ хүрээнд орсныг хүмүүс ойлгож байгаа эсэхийг мэдэхгүй байна. Түүнээс гадна, Миний ажил Намайг их “завгүй” байлгадаг болохоор Миний ярианы өнгийг хүмүүс ойлгож байгаа эсэхийг асууж лавлах цаг Надад байхгүй. Тиймээс Надад арай илүү ойлгоцтой хандахыг л Би хүмүүсээс гуйдаг. Миний ажил Намайг маш “завгүй” байлгадаг учраас Би хүмүүсийг удирдан чиглүүлэхийн тулд Өөрийн ажлын баазуудад биечлэн очиж чаддаггүй ба иймд Би тэдний талаар “бага зэргийн ойлголттой” байдаг. Дүгнэн хэлбэл, өөр юу ч байсан Би одоо шинэ эхлэлд болон шинэ арга барилд албан ёсоор ороход нь хүнийг хөтөлж эхэлсэн. Миний хэлдэг зүйлд алиа байдал, хошигнол болон ялангуяа нэн хүчтэй егөөдлийн өнгө аяс байгааг хүмүүс Миний бүх айлдваруудаас харсан. Тиймээс хүн, бид хоёрын хоорондын эв зохицол өөрийн эрхгүй эвдэрч, хүмүүсийн нүүр царайг өтгөн үүл бүрхэхэд хүргэсэн. Гэхдээ Би үүгээр хязгаарлагдаагүй, харин Өөрийн ажлыг үргэлжлүүлдэг, учир нь Миний хэлдэг, хийдэг бүхэн бол Миний төлөвлөгөөний чухал хэсэг; Миний амнаас гарсан үг бүхэн хүнд тусладаг бөгөөд Миний хийдэг юу ч ялимгүй жаахан биш; Миний хийдэг бүхэн бүх хүнд сургамжтай билээ. Хүнд дутагддаг болохоор л Би биеэ барилгүй яриад л байдаг. Зарим хүн Намайг шинэ шаардлага тавихыг цөхрөлтгүй хүлээж байж магадгүй. Хэрвээ тийм бол Би тэдний хэрэгцээг хангана. Гэхдээ Би нэг зүйлийг та нарт сануулах ёстой: Ярих үедээ Би хүмүүс илүү их мэдлэг ухаан олж авна гэж найддаг. Тэд илүү ажигч гярхай болж, ингэснээр Миний үгээс илүү ихийг олж аваад Миний шаардлагуудыг биелүүлнэ гэж Би найддаг. Өмнө нь чуулганд хүмүүсийн төвлөрдөг зүйл нь харьцуулж, эвдэгдэх явдал байсан. Миний үгийг идэж, уух нь тэдгээрийн зорилго, эх сурвалжийг ойлгох суурин дээр хийгддэг байсан—гэхдээ өнөөдөр өнгөрсөн үетэй адилгүй, Миний айлдваруудын эх сурвалжийг ухаарах чадвар хүмүүст огт байдаггүй тул Надаар харьцуулж, эвдэгдэх ямар ч боломж тэдэнд байхгүй, учир нь тэд Миний үгийг идэж, уух төдийхөнд бүх хүч чармайлтаа зориулдаг. Гэхдээ эдгээр нөхцөл байдлын дор хүртэл тэд Миний шаардлагыг хангах чадваргүй хэвээр үлдсэн ба иймээс Би тэдэнд шинэ шаардлага тавьдаг: Би тэднээс Надтай хамт шалгалтад ор, гэсгээлтэд ор гэж шаарддаг. Гэхдээ Би та нарт нэг зүйлийг сануулъя: Энэ нь хүнийг үхүүлэх гэсэн явдал биш, харин Миний ажлын шаарддаг зүйл, учир нь одоогийн үе шатанд Миний үг хүнд хэтэрхий ойлгогдошгүй бөгөөд хүн Надтай хамтран ажиллах чадваргүй—ямар ч аргагүй! Би хүнийг Өөртэйгөө хамт шинэ арга барилд оруулж л чадна. Өөр юу хийх юм бэ? Хүний дутагдлуудын улмаас Би ч бас хүний ордог урсгалд орох ёстой—Би хүмүүсийг төгс болгодог Нэгэн биш гэж үү? Би энэ төлөвлөгөөг гаргасан Нэгэн биш гэж үү? Хэдийгээр өөр шаардлага нь хэцүү биш боловч эхнийхээсээ хоёрдугаар зэргийнх биш. Эцсийн өдрүүдийн бүлэг хүмүүсийн дундах Миний ажил бол урьд өмнө үзэгдээгүй төсөл бөгөөд тиймээс Миний алдар сансар огторгуйд түгж, бүх хүн Миний төлөө сүүлчийн зовлон бэрхшээлийг туулах ёстой. Та нар Миний хүслийг ойлгож байна уу? Энэ бол хүнд тавих Миний эцсийн шаардлага, өөрөөр хэлбэл, бүх хүн агуу улаан лууны өмнө Миний төлөө цуурайтсан гэрчлэл хийж, өөрсдийгөө Надад сүүлчийн удаа өргөн барьж, эцсийн удаа Миний шаардлагыг хэрэгжүүлж чадна гэж Би найдаж байна. Та нар үнэхээр үүнийг хийж чадах уу? Та нар өнгөрсөн үед Миний зүрх сэтгэлийг хангалуун болгох чадваргүй байсан—та нар эцсийн удаа энэ хэв маягийг эвдэж чадах уу? Би хүмүүст эргэцүүлэх боломж олгодог; Надад хариулт өгөхөөс нь өмнө Би тэднээр анхааралтай тунгаан бодуулдаг—ингэх нь буруу юу? Би хүний хариултыг хүлээж, түүний “хариу захиаг” хүлээдэг—Миний шаардлагыг биелүүлэх итгэл та нарт байна уу?

1992 оны 4 дүгээр сарын 20

Өмнөх: 33-р бүлэг

Дараах: 35-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих