Би эцсийн өдрүүдэд Өөрийн хуйлмал номыг дэлгэхдээ та нарт үүнийг хэлнэ. (“Хуйлмал ном” гэдэг нь Миний хэлсэн бүх үг—эцсийн өдрүүд дэх Миний үгийг хэлдэг; энэхүү ном нь тэр бүгдийг агуулдаг.)
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 110-р бүлэг”-ээс
Эцсийн өдрүүд нь эцсийн өдрүүдээс хэтрэхгүй, Хаанчлалын эрин үеэс хэтрэхгүй бөгөөд Нигүүлслийн эрин үеийг, эсвэл Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүдэд ердөө л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх бүх ажил та нарт илчлэгддэг. Энэ бол нууцыг тайлж байгаа хэрэг. Ийм төрлийн нууц нь ямар ч хүний тайлж чадахгүй зүйл юм. Хүн Библийн талаар хэчнээн их ойлгодог байх нь хамаагүй, энэ нь үгээс цаашгүй хэвээр үлддэг, учир нь хүн Библийн мөн чанарыг ойлгодоггүй. Библийг уншихдаа хүн зарим нэг үнэнийг ойлгож, зарим үгийг тайлбарлаж, эсвэл зарим алдартай хэсэг болон бүлгийг багахан ухаж төнхөж болох боловч эдгээр үгэн дотор агуулагддаг утгыг ухан гаргаж хэзээ ч чадахгүй, учир нь хүн Ехова, Есүс хоёрын хийсэн ажлын дүр зургийг биш, үхмэл үгсийг л хардаг бөгөөд энэ ажлын нууцыг тайлах ямар ч аргагүй байдаг. Тиймээс зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууц нь хамгийн гүн гүнзгий нуугдсан, хамгийн агуу нууц бөгөөд хүний хувьд бүхэлдээ ойлгошгүй юм. Бурхан Өөрөө л хүнд тайлбарлаж, илчлэхгүй бол хэн ч Бурханы хүслийг шууд ухаарч чадахгүй; эс бөгөөс, хүний хувьд эдгээр зүйл үүрд оньсого хэвээр үлдэж, үүрд битүүмжлэгдсэн нууц хэвээр үлдэнэ. Шашны ертөнц дэх хүмүүсийг хэлэхийн ч хэрэггүй; хэрвээ өнөөдөр та нарт хэлээгүй бол та нар ч бас үүнийг ойлгохгүй байх байсан. Зургаан мянган жилийн энэхүү ажил нь эш үзүүлэгчдийн бүх зөгнөлөөс ч илүү нууцлаг. Энэ нь бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэлх хамгийн агуу нууц бөгөөд эрин үеүдийн туршид байсан эш үзүүлэгчдийн дундаас нэг нь ч үүнийг ухан ойлгож чадаагүй, учир нь энэхүү нууц зөвхөн эцсийн эрин үед л тайлагддаг ба өмнө нь хэзээ ч илчлэгдээгүй билээ. Хэрвээ та нар энэ нууцыг ойлгож чаддаг бол, үүнийг бүхэлд нь хүлээн авч чаддаг бол шашны бүх хүнийг энэ нууц ялан дийлэх болно. Зөвхөн энэ л хамгийн агуу үзэгдэл; энэ нь хүний хамгийн их ойлгохыг хүсэн эрмэлзсэн боловч түүний хувьд бас хамгийн тодорхой бус байсан зүйл юм. Нигүүлслийн эрин үед байх үедээ та нар, Есүсийн хийсэн ажил, Еховагийн хийсэн ажил юу байсныг мэдээгүй. Ехова яагаад хууь тогтоосныг, яагаад Тэр хуулийг мөрдөхийг олон түмнээс шаардсаныг, эсвэл яагаад сүм байгуулах хэрэгтэй байсныг хүмүүс ойлгоогүй бөгөөд израильчуудыг яагаад Египетээс цөл рүү, дараа нь Канаан руу удирдан дагуулсныг хүмүүс бүр ч ойлгоогүй. Өнөөдөр л эдгээр хэрэг явдал илчлэгдсэн юм.
…Эцсийн өдрүүд дэх ажил нь хүн төрөлхтний хүрэх газар, төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дундах авралын бүх ажлыг төгсгөхийн тулд Ехова, Есүс хоёрын ажлыг болон хүний ойлгодоггүй бүх нууцыг ил болгодог. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь бүх зүйлийг дуусгавар болгодог. Эдгээр нууцын гүнд нь орж, зүрх сэтгэлдээ тов тодорхой ойлгох боломжийг хүнд олгохын тулд хүний ойлгоогүй бүх нууцыг дэлгэх ёстой. Тэр үед л хүн төрөлхтнийг төрлийнх нь дагуу ангилж болно.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4”-ѳѳс
Эцсийн өдрүүдийн Христ амийг, өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах арга зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц арга зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол агаад утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш тогтонги байсан булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, юу ч хийлгүйгээр аливаа зүйлийг байгаагаар нь байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарал өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг бичвэрүүд зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос төгс болгуулах зам байх нь байтугай, хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас